Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2025/0577

 

 

  2025          08            26                                       128/ШШ2025/0577

                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа би даргалж, шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ж.Г******* /РД:МЮ*******/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.А*******,

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г*******, Г.М******* нарын хооронд “Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5б/9664 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, цагдаагийн албанд буцаан томилуулах шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, Г.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5б/9664 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, цагдаагийн албанд буцаан томилуулах шийдвэр гаргахыг даалгуулах тухай

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаар “Албанаас халах, цагдаагийн цол хураах тухай” тушаалаар Зөрчлийн хэрэг бүртгэх газрын Зөрчлийн хэрэг бүртгэлт, мэргэжил арга зүйн хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Г******* нь хориглосон үйл ажиллагааг таслан зогсоолгүй нуун дарагдуулж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэлгүй бусдаас шан харамж авч, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 81 дүгээр зүйлийн 81.3, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.3, 2.3.8 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасны дагуу албанаас халах, “цагдаагийн хошууч” цолыг хураах сахилгын шийтгэл ногдуулжээ.

2.2. Дээрх тушаалыг Ж.Г******* эс зөвшөөрч Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан Зөрчлийн хэрэг бүртгэх газрын зөрчлийн хэрэг бүртгэх мэргэжил арга зүйн ахлах байцаагч албан тушаалд эгүүлэн томилуулж, 2022 оны 8 дугаар сараас хойш өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал бол нийгмийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 69 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 201 дүгээр магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

2.3. Улмаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 560 дугаартай шийтгэх тогтоолоор Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Г*******ид холбогдох эрүүгийн 2201000070022 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ.

2.4. Ингээд Ж.Г******* нь цагдаагийн албанд эргэн томилогдож, хошууч цолоо сэргээлгэхээр Цагдаагийн ерөнхий газрын даргад 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөдөл гаргасан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 56/9664 дүгээр албан бичгээр “...цагдаагийн албанд буцаан томилох үндэслэлгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариу өгчээ.

2.5. Дээрх хариуг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг тус газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Гомдлын хариуг хүргүүлэх тухай” 04/2212 дугаар албан бичгээр "...шүүхэд хандаж эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах нь зүйтэй" гэх хариуг өгсөн байх тул нэхэмжлэгчийн зүгээс “...Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5б/9664 дугаартай цагдаагийн албанд буцаан томилж, цагдаагийн хошууч цолыг сэргээхээс татгалзсан шийдвэр, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, цагдаагийн албанд буцаан томилуулж, цагдаагийн хошууч цолыг сэргээсэн шийдвэр гаргахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан байх бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1190 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Гурав.Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...миний бие Д******* сургуулийг 2008-2012 онд Цагдаагийн ажил-эрх зүйч мэргэжлээр суралцаж, бакалавр зэрэгтэй төгссөн. Төгссөн цагаас эхлэн тасралтгүй 10 жил Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаар тушаалаар Зөрчлийн хэрэг бүртгэх газрын Зөрчлийн хэрэг бүртгэлт, мэргэжил арга зүйн хэлтсийн ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, албанаас халагдсан бөгөөд "цагдаагийн хошууч" цолыг хураасан. Тодруулбал намайг Зөрчлийн хэрэг бүртгэх газрын Зөрчлийн хэрэг бүртгэлт, мэргэжил арга зүйн хэлтсийн ахлах байцаагчаар, “цагдаагийн хошууч" цолтой ажиллаж байхдаа "хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэлгүй бусдаас шан харамж авсан” гэх үндэслэлээр албанаас халсан.

3.2. Намайг дээрх үндэслэлээр халсан тухайн цаг үеэс эхлэн Авлигатай тэмцэх газраас шалгаж, Нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2 жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай эсэхийг тогтоолгохоор Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 560 дугаар тогтоол гаргаж, намайг гэм буруугүй болохыг тогтоож, цагаатгаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

3.3. Миний бие цагдаагийн байгууллагад ажиллахдаа өргөсөн тангарагтаа үнэнч байж, ямар нэгэн ёс зүйн болон сахилгын зөрчил огт гаргаж байгаагүй, миний гэм буруутай эсэхийг бүрэн шалган тогтоогдоогүй байхад Цагдаагийн Ерөнхий газрын дарга шууд тушаал гарган албанаас халж, сэтгэл санааны болон ажил хөдөлмөр эрхлэх эрхийг минь зөрчиж, гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад буруутай мэтээр шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл миний гэм буруутай, гэмт хэрэг үйлдсэн эсэхийг эрх бүхий байгууллага шалгаж байхад миний эрхэлж байсан албан ажлыг түдгэлзүүлэлгүй шууд албанаас халсанд гомдолтой байна.

3.4. Дээрх хугацаанд надад холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх хугацаанд миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох"-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Гэвч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 69 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 201 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тогтоолоор "...Захиргааны актын илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн үндэслэлт байдлыг шалгахын тулд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан алдааг агуулж байгаа эсэхийг л шалган, хүчингүй болгох нэхэмжлэлийн үндэслэлт байдлыг шалгадаг шиг захиргааны акт нь формаль болон материаллаг эрх зүйн шаардлагыг зөрчсөн эсэхийг бүхэлд нь шалгах шаардлагагүй...” гэж дүгнэж Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт биш гэж үзэж захиргааны хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл, маргааны үйл баримтад шүүхээс дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй.

3.5. Нэхэмжлэгч миний бие өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах үүднээс тасралтгүй маргасаар өнөөдрийг хүрсэн. Эрүүгийн хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр намайг гэм буруугүй болохыг тогтоож, цагаатгаж шийдвэрлэсний дагуу миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Төрийн албаны зөвлөлд тус тус өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэж, Цагдаагийн албанд эргэн томилогдохоор 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүсэлт, өргөдөл, гомдол гаргасан. Гэвч Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 7/1264 тоот албан бичгээр өргөдлийг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн талаар, Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 56/9664 тоот албан бичгээр цагдаагийн албанд буцаан томилох үндэслэлгүй талаар тус тус хариу ирүүлсэн. Харин Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 04/2212 тоот албан бичгээр "...шүүхэд хандаж эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах нь зүйтэй" гэх хариуг ирүүлсэн.

3.6. Иймд цагдаагийн албанд буцаан томилж, цагдаагийн хошууч цолыг сэргээхээс татгалзсан Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 56/9664 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Цагдаагийн албанд буцаан томилж, цагдаагийн хошууч цолыг сэргээсэн шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.

3.7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5б/9664 дугаартай албан бичгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар хууль бус акт болохыг тогтоолгож, цагдаагийн албанд буцаан томилуулах шаардлага гаргасан. Цагдаагийн хошууч цолыг сэргээлгэх нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа. Хариуцагчаас гаргаж өгсөн албан бичгээр нэхэмжлэгчийн цагдаагийн хошууч цолыг буцаан олгосон байна. Тухайн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, цагдаагийн албанд томилуулах шаардлага хэвээр байгаа. Ёс зүйн зөрчил гаргасан, эрүүгийн хэрэг үйлдсэн гэх асуудлуудаар цагдаагийн байгууллагаас Ж.Г*******ийг шалгуулахаар шилжүүлсэн байгаа. Үүний дагуу шалгаад шүүхийн шийтгэх тогтоолоор цагаатгаж шийдвэрлэсэн. Цагаатгах тогтоолтой гарсантай холбогдуулан буцаад ажилд томилуулах шаардлагыг гаргасан. Цагдаагийн ерөнхий газрын даргын цагдаагийн албанаас халсан тушаал шийдэгдсэн байсан. Шийдэгдэх үед эрүүгийн журмаар хэрэг шийдэгдээгүй байсан. Захиргааны өмнөх хэргээр илт хууль бус актын асуудлыг шийдсэн. Хэргийн нөхцөл байдал руу ороогүй ... нэхэмжлэгч цагдаагийн албаны ёс зүйн зөрчил гаргаагүй, эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй. Ийм учраас цагдаагийн албанд аваач гэдэг байдлаар хандсан. Маргаан бүхий актаар таны хүсэлтийг хүлээж авахгүй. Цагаатгасан нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэсэн. Бид уг тушаалыг хүчингүй болгоё гэдэг асуудлыг тавиагүй. Нэгэнт 3 шатны шүүхээр шийдэгдсэн асуудлыг хүчингүй болгох асуудал байх боломжгүй. Тийм учраас цагдаагийн байгууллагад тохиролцох байдлаар хүсэлт гаргасан. Хариуцагч байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр ажлаас халаагүй, ёс зүйн дүрэмд зааснаар ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр халсан гэсэн. Уг нь 1 үйл баримт байгаа юм. Тухайн 12, 13 хүнийг ажлаас халахдаа бүгдийг нь цагдаагийн байгууллагаас шалгасан. 12, 13 хүнээс 2 хүнийг цагаатгасан. Бусад нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байгаа. Ёс зүйн дүрэмд зааснаар шан харамж авсан буюу тодорхой үүрэг гүйцэтгээд шан харамж авсан гэдгээр тушаал гарсан байх. Тэрийг шалгаад явсан. Тогтоохгүй болохоор зээл гэдэг байдлаар тайлбарлаж байна. Зээлийг хэнээс, хаанаас ч авах эрх нь байгаа.

3.8. Ж.Г*******ийн хувьд ямар нэгэн үүрэг гүйцэтгээгүй, гүйцэтгэсэнтэй холбоотойгоор шан харамж авсан зүйл байхгүй. Үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотойгоор шан харамж, зээл авсан бол эрүүгийн гэмт хэрэг болно. Эрүүгийн хэргийн цагаатгасан тогтоолд юу гэж дурдсан гэхээр Ж.Г*******ийн үйлдэл нь албаны чиг үүрэгт хамааралтай, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан, албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа холбогдуулаад зөрчлийг гаргасан үйлдэл тогтоогдохгүй байна гэсэн үндэслэл байгаа. Зөрчил гаргаагүй, гэмт үйлдэл гаргаагүй. Цагдаагийн байгууллагаас цагдаагийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн 2 тохиолдолд халж байгаа. Тухайн үед гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй учраас халах үндэслэл байгаагүй. Тийм учраас шан харамж авсан байна гэж үзээд ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэдгээр халж байгаа. Цагдаагийн албаны ёс зүйн дүрэм нэхэмжлэл гаргаснаас хойш шинэчилж батлагдсан. 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Цагдаагийн ерөнхий газраас Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, сахилгын асуудлыг шийддэг дүрэм батлагдсан байна. Энэ дүрмүүдэд зээл авсан зэрэг тодорхой асуудлуудыг тусгаагүй. Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан бол сахилгын зөрчил оногдуулна гэсэн. Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан заалтад огт ийм заалт байхгүй. Тийм учраас буцаагаад албанд томилох үндэслэл байгаа гэж үзэж байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан цагдаагийн албанд тавигдах шаардлага байгаа. Анх авч байгаа тохиолдолд 66 дугаар зүйлд заасан шаардлагаар бол гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон гэдэг асуудал байгаа. Гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй. Хариуцагч талаас өмнөх шүүхийн шийдвэр болон Цагдаагийн ерөнхий газрын даргын ажлаас халсан тушаал хүчинтэй хэвээр байгаа гэдэг. Энэ асуудлаар өмнөх шийдээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ... Одоогийн үүсэх нөхцөл байдал цагаатгах тогтоол гарсантай холбоотойгоор буцаагаад ажилд нь аваач гэдэг үйл баримт байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой. Зөрчил гаргасан, хэрэг хийсэн гэхээс илүүтэйгээр хоорондоо тохиролцох боломжтой. Ноцтой зөрчил гаргаагүй байхад цагдаагийн албанаас халсан. Ийм зөрчил гаргасан тохиолдолд 1 жилийн хугацаанд цагдаагийн албанд эргэж томилогдохгүйгээр халах зэрэг бусад байдлаар ёс зүйн зөрчлийг оногдуулах боломжтой. Шууд ноцтой зөрчлөөр халсан. Цагдаагийн сургууль төгссөн, ажил, амьдралаа залгуулж байгаа хүний хувьд харамсалтай зүйл болсон. Өмнөх шүүхээр шийдвэрлэгдэж байгаа асуудал буруу байсан учраас ийм нэхэмжлэлийн шаардлага гаргахаас өөр аргагүй болсон. Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа асуудлаа хүлээх байдлаар цаг хугацаа алдсан. Тухайн үед зөрчлийн хэлбэрийг хөнгөрүүлээд шийдвэрлэх боломжтой байсан. Маргах шаардлага байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

4.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар заасан ... Нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа хориглосон үйл ажиллагаа явуулж, нийгмийн дэг журам алдагдуулсан этгээдтэй хувийн харилцаа тогтоож "зээл" нэрээр шан харамж авч, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаар тушаалаар албанаас халж, цагдаагийн цолыг хураасан. Албанаас халсантай холбогдуулан нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу 30 хоногийн дотор гомдол, нэхэмжлэлээ Төрийн албаны зөвлөл болон шүүхэд гаргаагүй бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр "Б/1067 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай" нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 69 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 201 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 171 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4.2. Нэхэмжлэгчийн шалгагдсан эрүүгийн хэрэгт түүнийг цагаатгаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан тэрээр албандаа буцаж томилогдох талаарх өргөдлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Цагдаагийн ерөнхий газарт гаргасныг тус газрын Хүний нөөцийн хэлтсээс судалж, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 5б/9664 дугаартай албан бичгээр шалгагдсан эрүүгийн хэрэгт цагаатгагдсан нь цагдаагийн албанд буцаан томилох үндэслэл болохгүй тухай хариу хүргүүлсэн. Учир нь нэхэмжлэгчийг албанаас халсан маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь түүнийг эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн буюу гэмт хэрэг үйлдсэн гэж халсан бус, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж албанаас халсан.

4.3. Эрүүгийн хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн үйлдэл Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн эсэх талаар дүгнэлт өгөх бөгөөд цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудалд дүгнэлт хийхгүй тул түүнийг цагдаагийн албанд томилох үндэслэлгүй талаар хариуг хүргүүлсэн. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй Хүний нөөцийн хэлтсийн 5б/9664 дугаартай албан бичиг нь түүний эрхийг зөрчсөн захиргааны хууль бус үйл ажиллагаа, шийдвэр гэж үзэх боломжгүй” гэжээ.

4.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2024 оны Хүний нөөцийн хэлтсийн даргын албан бичгийг захиргааны акт биш гэж маргаж байсан. Давж заалдах шатны шүүхээс захиргааны акт байна гэж тодорхойлсон. Нэхэмжлэгчийн тайлбараас хэргийн нөхцөл байдал, цагаатгах тогтоолд үндэслэж ажилд авахгүй байгаа гэж байна. Гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдалтай холбоотойгоор ажлаас халаагүй. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргахаас өмнө урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааг хийсэн. Тухайн үед 2022 оны цагдаагийн байгууллагын дотоод үйл ажиллагаа, хяналт шалгалт хийх 112 дугаар журмаар Ж.Г*******ийн үйлдэлд албаны шалгалт явуулаад албаны шалгалтын хүрээнд цагдаагийн албаны ёс зүйн дүрмийн зарим заалтуудыг зөрчсөн гэж үзээд Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасны дагуу цагдаагийн албанаас халсан. Сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзсэн. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Цагдаагийн албан хаагч нь сахилга, ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллана” гэж заасан. Энэ сахилга, ёс зүйн дүрмийг Цагдаагийн төв байгууллагын дарга батална гэж хэм хэмжээг тогтоож өгсөн. Дотоод албаны шалгалтаар Ж.Г*******ийн үйлдэл нь цагдаагийн албан хаагчийн мөрдөх ёстой хэм хэмжээг зөрчсөн гэдэг үндэслэлээр албанаас халсан болохоос биш хэргийн үйл баримт яригдахгүй. Хэргийн үйл баримт нь процессын хуультай тусдаа асуудлаар шийдэгдээд явж байгаа асуудал. Цагдаагийн албанд мөрдөх хэм хэмжээг зөрчсөн үгүйг шалгаж байгаа. Тухайн үеийн цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.2.3, 2.3.8 гэдэг заалтыг зөрчсөн гээд ёс зүйн дүрмээ барьж байгаа. Эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээд цагаатгах тогтоол гарсныг зөрчил үйлдээгүй гэж байна. Дотоод албаны шалгалтаар ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэдгийг хангалттай тогтоосон баримтууд хэрэгт авагдсан, шан харамж, зээл авсан гэдэг нь хангалттай тогтоогдож байгаа. 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дугаартай тушаалаар баталсан Цагдаагийн албан хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн ноцтой зөрчлийг тайлбарласан хэсгийг ярьж байна. Ж.Г*******ийг халах үед мөрдөгдөж байсан ноцтой зөрчлийн тайлбар нь өөр байсан. Тэр нь Цагдаагийн алба хаагч нэр хүндэд харшсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж байсан. Одоо мөрдөгдөж байгаа болон тухайн үед мөрдөгдөж байсан ноцтой зөрчил гэсэн тайлбар нь өөр. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 3 шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг хангахаас татгалзсан” гэв.

4.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогдон шалгагдах, цагдаагийн албан хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм зөрчих гэдэг асуудлыг хольж ойлгоод байна. Гэмт хэрэг үйлдсэн эсэхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, мөрдөн  шалгах ажиллагаа явуулж тогтоодог. Маргаан бүхий асуудал нь Ж.Г*******ийг албанаас халсан, эргүүлээд томилогдъё гэхээр томилох боломжгүй байна гээд Хүний нөөцийн хэлтсийн даргын албан бичигтэй маргаж байгаа. Ж.Г*******ийг албанаас халсан асуудал нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/201 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн албан хаагчийн сахилга, ёс зүйн дүрэмд заасан зөрчлүүдийг гаргасан байна гэдэг үндэслэлүүдээр албанаас чөлөөлж, халсан бөгөөд ялгаатай ойлголт байгаа” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчээс анх тус шүүхэд “Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5б/9664 дугаартай “Цагдаагийн албанд буцаан томилж, цагдаагийн хошууч цолыг сэргээхээс татгалзсан” шийдвэр, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, цагдаагийн албанд буцаан томилуулж, цагдаагийн хошууч цолыг сэргээсэн шийдвэр гаргахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “…Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5б/9664 дугаартай “Цагдаагийн албанд буцаан томилж, цагдаагийн хошууч цолыг сэргээхээс татгалзсан” шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, цагдаагийн албанд буцаан томилуулж, цагдаагийн хошууч цолыг сэргээсэн шийдвэр гаргахыг даалгуулах”[1] гэж тодруулсан.

1.1. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь “...цагдаагийн хошууч цолыг сэргээхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, цагдаагийн хошууч цолыг сэргээсэн шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзаж, сүүлийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа “...Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5б/9664 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, цагдаагийн албанд буцаан томилуулах шийдвэр гаргахыг даалгах” гэж тодорхойлсон тул уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2. Татгалзсан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс  шүүх  хуралдаанд “цагдаагийн хошууч цолыг сэргээхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, цагдаагийн хошууч цолыг сэргээсэн шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үр дагаврыг ойлгож буйгаа илэрхийлсэн тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу түүнийг “цагдаагийн хошууч цолыг сэргээхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, цагдаагийн хошууч цолыг сэргээсэн шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгчээс сүүлийн байдлаар тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаар "Албанаас халах, цагдаагийн цол хураах тухай” тушаалаар Зөрчлийн хэрэг бүртгэх газрын Зөрчлийн хэрэг бүртгэлт, мэргэжил арга зүйн хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Г******* нь хориглосон үйл ажиллагааг таслан зогсоолгүй нуун дарагдуулж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэлгүй бусдаас шан харамж авч, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 81 дүгээр зүйлийн 81.3, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.3, 2.3.8 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасны дагуу албанаас халах, “цагдаагийн хошууч" цолыг хурааж шийдвэрлэсэн байна.

3.2. Уг тушаалыг нэхэмжлэгч Ж.Г******* эс зөвшөөрч Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан Зөрчлийн хэрэг бүртгэх газрын зөрчлийн хэрэг бүртгэх мэргэжил арга зүйн ахлах байцаагч албан тушаалд эгүүлэн томилуулж, 2022 оны 8 дугаар сараас хойш өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал бол нийгмийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 69 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 201 дүгээр магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 0171 дүгээр тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

3.3. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 560 дугаар шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч Ж.Г*******ийн холбогдон шалгагдаж байсан “... Нийслэлийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын шөнийн эргүүлийн хэлтэст нэгдүгээр тасгийн ахлах байцаагчаар ажиллаж байхдаа ... М.Ц*******аас Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт Хаан банкны өөрийн эзэмшлийн дансаар 500.000 төгрөгийг шилжүүлж авсан” гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэж, уг шийдвэрт хэргийн оролцогчдоос гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болжээ.

3.4. Үүний дараа нэхэмжлэгч Ж.Г******* нь Цагдаагийн ерөнхий газрын даргад “... Цагдаагийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй тул намайг албанд буцаан томилж, Цагдаагийн хошууч цолыг сэргээж өгнө үү” гэх өргөдлийг гаргахад түүнд Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 56/9664 дүгээр албан бичгээр “...цагдаагийн албанд буцаан томилох үндэслэлгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариу өгсөн тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3.5. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Намайг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэлгүй бусдаас шан харамж авсан” гэх үндэслэлээр албанаас халсан. Намайг уг үндэслэлээр халсан  үеэс эхлэн Авлигатай тэмцэх газраас 2 жилийн хугацаанд шалгаж ... Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн ... Миний бие гэм буруутай, гэмт хэрэг үйлдсэн эсэхийг эрх бүхий байгууллага шалгаж байхад миний эрхэлж байсан албан ажлыг түдгэлзүүлэлгүй шууд албанаас халсанд гомдолтой байнагэж, хариуцагчаас “...нэхэмжлэгчийг эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн буюу гэмт хэрэг үйлдсэн гэж халсан бус, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж албанаас халсан. Нэхэмжлэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн эсэх талаар дүгнэлт өгөх бөгөөд Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудалд дүгнэлт хийхгүй тул түүнийг цагдаагийн албанд томилох үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.

4. Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д “Цагдаагийн төв байгууллагын дарга алба хаагч, ажилтныг томилж, чөлөөлөх, цагдаагийн бага цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах, ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэх, цагдаагийн байгууллагыг төлөөлөх, төсөв, хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргах бүрэн эрхээ харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, энэ хуулийн 20.3-т заасан албан тушаалтанд шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”, 69 дүгээр зүйлийн 69.1-д “Цагдаагийн алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна дараахь зүйлийг хориглоно”, 81 дүгээр зүйлийн 81.1-д “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана” гээд 81.2-д “Энэ хуулийн 81.1-д заасан цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална”, 81.3-д “Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн  37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ” гээд 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж тус тус заасан.

4.1. Уг хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Цагдаагийн төв байгууллагын дарга нь алба хаагч, ажилтныг томилох, чөлөөлөх, цагдаагийн цол олгох, сэргээх бууруулах эрх хэмжээтэй байх төдийгүй цагдаагийн албан хаагч нь баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг чанд мөрдөж ажиллах үүрэгтэй байх бөгөөд уг дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга баталж мөрдүүлэхээр байна. Мөн цагдаагийн албан хаагч нь ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн зөрчил гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл хүлээлгэхээр зохицуулжээ.

4.2. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/201 дүгээр “Дүрэм батлах тухай” тушаалаар “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг нэгдүгээр, “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталжээ. Тус цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 1.5.1-д “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээ” гэж энэ дүрмээр тогтоосон ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, түүнд нийцүүлэн гаргасан тушаал, шийдвэр түүнчлэн, нийгэм, хамт олон, гэр бүлийн харилцааны хүрээнд дагаж мөрдвөл зохих зан үйлийн нийлбэр цогцыг”, 1.5.2-д “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн зөрчил” гэж холбогдох хууль тогтоомж энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг”, 1.5.4-д “Ноцтой зөрчил гэж хууль тогтоомжид заасан, цагдаагийн албаны нэр хүндэд харшлах үйлдэл хийх, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх, үр дагаврыг бий болгох, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг”, 2.3.3-д “Алба хаагч нь хахууль авах ёсгүй бөгөөд хахууль нь шударга ёс болон ёс суртахууны нандин чанарыг хөсөрдүүлж, төрийн нэр хүндийг олон түмний дунд гутаадаг учрыг сайтар ухамсарлах ёстой бөгөөд албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбогдуулан хувь хүн болон хуулийн этгээдээс шагнал /бэлэг, мөнгөн шагнал, зээл үйлчилгээ, зугаа цэнгэлийн ба амралтын төлбөр, тээврийн хэрэгслийн зардал болон бусад шагнал/ авахыг хатуу хориглоно”, 2.3.8-д “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх” гэж тус тус заажээ.

4.3. Хуулийн дээрх зохицуулалт, дүрэм болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагчаас нэхэмжлэгч Ж.Г*******ийг эрүүгийн хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа гэдэг үндэслэлээр бус Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалтууд болон Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр цагдаагийн албанаас халж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 560 дугаар шийтгэх тогтоолоор нэхэмжлэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь түүнийг Цагдаагийн албанд буцаан томилох үндэслэл болохооргүй байна.

4.4. Хэдийгээр нэхэмжлэгч талаас “... Тухайн үед гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй учир халах үндэслэл байгаагүй. Иймд бусдаас шан харамж авсан гэх үндэслэлээр халсан” гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчийг цагдаагийн албанаас халж шийдвэрлэсэн  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаар тушаалаас үзэхэд нэхэмжлэгчийг зөвхөн бусдаас шан харамж авсан гэх шалтгаанаар албанаас халаагүй, “хориглосон үйл ажиллагаа явуулсан, нийгмийн дэг журам алдагдуулсан этгээдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолгүй нуун дарагдуулж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй” гэж буруутгасан байх тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5б/9664 дүгээр шийдвэрээр “... Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 560 дугаар шийтгэх тогтоолоор танд холбогдох 220100007002 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны Б/1067 дугаар тушаалыг хүчингүй болгож, цагдаагийн албанд буцаан томилох үндэслэл болохгүй байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг өгснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй төдийгүй уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.  

4.5. Түүнчлэн, нэхэмжлэгчээс түүнийг цагдаагийн албанаас халж шийдвэрлэсэн Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан Зөрчлийн хэрэг бүртгэх газрын зөрчлийн хэрэг бүртгэх мэргэжил арга зүйн ахлах байцаагч албан тушаалд эгүүлэн томилуулж, 2022 оны 8 дугаар сараас хойш өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал бол нийгмийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг даалгахаар шүүхэд нэхэмжлэл гарган маргасан байх бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг шийдвэрүүд дээр дурдсанаар хуулийн төгөлдөр болсон байх тул нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5б/9664 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, цагдаагийн албанд нэхэмжлэгчийг буцаан томилохыг даалгаж шийдвэрлэх боломжгүй байна.

4.6. Мөн даалгах шаардлагын хувьд захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болох нь тогтоогдож, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах бөгөөд дээрх байдлаар шийдвэрлэсэн энэ тохиолдолд даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

4.7. Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн дарга нь албан тушаалын тодорхойлолтод зааснаар Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх хэрэгжилтийг ханган ажиллаж, алба, нэгжийн хүний нөөцийн судалгаанд тулгуурлан эрэлт хэрэгцээг үнэлж, цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийг хууль журамд заасны дагуу судалж, сонгон шалгаруулах, томилох, шилжилт хөдөлгөөний зохицуулалт хийх, байгууллагын хүний нөөцийн бодлого, хэрэгцээг төлөвлөх, нөхөн хангалт хийх, байгууллагын хүний нөөцийн ажлыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган, хяналт тавьж үр дүнг хариуцах чиг үүрэгтэй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

4.8. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Г*******ийн “Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5б/9664 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, цагдаагийн албанд буцаан томилуулах шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул нэхэмжлэгчээс мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Г*******ийн Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “… Хошууч цолыг сэргээхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, цагдаагийн хошууч цол сэргээсэн шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 81 дүгээр зүйлийн 81.1, 81.2, 81.3, 82 дугаар зүйлийн 82.1.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Г*******ийн Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “... Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5б/9664 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, цагдаагийн албанд буцаан томилуулах шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.УУГАНЗАЯА

 

[1] Хэргийн 244 дүгээр хуудас