| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0633/З |
| Дугаар | 128/ШШ2025/0568 |
| Огноо | 2025-08-21 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2025/0568
2025 08 21 128/ШШ2025/0568
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Дүгнэлт гаргагч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******,
Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Д******* нарын хооронд үүссэн хариуцагчаас дахин шинэ шийтгэлийн хуудас гаргах хүртэл 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0093051 дугаартай "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг 1 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, өөрчлүүлэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******, хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Хяналтын улсын байцаагч Ц.Д******* холбогдогч Б.Б*******д Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Х******* голын эрэг дагуу газарт 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар “торлог хугалж, сүйтгэсэн" гэх үйлдэлд 2502000386 дугаартай зөрчлийн хэрэг нээж, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 7.018.782 (долоон сая арван найман мянга долоон зуун наян хоёр) төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулахаар 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 0093051 дугаар шийтгэлийн хуудас оногдуулж шийдвэрлэсэн байна.
1.2. Дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ээс 2502000386 дугаартай зөрчлийн хэргийг шалгалтын хүрээнд хянаад, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3.11 дэх заалтад зааснаар шүүхээс Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Д*******гаас дахин шинэ шийтгэлийн хуудас гаргах хүртэл 2025 оны 07 дүгээр сарын 09-ний өдрийн 0093051 дугаартай "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг 1 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, өөрчлүүлэх” шаардлага бүхий дүгнэлтийг тус шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн ба тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 128/ШЗ2025/4971 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
Хоёр. Дүгнэлтийн үндэслэл:
2.1. Дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А******* шүүхэд гаргасан дүгнэлтийн үндэслэлдээ: “...Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А******* би, Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Д******* "Ойн тухай хууль зөрчих” зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан холбогдогч Б.Б*******д торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн зөрчлийн 2502000386 дугаартай хэргийг шалгалтын хүрээнд хянав.
Хяналтын улсын байцаагч Ц.Д******* холбогдогч Б.Б******* нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Х******* голын эрэг дагуу газарт 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар торлог хугалж, сүйтгэсэн" гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 7.018.782 (долоон сая арван найман мянга долоон зуун наян хоёр) төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн шийтгэлийн хуудас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж дүгнэлээ. Учир нь, Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж" зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ..." гэсэн бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийн тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батлахаар хуульчилсан. Монгол Улсын ерөнхий прокурорын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/94 дугаартай тушаалаар батлагдсан "Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам"-ын 3.1-т "Зөрчлийн тухай хуульд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар заасан бол зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг энэхүү журамд заасны дагуу тогтоох арга хэмжээ авна" гэжээ. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" заасан байна.
Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “ойн сан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг, хамааруулан ойлгох бөгөөд 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.10 дахь хэсэгт “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байгуулах”-ыг хориглосон бол 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн 42.1.1 дэх заалтад “Хориглосон үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө” гэж хуульчилсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримт мэдээлэл болох үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шинжээч Г.Н*******, холбогдогч Б.Б******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хяналтын улсын байцаагч Ц.Д*******гийн хохирол, нөхөн төлбөрийг тооцох ажиллагаа, шийдвэр нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, зөрчилд шийтгэл оногдуулах шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 2-т “...хохирол нөхөн төлбөрийн 7.018.782 (долоон сая арван найман мянга долоон зуун наян хоёр) төгрөгийг Төрийн сангийн байгаль хамгаалах сангийн 100200000906 дугаартай дансанд... тушааж биелүүлэхийг даалгажээ. Гэтэл 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон шинжээч Г.Н*******ийн мэдүүлгээр 2,339,594 (хоёр сая гурван зуун гучин есөн мянга таван зуун ерэн дөрвөн) төгрөгийн хохирол учирсан... үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ...” гэсэн нь өөр хоорондоо эрс зөрүүтэй байна. Энэ нь, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байх” хуулийн зүйл, хэсэг, заалтуудыг зөрчсөн.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3.11 дэх заалтад зааснаар шүүхээс Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Д*******гаас дахин шинэ шийтгэлийн хуудас гаргах хүртэл 2025 оны 07 дүгээр сарын 09-ний өдрийн 0093051 дугаартай "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг 1 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
2.2.Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулахдаа зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг зөрүүтэй байдлаар оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж дахин нотлох баримт цуглуулж учирсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа шийтгэлийн хуудсыг дахин оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт гаргасан.
Шүүхэд дүгнэлт гаргасан гол шалтгаан нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж захирамж гарвал эрх бүхий албан тушаалтан нэмэлт нотлох баримтыг бүрдүүлэх боломжгүй болно. Шийтгэлийн хуудсыг захиргааны хэргийн шүүхээс тодорхой хугацаанд түдгэлзүүлчихвэл эрх бүхий албан тушаалтан нэмэлт нотлох баримт бүрдүүлэх боломжтой болно. Зөрчил үйлдсэн этгээдээс зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар шийтгэлийн хуудас оногдуулсан байна. Гэтэл шийтгэлийн хуудаст 7,018,782 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад 2,339,594 төгрөгийг гаргуулах талаар дурдсан. Зөрчлийн улмаас учирсан хохирлын үнийн дүн зөрүүтэй байгаа нь шийтгэлд холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа учраас шийтгэл оногдуулсан акт нь үндэслэлгүй. Гэхдээ Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй хэдий ч зөрчлийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөрийг холбогдогчоор гаргуулах үнийн дүн зөрүүтэй байгаа нь хуулийг буруу хэрэглэж, хүний эрхийг зөрчсөн байна гэж дүгнэгдэж байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрх бүхий албан тушаалтан дахин шийтгэлийн хуудас бичих боломжит түдгэлзүүлэх хугацааг санал болгож оруулсан. Шүүхийн бүрэн эрхийн хүрээнд оролцоогүй. Санал болгож дүгнэлттэй дурдсан. Учир нь шийтгэлийн хуудас оногдуулж, ажиллагаа хийгдэхэд тодорхой хугацаа дуусаж, түүнд гомдол гаргах тохиолдол байдаг. Үүнтэй холбогдуулан санал гаргасан. Хоёрдугаарт нэмэлт ажиллагааг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд улсын байцаагч хийх учраас түүнээс дээш хугацаагаар тогтоох шаардлага байхгүй тул дээрх саналыг оруулсан” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч улсын байцаагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: “...Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Д******* би, Нийслэлийн Прокурорын газраас Б.Б******* нь "Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Х******* голын эрэг дагуу газарт торлог хугалж, сүйтгэсэн” гэх зөрчлийн хэрэгт холбогдуулан гаргасан дүгнэлтэд хариу тайлбар гаргах нь, тус хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь заалтаар шийтгэл оногдуулсан ба тус зөрчлийн хэрэгт торлог хугалж сүйтгэсэн талбай дахь давхцалтай газрыг оролцуулан шинжээчийн дүгнэлт гарсныг үндэслэн модны экологи эдийн засгийн үнэлгээ, хохирлыг тооцуулж, шийтгэлийн хуудас үйлдсэн болно” гэжээ.
3.2. Хариуцагч улсын байцаагчаас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Дүгнэлтээс татгалзах зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтэд үндэслэн хохирлын хэмжээг тооцсон бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шинжээчийг дахин томилж, тухайн газрын давхцалтай хэсгийг хасаж хохирол нөхөн төлбөрийг тооцуулах шаардлагатай байх тул дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөрчлийг нотлох үүргийг хангалтгүй биелүүлсэнтэй санал нийлж байна. 7,018,782 төгрөгийн хохирол нөхөн төлбөрийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, ажиллагаа хийгдэх явцад холбогдогч иргэн нь тухайн газарт хохирол нөхөн төлбөрийг тооцуулж 5,000,000 гаруй төгрөгийн хохирол нөхөн төлбөрийг Төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн. Энэ явцын хүрээнд алдаатай шийдвэр гаргасан” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэрэгт нотлох баримтаар авагдсан үйл баримт болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбаруудад харьцуулан дүгнэлт хийж, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ийн дүгнэлтийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ”, мөн хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж,
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т "тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байх”, мөн хууль, зүйлийн 4 дэх хэсэгт “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийн тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална” гэж заасан бол, Монгол Улсын Ерөнхий прокурорын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/94 дугаартай тушаалаар батлагдсан “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам”-ын 3.1-т “Зөрчлийн тухай хуульд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар заасан бол зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг энэхүү журамд заасны дагуу тогтоох арга хэмжээ авна” гэж заажээ.
3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч О.Ц******* нь холбогдогч Б.Б*******д Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Х******* голын эрэг дагуу газарт Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 5,603,079 (таван сая зургаан зуун гурван мянга далан ес) төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулахаар 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 0001377 дугаар шийтгэлийн хуудас оногдуулж шийдвэрлэжээ.
4. Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Д******* 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0093051 дугаартай маргаан бүхий шийтгэлийн хуудсыг оногдуулахдаа 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр холбогдогчийн үйлдсэн гэх “торлог хугалж сүйтгэсэн” зөрчлийн хэрэгт шинжээч томилж, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 0001377 дугаар шийтгэлийн хуудас оногдуулсан зөрчлийн талбай дахь давхцалтай газрыг оролцуулан шинжээчийн дүгнэлт гарсныг үндэслэн модны экологи эдийн засгийн үнэлгээ, хохирлыг тооцуулж, шийтгэлийн хуудас үйлдсэн гэж тайлбарлаж байгаа, түүнчлэн хариуцагч улсын байцаагчаас “...прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч эвлэрснээр зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж, хэрэгт ажиллагаа хийх боломжгүй байгаа тул шүүхээр шийдвэрлүүлж, зөвтгөх буюу шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хохирлыг тооцсон учраас, давхацсан газрын хэмжээг хасаж, дахин шинжээч томилж хохирлын хэмжээг дахин тооцох агуулгатай” гэж шүүх хуралдаан дээр тайлбарлаж байгаа энэ тохиолдолд маргаан бүхий акт нь шүүхийн шинжлэн судлах хүрээнд бус, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахын тулд уг зөрчлийн нэмж тодруулах зүйлсийг ямар хэмжээнд шалган тогтоохыг шүүх гүйцэтгэх боломжгүй гэж үзэв.
5. Тодруулбал, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 0093051 дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч Д.Б*******д шийтгэл оногдуулахдаа дээр дурдсан “торлог хугалж, сүйтгэсэн” гэх үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн үндэслэлээр торгож, хохирол нөхөн төлбөрийг тооцох ажиллагаа нь хуульд нийцээгүй гэж үзсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.
6. Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.2 болон 1.3 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны болон шударга ёсны зарчмын үүднээс холбогдогчийн үйлдсэн зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал бодит байдал дээр ямар байсан бэ гэдгийг шүүх тогтоох боломжгүй байна гэж дүгнэж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11.“шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг хэрэглэж Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Д*******гийн үйлдсэн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0093051 дугаартай "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг нэг сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь энэ байдлыг буюу хариуцагчийн үйлдлийг шүүхээс шууд зөвтгөх боломжгүй, холбогдогч иргэнийг зөрчил гаргаагүй гэж үзэхэд учир дутагдалтай, эрх бүхий улсын байцаагч нь Ойн тухай болон холбогдох хуульд заасан зөрчлийг шалгаж, шинж байдал, хууль зөрчсөн асуудлыг судлан үзэж шийдвэрлэх үүрэгтэй, энэ талаар шүүх шууд тогтоон шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна гэж шүүх дүгнэв.
7. Түдгэлзүүлсэн хугацаанд хариуцагч эрх бүхий албан тушаалтны зүгээс прокурорын дүгнэлтэд дурдсанаар хохирол, нөхөн төлбөрийг тооцох ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу дахин гаргах нь зүйтэй.
8. Энэхүү шүүхийн шийдвэр нь нэгэнт төлөгдсөн торгуульд хамаарахгүй бөгөөд төлсөн торгуулиа буцаан шаардах эрхийг гуравдагч этгээдэд үүсгэхгүй, харин шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойших үйл баримтад хамаарч, хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтоох үр дагавартай болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн 42.1.1, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5, Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ийн гаргасан дүгнэлтийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Д*******гийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0093051 дугаартай шийтгэлийн хуудсыг тус улсын байцаагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Д*******г дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0093051 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар прокурорын дүгнэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН