| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 102/2020/03728/И |
| Дугаар | 210/МА2021/01358 |
| Огноо | 2021-09-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2021/01358
М.Бын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2021/01306 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Бын хариуцагч ГКПББСБ-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 33 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наранбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л.Н нь М.Ундралтай хамтран 2013 оны 10 сарын 08-ны өдөр ГКПББСБ-аас 35 000 000 төгрөг зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгчийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Барьцааны гэрээний хавсралтад гуравдагч этгээдийн эрх ашиг байхгүй гэж тэмдэглэгдсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч зээл аваагүй байхад эрх ашиг хөндөгдөнө. Барьцааны гэрээг байгуулах үед нэхэмжлэгч 15 нас 3 сартай, Иргэний хуулийн 16 дугаар зүйлд заасан эрх зүйн бүрэн бус чадамжтай насанд хүрээгүй байсан. Гэтэл гэр бүлийн дундын өмч болох орон сууцыг хамтран өмчлөгчийн саналыг авахгүйгээр Л.Н, “Газар Партнерс” ББСБ ХХК зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсонд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь уг зээлийг аваагүй, барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, банк бус санхүүгийн байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг анхаарч үзээгүй, санал хүсэлт аваагүй. Нэхэмжлэгчийн эх Л.Н нь уг зээлийг ашиглаагүй байдаг. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01190 дугаар шүүхийн шийдвэрээр Л.Н, М.Унараас зээл 35 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 24 406 018 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 895 683 төгрөг нийт 64 301 701 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид 479 551 төгрөг гаргуулах, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох дээрх орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Л.Нгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа хуулийн дээрх зүйл заалтыг хянаж үзээгүй, хариуцагчид эвлэрэх эрх олгогдсон эсэхийг хянаж үзэлгүйгээр шийдвэр гаргасны улмаас төлөөлүүлэгч нь гэр бүлийн бусад гишүүдийн үйл ажиллагаатай холбогдсон үүргийг өөрийн хуваарьт эд хөрөнгөөр хариуцах эрсдэл үүссэн байна. Иймд дээрх зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийг батлан даах гэрээтэй холбоотой маргааны явцад хариуцагч ГКПББСБ нь төлөөлүүлэгчийн эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу шаардах эрхтэй.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Дамно” ХХК-аар үнэлгээ хийлгэхэд орон сууцыг 67 000 000 төгрөгөөр үнэлсэн ба 2018 оны 08 сарын 31-ний өдөр анхны дуудлага худалдаа, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хоёр дах дуудлага худалдаа зохион байгуулж, орон сууцыг 33 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан. ГКП ББСБбарьцааны гэрээ байгуулахдаа орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарын судалгааг дутуу хийсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь өв нээгдсэн, мөн төрөөс хувьчлагдаж ирсэн дундын өмч боловч 3 хүний хуваарьт хөрөнгө болохыг тогтоогоогүй. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.3 дах заалтыг зөрчиж барьцааны гэрээ байгуулсан. Хуваарьт хөрөнгө өмчлөгч нь насанд хүрээгүй хүүхэд байхад Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу түүний эд хөрөнгө өмчлөх болон өвлөхтэй холбоотой эрх, Иргэний хуульд заасан эрхийг эдлүүлэлгүй, насанд хүрээгүй гэдгээр үл хайхарч, ялгаварлан хуваарьт хөрөнгийг зөвшөөрөлгүй бизнесийн арилжаанд оруулсан. Барьцааны гэрээний зүйл болох орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн цорын ганц хөрөнгө болохыг барьцаалагч мэдсээр байж Иргэний хуулийн 190 дугаар зүйлийн 190.3 дах заалтыг зөрчиж хэлцэл хийсэн нь өмчлөгчийн эрхийг зөрчсөн. ГКП ББСБнь Баянгол, Хан- Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хамтран зээлдэгч болон барьцааны гэрээний зүйлийн хуваарьт хөрөнгө өмчлөгч М.Ундрал, М.Б нарыг хариуцагч болон гуравдагч этгээдээр татаж оролцуулаагүйн улмаас эрх нь зөрчигдсөөр байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3, 11, 14, Арван есдүгээр зүйлийн 4.1,8, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д заасны дагуу эрхээ хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар ГКПББСБ-аас нэхэмжлэгчийн хуваарьт өмчид ногдох хөрөнгө 33 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ байгуулах үед Б.Б насанд хүрээгүй байсан тул түүний хууль ёсны асран хамгаалагч болох эх Л.Н нь гэрээнд гарын үсэг зурсан. Уг орон сууц өөр хүний нэр дээр шилжсэн, худалдан борлуулагдсан зүйл болоогүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хариуцагчийн өмчлөлд шилжээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдахад Б.У насанд хүрсэн байсан. Шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тус шүүх хуралдаанд Б.У оролцоогүй, Б.Уыг байхгүй байхад Л.Нгийн зөвшөөрлийг баталсан. Тиймээс Б.Уын эрх ашиг зөрчигдсөн гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Ч.Цэдэнбалын дүгнэлтэд: Насанд хүрээгүй хүүхдийн хөрөнгийг захиран зарцуулсан байна. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан ГКПББСБ-аас гэм хорын хохиролд 33 000 000 /гучин гурван сая/ төгрөг гаргуулах тухай М.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч М.Бын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохойрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэлцлийн дагуу барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр барагдуулахыг зөвхөн хариуцагч Л.Н зөвшөөрсөн үйлдэлд дүгнэлт хийгээгүй. Орон сууцыг худалдан борлуулж төлбөрийг барагдуулахыг зөвшөөрсөн хэлцэлд өмчлөгч М.Уоролцоогүй, ямар нэг зөвшөөрөл өгөөгүй байхад зөвхөн Л.Нгийн зөвшөөрлөөр орон сууцыг худалдан борлуулах замаар төлбөр барагдуулах нөхцөлд хүргэсэн. Тухайн үед 18 нас дөнгөж хүрч байсан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсныг шүүх харгалзаж үзээгүй, дүгнэлт хийгээгүй. Иймд шүүх Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.1, 8.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл авч байгаагүй, мөн барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэж байх хугацаанд хариуцагчид төлөөлөх эрх олгоогүй байхад Баянгол, Хан-Уул, Сонгинохойрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн. Иймд Иргэний хуулийн 106.1, 497.1-т заасны дагуу хариуцагчаас миний хуваарьт өмчид ногдох 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч М.Б хариуцагч ГКПББСБ-д холбогдуулан гэм хорын хохиролд 33 000 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “зээлийн болон барьцааны гэрээг байгуулах үед нэхэмжлэгчийг төлөөлж эх Л.Н нь гэрээнд гарын үсэг зурсан гэрээ хүчин төгөлдөр, орон сууц одоогоор худалдан борлогдоогүй, өмчлөх эрх нь өөр этгээдэд шилжээгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа” гэж маргасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байх ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж шийдвэрлэжээ.
Л.Н, М.Унар 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-аас 35 000 000 төгрөг сард 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Л.Н, М.Ул, М.Б нарын өмчлөлийн ...29 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалжээ. Тэрээр барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/01190 дугаартай шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. /хх13-18, 42-53/
Орон сууцны өмчлөгчөөр Л.Н, М.У, М.Б нар улсын бүртгэлд бүртгэлтэй байх ба тэдгээрийн орон сууцны эзэмшил, ашиглалтыг төлбөр авагч буюу хариуцагчид шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй. /хх 28/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн зохицуулалтаас үзэхэд хариуцагчийн хууль бус үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан, уг үйлдэл тогтоогдсон байх ёстой, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээр дурьдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн “барьцааны гэрээ байгуулахдаа насанд хүрээгүй этгээдийн эрхийг зөрчсөнөөс гэр бүлийн бусад гишүүдийн үүргийг өөрийн хуваарьт хөрөнгөөр хариуцах эрсдэл үүссэн” гэх гомдол үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүх орон сууц барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
“Газаркапитал партнерс ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн нийт 64 318 201 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг Л.Н хүлээн зөвшөөрснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/01190 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн Л.Нгийн үйлдэлд шүүхийн зүгээс дүгнэлт хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд М.Ундралыг оролцуулаагүй, хариуцагчаас зээл аваагүй, гэрээнд гарын үсэг зураагүй, хариуцагчид төлөөлөх эрх олгоогүй байхад шүүх Л.Нгийн зөвшөөрлийг баталсан захирамж гаргасан гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй. Иргэдийн төлөөлөгч “насанд хүрээгүй хүүхдийн хөрөнгийг захиран зарцуулсан байна, нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт өгсөн байх боловч анхан шатны шүүхийн шийдлийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2021/01306 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
А.МӨНХЗУЛ