Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2025/0552

 







 

    2025         08           13                                 128/ШШ2025/0552

                                            


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б******* /РД:ХК/,

Нэхэмжлэгч: Т.Х /РД:ШУ/,

Нэхэмжлэгч: Т.Н******* /РД:УХ/, 

Нэхэмжлэгч Т.Х******* итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Ч, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Х.Э, 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ө*******, 

Гуравдагч этгээд: “И******* ББСБ” ГХОХХК /РД:/,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.У,

Гуравдагч этгээд: Д.Т /РД:УУ/, 

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, тоотод байрлах 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Г.Б*******, Т.Х, Т.Н******* нарыг бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзаж буй нь хууль бус болохыг тогтоох, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу 73/1, 426 тоотод байрлах 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Г.Б*******, Т.Х, Т.Н******* нарыг бүртгэхийг хариуцагчид даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Х******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, нэхэмжлэгч Т.Х******* итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө*******, гуравдагч этгээд “И******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1.  Нэхэмжлэгч Г.Б*******, Т.Х, Т.Н******* нарыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02585 дугаартай шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 6-р хороо, тоотод байрлах 468 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-22*******дугаартай орон сууцны өмчлөгч Г.Б*******, Т.Х, Т.Н*******аа нарыг улсын бүртгэлд бүртгүүлэхийг Д.Тд даалгаж шийдвэрлэжээ. 

1.2. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4/22463 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст “2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02585 дугаартай шийдвэрт заагдсан орон сууцны өмчлөгчөөр Г.Б*******, Т.Х, Т.Н******* нарыг бүртгэж хариу ирүүлнэ үү” гэж ханджээ. 

1.3. Дээрх албан бичгийн хариуг Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 930 дугаар албан бичгээр “...үйлчилгээний заалаар шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх материал өгсний дараа бүртгэл хийхийг анхаарна уу” гэх хариуг өгчээ. 

1.4. Нэхэмжлэгч нараас Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “орон сууцны өмчлөгчөөр Г.Б*******, Т.Х, Т.Н******* нарыг бүртгэж өгнө үү” гэж хүсэлт гаргахад, тус газраас 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10-5/207 дугаар албан бичгээр “Эрхийн улсын бүртгэлийн Ү-22*******дугаартай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо /14201/, Их тойруу 73/1 дүгээр байрны 2,3,4 дүгээр давхар тоот хаягт байршилтай орон сууцны эрхийн улсын бүртгэлд 2014 онд "И*******" ББСБ-тай байгуулсан БГ2014/11/22 тоот барьцааны гэрээ бүртгэлтэй байна. ...эрх бүхий этгээдийн шийдвэрээр тусгай тэмдэглэлийг хүчингүй болгож, эрх сэргээсний дараа хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх үндэслэлтэй” гэх хариуг өгчээ.

1.5. Дээрх хариуг эс зөвшөөрч нэхэмжлэгч нараас гаргасан “Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, тоотод байрлах 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Г.Б*******, Т.Х, Т.Н******* нарыг бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзаж буй Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

1.6. Нэхэмжлэгч нараас 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, тоотод байрлах 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Г.Б*******, Т.Х, Т.Н******* нарыг бүртгэхийг хариуцагчид даалгах” гэж нэмэгдүүлсэн шаардлага гаргаснаар шүүх дээрх нэхэмжлэлийн хоёр шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хоёр. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл: 

2.1. Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу 73/1-42 6 тоотод байрлах 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч нарыг бүртгүүлэхийг Д.Тд даалгасан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02585 шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон боловч Д.Т дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа, мөн уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахаар Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 930 дугаартай албан бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч нарын өмчлөх эрхийг зөрчиж байгаа. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд дээрх 930 дугаартай албан бичиг, түүнд холбогдох бүртгэлийн баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт өгсөн боловч Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх уг хүсэлтийг хүлээн аваагүй байдаг.

Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан оны 12 дугаар сарын 03-ны өдрийн анхны албадан нэхэмжлэлийн агуулга нь 2024 дуудлага худалдаа явуулах тухай 13/23 тоот тогтоолыг хүчингүй болгох тухай шаардлага байсан болно.

Дээрх Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 930 дугаартай албан бичгийн дагуу нэхэмжлэгч нарыг хамтран өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэхээс татгалзсан эс үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т заасан үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрх зөрчигдөж байна гэж үзэж байна. 

Нэхэмжлэгч нар 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улсын Бүртгэлийн ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст нэг зэрэг хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлтүүдийн хариу ирэхдээ цаг хугацааны хувьд өөр өөр байдлаар хүргэгдсэн байдаг.

Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10-5/207 тоот албан бичгээр “эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэгээг хүчингүй болгосны дараа өмчлөгчөөр бүртгэнэ” гэсэн хариу өгсөн бөгөөд хариугаа гардан шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан болно. 

Нэхэмжлэгч Г.Б*******, Т.Х, Т.Н******* нарыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02585 дугаартай Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Их Тойруу 73/1 426 тоотод байрлах 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Иймд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их Тойруу 73/1 байрны 426-ийн 2, 3, 4 дүгээр давхрын 468 м.кв талбай бүхий Улсын бүртгэлийн Ү-22*******дугаарт бүртгэлтэй орон сууц нь Г.Б*******, Д.Т нарын хамтын хөдөлмөр, хамтын орлогоор шинээр бий болсон хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна. 

Орон сууцыг барьж шинээр бий болгон анхдагч аргаар өмчлөх эрхтэй болж байгаа тул үл хөдлөх эд хөрөнгийг бий болгосон Г.Б*******, Д.Т нарт тухайн хөрөнгийг бий болгосон үеэс өмчлөх эрх үүснэ. Үл хөдлөх эд хөрөнгийг Улсын бүртгэлд бүртгүүлж байгаа нь өмчлөх эрхээ бусдын өмнө баталгаажуулж байгаа хэлбэр бөгөөд өмчлөх эрхтэй боловч улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа этгээдийг өмчлөх эрхгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн хүүхэд төрснөөр гэр бүлийн гишүүний хөрөнгийн эрх үүсдэг бөгөөд маргаан бүхий хөрөнгийг барьж шинээр бий болгох үед хүү Т.Х, охин Т.Н*******аа нар төрсөн байсан тул Т.Х, Т.Н*******аа нар нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу 73/1 байрны 42Б-ийн 2, 3, 4 дүгээр давхрын 468 м.кв талбай бүхий орон сууцыг шинээр бий болгосон үеэс өмчлөх эрхтэй байна" хэмээн дүгнэсэн. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нарын зүгээс удаа дараа харьяа Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүргүүлэхээр хүсэлт гаргасан боловч бүртгэлийн хэлтсээс тухай бүрд амаар татгалзсан хариу өгч байсан. 

Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч нарыг бүртгэхээс удаа дараа татгалзсан тул нэхэмжлэгч нарын зүгээс 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дээд шатны байгууллага буюу Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт, гомдол гаргасан боловч хамтран өмчлөгчөөр бүртгэхээс татгалзаж, харьяа Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст хандахаар шийдвэрлэсэн тул Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн гэж үзсэн. Мөн энэхүү Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан гомдлын хувийг хариуцагчид хүргүүлсэн бөгөөд хариуцагчийн зүгээс мөн адил бүртгэхээс татгалзсан тул тул хуульд заасны дагуу шүүхэд хандсан билээ.

Нэхэмжлэгч нар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу дээр дурдсан хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгосон атал үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн бүртгэлд бүртгүүлж чадахгүй өнөөдрийг хүрээд байна. Угтаа үл хөдлөх эд хөрөнгө анх бий болоход л өмчлөх эрх үүссэн тул өмчлөгчөөр бүртгэж, түүний дараа барьцааны эрхийг хангуулах байдлаар ажиллагаа хийх боломжтой байхад улсын бүртгэлийн байгууллага нь хүлээж авахгүй бүртгэхгүй байгаа нь цаг хугацааны болоод шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр заавал биелэгдэх зарчмыг зөрчиж байгаа нь үндэслэлгүй юм. 

Иймд Сүхбаатар дүүргийн 6-р хороо, тоотод байрлах 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Г.Б*******, Т.Х, Т.Н******* нарыг бүртгэхээс үндэслэлгүй татгалзаж буй нь хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 6-р хороо, тоотод байрлах 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Г.Б*******, Т.Х, Т.Н******* нарыг бүртгэхийг хариуцагчид дадаалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэлдээ 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02585 дугаар шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдсан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удаашралтай учраас нэхэмжлэгч нарын зүгээс Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт гаргасан. Тус хүсэлтэд бүртгэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн тул шүүхэд хандсан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарыг анх үл хөдлөх эд хөрөнгө бий болсон цагаас буюу улсын бүртгэлд бүртгүүлсэн цагаас хойш хамтран өмчлөгчөөр тогтоогдсон байна гэж мөн тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт болон хэрэгт авагдсан материалаас харахад нэхэмжлэгч нар нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хамтын хөдөлмөр, орлогоор шинээр бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна гэх агуулгыг дурдсан. Үүнээс харахад Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь 2014 онд үүссэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой шүүхийн шийдвэр тогтоол байгаа учраас бүртгэх боломжгүй  гэх хариу нь үндэслэлгүй байна. Учир нь Улсын бүртгэлд бүртгүүлсэн 2011 оноос эхлэн нэхэмжлэгч нар нь хамтран өмчлөгч учраас бүртгэх боломжтой юм. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч захиргааны байгууллагад хүсэлтээр хандсан шалтгаан нь Д.Тгийн хувийн хэргээс харахад тусгай тэмдэглэлүүд болон барьцаанд тавьсан тохиолдлууд их байдаг. 2019 оноос хойш  шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу улсын бүртгэлд бүртгэгдэхгүй байхад нэхэмжлэгч нарын зүгээс улсын бүртгэгч нь бүртгэхгүй гэсэн хариуг амаар өгсөн учраас албан бичгээр хандах нь зүйтэй гэж бодоод хандсан. Албан бичгээр хандахад Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс татгалзсан үйлдэл гаргасан гэж үзэж байна. Түүнчлэн өмчлөх эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ барьцааны зүйлтэй тохиолдолд барьцаалагчийн барьцааны эрх хөндөгдөхгүй байх боломжтой талаар дүгнэж, цаг хугацааны хувьд өмчлөх эрх үүссэн хугацааг үндэслэл болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдийг харгалзаж үзнэ үү. Мөн Улсын бүртгэлд яагаад даалгаагүй шалтгаан нь 2023 оны Улсын дээд шүүхийн тогтоолд иргэний хэргийн өмчлөх эрхтэй холбоотой маргаанд Улсын бүртгэлийн газрыг хариуцагчаар татаагүй боловч Улсын бүртгэлд даалгах боломжтой болохыг тайлбарласан байдаг. Үүнээс өмнө хариуцагчтай холбогдох улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой маргаанд хариуцагчаар татаагүй боловч Улсын бүртгэлд даалгах боломжтой байдлаар тайлбарласан. Захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа захиргааны үндсэн зарчмыг баримтлах ёстой байсан. Иргэний зүгээс захиргааны үйл ажиллагаанд оролцоход бүртгэхээс татгалзсан үйл баримт харагддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна” гэв. 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “...Иргэн Т.Х, Т.Н*******, Г.Б******* нар нь шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх мэдүүлгийг Эд хөрөнгийн эрхийн улсыг бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу гаргаагүй. Харин төрийн байгууллагын өргөдөл, гомдлын системд 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх хүсэлт ирүүлсний дагуу бүртгэлийг мэдээллийн санд шалгаад:

Эрхийн улсын бүртгэлийн Ү-22*******дугаартай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо /14201/, Их тойруу 73/1 дүгээр байрны 2,3,4 дүгээр давхар тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байх бөгөөд 2014 онд "И*******" ББСБ-тай байгуулсан БГ2014/11/22 тоот барьцааны гэрээ бүртгэлтэй байна.

Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 3/34825 тоот албан бичиг, 2015 оны Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 29454 дугаартай шүүгчийн захирамж;

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 2015 оны эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоол;

Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 3/11327 тоот албан бичиг, 2015 оны Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2015/08354 дугаартай шүүгчийн захирамж;

Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 11060 тоот албан бичиг, 2017 оны Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4/09 дугаартай тогтоол;

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4/3468 тоот албан бичиг, 2020 оны Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШЗ2020/01447 дугаартай шүүгчийн захирамж;

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 2/33612 тоот албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны албадан дуудлага худалдаа явуулах тухай 10/14 дугаартай тогтоол; 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 536 тоот албан 2021 оны Сүхбаатар дүүргийн иргэний 181/ШЗ2021/02010 дугаартай шүүгчийн захирамж; 

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 2/11083, 2024 оны 04-151/5179, 04-151/28085 тоот албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх газрын 2022, 2024 оны анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 6/17, 13/23 тоот тогтоолоор тус тус түдгэлзүүлсэн;

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт "Шүүх арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх арбитрын шийдвэрийг хавсаргана", мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д “Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол, эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно” гэж заасны дагуу эрх бүхий этгээдийн шийдвэрээр тусгай тэмдэглэлийг хүчингүй болгож, эрх сэргээсний дараа хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх үндэслэлтэй байна гэсэн хариуг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10-5/208 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

Иймд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзсан бүртгэл бүртгэгдээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт тус хуулийн 30.1.4 дахь заалтад заасан үндэслэлээр гэдэгт эрх бүхий байгууллага түдгэлзүүлсэн шийдвэрээр тусгай тэмдэглэл хийгдсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно гэж заасан дагуу эрх бүхий этгээдийн шийдвэрээр тусгай тэмдэглэлийг хүчингүй болгож эрх сэргээсний дараагаар хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх үндэслэлтэй байна гэсэн хариуг нэхэмжлэгч нарт мэдэгдсэн байна. 

Түүнчлэн эрх сэргээсний дараа бүртгэх үндэслэлтэй гэж тайлбарласан, бүртгэхгүй гэж тайлбарлаагүй. Барьцааны гэрээ, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр хоёр ялгаатай бөгөөд барьцааны гэрээнд байгаа эд хөрөнгийн эрхийг шилжүүлэхэд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх тул заавал тухайн байгууллагын ирүүлсэн албан бичгийн дагуу шилжүүлэх, өөрчлөх шаардлага үүсдэг. Мөн эрх бүхий байгууллагаас тусгай тэмдэглэлтэй байвал зайлшгүй сэргээсний үндсэн дээр бүртгэх ёстой байдаг.

Манай байгууллагын зүгээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзсан үндэслэлд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Дөрөв. Гуравдагч этгээдүүдийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

4.1. Гуравдагч этгээд “И******* ББСБ” ГХОХХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Тухайн нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй өмчлөгч нь нэхэмжлэгч Г.Б*******ын нөхөр, Т.Х, Т.Н******* нарын аав Д.Т юм. Д.Т нь гуравдагч этгээд "И******* ББСБ" ХХК-тай 2014 онд зээлийн гэрээ болон тус үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан барьцааны гэрээг тус тус байгуулан 250,000,000 төгрөгийн зээл авсан. Гэвч зээлдэгч Д.Т нь зээлийн гэрээний үүргээ зөрчин зээлийн эргэн төлөлтөө 2015 оноос хойш төлөөгүй тул манай зүгээс 2016 онд шүүхэд хандаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний 2153 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны 977 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 908 дугаар тогтоолоор Д.Тгээс 367,666,666 төгрөг гаргуулж “И******* ББСБ" ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Тухайн шийдвэрийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, тоотод байрлах 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хурааж анхны албадан дуудлага худалдааг явуулсан.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.-д "Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана", 29.1.1-д “бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа;”, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-т “тухайн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсан;” гэж тус тус заасан байна.

Иймд шүүхийн шийдвэрээр тухайн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байгаа тул нэхэмжлэгч нарыг тухай үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөгчөөр бүртгэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрээр тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээс татгалзахаар заасан байна. Иймд улсын бүртгэгчээс нэхэмжлэгч нарыг хамтран өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцсэн байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж зааснаар шүүхээс хуульд заасан өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж шийдвэрлэх боломжгүй юм. хэм хэмжээг зөрчиж хариуцагчид нэхэмжлэгч нарыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2585 дугаар шийдвэрээр тус үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Г.Б*******, Т.Х, Т.Н******* нарыг улсын бүртгэлд бүртгэхийг Д.Тд даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухайд: 

Бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 930 тоот албан бичгээр нэхэмжлэгч нарыг 2018 оны тус шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулсан боловч Улсын тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-д “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан тодорхой үйлдэл, үйл ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсон нь тогтоогдсон" гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байдаг.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэл болох 2018 оны шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу үүсгэсэн боловч тус шийдвэрт заасан нэхэмжлэгч нарыг хамтран өмчлөгчөөр бүртгэх боломжгүйн тогтоогдсон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2585 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 930 дугаар албан бичгээр нэхэмжлэгч нарыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэх боломжгүй тухай мэдэгдэж татгалзсан байдаг.

Нэхэмжлэгч нараас тус 2019 оны 930 дугаар бүртгэхээс татгалзсан албан бичгийг хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй атлаа одоо дахин хүсэлт гаргаж ижил агуулга бүхий хариуг хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандаж байгаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилготой юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:", 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол;" гэж заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

4.2. Гуравдагч этгээд “И******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 908 дугаар тогтоолоор Д.Тгээс зээлийн төлбөр гаргуулж “И******* ББСБ” ХХК-д олгож, маргаан бүхий барьцаа үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэр гарсан байдаг. Энэ нь 2016 оны үйл явдал. Ингээд хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэг нээгдэж тухайн хөрөнгөд Улсын бүртгэлийн ерөнхий газраас тусгай тэмдэглэл хийгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны газраас хурааж, битүүмжилж, дуудлага худалдаанд орох ажиллагаа явагдаж байна. Энэ цаг хугацаанд нэхэмжлэгч нарын зүгээс 2018 онд нэхэмжлэл гаргаж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг Д.Тд даалгаж шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Д.Тд холбогдуулан тусдаа нээгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар мэдэгдэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газраас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан тусгай тэмдэглэлтэй байгаа учраас бүртгэх боломжгүй хариуг ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал илэрвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож хаах ажиллагаа явагддаг. Үүний дагуу Д.Тд холбогдуулан Г.Б*******, Т.Н*******, Т.Х нарын төлбөр авагчтай иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсонтой холбогдуулан гомдол байгаа тохиолдолд тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тогтоолд гомдол гаргах боломж нь нэхэмжлэгч нарт байсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх дарааллын хувьд эхэнд үүссэн шүүхийн шийдвэр буюу 2016 онд гарсан Улсын дээд шүүхийн шийдвэр биелэгдэх ёстой. Энэ шийдвэр нь Д.Тгээс хөрөнгө гаргаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах юм. Д.Т нь “Их ирээдүй ББСБ” ХХК-д төлөх ёстой төлбөрөө төлчихвөл Д.Тд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаж, тусгай тэмдэглэгээ арилна. Ингэснээр энэ хэргийн нэхэмжлэгч нар нь Д.Тд холбогдуулан дахин нэхэмжлэл гаргах эрх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нээлттэй байдаг. Улсын бүртгэлийн байгууллагын зүгээс тусгай тэмдэглэлтэй учраас бүртгэх боломжгүй гэсэн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Хоёрдугаарт, Г.Б*******, Т.Н*******, Т.Х нарын зүгээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу мэдүүлэг гаргаагүй байна. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасан шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөгч, эзэмшигч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах бөгөөд түүнд шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нарын зүгээс ямар нэгэн мэдүүлэг гаргаагүй байгаа гэдэг нь нэхэмжлэгчийн өөрийн гаргасан тайлбараар тогтоогдож байна. Захиргааны байгууллагын зүгээс нэгэнт хууль журмын дагуу мэдүүлэг гаргаагүй этгээдийн өмчлөх эрхийг бүртгэх боломжгүй юм. Нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хамтран өмчлөгчөөр бүртгэх тухай иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна. Энэхүү үндэслэлүүдээр захиргааны үйл ажиллагаа хууль бус гэдэг нь тогтоогдохгүй байна. Маргаан бүхий захиргааны акт хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. 

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэл болон тайлбартаа шүүхийн практик байгаа гэж тайлбарлаж байна. Энэ талаар тайлбар хэлэхэд нэгдүгээрт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад талаар ямар нэгэн шүүхийн шийдвэр гараагүй. Зөвхөн барьцааны бүртгэлтэй байгаа тохиолдолд барьцаалагч банк бус санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр өмчлөх эрхийн бүртгэл хийгддэг. Энэ тохиолдолд барьцааны гүйцэтгэл болон шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон байна. Энэ асуудлаар шүүхийн шийдвэр гарч өмчлөгчөөр бүртгэсэн зүйл байхгүй, хоёрдугаарт хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч нарын зүгээс мэдүүлэг гаргаагүй, хүсэлт гаргасан гэж тайлбарлаж байна. Энэ хариу тайлбар нь үндэслэлтэй юм. Учир нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өмчлөх эрхтэй холбоотой эрх олж авах тохиолдолд мэдүүлэг гаргахаар хуульчилсан байхад мэдүүлэг гаргаагүй хүсэлт гаргаад түүнийгээ мэдүүлэг гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна. 

Тусгай тэмдэглэлийн тухайд барьцааны гэрээний үндсэн дээр тэмдэглэгээ хийгдэхгүй. Харин барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд тусгай тэмдэглэл хийгддэг. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт эд хөрөнгөд дараах  тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ гэж, 30 дугаар зүйлийн 30.1.3 дахь заалтад тухайн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гарсан гэж заасан байдаг. Улсын бүртгэлийн байгууллагаас тайлбарлаж байгаа нь барьцааны гэрээ бүртгэлтэй гэж тайлбарлаагүй., барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шүүхийн шийдвэр гарсан тул тусгай тэмдэглэл хийгдсэн гэж тайлбарлаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

4.3. Гуравдагч этгээд Д.Т шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбартаа: “...Иргэн Д.Т миний бие эхнэр Г.Б*******той 1992 он гэрлэж 1995 онд хүү Т.Хыг, 2005 онд охин Т.Н*******ыг төрүүлсэн. Бид 2000 онд өөрсдийн амьдарч байсан орон сууцаа зарж Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Их тойрууд газар худалдан авч, газар эзэмших эрхийн гэрчилгээг миний нэр дээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны захирамжаар баталгаажуулсан. Бид 2001 оноос эхлэн газар дээрээ барилга барьж эхэлсэн бөгөөд олон жилийн турш байшингаа томруулан давхарлаж барьсан. Эхний 1 давхар 156 м.кв талбай бүхий орон сууц өмчлөх гэрчилгээг 2004 онд, 2,3,4 давхрын 468 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2011 онд тус тус миний нэр дээр гаргаж үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэн Ү-22*******дугаартай гэрчилгээг авсан.

Дээрх газрыг худалдан авах, газар дээр үл хөдлөх эд хөрөнгийг барьж ашиглалтад оруулахад манай эхнэр хүүхдүүдийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө орсон болохыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 12 сарын 12-ний өдрийн 02585 дугаартай шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Их Тойруу 73/1 байрны 426-ийн 2, 3, 4 дүгээр давхрын 468 м.кв талбай бүхий Улсын бүртгэлийн Ү-22*******дугаарт бүртгэлтэй орон сууц нь Г.Б*******, Д.Т нарын хамтын хөдөлмөр, хамтын орлогоор шинээр бий болсон хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна. орон сууцыг барьж шинээр бий болгон анхдагч аргаар өмчлөх эрхтэй болж байгаа тул үл хөдлөх эд хөрөнгийг бий болгосон Г.Б*******, Д.Т нарт тухайн хөрөнгийг бий болгосон үеэс өмчлөх эрх үүснэ. Үл хөдлөх эд хөрөнгийг Улсын бүртгэлд бүртгүүлж байгаа нь өмчлөх эрхээ бусдын өмнө баталгаажуулж байгаа хэлбэр бөгөөд өмчлөх эрхтэй боловч улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа этгээдийг өмчлөх эрхгүй гэж үзэх үндэслэлгүй хэмээн зөв зүйтэй дүгнэсэн.

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс үзэхэд нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэр гарснаас бус харин анх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан цагаас буюу 2011 оноос эхлэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болохыг дүгнэсээр байгаа атал Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 03 сарын 09-ний өдөр гарсан шүүхийн шийдвэрийг үндэслэл болгон нэхэмжлэгч нарыг хамтран өмчлөгчөөр бүртгэхээс татгалзаж байгаа үндэслэлгүй юм.

Бодит нөхцөл байдал дээр Д.Т миний бие 2008 онд Бүгд Найрамдах Солонгос Ард Улсын иргэн У Ж*******-тай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд У Ж*******н миний таньдаг солонгос эзэнтэй ББСБ байгаа түүнээс зээл авчих тус мөнгийг би төлнө гэж хэлсний дагуу "И*******" ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр "Зээлийн гэрээ” байгуулж зээл авсан. Гэвч У Ж******* нь дээр дурдсан төлбөрөө төлж барагдуулаагүйгээс “И*******” ХХК-д төлбөр төлөх шүүхийн шийдвэр гарсан. Энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдрийг хүртэл эхнэр хүүхдүүдийнхээ хүч хөдөлмөрөөр хамтадаа бүтээсэн үл хөдлөх эд хөрөнгө тэдний нэр дэр гаргаж чадахгүй байгаа болно.

Иймд нэхэмжлэгч Г.Б*******, Т.Х, Т.Н******* нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

2. Хэдийгээр нэхэмжлэгч Г.Б*******, Т.Х, Т.Н******* нарыг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, тоотод байрлах 468 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-22*******дугаартай орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхийг Д.Тд даалгаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02585 дугаартай шүүхийн шийдвэр гарч, 

3. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4/22463 дугаар албан бичгээр “2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02585 дугаартай шийдвэрт заагдсан орон сууцны өмчлөгчөөр Г.Б*******, Т.Х, Т.Н******* нарыг бүртгэж хариу ирүүлэх”-ийг хүсэж, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлснээр, 

4. Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 930 дугаар албан бичгээр “...иргэн Д.Тгийн өмчлөлд бүртгэлтэй, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22*******дугаартай орон сууц ... барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй, ...захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоол бүртгэлтэй зэрэг байх тул өмчлөгчөөр Г.Б*******, Т.Х, Т.Н******* нарыг нэмж бүртгэх боломжгүй болохыг, ... үйлчилгээний заалаар шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх материал өгсний дараа бүртгэл хийх” талаар хариу өгснөөр дээрх Иргэний хэргийн шүүхийн шийдвэр бүрэн биелэгдээгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар, энэ талаарх үйл баримт хэрэгт авагдсан.

5. Нэхэмжлэгч нарын зүгээс 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “...шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой гэсэн хуулийн заалтын дагуу дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, тоотод байрлах 468 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-22*******дугаартай орон сууцны өмчлөгчөөр Г.Б*******, Т.Х, Т.Н******* нарыг бүртгэж өгөх”-ийг хүсэж, Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүсэлт гаргасан.

6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 5/4520 дугаар албан бичгээр “та бүхний 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлтийг хүлээн авч танилцаад дараах хариуг өгч байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 30 дугаар зүйлийн 30.5-д заасны дагуу эрх бүхий этгээдийн шийдвэрээр тусгай тэмдэглэлийг хүчингүй болгож, эрх сэргэсний дараа хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх үндэслэлтэй. ...эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан бүртгүүлнэ үү” гэж,

7. Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 10-5/207 дугаар албан бичгээр “эрхийн улсын бүртгэлийн Ү-22*******дугаартай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу 73/1 дүгээр байрны 2,3,4 дүгээр давхар тоот хаягт байршилтай орон сууцны эрхийн улсын бүртгэлд 2014 онд “И*******” ББСБ-тай байгуулсан БГ2014/11/22 тоот барьцааны гэрээ бүртгэлтэй байгааг, уг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байгааг дурдаад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 30 дугаар зүйлийн 30.5-д заасны дагуу эрх бүхий этгээдийн шийдвэрээр тусгай тэмдэглэлийг хүчингүй болгож, эрх сэргэсний дараа хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх үндэслэлтэй байна” хэмээн нэхэмжлэгч нарт хариу өгч байсан үйл баримт хэрэгт авагдсан, мөн уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.

8. Харин нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчийн ямар хууль бус эс үйлдэхүй байсан болох, уг эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болох талаар дүгнэлт хийхэд,

9. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2. “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл” гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.4-т заасныг ойлгохоор, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4. “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл” гэж өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг ойлгохоор нэр томьёоны утгын хувьд хуульчлан заасан.

10. Ийнхүү эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх зохицуулалтыг нэг талаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6. “мэдүүлэг гэж эд хөрөнгийн эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хэлбэрээр гаргасан хүсэлтийг”, 7 дугаар зүйлийн 7.1. “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана”, 7.2. “Энэ хуулийн 7.1-д заасан мэдүүлгийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана” гэж зааснаар нутаг дэвсгэрийн харьяаллыг дагаж, ямар үл хөдлөх хөрөнгийг хэрхэн бүртгүүлэхээ мэдүүлэг гаргаж хандахаар,

11. Нөгөө талаас, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2. “Улсын бүртгэлийн байгууллагад улсын ахлах бүртгэгч, улсын бүртгэгч ажиллана”, 19.3. “Улсын бүртгэгч нь хувийн дугаар бүхий тэмдэг хэрэглэнэ. Улсын бүртгэгчийн тэмдэг хэрэглэх журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална”, 19.4. “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна”, 19.4.1. “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох”, 19.4.2. “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 19.4.3. “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 19.4.4. “тухайн улсын бүртгэлтэй холбоотой албан бичиг, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэмдэглэлийг эх нотлох баримт болгон авч улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган баяжилт, бүртгэл хийх”, 19.4.5. “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх”, 19.4.8. “улсын бүртгэлийн хувийн хэргийг хөтлөх”, 19.4.10. “улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх” зэргээр заасны дагуу хуульд заасан улсын бүртгэлийн төрлийн дагуу гаргасан мэдүүлэг, нотлох баримтыг хүлээн авч хянаж үзсэнээр бүртгэх эсэх талаар хараат бусаар, үнэн зөв шийдвэр гаргах эрх, үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрх улсын бүртгэгчид байна.

12. Маргаан бүхий энэ тохиолдолд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтээс өөр зүйл байхгүй, уг хүсэлтэд шүүхийн шийдвэр хавсаргасан нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэх санаа зоригоо илэрхийлсэн гэж үзнэ хэмээн тайлбарлаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгүүлэхээр хандсан уу, эсхүл эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хандсан уу, түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэл хийлгэхээр хандсан уу гэдэг нь тодорхойгүй, мэдүүлэг гаргаагүй, эрх бүхий улсын бүртгэгчээс гарсан шийдвэр байхгүй, Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-д заасан эрхийн улсын бүртгэл хөтлөх дараалал журмын дагуу үйлдсэн баримт бичиг, үйл баримт тогтоогдохгүй байна.

13. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан хүсэлтэд албан бичгээр хариу өгсөн хариуцагчийн үйлдлийг буруутгахгүй ба Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариу өгсөн нь хууль зөрчөөгүй болно. Тодруулбал, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1/ “өргөдөл гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг”, 4/ “гомдол гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг”, 5/ “өргөдөл, гомдлыг шийдвэрлэх гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг ойлгохоор нэр томьёоны утгыг хуульчилсан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх, чөлөө ашиг сонирхлыг зөрчсөн албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаатай холбоотой гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн нь нарийвчилсан хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй, шүүхээр хамгаалагдах субьектив эрх, зөрчигдөж болзошгүй хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзэхээр байна.

14. Нэхэмжлэгч нараас хүсэлтээр хандсан асуудалд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.4. “тухайн улсын бүртгэлтэй холбоотой албан бичиг, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэмдэглэлийг эх нотлох баримт болгон авч улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган баяжилт, бүртгэл хийх” гэж зааснаар гаргасан хүсэлт, өгсөн хариуг авч хавсаргасан нь эд хөрөнгийн эрхээр улсын бүртгэлд бүртгэхгүй байсан эс үйлдэхүйг татгалзсан хариугаар илэрхийлсэн гэж үзэхгүйг харуулж, харин хуулийн дагуу хийгдсэн үйл ажиллагаа болохыг харуулж байна.

15. Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий асуудлаар харьяалах захиргааны байгууллагад хандаж, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн талаар мэдүүлэг гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 19 дүгээр зүйлийн 19.4.4, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 4, 5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б*******, Т.Х, Т.Н******* нараас Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, тоотод байрлах 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Г.Б*******, Т.Х, Т.Н******* нарыг бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзаж буй нь хууль бус болохыг тогтоох, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, тоотод байрлах 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Г.Б*******, Т.Х, Т.Н******* нарыг бүртгэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 


 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН