Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 287

 

                                           

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Д.Цолмон,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой жолооч мэргэжилтэй, “Автобус нэгдэл” ХХК-нид жолооч ажилтай, ам бүл 7, эцэг, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан  дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 9- 37 тоотод оршин суудаг, урьд 2001 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1-д зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,  дугаарын регистртэй, А овгийн С Б холбогдох  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 23-24 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Автобус Нэгдэл” ХХК-ний хашаан дотор хохирогч М.П маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  С.Б мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй,  гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Хохирогчид 3.500.000 төгргийг эмчилгээнд өгсөн. Би гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Эрүүгийн 1808006810217 дугаартай хэргээс:

Хохирогч М.П мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр...ажил дээрээ явж очоод инженер болох Баттөгсийн өрөөрүү явж ортол өрөөнд нь хамт ажилладаг жолооч болох Б, инженер Б-с, жолооч Г нар сууж байсан юм. Тэгээд би өрөөнд нь ороод зогсож байтал Батмөнх над руу чи надтай мэндэлсэнгүй гэж хэлээд шууд босож ирээд намайг өрөөнөөс гаргаад Батмөнх бид 2 гадаа гарсан юм. Харин өрөөн дотор Б, Г 2 үлдсэн бөгөөд Б  гадаа гараад шууд намайг цохиод газар унагаасан бөгөөд би газар унаад ухаан балартаад, тэгтэл Б нь намайг газар хэвтэж байхад цээж болон гэдэс нуруу руу нилээн олон удаа өшиглөсөн юм. Тэгээд Б хойноос та 2 чинь яагаад байгаа юм бэ гэж хэлээд ирээд Б боль гэж хэлээд өрөө рүүгээ авч орсон юм. Тэгээд би шууд хашаанаас гарч яваад цагдаа дуудаж бас дүү болох Б руу залгаж дуудсан юм. Тэгээд цагдааг би тосож аваад Б гэрт нь очиж Б аваад цагдаагийн газар ирсэн юм. Тэгээд бас манай дүү болох Б нь шууд цагдаа дээр явж ирээд намайг аваад бид 2 хамтдаа гэмтлийн эмнэлэг явж үзүүлтэл эмч нар шууд хэвт гээд би эмнэлэгт хэвтсэн юм. Тэгээд маргааш нь хэвлийн хагалгаанд ортол чацархай бяцарсан байсан юм...Тухайн үед Б намайг гадаа гаргаад зодож байхад бид 2 байсан юм. Б намайг богинохон хугацаанд зодсон юм. Харин Гэрэл, Баттөгс нар өрөөндөө байсан юм. Батмөнх нь намайг мэндэлсэнгүй гээд шууд гаргаад зодсон. Б намайг шууд газар унагаагаад гэдэс, цээж, нуруу руу өшиглөсөн юм. Б нь тухайн үед архи уучихсан үнэртэж байсан...Б надад 500.000 мянган төгрөгний эмчилгээний зардал өгсөн юм. Надад одоо Батмөнхөд гомдол санал байхгүй, Батмөнх бид 2 хоорондоо яриад зохицчихсон юм. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...гэжээ. /хх-6-7/,

Гэрч Ц.Ү мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:                          

... 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр...орой 23 цагийн орчим гэртээ нөхрийн дүү болох Б-ын хамт байж байтал Б утас руу манай нөхөр П нь залгаж ярьсан юм. Тэгээд Б нь Пүрэвдоржтой утсаар ярьчихаад надад хандаж “П хүнд зодуулчихаж, Зүүн салаанд хүрээд ир гэж хэлж байна” гэхээр нь би гэртээ үлдээд Б гэрээс эхнэрийнхээ хамт гарч явсан юм. Тэгээд байж байгаад хэсэг хугацааны дараа Балжинням над руу “бид нар гэмтлийн эмнэлэг рүү явчихлаа, эмнэлэгт үзүүлтэл хэвт гэж байна” гэж хэлсэн бөгөөд П нь автобус базын гадаа ажлынхаа Б гэгч залууд зодуулсан байна гэж хэлсэн юм...П ухаан ороод бие нь гайгүй тэнхэрээд ирэхээр нь юу болсон талаар асуутал П “ажил дээрээ явж ороод Батмөнхөд зодуулчихлаа” гэж хэлсэн юм...гэжээ. /хх-9/,  

Гэрч Д.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би 2018 оны 01 сарын 28-ны орой 23 цагийн орчим...өрөөндөө орж ирээд Б, Г нарын хамт байж байтал Б, Г нар явлаа гээд өрөөнөөс гарах гэтэл өөдөөс нь манай нэг жолооч П нь орж ирсэн юм. Тухайн үед П архи уучихсан байдалтай архи үнэртэж байсан ба П өрөөнд орж ирээд Батмөнх рүү хандаж “чи над руу муухай хараад байна уу” гэж хэлтэл Батмөнх нь “хариуд мэнд ус байхгүй, чи чинь яасан сонин хүн бэ” гэж хэлтэл П алив наашаа гараад ир гээд  манай өрөөнөөс тэр 2 хамт гарсан юм. Тэгээд би өрөөнд Г хамт үлдээд их удалгүй хойноос нь хаалгаа онгойлгож хартал П хашаан дотор газар суучихсан, харин Б урд нь зогсчихсон хоорондоо маргалдаж байсан...Тэгээд би очоод боль гээд П газраас босгосон юм. Тухайн үед газар суучихсан байсан, ямар нэгэн ил харагдах шарх сорив бол харагдаагүй...гэжээ. /хх-19-20/,

Шүүгдэгч С.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би 2018 оны 01 сарын 28-ны өдөр...механик инженер болох Б н өрөөнд ороод жолооч Г, инженер Б нарын хамт юм яриад сууж байтал гаднаас манай ажлын жолооч болох П нь орж ирсэн бөгөөд архи үнэртэж байх шиг байсан. Тэгээд П над руу хараад “муухай хараад байна уу” гэхээр нь би өөдөөс нь чи чинь яасан сонин гар вэ, хүнтэй мэнд ус байхгүй гэж хэлээд бид 2 хоорондоо маргалдаад шууд Б өрөөнөөс П бид 2 хамтдаа гарсан юм...хашаан дотор бид 2 маргалдаад би П шууд гараа атгаж байгаад 2 удаа элэг рүү нь цохьтол П нь доошоо шууд тонгойсон бөгөөд би дахиад гэдэс рүү нь өшиглөчихсөн чинь газар тэнийгээд суучихсан юм. Тэгээд П газар бөгсөөрөө суучихсан, би босоод зогсчихсон бид 2 маргалдаад байж байтал хойноос манай механик инженер болох Баттөгс нь ирээд бид 2-ыг боль гэж хэлээд, П босоод утсаар яриад яваад өгсөн ба би Баттөгсийн өрөөрүү явж орсон юм...Би П өрөөнөөс гаргаад гадаа хашаан дотор маргалдаж байхдаа элэг рүү 2 удаа гараараа цохиод бас хөлөөрөө өшиглөсөн юм. Би М.П зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Би П эмчилгээний зардал болох 3.500.000 мянган төгрөгийг төлөөд барагдуулчихсан юм...гэжээ. /хх-71-72/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн №2090 тоот актын дүгнэлтэнд:

1.  М.П биед хэвлийн битүү гэмтэл, чацархайн няцрал гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-34/,

 Шинжээч эмч М.Э мөрдөн байцаалтанд  өгсөн мэдүүлэгтээ:

...Гэмтлийн зэрэг тогтоох журмын зүйл заалтад цээж хэвлийн эрхтнүүд гэмтэж цээж хэвлийн хөндийд цус хурсан бол гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж заасан байдаг бөгөөд мэс заслаар тухайн шинж тэмдгүүд илрээгүй учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна гэж дүгнэлт гаргасан. Мэс заслын хувьд бол хэвлийн эрхтнүүдийг шалгах журмаар мэс засал хийсэн байсан. Мэс заслаар хэвлийн эрхтнүүд гэмтээгүй, чацархайд цус хурсан байсан гэж мэс заслын тэмдэглэлд тэмдэглэсэн байсан. Мэс заслыг олон заалтаар хийж болдог. Энэ тохиолдолд зөвхөн эрхтнийг шалгах байдлаар хийсэн бөгөөд дотор эрхтнүүд гэмтээгүй учир өөр ажиллагаа хийлгүйгээр мэс заслыг дуусгаж хэвлийн хөндийг хаасан байсан. Энэ нь явцаараа 4 хоногт эдгэх учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа юм...гэжээ. /хх- 73-74/,

Шүүгдэгч С.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02/, хохирогчийн  гомдол саналгүй гэх хүсэлт /хх-95/, бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №2090 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Б-х гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч С.Б 2018 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 23-24 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Автобус Нэгдэл” ХХК-ний хашаан дотор хохирогч М.П маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

- хохирогч  М.П”...Б  над руу чи надтай мэндэлсэнгүй гэж хэлээд шууд босож ирээд намайг өрөөнөөс гаргаад Б бид 2 гадаа гарсан юм...Б намайг шууд газар унагаагаад гэдэс, цээж, нуруу руу өшиглөсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-6-7/,

-гэрч Ц.Ү ”...П ухаан ороод бие нь гайгүй тэнхэрээд ирэхээр нь юу болсон талаар асуутал Пүрэвдорж ажил дээрээ явж ороод Батмөнхөд зодуулчихлаа гэж хэлсэн юм... ”гэсэн мэдүүлэг /хх-9/, 

-гэрч Д.Б ”...манай өрөөнөөс тэр 2 хамт гарсан юм. Тэгээд би өрөөнд Гэрэлийн хамт үлдээд их удалгүй хойноос нь хаалгаа онгойлгож хартал П хашаан дотор газар суучихсан, харин Батмөнх урд нь зогсчихсон хоорондоо маргалдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-19-20/,

 Шинжээч эмч М.Э ”...Мэс заслын хувьд бол хэвлийн эрхтнүүдийг шалгах журмаар мэс засал хийсэн байсан. Мэс заслаар хэвлийн эрхтнүүд гэмтээгүй, чацархайд цус хурсан байсан гэж мэс заслын тэмдэглэлд тэмдэглэсэн байсан...дотор эрхтнүүд гэмтээгүй учир өөр жиллагаа хийлгүйгээр мэс заслыг дуусгаж хэвлийн хөндийг хаасан байсан...” гэсэн  мэдүүлэг /хх- 73-74/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2090 тоот актын дүгнэлт /хх-34/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Б гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч М.П нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлаа бүрэн төлүүлж авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч С.Б энэ тогтоолоор бусдад гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Б  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Б дээрхи зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:

Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч С.Б-н тухайд эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авагдаагүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. А  овогт С Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. С.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Б нь торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхийн шийдвэрээр торгох ялыг тогтоосон хугацаанд  биелүүлэгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,С.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.П нэхэмжлэх зүйлгүй гэснийг, С.Б иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОЮУНЧИМЭГ