| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/00150/И |
| Дугаар | 192/ШШ2025/04141 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/04141
2025 05 15 192/ШШ2025/04141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам 16/5, өөрийн байр хаягт оршин байрлах Материал-Импэкс ХК /регистрийн дугаар: 2074605/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:
Хариуцагч:
Орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлж, өмчлөх эрхийг өөрчлөн бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхагвачулуун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Даваасүрэн, хариуцагч Х.Гантулга, Г.Номуулин, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Материал-Импэкс ХК нь хариуцагч Х.Гантулга, Г.Номуулин нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг өөрчлөн бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Материал-Импэкс" ХК нь Баянгол дүүргийн 25 дугаар хороо /хуучнаар 04 дүгээр хороо/-ны нутаг дэвсгэрт байрлалтай өөрийн эзэмшил газар дээрээ орон сууцны My town барилгын төслийг 2014 оноос эхлүүлж, эхний ээлжийн 192 айлын 113 дугаар байрыг 2016 оны 04 дүгээр сард байнгын ашиглалтад оруулсан. Иргэн Х.Гантулга, Г.Номуулин нар энэхүү орон сууцнаас 64.01 мкв талбайтай 19 тоот 3 өрөө орон сууцыг манай компанитай гэрээ хийлгүй, төлбөр төлөлгүйгээр 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2205066786 дугаартай гэрчилгээг гаргуулан авсан байсныг 2022 оны 09 дүгээр сард бид мэдсэнээр хуулийн байгууллагад хандан шалгуулахад Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 861 дүгээр дүгнэлт, Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 514 дүгээр тогтоолоор дээрх 19 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамч бичиг баримт бүрдүүлэн гаргуулан авсан болох нь тогтоогдсон. Шинжээчийн 861 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Харин Ү-2205066786 дугаартай хавтаст материалд байх 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 339 дугаартай "Хүсэлт гаргах тухай" гэсэн баримтын "захирал" гэсний ард "Б.Зориг гэсний урд байх гарын үсгийг ердийн хэрэглээний хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн" гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл Б.Зоригийн гарын үсгийг хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн гэж дүгнэжээ. Тус компанийн харилцах дансанд 113 дугаар байрны 19 тоот орон сууцны төлбөр утгаар 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 15,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөг төлөгдсөн байгаа нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн дагуу манай байгууллагын өглөг дансанд бүртгэгдсэн байгаа. Манай компаниас орон сууц захиалж, худалдан авч байгаа иргэд нь байраа сонгоод баталгаажуулахын тулд урьдчилгаа төлбөрөө төлж, "Орон сууц захиалгаар бариулах, хөрөнгө оруулалтын гэрээ" хийсний дараа өглөг дансанд бүртгэгдсэн мөнгийг гэрээний төлбөрт оруулан тооцдог. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд дээрх 19 тоот орон сууцны гэрээ хийгдээгүй бөгөөд дээрх мөнгө одоо ч манай өглөгийн дансанд бүртгэлтэй хэвээрээ байна. "Материалимпэкс" ХК нь гэмт хэргийн улмаас орон сууцны өмчлөх эрхийг бусдад алдсан, өмчлөх эрх өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур бусдад шилжсэн, өмчлөх эрх шилжсэнийг өмчлөгч мэдээгүй, өмчлөх эрхээ шилжүүлэхийг зөвшөөрөөгүй бөгөөд 113 дугаар байрны 19 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болох барилгын захиалагч, гүйцэтгэгч "Материал-Импэкс" ХК-ийн өмчлөх эрхийг сэргээх нь шударга ёсонд нийцнэ. Нэгэнт барилгын захиалагч, гүйцэтгэгч, хууль ёсны өмчлөгч "Материал-Импэкс" ХК-ийн хүсэл зоригоос гадуур өмчлөх эрх шилжсэн тул Х.Гантулга, Г.Номуулин нарт шилжүүлсэн гэх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д "... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэж зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус байна. Иймд Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, 113 дугаар байрны 19 тоот орон сууцны өмчлөгч нь "Материал-Импэкс" ХК болохыг тогтоож, энэхүү өмчлөх эрхийн бүртгэлийг өөрчлөн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү. гэж тодорхойлсон.
2. Хариуцагч Х.Гантулга, Г.Номуулин нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч нар тат галзлын үндэслэлээ: Миний бие нь My town хотхоны борлуулалтын албан дээр 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр очиход н.Нямаа гэх эмэгтэй манай захиралтай уулз гээд н.Мөнхжаргал гэдэг хүнтэй уулзсан. Байр авах сонирхолтой байгаагаа хэлэхэд 1 м-ийн үнэ нь 1,960,000 төгрөг гэхэд нь зөвшөөрч 113 дугаар байрны 19 тоотыг авахаар гэрээ хийсэн. н.Мөнхжаргал захирлын хэлсэн 5007681134 дугаартай данс руу 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хаан банкны 5019143114 дугаартай өөрийн данснаас "байрны үнэ Гантулгаас гэж бичээд 59,000,000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн данснаас 5920193249 дугаартай данс руу үлдэгдэл 66,600,000 төгрөг хийхэд илүү гээд 140,000 төгрөгийг миний данс руу буцааж хийсэн. Орон сууцандаа нүүж ороод захирал н.Мөнхжаргалаас "тооцооны үлдэгдэлгүй, тус байрны гэрчилгээг Х.Гантулгын нэр дээр гаргаж өгнө үү" гэсэн албан тоотыг аваад бусад материалын хамт Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст өгсөн ба гэрчилгээ бичигдсэн. Тухайн үед компанийн борлуулалт хариуцсан захирал нь н.Мөнхжаргал байсан учир баталгаатай гэж итгэн байрны төлбөрөө шилжүүл гэсэн данс руу нь шилжүүлсэн. Байр авснаас хойшхи 7 жилийн хугацаанд бидэнтэй байрны талаар нэг ч хүн ямар ч асуудал яриагүй нь байрны үнийг 100 хувь төлсөнтэй холбоотой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж тайлбарласан.
3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 514 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Баянгол дүүргийн Прокурорын газрын тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 861 дугаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2016/155 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 9010001040 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар итгэмжлэл.
4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Х.Гантулгын гар бичмэл бүхий өргөдөл, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 339 дугаар Хүсэлт гаргах тухай албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2017/339 дугаар орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3/809 дугаар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын албан бичиг, кадастрын зураг, 113 дугаар байрны гэрэл зургийн үзүүлэлт, 000617704 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4171 дугаар Бүртгэл түдгэлзүүлэх тухай албан бичиг, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 44 дугаар Бүртгэл түдгэлзүүлснийг цуцлах тухай албан бичиг, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2024/8929 дугаар Захиргааны хэрэг үүсгэх тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.
5. Шүүхээс дараах баримтуудыг нотлох баримтаар цуглуулж, бүрдүүлсэн. Үүнд: 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10-2/174 дугаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, 000617704 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 339 дугаар Хүсэлт гаргах тухай албан тоотын хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2017/339 дугаар орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2024/8929 дугаар Захиргааны хэрэг үүсгэх тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШЗ2025/1089 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Материал-Импэкс ХК нь хариуцагч Х.Гантулга, Г.Номуулин нарт холбогдуулан Баянгол дүүргийн 25 дугаар хороо, My town хотхон 113 дугаар байр, 19 тоот хаягт байрлах 64.01 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг өөрчлөн бүртгэхийг Улсын бүртгэлд даалгах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч нар гэрээнээс үлдэх төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзах эрхтэй, мөн Материал-Импэкс ХК-д борлуулалтын албаны даргаар ажиллаж байсан Т.Мөнхжаргал нь тус компанийн гүйцэтгэх захирлын гарын үсгийг хуурамчаар зурж орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн хүсэл зоригоос гадуур шилжүүлсэн нь өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх үндэслэл болно гэж тайлбарласан.
3. Хариуцагч Х.Гантулга, Г.Номуулин нар татгалзлын үндэслэлээ, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Материал-Импэкс ХК-ийн борлуулалтын албанд очиж гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа 59,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлсөн, үлдэх 66,600,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус компанийн борлуулалтын албаны дарга Т.Мөнхжаргалын хэлсэн данс руу тус тус шилжүүлж гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарласан.
4. Хариуцагч нар 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Материал-Импэкс ХК-тай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ гэгчийг байгуулж, энэ гэрээний дагуу Х.Гантулга, Г.Номуулин нар 125,459,600 төгрөгийг төлөх, Материал-Импэкс ХК нь хаягт байрлах 64.01 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүргийг харилцан хүлээж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг байгуулсан байна. Энэ гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.
5. Хариуцагч нар дээрх гэрээний дагуу 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 59,000,000 төгрөгийг 5007681134 дугаартай данс руу, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 66,600,000 төгрөгийг 5920193249 тоот дансанд, нийт 125,600,000 төгрөгийг худалдан авч буй орон сууцны төлбөрт төлж, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр орон сууцыг эзэмшилдээ хүлээн авч орсон, мөн улсын бүртгэлд орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. Энэ үйл баримтыг нэхэмжлэгч тал мөн үгүйсгээгүй.
6. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, талуудын тайлбарыг үндэслэн хариуцагч нар үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж шүүх үзсэн болно. Үүнд:
6.1 Хариуцагч нар 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 59,000,000 төгрөгийг 5007681134 дугаартай дансанд, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 66,600,000 төгрөгийг 5920193249 тоот дансанд, нийт 125,600,000 төгрөг төлснөөс нэхэмжлэгч тал 80,000,000 төгрөг төлснийг зөвшөөрч, үлдэх 45,600,000 төгрөгийг төлөөгүй гэж маргасан байна.
6.2 Нэхэмжлэгч тал ийнхүү хариуцагч нарын төлөх ёстой нийт төлбөрөөс 80,000,000 төгрөг төлөгдсөнийг зөвшөөрч байгаа нь хариуцагч нараас 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 5007681134 дансанд төлсөн төлбөр, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5920193249 дансанд төлсөн төлбөрийг тус тус хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
6.3 Нэхэмжлэгч компани маргаан бүхий орон сууцыг худалдан борлуулахдаа өөрийн борлуулалтын албаар дамжуулж нийтэд худалдаж байсан, борлуулалтын албаны даргаар тус компанийн ажилтан Т.Мөнхжаргал ажиллаж байсан талаар талууд маргаагүй. Энэ тохиолдолд Т.Мөнхжаргалыг маргаан бүхий харилцаанд Материал-Импэкс ХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзнэ.
6.4 Тухайн үед нэхэмжлэгчийг гэрээний харилцаанд төлөөлөх эрх бүхий этгээд болох Материал-Импэкс ХК-ийн борлуулалтын албаны дарга асан Т.Мөнхжаргалын зүгээс төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан болохыг зөвшөөрсөн болох нь дор дурдсан баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Хариуцагч нартай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-нд Материал-Импэкс ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Зориг гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба энэ талаар талууд маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар талууд нэг үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг.
- Дээрх гэрээг Материал-Импэкс ХК-ийн эрх бүхий этгээд /Гүйцэтгэх захирал Б.Зориг/ 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулахдаа төлбөр төлөх хуваарь-ийг тогтоогоогүй байна. Энэ нь хариуцагч нар 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 59,000,000 төгрөгийг, гэрээг баталгаажуулсан өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үлдэх 66,600,000 төгрөгийг тус тус төлж төлбөр тооцоог бүрэн барагдуулсантай холбоотой гэж үзэхээр байна.
7. Нэхэмжлэгч компанийн эрх бүхий ажилтан асан Т.Мөнхжаргал /борлуулалтын албаны дарга/ нь борлуулалтын орлогыг компанид шилжүүлсэн эсэх, хуурамч баримт бүрдүүлсэн эсэх нь ажилтан-ажил олгогч нарын хоорондын дотоод харилцаанд хамаарах маргаан тул энэ үндэслэлээр хариуцагч нарыг үүргээ гүйцэтгээгүй хэмээн буруутгах боломжгүй юм.
8. Түүнчлэн, хариуцагч Х.Гантулга, Г.Номуулин нар 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулж, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр орон сууцны өмчлөх эрх болон эзэмшлийг шилжүүлэн авч нүүж орсноос хойш өнөөдрийг хүртэл уг орон сууцанд амьдарч байгаа талаар нэхэмжлэгч тал маргаагүй. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. гэж заасан ба мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэж заажээ. Нэхэмжлэгч тал 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд хандсан, хариуцагч нар хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн маргасан тул нэхэмжлэгчийг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн гэж үзнэ.
9. Дээр дурдсан үндэслэлээр гэрээнээс татгалзаж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох /гэрээнээс татгалзаж өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх/-ыг хүссэн Материал-Импэкс ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шүүхийн зардал болон тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулахаар заасан байна.
10.1 Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийн үнийг тодорхойлоогүй, дутуу тодорхойлж тэмдэгтийн хураамж төлсөн байх тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 244,848 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан тоот хаягт байрлах 64.01 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шаардсан, Х.Гантулга, Г.Номуулин нарт холбогдох Материал-Импэкс ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 244,848 төгрөгийг Материал-Импэкс ХК-иас нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР