Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01323

 

 

 

 

 

 

                                     ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/01070 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХБ ХХК-ийн хариуцагч -д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 64 722 912.03 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батзоригт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавзанжумдаан, Н.Энхдөл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцсон.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ТД ХХК В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, тоёота LX-570 маркийн автомашиныг даатгуулсан. Даатгалын гэрээний багц-3 сонголтоор, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл даатгалын үнэлгээг 213 500 000 төгрөгийн 1.2 хувиар тооцон даатгалын хураамжид 2 562 000 төгрөг төлсөн. 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тус автомашин нь .....  орчимд адуутай мөргөлдөж осол гарсан. Уг автомашиныг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Хас лизинг” ХХК-аас санхүүгийн түрээсийн гэрээний дагуу худалдан авч, эзэмшин ашиглаж байсан. Даатгалын гэрээнд заасан жолоо шилжүүлэх үеийн эрсдэлд хамаарна. Цагдаагийн байгууллагаас 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт болон 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр жолооч буруугүй гэдгийг тогтоосон. Даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр авах эрх үүссэн тул ТД ХХК-д нөхөн төлбөр гаргуулна.  ТД ХХК-аас 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн нөхөн төлбөр шийдвэрлэх хугацаа сунгах тухай албан бичгээр нэмэлт баримт, материал шаардсан. Гэтэл Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст албан тоотоор хандсан хариу хүлээж байх тул гэрээнд заагдсан хугацаанд нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй тухай Ч.Билэгбаатар, Ш.Х нарт хариу өгсөн. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хариу мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчийн мэдэгдлийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т зааснаар учирсан хохирлын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгох нь зүйтэй гэсэн. ТД ХХК уг шийдвэрийг эс зөвшөөрсөн бол мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар гомдол гаргаагүй. Иймд тус хорооны шийдвэр хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгч Даатгалын тухай хуулийн 4.1.4, 4.1.6, 8.1, 8.4-т заасны дагуу нөхөн төлбөрөө нэхэмжилсэн. Шинжээчийн дүгнэлтээр хэргийн фото зураг гарсан хэмжилтийн схем зургийн хооронд тормосны мөр тэмдэглэгдээгүй гэж дүгнэсэн. Тоормосны мөр тэмдэглэгдээгүй гэдэг нь жолооч ямар нэгэн аюул тулсан үед зогсоох үйлдэл хийсэн гэдгийг харуулах бөгөөд осол хариулгагүй адуунаас болж гарсан. Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 дэх хэсэгт заасны дагуу даатгалын байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлсэн. Гэтэл даатгагч тухайн ослын газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Жолооч 80 км/цагийн хурдтай явсныг нотлох баримт байхгүй. Тоёота мотор корпорацийн албан ёсны зөвшөөрөлтэй “Таванбогд” ХХК авто машины их биеийн эд ангиудад 68 049 000 төгрөг, хөдөлгүүрийн эд ангиудад 22 739 000 төгрөгийн эвдрэл гэмтэлтэй болохыг тогтоож нийт 90 788 000 төгрөгөөр засварлах боломжтой гэх нэхэмжлэх ирүүлсэн. “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 69 810 347 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоож, үнэлгээчний зардалд 2 104 000 төгрөг төлсөн. Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйл 431.1-т зааснаар хариуцагчаас авто машины даатгалын хохирлын нөхөн төлбөр 69 810 347 төгрөг, үнэлгээний зардал 2 104 000 төгрөг, нийт 71 914 347 төгрөгөөс даатгалын гэрээнд заасан даатгуулагчийн хариуцах хэсэг 10 хувь буюу 7 191 434.7 төгрөгийг хасаж тооцон хохирлын нөхөн төлбөрт 64 722 912.3 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн тайлбарт: Ш.Х нь 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шөнийн 21 цагийн үед Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан хот суурингийн доторх замын хөдөлгөөнд оролцох үедээ хурд хэтрүүлэн явж, адуу мөргөн зам тээврийн осол гаргасан. Жолооч хурд хэтрүүлсний улмаас осол гарсан нь нотлох баримтаар нотлогддог. Ш.Х осол болсон үед өөрийн биеэр ослын үеийн дүрс бичлэг хийж 80 км/цагийн хурдтай явсан гэж хэлсэн. Зам тээврийн осол дээр тогтоосон акт болон гэрчийн мэдүүлэгт Ш.Х 65 км/цаг хурдтай явсан гэж мэдүүлсэн. Гэрчийн мэдүүлэг болон Зам тээврийн осол дээр тогтоосон актад жолоочийн тодорхойлолт 65 км/цаг гэж тэмдэглэсэн. Жолооч Ш.Х хот суурингийн доторх замд тээврийн хэрэгслийн тогтоосон хурд (60 км/цаг)-ыг хэтрүүлсэн гэдгээ өөрөө 2 удаа мэдүүлж нотолсон. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4, 18.3 дах заалтыг зөрчиж хурд хэтрүүлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн тодорхойлолт болон Зам тээврийн осол дээр тогтоосон актад Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн заалтууд нь өөр байсан тул шинжээчийн дүгнэлтээр зөрчлийг эцэслэн тогтоосон. 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Багануур дүүргийн Замын цагдаагийн тасгийн Зам тээврийн осол дээр тогтоосон актаар даатгуулагчийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэх заалтыг зөрчиж Багануур дүүргийн 2 дугаар хороо Хүний овооны орчимд Lexus LX 570 маркийн 05-70 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслээр зам дээр байсан адууг мөргөж зам тээврийн осол гаргасан гэж тогтоосон байсан. Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн  тасаг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шинжээч томилсноор Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээч, цагдаагийн хошууч Б.Ганбат 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр №08 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд Lexus LX 570 маркийн 05-70 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ш.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно, 12.4-т Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно. гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гээд зорчин явсан нутаг дэвсгэр нь Багануур дүүргийн суурин газарт хамрагдах тул суурингийн доторх хөдөлгөөний журмыг баримтлах тухай дэлгэрэнгүй дүгнэсэн. Ш.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчиж хурд хэтрүүлсний улмаас осол гаргасан болох нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байхад нэхэмжлэгч Цагдаагийн байгууллагаас 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт болон 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр жолооч буруугүй болохыг тогтоосон гэж худал мэдүүлсэн. Санхүүгийн зохицуулах хорооны дүгнэлт үндэслэлгүй бөгөөд Ш.Хын өгсөн мэдүүлэгт дүгнэлт өгөөгүй, уг нотолгоог үгүйсгээгүй. Санхүүгийн Зохицуулах Хорооны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 9/148 тоот албан бичигт “шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар Ш.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ... 12.4-т Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх боловч мөн дүгнэлтэд осол хэргийн фото зураг болон хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн схем зурагт тоормосны мөр тэмдэглэгдээгүй тул тоормосны мөрөөр тогтоох аргачлалын дагуу хурдыг тогтоох боломжгүй гэснээр дээрх дүрмийн заалт үгүйсгэгдэж байна” гэж дүгнэсэн. Гэвч тоормосны мөрөөр хурдыг тогтоох боломжгүй гэсэн нь хурд хэтрүүлээгүй болохыг нотлохгүй бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх хэсгийг зөрчсөнийг үгүйсгэх нотлох баримт байхгүй. Ш.Хын ослын үеийн бичлэгт 80 км/цаг хурдтай явсан, гэрчээс авсан мэдүүлэгт 65 км/цаг хурдтай явсан гэж мэдүүлсэнтэй холбоотой дүгнэлтийг хийгээгүй, үгүйсгээгүй. Ш.Хын хурд хэтрүүлсэн тухай өөрөө 2 удаа мэдэгдсэн нотлох баримтыг үгүйсгэх нотолгооны зүйл байхгүй. Иймд даатгалын гэрээний 7.1, 7.1.8, 12.4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бүрдсэн тул Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан ТД ХХК-аас 64 722 912.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК-д олгож,  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 481 565 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ТД ХХК-аас 481 565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Даатгалын гэрээний 4.1.5, 6.1.6-д заасныг үндэслэн Ш.Х нь тухайн осол болсон газарт өөрийн биеэр дүрс бичлэгийг хийн баримтжуулан даатгагчид өгсөн ба уг бичлэгт “...Миний миллийн хурд 80 км/цаг орчимтой, гэрлээ ойр дээрээ тавьсан, урдаас машинууд явж байсан" гэж дурддаг. Мөн Ш.Х “Би ойролцоогоор 65 километр цагийн хурдтай явж байсан” гэж мэдүүлсэн. Зам тээврийн осол дээр тогтоосон актын “Тээврийн хэрэгслийн тухай тодорхойлолт”-ын осол гарах үеийн хурд хэсэгт “жолоочийн тодорхойлолт-65 км/цаг” гэж тэмдэглэсэн. Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээч, цагдаагийн хошууч Б.Ганбатын 2020 оны Т0 дугаар сарын 26-ны өдрийн №08 тоот шинжээчийн дүгнэлтэд “лексус 570 маркийн 05-70 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ш.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гээд зорчин явсан нутаг дэвсгэр нь Багануур дүүргийн суурин газарт хамрагдах тул суурингийн доторх хөдөлгөөний журмыг баримтлах тухай дэлгэрэнгүй дүгнэсэн. Гэтэл шүүх эдгээр баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр “...Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасныг зөрчсөний улмаас дээрх осол гарсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй...” гэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор үнэлээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг буруу тодорхойлсон, шүүхийн шийдвэрт хэргийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч ХБ ХХК хариуцагч ТД ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 64 722 912.03 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ. Нэхэмжлэгч ХБ ХХК 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Хас лизинг” ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 2017 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн лексус LX570 маркийн автомашиныг эзэмшил ашиглалтандаа шилжүүлэн авсан. Улмаар 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч ТД ХХК-тай В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, маргаан бүхий автомашиныг даатгалын багц 3 төрлөөр даатгуулж, 2 562 000 төгрөгийн хураамж төлсөн. Ш.Х нь 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цаг 55 минутын орчимд ........... Багануур хөшөөний орчимд тус тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа зам дээр байсан адууг мөргөж зам тээврийн осол гаргасан байна. /хх9-14, 18-26, 28-30/

Нэхэмжлэгчийн даатгалын нөхөн төлбөр авах хүсэлтэд хариуцагч 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 20/1249 дугаар албан бичгээр “эрх бүхий байгууллагын дүгнэлтээр гэрээнд заасан даатгалын эрсдэлд хамаарахгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул нөхөн төлбөр олгох боломжгүй” гэсэн хариу өгчээ. Даатгагчийн дээрх шийдвэрийг даатгуулагч эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандсанаар тус хороо 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 9/148 дугаар албан бичгээр хохирлын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгохыг мэдэгджээ. /хх15-17/

Хариуцагч нь “даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол учирсан тул нөхөн төлбөрийг олгохгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа нь үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамтай нийцжээ.

Талуудын байгуулсан даатгалын гэрээний 7 дугаар зүйлд даатгалын эрсдэлд хамаарахгүй нөхцөлүүдэд “.., Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4, 12.5, 12.6 дах заалтуудыг зөрчсөний улмаас учирсан хохирол, түүний үр дагавар ..., ” орсон байна.

 Хариуцагч нь нэхэмжлэгчийг даатгалын гэрээний 7.1.8-д заасан тохиолдол буюу  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх хэсэгт заасныг зөрчиж хурд хэтрүүлсэн гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй.

Замын Цагдаагийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт, Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээч, цагдаагийн хошууч Б.Ганбатын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр  “... лексус 570 маркийн ............ УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ш.Х нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно, 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. Улсын чанартай Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн А0501 дугаартай авто замын 111 дэх километрийн тэмдэгтээс 137 дах тэмдэгт хүртэл Багануур дүүргийн нутаг дэвсгэр эхлэл, 5.4 Суурин газрын төгсгөл мэдээлэх тэмдэгтэй учраас суурин доторх хөдөлгөөний журмыг баримтална. Осол хэргийн фото зураг болон хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн схем зурагт тоормосны мөр тэмдэглэгдээгүй тул тоормосны мөрөөр тогтоох аргачлалын дагуу хурдыг тогтоох боломжгүй байна. Хариулгагүй адуу зам руу орсноос уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.” гэж дүгнэжээ. /хх70/

Шинжээчийн дүгнэлтэд үндэслэсэн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дах заалт нь даатгалын тохиолдолд хамаарахгүй, харин 12.4 дэх заалт нь даатгалын тохиолдолд хамаарах боловч Ш.Хыг уг зөрчлийг гаргасан гэж үзэхэд эргэлзээтэй байна. 

Жолооч Ш.Хын “... , би ойролцоогоор 65 км цагийн хурдтай явж байсан ...,” гэх мэдүүлэг, даатгагчид осол болсон газраас жолооч Ш.Хын явуулсан видео бичлэгт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлд “ ..., миллийн хурд 80 орчимтой байсан ...” гэж тусгагдсан байдаг боловч дээр дурьдсаныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “орон нутгийн замд явж байсан учраас хурдны хэмжээг 65 км/ц, 85 км/ц гэж багцаалдан хэлсэн, яг хэдэн км/цагийн хурдтай явж байснаа мэдэхгүй” гэж үгүйсгэжээ. /хх22-23, 111-112/

Зам тээврийн осол болсон өдрийн ослын газрын актад “осол гарах үеийн хурдыг жолоочийн тодорхойлолтоор 65 км/цаг” гэж тэмдэглэсэн, Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн хурд хэтрүүлсэн тухай шинжээчийн дүгнэлт жолооч Ш.Хын мэдүүлэгт үндэслэгдсэн байдаг. Шинжээч тээврийн хэрэгслийн хурдыг ослын газарт хийгдсэн хэмжилтийн схем зурагт тормозны мөр тэмдэглэгдээгүй гэх үндэслэлээр тормозны мөрөөр тогтоох аргачлалаар тодорхойлох боломжгүй гэж үзжээ. Гэрээний 5.2-т заасны дагуу даатгалын тохиолдлын талаар нэхэмжлэгч тал даатгагчид мэдэгдсэн байх боловч даатгагч нь даатгалын эрсдэл, хохирлын хэмжээг үнэн зөв тогтоохын тулд гэрээний 3.1.6, 3.2.1, 3.3.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийгээгүй байна. /хх14/

 Иймд зөвхөн жолооч Ш.Хын өөр хоорондоо зөрүүтэй тайлбар, мэдүүлгийг үндэслэж хурд хэтрүүлэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэхэд учир дутагдалтай. 

Даатгагч нь даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд даатгуулагчид олгох үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь автомашинд учирсан хохирлын хэмжээг “Мастер үнэлгээ” ХХК-аар тогтоолгоход үнэлгээчин 69 810 347 төгрөгөөр тогтоосон байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь үнэлгээчний ажлын хөлсөнд 2 104 000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримтыг хэрэгт ирүүлжээ. /хх30-31/ Хариуцагч тал нэхэмжлэгчээс ирүүлсэн хохирлын үнэлгээ, үнэлгээчний ажлын хөлстэй холбоотой нотлох баримтыг баримтаар няцаагаагүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөр болох 71 914 347 төгрөгөөс даатгуулагчийн хариуцах 10 хувь буюу 7 191 434 төгрөгийг /71 914 347*10%=7 191 434/ хасч хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 64 722 912 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй” гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/01070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 481 600 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

                                                      ШҮҮГЧ                                  Д.БАЙГАЛМАА

                                                                                                    А.МӨНХЗУЛ