| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2025/0108/З |
| Дугаар | 128/ШШ2025/0579 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2025/0579
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т*******” ХХК /РД:*******/, захирал Б.М*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, өмгөөлөгч Л.О*******,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нарын хоорондын “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, “Т*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Анх нэхэмжлэгч хуулийн этгээд “Т*******” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 111 дүгээр захирамжаар Д аймгийн А сумын А нэртэй 1946.56 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0 дугаартай зөвшөөрлийг олгож, тус даргын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 98 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаагаар сунгажээ.
1.2. Нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ашигт малтмалын хайгуулын ХV-0 дугаартай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан.
1.3. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “...2022 оны хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайланг хянуулаагүй, хайгуулын ажилд зарцуулсан зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй” гэж ашигт малтмалын хайгуулын ХV-0 дугаартай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан.
1.4. Нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10/5334 дүгээр албан бичгээр “...танай гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн байна.
1.5. “Т*******” ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, “Т*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийг гаргасан.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн захирал Б.М******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“Манай “Т*******” ХХК нь Д аймгийн А сумын А нэртэй 1946.56 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуул хийх эрхийг XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эзэмшиж байсан.
Тусгай зөвшөөрлийг 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл буюу 3 жилийн хугацаагаар олгосон ба манай компани зүгээс тусгай зөвшөөрлөө сунгуулахаар Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” эрхтэй гэж заасны дагуу мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хуулийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст өгсөн.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар шийдвэрээр “2022 оны хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайланг хянуулаагүй, хайгуулын ажилд зарцуулсан зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй” гэж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн тухайгаа 2024 оны 10 дугаар сарын 21- ний өдрийн 10/4379 дугаартай албан бичгээр манай байгууллагад мэдэгдсэн.
Гэтэл дээрх 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөл гаргах үед Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн албанд манай компанийн 2022 оны хайгуулын ажлын тайлан, зардлын доод хэмжээ баталгаажаагүй хянагдах шатандаа явж байсан ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр гарах үед мөн 2022, 2023, 2024 оны хайгуулын ажлын тайлан болон хайгуулын зардлын доод хэмжээг тус тус баталгаажуулаагүй, хянаагүй өнөөдрийг хүрсэн байна.
Тийнхүү Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн алба нь холбогдох материалыг бүрдүүлээд ирсний үндсэн дээр сунгаж болно хэмээн бидний хүргүүлсэн материалыг баталгаажуулж байх хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь манай XV-0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, ЕХ-0 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хянан үзээд, тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь төрийн байгууллагын буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс болон Геологийн албаны үйл ажиллагаа нь хоорондоо нягт уялдаатай байх ёстой. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын нэгж болох Кадастрын хэлтэс болон Геологийн хэлтсийн үйл ажиллагааны уялдаа холбоогүй байдал, хууль зөрчсөн буруу практик тогтоосны улмаас хуульд заасан тусгай сонгон шалгаруулалтын журмаар “хайгуулын тусгай зөвшөөрөл” эзэмшсэн манай компанийн “хайгуулын талбайн хилийн дотор хуулийн дагуу ашигт малтмал эрэх хайх”, “хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэх хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин хуульд заасан үндэслэл байхгүй байхад үндэслэлгүйгээр халдсан.
Түүнчлэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтдээ хайгуулын ажлын тайлан болон хайгуулын зардлын доод хэмжээг баталгаажуулсан баримтыг хавсаргаж хүргүүлээгүй нь манай компанийн хүсэл зоригоос шалтгаалалгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдал үүссэн байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тухайн нөхцөлд байдлыг манай байгууллагаас сонсох ажиллагаа явуулалгүйгээр мэдэгдэлгүй захиргааны акт гаргасан нь бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлолгүй, өргөдлийн бүрдлийг хянаагүй гаргасан хуульд заасан хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй захиргааны акт юм.
Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь сөрөг үйлчлэлтэй захиргааны акт гаргах нөхцөлд заавал уг этгээдийг сонсох ажиллагаа явуулах ёстой. Иймээс сонсох ажиллагаа явуулаагүй гаргасан захиргааны актыг хууль бус гэж үзэх бүрэн хууль зүйн үндэслэл болно.
Иймд Кадастрын хэлтсийн дээрх хууль бус үйлдлийн улмаас манай компанид тусгай зөвшөөрлийн хугацаанд буюу 2024 он хүртэлх хайгуулын ажил хийсэн зардал болон тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр, 2023, 2024 оны хайгуулын ажлын зардал болон 2023, 2024 оны тусгай зөвшөөрлийн төлбөр зэрэг дээрх хохирол учрах нөхцөл байдалд хүргээд байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, шалтгаан, нөхцөл байдал дээр тулгуурлан сонсох ажиллагаа хийж, манай компанийн XV-0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай Т******* ХХК нь Д аймгийн А сумын А нэртэй 1946.56 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуул хийх эрхийг XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эзэмшиж байсан. Тусгай зөвшөөрлийг 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл буюу 3 жилийн хугацаагаар олгосон ба манай компани зүгээс тусгай зөвшөөрлөө сунгуулахаар Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй гэж заасны дагуу мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хуулийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст өгсөн.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар шийдвэрээр 2022 оны хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайланг хянуулаагүй, хайгуулын ажилд зарцуулсан зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй гэж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн тухайгаа 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10/4379 дугаартай албан бичгээр манай байгууллагад мэдэгдсэн. Гэтэл дээрх 2022 оны 01 сарын 03-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөл гаргах үед Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн албанд манай компанийн 2022 оны хайгуулын ажлын тайлан, зардлын доод хэмжээ баталгаажаагүй хянагдах шатандаа явж байсан ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 сарын 21-ний өдрийн 475 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр гарах үед мөн 2022, 2023, 2024 оны хайгуулын ажлын тайлан болон хайгуулын зардлын доод хэмжээг тус тус баталгаажуулаагүй, хянаагүй өнөөдрийг хүрсэн байна. Тийнхүү Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн алба нь холбогдох материалыг бүрдүүлээд ирсний үндсэн дээр сунгаж болно хэмээн бидний хүргүүлсэн материалыг баталгаажуулж байх хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь манай XV-0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, ЕХ-0 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хянан үзээд, тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь төрийн байгууллагын буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс болон Геологийн албаны үйл ажиллагаа нь хоорондоо нягт уялдаатай байх ёстой. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын нэгж болох Кадастрын хэлтэс болон Геологийн хэлтсийн үйл ажиллагааны уялдаа холбоогүй байдал, хууль зөрчсөн буруу практик тогтоосны улмаас хуульд заасан тусгай сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшсэн манай компанийн хайгуулын талбайн хилийн дотор хуулийн дагуу ашигт малтмал эрэх хайх, хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах гэх хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин хуульд заасан үндэслэл байхгүй байхад үндэслэлгүйгээр халдсан. Түүнчлэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтдээ хайгуулын ажлын тайлан болон хайгуулын зардлын доод хэмжээг баталгаажуулсан баримтыг хавсаргаж хүргүүлээгүй нь манай компанийн хүсэл зоригоос шалтгаалалгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдал үүссэн байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тухайн нөхцөлд байдлыг манай байгууллагаас сонсох ажиллагаа явуулалгүйгээр мэдэгдэлгүй захиргааны акт гаргасан нь бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлолгүй, өргөдлийн бүрдлийг хянаагүй гаргасан хуульд заасан хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй захиргааны акт юм. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж, 26.2-т энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж тус тус заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь сөрөг үйлчлэлтэй захиргааны акт гаргах нөхцөлд заавал уг этгээдийг сонсох ажиллагаа явуулах ёстой. Иймээс сонсох ажиллагаа явуулаагүй гаргасан захиргааны актыг хууль бус гэж үзэх бүрэн хууль зүйн үндэслэл болно. Иймд Кадастрын хэлтсийн дээрх хууль бус үйлдлийн улмаас манай компанид тусгай зөвшөөрлийн хугацаанд буюу 2024 он хүртэлх хайгуулын ажил хийсэн зардал болон тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр, 2023, 2024 оны хайгуулын ажлын зардал болон 2023, 2024 оны тусгай зөвшөөрлийн төлбөр зэрэг дээрх хохирол учрах нөхцөл байдалд хүргээд байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, шалтгаан, нөхцөл байдал дээр тулгуурлан сонсох ажиллагаа хийж, манай компанийн XV-0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг шийдвэрлэж өгнө үү” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ““Т*******” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, “Т*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Тусгай зөвшөөрлийн талаар: Д аймгийн А сумын нутагт орших А нэртэй, 1946.56 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХB-0 дугаартай тусгай зөвшөөрлийг анх Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 111 дүгээр шийдвэрээр “Т*******” ХХК-д 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон байдаг.
“Т*******” ХХК-ийн дээрх талбай бүхий ХВ-0 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргасныг хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 98 дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр байх хугацааг 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс тооцон, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасан хуулийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн захиргааны байгууллагад гаргасан байна.
Төрийн захиргааны байгууллага дээр дурдсан өргөдлийг хүлээн аваад өргөдлийн бүртгэлийн ЕХ-0 дугаарт бүртгэж, өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт болон хуульд заасан холбогдох ажиллагааг хийсэн байна.
Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-т байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.
“Т*******” ХХК нь хуулийн хугацаанд Төрийн захиргааны байгууллагад хандаж тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргасан боловч өргөдөлд хавсаргах баримт бичгийн бүрдэл хангаагүй буюу Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-т заасан хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг хянуулаагүй, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй байсан тул баримт бичгийн бүрдлийн дутууг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлэх тухай 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10/3921 тоот албан бичгээр хүргүүлсэн.
Тус албан бичгийг Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд болон Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд тус тус бүртгүүлсэн "Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, ******* тоот хаягаар мэдэгдлийг хүргүүлж, төрийн захиргааны байгууллагад бүртгэлтэй 99*******, 8******* дугаар бүхий утсаар холбогдож баримт бичгийн бүрдэл дутуу, нөхөн бүрдүүлж ирүүлэхийг тус тус мэдэгдсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ." гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийн бүртгэлээс хассан байна. Энэ тухай Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 10/4379 дугаартай албан бичгээр тус ХХК-д мэдэгдсэн байна. Төрийн захиргааны байгууллага хуульд заасны дагуу өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж зөрчилгүй бол хугацааг сунгах, хэрэв хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэсэн хуулийн зохицуулалттай.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж хуулийг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Ашигт малтмалын хайгуулын ХВ-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцэж байна. Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт Эрх бүхий этгээд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана гэж заасан.
Дээрх хууль зүйн үндэслэлүүдээс дүгнэж үзэхэд ашигт малтмалын хайгуулын ХВ-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох өдрөөс өмнө хуульд заасан баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй нь баримтаар тогтоогдож байхад Төрийн захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй. Мөн ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дах хэсэгт Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1-11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8- 11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ... тухайлан хуульчилсан. Хуулийн 22 дугаар зүйлд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан. Иймд нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компанийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч тайлбар, татгалзлын үндэслэл, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Уг тайлбар татгалзлаа бол дэмжиж байна. Маргаан бүхий талбайг Т******* ХХК-д 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 111 дүгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр тус 3 жилийн хугацаатай олгосон. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөө 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй байдаг. Энэ эрхээ эдэлж 1 удаа тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулсан. Тухайн үед сунгахдаа 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгасан. 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөр тус лицензийн хүчин төгөлдөр байх хугацаа албан ёсоор дууссан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах харилцааг нарийвчлан зохицуулсан байдаг. Үүнд нь тусгай зөвшөөрөл эзэмшигч ямар, ямар өргөдөл гаргах болон хүсэлт гаргахыг заасан байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-22.4-д заасан материал хавсаргахыг шаарддаг. Нэхэмжлэгч компани тухайн заасан баримтуудаас 2 баримтыг дутуу ирүүлсэн. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу захиргааны байгууллага дутуу ч гэсэн материалыг хүлээн авсан. Нэхэмжлэгч компани хуулийн хугацаандаа 1 сарын өмнө гаргасан. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө өргөдөл гаргасан байдаг.Тайлан төлөвлөгөөгөө хангуулаагүй, зардлын доод хэмжээгээ баталгаажуулаагүй материалыг хүлээж аваад хуульд зааснаар 10 хоногийн хугацаанд тухайн дутуу баримтаа бүрдүүлж өгнө үү гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан. Өргөдөл хүлээж авснаас хойш Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр бараг 3 жилийн дараа гарсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч компани өөрсдийн зүгээс шалтгаалах асуудлаа биелүүлж ажиллаагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд дараах хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр баталгаажуулаад, тайлагнаад явах ёстой. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Тайлан төлөвлөгөөгөө хянуулаагүй учраас хязгааргүй их хугацаа өгөөд байх боломжгүй учраас 2 жил 8 сарын дараа тухайн өргөдлийг бүртгэлээс хасаж дуусгавар болгож бүртгэсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “Т*******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, “Т*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ:
- сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл эзэмшсэн компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр 3 удаа сунгуулах эрхэд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад халдсан,
- хайгуулын зардлын доод хэмжээг баталгаажуулсан баримтыг хавсаргаж хүргүүлээгүй нь манай байгууллагын хүсэл зоригоос хамаараагүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байгааг харгалзаагүй,
- Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Маргааны үйл баримтын тухайд:
3.1. Анх “Т*******” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 111 тоот шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгосон,
3.2. 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 98 тоот шийдвэрээр эхний удаа 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл сунгасан,
3.3. “Т*******” ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдөл гаргаж, хүсэлтдээ “... дутуу материалыг ажлын 10 хоногийн дотор бүрэн бүрдүүлж өгөх болно” гэж дурьдаж, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус хавсаргажээ.
3.4. Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 10/2194 тоот албан бичгээр “...“Т*******” ХХК нь 2022 оны төлөвлөгөө, тайлангаа цахимаар ирүүлсэн боловч алдаатай засварт буцаагдсан байна. Тус компани нь төлөвлөгөө, тайлангийн алдаагаа засаж дахин ирүүлээгүй тул 2022 оны төлөвлөгөө тайлан нь хянагдаагүй, геологи хайгуулын ажлын зардлын доод хэмжээ нь баталгаажаагүй байна” гэжээ.
3.5. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар шийдвэрээр “Т*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн байна.
4. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 22.1.1-т “хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт”, 22.4-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 17.1-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасан нь хуульд заасан шаардлагыг хангасан бөгөөд хуулиар шаардсан баримтуудыг бүрэн бүрдүүлж ирүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах агуулгатай байна.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбаруудаас үзвэл, хариуцагч нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу шийдвэр гаргасан, хуульд заасан баримтыг гаргаж өгөх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хангасан байх тул маргаан бүхий 475 дугаар шийдвэрийг хууль бус гэж үзэхээргүй байна. Үүнд:
6. Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 8/828, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10/948 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэнийг мэдэгдэж, 16-ны өдрийн 8/863, мөн оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/5135 тоот албан бичгээр “... сонсох ажиллагаа явуулахыг мэдэгдэж байна. Таны тайлбар, саналыг нотлох баримтын хамт 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10:30 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 204 тоот өрөөнд бичгээр хүлээн авна” гэж, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10/3921 тоот албан бичгээр “... EX-0 дугаарт өргөдлийг бүртгэсэн, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийн баримт бичгийн бүрдлийн дутууг ажлын 10 өдөрт багтаан ирүүлэх”-ийг тус тус мэдэгдэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн анх гаргасан хүсэлт/дээрх 3.3-т дурьдсан/-хүсэлтийг хүлээн авч удаа дараа баримт дутуу баримтыг бүрдүүлэх хугацаагаар хангасан байна.
7. Мөн хариуцагч захиргааны байгууллагаас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч хуулийн этгээдийн захирал Б.М*******тай биечлэн уулзаж сонсох ажиллагаа явуулсан байх ба Б.М*******аас “... хуулийн хугацаандаа АМХХ-т тайлангаа илгээгээд, удаа дараа хандсан ч одоо болтол шийдэгдэхгүй байгаа нь манай компаниас болоогүй” гэж тайлбарласныг хүлээн авч тус газрын хайгуулын хэлтсээс мэдээлэл авч мөн материал бүрдүүлэх ажлын 10 хоногийг хугацаа өгсөн боловч “Т*******” ХХК нь дутуу баримтаа бүрдүүлж хүргүүлсэн талаарх аливаа баримтыг гаргаж ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн “сонсох ажиллагаа хийгээгүй” талаарх тайлбар үндэслэлгүй.
8. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс ...XV-0 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2022 онд гүйцэтгэсэн ажлын жилийн тайлан, хайгуулын ажлын зардлын доод хэмжээ баталгаажуулсан баримт, 2023 оны жилийн ажлын төлөвлөгөөг Ашигт малтмал газрын тосны газрын Хайгуулын хэлтэст дахин хүргүүлсэн баримтуудыг болон хүргүүлсэн тайлан төлөвлөгөөг хянаж баталгаажуулаагүйтэй холбоотойгоор гомдол, хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн талаарх баримтыг ирүүлээгүй.
9. Ашигт малтмал, газрын тосны газрын Ашигт малтмалын хайгуулын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 232 дугаартай тодорхойлолтод “Жилийн төлөвлөгөө хянуулсан байдал: 2021 он хянуулсан, 2022, 2023 он хянуулаагүй, Жилийн тайлан хянуулсан байдал: 2020, 2021 он хянуулсан, 2022 он хянуулаагүй, Геологи хайгуулын ажлын зардлын доод хэмжээ баталгаажсан эсэх: 2020, 2021 он баталгаажуулсан, 2022 он баталгаажуулаагүй” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс тухайн төлөвлөгөө тайланг холбогдох хэлтсээс хүлээн аваагүй, буцаагдсан болохыг үгүйсгээгүйн зэрэгцээ засаж дахин хүргүүлсэн талаарх болон хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх аливаа баримтыг шүүхэд ирүүлээгүй төдийгүй Ашигт малтмал газрын тосны газрын холбогдох хэлтсээс жилийн ажлын төлөвлөгөө, тайланг хянаагүй талаар аливаа гомдол, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлээгүй байна.
10. Энэ тохиолдолд “Т*******” ХХК-ийн хайгуулын ажлын жилийн төлөвлөгөө, тайланг хүлээж аваагүй, хянаагүй нь тус хуулийн этгээдээс үл хамаарсан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч талын “хайгуулын зардлын доод хэмжээг баталгаажуулсан баримтыг хавсаргаж хүргүүлээгүй нь манай байгууллагын хүсэл зоригоос хамаараагүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байгааг харгалзаагүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд дараахь хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
11. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж заасан нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхэд хамаарах боловч энэхүү эрх нь хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд хэрэгжих нөхцөл заасан байна.
12. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл эзэмшсэн компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр 3 удаа сунгуулах эрхэд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад халдсан” гэх агуулга бүхий тайлбар нь Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэг”-ийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
13. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын зарчмаар хамгийн өндөр үнийн дүнгээр шалгарч тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хуулиар хүлээсэн үүрэг, тухайлбал, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх, эзэмшиж буй талбайд хайгуулын ажлыг гүйцэтгэх замаар тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
14. Дээр дурьдсан үндэслэлүүдээр маргаан бүхий 475 дугаар шийдвэрээр “... “Т*******” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн EX-0 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хянан үзэхэд 2022 оны хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайланг хянуулаагүй, хайгуулын ажилд зарцуулсан зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй тул XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийг өргөдлийн бүртгэлээс хассугай” гэж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул тус хуулийн этгээдээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.4, 22.4, 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан “Т*******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, “Т*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ