Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 110/ШШ2025/0073

 

         Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша би,  Х.С нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/630 дугаартай захирамжийг хүчингүй болгохнэхэмжлэлийн шаардлага  бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Х.С гаргасан хүсэлтдээ:

Миний бие нэхэмжлэгч Х.С тус шүүхэд 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргад холбогдуулан аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/630 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Би уг нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна. Нэхэмжлэлээсээ татгалзсаны үр  дагаврыг ойлгосон болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаасБаян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/630 дугаартай захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.С “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/630 дугаар захирамжийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Х.С нэхэмжлэлтэй, Баян-Өлгий  аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.         

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

                                        ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   З.ГҮЛБАРША