Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 319/ШШ2025/00352

 

 

 

 

 

2025 05 26 319/ШШ2025/00352

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би 

Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай -02, Сэнтрал тауэр, 8 давхарт байрлах “Токи” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Манхан сум, 2 дугаар баг, 11-22 тоотод оршин суух, Туяацэцэгийн Аззаяад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн төлбөр 3,741,314,71 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Токи” ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Т.Аззаяа нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Токи ББСБ” ХХК-тай №ЗГ2024030610547 тоот “Бүтээгдэхүүн зээлээ худалдан авах гэрээ”-г байгуулж samsung А25 маркийн гар утсыг нийт 1,058,000 төгрөгийн зээлээр, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр №ЗГ2024030610553 тоот гэрээг байгуулж samsung А54 маркийн гар утсыг нийт 1,438,000 төгрөгийн зээлээр, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр №ЗГ2024030610550 тоот гэрээг байгуулж samsung А15 маркийн гар утсыг нийт 788,000 төгрөгийн зээлээр тус тус авсан. Хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт хийгээгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш “Токи ББСБ” ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцлаж, үндсэн зээл 3,015,278.81 төгрөг, зээлийн хүү 605,029.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,005.1 төгрөг нийт 3,741,314.71 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Т.Аззаяа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Т.Аззаяа нь “Токи” ББСБ ХХК -ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,741,314,71 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Токи” ББСБ ХХК нь хариуцагч Т.Аззаяад холбогдуулан зээлийн төлбөр 3,741,314,71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Аззаяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,741,314,71 төгрөгийг нэхэмжлэгч “Токи” ББСБ ХХК -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Хэрэглэгч Т.Аззаяа нь “Токи” ББСБ ХХК -иас гар утсыг зээлээр авсан нь тэдний хооронд байгуулагдсан №ЗГ2024030610547, №ЗГ2024030610553, №ЗГ2024030610550 дугаартай гэрээгээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцдог хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгч “Токи” ББСБ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  74,811 төгрөгийн тал нь болох 37.405,5 төгрөгийг төрийн сангаас, 37.405,5 төгрөгийг хариуцагч Т.Аззаяагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч “Токи” ББСБ ХХК -д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Токи” ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Аззаяад холбогдох иргэний хэрэгт хариуцагч Т.Аззаяа нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,741,314,71 төгрөгийг нэхэмжлэгч “Токи” ББСБ ХХК -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Токи” ББСБ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  74,811 төгрөгийн тал нь болох 37.405,5 төгрөгийг төрийн сангаас, 37.405,5 төгрөгийг хариуцагч Т.Аззаяагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч “Токи” ББСБ ХХК -д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээрүлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                                Б.РАУШАН