Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/340

 

  2024           03              20                                   2024/ДШМ/340           

 

Б.Т-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор С.Бат-Орших /цахимаар/,

           шүүгдэгч Б.Т, өмгөөлөгч Г.Алтанчимэг,

           нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

           Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ****** дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

              Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-д ажиллаж байхдаа компанийн нөүтбүүкийг хувьдаа завшсанаар хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Т ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Т ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т 6 /зургаа/-н сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т эдлэх 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Б дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид сануулж, оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т аас 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/-н төгрөгийг гаргуулж “М” ХХК-ийн ерөнхий захирал хохирогч Б.Х-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Т би 23 настай, бүрэн дунд боловсролтой, программ хангамжийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 7 сартай хүү Т.А нарын хамт амьдардаг. Гэмт хэрэг болох үедээ “М” ХХК-д ажиллаж байсан. Би анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрийнхөө буруугаас энэ гэмт хэргийг үйлдсэн. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргадгүй. Анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг.

            Би энэ гэмт хэрэгт холбогдохоос өмнө өөр ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Ажил хөдөлмөр эрхэлж, олсон мөнгөөрөө ар гэрээ тэжээн тэтгэдэг, ажилд сайн, архи, тамхи хэрэглэдэггүй, амьдралын төлөө явж эхнэр, хүүхдэдээ анхаарал сайн хандуулдаг. Аав Б маань 2011 онд нас барсан, ээж Б 2002 онд нас барсан, би 3 хүүхэдтэй айлын хамгийн бага нь юм. Дээрээ 2 эгчтэй эгч нар маань гэр бүлийн хамт Чех улсад ажиллаж амьдардаг.

            Энэ хэргийг үйлдсэнээсээ хойш би их зүйлийг ойлгож, ухаарч, хийсэн хэрэгтээ маш их гэмшсэн. Хохирогчоос буруу зүйл хийсэндээ уучлалт гуйсан. Хохирогчид учруулсан 3.300.000 төгрөгийг миний бие бүрэн төлж барагдуулна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй бөгөөд өөрийн хайхрамжгүй байдлаасаа болж энэ гэмт хэргийг үйлдсэндээ харамсаж байна. Иймээс надад итгэл үзүүлж надад оногдуулсан 6 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялын хөнгөрүүлж, 2.700.000 төгрөгийг торгох ялаар шийтгэж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргахдаа анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү гэх гомдол гаргасан. Хувийн байдлын хувьд Б.Т ын аав, ээж хоёр нь нас барсан. Эхнэр 9 сартай хүүхдийн хамт амьдардаг. Шүүгдэгч Б.Т ажил хийж анх удаа үйлдсэн гэмт хэргийн хохирол болох 3.300.000 төгрөгийг цуглуулж, хурааж байгаа. Б.Т-т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахад ажлаа хийж чадахгүй, эхнэр нь ажил хийх боломжгүй 9 сартай хүүхдээ хардаг, Анагаахын дээд сургуулийн 4 курст сурдаг оюутан. Б.Т-т анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Б.Т барилгын ажил дээр ажиллаж байгаа болохоор зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар хөдөө орон нутаг, бусад дүүрэгт ажиллах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм...” гэв.

Прокурор С.Бат-Орших шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Т ын өмгөөлөгч Г.Алтанчимэг үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулаад байна гэж харж байна. Шүүгдэгч зөөврийн компьютерыг завшсан үйлдэлдээ хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлээд байгаа атлаа ямар нэгэн байдлаар төлсөн буюу төлөхөө илэрхийлсэн идэвхтэй үйлдэл харагдахгүй байна. Анхан шатны шүүхээс Б.Т-т Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  хохирол барагдуулсан гэх зэрэг нөхцөл байдалд нь тохирч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

          

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Т ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.  

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-д ажиллаж байхдаа компанийн нөүтбүүкийг хувьдаа завшиж, 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Х ын 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гаргасан өргөдөл, холбогдох баримтууд /хх-ийн 14-22 тал/, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25 тал/, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ****** дугаартай “С” ХХК-ийн хөрөнгийн “...үнэлэгдэж буй үнэлгээг зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 4 дүгээр сарын байдлаар 3.300.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэх үнэлгээ /хх-ийн 38-39 тал/,

 

хохирогч Б.Х ын “...тухайн нөүтбүүкийг шинээр нь авсан ба Т ашиглаж байсан. Б.Т нь 2022 оны 4 дүгээр сарын сүүл хүртэл ажиллаж байгаад ажилдаа ирэхээ больсон. Нөүтбүүкийг авч яваад авч ирж өгөөгүй, залгахаар утсаа авахгүй байгаа. ...3.359.900 төгрөгөөр П дэлгүүрээс шинээр нь худалдан авсан, ...мөнгөө авмаар байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30, 32 тал/,

гэрч Б.Н “...өөрт нь нэг нөүтбүүк байдаг байсан. Тэр нөүтбүүкээ хулгайд алдсан ажилдаа явж чадахгүй байгаагаа хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,

Б.Т ын “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Т ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Б.Т нь “...надад оногдуулсан 6 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялын хөнгөрүүлж, 2.700.000 төгрөгийг торгох ялаар шийтгэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

 

Хэдийгээр шүүгдэгч Б.Т нь хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулаагүй, ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх нь тодорхойгүй байх тул түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчлөх үндэслэлгүйгээс гадна гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.БОЛОРТУЯА 

 

                 ШҮҮГЧ                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ 

 

                               ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ