Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/378

 

     

 

 

2024             03            27                                            2024/ДШМ/378

 

Л.Т, Л.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Намжил,

хохирогч Л.У, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, 

шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Д.Очирдорж, Ц.Дэлгэрням,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч О.Батсүх, Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/946 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Д.Очирдорж, Ц.Дэлгэрням, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч О.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар эрүүгийн 2205026962030 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Л.Т /РД: /, .....оршин суух, урьд ял шийтгэлгүй;

2. Л.Б /РД: /, ..... тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1097 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  800.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;

Л.Б, Л.Т нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 28-ний өдрийн 17 цагийн үед ... тоотод оршин суух хүргэн ах Д.Б-ны гэрт очиж, ойр дотнын хүн болох төрсөн эгч Л.Уийг “танай нөхөр цалин хөлс өгсөнгүй, цалингаа авмаар байна, нөхрийнхөө талд орж бид нарыг тоохгүй байна гэж хашхичин, дуугарахгүй бол охиныг чинь ална, нөхрийг чинь ирэхээр нь ална, дахин утсаа авахгүй байх үйлдэл гаргаж болохгүй” гэж сүрдүүлэн, түүний охин Б.М /10 нас 1 cap 26 хоногтой/ нарыг гэртээ чөлөөтэй зорчих эрхийг нь хязгаарлаж скочоор хүлж, эрхшээлдээ байлган, алгадах, цохих, өшиглөх, Б.М-н  хоолойг нь боох зэргээр биед нь халдаж, тэднийг айлгахдаа хайчийг зэвсэг болгон хэрэглэж, Б.М-н  биед хайчаар шарх үүсгэж, эрүүл мэндэд нь хохирол учруулан үг үйлдлээр айлган сүрдүүлж, хүч хэрэглэн халдан довтолж сейфийг онгойлгуулан, хохирогч Л.Уийн эд хөрөнгө болох үнэт эдлэлийг өөртөө шилжүүлэн авч, 2.076.500 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,

мөн Л.Б, Л.Т нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн үйлдлээрээ нэгдэж, төрсөн эгч Л.Уийн нүүрэн тус газарт гараараа ээлжлэн цохиж, “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвуу, зүүн бугуй, сарвуунд цус хуралт” гэмтэл, бага насны хүүхэд болох 10 нас 1 cap 26 хоногтой Б.М-н  зүүн гарын шууг нь зүсэж “ зүүн шууны дотор доод хэсэгт зүсэгдсэн шарх, Л.Бнь Б.М-н уйллаа гэх шалтгаанаар хоолойг нь залгуурын утас мэт зүйлээр боож өвтгөн шаналгаж тарчилган зовоож, “2 нүдний алимны салстад цус харвалт, хоёр талын шанаа, хацар, эрүүнд цэгцэлсэн цус харвалт, эрүүний зүүн доод хэсэгт, хүзүүний зүүн урд хэсэгт цус хуралт” гэмтлүүдийг тус тус үүсгэн, онц харгис хэрцгийгээр, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.Б, Л.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Т, Л.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр, бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Л.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5 жилийн хорих ял, шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн шүүгдэгч Л.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг нийт 5 жил 6 сараар, шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг нийт 6 жилээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.Тт оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг, шүүгдэгч Л.Бд оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Т, Л.Бнарын цагдан хоригдсон 67 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Бдавж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн гэм буруутай үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, төрсөн эгч Л.У болон түүний охинд гар хүрч гэмтэл учруулсандаа туйлын их харамсаж байна. Нөгөөтээгүүр миний бие зэвсэг хэрэглэн эгч, дүү хоёрыг дээрэмдсэн зүйл болоогүй тул хэргийг зүйлчлэлийг нягталж өгнө үү. Шунахайн сэдэлтэйгээр дээрэмдсэн бол эгчээс зөвшөөрөл авч, ломбардад 200.000 төгрөгөөр барьцаанд тавихгүй байсан. Гэрч Д өгсөн мэдүүлгийг /хуудас 57-58/ дахин судалж өгнө үү. Ломбардад тавих үед ломбардын ажилтны хажууд утсаар ярьж эгчээс зөвшөөрөл авахыг сонсож байсан. Хохирогч Л.У нь бөөрний архаг дутагдалтай байнга диализ аппаратад ордог бөгөөд миний бие донор болох хүн нь байгаа юм. Эгч маань 6 жил хүлээж тэсэхгүй шүү дээ. Тухайн үед эгчийнд очиж ийм хэрэг үйлдсэндээ үнэхээр их гэмшиж байна. Энэ хэргийг дахин хянан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Л.Т давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Юуны өмнө миний бие өөрийн болчимгүй үйлдлийн улмаас эгч Л.У, түүний охин Б.М нарын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэлдээ дахин уучлал хүсэж, өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний бие хэрэг болсон өдөр буюу 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өөрийн дүү Л.Бы хамтаар хүргэн ах Д.Б-ны гэрт түүнээс цалин хөлс нэхэх зорилгоор очсон. Яагаад очсон гэхээр Д.Б  бид хоёроор ажил хийлгэчхээд тохирсон цалин хөлсийг өгөхгүй, байнга дарамталж, дээрэлхэж харьцдаг байсан. Энэ талаар эгч Л.Ут хэлэх гээд утсаар холбогдох гэсэн боловч утсаа авахгүй байсан. Би бодохдоо гэрт нь очоод эгч Л.Ут хэлээд, жоохон хэл ам хийчихвэл мөнгийг маань өгчих байх гэж бодсон боловч гэрт нь очсоны дараа манай дүү Л.Бы зүгээс янз бүрийн үйлдэл хийх болсон байдаг. Тухайн үед би дүү Л.Бд хандан “айлд хулгай хийх гэж ирээгүй шүү, авсан зүйлээ буцаагаад тавь, хүүхэд цохиж айлгахаа боль” гэх зэрэг шаардлага тавьж байсан боловч Л.Бнь сейфээс авсан эд зүйлсийг буцаан өгөхдөө зарим эд зүйлсийг нь биедээ авч үлдсэн байсныг нь эгчийн гэрээс гарч явсны дараа мэдсэн юм. Миний бие эгчийн гэрээс ямар нэгэн зүйл авч гараагүй, анх очихдоо ч гэсэн ямар нэгэн эд зүйл хулгайлах, дээрэмдэх санаа байгаагүй. Эгчийн нөхөр Д-с л авах ёстой цалингаа нэхэх зорилгоор л очсон бөгөөд өөрийн буруу үйлдэл хийж байгаагаа ойлгож мэдээд эгч Л.Уээс уучлал хүсээд дахин ийм үйлдэл гаргахгүй гэж хэлээд явсан байдаг. Гэтэл прокурор, шүүхээс Л.Т намайг анхнаасаа эгчийн гэрээс эд зүйл дээрэмдэх, хулгайлах зорилгоор очиж, эд зүйлийн дээрэмдэж аваад гэрээс нь зугтаасан мэтээр буруутгаж байгаад гомдолтой байна. Мөн тус хугацаанд Л.Ббид хоёрын зүгээс хутга эсхүл хайч хэрэглэн эгч Л.У болон түүний охин Б.М нарыг айлгасан зүйлс огт байгаагүй гэдгийг хэлэхийг хүсэж байна. Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж, болсон үйл баримтыг үнэн бодитоор дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Л.Тийн өмгөөлөгч Д.Очирдорж давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шүүгдэгч Л.Тийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ хохирогч Л.У, насанд хүрээгүй гэрч Б.М, гэрч Б.Б нарын өгсөн мэдүүлгийг гол нотлох баримтаар үнэлжээ. Хохирогч Л.У анх мэдүүлэг өгөх үедээ Бөөрний архаг дутагдал өвчнийхөө улмаас эмчилгээндээ орж, тариа тариулсны улмаас биеийн байдал муу, ухаан санааны хувьд тогтворгүй байх үедээ мэдүүлэг өгч, улмаар зарим үйл баримтыг сүүлийн мэдүүлгүүдээрээ дэлгэрүүлж, дутуу мэдүүлснээ гүйцээж мэдүүлсэн болохоо шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдүүлж тайлбарлаж ирсэн. Хохирогч тэдгээр мэдүүлгүүддээ хэргийн зарим үйл баримтын талаар нэмж тайлбарлаж, андуурсан зөрүүтэй тайлбаруудаа залруулсан байгааг буруутгах боломжгүй юм. Хохирогчийн мэдүүлгүүдээс зарим үйл баримтыг дэлгэрүүлсэн, зөрүүгүй тайлбарласан хэсгүүдэд үнэлэлт өгснөөр шүүгдэгч Л.Тийг “дээрэмдэх” гэмт хэрэгт гэм буруугүй болохыг нотлох боломжтой гэж үзэж байна. Л.Уийн анхны мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.М-н  мэдүүлэг, мөн Л.Т нь гинж, бөгж зэргийг Л.Бхэзээ, хэрхэн авсан тухай мэдээгүй байдаг ба Б гинж, бөгж байгааг мэдсэн даруйдаа эгч У-т утсаар залгаж хэлж байгаа үйл баримтыг нотолсон мэдүүлгүүдэд огт зөрүү байдаггүйг шүүх анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дансны хуулга, утсаар ярьсан тэмдэглэл, шүүгдэгч Л.Тийн мэдүүлэг зэргээр нотлогдох үйл баримтаас харахад Л.Тт тухайн эд зүйлсийг дээрэмдэх санаа зорилго, шунахайн сэдэл, үйлдэл оролцоо байхгүйг илэрхийлж байна.

Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд хайчийг зэвсэг болгосон гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй тухай хохирогч нар болон шүүгдэгч Л.Тийн мэдүүлгээр “хайч”-ийг хэзээ, хэрхэн ашигласан болохыг мэдүүлсэн байна. Шүүгдэгч Л.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө “хайчийг скоч тайлах зорилгоор ашигласан” гэж мэдүүлдэг. Харин хохирогч Б.М-н  хх 49 хуудсанд байх мэдүүлэг болон хх 52 талд авагдсан мэдүүлэг зэргээр хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтоох шаардлагатайг илэрхийлнэ. Хэрэв шүүх Л.Тийн мэдүүлгийг үндэслэлгүй гэж дүгнэж байгаа бол тогтвортой мэдүүлэг өгсөн гэж тодотгож байгаа гэрч Б.М-н  мэдүүлгийн дээрх агуулгыг хэрхэн үгүйсгэж байгаагаа дүгнэх учиртай. Б.М-н  мэдүүлгээс харахад Л.Т Л.Утэй ярилцах санаа, зорилгоор түүнийг сүрдүүлэх шинжтэй үйлдэл гаргаж, тухайн хайчийг ашигласан байж болохоор харагдаж байна. Өөрөөр хэлбэл Л.Т хайчаар Б.М-н  биед гэмтэл учруулах үедээ Л.Уийн үнэт эд зүйлс авах бодол байгаагүй, шунахайн сэдэл, зорилго агуулаагүйг нотолно.

Сейф онгойлгосон үйл баримтад Л.Тийн үйлдэл, оролцоо байхгүйн тухайд: Шүүгдэгч Л.Бямар зорилгоор Л.Уийн гэрт байсан сейфийг онгойлгох болсон талаараа шүүхийн хэлэлцүүлгийн үед болон бусад мэдүүлэгтээ тодорхой мэдүүлдэг. Тэрээр эгчээсээ асууж байсан газрын гэрчилгээ бичиг баримтыг тухайн сейфт байж магадгүй гэх өөрийн таамаг, санаачилгаараа өөрөө шийдвэр гаргаж, онгойлгуулсан тухай тухайн шүүгдэгчийн болон хохирогч нар тайлбарладаг. Шүүх тогтоолдоо үндэслэл бүхий гэж тодотгож байгаа хохирогч нарын мэдүүлэгт сейф онгойлгох талаар ярьж, шаардаж байгаа хүн нь шүүгдэгч Л.Ббайх бөгөөд Л.Т нь сэйф онгойлгох үйл явдлыг мэдээгүй буюу оролцоогүй, үг, үйлдлээрээ дэмжсэн, тусалсан үйл баримт хохирогч нарын мэдүүлгээр нотлогдохгүй байгаа болно.Тиймээс шүүгдэгч Л.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэнд бид маргахгүй байгаа. Харин Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит үйл баримттай нийцэхгүй шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасны дагуу хэргийн зүйлчлэлийг өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.  

 

Шүүгдэгч Л.Тийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн хэргийн үйлдэл холбогдол, гэм буруугийн асуудлаар маргаангүй болно. Миний үйлчлүүлэгч Л.Т болон Л.Бнарын хохирогч Л.Уийн гэрт очсон үйлдэл нь хууль бусаар өөртөө эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах гэхээс илүүтэйгээр ажил хөдөлмөр эрхэлсэн цаг хугацааны цалин хөлсөө нэхэх санаа зорилготой байсан гэдэг нь гэрч Д.Б, хохирогч Л.У нарын мэдүүлэгт тусгагдсан байдаг. Мөн бусдын эд хөрөнгийг өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авсан гэх үйлдлийн хувьд шүүгдэгч Л.Т нь тухайн үйлдэлд хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд тогтвортой өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан. Шүүгдэгч нарын хувьд 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өөрийн төрсөн эгч Л.Уийнд очихдоо Л.У болон түүний охин Б.М нарыг айлгах, дээрх үйлдлийнхээ улмаас Л.Уийн нөхөр Д.Б-с авч чадаагүй цалин, хөдөлмөрийн хөлсөө түргэн шуурхай олж авах санаа зорилготойгоор урьдчилан үгсэн тохиролцож очсон байдаг. Түүнчлэн миний үйлчлүүлэгч Л.Т нь эд зүйлсийг өөрийн эзэмшилд шилжүүлэн аваагүй, бусдыг эд зүйлээ өгөхийг шаардаж, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл хийгээгүй байх ба шүүгдэгч Л.Бы хувьд анх миний үйлчлүүлэгчтэй тохиролцсоноос өөр үйлдлийг бие даан гүйцэтгэж, бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд хууль бусар шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ” гэх ойлголтод хамаарч байна. Иймд Эрүүгийн хуулийн 3.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гүйцэтгэгчийн зөрж үйлдсэн гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй” гэх заалтад заасны дагуу миний үйлчлүүлэгч Л.Тийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар хүч хэрэглэж авсан гэх дээрмийн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Эрүүгийн 2205026962030 дугаартай хэргийн үйл баримтад дурдагдаж буй улаан иштэй махир хайч нь хохирогч Л.Уийн гэрт байдаг ахуйн хэрэглээний, мах хайчлах зориулалттай эд зүйл болох талаар хохирогч 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн мэдүүлэгтээ тодорхой дурдсан байгаа юм. Ахуйн хэрэглээний, мах хайчлах зориулалттай энэхүү хайчийг шүүгдэгч нар нь тусгайлан бэлтгээгүй, засан тохируулаагүй бөгөөд иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл биш байгаа энэхүү хайчийг зэвсэг гэж үзэх, эсхүл тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалт, тус заалтын тайлбарласан Улсын дээд шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №24 дугаартай тогтоолд тусгагдсан “гэм буруутай эсэхэд” гэх ойлголтод ...шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээг ойлгоно, “Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал” гэдэгт ... нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээг ойлгоно, “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шийдвэрийг гаргах, эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхийг ойлгоно гэж тус тус заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Л.Тт холбогдох Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Л.Бы өмгөөлөгч О.Батсүх давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Л.Ббусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Харин Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг үйлдээгүй юм. Анхан шатны шүүх Л.Т, Л.Бнарыг Л.У, Б.М-н  хоолойг нь боох зэргээр биед нь халдаж, тэднийг айлгахдаа хайчийг зэвсэг болгон хэрэглэж Б.М-н  биед хайчаар шарх үүсгэж, эрүүл мэндэд нь хохирол учруулан үг үйлдлээр айлган сүрдүүлж, хүч хэрэглэн халдан довтолж сейфийг онгойлгуулан, хохирогч Л.Уийн эд хөрөнгө болох үнэт эдлэлийг өөртөө шилжүүлэн авч, 2.076.500 төгрөгийн хохирол учруулсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь 2.076.500 төгрөгийн эд хөрөнгийн үнэлгээ нь сейф онгойлгох үед авсан гэж анхан шатны шүүхээс дүгнэлт хийж буй үйл баримтад огт хамааралгүй бөгөөд хохирогч Л.Уээс Л.Бд өгсөн эд зүйлийн үнэлгээ болохоос, сейф онгойлгоход авсан гэх эд хөрөнгийн үнэлгээ биш юм. Гэтэл насанд хүрээгүй хохирогч Б.М-н  мэдүүлэгт Д.Б  хууль ёсны төлөөлөгчөө хамт байлцсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгийн тэмдэглэл /1хх-ийн 19-23, 48-55/-ээр нотлогддог. Д.Б-ны хувьд уг хэргийн хохирогч, гэрчээр оролцож буй тул ашиг сонирхлын зөрчилтэй байхаас гадна насанд хүрээгүй хохирогч Б.М-н  өгч буй мэдүүлгийг 10 нас 1 cap 26 хоногтой хүний нас, сэтгэхүйгээс ахадсан үг, хэллэг ашигласан зэргээр уг мэдүүлгүүдийг насанд хүрээгүй хохирогч Б.М өгсөн үү, эсхүл Д.Б  өгсөн үү гэдэгт шууд эргэлзэхэд хүргэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасныг анхан шатны шүүх зөрчсөн буюу анхан шатны шүүх яллах чиг үүргийг хэрэгжүүлж, прокурорт яллах дүгнэлтээ хэрхэн бичих талаар заавар зөвлөгөөг өгсөн. Угтаа бол яллах чиг үүргийг прокурор, мөрдөх чиг үүргийг мөрдөгч хэрэгжүүлж, шүүх зөвхөн талуудын мэтгэлцээний үндсэн дээр гэм буруутай эсэхийг тогтоох ёстой. Гэтэл шүүх захирамжаар 31 хоногийн хугацаа олгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхдээ прокурорт ямар зүйл ангиар яллах дүгнэлтээ үйлдэх талаар заавар чиглэл өгч, улмаар Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар гэм буруутайд тооцсон. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2023/ШЦТ/946 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг өөрчилж өгнө үү. ...” гэв.   

 

Шүүгдэгч Л.Бы өмгөөлөгч Б.Тэнгис нь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүх прокурорын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө гэмт хэргийн шинжтэй үйлдлийг анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна” гэх агуулга бүхий эсэргүүцлийг 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянаад анхан шатны шүүхийг үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь 2 дугаар хавтаст хэргийн 187-194 дүгээр талд авагдсан байдаг. Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны явцад хэргийг тодорхой хугацаагаар хойшлуулж, зэвсэг хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж хэргийг буцаасан нь 2 дугаар хавтаст хэргийн  217-220 дугаар талд авагдсан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1723 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. 60 хоногийн дараа анхан шатны шүүх хэргийг бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Тухайн гэмт хэрэг гарах цаг хугацаанд зэвсэг хэрэглэж, бүлэглэж дээрэмдсэн гэх үйлдлийн тухайд насанд хүрээгүй хохирогч Б.М “Л.Бах скоч авахаар яваад байхгүй байсан. Л.Т ах миний гарыг скоч тайлах гэж байгаад зүссэн.” гэж мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч нарын үйлдэлд бусдын эд зүйлийг авахын тулд бүлэглэж, зэвсэг хэрэглэсэн шинж байхгүй. Анхан шатны шүүхээс хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд зөрүүтэй байна гэж үзэж байна. Иймд хэргийн зүйлчлэлийг зөвтгөж шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын нээлттэй дэглэмийг хэвээр үлдээж, эрүүгийн хариуцлагын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Л.У нь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надаас тухайн эд зүйлсийг дээрэмдсэн гэж үзэхгүй байна. Учир нь, манай дүүд цалинг нь өгөөгүй байсан тул гэрт нь хоол, хүнс байхгүй байна гэхэд нь би “энийг ломбардад тавьчих” гээд ээмэг, бөгжөө өгөөд гаргасан. Би урьд нь ч илээр эсвэл нөхөр, хүүхдээсээ нууж өгдөг байсан. Манай охиныг “зүслээ шүү” гэж хэлсэн бол би мэдэх байсан. Гэтэл хэрэг явдал дууссаны дараа би охины гар зүсэгдсэнийг мэдсэн тул скочийг тайлж байхад санаандгүй зүссэн гэж үзэж байна. Миний 2 дүү урьд нь ийм үйлдэл гаргаж байгаагүй. Би энэ хоёр хүний бараг ээж нь гэж хэлэхэд болно. Манай нөхөр цалинг нь өгөөгүй байсан. Газрын бичиг нь Л.Тийн нэр дээр байдаг түүний өмч.” гэв.

 

Хохирогч Л.Уийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч болон холбогдогч нар эгч дүүс байдаг. Хохирогч Л.У нь “Тухайн үед би цагдаагийн байгууллагад хандахдаа сэтгэл хөдлөл өндөртэйгөөр анхны мэдүүлгээ өгсөн” гэж надад хэлдэг. Хуульч хүний өнцгөөс харахад зэвсэг хэрэглэсэн үү, хайчийг ямар зорилгоор ашигласан зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан үйлдэл дууссаны дараа хайч хэрэглэгдсэн, үйлдэл завсарласны дараа эд хөрөнгийг авч гарч явсан байдаг. Иймд дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд хайч ашигласан эсэх нь эргэлзээтэй байна. Хайчаар айлгах, аливаа нэг үйлдэл хийлгүүлэхэд хүчлүүлэх байдлаар ашигласан тохиолдолд зэвсэг болгон ашигласан шинжийг агуулна гэж үзэж байна.” гэв.

 

Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Давж заалдах гомдлын агуулгаас харахад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна. Харин өмгөөлөгч болон шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан зэвсэг хэрэглэн дээрэмдсэн гэх үйл баримтад маргаж буй гомдлын агуулга ижил байна. Дээрэмдэх гэмт хэргийн объектив талын шинж нь хохирол, хор уршиг учруулснаас үл хамааран довтолсноор төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэмт хэрэг үйлдэх гэж буй этгээдүүд гэмт хэрэг үйлдэхээр завдах, бэлтгэхдээ төлөвлөсөн санаа зорилгоо хэрэгжүүлэхгүйгээр бүр мөсөн орхисон тохиолдолд гэмт хэрэг үйлдэхээс татгалзсан гэж ойлгоно. Гэтэл шүүгдэгч Л.Б, Л.Т нарын хувьд тухайн өдөр хүргэн ах Д.Б-ны гэрт очиж, хаалгаар орон довтолсон. Ийнхүү үргэлжилсэн үйлдлээрээ санаатай нэгдэж, насанд хүрээгүй хохирогч Б.М-н  биед зэвсгээр гэмтэл учруулахад шүүгдэгч Л.Ббайсан эсэх нь хамааралгүй. Үйлдэл эхлээд үргэлжилж, дээрэмдэх гэмт хэргийн заналхийлж, довтолж буй шинж нь үргэлжилсэн байдаг. Скоч авахаар явсан нь гэмт хэрэг үйлдэж, дэмжлэг үзүүлсэн үйлдэл юм. Гэмт хэрэг үйлдэгдэх явцад “эд зүйлсийг буцааж тавь” гэсэн мэдүүлэг талуудын хэн алины мэдүүлэгт байдаг боловч гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан гэж үзэхгүй. Мөрдөн байцаалтын үндсэн хугацаанд мөрдөн шалгах ажиллагааг хийж дуусгасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Б.М-н  мэдүүлэг, хохирогч Л.Уийн мэдүүлэг, Л.Т, Л.Бнарын сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь агуулгын хувьд огт зөрүүгүй байдаг. Хэргийн үйл баримт зөрүүтэй, эргэлзээтэй зүйл байдаггүй. Шүүгдэгч Л.Т давж заалдах гомдолдоо цалин хөлсөө нэхэх зорилгоор очсон гэж бичсэн байна. Ямар нэг байдлаар айлган сүрдүүлж тухайн айлаас эд зүйл авах санаа зорилготой очсон гэдэг нь тодорхой харагдаж байна. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад анхны мэдүүлгээрээ хэргийн үйл баримтыг огт зөрүүгүй мэдүүлдэг боловч 1 сар орчмын дараа хэрэг прокурорын шатанд шилжихээс өмнө хэргийн үйл баримтыг гуйвуулсан мэдүүлэг өгсөн байдаг. Хохирогч Л.У нь дүү нараа өмөөрсөн, хамгаалсан, тэдгээрийн үйлдлийг зөөлрүүлсэн мэдүүлэг өгснийг нэг талаас буруутгах боломжгүй. Гэхдээ хэргийн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул хохирогч Л.Уийн сүүлд өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Газрын гэрчилгээний асуудал хэрэгт огт яригдаагүй бөгөөд шүүгдэгч нар сүүлд яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө энэ талаар мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Л.Бы өмгөөлөгч О.Батсүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж шүүх захирамж гарган хэргийг прокурорт буцаасан гэж байна. Анхан шатны шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Тухайн шүүгчийн захирамжид зэвсэг хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэх талаар шууд чиглэсэн заалт байхгүй. Прокурор шүүгчийн захирамжийг хүлээн авч хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн арга, хэлбэр, санаа, зорилгод хууль зүйн дүгнэлт хийж эд зүйл авах зорилготой очсон бөгөөд үйлдэл нь 2-3 цагийн хугацаанд үргэлжилсэн гэж үзсэн. Аливаа биетийг устгах, гэмтээх эд зүйлсийг зэвсэг гэж үзнэ. Шүүгдэгч Л.Тийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням тухайн хайч нь мах хайчилдаг хайч гэж тайлбарлаж байгаа боловч хүний бие махбод махан биеэс үүснэ. Л.Бхутга бариад айлган сүрдүүлсэн бөгөөд тухайн хутгыг насанд хүрээгүй хохирогч Б.Мишээл, хохирогч Л.У нар тодорхой дүрсэлсэн байдаг. Иймд хайчийг зэвсэг болгон ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Л.Б, Л.Т нарын үйлдэлд оногдуулсан эрүүгийн хариуцлага тохирсон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

насанд хүрээгүй хохирогч Б.М-н  “... 2022 оны 8 дугаар сарын 28-ны орой 17 цаг 30 минутын үед хаалга тогшсон. Ээж очоод хаалга онгойлготол нагац ах Т, Б нар шууд хашхираад дайраад ороод ирсэн. Т  ах Б  ахад хандаад “хүл” гэж хэлсэн. Тэгэхэд Б ах надаас “Скоч хаана байна” гэхэд “байхгүй” гэтэл “битгий худлаа хэлээд бай” гээд хашхирсан. Ээж бид 2 скоч хайгаад олоогүй. Б ах гарч яваад скоч аваад ороод ирсэн. Намайг босгож зогсоож байгаад 2 хөлийг нийлүүлээд скочоор хүлсэн. Мөн гарыг бугалга хэсгээр хүлсэн. Өмнө нь гал тогооны өрөөнд байсан хүнсний скоч авчраад 2 гарыг бэлхүүстэй хамт давхар ороосон. “Гар өвдөөд байна" гэхэд Т ах тайлаад, би айгаад жоохон дуугарсан чинь аманд оймс чихээд нөүтбүүкийн цэнэглэгчийн хар залгуураар хоолой боосон. Би амьсгалж чадахаа больсон, суллаад хэсэг байж байгаад чангалаад суллаад нийт 3 удаа Б ах боосон. Хоолой боохоос өмнө гар, хөл хүлээд Б ах “Сейф онгойлго” гэж надад хэлээд би кодыг нь мэддэг тул онгойлгосон. Б ах ухаад ээжийн алтан гинж, алтан бөгжийг авсан. Тэр үед Т  ах ээжтэй юм яриад байсан. Б  ах скочинд явсан хойгуур Т  ах “охиныг чинь ална” гээд миний зүүн гарын шууг хайч онгойлгож байгаад зүсэхэд ээж уйлаад байсан. Б  ах намайг боож дуусаад баруун ташаа хэсэг рүү хөлөөрөө маш чанга өшиглөсөн. Т  ах, Б  ах ээжийг алгадаад цохиод байсан. “нөхрийг чинь, аавыг чинь ална” гээд байсан. Б  ах гартаа хутга бариад “Аавыг чинь ингэж бүлээд ингэж татаад ална” гээд үйлдлээрээ үзүүлээд байсан. Т  ах Б  ахад хандаж “одоо явъя, авсан юмаа өг” гэж хэлсэн. Б  ах “юу яриад байгаа юм бэ, амласандаа хүр л дээ, аавыг нь ирэхээр алаад явъя” гэсэн. Т  ах хүлээс тайлсан. Б  ах Т  ахад хандаж “хоёулаа гарч хүүхэндэх үү” гэснээ над руу хараад “чамайг хүүхэн болгочих уу” гэхээр нь үгүй гээд толгойгоо сэгсэрсэн, ээж “үгүй ээ” гээд орилсон. Т  ах ээжид хандаж “та хоёрыг ганц удаа уучиллаа” гэж хэлээд гараад явсан. ...Т  ах ээж рүү “юм ярь” гээд хашхичаад байсан. Ээж дуугарахгүй байсан чинь “охиныг чинь ална” гээд гал тогооны шургуулгаас улаан иштэй хайч аваад миний зүүн гарыг барьж байгаад хайч ангайлгаж байгаад зүссэн. Ээж “боль” гээд уйлаад байсан. Б  ах ирээд гар хөлийг хүлээд “Сейф онгойлго” гээд ээж рүү орилсон чинь ээж “үгүй” гэсэн. Би “Кодыг нь мэднэ” гээд онгойлгож өгсөн. Ээжийн үнэт эдлэлийг авсан. Т  ах “хулгай хийх гэж ирээгүй шүү, буцаагаад тавь” гэсэн. Б  ах оймс гаргаж аманд чихээд дээрээс нь скоч нааж, залгуураар хоолой боогоод татсан. Залгуураа чангалаад суллаад байсан. Баруун ташаа хэсэг рүү өшиглөөд шалан дээр унагаасан. Ээжийг Б  ах очоод нүүр хэсэгт нь цохиж авсан. Т  ах бас цохисон алгадаад байсан санагдаж байна. Энэ явдал маш удаан үргэлжилсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 48-55/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 11932 дугаартай “... Б.М-н  зүүн шууны дотор доод хэсэгт зүсэгдсэн шарх, 2 нүдний алимын салстад цус харвалт, хоёр талын шанаа, хацар, эрүүнд цэгчилсэн цус харвалт, эрүүний зүүн доод хэсэгт, хүзүүний зүүн урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс зүүн шууны дотор доод хэсгийн зүсэгдсэн шарх нь ир ирмэг бүхий зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 2 нүдний алимын салстын цус харвалт, хоёр талын шанаа, хацар, эрүүнд цэгчилсэн цус харвалт нь хүзүү хоолойг боосны улмаас үүсэж болно...” гэх дүгнэлт /1 хх-ийн 81-82/,

Хохирогч Л.Уийн “...2022 оны 8 дугаар сарын 28-ны орой 17 цаг 30 минутаас 18 цагийн орчимд манай гэрийн хаалгыг хүн тогшихоор нь би хаалга онгойлготол Л.Б, Л.Т нар согтуу орж ирээд Т  намайг заамдаж том өрөө рүү оруулаад “Скоч ол” гэхээр нь М бид 2 хайгаад олоогүй. Тэгтэл Б  М-н цохиж газар унагаж байхыг харсан. Б  хүнсний скоч авчраад М-н 2 гарыг бүсэлхийтэй нь ороогоод, Т  “танай нөхөр намайг хүн гэж боддоггүй, би зүгээр цалингаа авъя, сүрьеэ тусчихсан байна, би өвдөж болохгүй юу, танай нөхрийг ална” гэж ууртай ярьсан. Б  бас “ална” гээд орилоод байсан. Б , Т  нар нийлээд миний нүүр цээж хэсэг рүү 3-4 удаа цохиод би газар сөхрөөд амьсгалж чадахгүй суусан. М “ахаа миний гар бадайраад байна” гэсэн. Б  М-н скочийг тайлаад “Скочинд яваад ирье” гээд Т өөс мөнгө аваад явсан. Авч ирсэн скочоор 2 гарын бугалга, 2 хөлийг нь хүлээд М орилоод уйлтал Б  шүүгээнээс оймс аваад М-н аманд хийж скочдсон. Т ийн хамт скочоор миний 2 гарын бугалга хэсэг, 2 хөлийн шагай хэсгээр скочдсон. Б  хөргөгчид байсан тал виног уутал Т  “архи уух гэж ирээгүй” гэтэл Б  “ямар хамаатай юм бэ пизда” гээд виногоо уучхаад над руу “сейфийнхээ кодыг хэл” гэхээр нь “Би чадахгүй" гэтэл Б  М-н нэг удаа өшиглөсөн. Би “хэлээд өгье” гэсэн. М “ахаа би мэднэ, тайлаад өгье” гэсэн. Л.Бүнэд хүрэх эд зүйл буюу алтан гинж, бугуйвч, бөгж, монетан бугуйвч, ээмэг, гинжнүүдийг жижиг хайрцагт хийгээд халаасандаа хийсэн. Т  “хулгай хийх гэж ирээгүй шүү, наадуулаа буцааж тавь” гэхэд Б  “ямар хамаатай юм бэ, нөхрийг нь алаад шоудаж байгаад шоронд орно” гэсэн. Тэр үед М уйлтал Б  хар өнгийн залгуур шиг зүйлээр хоолойг нь боохоор нь Т т хандаж “болиулаач” гэхэд юу ч ярьж, ямар үйлдэл хийгээгүй. Би хүлээстэй чигээрээ М рүү мөлхөөд “новшоо тавь, наадах чинь үхлээ ш дээ” гэж олон удаа давтан хэлсэн. Т  цаанаас нь “боль” гэтэл Б  больсон. Тухайн үед орилсоор байгаад ам зуурчихсан. Б  М-н дахин боосон. “наймхан настай хүүхэд ш дээ” гэж гуйхад больсон. Тэгтэл Т  надтай “2-3 хоногийн өмнө цалингаа үлдэгдлээ авах гэж тань руу залгасан утсаа аваагүй, нөхрийнхөө үгэнд орж хамаатан садантайгаа холбоо тасарсан” гэхээр нь “би та нарын төлөө зөндөө явсан, одоо ядарч байна” гэсэн яриа болсон. Тэгтэл М уйлтал Т  “наадахаа ухаан алдуулчих” гэхэд Б  М-н дахиад боохоор нь “чиний хайртай дүү чинь шүү дээ, наадахаа больчих л доо” гэхэд больсон. Тэр үед манай нөхөр Д.Б  над руу утсаар залгахад Т  “бид хоёрыг байгааг мэдэгдэж болохгүй” гэсэн. Тухайн үед Б , Т  нар хоорондоо “Сайн байна уу гэж хэлээд шууд хутгална” гэж ярьж байхаар нь нөхрийгөө ирэхээс нь өмнө явуулах ёстой юм байна гэж бодоод Т тэй ярилцаж яриаг нь сонсож, уяраахыг бодсон. Т  “Бид хоёрын уяаг тайл” гэж хэлээд хамт тайлалцсан. Б  “Ингэж уярна гэж яриагүй биз дээ” гэж орилтол Т  “дуугүй бай” гэж хэлсэн. Т  “Энэ удаагаа өршөөе, дахиж утсаа авахгүй байж болохгүй шүү” гэсэн. Цүнхэнд хийсэн винонуудыг гаргаж буцааж өрөөд, Б ы авсан юмнуудыг “буцааж тавь” гэтэл Л.Бхалааснаасаа хайрцагтай эд зүйлийг гаргаад газар шидсэн чинь Т  “юмаа бүртгэ” гэхээр нь би хурдан явуулахын тулд “бүрэн байхаа” гэтэл Т  “онгойлгоод бүртгэ” гэхээр нь үзтэл миний алтан бөгж, гинж алга байсан. Тэр үед Б  гараад явчихсан байсан. Т  “Б аас өөр хүн байгаагүй, би яаж ийж байгаад аваад өгнө, харин таксины мөнгө байвал өгчих” гэсэн. Миний дансанд 130.000 төгрөг байхаар нь “байгаа нь энэ” гэтэл “надад тийм их мөнгө хэрэггүй ээ” гэхээр нь 50.000 төгрөг шилжүүлсэн. Т  залгаад “гинж билүү бөгж байна, үлдсэнийг нь олбол залгана” гэсэн. Намайг зогсож байхад гэнэт нэг гар орж ирээд зүүн хацар хэсэгт цохисон. Хажуугаас цээж, баруун хацар хэсэгт цохисон. Дүгнэлтэд тусгагдсан гэмтэл бол Б , Т  нарын учруулсан гэмтэл. М-н биед учирсан гэмтлийг Б  цохиж, хоолойг нь боох үед учирсан. Зүсэгдсэн шархыг хэн хэзээ хэрхэн учруулсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 33-36, 39-41/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 11930 дугаартай “... Л.Уийн тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвуу, зүүн бугуй, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюулгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1 хх-ийн 71-72 тал/,

            Д.Б-ны гэрчээр өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 28-ны өглөө 09 цагт ажилдаа явсан. 18 цагийн үед эхнэр рүүгээ залгахад дуу султай, олигтой юм ярихгүй, гэртээ байж байна гэж хэлсэн. 21 цагийн үед эхнэр утсаар залгаад “гэртээ хурдан ир” гэсэн. Манай эхнэр уйлсан байдалтай, зүүн шанаа хацар нь хөхөрсөн, бие нь муу байсан. Мөн охины зүүн гарын шуу хэсгийг зүсчихсэн, хүзүүг нь боогоод улайлгасан, 2 нүд нь цус хураад улайсан байсан. Эхнэрийн төрсөн дүү Т , Б  нар өдөр 15 цаг өнгөрч байхад ирээд охиныг скочоор хоолойг нь боогоод, гар хөлийг нь хүлээд, эхнэрийг өшиглөж зодоод “Хүнтэй утсаар ярьж хэлбэл охиныг ална” гэж хутга хайч тулгаж, сүрдүүлээд охиныг чинь түрүүлж алаад, нөхрийг чинь ирэхээр хутгалж ална гээд өдөржин сүрдүүлж байгаад орой 21 цагийн үед эхнэрийн алтан гинж, алтан бугуйвчийг аваад гараад зугтаасан байсан. Хэд хоногийн өмнө Т  надтай уулзаад цалингаа нэхээд ирэхээр нь “та 2 хэд хоног алга болчхоод юун цалин” гэхэд миний өөдөөс олон юм яриад байхад нь “мөнгөгүй, эгчийн чинь эмийг авчихсан” гэтэл надад “өөр аргаар авах арга байдаг шүү дээ” гээд яваад өгсөн. Эхнэр рүү залгаад мөнгө төгрөг нэхэхээр нь “өөрсдөө учраа ол” гэсэн байсан. Урьд мөн л намайг ална гэж заналхийлсэн, угаасаа таарамжгүй харилцаатай байсан...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 19-20/,

         Гэрч  Л.У-ийн “... 2022 оны 8 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед манай төрсөн дүү Уранцэцэг залгаад уйлаад “Т , Баяраа 2 ирээд М бид 2-ыг зодчихлоо, та хүрээд ирээч” гэхээр нь очиход Уранцэцэгийн зүүн хацар хавдаж, хөхөрсөн уйлчихсан байдалтай байсан. М-н 2 нүд нь улайчихсан, зүүн гарын шууны дотор хэсэг зүсэгдчихсэн, хүзүү нь боосон байдалтай ором гарсан байхаар нь “юу болсон” талаар асуухад “дүү Б , Т  2 гаднаас орж ирээд бид 2-ыг скочоор хүлээд, 2 талд суулгаж байгаад зодоод, охин М-н хоолойг залгуураар боогоод, гарыг нь зүсээд зодож байгаад явлаа” гэсэн..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 27- 29/,

 иргэний нэхэмжлэгч С.Д-ийн “... 2022 оны 8 дугаар сарын 28-ны орой ажлаа хийж байтал 2 залуу орж ирээд 3.7 гр монетан бөгж, 4.2 гр алтан гинж ломбардад тавьсан. Бичилт хийгээд байж байхад Т  гэх залуу дахиад 1 алтан бөгж өгөөд хамтад нь 200.000 төгрөгт тавьчих гэсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 57-58/,

Л.Бы сэжигтнээр өгсөн “...архиа ууж дуусаад бид 2 ярилцаад хүргэн ах Б ыг очиж алахаар болсон. Т  ах нэг хутга аваад халаасандаа хийчих гэхээр нь хоолны шүүгээнээс жижиг хар иштэй хутга аваад халаасандаа хийсэн. ...Т  ах хаалга нүдсэн чинь эгч Уранцэцэг хаалга онгойлгож өгсөн. Тэгээд гэр рүү нь яваад очиход эгч охин М-н хамт байсан. Хүргэн ах Б  байгаагүй. Тэгтэл Т  ах наадуулаа хүлчих гэхээр нь би гал тогооны шургуулгаас хүнсний скоч аваад М-н зогсоож байгаад ороотол задраад байсан. Т  ахаас мөнгө аваад 3 дугаар эмнэлгийн урд талын автобусны буудлын дэлгүүр орж скоч худалдаж авсан. Намайг скоч аваад ороход Т  ах эгчг хэд цохичихсон нүүр ам нь жоохон хавдчихсан хажууд нь М уйлчихсан сууж байсан. Тэгэхээр нь би М-н босгоод гар хөлийг нь скочдож хүлээд дуугүй бай гээд 1 удаа алгадсан. Ингээд сейфээ онгойлго гэтэл М очиж онгойлгосон. Ингээд сейфийг нь үзэхэд алтан ээмэг, бөгж, гинж зэрэг эд зүйлс байсан. ...орилоод байхаар нь будаа агшаагчийн залгуур аваад хоолойг нь боогоод татаад ухаан балартаад байхаар нь Т  ах “наад хөрш нь сонслоо аманд нь юм хийгээд скочдчих” гэхээр нь шургуулгад байсан оймсыг аваад аманд нь хийгээд скочоор толгойг нь 2 ороогоод дарсан. ...би хажуугаас нь очоод юм ярихад муу архичин минь гэж хэлэхээр нь зүүн гараараа баруун хацар хэсэгт нь 2 удаа алгадсан. Т  ах бас зодоод цохиж аваад байсан. Хүргэн ахыг айлгах санаатай авч явсан юм. Гарахдаа гал тогооны тавиур дээр үлдээгээд гарсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 119-122/,

 

Л.Тийн сэжигтнээр өгсөн “...Би хаалга нүдэхэд Уранцэцэг онгойлгосон. Би цаашаа бай гэж хэлээд заамдаж аваад түлхээд том өрөө рүү оруулсан. Тэр хоёрыг зугтааж магадгүй хүн ирэхээс өмнө хэдэн төгрөг аваад гаръя гэж бодоод Б д хандан энэ хоёрыг хүл гэж хэлсэн. Б  хоолны шургуулгаас хүнсний скоч аваад М-н хүлэхэд задраад байсан. Ингээд Б  надаас мөнгө аваад гарч скоч авч ирсэн. Тэр хооронд би Уранцэцэгийн зүүн шанаа хэсэгт нь гараа зангидаж байгаад зөөлөн цохисон. Тэр үед Б  гаднаас орж ирээд М-н алгадаж аваад скочоор гар хөлийг нь хүлсэн. Б  М-н сейф онгойлго үгүй бол ална, аавыг чинь ална гээд Мишээлээр онгойлгуулаад үнэт эдлэл байсан бөгөөд авсан. Б  будаа агшаагчийн залгуур авч ирээд хоолойг нь боосон. ...Гадаа гараад Б д хандан эгчийн бөгж гинжийг авсан уу гэхэд авсан гэсэн...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 129-132/,

            Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 62- 66 тал/,

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 67-68 тал/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

Л.Б, Л.Т нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 28-ний өдрийн 17 цагийн үед ... тоотод оршин суух хүргэн ах Д.Б-ны гэрт очиж, ойр дотнын хүн болох төрсөн эгч Л.Уийг “танай нөхөр цалин хөлс өгсөнгүй, цалингаа авмаар байна, нөхрийнхөө талд орж бид нарыг тоохгүй байна гэж хашхичин, дуугарахгүй бол охиныг чинь ална, нөхрийг чинь ирэхээр нь ална, дахин утсаа авахгүй байх үйлдэл гаргаж болохгүй” гэж сүрдүүлэн, түүний охин Б.М /10 нас 1 cap 26 хоногтой/ нарыг скочоор хүлж, эрхшээлдээ байлган, алгадах, цохих, өшиглөх, Б.М-н  хоолойг нь боох зэргээр биед нь халдаж, тэднийг айлгахдаа хайчийг зэвсэг болгон хэрэглэж, Б.М-н  биед хайчаар шарх үүсгэж, эрүүл мэндэд нь хохирол учруулан үг үйлдлээр айлган сүрдүүлж, хүч хэрэглэн халдан довтолж сейфийг онгойлгуулан, хохирогч Л.Уийн эд хөрөнгө болох үнэт эдлэлийг өөртөө шилжүүлэн авч, 2.076.500 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,

мөн Л.Б, Л.Т нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн үйлдлээрээ нэгдэж, төрсөн эгч Л.Уийн нүүрэн тус газарт гараараа ээлжлэн цохиж, “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвуу, зүүн бугуй, сарвуунд цус хуралт” гэмтэл, бага насны хүүхэд болох 10 нас 1 cap 26 хоногтой Б.М-н  зүүн гарын шууг нь зүсэж “ зүүн шууны дотор доод хэсэгт зүсэгдсэн шарх, Л.Бнь Б.М-н уйллаа гэх шалтгаанаар хоолойг нь залгуурын утас мэт зүйлээр боож өвтгөн шаналгаж тарчилган зовоож, “2 нүдний алимны салстад цус харвалт, хоёр талын шанаа, хацар, эрүүнд цэгцэлсэн цус харвалт, эрүүний зүүн доод хэсэгт, хүзүүний зүүн урд хэсэгт цус хуралт” гэмтлүүдийг тус тус үүсгэн, онц харгис хэрцгийгээр, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.Т, Л.Бнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр, бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

          Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Т, Л.Бнарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж хохирогчийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж Эрүүгийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэгт зааснаар Л.Тт 5 жилийн хорих ял, Л.Бд 5 жил 6 сарын хорих ялыг тус тус оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

          Шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгчид Д.Очирдорж, Ц.Дэлгэрням нараас “...анхнаасаа ямар нэгэн зүйл хулгайлах, дээрэмдэх санаа байгаагүй. ...Дээрэмдэх гэмт хэргийн санаа зорилго, сэдэл үйлдэл оролцоо үйлчлүүлэгчид байгаагүй. ...Дээрэмдэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх,

          Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч О.Батсүх нараас “...Зэвсэг хэрэглэн эгч, дүү хоёрыг дээрэмдсэн зүйл байхгүй. ...Шүүгдэгч нарын үйлдэлд бусдын эд зүйлийг авахын тулд бүлэглэж, зэвсэг хэрэглэсэн шинж байхгүй..” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Л.Т, Л.Б, тэдгээрийн өмгөөлөгчид Д.Очирдорж, Ц.Дэлгэрням, Л.Бнарын гэм буруугийн талаар маргасан давж заалдах гомдлуудын тухайд:

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа эзэмшигч, өмчлөгчийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдлийг ойлгоно.

Довтолсон гэдгийг бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор илээр, хүч хэрэглэн халдсан үйлдлийг, амь биед аюултайгаар хүч хэрэглэх гэдгийг хохирогчийн эсэргүүцлийг дарахад чиглэгдсэн аливаа үйлдлийг хэлэх ба дээрмийн гэмт хэрэг нь довтолсноор төгсдөг онцлогтой юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үндсэн шинжийг “Бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэж, 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон”, 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэж онц хүндрүүлэх шинжийг тодорхойлсон бөгөөд зэвсэг хэрэглэсэн бол хүндрүүлэх шинжээр мөн тодорхойлжээ.

Мөн Эрүүгийн хуульд гэмт хэргийн хамтран оролцогчийн төрлийг хуульчилсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Л.Т, Л.Бнар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн өөрсдийн төрсөн эгч Л.Уийг “танай нөхөр цалин хөлс өгсөнгүй, цалингаа авмаар байна, нөхрийнхөө талд орж бид нарыг тоохгүй байна гэж хашхичин охиныг чинь ална, нөхрийг чинь ирэхээр нь ална, дахин утсаа авахгүй байх үйлдэл гаргаж болохгүй” гэж сүрдүүлэн, түүний охин Б.М нарыг наалддаг туузаар хүлж, эрхшээлдээ байлган, алгадах, цохих, өшиглөх, Б.М-н  хоолойг нь боох зэргээр биед нь халдаж, тэднийг айлгахдаа хайчийг зэвсэг болгон хэрэглэж, Б.М-н  биед хайчаар шарх үүсгэж, эрүүл мэндэд нь хохирол учруулан үг үйлдлээр айлган сүрдүүлж, хүч хэрэглэн халдан довтолж сейфийг онгойлгуулан, хохирогч Л.Уийн эд хөрөнгө болох үнэт эдлэлийг өөртөө шилжүүлэн авч, 2.076.500 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэн авсан нь хэрэгт цугларсан насанд хүрээгүй хохирогч Б.М-н  өгсөн мэдүүлэг /1хх 48-55/, гэрч Д.Б-ны өгсөн мэдүүлэг /1хх 27-29/, гэрч Л.У-н өгсөн мэдүүлэг /1хх 27-29/, иргэний нэхэмжлэгч С.Д-н өгсөн мэдүүлэг /1хх 57-58/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Т, Л.Бнар нь дээрх гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн хэмээн анхан шатны шүүхээс дүгнэсэн үндэслэлтэй.

          Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч Л.Б, Л.Т нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

          Иймд, шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгчид Д.Очирдорж, Ц.Дэлгэрням, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч О.Батсүх нараас гаргасан гэм буруугийн талаар маргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Л.Т, Л.Бнар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 110 хоног цагдан хоригдсон байгааг дурдаж байна.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/946 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Д.Очирдорж, Ц.Дэлгэрням, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч О.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т, Л.Бнарын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 110 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН