Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/24

 

  

 

 

 

 

2024      04          03                                          2024/ДШМ/24

 

                                                                                                           

                                            Ж.Дад холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Ц.Мөнхтуяа

Шүүгдэгч                                                       Ж.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            А.Төмөрчулуун

Хохирогч                                                       М.О

Хохирогчийн өмгөөлөгч                            Н.Мөнхнаран

            Нарийн бичгийн дарга                             Б.Маралмаа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулууны давж заалдах гомдол болон прокурор Ж.Батбаатарын эсэргүүцлээр Ж.Д-ад холбогдох 2325000000453 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж.Д, Монгол Улсын иргэн, 2000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 4 дүгээр курст суралцдаг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ФБ00000000.

Ж.Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Боззоло” худалдааны төвийн урд талын засмал зам дээр 89-76 ОРА улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ явган хүний гарцаар гарч явсан иргэн М.О-ыг мөргөж эрүүл мэндэд нь “тархины хажуугийн ховдлын цус хуралт, тархины 2 тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн тархины эдийн няцрал ... “ хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Ж.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Ж.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3-т заасан тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зөвхөн Улаанбаатар, Орхон аймгийн хооронд зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ад шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167, 177 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.3-т зааснаар шүүгдэгч Ж.Д-аас нийт 62,290,195 төгрөг гаргуулж хохирогч М.О-т олгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэг  хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн газраас авсан хэсэг үсийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт хариуцсан коммист даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун давж заалдах гомдолдоо:

“Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг гардан аваад тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт заасныг эс зөвшөөрч өмгөөлөгч А.Төмөрчулуун би дараах гомдлыг гаргаж байна.

...Хэрэг хянан шийдвэрлэх явцад хохирогч эмчилгээнд зарцуулсан зардал, асаргаа сувилгаа, эмийн эмчилгээ болон бусад ахуйн зардал, замын зардал нийт 7,042,755 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 6 сая төгрөг нийт 13,092,755 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Ж.Д-ын зүгээс 3,875,985 төгрөгийг төлсөн. 

Хэрэгт цугласан бичгийн нотлох баримтуудыг судлан үзэхэд хоол унд, шашны зан үйл болон цахилгаан тамхи авсан зардлаа хүртэл төлүүлэх сонирхолтой байгаа нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3.1.2-т заасан "хохирлын нөхөн төлбөр боломжит түвшинд буюу хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэрт байдлыг хангах" 3.1.3-т заасан "хохирогч өөрт учирсан хохирлоор ашиг бий болгохгүй байх" гэсэн зарчмыг илтэд зөрчсөн байна. 

Хохирогч 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 09 дүгээр сарын 04-ны өдөр хүртэлх хугацаанд Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэж эмчлүүлсэн бөгөөд эмнэлгээс гарах үед эмчлэгч эмчээс “нэг сарын хугацаанд хүнд зүйл өргөхгүй, спортоор хичээллэхгүй, кальци уух” гэсэн заалт, заавар өгсөн байхад эмнэлгээс гаран “Эрдэнэт сувилал", "Очир увидас", "Мөнгөн гүүр" гэх мэт эмнэлгийн байгууллагад ахин дахин хэвтэж эмчлүүлсэн.

Энэ талаарх өвчтөний түүхийн хуулбарыг хэрэгт хавсаргаагүй, эм эмчилгээний хуудсыг мөн хавсаргаагүй, хэн гэдэг, ямар мэргэшлийн чиглэлийн эмчийн заавраар цаашид ЭМЧИЛГЭЭ хийлгэж байгаа нь тодорхойгүй байх тул гэм хорын хохирлыг тооцоход нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэх бодит бөгөөд үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийг хянан үзэж сэтгэцэд учирсан хор уршгийг бууруулсан өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэжээ. 

Прокурор Ж.Батбаатар эсэргүүцэлдээ:

“ ... Шийтгэх тогтоолыг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн мөн “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэх хуулийн шаардлага хангаагүй байна гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэж нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг хумьж, чиглэлийг тогтоох зэргээр зорчих эрхэд нь тодорхой хязгаарлалтыг тогтоож буй шийтгэлийн төрөл юм. 

Мөн эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. 

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Дад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэхдээ зөвхөн Улаанбаатар, Орхон аймгийн хооронд зорчихоор зорчих эрхийг нь хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь ялтны чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг хэт өргөн буюу Нийслэл болон аймгийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг алдагдуулж байхын зэрэгцээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байна. 

Энэ нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхээс зорчих чиглэлийг тогтоож өгөхдөө Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж байна. 

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.Д тайлбартаа:

“...Би хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байгаа ... Ял шийтгэлийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөнгөн төлбөр дээр харгалзаж үзээсэй гэж хүсэж байна...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун тайлбартаа: “...Хохирогч өөрт учирсан хохирлоор ашиг олохгүй байх гэдэг зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд 62.000.000 төгрөгийг бууруулах нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлага хэт өндөр буюу нотлох баримтын шаардлагыг хангахгүй учраас багасгасан өөрчлөлтийг оруулж өгнө үү. Шийтгэх тогтоолд Орхон аймаг, Улаанбаатар хот хооронд зорчих эрхийг хязгаарлах гэж ойлгомжгүй байдлаар бичсэн байсан. Үүнд өөрчлөлт оруулах нь зүйтэй байх. Давж заалдах гомдлоо дэмжиж байна...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч М.О тайлбартаа:

“...Өдий 7, 8 сар эрүүл мэнд бүх зүйлээрээ хохироод байж байна. Эмнэлгийн буянаар мөн би өөрөө эмч хүн учраас тэр их сэтгэлийн шаналгаа, зовиурыг давж байна. Ж.Дын хувьд анхан шатны шүүх хурал хүртэл нэг удаа ч болов надаас уучлалт гуйхыг нь хүлээсэн. Гэтэл нэг ч удаа биеийг асуугаагүй. Шүүхийн шийдвэр гараад би нэг удаа утсаар ярьсан. Утсаар ярихад хэн бэ гэж надаас асуусан. Ийм муухай харгис хүйтэн байж болохгүй. Ээж шигээ хүнийг дайрчхаад ингэж болохгүй. Аргаа бараад 15.000.000 төгрөгийг өгчих гэхэд Шийдвэр гүйцэтгэлээс над руу залгах байх гэсэн. Би маш их гомдолтой байна. Үнэхээр их гомдолтой байна...” гэв.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран тайлбартаа:

“...Гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож байгаа байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршиг, үлдэц арилсан уу, үгүй юү гэдэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлуулах хамрах хүрээнд нь өөрчлөлт оруулж Орхон аймаг Баян-Өндөр сум гэдгээр тогтоож өгнө үү...” гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Мөнхтуяа дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж байна, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах дүгнэлт гаргаж байна” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулууны давж заалдах гомдол болон прокурор Ж.Батбаатарын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Ж.Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 89-76 ОРА улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Боззоло” худалдааны төвийн урд талын явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч М.Оыг мөргөж эрүүл мэндэд нь “ ...тархины хажуугийн ховдлын цус хуралт, тархины 2 тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн тархины эдийн няцрал...” бүхий хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Дад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас судалж үзвэл шүүгдэгч Ж.Д нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч тэрээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг 4 дүгээр курст суралцдаг нь тус сургуулийн захирал Д.Мөнхжаргалын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1/328 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

“Зорчих эрхийг хязгаарлах ял” нь гэмт хэрэг үйлдсэн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэм хэмжээ, хувийн байдлыг харгалзан түүний чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй эрүүгийн хариуцлагын нэг төрөл боловч

уг ялын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүний эрхийг дээдлэх зарчимд тулгуурлан, зүй зохистой байдлыг бүрдүүлэх үүднээс хамт олон, гэр бүлийнхээ орчинд хүмүүжих, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд хөдөлмөрлөх эрхийг нь хангахаас гадна суралцах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг эдлүүлж, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг болон үйлдсэн гэмт үйлдлээ ухамсарлах боломжийг олгоход чиглэсэн байдаг.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Д-ад ял оногдуулахдаа цээрлүүлэх бус эрүүгийн хариуцлага хүлээсэн хүнийг нийгэмшүүлэх зорилго, зорчих эрхийг хязгаарлах ялын талаар хуульд тусгайлан заасан ойлголт, уг ялыг хүлээлгэх үндэслэл, журам, зарчмыг үндэслэлтэй тайлбарлан хэрэглэж чадаагүйн улмаас зорчих эрхийг хязгаарлах ялыг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй ойлгож хэрэглэжээ.

Тодруулбал: Анхан шатны шүүх “ ... шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, ... зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй ... ” гэж дүгнэсэн атлаа Ж.Д-ыг 1 жилийн хугацаагаар зөвхөн Улаанбаатар хот Орхон аймгийн хооронд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь зорчих эрхийг хязгаарлах ялын зорилго, агуулгыг алдагдуулснаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 26 дугаар зүйлд заасан шүүгдэгчийн суралцах эрхийг хангахуйц болж чадаагүй байна.

Түүнээс гадна “Зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулж болох гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа уг ялыг оногдуулах, ялын хэрэгжилтийг нэг мөр хангуулах нөхцөлийг бүрдүүлж, гэмт хэрэг үйлдсэн хүний байнга, түр оршин суух хаяг, үйл ажиллагаа явуулдаг болон ажлын байрны байршил, хэрэгт холбогдсон хүний эрүүл мэндийн байдал, бусдад аюул учруулах эрсдэлтэй эсэх, түүнчлэн уг ял хэрэгжих боломжтой нөхцөл байдлыг нарийвчлан тогтоосон байх шаардлагатай.

Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж буй этгээдийн байнга болон түр оршин суух хаягийг зөв тодорхойлсноор эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөл бүрдэх юм.

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгчийг 1 жилийн хугацаанд зөвхөн Улаанбаатар, Орхон аймгийн хооронд зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн атал прокуророос “ ... ялтны чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг хэт өргөн буюу Нийслэл болон аймгийн нутаг дэвсгэрээр тогтоосон ... ” гэж эсэргүүцэл гаргасан нь учир дутагдалтай байх боловч шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул прокурорын “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулууны гаргасан “... өвчтөний түүхийн хуулбарыг хэрэгт хавсаргаагүй, ... гэм хорын хохирлыг тооцоход нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэх бодит бөгөөд үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байна, ... сэтгэцэд учирсан хор уршгийг бууруулсан өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.

Анхан шатны шүүх Ж.Д-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутад явуулахаар товлосон боловч шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 30 минутад хийсэн, өөрөөр хэлбэл шүүх хуралдааныг товлосон цагт хийлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн зөрчил гаргасныг цаашид анхаарвал зохино.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

            2. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулууны давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

            3. Шүүгдэгч Ж.Д-ад холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгасугай.

4.  Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж.Д-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               З.ХОСБАЯР

 

                                                ШҮҮГЧ                                               С.УРАНЧИМЭГ