Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/372

 

2024             03           27                                                 2024/ДШМ/372

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Болортуяа даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Э.Булганчимэг,

шүүгдэгч Б.Б, Г.З,

хохирогч Б.А, түүний өмгөөлөгч Л.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ****** дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан хохирогчийн өмгөөлөгч Л.Батжаргалын гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.А тэй үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар хутгалж, эрүүл мэндэд нь зүүн бугалгад шарт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тус хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б аас 162.185 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-эд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.А нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Хохирогчийн өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

            Анхан шатны шүүхээс “шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.А тэй үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар хутгалж, эрүүл мэндэд нь зүүн бугалгад шарт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна. ...шүүгдэгч Б.Б ын хохирогч Б.А ийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлаар нотолно”,

            1.1.гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/;

            1.2.гэмт хэргийг хэн үйлдсэн;

            1.3.гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр;

            1.4.Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал;

            1.5.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ;

            1.6.гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг гэмт хэрэг гарсан талаар нотолбол зохих байдлуудыг хуульчилжээ.

            Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хуульд заасан нотолбол зохих байдлуудыг нэг мөр тогтоож чадаагүй.

            Учир нь, хэрэг болсон цаг хугацаанд хохирогч Б.А нь найз П, А болон таксины жолоочийн хамт байсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэг болох цаг хугацаанд байсан гэрч нараас тухайн хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг тодруулахаар мэдүүлэг аваагүй. Зөвхөн хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр тухайн хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлсэн нь үндэслэлгүй байхаас гадна гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, сэдэлт санаа зорилго зэргийг тогтоож чадаагүй гэж үзэхээр байна.

            Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн зүгээс дээрх гэрч нарыг асуулгах талаар прокурор, мөрдөгчид удаа дараа байр сууриа илэрхийлсэн боловч тэдний зүгээс “яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэрчээр асуух шаардлагагүй” гэдэг байдлаар асууж тодруулаагүй нь мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн эрхийг хасаж хязгаарласан зүйл болжээ.

            Иймд дээрх нэр бүхий гэрч нараас зайлшгүй мэдүүлэг авах шаардлагатай гэж үзэж байна.

            Нөгөөтээгүүр хавтас хэрэгт авагдсан хохирогч Б.А, шүүгдэгч Б.Б нарын мэдүүлгээс үзэхэд залуус үл ялих зүйлээс болж маргасан ба тухайн маргаан болж дууссаны дараа шүүгдэгч гэртээ орж хутга авч буцаж гараад хохирогчийн биед халдаж 3-4 удаа хутгаар хатгасан шууд санаатай идэвхтэй үйлдэл хийсэн байх бөгөөд тухайн үйлдлийн улмаас хохирогчийн зүүн гарын бугалга хэсэгт хоёр удаа хутга нэвтэрсэн шарх үүсжээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ...” гэж хуульчилжээ.

            Дээрх байдлаас үзэхэд шүүгдэгч нь маргаан дууссаны дараа гэртээ орж хутга авч гаран хохирогчийн биед шууд санаатай хэлбэрээр хутга хэрэглэн халдаж гэмтэл учруулсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан идэвхтэй үйлдэл гэж үзэхээр байна.

            Учир нь, тухайн цаг хугацаанд шүүгдэгчийг хутга барин довтлох үед хохирогч Б.А нь өөрийгөө хамгаалан түүний хууль бус үйлдлийг эсэргүүцэж тэмцсэн бөгөөд хохирогчийн найз болох П, А нар шүүгдэгчийн хууль бус халдлагаас хохирогчийг салгасан нөхцөл байдлаас үүдэн гэмт этгээд хууль бус үйлдлээ төгсгөж чадаагүй байдаг. Нөхцөл байдлыг нэг мөр шалгаж тогтоох мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй шалгаж тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасантай нийцэх учиртай.

            Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэв.

            Хохирогч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Би мөрдөн байцаагчаас шүүгдэгч Б.Б гэрээсээ хутгатай гарч ирсэн үү, үгүй юу гэдгийг манай найзуудаас гэрчээр асуугаад өгнө үү гэхэд шүүгдэгч Б.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул асуух шаардлагагүй гэдэг. Дараа нь шүүгдэгч Б.Б зурвас бичихдээ “та нарыг хутгална шүү гэж дарамтлаад байна” гэх талаар хэлэхэд “цагдаа дуудаад өгөхгүй яасан юм” гэж мөрдөгч хэлдэг. Хэрэг болдог өдөр намайг шүүгдэгч Б.Б хоёр удаа хутгалаад куртик урсан мөнгийг гаргуулъя гэхэд намайг “та дараа нь шийд” гэж хэлдэг. Сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулъя гэхэд “Сэтгэцийн эрүүл мэндийн төв рүү яваад үзүүлэх боломжтой” гэж хэлдэг. Эдгээр нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул би өмгөөлөгчтэй оролцож байна. Шүүгдэгч Б.Б намайг хутгалаад танай найзууд хаана байна гэж асуухад нь “би мэдэхгүй, чи намайг андуураад байгаа юм биш үү” гэхэд “би та нарыг ална шүү” гээд хутгалах гээд байхаар би биш ‘чи намайг андуураад байна” гэхэд шүүгдэгч Б.Б тайвшрахад нь би холдоод явсан. Тэр үед Б.Б ын эхнэр, манай найз гарч ирсэн. Эдгээр хүмүүс гарч ирээгүй бол шүүгдэгч Б.Б намайг алах магадлалтай байсан...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Золжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлтэд ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хүрээнд буюу тухайн хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судалж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон. Оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байна гэх үндэслэл бүхий дүгнэлтийг гаргасан. Хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурдаад байгаа амаар хүсэлт гаргахад түүнийг нь хүлээн аваагүй оролцогчийн эрхийг зөрчсөн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Мөрдөн байцаалтын шат, анхан шатны шүүх дээр гомдлоо гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй. Шүүгдэгч Б.Б ын үйлдлийг гуравдагч этгээд буюу н.А, н.П нар нь таслан зогсоогоогүй байсан бол хохирогч Б.А ийг алах байсан гэх субьектив байдлаар ярьж байна. Энэ талаар хавтаст хэргийн 6 дугаар талд хохирогч мэдүүлэг өгөхдөө тодорхой дурдсан. Хавтаст хэргийн 13 дугаар талд шүүгдэгч Б.Б сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “айлгах зорилготой, ахуйн хэрэглээний хутгыг аваад гарсан. Гараад зогсож байтал “намайг боож, ална шүү” гэж хэлэхэд нь би хоёр удаа бугалга хэсэгт нь “хутгалсан” гэж хэлдэг. Яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ мөн адил мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б ын хүсэл зоригоос үл шалтгаалсан зүйл байхгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийнхөө гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Үүн дээр маргах зүйл байхгүй. Хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлсөн. Хохирогчид цаашид гарах зардал нотлогдвол төлөхөд бэлэн байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Над руу үгийн зөрүүгүй куртикээ тайлаад дайрахад нь би зугтсан. Тэгэхэд миний хойноос хөөж гүйсэн болохоор нь би хутга авч гарч ирж буруу үйлдэл гаргасан. Хохирогч Б.А машиныхаа хажууд ганцаараа байсан, намайг очиход шууд заамдаж авсан. Тухайн газар өөр хүн байгаагүй...” гэв.

 Прокурор Э.Булганчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “...Хэрэгт авагдсан баримтуудаас харахад хохирогчийн эрхийг зөрчсөн асуудал байхгүй. Хохирогчийн зүгээс мөрдөгч, прокурорт хүсэлтээ бичгээр гаргаж өгөөд, тухайн хүсэлтэд хариу өгөөгүй байсан бол эрхийг нь зөрчсөн гэж үзэж болно. Гэтэл хохирогч удаа дараа гэрч нарыг асууж өгнө үү гэж хэлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. Нэр бүхий гэрч нарыг асуулгая гэж хэлсэн гэдэг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч  нарыг асуулгах талаар мөрдөгч, прокурорт хэлж байсан баримт байхгүй тул хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын нэг дэх үндэслэл үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.Б ыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан байхад гэмт хэргийн зүйлчлэлийг буруу зүйлчилсэн гэж дүгнэж байна. Тухайн үед хохирогч Б.А, шүүгдэгч Б.Б нар маргалдаад шүүгдэгч Б.Б гэр лүүгээ ороод буцаж гарч ирэхдээ хутга аваад гарч ирээд хутгалсан гэх асуудал байгаа. Тухайн учруулсан гэмтэл болоод санаа зорилгын хувьд гэмт хэргийн субьектив шинжийг хангахгүй байгаа. Иймд прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж хэргийн шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Б.А ийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.  

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.А тэй үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар хутгалж, эрүүл мэндэд нь зүүн бугалгад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Б.А ийн 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан өргөдөл, 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр цагдаагийн ахлах дэслэгч У.Б ы илтгэх хуудас /хх-ийн 3 тал/, 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 тал/, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ***** дугаартай шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16 тал/, хохирогч Б.А ээс гарган өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 22-27 тал/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн хуудас, холбогдох баримтууд /хх-ийн 30-34, 57-60 тал/, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 35-37 тал/,

 

хохирогч Б.А ийн “...миний бие 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 21 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “М” нэртэй пабад байрны найз А, П нарын хамт гурван пиво, нигрони уусан. ...зогсож байтал хэн нь мэдэгдэхгүй нэг хүнтэй би маргалдаж байсан. Сайн санахгүй байна. ...хар өнгийн иштэй хутгаар 3-4 удаа зүүн гарын булчин хэсэгт хатгасан. Би тухайн хүний биед халдаж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,

Б.Б ын “...хар өнгийн жижиг, иштэй хутга байсныг би аваад буцаад байрнаасаа гарсан. Тэр залуу миний урдаас дайраад ирэхээр нь зүүн гарын бугалга хэсэгт хутгаараа дүрсэн. ...би байр тойроод хутгаа хаячхаад байж байтал цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Б ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Батжаргал нь “...гэрч А, П нараас гэрчийн мэдүүлэг аваагүй, шүүгдэгч нь хохирогчийн биед шууд хутга барин халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан идэвхтэй үйлдэл байх тул дээрх нөхцөл байдлыг нэг мөр шалгаж тогтоох шаардлагатай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Хохирогчийн өмгөөлөгч гэрч нарыг асуугаагүй, хэргийн зүйлчлэл буруу гэж маргаж байгаа хэдий ч хэрэг болох цаг хугацаанд шүүгдэгч болон хохирогч нарын хажууд А, П нар нь хамт байгаагүй болох нь Б.А ийн 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хохирогчоор өгсөн “..А, П нар яг хажууд байгаагүй, машинд байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Б ын давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр мэдүүлсэн “...хохирогч Б.А машиныхаа хажууд ганцаараа байсан...” гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байх ба гэрч А, П нараас мэдүүлэг авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хэрэгт авагдсан баримтаар хохирогч Б.А ийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ***** дугаартай шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлттэй шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь маргаагүй тул хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба Б.Б-д оногдуулсан торгох ял нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

 

Мөн давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.А-эд хохирол төлбөрт 300.000 төгрөгийг төлсөн баримтыг гарган өгсөн бөгөөд шүүгдэгч Б.Б ыг хохирогч Б.А-эд төлбөл зохих хохирол төлбөрийг төлсөн болохыг дурдав.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.БОЛОРТУЯА 

 

                 ШҮҮГЧ                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ 

 

                               ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ