Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 279

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

  Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

  Улсын яллагч Б.Энхбат,

  Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808006370121 дугаартай хавтаст хэргийн шүүгдэгч,

   Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,  “Хатан туул” цэвэр усны үйлдвэрт борлуулагч ажилтай, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт  амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 24-2 тоотод оршин суудаг, 2010 оны 07 дугаар сарын 7-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан шийтгэл тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2002 оны Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж,  2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Өршөөл үзүүлэх  тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 4 хонгийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан, дугаарын регистртэй, Бн овгийн Ганбаатарын М-д холбогдох хэргийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.М 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 14-299 тоотод оршин суух хохирогч Г.Ц монгол гэрийн үүдний амбаарыг эвдэн нэвтэрч Самсунг маркийн  32 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх гэмт хэЗргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт  холбогджээ                      Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыгтал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч  Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

  Мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээж байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

        Эрүүгийн 1808006370121 дугаартай хэргээс:

        Хохирогч  Г.Ц мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

         2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр манай эхнэр С нь над руу өдөр залгаад “гэрийн амбаарын хаалга эвдэж гэр лүү ороод зурагт хулгайлаад явсан байна” гэж надад хэлэхээр нь би гэртээ ирэхэд  манай амбаарын хаалганы модыг нь хугалсан байдалтай гэрээс зурагт алдагдсан байсан юм. Манай зурагт 32 инчийн Самсунг ЛСД  зурагт байсан. 2017 оны 11 дүгээр сард Хархорин зах дээрээс 350.000 төгрөгөөр худалдан авсан зурагт байсан. Манай зурагтыг удирдлагных нь хамт аваад явсан байсан...гэжээ. /хх-23/,

 Гэрч А.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

 Би 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр...ажил дээрээ байхад гаднаас 32 инчийн Самсунг лед зурагт барьсан эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд 70.000 төгрөгөөр барьцаанд тавиад гарсан. Гэтэл 18 цаг өнгөрч байхад цагдаа хулгайн зурагт байна гээд хураагаад аваад явсан...гэжээ. /хх-25-26/,

  Гэрч Б.С мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

  2018 оны 01 дугаар сарын 30-ны өдөр 07 цаг 30 минутын үед гэрээсээ гараад явсан...Тэгээд ажил дээрээ байхад 13 цагийн орчим хойд айлын хүн болох Булган над руу залгаад  “би эмнэлэг дээр байна, урд айлын охин над руу залгаад танай гэрээс хүн зурагт аваад гараад явж байна гэж хэллээ” гэж ярьсан. Тэгэхээр нь би нөхөр рүүгээ залгаад ажил дээрээс гэртээ шууд ирэхэд манай  гэрийн үүдний амбаарын хаалганы доод талаар хугалаад гэрийн хойно аваачиж хаяад гэр онгорхой хаячихсан байсан. Манай гэрийн амбаар доторх хаалга цоожгүй байдаг гэжээ. /хх-27/,

         Гэрч  Л.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

         2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би гэрээсээ 14 цагийн орчимд гараад хойд талын хашаанд гэр нь байдаг Булгаагийн гэрт нь зээлсэн мөнгөө өгөхөөр ортол гэр нь цоожтой байсан ба Булгаагийн гэрийн хашаанд байдаг монгол гэрийн үүдний амбаар нь эвдэрсэн байдалтай, цоож нь хаалганаасаа зүүлттэй байхаар нь гайхаад хашаанаас нь гарах гэтэл тухайн амбаар нь эвдэрсэн байдалтай байсан, гэрээс нэг танихгүй эрэгтэй зурагт удирдлагын хамт бариад гараад ирэхээр нь “хөөе чи айл ухаад байгаа юм уу” гэж асуусан чинь “дуугай байгаарай, хутга шаагаад алчихна шүү” гэж хэлээд гуйгээд гараад явчихсан. Тэгэхээр нь би гэр лүүгээ гүйж ороод цагдаад дуудлага өгөөд, Булгаа руу танай урд талын айл руу хулгайч ороод зурагтыг нь аваад гарч байна гэж хэлсэн юм...гэжээ. /хх-28/

        Гэрч О.Ж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

        2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагийн орчимд гэрээсээ би эхнэртэйгээ гараад Хилчин хотхоны далангийн зам дээр явж байтал нэг туранхай биетэй залуу зам дээр гар өргөхөөр нь зогсоод автал Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо Баянголын 24 дугаар гудамжинд очоод “за би гэр лүүгээ ороод зурагтаа аваад гараад ирье, тэгээд зурагтаа ломбарданд тавина” гэж хэлээд нэг хашаа руу орчихоод удалгүй гэрээсээ 1 зурагт тэврээд гараад ирсэн. Гарч ирээд за одоо урагшаа явчих гэж хэлээд мөн нэг айлын хашааны үүдэнд очиж зогсоогоод зуратаа машин дотор үлдээж өөрөө тухайн айлын хашаа руу явж ороод эргэж гарч ирэхдээ нэг намхан биетэй залууг дагуулж гарч ирээд 2-лаа машинд суугаад за ахиад нэг найзыгаа замаараа авах юм гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн ард талд байрлах нэг хашаанаас бор цараатай намхан биетэй эрэгтэйг дуудаж гаргаж ирээд 3-лаа хамт нэгдүгээр хороололд байрлах нэг ломбард дээр хүргүүлсэн. Тухайн ломбард руу сүүлд гэрээс нь авсан намхан бор цараатай залуу нь зурагтыг нь авч орсон, араас нь гэрээсээ зурагт авч гарч ирсэн залуу орсон. Хэсэг хугацааны дараа 2-лаа хамт зурагтаа бариад ломбарднаас гарч ирээд өөр нэг ойролцоох ломбард руу гэрээсээ уг зурагтыг авч гарч ирсэн залуу ганцаараа зурагтаа аваад орсон. Удалгүй эргэж гарч ирээд надад бичиг баримт байдаггүй ээ. Та 2-т бичиг баримт байвал энэ зурагтыг тавиад өгөөч гэж хэлэхээр нь сүүлд нь чи тэгээдяаж зурагтаа авах юм хулгайн зурагт юм биш биз гэж хэлтэл “сүүлд нь зурагтаа авахдаа утас руу чинь залгаж ярьж байгаад завтай үед чинь таныг очиж аваад зурагтаа авчихъя, юу гэж хулгайн зурагт байхав дээ, би гэрээсээ авч гарч ирээ биз дээ” гэж хэлсэн. Ингээд манай эхнэр өөрийнхөө бичиг баримтаар зурагтыг нь барьцаанд тавьж өгөөд бид 2 гэр лүүгээ явсан юм...гэжээ. /хх-29-30/,

          Гэрч О.Б- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

          2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би нөхөр Ж хамтаар 65-60 УНЯ улсын дугаартай Хонда сивик хар өнгийн машинтай нь дүүргийн эмнэлэг орчихоод замаараа худгаас ус авахаар гэрээсээ гараад Хилчин хотхоны шинэ замаар далангийн зам дээр уруудаад явж байтал дэлдэн чихтэй, туранхай биетэй, бүлтгэр нүдтэй нэг залуу зам дээр гар өргөхөөр нь нөхөр бид 2 зогсоод хаашаа явах юм гэж асуутал ийшээ явчих гээд нэг гудамж заагаад “би гэр лүүгээ ороод юм аваадхая, тэгээд ломбард орноо” гэж хэлэхээр нь өөрийнх нь зааснаар буцаж зам дээр эргээд Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо Баянголын 24 дүгээр гудамжинд байх нэг хашааны үүдэнд очоод энд зогсчих би гэр лүүгээ ороод зурагтаа аваад гараад ирье гэж хэлсэн. Удалгүй буцаж уг хашаанаасаа хар өнгийн хавтгай дэлгэцтэй 32 инчийн зурагт тэвэрч гарч ирээд за одоо 2 хүнийг аваад тэгээд ломбард орноо гэж хэлсэн. Ингээд тухайн залуугийн гэрийн үүднээс хөдлөөд урагш явах замдаа урд талынхаа өргөн гудамжинд байрлах нэг айл руу гүйж ороод нэг жижигхэн биетэй залууг /Отгонтөгс/ дагуулж гарч ирээд машинд суулгасан. Үүнийхээ дараа Сонгинохайрхан дүүргийн ард талд мөн нэг айлын гадаа очиж зогсоод жижиг намхан биетэй бор залууг дуудаж гаргаж ирээд мөн машинд суулгаад за одоо 1-р хороолол оръё гэж хэлсэн. Ингээд 1-р хороололд очоод нэг ломбардны гадаа очиж зогсоолгоод тэр ломбард руу хамгийн сүүлд гэрээс нь очиж авсан бор царайтай намхан /Эрхэмбаяр/ залуу нь тухайн зурагтыг нь аваад ганцаараа ломбард руу орсон. Араас нь зурагт гэрээсээ авч гарч ирсэн өндөр туранхай, дэлдэн чихтэй, бүлтгэр нүдтэй /Мөнх-Эрдэнэ/ залуу ороод хэсэг хугацааны дараа 2-лаа зурагтаа тэврээд эргээд гараад ирсэн. Ингээд дахин 1 ломбард руу зурагтыг гэрээсээ авч гарч ирсэн өндөр туранхай, дэлдэн чихтэй, бүлтгэр нүдтэй /Мөнх-Эрдэнэ/ залуу ганцаараа авч ороод удалгүй эргэж гарч ирээд надад бичиг баримт байдаггүй ээ, намайг ядаж иргэний үнэмлэхний лавлагаагаа аваад ир гэнэ. Угаасаа би гэрээсээ л зурагтаа авч гарч ирээд ломбарданд тавьж байгаа юм чинь та 2 бичиг баримтаараа зурагт тавиад өгөөч гэж нөхөр бид 2-т хэлэхээр нь итгээд би өөрийнхөө бичиг баримтаар уг зурагтыг нь 70,000 төгрөгөнд барьцаанд тавьж өгөөд таксины хөлс 8000 төгрөгөө аваад нөхөр бид 2 гэр лүүгээ явсан юм...ганцаараа зам дээр гар өргөөд ганцаараа манай машинд суусан. Гартаа ямар нэг зүйл бариагүй, гар хоосон суусан. Харин гэрээсээ очиж зурагт авсаныхаа дараа 2 айлын гадаа очиж нэг нэг залууг дуудаж гаргаж ирээд машинд сулгаад цаашаа хамт явсан юм. Хашаан дотор нь нэг цагаан өнгийн байшин л байсан. Гэр байгаагүй. Зургийг харлаа . Энэ хашаан дээр очиж зурагт аваагүй. Хашаан дотор нь ийм гэр болон байшин байгаагүй. Түүний орж зурагт авсан хашаан дотор нь нэг цагаан өнгийн байшин л байсан. Тэр залуу би гэр лүүгээ ороод зурагтаа аваад гараад ирье гэж хэлээд өөрийнхөө гэр гэх хашаа руу орж зурагт аваад л гараад ирсэн. Тэгэхээр нь өөрийнх нь л зурагт юм байна гэж бодоод итгэсэн. Бичиг баримт байхгүй бичиг баримтаараа тавиад өгөөч гэж гуйхаар нь сүүлд нь янз бүрийн юм болох юм биш биз дээ, хулгайн зурагт юм биш биз гэж асуухад “үгүй ээ, би гэрээсээ ороод авч гарч ирээ биз дээ, ямар ч асуудал байхгүй” гэж хэлсэн. Дээрээс нь таксиныхаа мөнгийг авах гэсэн чинь зурагтаа барьцаанд тавьчихаад мөнгийг чинь өгнө гээд байсан юм...гэжээ. /хх-36-37/,

    Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

         2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр...гэрээс 13 цагийн орчим гараад Оттонтөгсийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 14-299 тоот гэрт нь иртэл Отгонтөгсийн байшин цоожтой байсан. Энэ үөд мөн Отгонтөгсийн хашаанд байдаг монгол гэрт хүн байхгүй цоожтой байхаар нь би уг гэрийнх нь үүдийн амбаарынх нь хаалгыг /мод/ хугалж ороод 32 инчийн Самсунг маркийн зурагт хулгайлж аваад гэрээс нь гартал Отгонтөгсийн хашаан дотор нэг эмэгтэй зогсож байсан. Тухайн эмэгтэй “чи хүний зурагт аваад байгаа юм уу тавиач” гэж хэлэхээр нь “чи чимээгүй бай” гэж хэлтэл тэр эмэгтэй гүйгээд гараад явсан. Би ч уг зурагтыг нь авч гараад ээжийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн Баянголын 24-2 тоот гэрт нь очтол манай хоёр дүү гэртээ байж байхаар нь хулгайлж авсан зурагтаа ээжийн гэрт үлдээж гараад далангийн шинэ зам дээрээс хар өнгийн такси бариад эргэж ээжийн гэрт очиж үлдээсэн зурагтаа аваад өөрийнхөө түрээслэн амьдарч байгаа нийтийн байранд дээр ирэхэд О манай гэрт байж байсан. Ингээд О г тухайн таксиндаа суулгаад бид хоёр Э гэрт очиж Эрхэмбаярыг аваад гурвуулаа хамт тухайн такситай нэгдүгээр хороолол орж таксины жолоочтой хамт явсан эхнэр нь гэх эмэгтэйгийн бичиг баримтаар ломбарданд 70,000 төгрөгөөр хулгайлсан зурагтаа барьцаанд тавиад таксины 8000 төгрөгийг нь өгөөд бид 3 нэгдүгээр хороололд үлдээд уг таксиг явуулсан юм...гэжээ. /хх-87-88/,

       Шүүхийн криминалистикийн шинжээчийн  1238 тоот актын дүгнэлтэнд:

        ...3.Шинжилгээний шаардлага хангах 5 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь Гарын хээний нэгдсэн MN003320004625 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Г овогтой М баруун гарын эрхий хурууны хээтэй тохирч байна. /Овог нэр солигдсон байж болно/ Бусад гарын мөрүүд нь Гарын хээний нэгдсэн сан дахь хүмүүсийн гарын хээний дардсуудтай болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэжээ. /хх-51-52/,

        Шүүхийн криминалистикийн шинжээчийн  1247 тоот актын дүгнэлтэнд:

         1. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №8-д харуулсан гутлын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

         2. Хэргийн газраас илүүлсэн зураг №8-д харуулсан гутлын мөр харьцуулах загварт ирүүлсэн 3 гэж дугаарласан шар гялгар ууттай гутлын ултай хэмжээгээрээ ойролцоо байна. Харин хэргийн газраас илүүлсэн зураг №8-д харуулсан гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн 1, 2 гэж дугаарласан гутлын мөртэй хэмжээгээрээ тохирохгүй байна.

            3. Хэргийн газраас илүүлсэн зураг №8-д харуулсан гутлын мөр 43.5см орчим өмсгөлтэй, 180см орчим өндөртэй хүн өмсөх боломжтой.

        4. Хэргийн газраас бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №8-д харуулсан гутлын мөр харьцуулах загварт ирүүлсэн 3 гэж дугаарласан шар гялгар ууттай гутлын мөртэй хээний ерөнхий шинж тэмдгээр ижил байна.

        5. Харин хэргийн газраас илүүлсэн зураг №8-д харуулсан гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн 1, 2 гэж дугаарласан гутлын мөртэй хээний ерөнхий шинж тэмдгээрээ тохирохгүй байна.

        6. Хэргийн газраас бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №8-д харуулсан гутлын мөрийг эрэгтэй, эмэгтэй аль нь болох, тухайн гутлын мөрийн жин, уллагаа, материал зэргийг тогтоох боломжгүй байна гэжээ. /хх-61-62/,

         Шүүгдэгч Г.М урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-101/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн  үзүүлэлт /хх-2-7/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-08,15/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-13-14,18/, эд хөрөнгийн үнэлгээ /хх-45/, иргэний нэхэмжлэгч А.Б хохирол барагдуулсан тухай баримт, хүсэлт /хх-149,150/,            бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №1238,1247 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч нар гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.М гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

          Шүүгдэгч Г.М  2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 14-299 тоотод оршин суух хохирогч Г.Ц монгол гэрийн үүдний амбаарыг эвдэн Самсунг маркийн  32 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

           -хохирогч Г.Ц ”…гэртээ ирэхэд  манай амбаарын хаалганы модыг нь хугалсан байдалтай гэрээс зурагт алдагдсан байсан юм…” гэсэн мэдүүлэг /хх-23/,

           -иргэний нэхэмжлэгч А.Б ”...ажил дээрээ байхад гаднаас 32 инчийн Ссунг лед зурагт барьсан эрэгтэй эмэгтэй 2 хүн орж ирээд 70.000 төгрөгөөр барьцаанд тавиад гарсан. Гэтэл 18 цаг өнгөрж байхад цагдаа хулгайн зурагт байна гээд хураагаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-25-26/,

         -гэрч Б.С ”…ажил дээрээ байхад 13 цагийн орчим хойд айлын хүн болох Булган над руу залгаад “би эмнэлэг дээр байна, урд айлын охин над руу залгаад танай гэрээс хүн зурагт аваад гараад явж байна гэж хэллээ” гэж ярьсан. Тэгэхээр би нөхөр рүүгээ залгаад ажил дээрээс гэртээ шууд ирэхэд манай гэрийн үүдний амбаарын хаалганы доод талаар хугалаад гэрийн хойно аваачиж хаяад гэр онгорхой хаячихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-27/,

         -гэрч  Л.А ”…Булгаагийн гэрт нь зээлсэн мөнгөө өгөхөөр ортол гэр нь цоожтой байсан ба Булгаагийн гэрийн хашаанд байдаг монгол гэрийн үүдний амбаар нь эвдэрсэн байдалтай, цоож нь хаалганаасаа зүүлттэй байхаар нь гайхаад хашаанаас нь гарах гэтэл гэрээс нэг танихгүй эрэгтэй зурагт удирдлагын хамт бариад гараад ирэхээр нь “хөөе чи айл ухаад байгаа юм уу” гэж асуусан чинь “дуугай байгаарай хутга шаагаад алчихна шүү” гэж хэлээд гуйгээд гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-28/

        -гэрч О.Ж ”…Та 2-т бичиг баримт байвал энэ зурагтыг тавиад өгөөч гэж хэлэхээр нь...манай эхнэр өөрийнхөө бичиг баримтаар зурагтыг нь барьцаанд тавьж өгөөд бид 2 гэр лүүгээ явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-29-30/,

          -гэрч О.Б”...та 2 бичиг баримтаараа зурагт тавиад өгөөч гэж нөхөр бид 2-т хэлэхээр нь итгээд би өөрийнхөө бичиг баримтаар уг зурагтыг нь 70,000 төгрөгөнд барьцаанд тавьж өгөөд таксины хөлс 8000 төгрөгөө аваад нөхөр бид 2 гэр лүүгээ явсан юм…” гэсэн мэдүүлэг /хх-36-37/,

           -шүүгдэгч Г.М ”…Отгонтөгсийн хашаанд байдаг монгол гэрт хүн байхгүй цоожтой байхаар нь би уг гэрийнх нь үүдийн амбаарынх нь хаалгыг /мод/ хугалж ороод 32 инчийн Самсунг маркийн зурагт хулгайлж аваад гэрээс нь гартал Отгонтөгсийн хашаан дотор нэг эмэгтэй зогсож байсан...нэгдүгээр хороолол орж таксины жолоочтой хамт явсан эхнэр нь гэх эмэгтэйгийн бичиг баримтаар ломбарданд 70,000 төгрөгөөр хулгайлсан зурагтаа барьцаанд тавиад таксины 8000 төгрөгийг нь өгөөд бид 3 нэгдүгээр хороололд үлдээд уг таксиг явуулсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-87-88/,

         -гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн  үзүүлэлт /хх-2-7/ эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-08,15/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-13-14,18/, эд хөрөнгийн үнэлгээ /хх-45/, иргэний нэхэмжлэгч А.Б хохирол барагдуулсан тухай баримт, хүсэлт /хх-149,150/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

      Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.М гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг бусдын хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.

         Гэм хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.М бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ц 300.000 төгрөгийн шууд хохирол учирсаныг шүүгдэгч Г.М хулгайлсан Самсунг маркийн 32 инчийн ЛСД зурагтыг хохирогчид биет байдлаар нь эргүүлэн өгсөн, иргэний нэхэмжлэгч А.Б учирсан 70.000 төгрөгийн  хохирол бүрэн төлөгдсөн байх тул энэ тогтоолоор Г.М гаргуулах төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.М бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул дээрх зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.М-д дээрхи зүйл, хэсэг, заалтад заасан хорих  ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.М нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн 2018 оны  04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 61 хоног цагдан хоригдсон байна.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Г.М нь  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан 1 жил хорих ял оногдуулах талаар дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна. 

Шүүгдэгч Г.М-д шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулсан болно.  

Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар: 

Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн тухайд битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн шүүгдэгч Г.М өмсөж явсан хагас түрийтэй, бор саарал өнгөтэй, урд хэсэгтээ хар ногоон өнгийн орууллагатай, үдээсгүй 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.М-д буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Б.Г.М бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэм буруутайд тооцсугай.
  2. Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  02 жил хорих ялаар  шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 02 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд  зааснаар Г .М агдан хоригдсон 61 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч Г.Ц, иргэний нэхэмжлэгч А.Б ар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт Г.М иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  хагас түрийтэй, бор саарал өнгөтэй, урд хэсэгтээ хар ногоон өнгийн орууллагатай, үдээсгүй 1 хос гутлыг  тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.М-дбуцаан олгосугай.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Г.М- урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, түүний эдлэх ялыг 2018  оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.М-давсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                   

              

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ц.ОЮУНЧИМЭГ