Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 267

 

 

 

 

 

 

 

2018           03            28                                          267

 

                         

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг, 

улсын яллагч Р.Энхтуяа,

хохирогч Б.Б.,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

шүүгдэгч Л.Н-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Л.Н-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708026060082 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ө овогт Л-гийн Н /РД:........../.

Яллагдагч Л.Н-нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт дулаалгын хөөсөнцрийн үйл ажиллагаа явуулдаг “Б Ц”ХХК-ийн хөөсөнцрийн үйлдвэрт хууль бусаар нэвтэрч, 4 зэсийн голчтой 84 метр цахилгааны кабелийн утас, 380 ВТ хүчин чадалтай 2 ширхэг цахилгаан мотор зэрэг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Н-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Б.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын сүүлээр намайг Хятадад явж байхад А. ах над уруу чатаар залгаад “Үйлдвэрт хулгай орсон байна, манаач авсан байх магадлалтай байна. Чамайг ирэхээр учрыг нь олъё” гэж хэлсэн. Би ирээд  Н. ахтай өөртэй нь уулзахад “Би хулгайлаагүй, чи цагдаагаа дууд” гэж хэлээд байхаар нь би цагдаа дуудсан. 84 метр кабель, 4 кВт-ын 1 ширхэг мотор, 2.2 кВт-ын 1 моторыг буцааж өгвөл гомдолгүй. Шатаасан кабелийг нь би буцааж аваад тушаахад 350.000 төгрөг болсон. Үүнийг авсан гэж тооцоод үнийн дүнгээс хасаж болно” гэв.

 

Эрүүгийн 1708026060082 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Б-: “...2017 оны 10 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөөсөнцрийн үйлдвэрлэл эрхэлж үйл ажиллагаагаа явуулах болсон тул компанийнхаа хашаанд манаа сахиул айл хэрэгтэй болж компанийн хойд талын хашаанд амьдардаг С. гэх эмэгтэйтэй ярилцаж сахиулаар ажиллуулахаар тохиролцож хашаанд буулгасан. 2017 оны 11 дүгээр сарын дундуур би Хятад улс руу ажлаар явж байхад надтай компанийг үүсгэн байгуулж хамтран ажилладаг А. чатаар харилцахдаа “үйлдвэрт хулгай ороод кабель утас таслаад аваад явсан байна, дотогшоо цонхоор нэвтэрсэн мөр алга байна. Хаалгаар нэвтэрсэн байх, манаачийг сэжиглэж байна, чамайг ирэхээр учрыг нь олъё” гэсэн. Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирээд үйлдвэрийн байранд орж үзэхэд цахилгааны шийдний хоорондох кабель утсыг тасалж авч явсан. Нэг ширхэг цахилгаан мотор байхгүй болсон байхаар нь С.огийн нөхөр Н.тэй уулзаад хулгай орсон талаар асууж тодруулахад “мэдэхгүй, бидэнд ямар ч зүйл хүлээлгэж өгөөгүй, үйлдвэр дотор юу байдгийг мэдэхгүй” гээд байсан учраас цагдаад хандсан. Цахилгааны шийдний 4 зэс голтой 84 метр урт цахилгааны кабель утас, 2014 онд авч байсан, БНХАУ-д үйлдвэрлэсэн, 380 ВТ хүчин чадалтай цахилгаан мотор 2 ширхэг алдагдсан байсан. Цахилгаан моторыг 1 ширхгийг нь 200.000 төгрөгөөр, цахилгааны кабель утсыг 1 метрийг нь 10.500 төгрөгөөр үнэлнэ. Үйлдвэрийн хаалганы түлхүүр надад өөрт маань байдаг байсан боловч ажилчид гарч орж явах шаардлагатай байдаг учраас сахиул айлдаа орхиж явдаг байсан. Сахиул манаачийг эргэж тойрч байхад хэрэг болох байх гэж бодоод түлхүүрийг орхиж явдаг өгсөн байсан. Н., С. нартай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй бөгөөд С.той амаар тохиролцоод сарын 200.000 төгрөгийн цалинтайгаар ажиллуулж байсан. Н.тэй ямар нэгэн байдлаар ярьж тохиролцоогүй. Ингэхдээ үйлдвэрийн доторх эд хогшлийг бүхэлд нь итгэмжлэн хариуцуулж хүлээлгэн өгч байгаагүй, ерөнхийд нь бүрэн бүтэн байдлыг хариуцана шүү гэж захиж хэлж байсан. Хохирлоо барагдуулчихвал гомдол санал гэхээр зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-24-25/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Тэлмэнгийн: “Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Оргил” хоёрдогч түүхий эд авах цэгийг ажиллуулдаг. 2017 оны 11 дүгээр сарын дундуур нэг залуу ирээд гадна талын кабелийг нь шатаасан зэс кабель авч ирэхэд нь 1 кг-ийг нь 8.000 төгрөгөөр бодоод 45кг зэс болоход 360.000 төгрөг бэлэн мөнгөөр авсан. Хэд хоногийн дараа цагдаагийн хүмүүс ирээд хулгайн зэс кабель болох нь тогтоогдсон гээд хурааж авсан. Би тэр залуугаас асуухад өөрөө цуглуулж байгаад гадна кабелийг нь шатаагаад авчирч байгаа гэж хэлж байсан. 360.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-28/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн: “Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “Эрч хүч төв” нэртэй хоёрдогч түүхий эд авах цэгт ажилладаг. 2017 оны 11 дүгээр сарын дундуур шиг санаж байна нэг танихгүй залуу ирээд 2 ширхэг жижиг мотор авчирч өгөхөд нь харахад нэг голгүй, нөгөө нь голтой эвдэрхий хагархай мотор байсныг мотор 1 ширхгийг нь 10.000 төгрөгөөр бодоод 20.000 төгрөгөөр худалдаж авсан. Хэд хоногийн дараа цагдаагийн хүмүүс нөгөөх мотор зарсан хүний хамт ирээд надад зарсан 2 ширхэг моторыг аваад явсан. Уг 2 моторыг хаанаас авсан талаар хэлээгүй, харахад л эвдэрхий мотор байсан болохоор хаягдал түүхий эд байна гэж бодоод худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-31/,

Гэрч П.С-: “...Намайг “Б Ц”ХХК-ийн хойд талд байдаг блокны үйлдвэрт ажилладаг байхад Баттулга надтай уулзаад “танайх манай компанийн хашаанд буугаад сахиул хийх үү?” гэхээр нь зөвшөөрөөд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Б Ц”ХХК-ийн үйлдвэрийн хашаанд эсгий гэрээ барьж буусан. 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр нэг өдөр А. ах ирээд “үйлдвэр дотор байсан кабель утас алга байна” гэхээр нь би тухайн үед мэдээгүй байсан болохоор гайхаад нөхөр Н. рүү утсаар ярьж асуухад тэрээр “мэдэхгүй” гэсэн. Хэд хоногийн дараа ирэхдээ Баттулга захирлыг дагуулж ирээд кабель утас, 2 ширхэг цахилгаан мотор алга болсон талаар яриад цагдаад мэдэгдээд цагдаагийн хүмүүс үзлэг хийсэн. Би тухайн үед кабель утсыг хэн авсныг мэдээгүй байсан. Цагдаагаас Н.ийг шалгаад кабель утас авсан болохыг тогтоож зарсан газраас нь хурааж авсан байсан. Би Н.ээс асуухад “би кабель утас, цахилгаан мотор зэргийг нь аваад зарчихсан” гэж хэлсэн боловч мөнгөөрөө юу хийсэн тухайгаа хэлээгүй. Надад болон гэртээ мөнгө төгрөг, ямар нэгэн зүйл худалдаж авч ирээгүй. “Б Ц”ХХК-ийн үйлдвэрийн хаалганы түлхүүр нь манайд байдаг байсан болохоор тэр түлхүүрээр хаалгыг нь онгойлгож ороод кабель утас, цахилгаан мотор зэргийг авсан байсан. Н. 2012 онд танилцаж нэг гэрт орж өнөөг хүртэл хамтран амьдарч байгаа бөгөөд албан ёсны баталгаагүй...” гэх мэдүүлэг /хх-37-38/,

“Дамно” ХХК-ийн 2018.02.12-ны өдрийн 18-37 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...зах зээлийн үнэлгээгээр 1м кабулийг 13.200 төгрөгөөр тооцож 1.108.800 төгрөг, 2 ширхэг моторыг тус бүрийг 140.000 төгрөгөөр, нийт 1.388.800 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /хх-88-90/,

Шүүгдэгч Л.Н-ийн яллагдагчаар өгсөн: “Зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 10 дугаар сарын сүүлээр манай гэр “Б Ц”ХХК-ийн хөөсөнцрийн үйлдвэрийн хашаанд манаачаар ажиллахаар гэрээрээ буусан. Эхнэр Л.С. тус компанид манаачаар ажилладаг. 2017 оны 11 дүгээр сарын дундуур байх 16 цагийн үед гэрт байсан хөөсөнцрийн үйлдвэрийн түлхүүрийг авч ганцаараа орж баруун талд ороосон байсан дугуй хэлбэртэй хар өнгийн цахилгааны кабель утас, хаалганы хажууд байсан 380 вольтын хүчин чадалтай цагаан өнгийн 2 ширхэг цахилгаан моторыг хулгайлан авч гарсан. Өөр эд зүйл огт аваагүй. Кабель утсыг авч гараад шатаагаад хоёрдогч түүхий эд авдаг хүнд 350.000 төгрөгөөр, 2 моторыг ойролцоо төмөр авдаг газарт 20.000 төгрөгөөр зарсан. Ингээд үйлдвэрийн эзэн мэдэж цагдаад өргөдөл өгсөн. Эзэнд нь 2 моторыг буцааж өгсөн байгаа. Мөнгөний хэрэг болоод хулгай хийсэн. Шатаасан кабель утасны мөнгө болох 600.000 төгрөгийг манай эхнэрийн сахиулын ажлын цалингаас суутгаж авсан. Үлдэгдэл мөнгийг төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-49-50/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг /хх-3,4, 5-6/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-12, 13/, эд зүйлийн үнэлгээ /хх-15, 16/, гэрч Б.-ийн мэдүүлэг /хх-40-41/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-62/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-66/, хохирол төлсөн баримт /хх-82, 112/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.    

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.Н-нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Б Ц”ХХК-ийн хөөсөнцрийн үйлдвэрт хууль бусаар нэвтэрч 4 зэсийн голчтой 84 метр цахилгааны кабелийн утас, 380 ВТ хүчин чадалтай 2 ширхэг цахилгаан мотор зэргийг хулгайлсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Б- “...Цахилгааны шийдний хоорондох кабель утсыг тасалж авч явсан, 1 ширхэг цахилгаан мотор байхгүй болсон байхаар нь С.огийн нөхөр Н.тэй уулзаад хулгай орсон талаар асууж тодруулахад “мэдэхгүй, бидэнд ямар ч зүйл хүлээлгэж өгөөгүй, үйлдвэр дотор юу байдгийг мэдэхгүй” гээд байсан учраас цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хх-24-25/, иргэний нэхэмжлэгч Ч.Т-гийн “...2017 оны 11 дүгээр сарын дундуур нэг залуу ирээд гадна талын кабелийг нь шатаасан зэс кабель авч ирэхэд нь 1 кг-ийг нь 8.000 төгрөгөөр бодоод 45кг зэс болоход 360.000 төгрөг бэлэн мөнгөөр авсан. Ингээд хэд хоногийн дараа цагдаагийн хүмүүс ирээд манайд өгсөн зэс кабель нь хулгайн зэс кабель болох нь тогтоогдсон гээд хурааж авсан...” гэх мэдүүлэг /хх-28/, иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн “...2017 оны 11 дүгээр сарын дундуур шиг санаж байна нэг танихгүй залуу ирээд 2 ширхэг жижиг мотор авчирч өгөхөд нь харахад нэг голгүй нөгөө нь голтой эвдэрхий хагархай мотор байсныг мотор 1 ширхгийг нь 10.000 төгрөгөөр бодоод 2 ширхэг моторыг 20.000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл хэд хоногийн дараа цагдаагийн хүмүүс нөгөөх мотор зарсан хүний хамт ирээд надад зарсан 2 ширхэг моторыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-31/, гэрч П.С- “...цагдаагаас Н.ийг шалгаад кабель утас авсан болохыг тогтоож зарсан газраас нь хурааж авсан байсан. Би Н.ээс асуухад “би кабель утас, цахилгаан мотор зэргийг нь аваад зарчихсан” гэж хэлсэн боловч мөнгөөрөө юу хийсэн тухайгаа хэлээгүй. ...”Б Ц”ХХК-ийн үйлдвэрийн хаалганы түлхүүр манайд байдаг байсан болохоор тэр түлхүүрээр хаалгыг нь онгойлгож ороод авсан байсан” гэх мэдүүлэг /хх-38/ болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.  

Гэмт хэргийн улмаас хохирогч “Б Ц”ХХК-д 1.338.800 төгрөгийн эд хөрөнгийн хохирол /хх-87-90/ учирсан бөгөөд хохирогч Б.Б. “...Шатаасан кабелийг нь би буцааж аваад тушаахад 350.000 төгрөг болсон. Үүнийг авсан гэж тооцоод үнийн дүнгээс хасаж болно” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Л.Н-ээс 1.038.800 төгрөгийг 01 /нэг/ жилийн хугацаанд гаргуулж хохирогч “Б Ц”ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Хохирлоос шүүгдэгчийн эхнэр П.С- 4 сарын цалин 800.000 төгрөг төлөгдсөн тул хасаж өгнө үү” гэж,

хохирогч Б.Б. “2017 оны 12 дугаар сараас хойш П.С- ажиллуулаагүй тул хасагдах цалин байхгүй. Өвлийн хүйтэнд хөөгөөд яах вэ гээд хашаандаа байлгаж байгаа болохоос сахиул манаачаар ажиллуулаагүй” гэж тус тус мэтгэлцэв.

Хэрэгт авагдсан баримтаар “Б Ц”ХХК болон шүүгдэгчийн эхнэр гэрч П.С. нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй ч сахиул манаачаар ажиллаж байсан нь тогтоогдсон хэдий ч 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 1, 2, 3 дугаар сарын цалин нийт 800.000 төгрөгийн цалинг хохиролд тооцон суутгасан эсэх нь тодорхойгүй, түүнчлэн энэ талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул оролцогчид хөдөлмөрийн цалин хөлс, түүнтэй холбоотой маргаанаа иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй. Иймд шүүгдэгч Л.Н-ийн хулгайлах гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.   

Мөн иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн “...20000 төгрөгийг надад буцааж өгч хохиролгүй болгосон болохоор нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хх-82/, иргэний нэхэмжлэгч Ч.Т-ийн “45 кг зэсний мөнгө 360.000 төгрөгийг барагдуулсан болохоор гомдолгүй” гэх хүсэлт /хх-112/-ийг үндэслэн шүүгдэгч Л.Н-ийг иргэний нэхэмжлэгч Б.Б-, Ч.Т нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Л.Н-гэм буруугийн тал дээр маргаагүй ч чин санаанаас гэмшиж байгаа харагдахгүй, хохирол төлөх санаачлага гаргахгүй байгааг харгалзан Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Л.Н-ийн өмнөх ял шийтгэлийн байдал Өршөөлийн тухай хуульд хамрагдсан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Н. нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулсан. Үнэлгээгээр гарсан үнийн дүнгээс хохирогчид 350.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа. Л.Н-д хорих ялын доод хэмжээ буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа. 

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Л.Н-нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлж, 2008 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 06 сар 21 хоногийн эдлэх ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна. Гэвч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар ялгүйд тооцогдох хугацаа өнгөрсөн тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /учруулсан хохирлын тодорхой хэсгийг нөхөн төлсөн/, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан 2 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Н-д “6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” байхыг шаардаж байх бөгөөд шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлөөгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулах үндэслэлгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.   

Шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулсантай холбогдуулан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс тоолохоор шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.Н- урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ө овогт Л-ийн Н.ийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Н-ийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.Н-урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Н-ээс 1.038.800 /нэг сая гучин найман мянга найман зуу/ төгрөгийг 01 /нэг/ жилийн хугацаанд гаргуулж хохирогч “Б Ц”ХХК /...../ д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Л.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР