| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0220/Э |
| Дугаар | 268 |
| Огноо | 2018-03-28 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 268
2018 3 28 268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
улсын яллагч Б.Энхбат,
иргэдийн төлөөлөгч Б.Д,
хохирогч Д.Л-, өмгөөлөгч Д.Очирваань,
шүүгдэгч С.О-, өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.О-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808000120001 дүгээр хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт С-ын О./РД:....../.
Яллагдагч С.О- нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 2-13 тоотод иргэн Я.Ө-зүүн гар тус газар нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Отгожаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйя” гэв.
Хохирогч Д.Л- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүүг дуудаад аваад явсан. Энэ охин амийг нь бүрэлгэсэн. Оршуулгын зардал авсан. Гомдолгүй гэж яаж хэлэх вэ дээ. Өмгөөлөгчийн хөлс 1 сая төгрөгийг нэхэмжилнэ. Шүүгдэгчийн өөрийнх нь буруу гэж бодож байна” гэв.
Эрүүгийн 1808000120001 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Д.Л-гийн: “2017 оны 12 дугаар 25-ны өглөө хойд талын айлын Л-аа гээд залуу орж ирээд Ө-тэй хамт гарсан. Би хойноос нь “битгий биенийгээ уруу татаад бай, архи уух гээд байна уу? болиорой та нар” гэж орилсон. Ө- “удахгүй ээ ээжээ, би Бааскаагийнд ороод ирнэ” гэж хэлсэн. Ө- 12 цагийн үед орж ирээд утсаа аваад гарсан. 15 цагийн үед Л-ын дүү Саасаа гүйж орж ирээд “Лхагва эгчээ сэтгэлээ бариарай Ө-ийг хүүхэн хутгалсан чинь цус алдаад байна” гэж хэлсэн. Би “хаана байгаа юм бэ?” гэж асуух гээд эргээд хартал буцаад гүйгээд явчихсан байсан. Тэгтэл Л-аа гудамжныхаа худгийн хажуугаар куртикных нь урд тал нил цус болсон байдалтай гарч ирээд намайг харснаа нэг зогтусаад, эргэх гэснээ над дээр хүрээд ирсэн. “Чи хүүхэд өглөө гэрээс нь дагуулж
гарсан, хаана аваачаад алчихваа” гэж би орилоход “Чимээгийнд байгаа” гэж хэлсэн. Чимээгийнд гүйгээд орсон байшингийн дотор үүдний өрөөнд нь Ө- үхэр алсан юм шиг нэлэнхүй цус болсон газар хэвтэж байсан. Би гарыг нь барьж аваад зүрхэн дээр дарж үзэхэд аль хэдийн үхсэн, цав цагаан царайтай болсон байсан. О.гээд эмэгтэй юу ч болоогүй юм шиг гэрт цай ууж байсан уу, мах идэж байсан уу, яах аргагүй цай хоолны юм хэрэглэж байсан. Миний араас Саасаа гүйгээд ороод ирсэн юм шиг байна лээ. Саасаа нь Шарангааг өшиглөөд “чи эхлүүлж ийм юманд хүргэсэн биз дээ, чи суурийг нь тавьсан биз дээ” гэж хэлсэн. Чимгээ “одоо хэрэггүй, хэрэлдэхээ больцгоо” гээд Саасааг салгасан. Тэр гэрт орсон хүмүүс гарч ирэхэд гутал нь цус болсон цус гишгээд гарч ирж байсан. Намайг очсноос хойш цагдаа, эмнэлэг ирсэн. Ямар хутгаар хутгалсныг мэдээгүй. Сүүлд цагдаа нар үнсэн дотроос олсон гэж сонссон. Шарангаа манай хүүтэй маргаад манай хүүхдийн дээр гараад хоолойг нь боогоод дарж байх үед О.хоол идэж байсан хутгаараа дүрсэн гэж Саасаа тухайн үед хэлж байсан. Чимээ ч бас тэгэж хэлсэн. “О.Ө-ийг хутгалаад цус нь сар гээд асгарах үед Л-аа муухай орилоод айгаад зугтаагаад гарч явсан” гэж Чимээ хэлсэн. Гомдолтой. Одоо энэ үлдэж байгаа 10 настай хүүхдийг нь хэн тэжээх юм. 3 сартай байхад ээж нь хаяад явсан, эргэж ирээгүй. Эхнэр Оюунгэрэлтэй Ө- гэр бүлээ батлуулаагүй” гэх мэдүүлэг /хх-48-49/,
Гэрч С.Нямдэлэгийн: “...Гэрийн эзэн Ч. надад “Э- буюу Шарангаа Ө- хоёр чи би дээ тулаад муудалцсан. О./Жагий гэж хочилдог/ мах идэж байсан хутга аваад Ө-ийн гарыг хутгалсан. Гарнаас нь цус олгойдож гараад гэрээр дүүрэн цус болсон. Маш их цус гарсан. Эмнэлэг, цагдаа дуудсан. Тэрнээс өмнө Ө- цус алдаад өнгөрчих шиг боллоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-50-51/,
Гэрч Ю.М-ын: “...Ч.ын гэрт ороод бид тав 0.75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж ууцгаасан. Л., Л-сүрэн, Ө- нар манайд ирэхээсээ өмнө архийг авчихсан байсан. Бид нарыг ууж байхад зүс харж байсан Шарангаа гэж дууддаг залуу, Жак гэж дууддаг хүүхэн хоёр нэлээн согтуу хамт орж ирсэн. Тэгээд долуулаа болоод үлдсэн архиа хувааж уусан. Тоглоод байгаа юм уу, хэрэлдээд байгаа юм уу аль нь болох нь мэдэгдэхгүй, яагаад байгаа нь ойлгогдохгүй талийгаач Ө- Шарангаа хоёр бие биенийгээ багш шавь гэж дуудаад юм яриад байсан. Архи ууж байх үед тэдний гэрт чанасан байсан умс, китай идсэн. Тэгээд архи дуусангуут би гэртээ харьсан. Ойролцоогоор 15 цаг болж байсан байх. Намайг гэртээ байхад 469 машинтай 2 цагдаа ирсэн. Машинд Л., Ч. нар Шарангаа, Жак хоёр руу “яах гэж тэгж байгаа юм” гээд дайраад байсан. Шарангаа, Жак хоёрын хувцас хунар нэл цус болчихсон байсан. Тэгээд би ямар нэг таагүй хэрэг болсон юм байна гэж ойлгосон. ...Шарангаа Ө- нар хоорондоо тоглоод байгаа юм уу, шоглоод байгаа юм уу аль нь болох нь мэдэгдэхгүй юм ярьж байсан. Зодоон цохион болсон зүйл байхгүй. Миний бодлоор намайг явсны дараа умс, китай идэж байсан хутгаар Ө-ийг хутгалсан юм шиг байна лээ. Би яг сайн мэдэхгүй байна таамаг шүү...” гэх мэдүүлэг /хх-52-53/,
Гэрч П.Л.гийн: “...Шарангаа гэдэг залуу Ө-тэй маргалдаж байгаад тэврээд орон дээр унасан чинь Шарангаатай хамт орж ирсэн Жак гэх эмэгтэй бид нарын мах идэж байгаад түмпэн дотор тавьчихсан байсан хутгыг аваад Ө-ийн дээрээс 2 удаа хутгалсан. Тэр үед Ө-, Шарангаа нар ноцолдож байгаад салаад Ө- босч ирчихээд Жак гэх эмэгтэйг 1 удаа алгадаж унагаачихаад “пизда минь чи намайг хутгалчихлаа” гэж хэлээд хэрэлдэж байгаад шууд газарт уначихсан. Тэр үед Ө-ийн гараас цус хүчтэй цацарч байсан. Би Жак, Шарангаа нарыг түлхэж орон дээр суулгачихаад хойд талын хашаа руу орж Ө-ийн ээж болох Л.д “Ө- хутгалуулчихлаа” гэж хэлсэн. Өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгчихөөд, эмнэлэг рүү залгаж түргэн тусламж дуудсан. Л. эгчийнхээс гараад ирсэн чинь цагдаа ирчихсэн байсан. Дуудлагаар ирсэн цагдаа бид 2 Ө-ийг өмсчихсөн байсан цамцны зүүн талын ханцуйг ураад шархыг нь харчихаад цусыг нь тогтоох гээд маралаар боох гэж оролдсон. ...цагдаад Ө-ийг хутгалсан Жак гэх эмэгтэйг зааж өгсөн. Тэр 2 хоорондоо нэгнийгээ “гичий” гэж дуудаад маргалдаж байгаад Шарангаагийн хажууд Ө- очоод суусан чинь Шарангаа Ө-ийг зүүн гараараа толгойгоор нь уургалаад тэврээд авсан чинь Жак гэх эмэгтэй махны түмпэнгээс хутга аваад шууд 2 хутгалчихсан. Ч. ах бид 2 ханан пийшингийн хажууд сууж байсан. Цагдаа ирээд “Ө-ийг хутгалсан хутгыг хайгаадах” гэхээр нь хайсан чинь байшингийн гадна, нохойны үүрний хажууд байдаг төмөр 200-ийн поошигтой үнсэн дунд хаячихсан байсныг цагдаад хэлсэн. ...Ө-ийн зүүн гарын булчингийн дотор талд 2 удаа хутга орсон шарх байсан.
...Э- орж ирэнгүүтээ Ө- рүү “чи бол гичий, нохой” гээд хэрүүл өдөөд эхэлсэн. Ө- нь “би гичий бол чамд нухуулаа л явж байгаа пизда минь” гээд хоёулаа хэрэлдээд байгаа юм уу, хэлцээд байгаа юм уу үгээр Э- Ө-ийг өдөөд байсан. Тэгээд нэг харахад Э- Ө-ийн баруун гар талд нь зэрэгцээд матрасан дээр сууж байснаа Э- зүүн гараа Ө-ийн шилэн хүзүүн дээгүүр давуулаад хойш нь татаад хоёулаа зэрэг матрасан дээр унасан. Тэгтэл О.хутга барьсан Ө-ийн дээр гараад хөлөөрөө дараад суусан байдалтай байсан. Би арай ч хатгачихаагүй байлгүй дээ гэж бодсон чинь Ө- нь Э-ын гарыг нь тавиулаад, О.ыг түлхээд доороос нь босч ирээд “чи муу пизда намайг хутгалчихлаа шүү дээ” гээд О.ыг нэг удаа цааш нь цээж юм уу, нүүр хэсэг рүү нь түлхсэн. Тэгээд Ө- шууд газар хойшоо саваад унасан. Цус нь шалан дээгүүр цэлийгээд ирсэн. Цагдаа “хаана нь шарх байна хараадах” гэж хэлсэн. Цээжийг нь сөхөж үзэхэд зүгээр байсан. Цамцных нь зүүн ханцуйг захнаас нь эхлээд ханцуй хүртэл нь үзэхэд зүүн гарын тохойны дотор талын нугалам хавьцаа нь хутгалсан байсан. Тэгтэл түргэний эмч ирж үзээд “нас барсан байна” гэж хэлсэн. ...Ө- ...Жакыг алгадаж, цохисон зүйл байхгүй. Би тухайн үед яагаад Жакыг алгадсан гэж хэлсэн юм бол доо. Ө- О.хоёр хоорондоо нэг ч удаа маргаагүй. О.“боль” гэж Ө-ийн араас нь татаагүй...” гэх мэдүүлэг /хх-54-55, 56-57/,
Гэрч Д.Ч.ын: “...Өнөөдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 15-16 цагийн орчимд гаднаас талийгаач Ө-, Шарангаа О.нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Би тэр үед Л-, Бааска, Саасаа нартай хамт архи уух гээд сууж байсан. Архиа уугаад дуусаж байсан чинь Ө-, Шарангаа нар хоорондоо маргалдаад нэгнийгээ хэл амаар доромжлоод байсан. Хажуугаас нь Шарангаагийн хамтран амьдрагч гэх О.ширээн дээр байсан улаан өнгийн иштэй ахуйн хэрэглээний хутгыг гартаа барьж аваад Ө-ийн биений хэсэг рүү хутгалсан. Би тухайн үед нэг удаа хутгалж байхыг нь харсан, ...дахиад хутгалсан байж магадгүй. Ө- хутгалуулаад газар шууд унасан, харахад цус гарч байсан. О.нь Э-ыгаа өмөөрөөд Ө-ийг хутгалсан байх гэж бодож байгаа. Ө-, Э- хоёр миний санаж байгаагаар зодолдоод байсан зүйл байхгүй. Ө- О.хоёр ерөөсөө муудалцаагүй. Би Ө- О.ыг цохих алгадах зэрэг гар хүрч байгааг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-58-59, 60-61/,
Гэрч П.Л-сүрэнгийн: “...Тэгтэл Э- Ө- хоёр хоорондоо юунаас болж маргалдсаныг мэдэхгүй “пизда, наахуу” гээд хэрэлдээд байсан. Бид нар үүдний өрөөнд архи ууж байсан. Э- Ө- хоёр хоорондоо барьцалдаад ноцолдоод байсан. Тэгтэл ширээн мах идэж байсан хутгыг Жак аваад Ө-ийн зүүн гар руу хутгалчихсан. Ө- “чи муу намайг хутгалчихлаа” гэхээр нь би шууд гараад арын хашаанд байх Ө-ийн гэр рүү ороод Лхагваа эгчийг дуудаад буцаад ороод ирсэн. Тэгтэл Ө-ийн гараас их цус гараад шалан дээр хэвтэж байсан. ...Ө- бид хоёр дэлгүүр орж 0,75 литрийн “Хараа” архи авсан. Үүний дараа Ө-, Мөнхбат, Л. бид дөрөв нэг шил архи аваад Чимээ ахынд орсон. ...Шарангаа, Ө- хоёр муудалцсан. Шарангаа Ө-ийг “чи муу хогийн лалар” гээд хэрүүл өдөөд эхэлсэн. Ө- “би лалар биш шүү, чи юу яриад байгаа юм” гээд хоорондоо маргалдсан. ...Шарангаа Ө-ийг хүзүүдээд хоёулаа хойшоо зэрэгцээд унасан. Энэ үед Жак ухас гээд ...хурдан очоод үүдний өрөөний зурагтны тавиур дээр байсан хутгыг аваад Ө-ийн зүүн гарны шуу орчим нь миний харснаар нэг удаа хутгалсан. Би газарт, матрасны орчим унасан байсан хутгыг аваад гэрээс гарч ирээд нохойн хажууд байсан хогийн поошиг руу шидсэн...” гэх мэдүүлэг /хх-62-63, 64-65/,
Гэрч Ц.Э-ын: “...25-ны өглөө босоод 10 цагийн үед О., О.- бид гурав 0.75 литрийн нэг шил архи хувааж уусан. О.бид 2 манайхаас гараад 5000 төгрөгөөр 0,75 литрийн хямдхан архи авч уусан. Үүний дараа О.тай хамт Ч.ынд очсон. Тэнд Ч., Ө-, Самка нар архи ууж байсан. О.бид хоёрт хийж өгөхөөр нь уусан. Тэгээд би Ө-тэй маргалдсан. Ө- эхлээд надаас хэрүүл гуйгаад байсан. Яг юун талаар маргаснаа бас санахгүй байна. Бид хоёр маргалдаж байсан. Цааш юу болсныг сайн санахгүй байгаа. Нэг сэргэхэд Ө- газар унасан, тэр хавиар нэл цус болсон байсан. Би “яачихваа” гэсэн чинь О.“би хутгалчихлаа” гэж байсан. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Ө-ийг хэн, ямар хутгаар яаж хутгалсныг мэдэхгүй. ...Яах аргагүй О.“би хутгалсан” гээд сандарсан байдалтай дуугарч байсныг санаад байна...” гэх мэдүүлэг /хх-66-67/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.12.28-ны өдрийн 650 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.С.О-ын биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн ...журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. С.О- нь 2-р бүлгийн цустай байна” гэжээ /хх-126/,
Цогцост хийсэн хийсэн шүүх эмнэлгийн 2018.01.04-ний өдрийн 142 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Талийгаач Я.Ө-цогцост зүүн гарын тохойн хонхор дахь гарын дотор талын хураагуур судас, булчин гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, дээд уруул, эрүүний төвгөрт зулгаралт, зүүн эгэмний дээд хонхорт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс зүүн гарын тохойн хонхор дахь гарын дотор талын хураагуур судас, булчин гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр, зулгаралт, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 2.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 3.Химийн шинжилгээгээр цусанд 3,1 промилли, ходоодны шингэнд 3,5 промилли, шээсэнд 2,9 промилли спиртийн агууламж илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 4.Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна. 5.Талийгаач нь зүүн гарын тохойн хонхор дахь гарын дотор талын хураагуур судас, булчин гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ” гэжээ /хх-129-131/,
Шинжээч Ч.Э-ын: “Зүүн гарын дотор талд нэг удаагийн үйлдлээр хавж хутгалсаны улмаас талийгаач Я.Ө- цус алдаж нас барсан. Венийн судас гэмтсэн учраас тэр дороо гэнэт нас барахгүй, аажмаар үхэлд хүргэнэ. Уг хугацааг нь нарийвчлан тогтоох боломжгүй. Гэмтэл учирсны дараа үйлдэл хөдөлгөөн хийж явах бүрэн боломжтой. Уг гэмтлийг авсны дараа бусдыг түлхэх, цохих, алгадах зэрэг хөдөлгөөн үйлдэл хийх боломжтой. Я.Ө-дээд уруул, эрүүний төвгөр дэх зулгаралт нь талийгчийг нас барахаас 2-5 хоногийн өмнө үүссэн хуучин зулгаралт. Зүүн эгэмний дээд хонхорт зулгаралт цус хуралт гэмтэл нь тухайн хэргийн цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл. Асуулт 2-т заасан гэмтлүүд хэмжээ жижиг учраас гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нэгдүгээр бүлгийн цус нь O/I бүлгийн цус мөн юм” гэх мэдүүлэг /хх-132-133/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.01.12-ны өдрийн 574 дүгээр ДНХ-ийн шинжилгээний дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн С.О-ын хэрэг гарах үед өмсч байсан гэх хар хөх өнгийн юүдэнтэй куртик, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн өмд, хар өнгийн ноосон цамц, хар хөх өнгийн илгэн урт түрийтэй гутал дээр цус илэрсэн. 2.Уг илэрсэн цус нь АВО системээр 0/1/ бүлгийн харьяалалтай. 3.Сэжигтэн С.О-ын хэрэг гарах үед өмсч байсан гэх хар хөх өнгийн юүдэнтэй куртик, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн өмд, хар өнгийн ноосон цамц, хар хөх өнгийн илгэн урт түрийтэй гутал дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна” гэжээ /хх-137-138/,
Шүүх сэтгэгц эмгэг судлалын 2018.01.08-ны өдрийн 14 дүгээр дүгнэлтэд: “1.С.О- нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. 2.С.О- нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. 3.С.О- нь үйлдсэн хэргийнхээ үйлдлийг үнэн зөвөөр тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. С.Отганжаргал нь өөрийн үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг ухамсарлах чадвартай байна. 5.С.Огтонжаргал нь хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /хх-150-151/,
Шүүгдэгч С.О-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Э- бид хоёр 14 цагийн үед Чимээ /бүтэн нэрийг нь мэдэхгүй, эрэгтэй/ гэдэг танидаг айлдаа очсон. Л-, Л-ын дүү Саасаа, Ө-, Чимээ, Бааскаа нар шил архи уугаад сууж байсан. Л- архинаасаа Э- бид хоёрт хундагалж өгснийг уусан. Тэгээд Э-, Ө- хоёр “чи би” болоод хоорондоо муудалцсан. Би хоёрын дундуур нь ороод салгаад, эвлэрүүлсэн. Дахиад нөгөө хоёр чинь барилцаад авсан. Э-ын дээр нь Ө- гараад суусан. Би салгах гээд дундуур нь ороод Ө-ийг татсан. Ө- эргэж хараад зүүн гараараа миний зүүн нүд рүү цохиод “янхан минь чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Миний дэргэд гэрийн үүдэн хэсэгт байсан орны дээхэн талд газарт бор иштэй хутга харагдсан “Чи муу одоо юу юм бэ, намайг янхан гэдэг хэн бэ” гээд би бор иштэй хутгыг аваад зүүн гарын шуу орчим хутгаараа дүрсэн. Л-, Саасаа хоёр дундуур ороод салгасан. Ө-ийн зүүн гар орчмоос нь цус гараад байсан. Саасаа бид хоёр цусыг нь тогтоох гэхэд гар нь цамцнаасаа гарч өгөхгүй цустайгаа наалдаад байсан. Би гэхдээ сайн санахгүй байна, зүүн билүү баруун билүү нэг талын гарыг нь дагаад тэр чигтээ нэл цус урсаж байсан. Удалгүй цагдаа ирсэн, араас нь түргэний машин ирсэн. Түргэний эмч ирээд “энэ хүн чинь өнгөрсөн байна” гэж хэлсэн. Би яг хутгалъя гэж бодоогүй. Би яг хэдэн удаа хутгалснаа санахгүй байна, нэг үү хэд үү гэдгээ санахгүй байна. Надаас өөр хутганд хүрсэн хүн байхгүй. Л- миний гараас хутга булааж авсан”,
“...Би урд сэжигтний мэдүүлэгтээ болсон хэргийн талаар бүгдийг ярьсан. Шалтгаан гэх зүйл байгаагүй. Тэрхэн зуур Ө- намайг “янхан минь, чамд ямар хамаатай” юм гээд хэл амаар доромжлоод миний нүд рүү цохихоор нь би газар хутга байхаар нь аваад зөрүүлээд хутгалсан. Ө-, Э- хоёр нэгнийгээ цохиж зодоогүй, хоёулаа барилцаж, заамдалцаж аваад орон дээр Ө- нь Э-ын дээр гараад суусан...” гэх мэдүүлэг /хх-81-82, 88/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-15/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17-22/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-26-27, 28-30/, хохиролтой холбоотой баримтууд /хх-34-45/, гэрч Б.О.-ын мэдүүлэг /хх-68/, С.Б-ийн мэдүүлэг /хх-69-70/, Д.Баярсайханы мэдүүлэг /хх-71/, С.Төгсбаярын мэдүүлэг /хх-72/, Л.М-гийн мэдүүлэг /хх-73/, Б.А-гийн мэдүүлэг /хх-75-76/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-96/, Шинжээчийн 2018.04.04-ний өдрийн 296 дугаар дүгнэлт /хх-145-146/, 2018.01.12-ны өдрийн 573 дугаар дүгнэлт /хх-146-147/, С.О-ын хүсэлт /хх-189/, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлт /хх-191-192/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар шүүгдэгч С.О- согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 2 дугаар гудамж, 13 тоотод иргэн Я.Ө-зүүн гар тус газар хутгалж алсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.Л-гийн “...15 цагийн үед Л-ын дүү Саасаа гүйж орж ирээд “Лхагва эгчээ сэтгэлээ бариарай Ө-ийг хүүхэн хутгалсан чинь цус алдаад байна” гэж хэлсэн. Чимээгийнд гүйгээд орсон байшингийн дотор үүдний өрөөнд нь Ө- үхэр алсан юм шиг нэлэнхүй цус болсон газар хэвтэж байсан. Би гарыг нь барьж аваад зүрхэн дээр дарж үзэхэд аль хэдийн үхсэн, цав цагаан царайтай болсон байсан. Шарангаа манай хүүтэй маргаад манай хүүхдийн дээр гараад хоолойг нь боогоод дарж байх үед О.хоол идэж байсан хутгаараа дүрсэн гэж Саасаа тухайн үед хэлж байсан. Чимээ ч бас тэгэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-48-49/, гэрч С.Нямдэлэгийн “...Ч. надад “Э- буюу Шарангаа Ө- хоёр чи би дээ тулаад муудалцсан. О./Жагий гэж хочилдог/ мах идэж байсан хутга аваад Ө-ийн гарыг хутгалсан. Ө- цус алдаад өнгөрчих шиг боллоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-50-51/, гэрч П.Л.гийн “...Шарангаа гэдэг залуу Ө-тэй маргалдаж байгаад тэврээд орон дээр унасан чинь Шарангаатай хамт орж ирсэн Жак гэх эмэгтэй бид нарын мах идэж байгаад түмпэн дотор тавьчихсан байсан хутгыг аваад Ө-ийн дээрээс 2 удаа хутгалсан. Тэр үед Ө-, Шарангаа нар ноцолдож байгаад салаад Ө- босч ирчихээд Жак гэх эмэгтэйг 1 удаа алгадаж унагаачихаад “пизда минь чи намайг хутгалчихлаа” гэж хэлээд хэрэлдэж байгаад шууд газарт уначихсан. Тэр үед Ө-ийн гараас цус хүчтэй цацарч байсан. ...Э- орж ирэнгүүтээ Ө- рүү “чи бол гичий, нохой” гээд хэрүүл өдөөд эхэлсэн. Ө- нь “би гичий бол чамд нухуулаа л явж байгаа пизда минь” гээд хоёулаа хэрэлдээд байгаа юм уу, хэлцээд байгаа юм уу үгээр Э- Ө-ийг өдөөд байсан. Тэгээд нэг харахад Э- Ө-ийн баруун гар талд нь зэрэгцээд матрасан дээр сууж байснаа Э- зүүн гараа Ө-ийн шилэн хүзүүн дээгүүр давуулаад хойш нь татаад хоёулаа зэрэг матрасан дээр унасан. Тэгтэл О.хутга барьсан Ө-ийн дээр гараад хөлөөрөө дараад суусан байдалтай байсан. Би арай ч хатгачихаагүй байлгүй дээ гэж бодсон чинь Ө- нь Э-ын гарыг нь тавиулаад, О.ыг түлхээд доороос нь босч ирээд “чи муу пизда намайг хутгалчихлаа шүү дээ” гээд О.ыг нэг удаа цааш нь цээж юм уу, нүүр хэсэг рүү нь түлхсэн. Тэгээд Ө- шууд газар хойшоо саваад унасан...” гэх мэдүүлэг /хх-54-55, 56-57/, гэрч Д.Ч.ын “...Ө-, Шарангаа нар хоорондоо маргалдаад нэгнийгээ хэл амаар доромжлоод байсан. Хажуугаас нь Шарангаагийн хамтран амьдрагч гэх О.ширээн дээр байсан улаан өнгийн иштэй ахуйн хэрэглээний хутгыг гартаа барьж аваад Ө-ийн биений хэсэг рүү хутгалсан. Би тухайн үед нэг удаа хутгалж байхыг нь харсан, ...дахиад хутгалсан байж магадгүй. Ө- хутгалуулаад газар шууд унасан, харахад цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-58-59, 60-61/, гэрч П.Л-сүрэнгийн “...Э- Ө- хоёр хоорондоо юунаас болж маргалдсаныг мэдэхгүй “пизда, наахуу” гээд хэрэлдээд байсан. Э- Ө- хоёр хоорондоо барьцалдаад ноцолдоод байсан. Тэгтэл ширээн мах идэж байсан хутгыг Жак аваад Ө-ийн зүүн гар руу хутгалчихсан. ...Шарангаа, Ө- хоёр муудалцсан. Шарангаа Ө-ийг “чи муу хогийн лалар” гээд хэрүүл өдөөд эхэлсэн. Ө- “би лалар биш шүү, чи юу яриад байгаа юм” гээд хоорондоо маргалдсан. ...Шарангаа Ө-ийг хүзүүдээд хоёулаа хойшоо зэрэгцээд унасан. Энэ үед Жак ухас гээд ...хурдан очоод үүдний өрөөний зурагтны тавиур дээр байсан хутгыг аваад Ө-ийн зүүн гарын шуу орчим нь миний харснаар нэг удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-62-63, 64-65/, гэрч Ц.Э-ын “...би Ө-тэй маргалдсан. Ө- эхлээд надаас хэрүүл гуйгаад байсан. Яг юун талаар маргаснаа бас санахгүй байна. Бид хоёр маргалдаж байсан. Цааш юу болсныг сайн санахгүй байгаа. Нэг сэргэхэд Ө- газар унасан, тэр хавиар нэл цус болсон байсан. Би “яачихваа” гэсэн чинь О.“би хутгалчихлаа” гэж байсан. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-66-67/, цогцост хийсэн хийсэн шүүх эмнэлгийн 2018.01.04-ний өдрийн 142 дугаар шинжилгээний дүгнэлтэд “...5.Талийгаач нь зүүн гарын тохойн хонхор дахь гарын дотор талын хураагуур судас, булчин гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ” гэжээ /хх-129-131/, шинжээч Ч.Э-ын “Зүүн гарын дотор талд нэг удаагийн үйлдлээр хавж хутгалсаны улмаас талийгаач Я.Ө- цус алдаж нас барсан. Я.Ө-дээд уруул, эрүүний төвгөр дэх зулгаралт нь талийгчийг нас барахаас 2-5 хоногийн өмнө үүссэн хуучин зулгаралт. Зүүн эгэмний дээд хонхорт зулгаралт цус хуралт гэмтэл нь тухайн хэргийн цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл...” гэх мэдүүлэг /хх-132-133/, шүүгдэгч С.О-ын “...Э-, Ө- хоёр “чи би” болоод хоорондоо муудалцсан. Би хоёрын дундуур нь ороод салгаад, эвлэрүүлсэн. Дахиад нөгөө хоёр чинь барилцаад авсан. Э-ын дээр нь Ө- гараад суусан. Би салгах гээд Ө-ийг татсан. Ө- эргэж хараад зүүн гараараа миний зүүн нүд рүү цохиод “янхан минь чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Миний дэргэд гэрийн үүдэн хэсэгт байсан орны дээхэн талд газарт бор иштэй хутга харагдсан “Чи муу одоо юу юм бэ, намайг янхан гэдэг хэн бэ” гээд би бор иштэй хутгыг аваад зүүн гарын шуу орчим хутгаараа дүрсэн. Ө-ийн зүүн гар орчмоос цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-81-82, 88/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас Я.Ө-амь нас хохирсон бөгөөд түүний оршуулгын зардалд 5.625.400 төгрөг нэхэмжилснээс 5.600.000 төгрөг төлж төлөх төлбөргүй болсон нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 1000000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч тал төлөхөө илэрхийлж байгааг харгалзан шүүгдэгч С.О-аас 1000000 төгрөг гаргуулж хохирогч Д.Л-д олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.О-ын үйлдлийн улмаас хүний амь хохирсон, оршуулгын зардлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.О-д 11 жилийн хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэх...” гэж,
хохирогчийн өмгөөлөгч “Улсын яллагчтай санал нэг байна” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Хохирлоо барагдуулсан, шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, оршуулгын зардлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг буюу 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тухайн гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл буюу архидан согтуурсан, архийг хэтрүүлэн хэрэглэсэн, түүнчлэн амь хохирогч шүүгдэгч нарын хооронд ямар нэгэн маргаан болоогүй зэрэг/, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.О-ыг “хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн санал хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч С.О-ын 2017.12.25-ны өдрөөс 2018.03.28-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 93 /ерэн гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч С.О-ын хоёр гараас шинжилгээнд зориулж авсан бохирлогдсон улаан өнгийн цус мэт зүйлээс арчдас, 10 хурууны хумс, “Хараа” архины шил 1 ширхэг, орны бүтээлэг, үүдний шалан дээрээс шингээж авсан дээж, улаан өнгийн зүйлээр болон үнсээр бохирлогдсон ажлын хэсгийн урт 18 см, бариул хэсгийн урт 12 см, хутга 1 ширхэг, шүүгдэгч С.О-ын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх хар өнгийн юүдэнтэй куртик, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн өмд, хар өнгийн ноосон цамц, хар өнгийн урт түрүүтэй илгэн гутал, талийгаачийн өмсөж явсан гэх кнопон товчтой куртик, хөндлөн хар өнгийн судалтай саарал өнгийн фудволк, саарал өнгийн хоёр талын мөрөн дээрээ товчтой нимгэн ноосон цамц, хөх саарал өнгийн зузаан ноосон өмд, дотуур хар саарал өнгийн зузаан ноосон өмд, хар өнгийн өнгийн дотоож, саарал өнгийн ноосон оймс, хар өнгийн хагас түрүүтэй үдээстэй хажуудаа цахилгаантай гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.О- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт С-ын О.ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ыг 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.О-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ын урьдчилан хоригдсон 93 /ерэн гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар С.О-аас 1 /нэг/ жилийн хугацаанд 1000000 /нэг сая/ төгрөгийг хэсэгчлэн гаргуулж, хохирогч Д.Л- /..... /-д олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн С.О-ын биеэс шинжилгээнд зориулж хоёр гараас бохирлогдсон улаан өнгийн цус мэт зүйлээс арчдас, мөн мөн 10 хурууны хумс, “Хараа” архиын шил 1 ширхэг, орны бүтээлэг, үүдний шалан дээрээс маарланд шингээж авсан дээж, улаан өнгийн зүйлээр болон үнсээр бохирлогдсон ажлын хэсгийн урт нь 18 см, бариул хэсгийн урт нь 12 см, хутга 1 ширхэг, шүүгдэгч С.О-ын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх хар өнгийн юүдэнтэй куртик, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн өмд, хар өнгийн ноосон цамц, хар өнгийн урт түрүүтэй илгэн гутал, талийгаачийн өмсөж явсан гэх конопон товчтой куртик, хөндлөн хар өнгийн судалтай саарал өнгийн фудволк, саарал өнгийн хоёр талын мөрөн дээрээ товчтой нимгэн ноосон цамц, хөх саарал өнгийн зузаан ноосон өмд, дотуур хар саарал өнгийн зузаан ноосон өмд, хар өнгийн өнгийн дотоож, саарал өнгийн ноосон оймс, хар өнгийн хагас түрүүтэй үдээстэй хажуудаа цахилгаантай гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.О- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.О-ын эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ Л.БААТАР
ШҮҮГЧИД Т.АЛТАНТУЯА
Б.ДАШДОНДОВ