Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 157/ШШ2025/00188

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Хүсэлт гаргагч ******* нар оролцов.                                                          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* миний бие Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан.

1985 оны 06 дугаар сард 8 дугаар анги төгссөн. 1987 оны 09 дүгээр сард цэргийн албанд татагдаж, 1989 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. 1990 оноос нэгдэлд мал маллаж байсан. Тухайн үед ээж ******* хамт мал маллаж байсан. 1990 оноос з1998 оны мал тооллогын баримт ээж ******* нэр дээр мал тоологдож байсан. 1991 оны 07 дугаар сард Буянт-Оргил нэгдлийн манаачийн ажлаас чөлөөлөгдөж байсан. 1990 оноос 1991 оны 07 дугаар сар хүртэл манаачаар ажиллаж байсан. Тэгээд нэгдэл татан буугдаад “Буянт-Оргил” ХХК болж өөрчлөгдсөн. “Буянт-Оргил” ХХК-д мал маллаж байсан. Малчнаар ажиллаж байсныг тогтоолгож, 55 настай нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай байгаа.

Иймд намайг Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэжээ. 

 

          2.Хүсэлт гаргагч *******аас:

 

-Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08/1213 дугаартай лавлагаа (хх-ийн 8 дугаар хуудас),

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хх-ийн 9-12 дугаар хуудас),

-Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08/52 дугаартай “******* 1999-2000 оны мал тооллогын бүртгэлийн түүвэр” лавлагаа, мал тооллогын баримтууд (хх-ийн 13-16 дугаар хуудас),

-*******т олгосон Нийгмийн даатгалын баталгаажилтын хуудас (хх-ийн 17 дугаар хуудас),

-Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 08/73 дугаартай “Ж.******* 2000-2006 оны мал тооллогын бүртгэлийн түүвэр” лавлагаа, мал тооллогын баримтууд (хх-ийн 35-41 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

3.Хүсэлт гаргагчийн хүсэлтээр болон шүүхээс:

-Гэрч Н.Энхбат, Б.Баярсүрэн нарын мэдүүлэг (хх-ийн 29-32 дугаар хуудас),

-Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 08/210 дугаартай “Хэнтий аймгийн Галшар сумын Арвин багт 1990-1999 оны мал тооллогын бүртгэлд *******т холбогдох баримт гараагүй болно” гэх тодорхойлолт (хх-ийн 33 дугаар хуудас),

-Хэнтий аймгийн Галшар сумын Арвин багийн засаг дарга Н.Цолмондоржийн “...******* нь 1990-1996 онд ээж ******* ам бүлд хамт Арвин багт мал маллаж амьдарч байсан үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт (хх-ийн 34 дүгээр хуудас),

-Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 02/586 дугаартай “...*******т холбогдох баримт бичиг гаргах боломжгүй” гэх лавлагаа (хх-ийн 44 дүгээр хуудас),

-Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 08/380 дугаартай “...*******т холбогдох баримт гараагүй болно” гэх лавлагаа (хх-ийн 48 дугаар хуудас),

-Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 73 дугаартай “...******* Болдбаатарыг нэгдлийн манаачийн ажлаас чөлөөлөх тухай” тушаал (хх-ийн 49 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь тус шүүхэд “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг гаргах эрхтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Ажилласан хугацааг тогтоох” журмын 5-д “...хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно” гэж заасан байна.

Хүсэлт гаргагч нь тухайн үед ажиллаж байх хугацаанд олгосон хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, ажилд томилсон тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гарахгүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоос өөр байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримт, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

4.Хүсэлт гаргагч ******* нь Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажилд томилсон тушаал, 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал нь Хэнтий аймгийн Архивын тасгаас олдохгүй, тухайн үед ажиллаж байсан байгууллага болох Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэл нь татан буугдсан, одоо үйл ажиллагаа явуулаагүй байгаа, тухайн үеийн удирдлагын болон санхүүгийн бичиг хэргийн баримт нь Хэнтий аймгийн Архивын тасагт байхгүй байгаа нь Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 08/380 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.   

5.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хүсэлт гаргагч ******* нь 1990-1998 онуудад Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Харин түүний ээж Ж.Норсүрэн нэгдэлд мал маллаж байсан гэх үйл баримт тогтоогдож байна.

6.Хэргийн материалд 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №1801000024 дугаартай баталгаажилтын хуудсаар ******* нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулиар 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан жилээ нөхөн тооцуулсан байна.

-Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 08/210 дугаартай “Хэнтий аймгийн Галшар сумын Арвин багт 1990-1999 оны мал тооллогын бүртгэлд *******т холбогдох баримт гараагүй болно” гэх тодорхойлолт (хх-ийн 33 дугаар хуудас),

-Хэнтий аймгийн Галшар сумын Арвин багийн засаг дарга Н.Цолмондоржийн “...1990-1996 онд ээж ******* ам бүлд хамт Арвин багт мал маллаж амьдарч байсан үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт (хх-ийн 34 дүгээр хуудас),

-Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 08/73 дугаартай 2000-2006 оны Ж.******* мал тооллогын бүртгэлийн түүвэр (хх-ийн 35-41 дүгээр хуудас),

-Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 02/586 дугаартай “...*******т холбогдох баримт бичиг гаргах боломжгүй” гэх лавлагаа (хх-ийн 44 дүгээр хуудас),

-Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 08/380 дугаартай “...*******т холбогдох баримт гараагүй болно” гэх лавлагаа (хх-ийн 48 дугаар хуудас),

-Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 73 дугаартай “...******* Болдбаатарыг нэгдлийн манаачийн ажлаас чөлөөлөх тухай” тушаал (хх-ийн 49 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар хүсэлт гаргагч ******* овогт ******* Болдбаатар нь Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар хөдөлмөр эрхэлж байгаагүй болох нь тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч ******* нь Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан гэдэг нь тогтоогдохгүй, тухайн үед ажиллаж байсныг нотлох баримтыг хүсэлт гаргагч шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхээс нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийсэн боловч Үндэсний төв Архив, Хэнтий аймгийн Архивын тасгаас Ж.******* малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримт гарч ирээгүй байх тул түүнийг малчнаар ажиллаж байсныг тогтоох боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч буюу хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

-Гэрч Н.Энхбатын “...Болбаатар нь 1990 оноос 1998 он хүртэл ээжтэйгээ мал маллаж байсан. Бид нар айл аймаг байсан юм. ...Би 1975 онд Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн Арвин бригадад илгээлтээр гараад хувьчлал гартал хонь маллаж байсан. Тэгээд хувийн аж ахуйтан болоод өндөр насны тэтгэвэрт гарсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30 дугаар хуудас),

-Гэрч Б.Баярсүрэнгийн “...Болбаатар ээж, дүү нартайгаа Галшар сумын Арвин багт амьдардаг байсан. 1992 онд хувийн аж ахуйтан болоод одоо хүртэл мал дээрээ байгаа. Ээж нь сумын төвд ороод ирсэн. Манай дүүтэй цэргийн албанд яваад 1989 онд цэргээс халагдаж ирсэн. Тэгээд мал маллаж байсан. ... Би 1978 онд цэрэгт яваад 1981 онд халагдаж ирсэн. Тэгээд Хэнтий аймгийн Галшар сумын Арвин бригадад бог мал маллаж байсан. 1992 оны хувьчлалаар хувийн аж ахуйтан болсон” (хх-ийн 31-32 дугаар хуудас) гэх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Учир нь гэрч нарын өгсөн мэдүүлгийг нотлох өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хүсэлт гаргагч нь малчнаар ажиллаж байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг хугацаанд манаачаар ажиллаж байсан тушаал Архивын тасгаас ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

7.Шүүх ажилчин, албан хаагчийн улсад ажиллаж байсан байдлыг тогтоохдоо хүсэлт гаргасан иргэн аль байгууллагад ямар ажил, албан тушаалыг, ямар хугацаагаар эрхэлж байсныг ажил, албан тушаал нэг бүрээр тодорхой заан тогтоох бөгөөд хүсэлт гаргагч Ж.******* ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

8.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Хүсэлт гаргагч ******* овогт ******* Болдбаатарыг Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         М.ЭНХМАНДАХ