Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01364

 

 

 

 

 

 

 

 

 

О.Трийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01335 дугаар шийдвэртэй, О.Трийн нэхэмжлэлтэй, Нгазарт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Тр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргал, хариуцагчийн өмгөөлөгч А.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Тр нь Нгазрын даргын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 5/42 тоот тушаалаар данснаас хасагдсан хөрөнгийн хөдөлгөөнийг зохицуулах төвийн менежерээр томилогдон ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг гүйцэтгэж байсан. О.Тр нь ажиллаж байх хугацаандаа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй болно.

О.Тр нь Нийслэлийн өмчит байгууллагуудаас ирсэн хөрөнгийг данс бүртгэлээс хасах хүсэлтийн дагуу байгууллага хариуцсан мэргэжилтэнтэй газар дээр нь очиж үзэх чиг үүрэгтэй ажилладаг бөгөөд манай байгууллага ковид цар тахлын бүрэн болон хэсэгчилсэн хорио цээрийн хугацаанд гэрээсээ ажиллаж байсан тул зөвхөн утсаар ирцээ бүртгүүлдэг байсан.

Би энэ үед 5 хоног хөдөө явсан нь үнэн, энэ хугацаанд программ дээр цагаа бүртгүүлж байсан. 2020 оны 11 дүгээр сард бүх нийтээр өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан, энэ хугацаанд ажлын байраа хадгалж үлдэх зөвлөмжийг Засгийн газраас өгч байсан, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хөдөө өвс тэжээл хүргэж өгөхөөр явсан байсан. Гэтэл мэдэгдлийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгөөд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлсөн. 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өөр хүн ажилд авсан байсан. О.Трийн зөрчил дээр өөр сахилгын арга хэмжээ авч болох байсан.

Гэтэл О.Трийг зөвшөөрөлгүй олон хоногоор ажил тасалсан буюу хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар харилцан тохиролцсон нөхцөлийг үүсгэсэн гэж Нгазрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/04 тушаалаар ажлаас чөлөөлсөн болно. О.Тр нь хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил, сахилгын болон ёс зүйн зөрчлийг гаргаагүй. Өмнөх шүүх хуралдааны үед хариуцагчийн өмгөөлөгч эвлэрэх талаар санал тавихад нь О.Тр 2 сарын тэтгэмж гэж бичиж өгсөн.

Иймд Нгазрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 6,306,693 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Тр нь Нгазрын даргын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/42 тоот тушаалаар тус газрын данснаас хасагдсан хөрөнгийн хөдөлгөөний төвийн менежерээр томилогдон ажилласан.

Бүх нийтийн хөл хорионы үеэр О.Тр нь чөлөө зөвшөөрөлгүйгээр 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 10-ны өдөр хүртэл 5 хоногийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Нгазартай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-д заасныг, Нгазрын хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.10.1, 6 дугаар зүйлийн 6.7-д заасныг, мөн Нгазрын даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/566 тоот тушаалаар батлагдсан Корона вируст /Ковид-19/ цар тахлын халдварын үед ажиллах түр журам батлах тухай тушаалаар батлагдсан журмын 4 дүгээр зүйл /4.1- 4.6/-д заасныг тус тус зөрчсөн болно.

Дээрх дүрэм, журам, гэрээнд заасан заалт тус бүртэй О.Тр нь танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан. Энэхүү зөрчил дутагдлыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй болсныг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-д зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 01 тоот мэдэгдлийг О.Трт гардуулсныг хүлээн авч, гарын үсэг зурсан байгаа.

Мөн О.Тр нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Нгазрын даргад хандан 5 хоног чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан тухайгаа хүлээн мэдүүлж, өөрийн биеэр өргөдөл гаргасан. О.Тр нь өөрийн гар утаснаас цахимаар цагаа бүртгүүлж байсан гэх боловч, цахим бүртгэл нь гар утас нээлттэй, мөн интернетэд холбогдсон үед бүртгүүлэх боломжтой байдаг тул бусдаар цагаа бүртгүүлж, хууран мэхэлж байсан нь тодорхой болж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан О.Трийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3., 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар зохигчид тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хууль болон хөдөлмөрийн гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.1-д “Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу дараах тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэж захиргааны санаачилгаар гэрээг цуцална” гээд 4.1.1-4.1.5-д заасан зөрчлүүдийн аль нэгийг үйлдсэн тохиолдолд “ноцтой” зөрчил гэж үзэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах талаар заасан.

Нэхэмжлэгч О.Тр үйлдсэн зөрчлөө үгүйсгээгүй ба түүний гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан “ноцтой” гэх зөрчилд хамаарахгүй байхад анхан шатны шүүх уг зөрчлийг хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилтэй адилтган үзэж, шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой байна.

Түүнчлэн, О.Трийг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын зарим зүйл, заалтыг үндэслэсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан тул уг маргааныг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн дотоод журам ач холбогдолгүй, дүгнэх шаардлагагүй гэж үзэж байна.

Мөн ажил олгогчоос О.Трт гардуулсан мэдэгдлийн агуулга, ажлаас чөлөөлсөн тушаал хоорондоо илтэд зөрүүтэй байгааг шүүх үнэлж дүгнээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс үйл баримтыг буруу тогтоосныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

Нэхэмжлэгч О.Тр нь хариуцагч Нгазарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нгазар болон О.Тр нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, О.Тр нь Данснаас хасагдсан хөрөнгийн хөдөлгөөний төвийн менежерээр ажиллаж байсныг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Нгазрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/04 тоот тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/633 дугаар захирамж, “Нгазрын дүрэм”-ийн 2.5.1, Хөдөлмөрийн дотоод журмын 2.10.1, 6.7-д заасныг тус тус баримтлан О.Тр нь чөлөө зөвшөөрөлгүй олон хоногоор ажил тасалж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар харилцан тохиролцсон нөхцөлийг үүсгэсэн гэх үндэслэлийг зааж түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх30/

 

Нгазрын захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр О.Трт Коронавируст /ковид-19/ цар тахлын халдварын үед ажиллах түр журамд зааснаар холбогдох утсаа 24 цагаар нээлттэй байлгах үүргийг зөрчсөн тул 2021 оны 01дүгээр сарын 07-ны өдрийн дотор тайлбар саналаа биечлэн ирүүлэх агуулга бүхий мэдэгдлийг өгчээ. /хх67/

 

О.Тр нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Нгазрын даргад “.... 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймаг Хангал сум руу аав, ээждээ малын тэжээл хүргэхээр яваад 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн... 3 хоног чөлөө зөвшөөрөл авалгүй хөдөө явсан алдаа дутагдлыг сануулах болон цалингийн арга хэмжээгээр шийтгэхэд татгалзах зүйлгүй...” гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргажээ.

 

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40,1 дэх хэсэгт заасан үндэслэлийг заасан байх учиртай. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталсан бөгөөд уг хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан байна.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ ноцтой зөрчлийн талаар тохиролцсон байх учиртай.

 

Хөдөлмөрийн гэрээний 4.1-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу дараах тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэж захиргааны санаачлагаар гэрээг цуцална” гэж заагаад 5 зөрчлийг харилцан тохиролцсон байх боловч үүнд ажил тасалсантай холбоотой зөрчлийг тусгаагүй байна. Гэрээний 4.2-т “...хөдөлмөрийн дотоод журамд заасан /сануулах, албан тушаалын цалинг 20 хүртэлх хувиар 3 хүртэлх сараар бууруулах, ажлаас халах/ хариуцлага хүлээнэ” гэж зааж, үүнд 4 нөхцөл заасны нэг нь 4.2.2-т “байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн” гэх тохиолдлыг оруулсан боловч үүнийг гэрээний талууд тухайлан ноцтой зөрчлийн талаар тохиролцсон гэж дүгнэхгүй юм.

 

Нгазрын хөдөлмөрийн дотоод журмын 2.10.1-т хөдөлмөрийн гэрээгээр шууд цуцлахаар харилцан тохиролцсон нөхцөлд ажил тасалсан /шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш удаа/ гэж заасан байх боловч уг нөхцөл байдлыг хөдөлмөрийн гэрээнд огт тусгаагүй байх тул О.Трийн ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэхгүй.

 

Иймд О.Трийг ажил тасалсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцэхгүй байх тул ажилтныг Нгазрын Данснаас хасагдсан хөрөнгийн хөдөлгөөний төвийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцнэ.

 

О.Трт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговрыг хөдөлмөрийн гэрээний 3-т заасан үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээг сард 584,114 төгрөгөөр тохиролцсоноор тооцож, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх 7 сар, 16 хоногийн хугацаагаар тооцно.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу О.Трийн 1 сарын цалин хөлсийг 584,114 төгрөг, 1 өдрийн цалин хөлсийг 27,168 /584,114 : 21,5 хоног/ төгрөгөөр тооцож, Нгазраас олговор 4,523,487 /584,114 х 7 сар + 584,114 : 21,5 хоног х 16 ажлын хоног/ төгрөгийг гаргуулж О.Трт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Тушаал хүчингүй болгуулах нь ажлаас үндэслэлгүй халагдсан үндэслэлд хамаарах тул нэхэмжлэлийн шаардлага гэж дүгнэхгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01335 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар О.Трийг Нгазрын Данснаас хасагдсан хөрөнгийн хөдөлгөөний төвийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Нгазраас олговорт 4,523,487 төгрөгийг гаргуулж О.Трт олгож, нэхэмжлэгч О.Трийн нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Нгазарт үүрэг болгосугай” гэж өөрчлөн найруулж,

 2 дахь заалтын “зохигчид тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай” гэснийг “нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 87,326 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                                                                           Э.ЗОЛЗАЯА