Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2017/0665

 

"Ч" ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ц, түүний өмгөөлөгч Д.Б, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0490 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, "Ч" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0490 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, /2002 оны/ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын "Ч" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаалын "М.Т.Р" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч "Ч" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасныг Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 497 дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий гуравдагч этгээд "М.Т.Р" ХХК-ийн бие даасан шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, бие даасан шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэсэн "Ч" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны сайдад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0490 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэг: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар "Ч" ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах тухай шийдвэр гарсан нь утга агуулгын хувьд алдаатай тушаал байсан. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцлах гэдэг ойлголт байдаггүй, харин газар ашиглах эрхийг дуусгавар болгох гэдэг ойлголт байдаг.

Утга агуулгын хувьд алдаатай гарсан сайдын 2015 оны А-236 дугаар тушаал нь нэхэмжлэгч "Ч" ХХК-ийн тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхийг дуусгавар болгох үр дагаварт хүргэсэн тул уг тушаалын "Ч" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь үндэслэл бүхий байсан.

Сайд 2015 оны А-236 дугаар Газар ашиглах эрх цуцлах тухай тушаалыг гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.11, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.52, 40.1.63 дахь заалтуудыг үндэслэл болгосон байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар:

1. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэл,

2. Тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгодог.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсгийг тус тус үндэслэн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн ба Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй болохыг харуулж байна.

Хоёр: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч "Ч" ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Үүнд:

2.1. "Ч" ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 буюу эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх маргаан бүхий захиргааны актын үндэслэлтэй тухайд:

2.1.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар нийслэлд байрлалтай тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гэрээг дүүргийн Засаг дарга, хамгаалалтын захиргаатай хамтран иргэн, хуулийн этгээдтэй байгуулдаг ба уг гэрээг байгуулснаар Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсанд тооцож, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар гэрээний талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсдэг.

Хуулийн энэ зохицуулалтын дагуу "Ч" ХХК нь улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ-г нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай анх байгуулсан байдаг бөгөөд уг гурвалсан гэрээний 3 дугаар зүйлийн 1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглах газрын хэмжээ, байршил, хилийн заагийг тогтооно, 2-т Газар олгох ажлыг зохион байгуулж, ашиглах газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад актаар хүлээлгэн өгнө гэж заасны дагуу хамгаалалтын захиргаа тусгай хамгаалалттай газар нутагт ашиглуулах газрын хэмжээ заагийг тогтоож, актаар хүлээлгэн өгснөөр тус гэрээний 4-д зааснаар иргэн, хуулийн этгээд гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүрэг үүсэхээр байна.

Гэтэл хамгаалалтын захиргаа "Ч" ХХК-д тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан газрыг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүйгээс тус компани газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсаар өнөөдрийн өдрийг хүрч байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн 3 га газрыг гурван өөр байршилд олгох, тэдгээрийн зарим хэсгийг бусдын эзэмшил газартай давхцуулан олгосон зэрэг зөрчлийн улмаас нэхэмжлэгч нь олгосон газрыг ашиглах боломжгүй байсан тул тус компанийг газрын төлбөрөө бүрэн төлөөгүй гэж буруутгах үндэслэл байгаагүй байна.

2.1.2. "Ч" ХХК нь дээр дурдсанчлан хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан 2017-2013 онуудад газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй боловч газар ашигласны төлбөрийг бүрэн төлж байсан болох нь хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд байгаа газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт болон газрын төлбөр төлсөн баримтуудаар нотлогдож байгаа.

"Ч" ХХК өөрт нь ашиглуулахаар олгосон газраа хууль болон гэрээнд заасан журмын дагуу ашиглаж чадаагүй байсан үед төлөгдсөн төлбөрийг буцаан шаардах, эсхүл газрын давхцлыг арилгасан буюу зөрчил арилсан үе /2013 оны 9 сар/-аас эхлэн төлөх төлбарт суутгуулан тооцуулахаар шарадах эрх байгаа ба энэ асуудлыг хамгаалалтын захиргаа болон Баянзүрх дүүргийн газрын албатай хэлэлцэн шийдвэрлэх боломж хуулийн хүрээнд нээлттэй байгаа.

Нэхэмжлэгч компанийн зүгээс 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ сунгуулсны дараа газрын холбогдох байгууллагатай гэрээ байгуулах гэсэн боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаал, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу газар ашиглах гурвалсан гэрээ сунгах, шинээр байгуулах ажлуудыг зогсоосон байсан тул гэрээгээ байгуулж чадаагүй. Түүний дараа дахин гэрээ байгуулах гэсэн боловч холбогдох дарга, мэргэжилтэн өөрчлөгдөж байна гэх мэт шалтгаануудаар газар ашиглах гэрээ хийгдээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байгаа.

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт газар ашиглагч нь зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө гэж заасан бөгөөд хариуцагч "Ч" ХХК-д газар ашиглуулах гэрээ байгуулагдаагүй байхад үүний учир шалтгааныг тогтоолгүйгээр тус компанийн газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр гаргасан нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй, илт хууль бус захиргааны акт гаргасан байна.

2.1.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт газар ашиглуулах гэрээнд тусгах зүйлийг тодорхой заасан байдаг.

ЧДЧГ ХХК-тай анх байгуулсан гэрээний дөрөвдүгээр хэсгийн 4-д зааснаар газрын төлбөрийг Баянзүрх дүүргийн газрын албаны дансанд төлөхөөр заасан байгаа.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар дархан цаазат газарт газар ашиглуулах шийдвэрийг гаргахдаа хамгаалалтын захиргаа болон тухайн нутаг дэвсгэрийг харьяалах сум, дүүргийн Засаг даргын саналыг харгалзахаар заасан.

Хуулийн энэхүү зохицуулалтын агуулга, хүрээнд газар ашиглуулах шийдвэрийг цуцлахдаа ялангуяа газрын төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр цуцалж байгаа тохиолдолд Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг авч, газрын төлбөртэй холбоотой шаардлага, байр суурийг тодруулах шаардлагатай байсан.

Дээр дурдсанаар газрын төлбөр-тэй холбоотой асуудлуудыг Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан гурвалсан гэрээгээр зохицуулсан бөгөөд энэ гэрээний үүргийн биелэлттэй холбоотой асуудлаар тухайн этгээдүүдээс зохих мэдээлэл авах, газрын төлбөр төлөөгүй шалтгаан нөхцөлийг шалган тогтоосон байх, эсхүл дүүрэг болон хамгаалалтын захиргаанаас төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан байх нь газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл болох учиртай.

Гэтэл хариуцагч 2015 оны А/236 дугаар тушаалаа гаргахдаа нэхэмжлэгч газрын төлбөр төлөөгүй гэх асуудлыг тодорхойлсон ямар нэгэн баримтад үндэслээгүй шийдвэрийг гаргасан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн ажиллагаа болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр хүчингүй болгох эрх зүйн үндэслэл бүрдээгүй байсан гэж үзэх үндэслэл болно.

Энэ байдлын бас нэг нотолгоо нь, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/160 дугаар тушаалаар нэхэмжлэгч "Ч" ХХК-ийн 3 га газар ашиглах эрхийг хүчингүй болгож байсан боловч мөн оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/212 дугаар тушаалаар буцаан 3 га газар эзэмших эрхийг сэргээсэн байдаг. Ийнхүү газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо мөн л газрын төлбөр төлөөгүй, газраа ашиглаагүй гэх нөхцөлийг үндэслэл болгож байсан боловч газрын төлбөр төлөхдөө өөр нэрээр тушаасан, төлбөрийн мэдээлэл буруу гарсан гэх үндэслэлүүдээр газар ашиглах эрхийг сэргээж байсан нь захиргааны шийдвэрийг гаргахдаа шалгаж тогтоодоггүй, хуулийг баримталдаггүй гэдгийг харуулж байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ч шүүх хуралдаан дээр "Ч" ХХК-д холбогдуулан газрын төлбөр төлөөгүй гэх ямар ч баримт болон санал БОНХАЖЯ-нд ирээгүй гэдгийг хүлээн зөвшөөрч хариулсан байгаа.

2.2. "Ч" ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тухайд:

2.2.1. "Ч" ХХК-ийн хувьд 3 га газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл бүрдээгүй байсан.

Хавтаст хэргийн 49, 50 дугаар хуудсанд авагдсан "Ч" ХХК-ийн Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах 497 дугаар гэрчилгээ, гэрчилгээний хавсралт дахь сунгалт хийгдсэн хугацаа /2013.09.16/-аар тооцон үзвэл тус компанийн газар ашиглах эрхийн 2 жилийн хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болох байсан.

Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд хуульд заасан 2 жилийн хугацаа болоогүй байхад буюу 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалаараа "Ч" ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан шаардлагад нийцээгүй бөгөөд энэ нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй болохыг харуулж байна.

2.2.2. "Ч" ХХК-ийн зүгээс 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээгээ сунгуулсны дараа Газар ашиглуулах гэрээ байгуулагдаагүй үндэслэл, шалтгааны талаар энэхүү гомдлын 2.1.2 дахь хэсэгт тодорхой дурдсан.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.6, 34.8 дахь хэсэгт газар ашиглах эрх зөвхөн гэрчилгээгээр бус уг гэрчилгээг үндэслэн байгуулсан иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглуулах тухай гэрээний үндсэн дээр үүсдэг.

Учир нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт газар ашиглах гэрээнд тусгах зүйлүүдийг тодорхойлон хуульчилсан. Тухайлбал, газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг газар эзэмшүүлэх хугацаа, газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага зэргийг гэрээндээ тодорхой тусгахаар заасан байдаг.

Түүнчлэн Иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглуулах тухай гэрээний стандарт загвар байдаг ба уг гэрээний загварт зааснаар Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглах газрын хэмжээ, байршил, хилийн заагийг тогтоох, Газар олгох ажлыг зохион байгуулж, ашиглах газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад актаар хүлээлгэн өгөх зохицуулалт байдаг ба энэ тохиолдолд дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа тусгай хамгаалалттай газар нутагт ашиглуулах газрын хэмжээ заагийг тогтоож, актаар хүлээлгэн өгснөөр иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрх үүсдэг.

"Ч" ХХК-ийн зүгээс 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ сунгуулсны дараа Газар ашиглуулах гэрээ байгуулагдаагүй, ашиглах газрыг албан ёсоор хүлээлгэн өгөөгүй тул тус компанийг газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх зүйн үндэслэл байгаагүй.

2.2.3. Анх байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 3 га газрыг олгох шийдвэр гаргахдаа 3 өөр газар, зарим газраараа давхцалтай олгосон учраас газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан тул "Ч" ХХК-иас 2013 оны 05 дугаар сарын 11-нд давхцлыг арилгах хүсэлтээ гаргаж улмаар 2013 оны 09 дүгээр сард давхцлаа арилгуулж, гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл сунгасан байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь тухайн тушаал гарсан үндэслэлээ нотлох гэж оролдож байгаа нь тушаал гаргах үед "Ч" ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байгаагүйг үйлдлээрээ хүлээн зөвшөөрч байгааг харуулж байгаа төдийгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар, хавтаст хэргийн 102-103 дугаар талд буй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан нэмэлт тайлбар, татгалзлаа нотлохоор шүүхээр ажиллагаа хийлгүүлэх замаар гаргуулж хавтаст хэрэгт хавсаргуулсан Баянзүрх дүүргийн газрын албаны 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10/373 тоот зэргээр нотлогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх маргаан бүхий акт гарсан үндэслэл болон хариу тайлбарыг тодруулан нотлох баримтыг шаардсан боловч хариуцагчаас өөрийн татгалзлаа нотолсон ямар ч баримтыг гаргаж өгөөгүй буюу яаманд холбогдох дүүрэг, хамгаалалтын захиргаанаас ямар ч санал, баримтыг ирүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрч тайлбарласан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана хэмээн заасан байдаг.

Тэгвэл тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгоход энэхүү зарчмын дагуу буюу тухайн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэх ёстой. Нөгөө талаас тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагчийн газар ашиглах гэрээний үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих эрх бүхий хамгаалалтын захиргаа болон дүүргийн Засаг дарга хяналтаа хэрэгжүүлсний үндсэн дээр газар ашиглах зөрчлийг илрүүлэх боломжтой.

Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад тухайн тусгай хамгаалалттай газар нутагт шууд хяналтыг хэрэгжүүлж буй хамгаалалтын захиргаа болон дүүргийн Засаг даргаас "Ч" ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох талаарх санал, үндэслэл, холбогдох мэдээллийг хүргүүлсний үндсэн дээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаал гаргах шалтгаан, эрх зүйн үндэслэл нь бий болно. Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар Газар ашиглах эрх цуцлах тухай Тушаалаар "Ч" ХХК-ийн эрхийг дуусгавар болгохдоо ямар ч баримтад үндэслээгүй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Баянзүрх дүүргийн газрын албанаас санал, мэдээлэл аваагүй буюу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад захиргаан акт гаргасан нь илт хууль бус байсан.

Гурав: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/231 дүгээр тушаалын "М.Т.Р" ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус болох талаар:

Нэхэмжлэгч "Ч" ХХК-ийн Богдхан уулын Зуун мод нэртэй газарт эзэмшиж байсан 3 га газрыг сайд 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/231 дүгээр тушаалаар энэхүү хэргийн гуравдагч этгээд гэх "М.Т.Р" ХХК-д олгосон байдаг. Нэхэмжлэгч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг илт хууль бус захиргааны акт нь "М.Т.Р" ХХК-д нэхэмжлэгчийн эзэмшлийн 3 га газрыг ашиглах эрхийг олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/231 дүгээр тушаал гаргах гол үндэслэл нь болсон байна. Өөрөөр хэлбэл, илт хууль бус захиргааны акт болох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/231 дүгээр тушаалын "М.Т.Р" ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус байх хууль зүйн үр дагавартай.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 128/ШШ2017/0490 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч "Ч" ХХК-аас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А236 дугаар тушаалын "Ч" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А321 дүгээр тушаалын "М.Т.Р" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгчээс тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл, нөхцөл бүрдээгүй байхад газар ашиглах эрхийг цуцалсан нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг зөрчсөн хэмээн маргажээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А236 дугаар тушаалаар нэр бүхий иргэд, аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч "Ч" ХХК-ийн Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Зуунмодны ам нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар олгосон 3 га газар хамрагджээ.

Хариуцагчаас нэхэмжлэгч компанийг газрын төлбөрөө цаг хугацаандаа бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр буруутгаж, газар ашиглах эрхийг 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцож, А236 дугаар тушаал гаргасан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан заалтад нийцээгүй, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг зөрчсөн болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх нэхэмжлэгч компанид Баянзүрх дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газар, Зуунмодны ам нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар 3 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 497 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгогдсон байх бөгөөд тухайн олгогдсон газар нь гэрчилгээн дээр 3 га 1 байршилд олгогдсон боловч бодит байдалд 3 өөр /1-р х.х-ийн 234 дэх талд авагдсан газрын байршлыг харуулсан зураг/ А, Б, В гэсэн байршилд тус бүр 1 га-р олгогдсон болох нь тогтоогдож байх ба энэ талаар хариуцагчаас маргаагүй байна.

Улмаар нэхэмжлэгчээс ашиглуулахаар олгосон газраа давхцалыг нь арилгуулж, нийлүүлж, нэг байршилд олгож өгөхийг хүссэн хүсэлтийг хариуцагчид гаргаснаар 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрчилгээгээр олгогдсон талбайн солбицолд өөрчлөлт оруулж, давхцлыг арилгаж, гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан болох нь нотлогдож байна.

Хариуцагчаас дээр дурдсанчлан газар ашиглах гэрчилгээний хугацааг нэхэмжлэгчийн хүсэлт холбогдох баримтуудыг үндэслэн сунгалт хийгдсэн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөр тооцоход маргаж буй 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А236 дугаар тушаал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэсэн хугацаанаас 3 сарын өмнө гарсан байх бөгөөд Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан хуанлийн он, сар, өдрөөр тодорхойлоход 2 жил болоогүй байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрийнх шүүхэд ирүүлсэн ... баримтуудыг судлаж үзэхэд "Ч" ХХК-аас манай яаманд хандаж байсан 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 15 тоот албан бичиг, 2013 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 56-13 тоот албан бичиг зэрэг баримтууд ... 3.0 га газрыг 3 өөр компанид олгосон байдаг. Гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл сунгасан 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А236 дугаар тушаал гарах үед хуульд заасан 2 жилийн хугацаа дуусаагүй байсан байна. гэсэн тайлбараар нэхэмжлэгчийг буруутгаж буй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл үгүйсгэгдэж байна.

Хариуцагчаас хуульд заасан хугацаа дуусаагүй байхад газар ашиглах эрхийг хүчингүйд тооцсон тушаал нь хуульд нийцээгүй нь тогтоогдсон тул тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан эсэхэд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигчээс газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нь газар

эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болох хэдий ч газрын төлбөрийн

хэмжээ, төлөх хугацаа, төлбөр төлөлттэй холбоотой гэрээний талуудын эрх, үүрэг хариуцлага, түүнээс үүсэх үр дагавар нь мөн хуулийн 34.6-д заасны дагуу байгуулсан

гэрээнд зааснаар тодорхойлогдохоор байна. Гэвч газар ашиглах тухай 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан 2/24 дугаартай гэрээ нь 2013 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дууссан байх ба дахин гэрээ байгуулагдаагүй байна.

Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ... газрын төлбөр төлөгч байна, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2-т Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараах зүйлийг тусгана, 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтаар газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа гэж тус тус зохицуулснаас үзэхэд гэрээ байгуулсан үеэс эхлэн газрыг ашиглаж буй аж ахуйн нэгж, байгууллага газрын төлбөр төлөгч болох бөгөөд хэдийгээр газар ашиглах гэрээ дахин байгуулагдаагүй ч нэхэмжлэгчээс газар ашигласны төлбөрийг 2010 онд 5.940.000 төгрөг, 2011 онд 12.540.000 төгрөг, 2012 онд 10.900.000 төгрөг, 2015 онд 5.940.000 төгрөг нийт 35.320.000 төгрөг төлж байсан болох нь Баянзүрх дүүргийн Газрын албаны 2017 оны 10/373 дугаар албан бичиг, Улаанбаатар хотын банкны харилцагчийн дансны хуулга, Газар эзэмших, ашиглах гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь дээрх байдлаар газрын төлбөр төлсөн, зарим онд төлсөн боловч баримт байхгүй гэж тайлбарлаж байгаа ч газрын төлбөр төлөлтийн талаар дүүргийн газрын алба болон нэхэмжлэгчтэй урьдчилж тооцоо нийлэлгүй, хэдий хугацааны төлбөрийг бүрэн төлсөн эсэхийг шалгаж тогтоолгүйгээр газар ашиглах эрхэд халдсан нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн ...Баянзүрх дүүргийн газрын албанаас төлбөрөө огт төлөөгүй гэсэн мэдэгдэл болон өөр бусад ямар нэгэн баримт гарч ирээгүй, олдоогүй болно, ...газрын төлбөр төлөөгүй гэсэн нь буруу мэдээллээр шийдсэн байна. Төлбөрийн мэдээлэл буруу гарсан байна гэсэн тайлбараар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Дээрх байдлаар маргаан бүхий Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А236 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгож, уг хууль бус акт гарснаар нэхэмжлэгч компанийн ашиглаж байсан 3 га маргаан бүхий газарт газар ашиглах эрхийг гуравдагч этгээд болох "М.Т.Р" ХХК-д олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А231 дүгээр тушаал нь тухайн үед мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад захиргааны акт гаргасан нь илт хууль бус байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 490 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А236 дугаар тушаалын "Ч" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А321 дүгээр тушаалын "М.Т.Р" ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгч "Ч" ХХК-ийн 3 га газартай давхцуулан олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай. гэж өөрчилж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...хэвээр үлдээж, гэсний дараа хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ