| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 319/2025/00391/И |
| Дугаар | 319/ШШ2025/00368 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 319/ШШ2025/00368
2025 05 27 319/ШШ2025/00368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, 4 дүгээр баг, 19-02 тоотод оршин суух, Онхроо овогт Цэндбазарын Эрдэнэцэцэгийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.Эрдэнэцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Хүсэлт гаргагч Ц.Эрдэнэцэцэг нь 1988 онд Мөст сумын 10-н жилийн дунд сургуулийн 10 дугаар анги төгсөж, ХАА-н үйлдвэрлэлд гарч, Ховд аймгийн Мөст сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилд орсон.
Ховд аймгийн Мөст сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаартай тушаалаар Мөст сумын Хүүхдийн цэцэрлэгт туслах багшийн ажилд томилогдон ажилласан. Мөст сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 21 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ц.Эрдэнэцэцэгийн 1990 оны №360965 дугаартай хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал, цалин хөлстэй холбоотой баримтууд архивт шилжээгүй архиваас ажиллаж байсан талаархи баримт гарч ирэхгүй байгаа тул шүүхэд хандан хүсэлт гаргаж байна.
Шүүхэд гарган өгч байгаа баримтууд, хамт ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн Ц.Эрдэнэцэцэгийг 1990 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү”гэжээ.
2. Хүсэлт гаргагч Ц.Эрдэнэцэцэгээс: Итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шилжин ирсэн тухай тодорхойлолт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 403 дугаартай албан бичиг, иргэн Ц.Бичхэндээ, Т.Жавзмаа нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт, гэрэл зураг, хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөв.
3. Шүүхээс: Ц.Бичхэндээ, Т.Жавзмаа нарын гэрчийн мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иүүлсэн ХААТР маягтууд, Нийгмийн даатгалын газрын албан бичгээр ирүүлсэн лавлагаа зэргийг баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.Эрдэнэцэцэг нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Шүүх хуралдаанд тодруулсан хүсэлтийн шаардлагаар Ц.Эрдэнэцэцэг нь 1990 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
2.1. Ховд аймгийн Мөст сумын цэцэрлэгийн эрхлэгчээс 1990 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүсэлт гаргагч Ц.Эрдэнэцэцэгт олгосон 360965 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт Мөст сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 13 тоот тушаалаар 1990 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Мөст сумын хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар авч ажиллуулж,
Мөст сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 21 тоот тушаалаар 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдөр цэцэрлэгийн туслах багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн бичилт хийгджээ.
2.2. Дээрх нөхцөл байдлыг гэрч Ц.Бичхэндээгийн “... Би 1962 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. 1970 онд Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1980 онд 10 дугаар ангиа төгссөн. Улмаар Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад эцэг эхийн хамт малчнаар ажиллаж эхэлсэн. 1982 оныг хүртэл мал маллаж байгаад Д.Бямбажавтай гэр бүл болж сумын төв шилжсэн. 1982 оноос 1989 оныг хүртэл Ховд аймгийн Мөст сумын ахуй үйлчилгээнд үйлчлэгчээр ажиллаж байсан. 1989 оны 09 дүгээр сараас Ховд аймгийн Мөст сумын Хүүхдийн цэцэрлэгт үйлчлэгч, туслах багшаар 1993 оны 06 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан. Ц.Эрдэнэцэцэг нь 1990 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай Ховд аймгийн Мөст сумын хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажилд орж байсан. Бид хамтдаа 1993 оны 05 дугаар сарыг хүртэл ажилласан бөгөөд Ц.Эрдэнэцэцэг нь өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Бид хамтдаа 1990 оноос 1993 оныг хүртэл 3 жил Ховд аймгийн Мөст сумын хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байсан нь үнэн. Тухайн үед манай цэцэрлэгийн эрхлэгчээр Лхагваа ажиллаж байсан. Багшаар Гармаа, Оюунаа, Явдалмаа, Оюунчимэг, няраваар Одсүрэн, тогоочоор Жавзмаа нар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Т.Жавзмаагийн “... Би 1970 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. 1978 онд Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1988 онд 10 дугаар ангиа төгссөн. Улмаар Завхан аймгийн Худалдааны ТМС-ийн тогоочийн ангид элсэн орж 1989 оны 09 дүгээр сард тогооч мэргэжлээр суралцаж төгссөн. 1989 оны 09 дүгээр сараас 1990 оны 8 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Жаргалант сумын төвийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн дотуур байрны тогоочоор ажиллаж байсан. 1990 оны 09 дүгээр сараас Ховд аймгийн Мөст сумын хүүхдийн цэцэрлэгт тогоочоор ажилд орж 1995 оныг дуустал ажиллаж байсан. 1995 онд аймгийн төвд шилжин ирж 1997 оноос өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэгт туслах тогоочоор ажиллаж байна Ц.Эрдэнэцэцэг нь 1990 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Мөст сумын хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажилд орж байсан бөгөөд 1993 оны 05 дугаар сарыг хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Бид хамтдаа 1990 оноос 1993 оныг хүртэл 3 жил Ховд аймгийн Мөст сумын хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байсан нь үнэн...” гэх мэдүүлгүүдээр давхар нотлогдож, гэрч нар мэдүүлэгийн эх сурвалжаа заасан тул хүсэлт гаргагч Ц.Эрдэнэцэцэгийн 1990 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан гэх тайлбар үндэслэлтэй байна гэж үзлээ.
3. Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаагаар Ц.Эрдэнэцэцэг нь ажилласан жил тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж 1993 оны 07 дугаар сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нийт 7 жил 7 сарыг нөхөн тооцуулсан болох нь нотлогдож байх бөгөөд Ховд аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 403 дугаартай албан бичгээр Ц.Эрдэнэцэцэгт холбогдох лавлагаа олдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. Ажилласан жилийг нөхөн тооцуулахдаа Ц.Эрдэнэцэцэгийн Хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн 1993 оны 07 сараас хойш нөхөн тооцсон үйл баримт тогтоогдов.
5. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Ц.Эрдэнэцэцэгийг 1990 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Онхроо овогт Цэндбазарын Эрдэнэцэцэгийн 1990 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН