Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 116/ШШ2025/0038

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням би, Дорнод аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх ******* дүгнэлттэй, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч ******* холбогдуулан гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0773258 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх ******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч ******* 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр холбогдогч ******* шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу” гэснийг “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу” гэж өөрчлөхийг эрх бүхий албан тушаалтанд даалгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...би 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн ******* хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох байсан. Гэвч Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн мөнгөн дүнг 20,000 төгрөгөөр торгосон байна. Тухайн шийдвэрлэлтийг өөрийн хайхрамжгүй байдлаас болж буруу гаргасан байна. Иймд тухайн зөрчлийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Цаашид гарах үр дагаварыг бүрэн ойлгосон гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дорнод аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх ******* нь ...******* нь 16 насанд хүрснээс хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх журам зөрчсөн зөрчил үйлдсэн болох нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч ******* уг зөрчилд 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад ... Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн зөрчилд 30,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан 20,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахыг даалгах дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.       

Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч ******* нь “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0773258 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлсэн нь ...бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д  заасныг баримтлан, “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0773258 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах”-ыг хүссэн хяналтын ахлах прокурор ******* дүгнэлтийг, хариуцагч Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч ******* хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ                           В.ДАВААНЯМ