| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 319/2025/00341/И |
| Дугаар | 319/ШШ2025/00357 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 319/ШШ2025/00357
2025 05 27 319/ШШ2025/00357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, ******* багт оршин суух, *******ийнхөн овогт Гантулгын *******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч Г.*******, түүний өмгөөлөгч Г.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.******* нь хүсэлтдээ: Миний бие Г.******* нь 1975 онд Ховд аймгийн ******* сумын Эхэн багттөрсөн бөгөөд тус сумын 8 жилийн дунд сургуулийг 1983-1991 оны 06 дугаар сард суралцаж төгсөөд Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад илгээлтээр мал дээр гарч ээж аавынхаа хамт мал маллаж эхэлсэн. Ингээд 1996 онд нөхөр Т.*******тэй гэр бүл болж ******* багт мал малласаар өнөөдрий хүртэл 5 хүүхдийнхаа хамт амьдарч байна. Би өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох болсон бөгөөд Ховд аймгийн Архивын газраас баримт цуглуулахад миний ажиллаж байсан байдалтай холбоотой зарим оны орсон гарсан тушаал, цалингийн цэс байхгүй, мөн хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт дутуу зэрэг шалтгаанаар заавал шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Г.******* намайг Ховд аймгийн ******* сумын Эхэн бригадад 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны дуустал мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч Г.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагч Г.*******ээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 437 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн буюу 4 дүгээр бригадын 1991 оноос 1992 оны 70 дугаар дансны хуулбар, Ховд аймгийн өмч хувьчлалын комиссын 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дугаартай хувьчлах төсөл батлах тухай тогтоол, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хөдөлмөрийн дэвтэр, нэгдлийн гишүүний үнэмлэх зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөв.
3. Шүүхээс: Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иүүлсэн ХААТР маягтууд, Нийгмийн даатгалын газрын албан бичиг зэргийг баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Шүүх хуралдаанд тодруулсан хүсэлтийн шаардлагаар Г.******* нь 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад малчнаар ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлээс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүсэлт гаргагч Г.*******т олгосон хөдөлмөрийн дэвтэрт Г.*******т 1992 онд цалин хөлс олгож байсан тухай бичилт хийгдсэн байх бөгөөд энэ нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаас 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 437 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн буюу 4 дүгээр бригадын *******гийн ******* гэх бичилттэй *******, Дулмаа,******* нарт цалин хөлс олгосон 1991 оны 70 дугаар дансны хуулбар баримт, *******гийн ******* гэх бичилттэй *******д цалин хөлс олгосон 1992 оны 70 дугаар дансны хуулбар баримтуудаар давхар нотлогдож байх бөгөөд *******гийн ******* нь хүсэлт гаргагч Г.*******ийн төрсөн эцэг болох нь хавтаст хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Г.*******ийн 1992 онд Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх тайлбар үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь тухайн үед суурийн ахлагчийн нэрээр цалингийн цэс бичигдэж цалин хөлс олгогддог байсан болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Г.*******ийн 1988 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ХААТР- 1/а/ маягтад ажилладаг байгууллага ******* 8 жилийн сургууль, эрхэлдэг ажил сурагч, ажилд орсон он 1983 он, цех тасаг бригад 5 дугаар анги гэж, ХААТР 21/а/ маягтын 14 дүгээрт паспорт олгохыг хүссэн он сар өдөр 1991.04.11 гэж тус тус бүртгэжээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохоор зааснаар дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг үнэн зөв гэж тооцно гэж зааснаар ХААТР баримтад бүртгэгдсэн бүртгэлээр хүсэлт гаргагч Г.*******ийг 1983 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1991 оны 06 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэгдлийн гишүүний үнэмлэхээр мөн шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрч Т.Дамирангийн ...Г.Одоцэцэгийн Ааав, ээж нь ******* сумын Эхэн багт малчин байсан. Айлын том охин сургууль төгсөөд 1991 онд мал дээр гарсан. Үүнээс хойш дандаа мал маллаж байгаа. 1996 онд ******* багийн иргэн н.*******тэй гэр бүл болоод малчнаар амьдарч байгаа. Гэрийн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Сүүлд ******* болсон сургуульд байхад нь байсан. 1991-1992 онд ******* сумын Эхэн бригадад малчин байсан... гэх мэдүүлэг, гэрч Т.гийн ... Г.******* нь 1991 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Эхэн бригадад малчнаар ажиллаж байсан. Бид нар гэж дууддаг байсан... гэх мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна.
3. Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаагаар Г.******* нь ажилласан жил тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж 1991 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нийт 10 жил 0 сарыг нөхөн тооцуулсан болох нь, Ховд аймгийн Өмч хувьчлалын комиссын 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дугаартай хувьчлах төсөл батлах тухай тогтоолоор Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр хувьцаат компанийн хувьчлах төслийг баталсан үйл баримтууд тус тус нотлогдож байна.
4. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №03-08/4042 дугаартай лавлагаагаар өрхийн тэргүүлэгч *******гийн *******, эхнэр Намидын Дулмаа, охин/хүү Гантулгын Оюунцэцэг, охин/хүү Гантулгын , охин/хүү Гантулгын , охин/хүү Гантулгын , охин/хүү Гантулгын Азбилэг, охин/хүү Гантулгын , охин/хүү Гантулгын гэж тус тус бүртгэсэн байх бөгөөд тус бүртгэлд бүртгэгдсэнээр 1989 онд 13 настай эмэгтэй Гантулгын гэж тоологдсон бүртгэл нь хүсэлт гаргагч Г.*******ийнх байх боломжтой гэж үзлээ.
5. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Г.*******ийг 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ийнхөн овогт Гантулгын *******ийн 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН