Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01357

 

 

 

 

 

                               ХШ ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2021/01185 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХШ ХХК-ийн хариуцагч НШШГт холбогдуулан гаргасан үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 2371 дугаар шийдвэрээр “Хайрхан ойл” ХХК-аас 2 824 857 023 төгрөг гаргуулж “Чингис хаан банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.Бшийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байсан боловч харьяаллын бус Сүхбаатар дүүргийн 152 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Мядагбадам шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удирдан явуулж барьцаа хөрөнгө болох .......... 24 806 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ............ 23 400 м.кв агуулахын зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 4 761 445 380 төгрөгөөр үнэлүүлсэн талаар 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн албан мэдэгдлийг 10 дугаар сарын 30-ны өдөр шуудангаар ирүүлсэн. Барьцааны хөрөнгийг зах зээлийн үнээс хэд дахин багаар үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7- д заасны дагуу гомдол гаргаж байна.

Мөн 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах байтал 152 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч оролцож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дах заалтыг зөрчсөн. Шинжээч “20 тоннын багтаамжтай 20 ширхэгтэй, түлш агуулах савыг хэрхэн үнэлсэн тухайгаа бичээгүй, контор, агуулах, граж гэх объектоос тусд нь үнэлээгүй, энэ талаар дүгнэлтэд тусгаагүй. Үл хөдлөх хөрөнгө нь бензин шатах материал хадгалах зориулалттай агуулах гэдэг талаас нь авч үзэлгүй зөвхөн үл хөдлөх хөрөнгө гэдэг утгаар үнэлсэн. Нийт 20 тн 20 ширхэг агуулахын төмөр сав байдаг бөгөөд бензин түлш хадгалж, тараах зориулалттай савнуудыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй. Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/Ш32018/10670 дугаар захирамжаар төлбөр төлөгч “Хайрхан ойл” ХХК-аас 2 824 857 023 төгрөгийг гаргуулж “Чингис хаан банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “Хайрхан ойл” ХХК-д 2020 оны 2028097/156, 20280197/2, 20280197/07 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 20280197/03 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 20280197/06 дугаартай хураах тогтоолоор хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 4 761 445 380 төгрөгөөр тогтоосон. Иймд мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4-152/38503 дугаартай мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн. Үнэлгээ хуульд заасны дагуу хийгдсэн. Иргэний хуулийн 177 зүйлд заасны дагуу талуудад үнийн саналыг мэдэгдсэн боловч талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилсон. Үнэлгээний  тайланд нэмэлт агуулах савыг үнэлүүлсэн. Мөн 150 тойргийн шийдвэр гүйцэтгэгч ажлаас чөлөөлөгдсөн тул 152 тойргийн шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулсан.  Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар НШШГт холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02371 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гарьдын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудад үнийн санал өгөхийг мэдэгдэхэд харилцан тохиролцож үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 4 761 445 380 төгрөгөөр тогтоож, мөн хуулийн 55.1-д заасны дагуу үнэлгээний талаар талуудад мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Сүхбаатар дүүргийн 150-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Г.Б өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн тул шийдвэр гүйцэтгэгч томилогдох хүртэл хугацаанд бүртгэлийн 20280204 дугаар баримт бичигт Сүхбаатар дүүргийн 152-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.М шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/18 дугаартай даалгавраар даалгасан. Эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дах хасагт заасны дагуу 7 хоногийн дотор гаргах байсан боловч 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдэл хүлээн авснаас хойш 47 хоногийн дараа гаргасан нь хуулийн хугацаа хэтрүүлсэн байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч ХШ ХХК хариуцагч НШШГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 181/ШШ2019/02371 дугаар шийдвэрээр “Х” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 2 810 575 993 төгрөг гаргуулан, “Ч банк” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг ХШ ХХК-ийн өмчлөлийн ....... 24 806 м.кв талбайтай үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ....... 23 400 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэргээр хангуулахаар шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсэгт зааснаар заавал биелэгдэх зарчимтай. /хх27-31/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 44, 46, 48, 49, 54, 55, 62 дугаар зүйлд зааснаар Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх, зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяаллыг тогтоох, гүйцэтгэх баримт бичгийг гүйцэтгэхийг хойшлуулах, ажиллагааг түдгэлзүүлэх, шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах, хөрөнгийн талаар мэдүүлэг гаргуулах, орон байранд нэвтрэх, үзлэг хийх, төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хөрөнгө хураах, хөрөнгө үнэлэх, төлбөрийг албадан худалдан борлуулах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэх журамтай.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан дээрх журмын дагуу явуулаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна гэж заасан. Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаагүй, уг ажиллагааг аль тойргийн хэн гэдэг шийдвэр гүйцэтгэгчид хуваарилсан болох нь тодорхой бус байна.

Тухайлбал, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 150-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнх-Отгон, У.Билэгтмаа, 152-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Мядагбадам гэсэн өөр өөр шийдвэр гүйцэтгэгчид явуулсан байгаа нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг зөрчсөн байна. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4 дэх хэсэгт төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэхийн өмнө шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчид түүний эрх, үүргийг тайлбарлаж өгнө гэж заасан.

Хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хураах ажиллагааг явуулахдаа хөндлөнгийн гэрчүүдэд хуульд заасан эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй байх тул эд хөрөнгө хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэхгүй.  /хх49-52/

Мөн С.Тунбаярт шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрх олгоогүй байхад барьцаа хөрөнгө хураах, үнийн санал өгөх талаар мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.4, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. /хх47, 49-52, 149/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй тохиолдолд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан байхад дан ганц барьцаат хөрөнгийн өмчлөгчийн хүсэлтийг үндэслэн шинжээч  томилсон нь буруу.  /хх57/

Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байна. Шинжээч “20 тн 21 ширхэг агуулахын төмөр савыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, дүгнэлт хийгээгүй” гэх нэхэмжлэгчийн гомдлын шаардлага үндэслэлтэй.

Хэргийн 106-141 дүгээр тал дах “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд 48 тн 21 ширхэг түлшний савыг үнэлэхдээ хэрхэн, ямар аргачлалаар харьцуулалт хийсэн нь тодорхойгүй байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн эсэх нь ач холбогдолгүй, энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2021/01185 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.ОТГОНЦЭЦЭГ

                                        ШҮҮГЧИД                                Д.БАЙГАЛМАА

                                                                                         А.МӨНХЗУЛ