Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2025/0596

 

  2025         09           03                                   128/ШШ2025/0596

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Д.Эрдэнэчимэг, шүүгч Т.Гангэрэл, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А*******” ХХК /РД:*******/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ч.У*******, 

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Г.Л нарыг оролцуулан газар эзэмших эрхийг сэргээхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У*******, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээд О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х, гуравдагч этгээд О ХХК өмгөөлөгч Б.Ж*******, иргэдийн төлөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

1.1.Нэхэмжлэгчээс 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. 

1.2.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар “А*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 

1.3.Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/992 дугаар захирамжийн “Т*******” ХХК-д холбогдох хэсгийн “А*******” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаар захирамжийн “О” ХХК-д холбогдох хэсгийн “А*******” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлж, шүүх тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан. 

1.4.Улмаар тус шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШТ2025/0114 дүгээр тогтоолоор “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар “А*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаар захирамжийн “О” ХХК-д холбогдох хэсгийн “А*******” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргээс “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/992 дугаар захирамжийн “Т*******” ХХК-д холбогдох хэсгийн “А*******” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн. 

1.5.Үүнээс “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар “А*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаар захирамжийн “О” ХХК-д холбогдох хэсгийн “А*******” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах”-аар тодорхойлсон нэхэмжлэлд хууль зүйн дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

2.Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар

-Нэхэмжлэгчийн газрын тухайд:

2.1.Нэхэмжлэгч “А*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/143 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэгт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн аманд 3.0 га талбайд аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатай 0******* дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдөр олгожээ.

2.2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/378 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн Засаг даргатай нэхэмжлэгч “А*******” ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2021/48 дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гуравласан гэрээг байгуулжээ.

2.3.Мөн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчээс хүн түр буудаллах, отоглох зориулалтаар газар ашиглах эрх авснаас хойш газрын төлбөрт 97,710,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд Газрын төлбөрийн тооцоо нийлсэн №0******* дүгээр актаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй байна. 

2.4.Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дугаар Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай тушаалаар “А*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ. 

2.5.Дээрх тушаал нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэжээ. 

2.6.Маргаан бүхий актын 1 дэх заалтад ...Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/20541, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд хилийн цэсийг бодит газар дээр тэмдэгжүүлж залруулга оруулсан. 

2.7.Тус залруулгын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгогдсон хавсралтад дурдсан 59 иргэн хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэж үүнд “А*******” ХХК багтжээ.

 

-Гуравдагч этгээд “О” ХХК-ийн газрын тухайд: 

 

2.8.“О ХХК-иас анх 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 23/01 дүгээр албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр 3 га газрыг эзэмших хүсэлтийг гаргаж байжээ.  

2.9.Гуравдагч этгээд “О” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах газарт 13747  м.кв  газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгожээ. 

2.10.Мөн “О” ХХК-иас 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 29 дүгээр албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан дээрх 2******* нэгж талбарын дугаар бүхий газрын дуудлага худалдааны анхны үнэ 50,000,000 төгрөгийг төлсөн тул газар эзэмших ашиглах эрхийг баталгаажуулж гэрчилгээ олгох тухай хүсэлтийг гаргасан байна.  

2.11.Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах, эзэмших эрх хүсэх тухай” албан бичгээр “...манай компанийн зүгээс газар ашиглах эрхээ хэвээр авч үлдэх хүсэлтэй байх тул Жаргалантын ам болон Ташгайн амны хилийн цэсэд залруулга оруулсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар ашиглах, эзэмших эрх олгож  өгөхийг...” хүссэн хүсэлтийг гаргаж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01-05/1442 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр “...Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01-05/1442 тоот шийдвэрээр “...Иймд Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах шийдвэрт хамрагдсан тухайн газар нутагт газар эзэмших, ашиглах эрх олгох болон хот байгуулалтын бусад үйл ажиллагаа явуулахыг тодорхой хугацаагаар түр зогсооно” гэж заасны дагуу танай хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй” гэж газар ашиглах эрх олгохоос татгалзсан хариуг өгсөн байна. 

2.12.Нэхэмжлэгчийн зүгээс Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн аливаа хууль бус үйлдэл гаргаагүй бөгөөд газар ашиглах эрхийг хүчингүй болгох хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй байхад газар ашиглагчаас үл хамаарах шалтгаанаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосонд гомдолтой байна. Хилийн цэсэд залруулга орсон нөхцөл байдал нь газар ашиглагчаас үл хамаарах буюу төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудал. Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдийн газар ашиглахтай холбогдуулан гарсан зардал, одоо үйл ажиллагаа явуулж байгаа эсэхтэй холбоотой бодит нөхцөл байдлуудыг шалган тогтоолгүйгээр шууд газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Тусгай хамгаалалттай газрын хилийн цэсэд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар ашиглах эрхийг баталгаажуулах бүрэн боломжтой байхад шууд газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх эрх хариуцагчид байхгүй, мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчиж шүүхийн маргаантай байхад манай газартай давхцуулж гуравдагчид газар эзэмших эрх олгосон, хуулийн хүчин төгөлдөр газар ашиглах эрхтэй байхад бусдад газар эзэмшүүлэх эрх олгосон нь хууль бус ... гэх зэрэг агуулгаар маргаж байна. 

 

3.Гуравдагч. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

 

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: Эхний шаардлагын тухайд “А*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/143 дугаар тушаалаар Богдхан уулын Ташгай аманд 3 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх авсан. Газар ашиглах эрх авснаас хойш тухайн газар дээрээ 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 2021/48 дугаартай гуравласан гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсантай холбоотой холбоотой нийт 97.710,000 төгрөгийг газрын төлбөрт төлсөн. Газар цуцлагдах үеийн байдал хүртэл газрын төлбөрийн үлдэгдэл болон газар ашиглагчаас Газрын тухай хуулийг зөрчсөн ямар нэгэн үйлдэл гаргаагүй байсан. Гэтэл нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг маргааны бүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар цуцалсан. Газар эзэмших эрхийг цуцлахдаа тухайн тусгай хамгаалалттай Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгай аманд хилийн цэсэд залруулаг оруулсантай холбоотой нийт 59 аж ахуй нэгжийн газрыг цуцалснаас үүнд нь “А*******” ХХК-ийн 3 га газар эзэмших эрх багтсан байдаг. Тус тушаалыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр 1 дүгээрт газар ашиглагчийн зүгээс Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зөрчсөн, газар ашиглах эрхийг дуусгавар болгохтой холбоотой ямар нэгэн зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй. Үүнтэй холбоотой маргааны бүхий актаар тухайн нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцлахдаа тухайн А/634 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт дурдсан. Улсын их хурлын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай тогтоол байдаг. Тус тогтоолоор ямар асуудал шийдвэрлэсэн бэ гэхээр тухайн хилийн цэсэд өөрчлөлт оруулж байгаатай холбоотой өөрчлөлт оруулахаас өмнөх хугацааны газар ашиглах эрх авсан байсан хуулийн этгээдүүдийн асуудлыг хуульд нийцүүлж шийдвэрлэж газрын эрхийн гэрчилгээ олгох болон гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахаар тухайн тогтоолын 4 дэх хэсэгт зааж өгсөн байдаг. Гэтэл хариуцагч нь энэ үүргийн хэрэгжүүлж ажиллагаагүй байдаг. Мөн А/634 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт дурдсан байгаа. Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 01/2054 тоот албан бичиг байдаг. Тухайн албан бичигт Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар газар эзэмших эрх авсан байгаа хуулийн этгээдийн эрх ашгийг хохироохгүйгээр тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө болон газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлж газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ олгож газар ашиглуулах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж шийдвэрлэж хамтран ажиллах саналыг Нийслэлийн Засаг даргад Барилга хот байгуулалтын сайд хүргүүлсэн байдаг. Тус албан бичгийн биелэлт хангагдаагүй гэж үзэж байна. Мөн тухайн тусгай хамгаалалттай газрын хилийн цэс тогтоохтой холбоотой Улсын их хурлын 1995 оны 26 дугаар тогтоол байдаг. Тус тогтоолд хилийн цэсийг нь тодорхойлж зааж өгсөн боловч тус 26 дугаар тогтоол өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар өөрчлөлт ороогүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэс тогтоохтой холбоотой эрх нь Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль /1994 оны/-д зааснаар Улсын их хуралд байдаг. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын их хурлаас 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт орсон эсэх, өөрчлөлт оруулахаар санал хэлэлцсэн эсэх баримтуудыг шаардсан боловч байдаггүй. Иймд нэхэмжлэгчийн зүгээс юу гэж үзэж байгаа вэ гэхээр хэрвээ хилийн цэст өөрчлөлт орсон бол Улсын их хурлаар оруулж 1995 оны 26 дугаар тогтоолд өөрчлөлт орох ёстой байсан гэж үзэж байна. Үүнтэй холбоотой маргаан бүхий актаар ганц нэхэмжлэгч компанийн биш нийт 59 аж ахуй нэгжийн газрыг цуцалсан байдаг. Үүнтэй холбоотой маргаан эхнээсээ шийдвэрлэгдэж байгаа. Эцсийн байдлаар Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/41 дугаартай хүчин төгөлдөр магадлал байдаг. Тухайн магадлалд хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 02/09 тогтоолоор хүлээн авахаас татгалзсан. Хүчин төгөлдөр магадлалаар юу гэж дүгнэсэн бэ гэхээр хилийн цэсэд өөрчлөлт оруулсан асуудал байгаагүй буюу Улсын их хурлын 1995 оны 26 дугаар тогтоол хүчинтэй байгаа. Мөн тухайн хилийн цэсэд өөрчлөлт оруулаагүй. Мөн газар ашиглах эрх авсан хуулийн этгээдүүдийн тухай Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэх болно. Газар ашиглагчаас үл хамаарч цуцалж байгаа тохиолдолд үүнд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчилж нэхэмжлэгч компани давуу эрхтэй байсан талаар Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр магадлалаар дүгнэсэн байдаг. Шүүх хуулийн заалтуудыг нэг мөр хэрэглэх ёстой тул тухайн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэж Улсын дээд шүүхээс хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан байх тул иш татаж ярьж байгаа.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаар захирамжаар “О” ХХК-д газар ашиглах эрхийг олгосон байсан. Тухайн захирамжийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр “А******* ХХК-ийн зүгээс газар ашиглах эрх цуцлагдсан дариуд шууд Нийслэлийн Засаг даргад хандсан байдаг. Бид нар өмнө нь тухайн газрыг ашиглах эрхтэй байсан. Одоо Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын эрх хэмжээнээс гарсан учир Нийслэлийн Засаг даргын захирамжаар манай тухайн газар ашиглах эрхийг дахин олгож өгөөч гэх хүсэлтийг гаргахад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0105/1442 дугаартай албан бичгээр таны гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэх хариуг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өгсөн байдаг. Ямар нэгэн байдлаар газар ашиглах эрх олгох боломжтой, боломжгүй гэх хариу өгөөгүй. Зүгээр л хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн байдаг. Нэхэмжлэгч компанийн хүсэлтийг аливаа байдлаар шийдвэрлээгүй байхад гуравдагч этгээд “О” ХХК-д газар ашиглах эрх олгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д буюу шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрын эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохгүй гэсэн заалтыг зөрсөн байна. Мөн өмнө нь дурдсан Улсын их хурлын байнгын хорооны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3 дугаар тогтоол болон Монгол улсын Засгийн газрын 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит хуралдааны Газрын тухай хууль, эрх зүйн орчин шинэчлэгдэх хүртэл Улаанбаатар хотод шинээр газар эзэмшүүлэх эрх гаргахгүй байх гэсэн Засгийн газрын шийдвэрийг мөн адил зөрсөн байна. Дээрх үндэслэлээр гуравдагч этгээдэд олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

3.2. Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...2010 оноос хойш газрын маргаан Нийслэл болон Богдхан уулын хилийн маргаантай асуудал маш их гардаг байсан. Үүнтэй холбоотой Нийслэлийн Засаг дарга болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Барилга хот байгуулалтын яам нарын хооронд харилцан уулзалт хийж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны ажлын хэсгийн тушаал гарсан байдаг. Тус ажлын хэсэг байгуулах тушаалаар 1996 оны 25 дугаартай Богдхан уулын хилийн цэсийг тогтоосон нь тухай үед уулын амнаас зэрэг орчин үеийн хилийн цэс тогтоох багаж зэвсгээр тогтоогоогүй тул хилийн цэсийн маргаан гарч байна. Үүнийг залруулга хийх үүднээс ажлын хэсэг энэ хүрээнд ажилласан. Монгол Улсын их хурлын байнгын хорооны 2022 оны 8 дугаар тогтоол болон 2023 оны 03 дугаар тогтоолын дагуу ажлын хэсэг үр дүнгийн дагуу Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн яам, Нийслэлийн Засаг дарга тус ажлыг хийсэн. Тухайн олгосон аж ахуй нэгжийг дүгнэлтийн дагуу шийдвэрлэх чиглэл өгсөн. Тус чиглэлийн дагуу албан бичиг харилцан бичиж байсан. Энэ хүрээнд нийт 59 аж ахуй нэгж нь тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэс рүү орж Нийслэлийн Засаг даргын эрх мэдэл рүү очсон. Тус аж ахуй нэгжүүдийн нэг болох “А*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль/1994 оны/, Газрын тухай хуулийн газар ашиглах эрхийг цуцлах заалтын хүрээнд “А*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлээгүй. Хилийн маргаантай холбоотой асуудлын хүрээнд газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн. Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас Нийслэлийн Засаг дарга руу эдгээр цуцлагдаж байгаа аж ахуй нэгжийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн албан бичиг явуулахад Нийслэлийн Засаг дарга тухайн компанийг дурдахдаа тус аж ахуй нэгжийн газар ашиглах эрхийг шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбар байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн /1994/ 27 дугаар зүйлийн 27.1-д Байгаль орчин аялал жуулчлалын сайд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг шийдвэрлэх бүрэн эрх байдаг. Гэтэл ажлын хэсгийн дүгнэлт болон Их хурлын байнгын хорооны шийдвэрийн дагуу Байгаль орчин аялал жуулчлалын сайдын эрх хэмжээнээс хилийн цэстэй холбоотой газар ашиглах эрх олгох асуудал нь хамааралгүй болж байгаа тул манайх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна” гэжээ. 

3.3.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын зүгээс хариу тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан эс үйлдэхүй хууль бус болохыг, газар ашиглах эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхэд хамгаалахаар гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эс үйлдэхүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа. Энэ нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1442 дугаартай албан бичгээр танай газар ашиглахтай холбоотой асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн байгаа. Энэ үйлдлийг эс үйлдэхүй гэж үзэх үү, үгүй юу?. Үүн дээр эс үйлдэхүй захиргааны байгууллага гаргасан гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хувьд гуравдагч этгээд буюу “О” ХХК-тай давхцуулж газар ашиглах эрх хүсэж байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.3-д зааснаар хүсэлт гаргасан байршил нь ямар нэгэн сум, дүүрэг Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил газартай давхцаагүй бол шийдвэрлэж болно заасан. Гэтэл хүсэлт гаргасан байршил нь бусдын эзэмшил газартай давхцалтай байгаа тул шийдвэрлэх боломжгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь агуулгын хувьд газар ашиглуулах эрхийг Нийслэлийн Засаг даргад даалгах гэж байгаа. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлд газар ашиглуулахтай холбоотой зохицуулсан 10 заалт байдаг. Үүнд газар ашиглуулахтай холбоотой асуудлыг хувийн гэр, орон сууцны хашаа, хүнсний ногоо, жимс жимсгэнийн зориулалтаар 5000 болон 10000 м.кв газраас илүүгүй байна гэж зааж өгсөн. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага дээр газар ашиглуулах эрхийг орон сууцны зориулалтаар 30000 га газрыг эзэмшүүлж өгнө үү гэж заасан. Энэ нь хуульд нийцүүлэх үү. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч талын зүгээс тодруулж өгөх ёстой. Хуульд тодорхой хуульчилсан байгаа тул боломжгүй гэх хариуг Газар зохион байгуулалтын албанаас хүргүүлсэн. 1995 оны хилийн цэсийн тогтоол болон одоогийн Засгийн газрын байнгын хорооны 3, 8 дугаар тогтоолоор өөрчлөгдсөн гэж хэлж байгаа боловч өөрчлөгдөөгүй. Агуулгын хувьд хилийн цэс тодорхой болсон гэж байгаа. Харин эсрэгээрээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний газар дээр нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон асуудал байгаа. Энэ асуудлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 3, 8 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Албан бичгийн хүрээнд шийдвэрлэхээр болсон гэж шулуун шийдвэрлэж байгаа юм шиг хаяж болохгүй. Энэ асуудлаа өөрсдөө шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд Засгийн газрын байнгын хорооны 3 дугаар тогтоолын 4 дэх заалтыг ярьж байна. 4 дэх заалтад тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглуулах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлж газрын эрхийн гэрчилгээ олгох гэрээ байгуулж ажлын хэсэг байгуулах гэж байгаа. ...Хууль тогтоомжид нийцүүлж шийдвэрлэх боломжтой юу, үгүй юу? тэр үүргээ Нийслэлийн Засаг дарга биелүүлэх талаар хэлсэн. Үүнтэй холбоотой Нийслэлийн газар зохион байгуулалтын газарт газар ашиглуулах хүсэлт гаргасан. Үүнийг хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас боломжгүй талаар хариу илэрхийлсэн. Мөн хүсэлт гаргаж байгаа байршил нь гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байгаа тул энэ асуудлыг хууль тогтоомжид нийцүүлж ямар нэгэн байдлаар шийдвэрлэх боломжгүй. Магадгүй нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй, өөр газар дээр газар ашиглуулах хүсэлт гаргасан бол тэрийг Газрын тухай хуульд зааснаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж Нийслэлийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ гэсний дагуу гаргасан бол шийдвэрлэх боломжтой. Гэтэл хүсэлт гаргаж байгаа байршил нь гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалын хүчингүй болгох гэдэг дээр Нийслэлийн Засаг даргын зүгээс санал нэг байна” гэжээ. 

 

3.4.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”О” ХХК-ийн зүгээс 9 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмшүүлэх хүсэлт гаргасан. Үүний дагуу ажиллагаа явагдаж 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Засаг даргын А/595 дугаар захирамжаар газар олгосон. Манай компани хууль ёсны дагуу хүсэлт гаргаж хуулийн дагуу газар эзэмших эрхийг авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч нарын хариу тайлбарыг дэмжиж оролцож байна” гэжээ. 

3.5. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нийслэлийн Засаг даргаас маргаантай байгаа газар дээр нээлттэй дуудлага худалдаа явуулсан нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ. 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслээд “А*******” ХХК-ийн нэхэмжлэлийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг дараах байдлаар шийдвэрлэлээ.  

1.1.Улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор шинэчлэн тогтоосон байх бөгөөд хил заагийг нарийвчлан зураглаж эргэлтийг цэг шонгуудын солбицлыг хэмжиж тогтоогоогүйгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2 өөр хил зааг зураглаж үйл ажиллагаа явуулж байгаа нь иргэд олон нийтийн дунд зөрчил үүсгэж байна гэж үзэж уг асуудлыг шийдвэрлэхээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/65 дугаар тушаалаар улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг нарийвчлан тогтоох эргэлтийн цэгийг солбицолцуулах дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан байна. 

 

1.2.Уг ажлын хэсгийн талууд болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054 , Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд хилийн цэсийг бодит газар дээр эргэлтийн цэгийг бэхэлж, тэмдэгжүүлж оруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

1.3.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн /1994оны/ 25 дугаар зүйлийн 1-д “газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах талаар төрийн бодлогыг тодорхойлох”, 2-т “Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх эрхтэй”, гэж Улсын Их Хурлаас тусгай хамгаалалттай газар нутгийн талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-д Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг баталсан ба уг тогтоол хүчин төгөлдөр, Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэс, заагт өөрчлөлт ороогүй, харин хил зааг бодит газар дээр бэхэлж тэмдэгжүүлж буулгахдаа алдаатай тэмдэглэснийг залруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. 

 

1.4.Улмаар маргаан бүхий газар нь Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор тусгай хамгаалалттай газрын хил заагт ороогүй, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар байна. 

1.5.Өөрөөр хэлбэл ажлын хэсгийн шийдвэр, байнгын хорооны тогтоолууд нь хилийн цэсийг өөрчлөөд байгаа зүйл биш харин тэмдэг тэмдэглэгээг алдаатай бэхэлсэн байсныг бодит газар дээр залруулсан болох нь хэрэгт авагдсан тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны 2145, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2262 дугаар тэмдэглэлд тусгагдсан гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. 

 

1.6.Нэхэмжлэгч “А*******” ХХК-иас Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаар захирамжийн “О” ХХК-д холбогдох хэсгийн “А*******” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. 

 

1.7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор маргаж байгаа тохиолдолд хууль ёсны эрх ашиг нь хэрхэн сэргэхийг харгалзах зүйн хэрэг юм. 

1.8.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гуравдагч этгээд “О” ХХК газар эзэмших эрхээс өөрт давхцалтай хэсгийн хүчингүй болгож шийдвэрлэсэн ч маргаан бүхий Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах газар нь Нийслэлийн Засаг даргын эрхлэх хэм хэмжээний газар болох нь холбогдох байгууллагын тогтоосон эргэлтийн цэгээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч “А*******” ХХК-д хүн аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар газар ашиглах эрх олгох боломжгүй байна. 

1.9.Тодруулбал, “А*******” ХХК нь аялал жуулчлалын бааз байгуулах зориулалтаар төсөл боловсруулж, холбогдох дүгнэлтийг батлуулсан, гэтэл маргаан бүхий газар болох Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд аялал жуулчлалын бааз байгуулах боломжгүй, суурьшлын бүс болох нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 125 дугаар тогтоолоор баталсан тус хорооны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр тогтоогдож байна.  

1.10.Мөн Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар шинээр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил хэмжээг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 125 дугаар тогтоолоор баталсан байх бөгөөд үүнд маргаан бүхий “О” ХХК-д олгосон Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах газар багтжээ. 

1.11. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-д “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх” гэж тус тус заасан. 

1.12.Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаар захирамжийн “О” ХХК-д олгосон газар нь Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд хилийн цэсийг бодит газар дээр бэхэлж, тэмдэгжүүлсний дараа Нийслэлийн Засаг даргаас өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох баримтыг үндэслэн газар эзэмших эрх олгосон байгааг хуульд нийцсэн гэж үзэхээр байна. 

1.13.Иймд “А*******” ХХК-иас “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаар захирамжийн “О” ХХК-д холбогдох хэсгийн “А*******” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

2.Харин нэхэмжлэгчээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэв. 

2.1.Нэхэмжлэгч “А*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/143 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэгт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн аманд 3.0 га талбайд аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. 

2.2. “А*******” ХХК-иас газар ашиглах хүсэлт гаргахдаа аялал жуулчлалын баазын үйл ажиллагаа эрхлэх төслийг өгсөн бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын яамны/хуучин нэрээр/ ерөнхий шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 13/449 дугаар байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлтийг “...байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлээ...” гэж хүргүүлсэн. 

2.3.Байгаль орчин аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-аас нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгохдоо тусгай хамгаалалттай газар нутагт тус төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж газар ашиглах эрх олгосон байна. 

2.4. Хариуцагчаас Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар эрх олгогдсон 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалдаа Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн байх боловч дээрх тогтоолуудад Богдхан уулын хилийн заагийн мэдээллийг холбогдох мэдээллийн санд Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу бүртгэж, газрын харилцаатай холбоотой үйл ажиллагаанд мөрдөж ажиллах, хилийн заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгож, Богдхан уулын дархан цаазат газрын хил зааг, хязгаарыг шинэчлэн тогтоогоогүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нийслэлийн Засаг дарга нар Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан тохиролцож хүлээн зөвшөөрөлцсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон атлаа байнгын хорооны тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх үүрэгтэй байсан байна. 

2.5. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар ашиглах эрх бүхий газар нь тусгай хамгаалалттай газар нутаг биш байсан нь дээрх үйл баримтуудаар тогтоогдож байна. 

2.6. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн танхимын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2024/0106 дугаар тогтоолын 17,18 дугаар зүйлд хариуцагчаас маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэр газарт авахтай холбоотой асуудлыг дүгнэсэн ба уг хүчин төгөлдөр тогтоолтой уялдуулан үзэхэд “А*******” ХХК-ийн ашиглаж байсан газрын хилийг цэсийг бэхэлж, тэмдэгжүүлснээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тохиолдолд Газрын тухай хуульд заасан журмын дагуу нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх (мөнгөөр, эсхүл өөр газар олгох буюу газрын байршлыг шилжүүлэх гэх мэт) үүрэгтэй гэж үзэхээр байна.  

2.7.Нэхэмжлэгч “А*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар газар ашиглах хүсэлт гаргаж, үүнийхээ дагуу газар газраа ашиглаж газар ашиглах эрх хүчин төгөлдөр, газрын төлбөрийг зохих журмын дагуу төлж, газрын төлбөрийн үлдэгдэлгүй байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул хамгийн наад зах нь мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн эрх зүйн үр дагавар үүсгэсэн байна. 

2.8.Иймд нэхэмжлэгчээс гаргасан аялал жуулчлалын бааз байгуулах төсөл нь шаардлага хангана гэж үзэж Байгаль орчин аялал жуулчлалын яамны/хуучин нэрээр/ ерөнхий шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 13/449 дугаар байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргасан, уг дүгнэлтийг үндэслэж төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж газар ашиглах эрх олгосон зэрэг нь хууль ёсны итгэл хамгаалах зарчимд үл нийцэх тул нэхэмжлэгч талыг хохиролгүй болгох үүрэг хариуцагчид ногдоно.  

2.8.Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар “А*******” ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргуулахаар  3 /гурав/ сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэв.

2.9.Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын  4.10.11-д “Хуулийн 106.3.11-т шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нэхэмжлэлийн хүрээнд нэмж тодруулах ажиллагааг хэн, ямар хугацааны дотор хийж гүйцэтгэх, шинээр гаргах актыг хэзээ гаргахыг заана. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн хүсэлтээр гүйцэтгэх хуудас бичиж болно, ийнхүү гүйцэтгэх хуудас бичихээс өмнө шүүхээс ямар ажиллагаа хийж байгаа талаар хариуцагчаас тодруулга авсан байвал зохино”, 4.10.11 б-д “Газрын маргааны хувьд: жишээлбэл, газрын давхцалын маргааны тухайд хэн нь түрүүлж газар эзэмших хүсэлт гаргасан нь тодорхойгүй, эсхүл хэн нь түрүүлж бодитоор эзэмшиж байсныг тогтоох хүрээнд, нэхэмжлэгч, эсхүл гуравдагч этгээд ямар ямар баримт гаргах өгөх, хариуцагч юу шалгах талаар тодорхой тусгана. Жишээлбэл, газар эзэмшигч, ашиглагчийн уг газраа зориулалтаар ашиглах санхүүгийн боломж байгаа эсэх, газар дээр барилга байгууламж барих санхүүжүүлэгч нь тодорхой талаарх нотлох баримтыг гаргуулсны үндсэн дээр газар эзэмших, ашиглах эрхийг сэргээсэн шийдвэрийг гаргах үүрэгтэй, газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөнд тусгуулах асуудлыг шийдвэрлэсний дараа, иргэний газар эзэмшихийг хүссэн өргөдлийг шийдвэрлэх үүрэгтэй гэж, эсхүл өмчлөгчийн хувьд: Б-д анх эзэмшүүлсэн 500 метр квадрат газрын байршлыг анх тогтоосон кадастрын зургийн дагуу шинээр газрын мэдээллийн сангийн зургийг үйлдсэн шинэ акт гаргах, уг зургийг үйлдсэний дагуу Г-ийн 700 метр квадрат газар өмчлөхийг хүссэн өргөдлийг шийдвэрлэх үүрэгтэй гэх зэргээр зааж болно” гэж шийдвэр бичих аргачлалыг тусгайлан заасан.

          2.10.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн /1994оны/ 27 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;” гэж хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын сайдын бүрэн эрхийг хуульчилсан байна 

2.11.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар “А*******” ХХК-д өмнө ашиглаж байсан газрын хэмжээнд дүйцүүлэн газар ашиглах эрх олгох боломжийг судлан шийдвэрлэх, нөхөх олговор олгох, эсхүл хуульд заасан журмаар хохирлын асуудлыг шийдвэрлэх замаар дахин шинэ акт гаргах замаар маргаан бүхий актыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна. 

2.12.Мөн “маргаан бүхий газарт дуудлага худалдаа явуулах нь зүйтэй” гэх иргэдийн төлөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 106.3.14-д заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн /1994 оны/ 25 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан “А*******” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаар захирамжийн “О” ХХК-д холбогдох хэсгийн “А*******” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн /1994 оны/ 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар “А*******” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас нэхэмжлэгчид “А*******” ХХК-д хуульд заасан журмын дагуу нөхөн олговор олгох, дүйцүүлэн газар олгох эсхүл хохирлын асуудлыг шийдвэрлэх хүртэл дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А*******” ХХК-иас төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 


 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОДМАА

                                                   ШҮҮГЧ                            Т.ГАНГЭРЭЛ 

                                                   ШҮҮГЧ                             Д.ЭРДЭНЭЧИМЭГ