| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0260/э |
| Дугаар | 272 |
| Огноо | 2018-03-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 272
2018 03 29 272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
улсын яллагч Н.Уранбайгаль,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг,
шүүгдэгч Т.Э-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Э-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1803000010091 дүгээр эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овогт Т-ын Б/.
Яллагдагч Т.Э-нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 06 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны автобусны буудлын замд “Toyota Vitz” маркийн 17-20 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /68 настай, эмэгтэй/ З.Х.мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Э-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Эрүүгийн 1803000010091 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч З.Х-: “2017 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 07 цагийн орчим би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны хорооны автобусны буудал дээрээс зээгээ автобусанд суулгачихаад зам хөндлөн явган хүний гэрлэн дохиогүй гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш гарцаар алхаад гарч явтал урдаас хойш чиглэлтэй шаргалдуу өнгийн суудлын автомашин ирээд миний баруун талын ташаа руу мөргөөд унагасан. Би ухаан алдчихсан. Нэг сэрэхэд Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Замын хөдөлгөөн сийрэг байсан. Тэр автомашин их хол харагдсан. Ойролцоогоор 50-60 км цагийн хурдтай явж байсан байх. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний нэхэмжилсэн хохирлыг бүрэн барагдуулсан. Би шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг /хх-17-18/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.12.08-ны өдрийн 14857 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.З.Х- биед баруун дунд чөмөгний далд, зөрөөтэй хугарал, баруун чамархайд цус хуралт, няцрал, тархи доргилт, баруун зулай, дух, баруун шанаа, зүүн чамархайд шарх, хамар, зүүн чихний ар, зүүн чамархай, хүзүү, эрүү, зүүн бугалганд цус хуралт, хоёр хацар, баруун шилбэнд зулгаралт, гэмтлийн шалтгаант цус алдалтын дараах цус багадалт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-31/,
Сонгинохайрхан дүүргийн хяналтын үзлэгийн төвийн 2017.12.12-ны өдрийн 17/079172 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “Т-Б-н жооодож яюсан Япон улсад үйлдвэрлэгдсэн, Тоyota маркийн Vitz загварын, ягаан өнгөтэй, 1720 УНД улсын СР105044929 арлын дугаартай суудлын автомашиныг 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 1725 цагаас 1815 цаг хүртэл MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2003 автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг богон шалгаж үзэхэд ...Хариулт: “1. Нэг ба хоёр дугаар асуултанд нэгтгэж хариулахад; Уг тээврийн хэрэгслийн салхины шилний цан үлээгүүр, урд талын шил арчигч бүрэн ажиллагаатай, баруун ба зүүн урд талын их гэрлүүд хол ойр дээр бүрэн шилжиж асдаг, ухрах арааны, оврын гэрлүүд асдаг, зүүн ба баруун талын толь бүгд бүрэн, дугуйн хээний гүн 4-7мм, хурд хэмжигч /спидометр/, жолооч болон зорчигчийн аюулгүйн бүснүүд ажиллагаатай, гэрлийн тусгалын эрчим, нэг болон хоёрдугаар тэнхлэгийн дугуйнуудад үйлчлэх тоормосны хүчний хэмжээ, тэдгээрийн зөрүү, зогсоолын тоормосны идэвхижил зэрэг нь тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангаж байгаа хэдий боловч хойд буферын баруун доод хэсэгт цуурсан, салхины шил цөмөрч хагарсан, урд ба хойд дохио, дуут дохио ажиллахгүй, улсын дугаарын гэрэл асахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -18,1мм хэт дэрвийлттэй тохиргоо алдагдсан байдалтай байгаа нь тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. 2.Гуравдугаар асуултанд хариулахад Тус автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -18,1мм хэт дэрвийлттэй тохиргоо алдагдсан, хойд буферын баруун доод хэсгийн цуурхай, дохионы гэрлүүд асахгүй, дуут дохио ажиллахгүй, дугаарын гэрэл асахгүй эвдрэл гэмтэлүүд нь тээврийн хэрэгсэлийн ашиглалтын явцад үүсэх боломжтой ба уг зам тээврийн осолын эмнө эсвэл ослын дараа үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Харин салхины шилны дотогш цөмөрч хагарсан байдал нь ослын үед ямар нэг гадны биет мөргөснөөс үүссэн байх боломжтой. 3. Дөрөвдүгээр асуултанд хариулахад Тэнхлэгийн тохиргоо алдагдсан, дохионы, дугаарын гэрлүүд асахгүй, дуут дохио ажиллахгүй байгаа эвдрэл гэмтэл нь осолд ямар байдлаар хэрхэн нөлөөлөхийг тогтоох боломжгүй байна. 4.Тавдугаар асуултанд хариулахад Тус автомашин нь шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй. Тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд тоормосны аппарат, дугуйнуудад байрлах хавчигч болон тэлэгч поршингууд, шингэн дамжуулах хоолойнуудын /труп/ битүүмж сайн ажиллагаа хэвийн байлаа. 5.Зургаадугаар асуултанд хариулахад Шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй автомашин тоормос гишгэх үед тоормосны мөр зам дээр үүснэ” гэжээ /хх-27-28/,
Иргэний хариуцагч Г.Т-: “1720 УНД улсын дугаартай Т.Витз маркийн автомашиныг би 2017 оны 01 дүгээр сард хүнээс худалдаж аваад нэр шилжүүлээгүй шууд “Нэт капитал” ББСБ-аас зээл авах гээд барьцаанд тавьсан юм. Би энэ машиныг хүү Т.Болд-Эрдэнэдээ авч өгсөн. Ослын талаар мэдэх зүйл байхгүй. Миний зүгээс хохирогчтой холбоотой зардлыг бүрэн хариуцна” гэх мэдүүлэг /хх-72-73/,
Мөрдөгчийн 2018.01.28-ны өдрийн 17 дугаар магадлагаанд: “1.Т.Э-нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц уруу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч З.Хургаа дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэжээ /хх-20/,
Шүүгдэгч Т.Б-яллагдагчаар өгсөн: “Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр би өөрийн эзэмшилийн 17-20 УНД улсын дугаартай машиныг жолоодоод Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо автобусны буудлын урд зам дээр 40 орчим км цагийн хурдтай явж байгаад гарцаар гарч явсан хөгшин эмээг машиныхаа урд буферээр эмээгийн баруун хөл рүү мөргөж унагасан. Тэгээд би өөрөө цагдаа, эмнэлэг дуудсан. Харагдах орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун цасгүй, гулгаатай байсан. Өглөө утаатай мөн хажууд автомашин явж байсан болохоор халхлагдсан. ...гарц руу дөхөж ирээд ...хурдаа хасаагүй” гэх мэдүүлэг /хх-64-66/,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-8/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-11/, хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх-49/, эд мөрийн баримт хураан авах тухай /хх-67/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-69/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-70/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирогчийн “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлт, шүүгдэгчийн хорооны тодорхойлолтыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Э-нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 06 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны автобусны буудлын замд “Toyota Vitz” маркийн 17-20 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч З.Х.мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Дээрх байдал нь хохирогч З.Х- “...Зам хөндлөн явган хүний гэрлэн дохиогүй гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш гарцаар алхаад гарч явтал урдаас хойш чиглэлтэй шаргалдуу өнгийн суудлын автомашин ирээд миний баруун талын ташаа уруу мөргөөд унагасан. Би ухаан алдчихсан...” гэх мэдүүлэг /хх-18/, шүүгдэгч Т.Б-“...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо автобусны буудлын урд зам дээр 40 орчим км цагийн хурдтай явж байгаад гарцаар гарч явсан хөгшин эмээг машиныхаа урд буферээр баруун хөл рүү мөргөж унагасан. Тэгээд би өрөө цагдаа, эмнэлэг дуудсан..” гэх мэдүүлэг /хх-66/ болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Т.Э-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч З.Х- эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Эмчилгээний зардал болох 3.358.000 төгрөгийн хохирлыг барагдуулж, гомдол хохиролгүй болгосон нь үнэн болно” гэх хүсэлт /хх-49/-ийг үндэслэн шүүгдэгч Т.Э-бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Т.Э-гэм буруу дээр маргаагүй, оюутан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирлыг нөхөн төлснийг харгалзан 450000 төгрөгөөр торгож, 3 сарын хугацаанд хэсэглэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, /явган хүний гарц дээр явган зорчигчийг мөргөсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзэн шүүгдэгч Т.Б-450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Э-урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Т.Б-ийн В ангиллын жолоочийн 1118579 дүгээр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А овогт Т-ын Б-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Э-торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Э-урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, В ангиллын жолоочийн 1118579 дүгээр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Т.Б-буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Б-авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР