| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0138/З |
| Дугаар | 128/ШШ2025/0553 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2025/0553
2025 08 13 128/ШШ2025/0553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б” ХХК /РД:/,
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Б,
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Э,
Нэхэмжлэгч: Иргэн Л.Б /РД:ХБ/,
Нэхэмжлэгч Л.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Б,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагч: “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ,
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын болон хариуцагч “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.О,
Хариуцагч “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Э,
Гуравдагч этгээд: “Э” ХХК /РД:/,
Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г,
Гуравдагч этгээд “Э” ХХКийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Т
Гуравдагч этгээд: “Г” ХХК /РД:/ нарын хооронд үүссэн “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай” А/1058 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг х*******нгүй болгох, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаартай мэдэгдлийг х*******нгүй болгох, нэхэмжлэгч нартай “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг эрхлэн явуулах гэрээ”-г үргэлжлүүлэн байгуулж ажиллахыг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-т даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Бат” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Ч.Э, нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгч Л.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагч “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, гуравдагч этгээд “Э” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, О.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. “Замын хөдөлгөөний удирдлагын төв”-тэй иргэн Л.Б нь 2024 оны 01 дүгээр 02-ны өдөр “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах” ТЗГ-2024/33 дугаартай гэрээ, “Бат” ХХК нь 2024 оны 01 дүгээр 02-ны өдөр "Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах” ТЗГ-2024/37 дугаартай гэрээгээр тус тус төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг 2024 оны 01 дүгээр 02-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд эрхлэн явуулахаар байгуулж, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дахин төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд эрхлэн явуулахаар байгуулжээ.
1.2. “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-аас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/1121 дугаар албан бичгээр “Бат” ХХК-д нийтийн эзэмшлийн талбайд төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэгчидтэй хийсэн гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байгааг мэдэгджээ.
1.3. “Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-аас 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/57 дугаар албан бичгээр нэхэмжлэгч нарт “...төсөл хэрэгжүүлэгч байгууллага болох “Э” ХХК болон “Г" ХХК-ийн түншлэлд 2025 оны 01 дугаар сарын 20-ны өдрийн дотор нийтийн эзэмшлийн талбайг хүлээлгэн өгнө үү” гэж мэдэгджээ.
1.4. “Бат” ХХК-аас дээрх мэдэгдлийг хүлээн аваад 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-д “Хүсэлт гаргах тухай” 04 тоот албан бичиг хүргүүлж, уг албан бичгийн хариуг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/34 дүгээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр авсан ба уг бичигт “Танай компанийн хэрэгжүүлэх гэж буй төслийн бүтээн байгуулалтын ажилд дээрх зогсоолын байршил хамааралгүй байх тул өөрийн эзэмшлийн газарт орц, гарцыг төлөвлөн нийтийн эзэмшлийн авто зогсоолуудын менежментийг сайжруулах чиглэлээр Нийслэлийн Засаг дарга болон эрх бүхий байгууллагаас гаргасан хууль ёсны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг дэмжин хамтран ажиллахыг хүсье” гэжээ.
1.5. “Бат” ХХК-аас дахин 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-д “Хүсэлт гаргах тухай” 12 дугаар албан бичиг хүргүүлж, уг албан бичгийн хариуг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/50 дугаар албан бичгээр “...холбогдох эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэрийг биелүүлж, журмын дагуу нийтийн эзэмшлийн зам талбайг яаралтай чөлөөлж, нийслэлээс хэрэгжүүлж буй төсөлд саад учруулахгүй байхад анхаарна уу” гэсэн хариуг авчээ.
1.6. Нэхэмжлэгч нараас дээрх хариуг эс зөвшөөрч “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2023 оны Тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/165 дугаар захирамж, Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай А/1058 дугаар захирамж, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдлийг тус тус х*******нгүй болгох, нэхэмжлэгч нартай Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулах гэрээ-г үргэлжлүүлэн байгуулахыг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-т даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2025/0960 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн.
1.7. Улмаар тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоох тухай” 128/ШЗ2025/2853 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулсны үр дагаврыг шийдвэрлэх тухай” 128/ШЗ2025/3432 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Бат” ХХК нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, нэхэмжлэгч Л.Бын нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх “1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай” А/1058 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг х*******нгүй болгох, 2. “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаартай мэдэгдлийг х*******нгүй болгох, 3. “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-т нэхэмжлэгч нартай “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг эрхлэн явуулах гэрээ”-г үргэлжлүүлэн байгуулж ажиллахыг даалгах” шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч “Бат” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...“Бат” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамьянгүний гудамж-3 хаягт, №01119-2020/31457 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний дагуу 2398 м.кв газрыг 1992 онд байгуулагдсан цагаасаа эхлэн эзэмшиж байгаа бөгөөд уг газарт “Ч” оффис, хүнсний худалдаа үйлчилгээний “Ч” бөөний болон жижиглэн худалдааны дэлгүүр, агуулахыг өөрийн хөрөнгөөр барьж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар ирсэн. Дэлгүүр, оффисын барилгын үүдний хэсгийн газрыг “Ч” дэлгүүрийн бөөний болон жижиглэн худалдаа, агуулахаар үйлчлүүлэгчид, бараа бүтээгдэхүүн аж ахуйн нэгж, нийлүүлдэг, хамтарч ажилладаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөлд ямар нэгэн төлбөр хураамжгүйгээр төв замын хөдөлгөөнд саад учруулахааргүй байдлаар, “Замын хөдөлгөөний дүрэм"-ийн 1 дүгээр зүйлийн 1.2.18-д заасан “замын зэргэлдээх нутаг дэвсгэр” талбай хэлбэрээр ашиглаж, 30 гаруй жилийн хугацаанд уг талбайд зориулж 60 сая төгрөгийн тохижилтын ажил хийж, талбайн үйл ажиллагаа хариуцсан 3 ээлжийн ажилтан ажиллуулж, тэдгээрийн цалин хөлс, хувцас, хоол, унааны зардал, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж харилцагч нарын тав тухтай байдлыг хангах ажлыг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн. Манай компанийн “Ч” дэлгүүр, оффисын барилга, агуулахын гадагш гарах 3 ширхэг гарц нь уг “замын зэргэлдээх нутаг дэвсгэр” талбай хэлбэрээр ашиглаж байгаа хэсэгтэй шууд холбогддог тул тухайн талбайг нийтээр эзэмшин ашигласаар ирсэн. Компанийн зүгээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоолоор баталсан “Хот тохижилт цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам” болон №01119-2020/31457 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.19 дэх заалтад заасны дагуу өөрийн эзэмшил газар болон түүний орчны 50 метрийн доторх нийтийн эзэмшлийн зам талбай, зогсоолын цэвэрлэгээ тохижилт үйлчилгээ, эд хөрөнгийн хамгаалалтыг хариуцаж ирсэн бөгөөд “Бат” ХХК-ийн тохижилт үйлчилгээний байршлын кадастрын зураг гарган батлуулж тухайн зурагт багтсан “замын зэргэлдээх нутаг дэвсгэр” талбай байдлаар ашиглаж байгаа газар бүрэн багтсан, нийт талбайн тохижилт цэвэрлэгээ, үйлчилгээг бүрэн хийж хэвшсэн. Манай компани нь төрийн хууль тогтоомжийг дээдлэн хүндэтгэж, төрийн байгууллагуудын гаргасан шийдвэрүүдийг дагаж мөрдөн үйл ажиллагаандаа хэрэгжүүлсээр ирсэн.
2021 оны 08 дугаар сард Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний менежмент хариуцсан мэргэжилтэн Ө.Т ирж танай энэ зогсоол нийтийн эдэлбэр газарт хамаарах тул төлбөртэй зогсоолд шилжүүлэх талаар танилцуулах үед манай байгууллага энэхүү талбай хэлбэрээр ашиглаж байгаа хэсгийг дэлгүүр болон оффисын барилгыг барихдаа зураг төсөлд нь авто машин дамжин өнгөрөх замын зэргэлдээх нутаг дэвсгэр зам, явган хүний зам байхаар төлөвлөж газрын хөрс шороогоороо байсан явган хүний зам, автомашины дамжин өнгөрөх замын талбайг өөрийн хөрөнгөөр бетондож, асфальталж, замын хучилт, тохижилтын ажлыг хариуцан хийж арчилж тордож ирсэн гэсэн тайлбарыг өгч тухайн үед санал зөрөлдөж байсан боловч манай байгууллагын зүгээс хүлээцтэй хандсан. Ингээд төлбөртэй зогсоол ажиллуулах тухай шийдвэр гарч манай компанийн зүгээс дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн ба Нийслэлийн байгууллагаар, “Бат” ХХК-ийг үйлчилгээ эрхлэгч байгууллагаар сонгож авто замын хөгжлийн газрыг хэрэгжүүлэгч төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Гэрээ байгуулан ажиллах хугацаанд манай байгууллагын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан ба Нийслэлийн замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ”-г төрөөс гаргасан шийдвэрийн дагуу байгуулж хамтран ажиллаж, гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд 2021 онд 5,585,200 төгрөгийн, 2022 онд 14,932,800 төгрөгийн, 2023 онд 15,177,600 төгрөгийн, 2024 онд 6,794,000 төгрөгийн, нийт 42,489,600 төгрөгийн орлого, хураамжийг “Нийслэлийн замын сан”, “Замын хөдөлгөөний удирдлагын төв" зэрэг төрийн байгууллагын дансанд төвлөрүүлсэн.
2021-2023 онуудад “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ”-г Нийслэлийн замын хөгжлийн газартай бүтэн жилээр, 2024 оны гэрээг бүтцийн өөрчлөлт, зогсоолын асуудлыг ямар байгууллага хариуцах нь тодорхойгүй шалтгаанаар хойшилсоор оны эхний хагас жилийн гэрээг 5 сард, сүүлийн хагас жилийн гэрээг 09 дүгээр сард тус тус Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй байгуулж хамтран ажилласан. 2024 оны 07 дугаар сарын 10-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гурван сарын хугацаанд дулааны шугамын шинэчлэл, өргөтгөл, засварын ажилтай холбогдуулан манай гаднах төлбөртэй зогсоолын талбайн нэг хэсэг нь эвдэгдэж, үлдсэн хэсэг дээгүүр нь цэвэр усны түр шугам хоолой тавигдах төлөвлөгөөт ажил хийгдсэн тул зогсоол ашиглагдаагүй. Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай компанид “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-аас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн огноо бүхий 01/1121 дугаартай “Төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ”-ний хугацааг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгосон тухай viber-aap зурган хэлбэртэй мэдэгдлийг ирүүлж, 2025 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 10 цаг 49 минутад Нийслэлийн “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-ийн хэлтсийн дарга н.С тэргүүтэй, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ, төсөл хэрэгжүүлэгч “Э” ХХК, “Г" ХХК зэрэг 4 байгууллагын төлөөлөл бүхий 8 хүн ирж зогсоолыг хүлээлцүүлэх тухай ярихад “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-ийн хэрэгжүүлж буй төслийн талаар хамгийн анх мэдсэн байдаг. Урд нь хэрэгжүүлэх гэж буй төсөл, түүний сонгон шалгаруулалт, Нийслэлийн засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэр, захирамжийн талаар огт мэдэгдээгүй байсан бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд бидэнд “Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай” төсөл хэрэгжиж байгаа талаар болон түүнтэй холбоотой ямар шийдвэр, захирамж гарсан талаар албан ёсоор огт мэдэгдэж ирүүлээгүй байна. Тухайн үед манай компанид ямар нэгэн байдлаар урьдчилан мэдэгдсэн зүйлгүйгээр зогсоолын талбайг хүлээлцэх асуудал яригдсан тул манай зүгээс гэнэтийн шийдвэрийг компанийн удирдлагадаа танилцуулж, хариу өгтөл хойшлуулах санал тавьсан. Уг комиссоос удирдлагадаа танилцуулж зогсоолыг хүлээлгэн өгөхөд бэлэн болгосон байх талаар үүрэг болгоод явсан.
2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн огноо бүхий 01/57 дугаартай авто зогсоолын зориулалтын талбайг төсөл хэрэгжүүлэгч байгууллага болох “Э” ХХК болон “Г" ХХК-ийн түншлэлд хүлээлгэн өгөх талаар дурдсан мэдэгдлийг “Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-аас ирүүлсэн. Энэхүү албан мэдэгдлийг хүлээн аваад Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Сд “Хүсэлт гаргах тухай" 04 тоот албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичигт “Манай компани нь хүнсний худалдаа үйлчилгээний чиглэлээр 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өөрийн байр, “Ч” оффис болон “Ч” супермаркет дэлгүүрийн гаднах явган хүний зам, авто машины зам талбайг өөрийн хөрөнгөөр засаж тохижуулсан. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/665 тоот захирамжаар газар эзэмших эрхээ 15 жилийн хугацаагаар сунгуулж, одоо ашиглаж байгаа дэлгүүрийн барилгыг буулган эзэмшил газар дээрээ хотын өнгө үзэмжид нийцэхүйц орчин үеийн загвар хийцтэй, доороо автомашины зогсоолтой, худалдаа үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгыг Нийслэлийн хот төлөвлөлтийн МЗХ2022/17-005 А даалгаврын дагуу зөвшөөрсөн зураг эскизээр барихаар төлөвлөн бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхээр бэлтгэл ажил хийж байгаа ба барилга байгууламжийн ажил эхлэн явагдах үед зогсоол ашиглалтгүй болж төсөл хэрэгжүүлэгч нарт техник тоног төхөөрөмжийн болон бусад үйлчилгээний хүндрэл гарах магадлалтай тул энэ удаагийн төсөл хэрэгжүүлэх зогсоолын тооноос хойшлуулж өгөх хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн хариуг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/34 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Танай компанийн хэрэгжүүлэх гэж буй төслийн бүтээн байгуулалтын ажилд дээрх зогсоолын байршил хамааралгүй байх тул өөрийн эзэмшлийн газарт орц, гарцыг төлөвлөн нийтийн эзэмшлийн авто зогсоолуудын менежментийг сайжруулах чиглэлээр Нийслэлийн Засаг дарга болон эрх бүхий байгууллагаас гаргасан хууль ёсны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг дэмжин хамтран ажиллахыг хүсье” гэсэн хариуг ирүүлсэн. Дараа нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13 тоот албан бичгээр тус корпорацад өөрийн компанийн үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээтэй холбогдуулан бид эзэмшил газар дээрээ батлагдсан зураг, төслийн дагуу барилгын ажлыг 2025 оны 03-04 дүгээр сараас эхлэхээр төлөвлөн ажиллаж байгаа тул барилгын технологийн бүсэд орох газар барилгын ажил дуустал аюулгүй ажиллагааг хангах үүднээс зогсоолыг ажиллуулах боломжгүй болно. Барилгын ажил эхэлтэл зогсоолын менежментээ сайжруулж, улсаас ямар нэгэн зардал гаргахгүйгээр /тоног төхөөрөмж, тог, цахилгаан, сүлжээ, цэвэрлэгээ, үйлчилгээ, цалин хөлс гэх мэт/ тогтоосон үнэ тарифын дагуу төлбөрөө хариуцан төлөх болно. Биднийг дэмжин, уян хатан шийдвэр гаргаж, бизнес эрхлэгчээ дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэсэн хүсэлтийг дахин гаргасан боловч хоёр дахь хүсэлтийн хариуд 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01/50 тоот албан бичгээр “нийтийн эзэмшлийн авто зогсоолын үйл ажиллагааг түр хугацаагаар, хэрэв барилгын ажил эхлэхтэй зогсоох тохиолдолд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 7/66 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам”, Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Журам батлах тухай” А/840 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журам”-д заасны дагуу авто зогсоолын орлогыг сар бүр тооцоолон танай байгууллагаар төлүүлж, “Авто замын сан"-д төвлөрүүлэх шаардлагатай болох юм. Иймд холбогдох эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэрийг биелүүлж, журмын дагуу нийтийн эзэмшлийн зам талбайг яаралтай чөлөөлж, нийслэлээс хэрэгжүүлж буй төсөлд саад учруулахгүй байхад анхаарна уу” гэсэн хариу ирүүлсэн. Ирүүлсэн хариуг хүлээн зөвшөөрөөгүй тул 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манай компанийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн хугацаанд гаргасан гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн хүрээнд:
1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай” А/1058 дугаар захирамж хэлбэрээр гаргасан захиргааны актын “Бат” ХХК-д холбогдох хэсгийг х*******нгүй болгуулахаар хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна. Учир нь:
"Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаартай мэдэгдэлд үндэслэл болгосон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/1058 дугаартай захирамжид “Нийтийн эзэмшлийн зам талбай дахь 50 байршилд байгаа зогсоол” гэдэг утга нь шууд утгаараа төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр эрхлэн явуулж байсан манай компани руу шууд чиглэсэн акт болох нь “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-аас манай “Бат” ХХК-ийн нэр дээр хаяглан ирүүлсэн 01/57 дугаартай “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сонгон шалгаруулалт явуулж, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Э” ХХК болон “Г” ХХК-ийн түншлэлтэй хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа талаар дурдаж, авто зогсоолын газрыг төсөл хэрэгжүүлэгч байгууллага болох “Э” ХХК болон “Г” ХХК-ийн түншлэлд хүлээлгэн өгөх утга бүхий мэдэгдлээр нотлогдож байна. Манай компанийн нэр зааж мэдэгдэл явуулж байгаа нь тухайн заагдсан 50 байршлын жагсаалтад орсон учраас манайх руу хаяглан ирүүлсэн гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасан. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/1058 дугаартай захирамж нь нийтийн эзэмшлийн талбай дахь 50 байршилд байгаа зогсоолын менежмент, засвар, арчлалтыг хариуцан гүйцэтгэхээр нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан хуулийн этгээдтэй зохих журмын дагуу гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг даалгасан байгаа нь манай компанийн “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ”-ний үндсэн дээр төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх гэрээний үүргээ хэрэгжүүлэх эрхийг зөрчиж байна. Энэхүү захирамж нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гарч, нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан компаниудтай 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ хийсэн байна. Гэтэл энэхүү гэрээ хийгдэхээс өмнө манай “Бат” ХХК 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Засаг даргын харьяа байгууллага болох “Нийслэлийн замын хөгжлийн газар”, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-тай гэрээ байгуулан үйл ажиллагаагаа хэвийн явуулж гэрээний үүргээ биелүүлэн ажиллаж байсан байхад ийнхүү давхардуулан гэрээ байгуулж тодорхой нэг нөхцөлийг зохицуулахаар давхардуулсан шийдвэр гаргасан нь энэхүү захиргааны акт нь ямар ч судалгаагүйгээр хийгдсэн болохыг харуулж байна.
Өөрөөр хэлбэл нэг чиг үүрэг хэрэгжүүлэх үүргийг 2 байгууллагад давхардуулан олгож, энэхүү 2 байгууллагатай Нийслэлийн Засаг даргын харьяаны байгууллага гэрээ хийсэн нь ойлгомжгүй, давхардуулан өөр компанитай гэрээ хийсэн талаараа манай талд огт мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.4, 15.1.5 дахь хэсэгт заасан манай компанийн эрхийг зөрчсөн байна.
Мөн “Бат” ХХК нь 2022 онд өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамьянгүний гудамж-3 хаягт байх нэгж талбарын 1460600092 дугаар бүхий 2398 м.кв газар дээр 24 давхар “Бат” ХХК-ийн худалдаа үйлчилгээний барилгын зургийн загвар гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын ерөнхий архитектораар батлуулсан бөгөөд Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6 дахь хэсэгт зааснаар Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитектор нь “барилга байгууламжийг барьж байгуулахаас өмнө тухайн газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гудамжны нэр, барилгын дугаарыг тогтоож, газрын кадастрын бүртгэлд оруулах ажлыг зохион байгуулах” гэсэн эрхийн дагуу зургийн загварыг баталж, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаад явж байгаа.
Батлагдсан зургаар худалдаа үйлчилгээний төвийн барилгын гарцыг хойд хэсэгт байхаар шийдсэн бөгөөд хаалганы хэсгийн талбайд үйлчлүүлэгч нарын авто машинууд төв замын хөдөлгөөнд саад учруулахааргүй байдлаар Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.18-д заасан “замын зэргэлдээх нутаг дэвсгэр” зам хэлбэрээр төлөвлөж шийдсэн нь Улаанбаатар хотын ерөнхий архитекторын хяналтаар орж батлагдсан байгаа. Гэтэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаад явж байгаа энэхүү төлөвлөлтийг зөрчин ямар ч судалгаагүйгээр А/1058 дугаартай захирамжийг гаргасан нь манай компанийн хот төлөвлөлтийг хэрэгжүүлэх Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дэх хэсэгт заасан “эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага, болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх” эрхийг зөрчиж байна. Энэхүү Нийслэлийн ерөнхий архитекторын батлагдсан зураг нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/165, А/1058 дугаар захирамж гарахаас өмнө батлагдаж хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байхад энэ талаар Захиргааны акт гаргахдаа анхаарч үзээгүй, оролцогчийг сонсоогүй нь судалгаа муутай, хуулийн хүрээнд ажлаа явуулаагүй байгааг харуулж байна.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/1058 дугаартай захирамж буюу сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт нь агуулгын хувьд ойлгомжтой боловч уг актад Улаанбаатар хотын 50 байршил дахь авто зогсоол гэж тодорхой байршлыг хамааруулан заасан боловч уг зогсоолуудын жагсаалт тодорхой бус, уг захиргааны актадаа хавсралт байдлаар тусгаагүй байгаа нь уг актыг тодорхой бус гэж зай үндэслэл болж байна.
Захиргааны актыг гаргахдаа 50 байршил дахь авто зогсоол байгаа талаар дурдсан тохиолдолд жагсаалтын захиргааны актын хавсралт байдлаар тусгаж өгөх үүргийг захиргааны байгууллага хүлээж, захиргааны акт тодорхой болно. Гэтэл тодорхой бус байдлаар гаргасан захиргааны актыг үндэслэн нийтийн эзэмшлийн талбайд байх авто зогсоолын талбайг чөлөөлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дэх хэсэгт заасан “эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага, болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх” эрхийг болон Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна" гэсэн заалтыг зөрчсөн байна.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/1058 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаprax ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2. “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4. “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан. Хуулийн энэхүү бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ захиргааны актыг гаргахдаа хэрэгжүүлээгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна", 25.1.2. "Оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”, 25.1.7. “Оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах”, 26 дугаар зүйлийн 26.1. “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасан байна. Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/1058 дугаар бүхий захиргааны актыг гаргахдаа актад дурдагдсан Улаанбаатар хотын 50 байршил дахь авто зогсоолтой холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа манай байгууллагад тайлбар, санал гаргах боломж олгоогүй, оролцогчийг сонсох ажиллагааг явуулаагүй, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулж аваагүй нь дээр дурдсан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул хууль зөрчиж гаргасан захиргааны акт гэж үзэж байна. Энэ нь Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын ерөнхий архитекторын батлагдан Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан, “Бат” ХХК-ийн худалдаа үйлчилгээний барилгыг эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх манай компанийн эрхийг зөрчиж байна.
Захиргааны актыг бичгээр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д зааснаар “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах" гэж заасан байхад Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/1058 дугаар захирамжийг гаргахдаа Нийслэлийн 50 байршил дахь авто зогсоол гэх утгыг оруулсан ч энэхүү байршилд холбоо бүхий эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдүүдэд хэнд хандан ямар хугацаанд гомдол гаргах талаар огт заагаагүй байгаа нь хууль зөрчиж гаргасан захиргааны акт гэж үзэхээр байна.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1. “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасан боловч энэхүү гарсан захиргааны актуудын талаар өнөөдрийг хүртэл хугацаанд манай байгууллагад мэдэгдэж актын хувийг гардуулж өгөөгүй байна.
Дээрх байдлаас дүгнэж үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн "Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай” А/1058 дугаар захирамжийг гаргахад манай компани Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2. "Оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах", 25.1.7. "Оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах", 26 дугаар зүйлийн 26.1. "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэх заалтуудын хүрээнд тайлбар гаргаж өгөх эрхээ эдэлж чадаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж гаргасан байгаа нь хууль зөрчиж гаргасан захиргааны акт гэж үзэхээр байгаа тул уг захирамжийн "Бат" ХХК-д холбогдох хэсгийг х*******нгүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Нийслэлийн Засаг даргын харьяа байгууллага болох "Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаартай мэдэгдлийг х*******нгүй болгуулахаар хариуцагч “Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-т холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна. Учир нь “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаартай мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно", 37.2 дахь хэсэг "захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно", 37.5 дахь хэсэг "сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно" гэх заалтуудад зааснаар манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд нөлөөлж байгаа захиргааны актад хамаарч байна.
“Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ нь энэхүү захиргааны актыг гаргахдаа хууль зөрчиж гаргасан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн "Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай” А/1058 дугаар захирамжийг үндэслэсэн нь энэхүү гаргасан 01/57 дугаартай мэдэгдлийг нь х*******нгүй болгох үндэслэл болж байна.
“Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ нь “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй хэрэгжүүлэгчийг сонгон зогсоолын менежментийг сайжруулах төсөл"-ийг ажиллагаатай холбоотой гарсан Захиргааны актуудын талаар эрх, хууль ёсны ашиг шалгаруулах шийдвэрийн талаар болон энэхүү үйл сонирхол нь хөндөгдөж байгаа манай компанид огт мэдэгдээгүй. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/1058 дугаартай захирамжид зааснаар нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан хуулийн этгээдтэй зохих журмын дагуу гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-д даалгасны дагуу “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр "Э” ХХК болон “Г” ХХК-ийн түншлэлтэй хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулсан байхад энэ талаар манай компанид мэдэгдээгүй төдийгүй 1 чиг үүрэг хэрэгжүүлэх нөхцөлийн талаар 2 компанитай давхардуулан гэрээ байгуулж ажиллуулсан нь илт хууль бус үйлдэл байна.
“Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ нь манай компанитай 2024 онд “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ"-г 2 удаа байгуулан ажилласан нь эдгээр захиргааны байгууллагууд нь хоорондоо уялдаа холбоо муутай ажилладаг, энэхүү уялдаа холбоогүй байдлаас нь аж ахуйн нэгжийн эрх ашиг хохирч байгаа талаар захиргааны акт гаргахдаа судалж үзэхгүй байгаа нь харагдаж байна.
Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын батлуулсан Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зургаар худалдаа ерөнхий архитектор үйлчилгээний төвийн барилгын гарцыг хойд хэсэгт байхаар шийдсэн бөгөөд хаалганы хэсгийн талбайд үйлчлүүлэгч нарын авто машинууд төв замын хөдөлгөөнд саад учруулахааргүй байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм"-ийн 1 дүгээр зүйлийн 1.2.18-д заасан "замын зэргэлдээх нутаг дэвсгэр" зам хэлбэрээр төлөвлөж шийдэгдсэн байхад төлөвлөлтийг зөрчин ямар ч судалгаагүйгээр гаргасан А/1058 дугаартай захирамжийг үндэслэн “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-аас 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаартай мэдэгдэл гаргасан нь манай компанийн хот төлөвлөлтийг хэрэгжүүлэх Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дэх хэсэгт заасан "эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага, болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх" эрхийг зөрчиж байна...” гэжээ.
2.2. Нэхэмжлэгч “Бат” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бэс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...“Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-аас 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 01/57 дугаар мэдэгдэлдээ үндэслэл болгосон үндэслэл болгосон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын сарын 11-ний өдрийн 1058 дугаар захирамжид нийтийн эзэмшлийн зам талбай дахь 50 байршил зогсоолыг чөлөөлөх гэж шууд утгаараа төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр эрхлэн явуулж байсан манай компанид чиглэсэн акт гэдэг нь тогтоогдож байна. Учир нь “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын 01/57 дугаар мэдэгдлийг манай байгууллагад мэдэгдэхдээ маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 1058 дугаар захирамжийг үндэслэсэн байна. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 1058 дугаар захирамжийн хувьд нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан хуулийн этгээдтэй зохих журмын дагуу гэрээ байгуулж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах талаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпорацад” ХК-д даалгасан 2 талт захирамж боловч үндсэн агуулга нь захирамжид дурдсан нийтийн эзэмшлийн зам талбай дахь 50 байршилд зогсоолын үйл ажиллагаа явуулдаг компаниудын хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байна. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ч дэлгүүрийн зураг төслийг Улаанбаатар хотын ерөнхий архитектураар батлуулж, хотын ерөнхий төлөвлөгөөнд орж батлагдсан. Гэтэл энэ талаар судалсан зүйл байхгүй, эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдүүдэд сонсох ажиллагаа хийгээгүй, энэ талаар мэдэгдээгүй юм. Энэ үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2023 оны 1058 дугаар захирамжийн “Бат” ХХК-д холбогдох хэсгийг х*******нгүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Мөн 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан компаниудтай 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээ хийгдэхээс өмнө “Бат” ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Засаг даргын харьяа байгууллага болох Замын хөгжлийн газар, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ нар нь төлбөртэй зогсоолын гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл гэрээний хугацаа дуусаагүй байхад давхар гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл байна. Маргаан бүхий А/1058 дугаар захирамжид нийтийн эзэмшлийн 50 байршил дахь зогсоолын менежментийг сайжруулах гэж заасан. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт нь тодорхой байх ёстой гэтэл дээрх 50 байршлын тодорхой хаягийг хавсралтад тусгаагүй байсан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл учраас нэхэмжлэгчид холбогдох хэсгийг х*******нгүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Түүнчлэн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/-ын ерөнхий архитектураар батлагдсан зураг төслийг огт авч үзээгүй байна. Тухайн зураг төсөл нь хотын ерөнхий төлөвлөгөөнд орж батлагдсан. Маргаан бүхий газрыг зураг төсөлд тусгахдаа замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.18 дахь хэсэгт зааснаар замын зэргэлдээх газар дамжин өнгөрөх зам хэлбэрээр төлөвлөчихсөн байсан. Гэтэл төлөвлөгдсөн газрыг зогсоол хэлбэрээр ашиглах ёстой гээд хүчээр шийдвэр гаргаж манай байгууллагатай гэрээ байгуулсан. Манай байгууллага тус газрыг авто машины зогсоол хэлбэрээр үнэ төлбөргүй ашигладаг бөгөөд иргэдийн авто машиныг үнэгүй байрлуулах талаар хэлсэн боловч ерөнхийдөө гэрээ хийж төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг эрхлүүлсэн. Энэ зогсоол нь стандартын хувьд шаардлага хангах боломжгүй хотын стандартад нийцэхгүй зогсоол байсан.
Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагын хувьд дээрх хууль бус захиргааны актыг үндэслэн гаргасан уг газрыг чөлөөлөх тухай “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын 01/57 дугаар мэдэгдэл нь хууль бус гэж үзэж байна” гэв.
2.3. Нэхэмжлэгч “Бат” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэгдүгээрт, маргаан бүхий захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалтад зааснаар үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй. Учир нь Газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт нийтийн эдэлбэр газарт авто зогсоол хамаарах тухай заалт огт байдаггүй бөгөөд уг заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Гэтэл маргаан бүхий захирамж нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гарсан. Нийтийн эзэмшилд хамааралгүй газрыг нийтийн эзэмшлийн газарт хамруулж авто зогсоолын менежментийг сайжруулах тухай захирамж гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн буюу хууль зөрчсөн гэж үзэж байна.
Хоёрдугаарт, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны акт нь ойлгомжтой, тодорхой байх ёстой. Гэтэл 50 байршилд тухайлан заасан нь ойлгомжгүй, хавсралтаар оруулах ёстой байсан. Манай байгууллагын зүгээс шүүхээс хүсэлт гаргаж байж захирамж нь манай байгууллагад холбогдох юм байна гэдгийг мэдсэн. Энэ захирамж нь мөн хууль зөрчсөн, ойлгомжгүй гэж харагдаж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагаа явуулна гэж заасан. Маргаан бүхий захирамжийг гаргахдаа авто зогсоолын 50 байршил дахь иргэн хуулийн этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөх эсэх талаар судалгаа хийгдээгүй, сонсох ажиллагаа хийгдэхгүйгээр захирамжийг баталсан. Нэхэмжлэгч “Бат” ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээ байгуулж, төлбөртэй зогсоол ажиллуулж, замын хөгжлийн санд төлбөрийг төвлөрүүлж байсан. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг даргын захирамж гарч 2 байгууллагатай менежментийн гэрээ байгуулахыг даалгасан байгаа нь давхардуулан гэрээ байгуулсан гэж үзэхэд хүргэж байна.
Манай байгууллагын гэрээ х*******н төгөлдөр байх хугацаанд өөр байгууллагатай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл байна. Мөн захиргааны актыг гаргахдаа эрх ашиг сонирхол нь зөрчигдөж буй талаар санал авах ёстой байсан боловч огт мэдэгдэхгүйгээр энэ захирамжийг гаргасан нь манай байгууллагын хууль ёсны эрх ашгийг хөндсөн байна.
Гуравдугаарт, 2022 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 дүгээр тогтоолоор Тээврийн хэрэгслийн ил зогсоолд тавигдах ерөнхий стандартыг баталсан байна. Энэ стандартыг бид саяхан мэдсэн. Энэхүү захирамжид орц гарцын уулзвар хүртэлх зай нь 50 метрээс байх, олон нийтийн байгууллагын хэмжээ газрын хилээс авто зогсоол хүртэл 10 метрээс багагүй байна гэж заасан. Энэ хэмжээтэй манай авто зогсоолын хэмжээ огт таардаггүй. Авто зогсоол төлөвлөх боломжгүй газар төлөвлөж, менежментийг сайжруулахаар төлөвлөгөө гаргасан. Судалгаа огт хийгдээгүй байсан. Гуравдагч этгээдийн хариу тайлбартай бүгд танилцсан байх. Хамтарсан компани байгуулаагүй учраас менежментийн гэрээ нь хэрэгжээгүй, одоог хүртэл үйл ажиллагаа явуулаагүй, цаашид ажиллагаа хийгдэх боломжгүй байдал нь харагдаж байна. Анх гарахдаа эрх зүйн зөрчилтэй гаргасан учраас нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна. Маргаан бүхий 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А1058 дугаар захирамжийн “Бат” ХХК-д холбогдох хэсгийг х*******нгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдэлд нэр бүхий компаниудтай хамтран ажиллах болсон тул хүлээлгэж өгөх талаар мэдэгдэл өгсөн. Энэхүү мэдэгдэл нь мөн дээр хууль бус захирамжийг үндэслэн гаргасан. Манай байгууллагын зүгээс дээр мэдэгдлийг хүлээн авч хариуцсан “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-д хандан хүсэлт гаргасан. Тус газраас 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хариу ирүүлсэн. Манай байгууллагын зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дахин хариу өгсөн. Тус хүсэлтэд хариу авахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хуулийн хугацаанд гаргасан.
Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагаас татгалзаж байна. Ийнхүү татгалзаж буй гол шалтгаан нь шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаас харахад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 21 дүгээр тогтоолоор стандартын шаардлага хангахгүй авто зогсоол байсныг бид мэдсэн. 1992 оноос тус газарт оффисын барилга баригдах үед авто зогсоол чиглэлээр ашиглахгүйгээр дамжин өнгөрөх замын зориулалтаар ашиглахаар барьсан. Цаашид тус газарт ямар ч авто зогсоол төлөвлөх боломжгүй гэдгийг дээрх тогтоолыг хараад мэдсэн. Иймд гэрээг сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэв.
2.4. Нэхэмжлэгч Л.Боос шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... Анх нийслэлээс томоохон барилга, байгууламжуудын орчны газар буюу тухайн барилгыг эзэмшигч этгээдийн өөрийн эзэмшил газраасаа нийтийн эзэмшилд шилжүүлсэн, мөн өөрсдийн хөрөнгөөр тохижуулсан зам, талбайг төлбөртэй зогсоол хэлбэрээр ашиглах сонирхол бүхий иргэн аж, ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу төлбөртэй авто зогсоолыг сонирхогч этгээдийн хөрөнгөөр бий болгож, ашиглах ажлыг эхлүүлсэн. Энэ дагуу төлбөртэй авто зогсоол эрхлэх хүсэлт гаргасан этгээдүүд нь бүгд тухайн барилга, байгууламжийг эзэмшигч этгээдтэй хамаарал бүхий этгээдүүд байсан тул эзэдтэй нь тохиролцож, зөвшөөрөл авсны үндсэн дээр төлбөртэй авто зогсоолын үйл ажиллагаа эрхэлж, өөртөө тодорхой ашиг олохоос гадна тухайн зогсоолдоо ажлын байр бий болгож, тэнд ажиллаж байгаа 2-4 хүнийг цалинжуулсан.
Нэхэмжлэгч Л.Бын хувьд “З корпорац”, З******* зочид буудал хоёрын эзэн (нэг захиралтай)-тэй хамаарал бүхий этгээд байсан учраас тухайн зам, талбайд нийслэлтэй гэрээ байгуулан төлбөртэй авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэх болсон. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах нийтийн эрх ашигт өөрийн хувь нэмрээ оруулж байгаа. Л.Б нь “З корпорац”-ийн З оффисын 15 давхар барилга, З******* зочид буудлын 10 давхар барилгын дунд талын талбайг дээрх хоёр барилгын эзэн болох С.Д******* (нэхэмжлэгч Бтой хамаатан)-той тохиролцож түүнээс зөвшөөрөл авч байж төлбөртэй авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэх болсон. Нэр бүхий барилгуудад байрлах, зочид буудалд ирэх зочид, жуулчид, түрээслэгч нартаа зориулан авто машин байрлуулах зам, талбай болгосон гэсэн үг юм. Түүнчлэн дээрх хоёр аж ахуйн нэгжийн түрээслэгч нар, буудалд байрлах зочид, үйлчлүүлэгчид, жуулчид, тухайн аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид энэхүү зогсоолд авто машин байрлуулсны төлбөр төлдөггүй учир мөн энд дурдагдсан тодорхой бүлэг этгээдийн эрх ашиг мөн хөндөгдөх болохоор хоёр барилгын өмчлөгч эзний эрх, хууль ёсны ашиг сонирхол давхар хөндөгдөнө гэсэн үг юм. Нэхэмжлэгч нь дээрх авто зогсоолыг төлбөртэй ажиллуулан тодорхой ашиг олж, 4 хүнийг ажлын байраар хангаж хүн тус бүрийг өдрийн 100,000 төгрөгөөр цалинжуулдаг.
Субьектив эрхийг тодорхой үйлдлийг бие даан хийх хуулиар болон захиргааны зүгээс олгосон боломж гэж үзвэл нэхэмжлэгчийн тухайн авто зогсоолыг ажиллуулж шударгаар ашиг олж байгаа тэр боломжийг, нийтийн эрх ашигт, болон тодорхой бүлэг этгээдийн эрх ашигт оруулж байгаа хувь нэмэр буюу тэр боломжийг маргаан бүхий захиргааны актууд хөндөж, тэрхүү боломжийг буюу Л.Бын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хаан боогдуулж, хөндөж байгаа болно.
“Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай” А/1058 дугаар захирамжийн 1 дэх заалтын Л.Бод холбогдох хэсэг (Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр З******* зочид буудлын урд талын талбай дахь байршилд холбогдох хэсэг)-ийг, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын 2025 оны 01-р сарын 14-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдлийг тус тус х*******нгүй болгох, нэхэмжлэгч нартай “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулах гэрээ”-г үргэлжлүүлэн байгуулахыг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-т даалгах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна. Учир нь “Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай” А/1058 дугаар захирамж нь “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-д даалгасан боловч захирамжийн үйлчлэлд хамаарч байгаа 50 байршилд үйл ажиллагаа явуулж байсан иргэд, аж ахуйн нэгжийн ихэнх хэсэг нь буюу 30 гаруй нь маргаан бүхий актуудыг хүлээн зөвшөөрч талбайг чөлөөлж өгсөн учир өөрт холбогдох хэсгийг гэж тодорхойлох нь нөхцөл байдалд илүү нийцнэ гэж үзэж байгаа болно.
Иймд “Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай” А/1058 дугаар захирамжийн Л.Бод холбогдох хэсэг (Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр З******* зочид буудлын урд талын талбай дахь байршилд холбогдох хэсэг)-ийг, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдлийг тус тус х*******нгүй болгох, нэхэмжлэгч нартай "Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулах гэрээ"-г үргэлжлүүлэн байгуулахыг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-т даалгаж өгнө үү“ гэжээ.
2.5. Нэхэмжлэгч Л.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны зарчим нь ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, мөн хуулийн хэсгийг баримталдаг. Гэтэл маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа шударга ёсны болон тэгш байдлын зарчмыг хангаагүй юм. Учир нь Иргэний хуульд давуу байдлаар түрээслэгч буюу газрыг түрээслэгч байгууллага, иргэн нь давуу байдлаар үргэлжлүүлэн гэрээ байгуулах эрхтэй байдаг. Гэтэл тэр давуу эрхийг эдлүүлэхгүйгээр захирамж гаргасан.
Нэгдүгээрт, маргаан бүхий захирамжид 50 байршил гэж дурдсан боловч тодорхой нэр заагаагүй. 75 байршилд төлбөртэй зогсоол явуулдаг боловч яг ямар 50 байршлын авто зогсоолыг чөлөөлөх гэж байгаа нь тодорхойгүй. Мөн “Э” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь н.Чулуунбаатар гэдэг хүн байдаг. Монгол Улсад амьдарч буй иргэдийн болон байгууллагуудын эрхийг хамгаалахдаа тэгш байдлын болон шударга ёсны зарчмыг хангаж байж төрийн үйл ажиллагаа явагддаг. Гэтэл “Э” ХХК-ийг сонгон шалгаруулж энэ эрхийг олгосон нь хууль зөрчсөн, шударга ёсны болон тэгш байдлын зарчмыг хангаагүй гэж ингэж үзэж байна. Учир нь төрийн байгууллагын зүгээс ард иргэд мөн аж ахуйн нэгж байгууллагын амьдралыг сайжруулах, орлого олох нөхцөлийг нь бүрдүүлэх үйл ажиллагаа явуулах ёстой хэдий ч зөвхөн нэг компанид давуу байдал олгож, энэ компанийн эрх ашгийг хангасан нь хууль зөрчсөн үйлдэл байна. Иргэний эзэмшиж байгаа газрыг төр авахдаа нөхөн төлбөр олгож байж авдаг. Хот байгуулалтын тухай хуулиар тухайн газрыг 100 хувь эзэмшиж байгаа газрын 70 хувийг нь барилгажуулж, 30 хувийг нь авто зогсоол нийтийн эзэмшлийн зам талбай буюу явган хүн зорчих талбай болгохоор заасан байдаг. Гэтэл барилга барихдаа нэгдүгээрт хууль бусаар албадан чөлөөлж, барилга барих зөвшөөрөл өгөөд 30 хувийг нийтийн эзэмшил болгохыг үүрэг болгож, хууль зөрчиж газрыг авч байна. Мөн арчилгааг хариуцуулж, Нийслэлийн Замын хөгжлийн газартай гэрээ байгуулан 40 хувийг нь төр авч байгаа нь хууль бус. Гэтэл 2023 онд захирамж гаргаж 2 компани шалгаруулан албадан чөлөөлөх мэдэгдэл гаргасан. Энэ захирамжийн талаар огт мэдээгүй байтал 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мэдсэн.
Хоёрдугаарт, 2025 оны А276 дугаар захирамж нь мөн л нийтээр тэмдэглэх баярт өдрүүдэд мэдэгдэл ирсэн. Миний бие “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-тай уулзсан. Шүүхээр асуудлыг шийдвэрлүүлсний дараагаар үйл ажиллагаа явуулна гэж тайлбарласан. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглох заалтыг зөрчсөн. Тухайн газар нь компанийн эзэмшил байхад төр 2 удаагийн үйлдлээр нийтийн эзэмшлийн зам талбай болгож одоо өөр компанид авто зогсоол хэлбэрээр түрээслэх гэж байгаа нь хууль бус юм. “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдлийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг х*******нгүй болгуулах шаардлагыг дээр дурдсанчлан тайлбарласан.
Даалгах нэхэмжлэлийн тухайд шүүхээр асуудал шийдэгдэж дууссан ч гэрээ байгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулах магадлалтай байна. Учир нь газрын үзлэг хийхэд болон шүүх хуралдааны явцад хариуцагчаас даалгах шаардлагын талаар тайлбар хэлсэн” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
3.1. Хариуцагч “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-аас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “...Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг төлөвлөх, барьж байгуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах болон нэгдсэн удирдлагын системд холбох зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/165 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан санал боловсруулж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн VIII хуралд танилцуулсан. Тус зөвлөлийн хурлаас Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн 50 байршилд байгаа 2400 зогсоолын менежмент, засвар, арчлалтыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалтаар хувийн хэвшилд хариуцуулан гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулахыг Ажлын хэсэгт болон “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-д тус тус үүрэг болгосон.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/165 дугаар захирамж, “Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай” А/1058 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2023 оны VIII хуралдааны тэмдэглэлд тус тус заасны дагуу “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, шалгарсан хуулийн этгээдтэй 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан.
Иймд дээрх төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах дээд газраас ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/1121 дугаартай албан бичгээр нийтийн эзэмшлийн талбайд төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэгчидтэй хийсэн гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 31- ний өдрөөр дуусгавар болсон талаар мэдэгдэл хүргүүлсэн. Мөн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаартай албан бичгээр нийтийн эзэмшлийн зам талбайг хүлээлгэн өгөх тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн болно.
“Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээг эхний хагас жил, сүүлийн хагас жилээр гэрээ байгуулсан бөгөөд төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуй нэгжид гэрээ байгуулах бүрд төсөл хэрэгжиж эхлэхэд гэрээний хугацаа дуусгавар болж нийтийн эзэмшлийн талбайг хүлээлгэн өгөх талаарх тайлбар мэдээллийг танилцуулж ажилласан. Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.2-т “үйлчилгээ эрхлэгч өөрийн хөрөнгөөр төлбөртэй зогсоолын талбайг зогсоолын зориулалтаар захиалагчийн шаардлагад нийцүүлэн өөрийн -т хөрөнгөөр тохижуулах, зогсоолын орох гарах цэгт программчлагдсан хаалт, И-баримт олгох төхөөрөмж, хяналтын камер зэрэг тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 10 хоногт багтаан хийж гүйцэтгэх бөгөөд гэрээ цуцлагдсан тохиолдолд дээрх асуудлаар аливаа нэгэн эд хөрөнгийн маргаан гаргахгүй байх” гэж, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.5-д "үйлчилгээ эрхлэгчээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа тохиолдолд зориулалтын талбайг гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс хойш 5 өдрийн дотор хэрэгжүүлэгч байгууллагад хүлээлгэн өгөх” гэж тус тус заасан байдаг. Энэ хүрээнд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төслийг хэрэгжүүлэгч байгууллагад нийтийн эзэмшлийн талбайг хүлээлгэн өгч, хэрэгжүүлэгчийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж бүхий иргэн, аж ахуй нэгж нь үнийн санал гарган харилцан тохиролцож, шаардлага хангахгүй тоног төхөөрөмж бүхий төлбөртэй зогсоолуудын тоног төхөөрөмжийг өмнө үйл ажиллагаа эрхлэгчид нь өөрийн эзэмшилдээ авах зарчмаар төсөл хэрэгжиж байгаа бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар нийтийн эзэмшлийн 18 байршлын 1137 зогсоолыг хүлээлцэн нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл нь амжилттай хэрэгжиж байна.
Нэхэмжлэл гаргасан иргэн, хуулийн этгээдийн ашиглаж байсан газар нь тухайн иргэдийн эзэмшлийнх бус “нийтийн эзэмшлийн газар” ба гэрээгээр ашиглах хугацаа дуусаж, гэрээ дахин сунгагдаагүй учир нэхэмжлэл гаргагч этгээд нь тухайн байршилд үйл ажиллагаа явуулахаар шаардаж байгаа нь хуулийн үндэслэлгүй болно” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2023 оноос эхлэн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулах гэрээг нэхэмжлэгч нартай байгуулан ажиллаж байсан. Гэрээ х*******н төгөлдөр байхад 2023 оны 09 дүгээр сард нийслэлийн Засаг даргын зогсоолын менежментийг сайжруулах тухай А1058 дугаар захирамж гарсан. Энэ хооронд иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ хийгдэж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. 2023 оны 11 дүгээр сард “Э” ХХК нь сонгон шалгаруулалтаар шалгарсан. Шалгарсан компани нь шууд ажлаа хийж эхлээгүй. Ингээд 2024 онд энэ байгууллагууд “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-тай дахин төлбөртэй зогсоолын үйл ажиллагааны гэрээг 1 дүгээр сар болон 7 дугаар сард хуваан хийсэн. Учир нь захирамжийн хэрэгжилтийн талаар танилцуулж, хэзээнээс эхлэх нь тодорхойгүй учраас хагас жилээр гэрээг байгуулсан нь ингэхдээ захирамжийн талаар мэдэгдсэн. 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шалгарсан компани нь үйл ажиллагаа эхлүүлэх шаардлагатай болсон учраас манай байгууллагын зүгээс 2025 онд гэрээ хийгдэх боломжгүй болсон талаар 2024 оны 12 дугаар сард мэдэгдэл хүргүүлсэн боловч нэхэмжлэгч нар нь газрыг чөлөөлж өгөхгүй байсан учраас 2025 оны 02 дугаар сард Нийслэлийн Засаг даргын А/276 дугаар захирамж гарч албадан чөлөөлөлт хийгдсэн. Давхар гэрээ хийгдсэн гэж тайлбарлаж байна. 2024 онд энэхүү байгууллагууд гэрээ хийгдэж байсан. Харин “Э” ХХК-тай гэрээ хийгдэж давхар үйл ажиллагаа хийгдэж байсан зүйл байхгүй. Зөвхөн шалгаруулалт хийгдэж байсан. Дээрх 50 байршлыг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-тай нийт 76 байгууллага гэрээтэй байдаг бөгөөд дээр 50 байршил нь нийтийн эзэмшил байсан. Үлдсэн газрууд нь хувийн эзэмшлийнх байсан тул үүнээс бид бүхэн нийтийн эзэмшлийн 50 байршлыг сонгосон. Мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны egazar.gov.mn цахим системээс харахад дээрх газрууд нь нийтийн эзэмшлийнх байдаг. Хүнс худалдаа, үйлчилгээний газраас зөвхөн ойр орчмын 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй тухай зураглал юм. Газрын албанаас албан ёсоор олгосон кадастр биш юм. Зогсоолын стандартын тухайд 2023 оноос өмнө гэрээ байгуулж төлбөртэй зогсоол ажиллуулж байсан. Гэтэл зогсоолын менежментийг сайжруулж, өөр ажил хийгдэх болохоор стандартын талаар ярьж байна” гэв.
3.3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “... “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ нь чиг үүргийн хүрээнд зогсоолын үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуй нэгжтэй байгуулсан гэрээний 2.4.2-т "Үйлчилгээ эрхлэгч өөрийн хөрөнгөөр төлбөртэй зогсоолын талбайг зогсоолын зориулалтаар захиалагчийн шаардлагад нийцүүлэн өөрийн хөрөнгөөр тохижуулах, зогсоолын орох гарах цэгт программчлагдсан хаалт, и-баримт олгох төхөөрөмж, хяналтын камер зэрэг тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 10 хоногт багтаан хийж гүйцэтгэх бөгөөд гэрээ цуцлагдсан тохиолдолд дээрх асуудлаар аливаа нэгэн эд хөрөнгийн маргаан гаргахгүй байх”, мөн гэрээний 4.1.5-д “Үйлчилгээ эрхлэгчээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа тохиолдолд зориулалтын талбайг гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор хэрэгжүүлэгч байгууллагад хүлээлгэн өгнө” гэж заасны дагуу харилцан зөвшилцөн хамтран ажилласан болно. Уг төсөл зогссоноор Монгол Улсыг хөгжүүлэх урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан төсөл арга хэмжээ царцах, Монгол Улсын хэмжээнд 1,234,701 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 53,6% буюу 662,644 нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож, нэг өрхөд дунджаар 1,5 машин ногддог. Нийслэл хотод 985 мянга орчим нийтийн тээврийн автобус 101 чиглэлд үйлчилгээ үзүүлж байгаа хэдий ч хүрэлцээ хангалтгүй улмаас иргэд хувийн автомашинаараа зорчихыг илүүд үзэж, энэ цаашлаад авто замын түгжрэл нэмэгдэх. Иргэн, аж ахуй нэгжүүд өөрсдийн эзэмшлийн байшин барилгын ойролцоох нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн хаалт хашлага татаж тогтоосон үнэ тарифыг мөрдөн ажиллаагүйгээс төлбөртэй зогсоолд иргэд өдөрт 3000-17000 төгрөгийг төлбөртэй зогсоолд зарцуулж, цаашлаад зам, орц гарц, тэмдэглэгээ бүхий газарт тээврийн хэрэгслийн түр буюу удаан байрлуулснаар тээврийн хэрэгслээ ачуулж 60 мянган төгрөг, зөрчил гаргасан үйлдэлдээ 20 мянган төгрөгөөр торгуулж эдийн засгаараа хохирох. Иргэд сул зогсоолын байрлалыг хайж, авто замын хөдөлгөөнд ачаалал ихээр нэмэгдүүлж, замын түгжрэл үүсгэж, цаг хугацаа алдах. Төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэгч иргэн аж ахуй нэгжүүд бүрэн камержуулаагүй, суурилуулсан камер нь ажиллагаагүй, хяналтгүйгээс иргэд эд хөрөнгөөрөө хохирох зэрэг нийтийн эрх ашиг зөрчигдөж, иргэд санхүү эдийн засгаараа хохирч байгаа учраас уг төсөл арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Дээрх төсөл арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр:
Авто зогсоолуудыг ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлж, нэгдсэн удирдлагад оруулснаар авто зогсоолын менежмент сайжирч, автозамын санд төвлөрөх орлого төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө төсөвт төвлөрүүлж байсан орлогоос төслийн эхний 3-н жилд 1-2 дахин дараагийн 5-н жилд 3-4 дахин өсөх тооцоололтой байгаа буюу бүх зогсоолын машин орж гарах хөдөлгөөнийг нийслэлээс бүрэн хянаж орлогыг бодитоор төвлөрүүлэх, төлбөрийн уян хатан системийг нэвтрүүлэх буюу урьдчилсан болон дараа төлбөрт нөхцөл боломжийг олгох, худалдаа үйлчилгээний болон албан байгууллагуудаар үйлчлүүлэгчдийг зогсоолоор хангах, зогсоолын эрэлт хүртээмжийг нэмэгдүүлэх суурь нөхцөл бөгөөд хэрэглэгч гар утасны аппликэйшнээр дамжуулж, тухайн агшинд сул зогсоолын байрлалыг харснаар зогсоол хайж, авто замын хөдөлгөөнд ачаалал нэмэхгүй тул энэ нь нийслэлийн авто замын эрчим нэмэгдэх, түгжрэлийг бууруулах боломжийг бүрдүүлэх, зогсоолын камеруудын бичлэгийг 30 хоногоос дээш хугацаахаар серверт хадгалах. Ингэснээр тээврийн хэрэгслийн эд ангийн хулгайтай тэмцэх, эзэн холбогдогч этгээдийг эрт илрүүлэх гэх мэт олон давуу талтай төсөл юм.
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт "Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно" заасан бөгөөд тухайн захирамж нь дотогш чиглэсэн нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт биш болно. Мөн нэхэмжлэл гаргасан иргэн, хуулийн этгээдийн ашиглаж байсан газар нь тухайн иргэдийн эзэмшлийнх бус “нийтийн эзэмшлийн газар” ба гэрээгээр ашиглах хугацаа дууссан бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг “Х*******н төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” заасан тул нэхэмжлэл гаргагч этгээд нь тухайн байршилд үйл ажиллагаа явуулахаар шаардаж байгаа нь хуулийн үндэслэлгүй болно.
Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний хэрэгжилт удаашрах, түүнээс хүртэх эдийн засгийн боломж, үр ашиг алдагдах, батлагдсан төсөв үргүй зарцуулагдах зэрэг нийтийн эрх ашиг сонирхолд илтэд хохирол учирч болзошгүй тул нэхэмжлэлийг х*******нгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын А/1058 дугаар захирамж нь нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гэж үзэж байна. Захиргааны акт нь гадагшаа болон дотогшоо чиглэсэн гэж ангилагддаг. Тус захирамж нь дотогш чиглэсэн шинжтэй, Нийслэлийн Засаг даргаас өөрийн хэрэгжүүлэгч агентлаг болох “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-д үүрэг болгосон байна. Энэ захирамжид нэхэмжлэгч нарын талаар дурдаж эрх ашгийг хөндөөгүй юм. Нийтийн эзэмшлийн 50 байршлын талаар тусгаж өгсөн.
Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгжүүд өмчлөөгүй газрыг нийтийн эзэмшлийн газар гэж заасныг үндэслэн тус газар нь нийтийн эзэмшлийн газар байна. Гэрээг үргэлжлүүлэн байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа татгалзсан байна. Үүнээс харахад “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын 01/57 дугаар мэдэгдлийг х*******нгүй болгох шаардлагаас мөн татгалзаж байна гэж ойлголоо. Тус мэдэгдэл нь гэрээг үргэлжлүүлж байгуулахгүй гэсэн утгатай.
Л.Б*******ын тухайд төлөөлөгч нь уулзсан гэж тайлбарлаж байна. Гэрээг миний бие өөрөө хариуцаж ажилладаг. “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-тай уулзсан гэж байгаа боловч надтай огт уулзаагүй. Нэхэмжлэгч нараас стандартын талаар тайлбарлаж байна. Миний бие 2024 оны 04 дүгээр сараас гэрээг хагас жилийн хугацаатай байгуулсан. Гэрээг байгуулахдаа энэ стандартыг танилцуулж гэрээний оролцогч нараар гарын үсэг зуруулж, хувийн хэрэг бүрдүүлж ажилласан. Ажлын хэсгээс гарсан 840 дүгээр тушаал болон холбогдох стандартын талаар танилцуулж хувийг хэрэг бүрдүүлсэн. Энэ стандартын талаар надаас цахимаар мэдээлэл авсан. Иргэн Л.Бын тухайд мэдэгдэл хүргүүлсэн боловч одоо ч үйл ажиллагаа явуулж байгаа хэвээр байдаг” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээд хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
4.1. Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “...“Э” ХХК нь “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-аас 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зарласан УБХК2023/05-03 дугаартай “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийн урьдчилсан болон уралдаант шалгаруулалтад оролцох саналыг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн АБ-23/25 тоот албан бичгээр хүргүүлсэн. "Э” ХХК болон “Г" ХХК-ууд тус сонгон шалгаруулалтад 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ХН-23/14 тоот Түншлэлийн гэрээний дагуу хамтран оролцохоор гэрээ байгуулсан ба тус өдрийн ГСМ-121/23 тоот "Э” ХХК болон “Г” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хамтарсан мэдэгдлээр сонгон шалгаруулалтад Түншлэлийн нэрийн өмнөөс үүрэг хүлээх эрхийг М.Өлзийдэлгэрт итгэмжлэн олгосон.
“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-аас 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлж, гэрээний хэлэлцээрт урих тухай” 01/270 тоот албан бичгийн дагуу “Э” ХХК болон “Г” ХХК-ийн түншлэл нь сонгон шалгаруулалтад тэнцэж, дараалуулсан жагсаалтын нэгдүгээр байранд орсон тухай мэдэгдлийг ирүүлсэн.
"Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-аас 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Гэрээ байгуулах тухай” 01/437 тоот албан бичгээр “Э” ХХК болон "Г" ХХК-ийн түншлэлд “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл"-ийг хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулах эрх олгогдсон болно. Эрх олгогдсоны дагуу “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Г/23-82 тоот гэрээг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК болон “Э” ХХК болон “Г” ХХК-ийн түншлэлийн хооронд байгуулсан.
Гэрээ байгуулагдсанаас хойш нэг жилийн хугацаанд төслийн байршлуудыг төсөл хэрэгжүүлэгчид хүлээлгэн өгөх эсэх нь тодорхойгүй байдалтай байсан бөгөөд тус хугацаанд түншлэлийн компаниуд нь төсөл хэрэгжүүлэх байнгын бэлэн байдалд ажиллаж, эрх олгогч болон зохицуулагч байгууллагуудад цаг тухайд нь холбогдох мэдээллийг шинэчлэн хүргүүлэх зэргээр төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс шаардлагатай бүхий л ажлуудыг хийж ирсэн. “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-аас “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-д 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн “Хариу хүргүүлэх” тухай 01/1076 тоот албан бичигт төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн зогсоолуудын 40 байршлыг тодорхойлж, эцэслэсэн. “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-аас зогсоол эзэмшигч нартай байгуулсан гэрээ нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж байгаатай холбогдуулан “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ, “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК, “Э” ХХК болон “Г” ХХК-ийн түншлэлийн компаниудын төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан 2025 оны 01 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд зогсоолын байршил хүлээлцэх, зогсоол эзэмшигч нартай газар дээр нь очиж уулзах ажлыг зохион байгуулсан” гэжээ.
4.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...“Э” ХХК нь Нийслэлийн Засаг дарга, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын тайлбаруудыг дэмжиж байна. Манай компани нь “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-аас зарласан 0503 дугаар нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийн сайжруулах урьдчилсан болон уралдаант шалгаруулалттай 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр танилцсан. Энэ шалгаруулалт талаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдад бүх хэлбэрээр зарыг мэдэгдсэн байсан. Ийнхүү шалгаруулалтын баримт бичгийг тодорхой хэмжээний төлбөр төлж худалдан авч 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шалгаруулалтад оролцох шийдвэрийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-д хүргүүлсэн. Монгол Улсад хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд ямар нэгэн сонгон шалгаруулалт, тендерт оролцох эрх нь хуулиар хязгаарлагдаагүй нээлттэй байдаг. Авто зогсоолтой холбоотой шалгаруулалт Монгол Улсын хэмжээнд зарлагдаж байхад төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдийн хувьд тухайн сонгон шалгаруулалтыг мэдэх боломжгүй байсан нөхцөл байхгүй. 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Э” ХХК болон “Г” ХХК нар нь хамтран түншлэлийн гэрээ байгуулан шалгаруулалтад орсон бөгөөд компанийн түншлэлийн “Э” ХХК тэргүүлэн оролцсон. Эхний шалгаруулалтад оролцоход 10 гаруй компани тендерийн баримт бичгийг авч 5 компани тендер сонгон шалгаруулалтад нээлттэй оролцож, тендер нь Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулагдсан. Тус хуулиар Нийслэлийн Засаг дарга болон түүний үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэгч “Улаанбаатар хөгжлийн корпорац” ХК нь сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Сонгон шалгаруулалттай холбоотой маргаан гараагүй. 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0170 дугаар албан бичгээр сонгон шалгаруулалтад тэнцэж жагсаалтын 1 дүгээр байранд орсон тухай мэдэгдсэн. Тус мэдэгдлийг сонгогдоогүй компаниудад сонгогдоогүй шалтгааныг зааж, сонгогдсон компанид тэнцсэн талаар мэдэгддэг. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар дээд шатны байгууллагад гомдол гаргах хугацаа олгогддог. Ингээд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулах тухай мэдэгдлийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-аас ирүүлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг дарга, түүний хэрэгжүүлэгч агентлаг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-тай гэрээ байгуулсан.
Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтад заасан 50 байршилд 17,600,000 төгрөгөөр олон улсын жишиг стандартад нийцсэн төлбөртэй зогсоолыг Улаанбаатар хотын хэмжээнд бий болгоно. Эргээд зогсоолуудыг 15 жилийн хугацаанд эзэмшиж, ашиглах эрхтэй байхаар зохицуулсан. Гэрээний урьдчилсан нөхцөл “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-д тодорхой хэмжээний төлбөр төлж дээрх 50 байршлыг хүлээлгэж өгөх ажиллагаа тодорхой шалтгаан улмаас хэрэгжихгүй байна. Манай компанийн зүгээс бэлэн байдлыг хангаж үндсэндээ 1 жил алдсан. Хавтаст хэргээс харахад энэ хугацаанд “Замын хөдөлгөөн удирдлагын төв” ОНӨТҮГ-аас шилжүүлж өгөх боломжгүй тодорхой шалтгаануудтай байсан байна. “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын хариу тайлбарт дурдсанаар эзэмшиж, ашиглаж байгаа этгээдүүдэд нийслэлийн хэмжээнд 50 байршилд нэгдсэн стандартаар төсөл хэрэгжихээр болсон тул 6 сараар сунгах байдлаар гэрээг байгуулж байсныг тайлбарлаж байна.
Нийтийн эзэмшлийн газрын асуудал яригдаж байгаа 50 байршлуудад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласнаар нийтийн эзэмшил гэдэг нь хэн нэгэн хүний эзэмшил ашиглалтын асуудал биш юм. Нэхэмжлэгчээс сонсох ажиллагааны талаар тайлбарлаж байна. Сонсох ажиллагаа болон газрын нөхөн төлбөрийн асуудал нь Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуулиар зохицуулагддаг. Эзэмшигч, ашиглагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж нөхцөлд хэрэглэгдэх ёстой. Нөгөө талаас маргаан бүхий захирамжийн үндэслэлд дурдсан холбогдох хууль тогтоомжуудад холбогдуулан ямар нэгэн захиргааны актыг х*******нгүй болгох талаар огт яригдахгүй байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь өөрсдийн эзэмшилд 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй мөн болсон бөгөөд газрыг нь төр өөрийн өмчлөлд авч байгаа бол нөхөн төлбөр авах боломжтой байсан.
Нийслэлийн Засаг дарга нь нийтийн эзэмшлийн газар гэдгийг нотолж тайлбарлаж байгаа учраас сонсох ажиллагаа бол явагдахгүй. Мөн дээрх 50 байршилд бүх аж ахуйн нэгж нэг стандарттай нэг гэрээ хийсэн. Тус гэрээнд гэрээний хугацаа, төлбөрийн хэмжээг тодорхой дурдсан байна. Тус гэрээг Иргэний хуулийг баримтлан байгуулсан тул захиргааны хэргийн шүүхэд тус гэрээний талаар яригдахгүй. Тус гэрээний 2.4.2 дахь заалтад нэхэмжлэгч нарын зүгээс өөрийн хөрөнгөөр төлбөртэй зогсоолын талбайг авто зогсоолын зориулалтаар захиалагчийн шаардлагад нийцүүлэн тохижуулах, зогсоолын орц, гарцыг программын хаалт, и-баримт, тоног төхөөрөмж хяналтын камерыг суурилуулах ажлыг гэрээнд зааснаас хойш 10 хоногийн дотор гүйцэтгэх бөгөөд цуцлагдсан тохиолдолд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан гаргахгүй гэж заасныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Иймд энэ гэрээтэй холбоотой ямар нэгэн маргаан иргэний хэргийн шүүхэд гараагүй тул энэ гэрээг нэхэмжлэгч нар нь хүлээн зөвшөөрч, орлого олж тодорхой төлбөрийг төсөвт төвлөрүүлж ажилласан. Гэрээг цуцалсан ажиллагаа явагдаагүй, гэрээ дуусгавар болсныг шүүх анхаарч үзэх шаардлагатай.
Мөн гэрээний 4.1.4 дэх заалтад шаардлагатай тохиолдолд “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ нь гэрээг цуцлах эрхтэй байхаар заасан. Энэ эрхийн хүрээнд тус газраас 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 011121 дугаартай албан бичгээр гэрээг дуусгавар болгосон. Хавтаст хэрэгт энэ албан бичиг авагдсан байсан. Энэ талаар нэхэмжлэгч нар ямар нэгэн маргаан гаргаагүй байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж, дээд шатны байгууллагад гомдол гаргаагүй байгаа нь энэ албан бичгийг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4.3. Гуравдагч этгээд “Г” ХХК-ийн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “...“Г” ХХК нь "Улаанбаатар Хотын Хөгжлийн Корпораци" ХК-ийн сонгон шалгаруулалтад “Э” ХХК-тай түншлэлээр оролцож, шалгарсан. Тус шалгаруулалтын дагуу “Э” ХХК болон “Г” ХХК нь хамтарсан компани үүсгэн байгуулж, тус хамтарсан компанийн үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн өмчийн 50 авто зогсоолын менежментийг шилжүүлэн авах нөхцөлтэй. Өнөөдрийн байдлаар тус хамтарсан компанийг үүсгэн байгуулаагүй бөгөөд шүүгчийн 01/4851 тоот албан бичигт дурдсан нэхэмжлэлд “Г” ХХК нь хууль эрх зүй, үйл ажиллагааны хувьд хамааралгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцох боломжгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэрэгт нотлох баримтаар авагдсан үйл баримт болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбаруудад харьцуулан дүгнэлт хийж, нэхэмжлэгч хуулийн этгээдээс болон иргэнээс гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
2.1. Хариуцагч “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Х******* болон нэхэмжлэгч “Бат” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Э******* нарын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах” ТЗГ-2024/37 дугаартай гэрээ 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, мөн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр огноолон уг гэрээг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунган байгуулагдсан, харин гэрээний хугацаа дууссанаар цаашид үргэлжлээгүй байна.
2.2. Уг гэрээ ёсоор үйлчилгээ эрхлэгч /нэхэмжлэгч/ нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъяангүний гудамж, “Ч төв”-ийн хойд талын нийтийн эзэмшлийн зам талбайд 17 авто машины тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 4/27, 2011 оны 7/66, 2023 оны 122 дугаар тогтоолууд, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/840 дугаар захирамжаар журамласан хүрээнд эрхлэн явуулсан.
2.3. Ийнхүү дээрх гэрээний нэг тал болох хэрэгжүүлэгч байгууллага “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-аас гэрээ цуцлах нөхцөлийг үл харгалзан гэрээг цуцлах эрхтэйгээр, үйлчилгээ эрхлэгч нь гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлснээс хойш 5 өдрийн дотор хэрэгжүүлэгч байгууллагад хүлээлгэн өгөхөөр гэрээнд заасан байсан, уг гэрээний хэрэгжилт болон заалтын талаар талуудын хороонд маргаан гараагүй.
2.4. Регистрийн дугаартай нэхэмжлэгч хуулийн этгээд нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/665 дугаар захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд худалдаа үйлчилгээний зориулалтаар нэгж талбарын 140600092 дугаарт 2398 м.кв газрыг эзэмшдэг бөгөөд энэ газар нь дээрх 2.2-т заасан Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъяангүний гудамж, “Ч төв”-ийн хойд талын нийтийн эзэмшлийн зам талбайтай залгаа оршдог.
2.5. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь газрын эрхээр маргаагүй бөгөөд үйл ажиллагаа явуулахаар маргасан газар нь нийтийн эдэлбэр газар болох талаар мөн маргаагүй.
3. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай” А/1058 дугаар захирамжийн нэг дэх заалтаар “... Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, нэгдсэн удирдлагын системд холбогдох зорилтын хүрээнд нийтийн эзэмшлийн талбай дахь 50 байршилд байгаа зогсоолын менежмент, засвар, арчлалтыг хариуцан гүйцэтгэхээр нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан хуулийн этгээдтэй зохих журмын дагуу гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК (Н.Б*******г)-д даалгаж” шийдвэрлэсэн бол, /1-р xx-ийн 77/
4. Хариуцагч “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/57 дугаар албан бичгээр “... үйлчилгээ эрхлэгчээс гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаа тохиолдолд зориулалтын талбайг гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс хойш 5 өдрийн дотор хэрэгжүүлэгч байгууллагад хүлээлгэн өгөх гэж заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч байгууллага болох “Э” ХХК болон “Гр*******” ХХК-ийн түншлэлд 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нийтийн эзэмшлийн талбайг хүлээлгэн өгөх”-ийг мэдэгдсэн. /1-р хх-ийн 18/
5. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээрх захирамж болон албан бичгийг маргаан бүхий захиргааны актаар нэрлэж, “...нийтийн эзэмшилд хамааралгүй газрыг нийтийн эзэмшлийн газарт хамруулж авто зогсоолын менежментийг сайжруулах тухай захирамж гаргасан нь Газрын тухай хуулийн 11.2-г зөрчсөн, авто зогсоолын 50 байршил дахь иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөх эсэх талаар судалгаа хийгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасныг зөрчиж сонсох ажиллагаа хийхгүйгээр захирамжийг баталсан, мөн Захиргааны ерөнхий хуулийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны акт нь ойлгомжтой, тодорхой байх ёстой байтал 50 байршлыг тухайлан заасан нь ойлгомжгүй, хавсралтаар оруулах ёстой байсан, манайхтай байгуулсан гэрээ х*******нтэй үйлчилж байхад 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг даргын захирамж гарч 2 байгууллагатай менежментийн гэрээ байгуулахыг даалгасан нь давхардуулан гэрээ байгуулсан,...тээврийн хэрэгслийн ил зогсоолд тавигдах ерөнхий стандартыг баталсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 дүгээр тогтоолыг зөрчсөн... авто зогсоол төлөвлөх боломжгүй газар төлөвлөсөн, ...мэдэгдэл нь хууль бус захирамжийг үндэслэн гарсан...” зэргээр маргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
6. Учир нь Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан газрын нэгдмэл сангийн ангилал дахь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2. “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай, авто зогсоол, ногоон байгууламж, нийтээр ашиглах барилга байгууламжийн газар, дахин хөгжүүлэх төслийн хүрээнд бий болсон нөөц талбай зэрэг газар хамаарна” гэж зааснаар маргаан бүхий байршилд байгаа газар нь нийтийн эдэлбэр газарт хамаарч байхаас гадна Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3. “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэх журмыг нийслэлийн Засаг дарга батална”, 8.4. “Нийслэлийн нутаг дэвсгэрт өмчийн хэлбэрээс үл хамааран нийтийн хэрэгцээний зориулалттай авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэгч нь авто зогсоолын нэгдсэн системд холбогдсон байна”, 8.5. “Нийслэлийн өмчлөлийн авто зогсоолын менежмент, авто зогсоолын нэгдсэн системийг нийслэлийн Засаг дарга хариуцна” гэж зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам батлах тухай” 16 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам”, тухайлбал, тус журмын 4.2.1.“нийтийн хэрэгцээний авто зогсоол барих шаардлагатай газрын судалгааг боловсруулан, зөвшилцөж боломжит байршлыг тогтоон Нийслэлийн Засаг даргад танилцуулах” 4.2.2.“авто зогсоол барьж байгуулахад шаардагдах техник эдийн засгийн урьдчилсан тооцоог гарган, авто зогсоол барихаар тогтоосон байршлаас хамааран авто зогсоолын хэлбэр, хэмжээ, төрлийг тодорхойлох ажлыг зохион байгуулах”, 4.2.3.“авто зогсоол байгуулахаар төлөвлөсөн байршилд газар чөлөөлөх санал гаргаж, газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгуулах” зэргээр заасныг хэрэгжүүлэн гарсан нийслэлийн Засаг даргын захирамж болон хариуцагч Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гаргасан албан бичиг /мэдэгдэл/ байх бөгөөд уг маргаан бүхий захиргааны актуудыг буруутгах үндэслэлгүй байна.
7. Түүнчлэн дээрх зохицуулалт нь хариуцагч нийслэлийн Засаг дарга, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ нь нутаг дэвсгэрийн харьяаллаар Улаанбаатар хотод хамаарах нийтийн эдэлбэр газрыг ашиглан нийтийн хэрэгцээний авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэхээр шийдвэр гаргах эрх, үүргийг журамлан заасныг харуулж байна. Үүгээрээ Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2. “хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт зохицуулалттайгаар нийтээр ашиглана”, 6.2.2. “хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэр газар” гэж зааснаар уг маргаан бүхий байршилд буй газар нь хот, тосгон, бусад суурины газар нь газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллаар Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т зааснаар хуульчлагдсан ба тодруулбал, газрын нэгдмэл сангийн ангилалд буй нийтийн эдэлбэр газар гэдэгт Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2. “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай, авто зогсоол, ногоон байгууламж, нийтээр ашиглах барилга байгууламжийн газар, дахин хөгжүүлэх төслийн хүрээнд бий болсон нөөц талбай зэрэг газар хамаарна” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн үйл баримт тогтоогдохгүй байна.
8. Хариуцагч “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн й” 01/1076 дугаар албан бичгээр “...цаашид төсөл хэрэгжүүлэх боломжтой нийтийн эзэмшлийн зогсоолуудын байршил, багтаамжийн тоо мэдээллийг хүргүүлсэн”-ий дотор тухайн албан бичгийн хавсралтын 21 дүгээрт “Б” ХХК, 24 дүгээрт Иргэн Л.Б нарын эзэмшлийн авто зогсоолын хаяг байршил, гудамж зам, зогсоолын нэр, гэрээлсэн тоо, зогсоолын багтаамж гэх мэдээллүүд тусгагдсан /2-рxx-ийн 74-75/ бусад баримтыг үнэлэн хэдийгээр маргаан бүхий А/1058 дугаар захирамжид нэр нь байхгүй, шууд чиглэн гарсан гэж уншигдахгүй боловч “50 байршил” гэдгийн цаана нэхэмжлэгч нарын авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулж байсан байршлууд багтаж байгаа нь тогтоогдож байна гэж үзэж, нэхэмжлэгчийн нарын хууль ёсны ашиг сонирхол яригдах ёстой гэдэг ойлголтын үүднээс маргаан бүхий А/1058 дугаар захирамжийг шүүхийн хяналтад оруулсныг, энэ тохиолдолд хариуцагч нарын зүгээс гаргасан “дотогшоо чиглэсэн, нэхэмжлэгч нарт хаяглагдаагүй” гэх тайлбаруудыг хүлээн авах боломжгүй байсныг дурдах нь зүйтэй.
9. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...нэхэмжлэгчтэй “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг эрхлэн явуулах гэрээ”-г үргэлжлүүлэн байгуулж ажиллахыг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-т даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа шүүх хуралдааны явцад татгалзах хүсэлт гаргасан ба энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2. “... нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж зааснаар нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийн хүрээнд байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн зүгээс 2025 оны 04 дүгээр сарын 11, 22-ны өдөр олгогдсон итгэмжлэлд нэхэмжлэлээс хэсэгчлэн татгалзах эрхийг олгосон ба ийнхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж илэрхийлсэн тэр нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэл болж байна.
10. Нэхэмжлэгч иргэн Л.Б*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
10.1. Хариуцагч “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Х******* болон нэхэмжлэгч иргэн Л.Б нарын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах” ТЗГ-2024/33 дугаартай гэрээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, мөн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр огноолон уг гэрээг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунган байгуулагдсан, харин гэрээний хугацаа дууссанаар цаашид үргэлжлээгүй байна.
10.2. Иргэн Л.Б нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, “И*******” бизнес төвийн урд талын нийтийн эзэмшлийн талбайд 25 автомашины тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 4/27, 2011 оны 7/66, 2023 оны 122 дугаар тогтоолууд, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/840 дугаар захирамжаар журамласан хүрээнд эрхлэн явуулсан.
10.3. Энэ тохиолдолд маргаан бүхий дээрх байршилд болон байршлын ойролцоо нэхэмжлэгч иргэн нь ямар нэгэн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрхийг хэрэгжүүлдэггүй бөгөөд “З” ХХК-ийн оффисын 15 давхар барилга, “З*******” зочид буудлын 10 давхар барилгын дунд байрлах талбайг уг хоёр барилгын эзэн болох хамаатан С.Д*******той тохиолцож, түүнээс зөвшөөрөл авч авто зогсоол ажиллуулж байсан гэх тайлбартай.
11. Нэхэмжлэгч иргэний төлбөртэй авто зогсоолын чиглэлээр явуулсан үйл ажиллагаа, хариуцагч нарын хэрэгжүүлсэн захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, нэхэмжлэлд дурдсан үндэслэлийг үгүйсгэх үйл баримт нь нэхэмжлэгч хуулийн этгээдтэй ижил төстэй бөгөөд энэ хэсгийн 6-8-д заасан агуулга нэгэн адил утга дүйж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үгүйсгэх дүгнэлт болох юм.
12. Ийнхүү нэхэмжлэгч нараас маргасан үндэслэлийг хэрэгт цугласан баримтуудтай харьцуулан дүгнэлт хийхэд, хариуцагч захиргааны байгууллагуудаас гуравдагч этгээдэд нийтийн эдэлбэрт хамаарах газрыг авто зогсоолын зориулалтаар гэрээгээр үйл ажиллагаа явуулах эрхийг олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, хариуцагч Засаг даргаас маргаан бүхий захирамжийг гаргасан Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нийцсэн, нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дугаар сарын 04-ний өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай” А/376 дугаар захирамжийн нэг дэх заалтаар “...нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн хэмжээнд авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэх этгээдтэй холбогдох гэрээ байгуулах, дүгнэх, сунгах ажлыг зохион байгуулж төлөвлөгөө батлан ашиглалт менежментийг сайжруулж, тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан чиг үүргийн биелэлтийг хангаж ажиллахыг “Замын хөдөлгөөний удирдлагын төв”-д даалгаснаар гэрээ байгуулан ажиллаж байгаа гуравдагч этгээдийн эрхийг маргаан бүхий газар дээр газар эзэмших эрхгүй болон газрын давхцалгүй байгаа нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсан, шүүх хуралдаан дээр тайлбарласан үндэслэлээр х*******нгүй болгох боломжгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагч нараас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.4, 8.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Бат” ХХК болон нэхэмжлэгч Л.Баярт-одоос, Нийслэлийн Засаг дарга, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-т холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай” А/1058 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг х*******нгүй болгох, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаартай мэдэгдлийг х*******нгүй болгох, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-т нэхэмжлэгч нартай “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг эрхлэн явуулах гэрээ”-г үргэлжлүүлэн байгуулж ажиллахыг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Бат” ХХК нь “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-т холбогдуулан гаргасан “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг эрхлэн явуулах гэрээ”-г үргэлжлүүлэн байгуулж ажиллахыг даалгах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН