Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01371

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-иудын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/00982 дугаар шийдвэртэй, “А” ХХК, “Х” ХХК-иудын нэхэмжлэлтэй “М” ХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 41,053,760 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал, түүний өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК, “Х” ХХК-иуд нь “М” ХК-тай 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ” байгуулсан бөгөөд даатгалын хураамжийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн.

Даатгуулагч “А” ХХК-ийн 1352 УАН улсын дугаартай Лексус RХ350 маркийн тээврийн хэрэгслийг А.цид 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр жолоодож явах үедээ Тоёота Рюлион маркийн 4163 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. "А” ХХК нь уг ослын улмаас Лексус RХ350 маркийн 1352 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд “М” ХК-тай байгуулсан “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-нд заасны дагуу нөхөн төлбөр гаргуулахаар тус компанид хүсэлт гаргасан боловч нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу өгсөн.

“А” ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд дээрх асуудлаар гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 9/57 тоот албан бичгээр ирүүлсэн хариуд “М” ХК-ийг нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзсэн.

Учир нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнд жолоог шилжүүлсэн нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ тохиолдолд талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.

“А” ХХК, “Х” ХХК болон “М” ХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний 2.11-т даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлоос 80 хувиар, бусад тохиолдолд 100 хувиар тооцож нөхөн төлбөр олгоно” гэж заасны дагуу даатгалын зүйл болох 1352 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын нөхөн төлбөрийг 80 хувиар тооцон, мөн осол гаргах үед мөргөлдсөн 4163 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохиролд 2020 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд хариуцагч “М” ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 41 053 760 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даатгуулагч “А ХХК-ийн 1352 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 14.30 цагийн орчимд Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Маршал тауны хойд талын уулзварын замд А.цид нь жолоодож яваад А.Мөнх-Амьдрал жолоочтой 4163 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарсны улмаас нөхөн төлбөр олгуулах хүсэлтийг ирүүлсэн. Даатгуулагчаас ирүүлсэн нөхөн төлбөр олгох хүсэлт, түүнд холбогдох материалуудыг судлаад жолооч А.цид нь жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 3.7а, 3.76, Зөрчлийн тухай хуулийн 14.7.1, 14.7.2 заалтуудыг зөрчсөн үндэслэлтэй байх тул тэрээр зам тээврийн осол гаргах нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй, манай байгууллагын зүгээс “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний 3.1.1, 3.1.5, Даатгалын тухай хуулийн 8.5, 8.5.1, 8.5.5-д заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу хариуцагч “М” ХК-иас 38,053,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК, “Х” ХХК нарт олгож, нэхэмжлэлээс 3,000,160 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “А” ХХК, “Х” ХХК нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,218 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХК-иас 348,218 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: А.цид нь жолоодох эрхгүй үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 3.7а,  Зөрчлийн тухай хуулийн 14.7.1, 14.7.2-т заасныг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь жолоо барих эрхгүй, жолоодох чадваргүй гэдгээ мэдсээр байж, дээрх Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн хуулийг зөрчиж, осол гаргасан нь өөрөө зам тээврийн осол гаргах нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж үзэх шалтгаант холбоо байсаар байхад анхан шатны шүүх хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүй, шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Анхан шатны шүүхээс Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.11-т “Даатгуулагчийн буруутай үйлдэлд” хамаарч байна гэж үзсэн нь гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

А.цидийн үйлдэл нь даатгалын гэрээний 3.1.1, 2.11-т заасанд хамаарна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд зааснаар даатгуулагч нь “А ХХК”, Д.Мөнхдэлгэр нар байдаг. Харин жолоо барьж явсан А.цид нь даатгуулагч компанийн ажилтан биш, жолоо барих чадваргүй, захирлынх нь хүүхэд гэж нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд мэдүүлсэн байдлыг шүүх анхаараагүй, хэргийг үнэн зөв талаас нь бодитой шийдвэрлээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл А.цид нь даатгалын гэрээнд зааснаар даатгуулагч биш юм.

Даатгалын гэрээнд тавигдсан даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас жолоо шилжүүлэх үеийн эрсдэл гэсэн 2 болзол хоёулаа хангагдаагүй байхад шүүхээс тохиролцсон болзол бүрдсэн, даатгалын тохиолдол болсон гэж үзсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Нэхэмжлэгч “А” ХХК, “Х” ХХК-иуд нь хариуцагч “М” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 41,053,760 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“А” ХХК нь “Х” ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, “А” ХХК нь 148 900 000 төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай “Х” ХХК-аас зээлж, зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-г байгуулж, өөрийн өмчлөлийн Тоёота Лексус RX350 маркийн 1352 УАН улсын дугаартай автомашиныг “Х” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна. /хх-8-13/ Автомашиныг “А” ХХК эзэмшиж байгаа талаар талууд маргаагүй.

 

“А” ХХК нь “М” ХК-тай 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр Тоёота Лексус RX350 маркийн 1352 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд даатгалын тохиолдолд бий болсон даатгуулагчид учирсан хохирол буюу нөхөн төлбөрийг даатгагч төлөх, даатгуулагч даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 29-нийг хүртэл гэж талууд тохиролцсныг үндэслэж анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

“А” ХХК нь “М” ХК-тай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан, “Х” ХХК нь Тоёота Лексус RX350 маркийн 1352 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь боловч шууд бус эзэмшигч, “А” ХХК нь даатгалын гэрээний хураамжийг төлсөн талаар талууд маргаагүй.

 

Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний үндсэн эрсдэлийн хамгаалалтад зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол, байгалийн эрсдэл, тээврийн хэрэгсэлд цахилгааны богино холболтын улмаас үүссэн эрсдэл, зориулалтын зогсоол, гараашид байх үеийн сантехникийн гэмтлийн улмаас усанд автах, уг чийгийн нөлөөлөл, жолоо шилжүүлсэн үеийн эрсдэлүүдийг тооцохоор тохиролцсон байна.

 

Даатгуулагч “А” ХХК-ийн эзэмшлийн Тоёота Лексус RX350 маркийн 1352 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр А.цид нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр жолоодож явах үедээ Тоёота Румион маркийн 4163 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол

 

гаргасан, тээврийн хэрэгсэлд 47 567 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан талаар талууд маргаагүй.

 

Жолоо шилжүүлсэн үеийн эрсдэлд тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй этгээдэд тээврийн хэрэгсэл шилжүүлсэн үед бий болсон эрсдэл хамаарна. Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн нь илтэд эрсдэл бий болгосон буюу талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.1-т заасан даатгуулагч даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж үзнэ. Энэ талаар гаргасан хариуцагч талын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Иймд даатгалын гэрээний 3.1-д заасан нөхөн төлбөр олгохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “М” ХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 41,053,760 төгрөг гаргуулах тухай “Х” ХХК, “А” ХХК-иудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/00982 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “М” ХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 41,053,760 төгрөг гаргуулах тухай “Х” ХХК, “А” ХХК-иудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348,218 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА