Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 153

 

О.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч Б.Даваа, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр нарыг оролцуулан, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар магадлалтай, О.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Могод сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Булган аймгийн Могод сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 2000-2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ажилласан төрийн жинхэнэ албан хаагч юм. 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс үүрэгт ажлаасаа хууль зүйн үндэслэлгүйгээр чөлөөлөгдөн 3 шатны шүүхээр хянан шийдвэрлүүлсний эцэст 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс уг ажилдаа эгүүлэн томилогдсон.

Намайг шүүхийн шийдвэрээр ажилдаа орсноос хойш удалгүй сумын иргэдийн Төлөөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар янз бүрийн үүрэг чиглэл өгч, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулан хариуцлага тооцох арга барилаа өөрчлөн ажлын байрны дарамт шахалт үзүүлж эхэлсэн. Тухайлбал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь сумын Засаг даргад 2 удаа хариуцлага тооцож арга хэмжээ авч хариу мэдэгдэх талаар албан тоот явуулсны дагуу надад 2014  оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрүүдэд сахилгын арга хэмжээ авсан. 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулан намайг ажлаас халах шийдвэр гаргасан. Эдгээр биелүүлээгүй гээд байгаа үүрэг даалгавар дотор миний ажлын байрны тодорхойлолт, хуулиар хүлээсэн чиг үүрэгт хамааралгүй олон зүйл байсан тул арга хэмжээ авсан эдгээр шийдвэрүүдийг тухай бүрт нь би хүлээн зөвшөөрөхгүй Булган аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандсан.

Арга хэмжээ авагдсан 2 шийдвэрт гаргасан гомдолд салбар зөвлөлөөс хариу өгөөгүй бөгөөд ажлаас халсан тухай захирамжид гаргасан гомдолд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хариу өгснийг 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын түшмэл Болдбаатараас хүлээн авсан.

Надад сахилгын шийтгэл оногдуулсан Могод сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/28, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/16, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/54 тоот захирамжууд нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар Засгийн газраас тогтоосон журмыг хэрэгжүүлээгүй тул хууль бус гэж үзэж байна.

Иймд, Могод сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Булган аймгийн Могод сумын Засаг дарга Б.Даваа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Могод сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан О.Эрдэнэчимэг нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлж байсан тул 2 удаа сахилгын шийтгэл ногдуулсан боловч дээрх дутагдлаа засаагүй гэсэн үндэслэлээр 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/54 тоот захирамжаар ажлаас нь халсан болно. Уг захирамжийн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “хоёр ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” үндэслэлийг баримталсан бөгөөд зөрчил дутагдлыг шалган тогтоосон болно.

Ажлаас халах тухай захирамжид заасан зөрчил дутагдлууд нь бүгд хурлын тэмдэглэл, ажлын байрны тодорхойлолт, захирамжаар нотлогдсон бөгөөд Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтын 6 дугаар зүйлд заасан “Засаг даргаас хариуцуулсан чиг үүргийг хэрэгжүүлж, хууль тогтоомж, Засгийн газрын бодлого шийдвэрт нийцсэн Засаг даргын үүрэг даалгаврыг гүйцэтгэж, тайлагнах” гэсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тамгын газрын дарга О.Эрдэнэчимэгийг ажлаас халсан асуудал нь Засаг даргын хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хамаарсан, баримталсан хууль зүйн үндэслэл нь тохирсон, бодит зөрчилтэй нь нийцсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх үндэслэлгүй гэжээ.

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн  зүйлийн  25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2015 оны 06 дүгээр сарын 12-ны өдрийн “Ажлаас халах тухай” А/54 дугаар тушаалыг хүчингүй болгож, О.Эрдэнэчимэгийг Булган аймгийн Могод сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Эрдэнэчимэгт 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаагаар тооцож, ажилгүй байсан 5 сар 18 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4223244 /дөрвөн сая хоёр зуун хорин гурван мянга хоёр зуун дөчин дөрөв/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, О.Эрдэнэчимэгийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Захиргааны хэрэг  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  41 дүгээр зүйлийн 41.4-т зааснаар нэхэмжлэгч О.Эрдэнэчимэгийн “ээлжийн амралтын олговор гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар магадлалаар: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30- ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч Булган аймгийн Могод сумын Засаг дарга Б.Даваа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хззээ гомдлоо өгсөн болохыг нотлуулахаар шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд ирүүлсэн баримтад өргөдлийг хүлээн авсан он, сар, өдөр нь тодорхойгүй байхад 2015 оны 6 дугаар сарын 23-нд гомдол гаргасан гэж шүүх дүгнэсэн нь өрөөсгөл болсон байна. Учир нь, бүртгэлийн дэвтэрт бичигдсэнээр бол 2015 оны 6 дугаар сарын 23 гэдэг нь өргөдлийн он, сар, өдөр болохоос хүлээн авсан огноо биш болох нь харагдаж байна. Энэ хугацаа нь шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлсэн эсэхийг тогтооход ач холбогдолтой тул хариуцагч талаас үүнийг анхааран үзэж байгаа юм.

Давж   заалдах   шатны   шүүхийн   магадлалд   нэхэмжлэгчийг   төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтан хэмээн дүгнэсэн нь алдаатай болсон. Сумын Тамгын газрын дарга бол төрийн захиргааны удирдах албан тушаалтан, төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Засгийн газрын 2007 оны 354  дүгээр  тогтоолоор  ТЗ-7  ангилалд  хамаарч   байгаа   юм.   Гэтэл  түүнийг эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн дарга, захирал, эрхлэгчтэй адилтган үзсэн шүүхийн дүгнэлт буруу байна.

Мөн Галын аюулгүй байдлын тухай хууль 2015 оны 07 дугаар сарын 02-нд батлагдсан байтал 2015 оны 04 дүгээр сард гарсан гал түймрийн асуудалд уг хуулиас хамаатуулан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу буюу шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан захирах захирагдах ёсны зарчим, 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх гэсэн хууль ёсны үүргийг үл биелүүлэн элдэв тайлбар татгалзал гаргаж, цаг хугацаа алдан төрийн албыг цалгардуулсныг шүүх зөвтгөж байгааг хариуцагчийн хувьд зөвшөөрөхгүй байна. Сумын тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ хэрэгжүүлэхгүй засаг дарга, сумын хурлаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байхад арга хэмжээ авч хариуцлага тооцох нь буруу гэж үзэхгүй байна.

Давж заалдах шатны шүүх "сумын гал командын мотофомпын галын аюул гарсан үед шаардлага хангахгүй байсан талаар шалгаж хариуцлага тооцож хариу мэдэгдэх үүргийг биелүүлээгүй байна гэж дүгнэсэн байна. Харин бусад үүргүүдийн хувьд боломжит хугацааны дотор буюу эрх зүйн үр дагавар логик утгаар нь авч үзэхэд хугацаа алдсан байдал харагдаж байна. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байтал шүүх анхааралгүй хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн.

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

О.Эрдэнэчимэгийг Булган аймгийн Могодын сумын Засаг даргын маргаан бүхий 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/54 дүгээр захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг үндэслэн тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халсан шийдвэрийг тэрээр эс зөвшөөрч мөн оны 06 дугаар сарын 23-ны өдөр Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасан, тус зөвлөлийн 08 дугаар сарын 24-ний өдрийн 143 дугаар албан бичгийн дагуу нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан учир энэ талаар баримт дахин цуглуулах шаардлагагүй юм.   

Маргаан бүхий тушаалд дурдсан үндэслэлүүдээс нэхэмжлэгч нь сумын Засаг даргын өгсөн “сумын гал командын мотофомын галын аюул гарсан үед ашиглахад шаардлага хангаагүй эзэн шалтгааныг тогтоож, хариуцлага тооцож, хариу мэдэгдэх” үүргийг биелүүлээгүй болох нь тогтоогдсон боловч энэ нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...удаа дараа...” гэсэн нөхцлийг хангахгүй талаар давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэсэн байна.  

Түүнчлэн шүүхүүд нотлох баримтыг бүрэн цуглуулан, маргаан бүхий тушаалын үндэслэлд дурдсан зөрчил тус бүрт тодорхой дүгнэлт хийн, уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны олговорыг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгчийн хариуцсан чиг үүргийн хүрээнд “сумын гал командын мотофомын галын аюул гарсан үед ашиглахад шаардлага хангаагүй эзэн шалтгааныг тооцох” талаарх үүрэг хамаарах эсэхийг анхан шатны шүүх Галын аюулгүй байдлын тухай хуулийг үндэслэн дүгнэснийг буруутгах боломжгүй.

Хариуцагч нь хуульд заасны дагуу албан үүргээ хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох эрхтэй боловч тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Мөн давж заалдах шатны шүүхээс “ажлын байрны тодорхойлолтоо шинэчлэн батлах үүргээ биелүүлээгүй” гэсэн зөрчилтэй холбогдуулан дүгнэлт хийхдээ Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг хэрэглэсэн нь буруу боловч энэ нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл биш болно.

Дээр дурдсныг нэгтгэвэл “...нотлох баримт дутуу бүрдүүлсэн..., ...урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлээгүй..., ...хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн..., ... хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн...” гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүхүүд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                                   Л.АТАРЦЭЦЭГ