Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 264

 

 

 

 

 

                          

 

  2018            3            27                                             264

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгч Б.Б-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б.Б-ыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708026230037 дугаар хэргийг 20218 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б-гийн Б /РД:     /.

Яллагдагч Б.Б- гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.О-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, нийт 4 удаагийн үйлдлээр зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 3-33 тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарап бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.О-г хоорондын таарамжгүй харьцааны улмаас нүүр, нүд, шанаа, хацар, хамар, уруул, зүүн гарын бугалга, баруун гарын шуун тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Буруугаа хүлээж, гэмшиж байна. Хөнгөн ял өгнө үү” гэв.  

Эрүүгийн 1708026230037 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.О-гийн: “2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 23-ны өдөр гэртээ нөхөр Б. бид 2 хамт архи уусан. Бид хоёрыг архи уучихсан байсан болохоор хадам ээж гэрээс гараад явчихна гэж бодоод гаднаас цоожилсон. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ хамт архи ууж байгаад Б. агсраад миний баруун нүд рүү цохиж нүд хавдсан. Маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мөн хамт гэртээ архи ууж байгаад хардаад жижиг ширээгээр миний толгой руу цохисон. Нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Гар хөлний хэсэгт галын дэгээ төмрөөр цохиж зодсон. Үүнээс болж миний зүүн нүд хөхөрсөн, гар хөл хөхөрсөн, уруул дотор талдаа сэтэрсэн, толгой их өвдөж байгаа. Намайг урд нь цохиж зодож байсан. Гэхдээ тухай бүр нь цагдаад хандаж эмнэлэгт үзүүлж байсан баримт гэх зүйл байхгүй. Албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй. Бид хоёр хамтран амьдраад 3 жил болж байгаа. Б. намайг ээжтэйгээ нийлж зодоогүй. Би уурандаа ээжтэйгээ нийлж зодсон гэж өргөдөл биччихсэн. Хамраа янзлуулмаар байна. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-15-16/,

Гэрч Ц.Н-ийн: “Би Б.ын төрсөн ээж. ...Б., О. нар хамт амьдраад 3 жил болж байна. Дундаасаа хүүхэдгүй. Хамт нийлээд байнга архи уудаг хүмүүс. ...Байнга архи ууж хоорондоо зодолдож, хэрүүл хийгээд байдаг. О. архи уухаараа гэрийнхээ хамаг юмыг зарж архи уудаг. ...Би огт Б.тай нийлж болон ганцаараа О.г цохиж зодсон зүйл байхгүй. О. нь архи уухаараа гэрээсээ гараад алга болчихдог. Энэ хоёр албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-17-18, 19/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017.11.26-ны өдрийн 14724 дүгээр актын дүгнэлтэд: “1.О.-н биед зүүн шанаа, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун доод зовхи, зүүн хацар эрүү, зүүн нүдний алимны салст, дээд уруул, 2 хөх, зүүн бугалганы дотор дээд хэсэгт цус хуралт, хамар ясны хугарал, баруун шууны дотор доод хэсэгт зүсэгдсэн шарх тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо ба ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-21/,

Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. О. бид хоёр гэртээ хэд хоног хамт архи уусан. Архи уугаад сууж байтал О.гийн гар утас дуугарсан. Би утсыг нь аваад ярьтал нэг эрэгтэй хүн “Номинтой ярья” гэж хэлсэн. Би албаар “Номин байхгүй байна, чи хэн бэ” гэж асуутал би найз залуу нь байна гэж хэлсэн. Ингээд О. бид 2 хоорондоо уг асуудлаас болж маргалдсан. Би О.гийн нүд рүү нэг удаа гараараа цохисон. Үүний дараагаар хоёулаа унтаж амарсан. Маргааш өдөр нь дахин бид 2 архи уусан. О. архи уучихаад элдвээр хэлээд намайг доромжлоод агсраад байхаар нь уур хүрээд нүүр рүү нь хэд хэдэн удаа гараараа цохисон, өөр элдэв янзын зүйлээр цохиж зодсон зүйл болоогүй. О. бид хоёр л гэрт байсан, өөр хүн байгаагүй. Одоогоос 2-3 жилийн өмнө мөн хамт архи ууж байгаад хоорондоо маргалдаж зодолдож байсан. Энэ үед би О.гийн нүд рүү нь гараараа цохиж нүд нь хавдаж байсан. О. уухаараа хэд хоног ирэхгүй алга болчихдог. Би гадуур тэнэж архи уугаад цагдаа дээр ирэхээс айгаад байсан...” гэх мэдүүлэг /хх-30-31, 86/,

Хохирогчийн гаргасан өргөдөл /хх-5/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-12/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-48-56/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-57/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэгдүгээрт дээрх гэмт хэргийн шинжгүй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэх хэрэгт нотлогдоогүй зүйл, хэсгээр яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь хууль зөрчсөн байна. Хоёрдугаарт шүүгдэгч Б.Б- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.О-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан болохыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоож чадаагүй. Түүнчлэн хохирогч С.О-гийн “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр миний баруун нүд рүү цохиж нүд хавдсан...” гэх мэдүүлэг нь шинжээч эмч Б.Ариунзулын “2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэг удаа нүд орчимд цохиулах үед дээрх гэмтлүүд үүсэхгүй. Харин 11 дүгээр сарын 23-ны өдрийн мэдүүлэгт дурдсанаар зодуулсан бол дүгнэлтэд дурдсан гэмтлүүд үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-23-24/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Мөн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр зодсон гэж цагдаагийн дуудлагын лавлагаа /хх-72-75/-г үндэслэн яллаж байгаа боловч уг лавлагааны 34 дүгээрт “...Б.Б- нь гараад зугтсан байв. Дуудлага өгсөн иргэн С.О- гэгч эмэгтэй өөрөө согтуу байв. Зодсон цохисон зүйл байхгүй байв. Хууль сануулан явуулав” гэж тэмдэглэгдсэнээс дүгнэхэд уг өдөр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заажээ.

Түүнчлэн улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд дээрх зүйл, хэсгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар өөрчлөн зүйлчилсэн хэдий боловч “байнга” зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэх гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байх тул тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг шүүгдэгч Б.Б- үйлдсэн гэж үзэх, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.   

Харин шүүгдэгч Б.Б- согтуурсан үедээ 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 3 дугаар гудамж, 33 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.О-г хоорондын таарамжгүй харьцааны улмаас нүүр, нүд, шанаа, хацар, хамар, уруул, зүүн гарын бугалга, баруун гарын шуун тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч С.О-гийн “...2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мөн хамт гэртээ архи ууж байгаад хардаад жижиг ширээгээр миний толгой руу цохисон. Нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Гар хөлний хэсэгт галын дэгээ төмрөөр цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-17/, Б.Б-ын яллагдагчаар өгсөн “...би О.гийн нүд рүү нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-31/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 14724 дүгээр акт /хх-21/ болон мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн өгсөн мэдүүлгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа жич бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдал, хүчирхийллийн хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох, эд мөрийн баримт дэгээ төмрийг устгах...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа “Шүүгдэгч Б.Б- тогтвор суурьшилтай ажил байхгүй. Хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлснийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Б.Б-т 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдууллаа.

Шүүгдэгч Б.Б-ын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 13 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож буюу 104 цагийн ажлыг эдлэх ялаас хасахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11, 36.13, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.  

2. Шүүгдэгч Б овогт Б-гийн Б.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын урьдчилан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б- энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.О- хохирлын баримтаа жич бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн галын дэгээ төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ                                      Л.БААТАР