Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/389

 

 

 

 

 

      2024           03          28                                            2024/ДШМ/389

 

Б.Б-д  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Мөнхболд,

хохирогч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.О ,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/109 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2309023892835 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б, ....тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:..../;

 

Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс хойш "..." ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “...” хүргэлтийн компанид хүргэгчээр ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын итгэмжлэн хариуцуулж өгсөн Ши да 1 загварын 2 ширхэг мопед, Виво Х35 загварын 1 ширхэг гар утсыг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 4.636.190 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгээс 2.556.190 төгрөг гаргуулж хохирогч "..." ХХК-нд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад оногдуулсан шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж байна. Би ажлын шаардлагаар Төв аймаг, Улаанбаатар хот, Тэрэлж амралтын газрын барилгуудад томилогдон ажилладаг. Энэ ажилдаа үлдсэнээр хохирогч Т.О д хохирлыг нь барагдуулах боломжтой. Миний зорчих эрхийг ажлын маань хүрээнд томруулж өгнө үү.” гэв.

 

Хохирогч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.О  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ямар шалтгаанаар давж заалдах гомдол гаргасныг саяхан мэдсэн. Хэлэх тайлбаргүй.” гэв.

 

Прокурор Э.Мөнхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн зүгээс Төв аймаг, Тэрэлж амралтын газрын нутаг дэвсгэрт зорчих талаараа холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь ялын зорилгод нийцсэн гэж үзэж байна. Дээрх газруудад зорчих зайлшгүй шаардлагатай талаар нотлох баримтыг гаргаж өгсөн бол харгалзан үзэх боломжтой байсан гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О  нь “...би компанийн мопедийг ломбардад 1.500.000 төгрөгөөр тавьсан байгаа би ажлаа хийж байгаад хохирлоо барагдуулна гэх зүйлсийг ярихад нь боломж олгож тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаагүй дахин шинэ мопед хүлээлгэж өгсөн. Манай байгууллагын анхны ажилтнуудын нэг болохоор Базархүүд би итгэл хүлээлгэж 2 удаа GPS-гүй мопед цоо шинээр нь хүлээлгэж өгч байсан мөн байгууллагын зүгээс Б-д 1.500.000 төгрөгийн үнэ бүхий Виво Икс 35 загварын утсыг ажлын шугамаар ашигла гэж өгч байсан бас аваад явсан...” /хх 24-25/

 

Б.Бгийн гэрчээр “...манай хоёр захирал чи дахиад нэг мопед аваад ажлаа үргэлжлүүлээд хий ломбардад байгаа мопедоо сар болгоны цалингаасаа төлөөд мопедоо авчраарай гэж хэлсэн.Тэгээд манай Өвөрмонгол захирал намайг утасгүй байгаа гэдгийг мэдээд надад Виво икс 35 загварын хар өнгийн утас ажилдаа ашигла гэж өгсөн. Тэгээд сүүлд авсан мопедоо ломбардад 1.800.000 төгрөгөөр Баянгол дүүргийн эмнэлгийн урд байдаг Хүрд нэртэй ломбардад тавьсан тэгээд би мөнгөө арилжаанд оруулсан боловч уг мөнгөө алдчихсан энэ талаараа захирал нартаа огт хэлээгүй...” /хх 35/,

Б.Бгийн яллагдагчаар “...Би 2023 оны 8 дугаар сарын дундуур барьцаанд тавьсан байсан нэг мопедыг ОК ОК делевири ХХК-д буцаан өгсөн. Одоо нэг мопед, нэг гар утас өгөх дутуу байгаа. ...” /хх 32, 35/,

хөдөлмөрийн гэрээ /хх 10/,

эд хөрөнгө хүлээлцэх акт /хх 7/,

дамно хөрөнгийн үнэлгээ /хх 29/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс хойш "..." ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “...” хүргэлтийн компанид хүргэгчээр ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын итгэмжлэн хариуцуулж өгсөн Ши да 1 загварын 2 ширхэг мопедыг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан, Виво Х35 загварын 1 ширхэг гар утсыг завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 4.636.190 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Итгэмжлэн хариуцсан этгээд гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн өмчийг албан тушаалын хувьд хариуцсан, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

 

Хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс үзэхэд, Б.Б нь 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс хойш "..." ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “...” хүргэлтийн компанид хүргэгчээр ажиллахдаа хөдөлмөрийн гэрээнд заагдсан ажил үүргийг гүйцэтгэж, үүнийхээ хариуд цалин хөлс авч байсан нь тогтоогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бгийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн "..." ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 4.636.190 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, зүйлчлэл тохирсон байх бөгөөд түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Б.Б-д  оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг түүний оршин сууж буй Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

 

Тодруулбал, шүүхээс оногдуулж буй ял нь түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд Б.Бгийн боломж бололцоо, хүсэл сонирхолд нийцүүлэн зорчих эрх хязгаарлах ялын хүрээ хязгаарыг өргөтгөн тогтоох хууль зүйн үндэслэлгүй.

 

Шүүгдэгч Б.Б нь давж заалдах гомдолдоо дурдсанчлан ажлын шаардлагаар Улаанбаатар хот, Тэрэлж амралтын газруудад барилгын ажил хийдэг гэх баримт хэрэгт байхгүй байна.

 

Иймд “...зорчих эрх хязгаарлах ялын нутаг дэвсгэрийн хэмжээг тэлж өгнө үү...” гэх шүүгдэгч Б.Бгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН