Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 21

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг би *****гийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдох "*****ын регистрийн дугаарыг өөрчилж, дахин олгож бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгуулах"-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 2016 оны 7 дугаар сарын сарын 05-ны өдөр хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Миний охин ***** овогтой ***** нь 2000 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Ар завсар” гэх газар төрсөн юм. Энэ жил иргэний үнэмлэх авах гэтэл эрэгтэй хүүхдийн регистрийн дугаартай байна гэсэн. Ингээд бүртгэлийн хэлтэст хандахад төрөлтийн түүх байхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ийм учир энэ байдлыг харгалзан үзэж миний охин *****ын РД:/*****/ тоот регистрийн дугаарын зөрүүг арилгаж өгөхийг Өвөрхангай аймгийн Тарагт сумын Улсын бүртгэл хариуцсан ажилтанд даалгаж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч ***** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа” :...миний бие хариуцагч Тарагт сумын улсын бүртгэгчийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраар солиход татгалзах зүйлгүй” гэв.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус аймгийн Тарагт сумын харъяат *****гийн ...регистрийн дугаар залруулах тухай нэхэмжлэлтэй танилцаад Намдагсүрэнгийн ***** /*****/-ын хүйс зөрүүлэн олгосон регистрийн дугаарыг залруулан олгох асуудал нь манайхаар засагдах боломжтой тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

***** нь Өвөрхангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдуулан "*****ын регистрийн дугаарыг өөрчилж, дахин олгож бүртгэхийг Тарагт сумын улсын бүртгэгчид даалгуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар захирамжаар хариуцагч Тарагт сумын улсын бүртгэгчийг жинхэнэ хариуцагч болох Өвөрхангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраар сольсон байна.

Хариуцагчаас 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “…хүйс зөрүүлэн олгосон регистрийн дугаарыг залруулан олгох асуудал нь манайхаар засагдах боломжтой тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн тайлбарыг ирүүлсэн, хариуцагчийн зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 121/2016/0016/З/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан *****гийн Өвөрхангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдуулан гаргасан "*****ын регистрийн дугаарыг өөрчилж, дахин олгож бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, тус шүүхийн 121/2016/0016/З/ дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч ***** нь тус шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаарын захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх ба хэргийн оролцогчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                                 Б.БАТЧИМЭГ