| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/00224/И |
| Дугаар | 312/ШШ2025/00566 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 312/ШШ2025/00566
2025 04 02 312/ШШ2025/00566
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* тоотод байрлах, “******* ******* *******” ХХК *******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, ******* сум, баг тоотод оршин суух, нар овогт ,-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “4,434,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч
Хариуцагч Ч.
Хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь шүүхэд хариуцагч Ч.д холбогдуулан “шинжээчээр ажилласны хөлс болон алдангид 4,434,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон бөгөөд тэрээр шаардах эрхийн үндэслэлээ “…миний бие нь Орхон аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн дугаарт хэрэгт санхүүгийн шинжээчээр томилогдсон. Мөрдөгч нь ажлын хөлсөө Ч.тай тохиролцож аваарай гэж хэлсэн. Үүний дагуу Ч.тай 2023.10.10-ны өдөр Ш/23/10/10 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулан нийт 8 сая төгрөгийн ажлын хөлснөөс 5,000,000 төгрөг урьдчилгаанд авч үлдэгдэл 3,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэсний дараа төлөхөөр харилцан тохиролцож, Ч.гаас , , нарын харилцах дансанд хичнээн төгрөг шилжүүлсэн, хичнээн төгрөг эргэн төлсөн эсэхийг тогтоож шинжээчээр ажилласан. Үүнээс гадна Ч. нь дансны хуулгыг төрөлжүүлсэн байдлаар түүвэрлэж өгөхийг хүссэн учир нэмэлтээр шатахуун, сэлбэг, Тамир болон Тамирын ах, ахных хүүхэд, гээд нийт 4 хүний дансны хуулгыг цаасан хэлбэрээр түүвэрлүүлсэн. Хөрөнгийн шинжээч нь эрх үүргийнхээ дагуу хөндлөнгийн шинжээчийг экспертээр татан оролцуулах эрхтэй байдаг. Тэр эрхийнхээ дагуу МУИС-ийн нягтлан бодох тэнхимийн багш, мэргэшсэн үнэлгээчин, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, аудитор Баасандорж шинжээчийг татан оролцуулсан. Түүнд би хийсэн бүх ажлаа өгсөн, шинжээч нь үүнийг давхар шалгаж гарын үсгээ зурж, надад тусгай зөвшөөрлөө хуулбарлаж өгсөн. Үлдэгдэл 3,000,000 төгрөгийг авахын тулд эхний гэрээний үргэлжлэл болгож сүүлд нэмэлтээр гэрээ байгуулсан ба уг гэрээнд энэ байдлаа хараар тодруулж бичсэн. Ч. нь аас авлага авсны дараа үлдэгдэл төлбөрийг төлнө гэсэн хариуг өгч 2024.02.20-ноос хойш өдийг хүртэл төлөөгүй тул Ч.гаас шинжээчийн ажлын хөлсний үлдэгдэл 3,000,000 төгрөгийг 2 талын харилцан тохиролцсон гэрээний дагуу хоног тутмын 0,2 хувиар, 239 хоногоор тооцоолж нийт 4,434,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарладаг.
4. Хариуцагч Ч., түүний өмгөөлөгч О.Сарантуул нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцдэг бөгөөд тэд татгалзлын үндэслэлээ “...Би д ажлын хөлс өндөр байна, хоёулаа 5,000,000 төгрөгөөр тохирье гэж хэлэхэд за гээд гэрээн дээрээ 8,000,000 төгрөг гэж бичсэн байсныг балаар 5,000,000 төгрөг гэж бичсэн. нь бид хоёрын дунд болж байгаа асуудал юм чинь гэрээг дахин хэвлэх хэрэггүй ингээд тодруулаад бичихэд болно гэсэн. Ажлын хөлс 5,000,000 төгрөгийг 2 хувааж төлсөн. Би сүүлд байгуулсан гэрээнд яагаад гарын үсэг зурсан бэ гэхээр, нь Цагдаагийн байгууллага руу шинжээчийн дүгнэлтийг явуулахаар бэлэн болсон, гэрээнд гарын үсэг зураад өгчих юм бол дүгнэлтийг өгнө гэж хэлсэн учир гарын үсэг зурсан. Ч. нь хувь хүнийхээ хувиар санхүүгийн шинжээч томилуулаагүй, Цагдаагийн байгууллага шинжээчийг томилсон. Эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон хүн шинжээчийн хөлсийг төлөх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд 2 гэрээг өгсөн, энэ хоёр гэрээний нэг хувийг Ч.д өгөөгүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д “Бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ”, 42.8-д “Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно” гэж заасан. Ажлын хөлсийг 8,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж байгаа бол Иргэний хуулийн 42.7-д заасан шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл энэ шаардлагыг хангаагүй учир ажлын хөлсийг 8,000,000 төгрөгөөр тохиролцоод үлдэгдэл 3,000,000 төгрөгийг дараа өгөхөөр болсон гэж үзэх боломжгүй. Хариуцагч нь тохиролцсоны дагуу шинжээчийн төлбөрийг төлж дуусгасан тул үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөг, хоног тутмын 0,2 хувиар тооцож 1,434,000 төгрөг нийт 4,434,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Мөн тусгай зөвшөөрөл авсан, эрх бүхий этгээд нь шинжээчийн дүгнэлт гаргах ёстой байдаг. Ц.Отгонцагаан шинжээч нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, харин санхүүгийн шинжээчээр ажиллах тусгай зөвшөөрөл байхгүй байсан. Үнэлгээний тайланг харахаар Баасандорж гэдэг хүний дүгнэлтийг ирүүлсэн байсан. Эрүүгийн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг шаардлага хангахгүй гэж үзэх юм бол хариуцагчид хохиролтой. Ажлын хөлсийг юуг үндэслэж гаргасан талаараа хууль, журмын дагуу тайлбарлаж өгөөгүй, мөн талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7, 42.8-д заасан шаардлагыг хангаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй...” гэж тайлбарладаг.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
I. Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоор хэрэг бүртгэлтийн /Цагдаагийн газраас ирүүлсэн албан бичигт гэсэн байх тул цаашид гэх/ дугаартай хэрэгт эдийн засгийн шинжилгээ хийлгэх шинжээчээр “******* ******* *******” ХХК-ийг томилжээ.
II. Дээрх мөрдөгчийн тогтоолын дагуу нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК /гүйцэтгэгч гэх/-ийг төлөөлж гүйцэтгэх захирал хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийн хохирогч болох хариуцагч Ч. /захиалагч гэх/-тай 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ш/23/10/10 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г бичгээр байгуулж, тус гэрээгээр “******* ******* *******” ХХК нь санхүүгийн шинжээчээр ажиллаж, мөрдөгчийн тогтоолд дурдсан асуултад хариулж дүгнэлт гарган Цагдаагийн байгууллагад хүргүүлэх үүргийг, Ч. нь ажлын төлбөрт 8,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
III. Мөн нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК болон хариуцагч Ч. нар нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэсэн огноотой, Ш/23/10/10 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г дахин байгуулсан байх ба, тус гэрээгээр хариуцагч Ч. /захиалагч/ ажлын хөлсний үлдэгдэл 3,000,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлөх үүргийг хүлээсэн байна.
6. Талууд дээрх үйл баримтуудаас төлөх хөлсний хэмжээнээс бусад үйл баримтын талаар маргаагүй бөгөөд тухайн маргаантай харилцаа ямар гэрээнээс үүдэлтэй болох, гэрээ хийгдсэн гэж үзэх эсэх, гэрээгээр ажлын хөлсийг хэдээр тохиролцсон /нэхэмжлэгчийн төлөөлөгч 8,000,000 төгрөг гэж, хариуцагч тал 5,000,000 төгрөг гэж/ эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
7. Дээрх бүгдээс үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нар нь мөрдөгчийн тогтоолын дагуу хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт санхүүгийн шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргах, үүнтэй холбоотой хөлс төлөх талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж, хэлцлийн гол нөхцөл /гүйцэтгэх ажил, ажлын үр дүн, үүрэг гүйцэтгэх хугацаа, төлөх хөлсний хэмжээ, хөлс төлөх хугацаа, хүлээх үүрэг г.м/-ийн талаар хэлэлцэн тохиролцож, гэрээг бичгээр байгуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байна. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дээрх гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
8. Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч “...Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн. Хоёр гэрээний нэг хувийг Ч.д өгөөгүй. Иргэний хуулийн 42.7-д “Бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ” гэж заасан шаардлагыг хангаагүй...” гэж тайлбарладаг боловч энэ нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Үүнд:
1. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж, 43 дугаар зүйлийн 43.2-т “Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ”, 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” гэж тус тус зааснаар талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан байх тул гэрээний нэг хувийг хариуцагч Ч.д өгөөгүй гэх үндэслэлээр дээрх гэрээг үгүйсгэх буюу талуудын хооронд хэлцэл хийгдээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
2. Хөлсөөр ажиллах гэрээ нь ажлын үр дүн шаарддаггүй гэрээ байдаг. Харин ажил гүйцэтгэх гэрээний гол зүйл нь захиалагчийн даалгавраар ажил гүйцэтгэгч нь аливаа ажлын үр дүнг шинээр бий болгон хүлээлгэн өгөх үндсэн үүрэгтэйгээс гадна захиалагч нь тухайн ажлын үр дүнг бий болгох үйл явц буюу ажил гүйцэтгэгчид зохих дэмжлэг үзүүлэх дагалдах эрх, үүргийг үүсгэдэг бөгөөд гүйцэтгэгч “******* ******* *******” ХХК нь захиалагч Ч.гийн болон бусад этгээдүүдийн харилцах дансны хуулга /цаасан болон файл хэлбэртэй/-д түүвэрлэлт хийж, энэ ажиллагаанд хариуцагч Ч. нь дансны хуулгаа гаргаж өгөх, үүнтэй холбоотой нэмэлт тодруулга очиж өгөх зэргээр дэмжлэг үзүүлж байсан нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй.
9. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн хувьд шинжээчээр ажиллан дүгнэлтээ Орхон аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэх /2024.02 сард/ үүргээ биелүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба хариуцагч Ч.гийн хувьд ажлын хөлсөнд 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байдаг.
10. Талуудын хооронд эхний удаа буюу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Ш/23/10/10 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 4.2-т “Ажлын төлбөрийг 8,000,000 (найман сая) төгрөг байхаар тохиролцов. Үүнд НӨАТ ороогүй болно” гэж бичсэний дор гараар “ 5 сая” гэж бичсэн байгааг нэхэмжлэгчийн төлөөлөгч “…Эхний ээлжинд урьдчилгаанд 5,000,000 төгрөгийг өгсөн гэдгийг тэгж бичсэн...” гэж, харин хариуцагч “...би шинжээчтэй очиж уулзаад ажлын хөлс өндөр байна хоёулаа 5,000,000 төгрөгөөр тохирье гэж хэлэхэд за гээд гэрээн дээрээ 8,000,000 төгрөг гэж бичсэн байсныг нэмэлтээр балаар 5,000,000 төгрөг гэж бичсэн...” гэж тус тус тайлбарладаг.
11. Гэвч талуудын хооронд дахин 2023 оны 10 дугаар сарын 10 гэсэн огноотой, Ш/23/10/10 дугаартай байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-нээс харахад тус гэрээний 2.3-т “Захиалагч нь тус ажил гүйцэтгэх гэрээнд 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 23/10/10 тоот гэрээгээр тохиролцсон 8 сая төгрөгөөс 5 сая төгрөгийг төлж үлдэгдэл 3 сая төгрөгийг дараа төлөх нөхцөлөөр хийсэн бөгөөд нэмэлтээр 2024 оны 02 сарын 20-ны өдөр хийгдсэн гэрээнд тус үлдэгдэл төлбөрийг 1 сарын хугацаагаар хойшлуулав” гэж, 4.1-д “Гүйцэтгэгч гэрээт ажлыг гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн 2024 оны 02 сарын 20-ноос 2024 оны 03 сарын 20-ныг хүртэлх хоногийн хугацаанд төлбөрийн үлдэгдэл төлөх нөхцөлийг хойшлуулав” гэж, 5.4-т “Төлбөрийн үлдэгдэл болох 3 сая төгрөгийг 1 сарын хугацаатай сунгав. Хэрэв гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөгдөөгүй тохиолдолд шүүхийн байгууллагад хандах болно” гэж тус тус харилцан тохиролцсон байгаагаас үзэхэд талууд тус ажил гүйцэтгэх гэрээг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнээс гадна тус гэрээгээр талууд ажлын хөлсний үлдэгдэл нь 3,000,000 төгрөг байгаа талаар тодорхой тусгаж, энэхүү үлдэгдэл хөлсийг төлөх хугацааг 1 сараар сунгаж 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай.
13. Хариуцагч Ч. нь “...Би сүүлд байгуулсан гэрээнд яагаад гарын үсэг зурсан бэ гэхээр, нь Цагдаагийн байгууллага руу шинжээчийн дүгнэлтийг явуулахаар бэлэн болсон, гэрээнд гарын үсэг зураад өгчих юм бол дүгнэлтийг өгнө гэж хэлсэн учир гарын үсэг зурсан. Гэрээний нэг хувийг надад өгөөгүй...” гэж тайлбарладаг боловч энэ үндэслэлээр гэрээгээр тохирсон хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүйгээс гадна талуудын хооронд хийгдсэн дээрх хэлцлийг хүч хэрэглэж буюу талуудын тайлбарлаж буйгаар тулган шаардсаны улмаас хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
14. Түүнээс гадна хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт эдийн засгийн шинжилгээ хийх шинжээчээр ажиллаж гаргасан “Дүгнэлт”-ийн хүчин төгөлдөр байдлын талаар энэ шүүх хуралдаанаар буюу энэ хэрэгт дүгнэх боломжгүйг дурдах нь зүйтэй.
15. Харин хариуцагч Ч. нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хэлэлцэн тохиролцсон хөлснөөс 3,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь хэлэлцэн тохиролцсон хөлс 3,000,000 төгрөгөө төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.
16. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус зааснаас гадна талуудын хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 4.4-т “Захиалагч ажлын төлбөрийг гэрээний хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,2 хувиар тооцон алданги төлнө” гэж талууд харилцан тохиролцсон байна.
17. Хууль болон гэрээнд ийнхүү зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч Ч.гаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алдангийг шаардах эрхтэй байна.
18. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч Ч.г гэрээнд заасан үүргээ 239 хоног хэтрүүлсэн гэж алдангид нийт 1,434,000 /3,000,000х0,2%=6000 ₮, энэ нь 1 өдрийн алданги/ төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч Ч. нь ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс ажлын хөлс 3,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй байх тул үүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцоход 314 хоног хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Энэхүү 314 хоногт алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх ба нэхэмжлэгч нь хуульд зааснаар гүйцэтгээгүй үүрэг 3,000,000 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алдангид 1,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй боловч тэрээр алдангид 1,434,000 төгрөгийг нэхэмжилсэн, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ.
19. Иймд дээрх бүгд үндэслэлүүдээр хариуцагч Ч.гаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт буюу ажлын хөлс 3,000,000 төгрөг, алданги 1,434,000 төгрөг, нийт 4,434,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
20. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хуульд зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,894 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.гаас улсын тэмдэгтийн хураамжид 85,894 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.гаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,434,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,894 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.гаас улсын тэмдэгтийн хураамжид 85,894 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 10 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА