| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/01119/И |
| Дугаар | 192/ШШ2025/04332 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/04332
2025 05 21 192/ШШ2025/04332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Премиум Палас цогцолбор, 901 тоот хаягт оршин байрлах Эм эс пи ди ХХК /регистрийн дугаар: 5293731/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: ОР77112*******/-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээг цуцалж хохиролд 81,000,000 төгрөг гаргуулах, орон сууц чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, 81,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан, хариуцагчийн өмгөөлөгч З.Буяндаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Эм эс пи ди ХК нь хариуцагч Ц.*******д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг цуцалж хохиролд 81,000,000 төгрөг гаргуулах, орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:20******* оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан WH-2-*******-******* тоот Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах- худалдан авах гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 81,000,000 төгрөг гаргуулах мөн ******* дүүрэг, 11 дүгээр хороо, ******* *******гийн аманд байрлах White hill residence хотхон, ******* байр, 7 давхар, ******* тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл дээр дурдсан, талуудын хооронд захиалгаар баригдсан орон сууцны гэрээ байгуулагдсан. Гэрээний 2.2-т орон сууцны талбайн хэмжээ 65,94 м.кв орон сууцны үнэ 256,230,000 төгрөг гэж тайлбар талууд харилцан тохиролцсон. Тус гэрээний 2.7-тайлбар үлдэгдэл төлбөр болох 196,230,000 төгрөгийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон. Гэрээний 7.4-т худалдан авагчийн хүсэлтээр эсвэл худалдан авагч үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээг цуцлах тохиолдолд худалдан авагч нь орон сууцыг хүлээн авсан өдрөөс эхлэн сар бүр 3,000,000 төгрөгөөр хүсэлт хийсэнд тооцон, орон сууцыг хүлээн авсан өдрөө анхны байдалд нь оруулж хүлээлгэж өгөхөөр заасан. Мөн иргэн Ц.******* гэрээ байгуулсан өдөр түлхүүрийг хүлээж аваад тус байранд нүүж орсон байдаг. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, удаа дараа талуудын уулзалт зохион байгуулсан. Гэвч бодит үр дүн гараагүй. Нэхэмжилж буй 81,000,000 төгрөгийн тухайд орон сууцыг хүлээн авсан өдөр буюу 20******* оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцсон. 26 сарын 1 сарыг 3,000,000 төгрөгөөр тооцож 81,000,000 төгрөг гаргуулах, орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 зээлээр худалдах, худалдан авах гэрээний нэр төрөл боловч өөрийн онцлогтой байдаг. Тухайлбал, гэрээний талууд үнийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байх шинжээс гадна, худалдан авсан талууд худалдан авсан эд зүйлүүд нь үнийг тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн төлөхөөр тохиролцсоноороо онцлог байдаг. Манай компанийн хувьд гэрээний үүргээ биелүүлж, эд хөрөнгийн болон эрхийн зөрчилгүй хөрөнгийг гэрээний нөгөө талдаа хүлээлгэж өгсөн. гэж тодорхойлсон.
2. Хариуцагч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Ц.******* нь 20******* оны 10 дугаар сарын 25-ны өдөр 56.94 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг 256,230,000 төгрөгөөр худалдаж авахаар Эм эс пи ди ХХК-тай "Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах-худалдан авах гэрээ" байгуулсан. Талууд гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу Ц.******* нь "Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах-худалдан авах гэрээ"-ний урьдчилгаа төлбөрт 60,000,000 төгрөгийг "Эм эс пи ди" ХХК-ийн Хаан банк дахь 5000644664 тоот дансанд шилжүүлж гэрээг баталгаажуулсан. Мөн 20******* оны 10 дугаар сарын 31-ний өдөр орон сууцны урьдчилгаа төлбөрт 17,000,000 төгрөгийг гэрээний хавсралтад заасны дагуу төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 179,230,000 төгрөгийг 36 сарын дотор графикийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож 20******* оны 11, 12 дугаар сарын төлбөрийг хугацааны дагуу төлж байсан. Гэтэл Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас Ц.*******гийн гэр бүлийн бизнест тогтворгүй байдал бий болж орон сууцны төлбөрийг төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Гэвч энэ талаараа Ц.******* нь "Эм эс пи ди" ХХК-д цаг алдалгүй мэдээллэж байсан бөгөөд компанийн зүгээс төлбөр төлөх хугацааг хойшлуулж байгаагаа мэдэгдэж байсан. Ц.*******гийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, орон сууцны төлбөрийг огт төлөхгүй байх аливаа сэдэлгүй ба орон сууцны төлбөрийг төлөх өөрийн нөөц боломж, бизнесийн нөхцөл байдлынхаа талаар хэлж, харилцан ойлголцож ирсэн. Тухайлбал, гэрээний төлбөр төлөх сүүлийн хугацаа болох 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор орон сууцны нийт төлбөрийг бүрэн төлөхөөр төлбөрийг бэлдэж байсан. Гэтэл "Эм эс пи ди" ХХК нь Ц.*******тэй тохиролцож гэрээний хугацааг сунгаж байсан атлаа, шүүхэд гэрээг цуцлах нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн "Эм эс пи ди" ХХК нь орон сууцны төлбөрийг гэрээний хугацаа дуусахаас өмнө төлөх боломжтой талаараа Ц.*******д хэлж, итгэл төрүүлж удаан хугацаанд харилцан тохиролцож ирсэн атлаа орон сууцны төлбөрт төлсөн 80,869,000 төгрөгт дүйцэх хугацаа 127 сар хүрмэгц шүүхэд нэхэмжлэл өгч байгаа нь Ц.*******гийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа үйлдэл байна. Ц.******* нь тус 3 өрөө орон сууцанд дотор тохижуулалтыг багагүй хөрөнгөөр хийж, амьдарч байгаа ба тус орон сууцны төлбөрийг бүрэн төлж өмчлөх хүсэл зоригтой байгаа. Талууд 20******* оны 10 дугаар сарын 25-ны өдөр WH-2-*******-******* тоот "Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах-худалдан авах гэрээ" буюу Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан "Зээлээр худалдах-худалдан авах гэрээ" байгуулсан. Тодруулбал, талуудын хооронд аливаа түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй. Худалдагч болох "Эм эс пи ди" ХХК нь орон сууцыг аливаа доголдолгүйгээр худалдан авагч Ц.*******д үнийг төлөхөөс өмнө шилжүүлэх, худалдан авагч Ц.******* орон сууцны үнийг "Эм эс пи ди" ХХК-д тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн. Худалдан авагч энэхүү гэрээг байгуулахдаа тус орон сууцыг түрээслэх бус, худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлэх зорилготой байсан. Тухайлбал, захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах-худалдан авах гэрээг байгуулах үед тухайн 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байсан нь түрээсийн гэрээний харилцаа үүсэх боломжгүй болохыг харуулж байна. Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т "Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ." гэх хуулийн шаардлагыг тус гэрээ хангаагүй, талуудын гэрээний харилцаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангах боломжгүй болно. Тиймээс "Эм эс пи ди" ХХК-ийн 81,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Худалдан авагч Ц.******* нь "Эм эс пи ди" ХХК-тай тохиролцож байсны дагуу ******* дүүрэг, 11 дүгээр хороо, ******* *******гийн аманд байрлах White hill residence хотхон ******* дүгээр байрны 7 давхарын ******* тоот 3 өрөө орон сууцны төлбөрийг бүрэн төлж, өөрийн өмчлөлд шилжүүлэн авах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж тайлбарласан.
3. Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэгч Эм эс пи ди ХХК-д холбогдуулан 81,000,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: "Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах-худалдан авах гэрээ"-ний 7.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус тухайд талууд 20******* оны 10 дугаар сарын 25-ны өдөр Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах-худалдан авах гэрээг харилцан тохиролцож байгуулсан байдаг. Талууд гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу хариуцагч Ц.******* нь Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах-худалдан авах гэрээ"-ний урьдчилгаа төлбөрт нийт 77,000,000 төгрөгийг "Эм эс пи ди" ХХК-д шилжүүлж гэрээг баталгаажуулсан. Улмаар Ц.******* нь орон сууцны төлбөрт 2 удаагийн төлөлт нийт 3,869,000 төгрөгийг төлсөн байна. Гэвч ковид-19 цар тахлын дараах эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас Ц.*******гийн гэр бүлийн бизнест тогтворгүй байдал бий болж орон сууцны төлбөрийг төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Гэвч энэ талаараа Ц.******* нь "Эм эс пи ди" ХХК-д цаг алдалгүй мэдээлж байсан бөгөөд компанийн зүгээс төлбөр төлөх хугацааг хойшлуулж байгаагаа мэдэгдэж, харилцан ойлголцсоор ирсэн. Гэвч Ц.******* гэрээ байгуулж, гэрээний дагуу нийт 81,000,000 төгрөг төлснөөс хойш 127 сар өнгөрмөгц 81,000,000 төгрөгийг Ц.*******гээс орон сууцыг түрээсэлсэн гэж үзэж хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тодруулбал, талуудын хооронд байгуулсан Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах-худалдан авах гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т заасан худалдан авагчийн хүсэлтээр эсхүл худалдан авагч үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс худалдагч гэрээr цуцлах тохиолдолд худалдан авагч нь орон сууцыг хүлээн авсан анхны байдалд нь оруулж худалдагчид хүлээлгэн егнө. Ийнхүү хүлээлгэн өгөх өдөр хүртэлх хугацаанд орон сууцыг хөлсөлж байсанд тооцно. Орон сууцыг хүлээн авсан өдрөөс хүлээлгэн өгөх хүртэлх нийт хугацаанд нэг сар тутамд 3,000,000 төгрөгөөр хөлсөлж байсанд тооцно" гэх заалт нь Иргэний хуулийн дараах зүйл, заалтыг зөрчиж байна. Монгол улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т "Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ", 318.4-т "Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна" гэж тус тус хуульчилсан. Нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны төлбөрт шилжүүлсэн нийт төлбөр болох 81,000,000 төгрөгийг түрээсэлсэн гэж үзэж нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд талуудын хооронд аливаа түрээсийн гэрээний харилцаа огт үүсээгүй, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх боломжгүй байсан. Талуудын хооронд хууль зүйн шинжээрээ худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба дээрх гэрээний харилцаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" гэж хуульчлагдсан. Энэ гэрээ анхнаасаа түрээсийн гэрээний шинжийг агуулаагүй юм. Мөн захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах-худалдан авах гэрээ байгуулагдах үед орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, Улсын комисс хүлээж авсан эсэх нь тодорхойгүй байсан зэрэг нь дээрх заалт хүчин төгөлдөр бус болохыг илэрхийлж байна. Иймд гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү. Мөн Эм эс пи ди" ХХК-аас 81,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах, гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 81,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа бөгөөд Эм эс пи ди ХХК нь гэрээг цуцлах шаардлага гаргаж байгаа тохиолдолд хариуцагчийн зүгээс гэрээний дагуу төлсөн 81,000,000 төгрөгийг Эм эс пи ди ХХК-аас гаргуулах үндэслэлтэй юм. Тодруулбал, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205. 1-т... Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу гэрээг цуцалснаас үүссэн үр дагавар буюу Ц.*******гийн эзэмшил ашиглалтад байгаа маргааны зүйл болох ******* дүүрэг, 11 дүгээр хороо, ******* *******гийн аманд байрлах White hill residence хотхон ******* дүгээр байрны 7 давхрын ******* тоот 3 өрөө орон сууцыг Эм эс пи ди ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, Эм эс пи ди ХХК-иас орон сууцны төлбөрт төлсөн 81,000,000 төгрөгийг Ц.*******д олгох нь хуульд нийцэх юм. Иймд талуудын хооронд байгуулагдсан Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах-худалдан авах гэрээний 7.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Эм эс пи ди ХХК-аас Ц.*******д Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаа болон 2 сарын төлбөрт төлсөн 81,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэж тайлбарласан.
4. Нэхэмжлэгч Эм эс пи ди ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ:Талууд захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах-худалдан авах гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Ц.******* нь 20******* оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 80,869,000 төгрөгийг манай компанид төлсөн. Энэ талаарх баримтыг гаргаж өгсөн. 81,000,000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгосонгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэж тайлбарласан.
5. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1425/15 дугаар итгэмжлэл, 20******* оны 10 дугаар сарын 25-ны өдрийн WH-2-*******-******* дугаар захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах-худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төлбөр тооцооны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн БА-143/2021 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт.
4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 0291 дугаар итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Эм эс пи ди ХХК хариуцагч Ц.*******д холбогдуулан ******* дүүрэг, 11 дүгээр хороо, ******* *******гийн аманд байрлах White hill residence хотхоны ******* дүгээр байрны 7 давхрын ******* тоот хаягт байрлах 56.94 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, учирсан хохиролд 81,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 81,000,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаснаар талууд маргажээ.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: хариуцагч тал зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр тохирсон төлбөр төлөх хуваарьт үүргээ 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зөрчиж өнөөдрийг хүртэл хуваарийн дагуу худалдан авсан орон сууцны үнийг төлөөгүй тул гэрээг цуцалж орон сууцыг чөлөөлүүлэх, мөн гэрээний 7.4-т тохирсны дагуу өөрт учирсан хохирлыг 1 сарын 3,000,000 төгрөгөөр тооцож, нийт 81,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргахдаа үндэслэлээ: Ковид цар тахлын дараах нөлөөний улмаас санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон, улмаар гэрээний хугацаа дуусахад буюу 2025 оны 10 сарын 30-ны өдөр үлдэх төлбөрийг төлөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцсон тул гэрээг цуцлах үндэслэлгүй хэмээн тайлбарлаж, улмаар цуцалсан тохиолдолд өмнө төлсөн 81,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
4. Талууд 20******* оны 10 дугаар сарын 25-ны өдөр Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах-худалдан авах гэрээ нэртэй гэрээ байгуулж, энэ гэрээний дагуу нэхэмжлэгч нь ******* дүүрэг, 11 дүгээр хороо, ******* *******гийн аманд байрлах White hill residence хотхоны ******* дүгээр байрны 7 давхрын ******* тоот хаягт байрлах 56.94 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх, хариуцагч нь урьдчилгаа 60,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг харилцан тохиролцсон хуваарийн дагуу 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр төлөхөөр харилцан үүрэг хүлээжээ.
5. Худалдагч төлбөрийг бүрэн төлөхөөс өмнө орон сууцны өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэн өгөхөөр худалдагч үүрэг хүлээгээгүй ба гагцхүү хөрөнгийн эзэмшлийг шилжүүлж өгсөн, мөн төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохирсны улмаас гэрээний нийт үнэд өөрчлөлт ороогүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ биш, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан төлбөрийг хэсэгчлэн төлөх нөхцөл бүхий ердийн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шүүх үзсэн.
6. Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал, төлбөр төлөх хуваарь, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төлбөр төлөх хуваарийг хариуцагч зөрчсөн үйл баримтуудын талаар маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэг үйл баримтын талаар талууд маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж шүүх үздэг.
7. Хариуцагч талаас нэхэмжлэгчид нийт 81,000,000 төгрөг төлсөн хэмээн тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргасан боловч энэ үндэслэлээ баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогчид өөрсдийн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг. Харин нэхэмжлэгч талаас хариуцагчийг нийт 80,869,000 төгрөгийг төлсөн хэмээн тайлбар гаргаж байх тул нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээнд буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасны дагуу хариуцагчаас нийт 80,869,000 төгрөг төлсөн гэж шүүх үзсэн болно.
8. Талууд 20******* оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах-худалдан авах гэрээ-г нэхэмжлэгч цуцлах эрхтэй эсэх, цуцалсан тохиолдолд хохиролд тооцож 81,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх талаар маргажээ. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцлах үндэслэлгүй байна гэж үзсэн болно.
9. Зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан /энэ тохиолдолд төлбөрийг бүрэн төлөхөөс өмнө өмчлөх эрхийг шилжүүлдэг/ гэх нэхэмжлэгч талын тайлбараас үзвэл тэрээр Иргэний хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар орон сууцны эзэмшлийг хариуцагчаас буцаан шаардсан гэж үзэхээр байна.
9.1 Хэрэгт авагдсан Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах-худалдан авах гэрээ баримтад: Батлав: Эм эс пи ди ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Энхбаатар гэж бичигдсэнээс үзвэл талуудын хооронд байгуулсан энэ гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна. Талууд энэ гэрээний 6 болон 7 дахь хэсэгт гэрээг цуцлах журмыг заасан байх ба гэрээний 6.1, 6.4, 7.1, 7.3-т цаасан гэрээг цуцлах зохицуулалтууд нь логик зөрчилтэйн улмаас гэрээг цуцлахад ямар журам, хугацаа мөрдөгдөх зэрэг нь ойлгомжгүй болжээ.
9.2 Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д гэрээний стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлахаар заасан байна. Иймд гэрээг цуцлах журмыг талууд гэрээний 6.1-д зааснаар тохиролцсон гэж үзэх нь санал хүлээн авагч болох хариуцагч талд ашигтай байна. Гэрээний 6.1-д: Гэрээний аль нэг тал нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах тухай санал гаргах бол саналыг нөгөө талдаа 14 хоногийн өмнө бичгээр гаргана. гэж заасан тул гэрээг цуцлахдаа худалдагч тал буюу нэхэмжлэгч нь бичгээр мэдэгдэл хүргүүлэх ёстой байжээ.
Хариуцагч талаас гэрээний хугацааг сунгахаар тохирсон буюу хугацааны эцэст мөнгийг бүхэлд нь төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон хэмээн маргаж буй тохиолдолд маргааныг шийдвэрлэхэд талуудын харилцан тохиролцсон гэрээг цуцлах журмыг баримтлах нь зүйтэй байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д мөн гэрээг цуцлахдаа нөгөө талдаа мэдэгдэхээр заасан байна.
9.3 Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, гэрээний 6.1-д заасны дагуу гэрээг цуцлах саналаа бичгээр мэдэгдсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй тул худалдагч буюу нэхэмжлэгчийг гэрээг цуцлах журмыг зөрчсөн гэж үзнэ.
9.4 Түүнчлэн талуудын ашиг сонирхлыг шүүх дор дурдсан байдлаар харьцуулж үзсэний үндсэн дээр Иргэний хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1-д зааснаар нэхэмжлэгч тал гэрээг цуцлахаас өмнө нэмэлт хугацаа тогтоож өгөх шаардлагатай гэж үзсэн болно. Тодруулбал:
- Талууд нийт 256,230,000 төгрөгийн үнэтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч тал төлбөрийг 3 жилийн хугацаанд буюу 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон байх ба өнгөрсөн хугацаанд хариуцагч талаас нийт 80,869,000 төгрөг төлж, 120.137.630 төгрөг /нэхэмжлэгч шүүхэд хандах хүртэл хугацаанд/-ийн төлбөр төлөх үүргээ зөрчсөн. /31.5%-ийг төлж, 46.8%-ийн үүргийн зөрчил/
- Нэхэмжлэгч тал стандарт нөхцөл бүхий гэрээндээ төлбөр төлөх хугацаа хэтрүүлбэл алданги буюу хохирол төлүүлэхээр заасан зэрэг нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч тал Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1-д зааснаар нэмэлт хугацаа тогтоохгүйгээр гэрээг цуцлах нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчимд нийцэхгүй гэж үзсэн.
9.5 Нэхэмжлэгч тал дээр дурдсанаар гэрээнээс татгалзах үндэслэлгүй байх тул гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохиролд 81,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Хариуцагч талаас шүүхэд бичгээр гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлээс үзвэл тэрээр нэхэмжлэгчийг гэрээг цуцлах үндэслэлгүй гэж маргасан, улмаар гэрээ цуцлагдвал Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар өгсөн зүйлээ эргүүлэн авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хариуцагч талаас гэрээг цуцлах санал гаргасан, эсхүл гэрээг цуцлахыг нэхэмжлэгчээс шаардсан гэж үзэхээргүй байна.
10.1 Дээрх тохиолдолд буюу шүүхээс нэхэмжлэгч талын санаачилгаар гэрээг цуцлах үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан харилцан буцаалтын үүргийг хэн аль нь /нэхэмжлэгч болон хариуцагч/ шаардах эрхгүй тул 81,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.
10.2 Хариуцагч тал талуудын хооронд байгуулагдсан Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах-худалдан авах гэрээ-ний 7.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, харин хохиролд 81,000,000 гаргуулахыг тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар гэж үзэхээр байна.
11. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбоотой нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд, эсхүл өөр үндэслэлээр хэн аль нь дахиж шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
12. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 633,150 төгрөгийг, хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа 633,150 төгрөгийг тус тус тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д заасантай нийцжээ.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шүүхийн зардал болон тэмдэгтийн хураамжийг зохигчдод хариуцуулахаар заасан тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 633,150 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 633,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, 205 дугаар зүйлийн 205.1, *******7 дугаар зүйлийн *******7.1-д заасныг тус тус баримтлан Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах-худалдан авах гэрээ-г цуцалж, ******* дүүрэг, 11 дүгээр хороо, ******* *******гийн аманд байрлах White hill residence хотхоны ******* дүгээр байрны 7 давхрын ******* тоот хаягт байрлах, 56.94 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны эзэмшлийг буцаан шилжүүлж хохиролд 81.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан Эм эс пи ди ХХК-ийн нэхэмжлэл, төлбөрт төлсөн 81,000,000 төгрөгийг буцаан гаргуулахыг шаардсан Ц.*******гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 633,150 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 633,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР