Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 511

 

Д.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын  ахлах прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр магадлалтай, Д.Д-д холбогдох 18935000670035 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр бичсэн 07 дугаартай эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, А овогт Д-ийн Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Д.Д-ыг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн байна.

Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баярмагнай 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр бичсэн 07 дугаартай эсэргүүцэлд “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Д.Д нь 2019 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө тус аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 009 тоот хашаанд байрлах гэрт нэвтэрч хохирогч Ж.Э-ийн цүнхэнд байсан 200,000 төгрөгийг хулгайлсан болох нь тогтоогдсон. Гэтэл шүүх шүүгдэгч Д.Д, хохирогч Ж.Э нар нь ураг төрлийн холбоотой хүмүүс байх ба шүүгдэгч хохирогчийн гэр рүү анх явахдаа хулгай хийх санаа зорилгоор бус, золголт хийх зорилготой очиж, эзгүй байхаар нь хохирогчийг ирэхийг хүлээхгүйгээр хаалганы цоожийг эвдэж гэрт нь орсон байна. Шүүгдэгч Д.Д нь энэ үйлдэлдээ хохирогч Ж.Э-тай ах, дүүгийн хамаатай, миний бэргэн эгч гэх үүднээс тэдний гэрт өөрийгөө орох эрхтэй гэж хандсан байх ба гэмт хэрэг гарахаас өмнө хохирогч Ж.Э-ийн гэрт очсон нь тэдний гэрт мөнгө хадгалагдаж байсан гэдгийг мэдэж байсан гэж үзэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй болно. Шүүгдэгч хохирогчийн гэрт нэвтэрч орсноос тодорхой цаг хугацааны дараа эгч Ж.Э-ийн хар өнгийн даавуун орон дээр нь байхыг хараад хулгай хийх сэдэлт, гэмт санаа төрж түрүүвч доторх мөнгөнөөс 200,000 төгрөг авсан байх тул шүүгдэгч Д.Д-ыг хохирогч Ж.Э-ийн гэрт хулгайлах гэмт хэрэг үйлдэх зорилгоор нэвтэрч орсон гэж дүгнэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг нь шүүгдэгч бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох үедээ хулгай хийх гэмт санаа, зорилготой байсан нөхцөлд хангагдан гэж дүгнэж, хэргийг зүйлчлэлийг өөрчилсөн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй дүгнэлт болжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн объект нь оршин суугчийн байрны үл халдах эрх байдаг. Объектив тал нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх, дур, мэдэн орж суух, хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийг орон сууцнаас хууль бусаар гаргах, хууль бусаар нэгжлэг хийх зэргээр орон сууцны халдашгүй эрхийг зөрчсөн идэвхтэй, хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхгүйгээр заналхийлсэн үйлдлээр илэрдэг. Хэргийн үйл баримтаас үзэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, хугацаанд хохирогч Ж.Э нь гэртээ байгаагүй, өөрийнхөө байнга оршин суух гэрийнхээ хаалгыг цоожлоод гадуур гарч явсан нөхцөл байдал тогтоогдсон. Гэтэл хохирогч Ж.Э нь гэртээ байхгүй байхад түүний гэр рүү шүүгдэгч Д.Д нь нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлж байгаа нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн арван гуравдугаар бүлэгт заасан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамааруулж, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуулийг зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарласан гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь гэм буруутай этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө хулгайлах гэсэн санаа зорилго, сэдэлтээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалагдсан байр агуулахад нэвтэрч орсон байдаг. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед бэргэн эгч Ж.Э-тай золгох зорилгоор түүний гэрт очиж гэрийнхэн хаалга цоожтой үед хаалганы цоожийг алхаар цохиж онгойлгон хохирогчийн гэрт орсны дараа гар цүнхэн дотор байсан түрийвчнээс 200,000 төгрөгийг авч, гэрээс гарч явсан үйл баримт тогтоогдсон боловч шүүгдэгч Д.Д-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдэх сэдэлт, зорилгоор Ж.Э-ийн гэрт нэвтэрч орсон гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Д-д холбогдох хэрэгт хууль зүйн талаас нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна. Учир нь шүүгдэгч Д.Д-ын хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдардаг орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгч Д.Д нь хулгайлах гэмт хэрэг үйлдэл санаа, зорилго нь дараа бий болсон мэтээр субъектив дүгнэлт хийсэн байна. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Д- нь хохирогч Ж.Э-ийн байнга амьдардаг гэрт нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлсан үйл баримт тогтоогдсон, энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлд “Орон байр” гэж Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн тайлбарт заасныг ойлгоно гэж заажээ. Эрүүгийн хуульд заасан “орон байр’’ гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэж хууль тогтоогч тайлбарласан байна. Хохирогч Ж.Э-ийн гэр нь хүн байнга амьдардаг, эд хөрөнгөө хамгаалдаг орон байр тул хуулиар хамгаалагдсан, гагцхүү гэмт этгээд түүнд хууль бусаар нууцаар нэвтэрч эд хөрөнгийг авсан бол Эрүүгийн хуульд хүн байнга амьдардаг орон байранд нэвтэрч хулгайлах үйлдсэн байхаар хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт этгээд тухайн хүн байнга амьдардаг орон байранд нэвтэрч ороод эд хөрөнгийг хулгайлан авч, өөрийн эзэмшилдээ оруулснаар гэмт хэрэг төгссөнд тооцогдоно. Гэмт этгээдийн гэмт хэрэг үйлдэх санаа, зорилго нь хэдийд ч бий болсон байж болно. Гагцхүү гэмт этгээдийн гаргасан хууль бус үйлдэл, учирсан хохирол, хор уршигт нь хууль зүйн талаас нь дүгнэлт хийж ёстой. Хохирогчийн хүн байнга амьдардаг, үйл ажиллагаа явуулдаг орон байр, агуулахад нэвтрэх нь гэмт этгээдийн зорилго биш, харин бусдын эд хөрөнгийг шамшигдуулах санаархлаа хэрэгжүүлэхийн тулд тухайн эд хөрөнгөд хүрэх боломж олж авах арга юм. Уг арга нь ил, далд ямар ч хэлбэртэй байж болно. Шүүгдэгч Д.Д-ын хувьд “...бэргэн эгчийнхээ гэрт Монгол зан заншлын дагуу золголт хийхээр очиход хүн байхгүй болохоор гэрийнх нь хаалгыг эвдэж, гэрт байсан архийг уусан, үүний дараагаар 200,000 төгрөг хулгайлсан” гэж мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй бөгөөд харин ч гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Шийтгэх тогтоол болон магадлалд “...Д.Д- нь бэргэн эгч Ж.Э-ийн гэрт орсны дараа түүний гар цүнхэн дотор байсан түрийвч дэх 907,150 төгрөгнөөс 200,000 төгрөгийг авч, гэрээс гарч явсан үйл баримт тогтоогдсон боловч шүүгдэгч Д.Д-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдэх сэдэлт, зорилгоор Ж.Энхмаагийн гэрт нэвтэрч орсон гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт үзэл баримтлалыг буруу тайлбарласан, нөгөө талаас цаашид энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхэд буруу жишиг тогтоож байгаа нөхцөл байдал болж байна. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүгдэгч Д.Д нь хохирогч Ж.Э-ийн нөхөр Л.-ийн төрсөн ах Л.Д-н хүү бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан “Садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац тэдгээрийн хүүхдийг хэлнэ гэж хуульчилсан тул шүүгдэгч Д.Д, хохирогч Ж.Э нарыг төрөл садангийн хүн гэж үзнэ” гэсэн дүгнэлт хийсэн боловч үүгээр ямар нөхцөл байдлыг бий болгох гээд байгаа нь тодорхойгүй байна. Дээрх дүгнэлт нь шүүгдэгч Д.Д-ыг хохирогч Ж.Э-ийн гэрт хууль бус ямар ч аргаар нэвтэрч орох эрхтэй этгээд мэтээр дүгнэсэн гэж ойлгогдож байна. Цаашлаад шүүхээс шүүгдэгч Д.Д-ын дээрх хууль бус үйлдлийг зан заншлын хийгээд хуулиар хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ гэдэг байдлаар тайлбар хийсэн нь хэргийн үйл баримтад нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт болжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогч Ж.Э-ийн өмчлөх эрхэнд хууль бусаар халдаж, эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн эсэх, энэхүү зөрчигдсөн эрхийг хуулийн хүрээнд хэрхэн сэргээх зэрэг нөхцөл байдалд нь хууль зүйн талаас үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэж чадаагүй, шүүгдэгч Д.Д-д ашигтай байдлыг бий болгох талаас нь тогтоол, магадлал бичигдсэн, шүүгдэгчид үндэслэлгүйгээр ял, эрүүгийн хариуцлага завшуулсан, эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Д.Д-д холбогдох хэргийг прокуророос бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч шүүх Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулсан. Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан. Прокурорын эсэргүүцлийн агуулга нь шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзсэн. Хэргийн зүйлчлэлийг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр өөрчилсөн. Хохирогчийн мэдүүлэгт хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй. Хохирогч нь дөрвөн хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Нөхөр нь талийгаач болсон айл цагаан сар тэмдэглэхгүй гэж ойлгогдож байгаа. Гэтэл шүүгдэгчийн аавынх нь ахынд нэвтэрч байгаа явдал харагдаж байгаа. Шар цоожийг эвдэлж орохдоо нүүрсний амбаарт байсан алхаар цоожийг эвдэлж орон дээр байсан цүнхнээс 200,000 төгрөгийг авсан үйлдэл харагддаг. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баярмагнайгийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр бичсэн 07 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Д.Д-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Д- нь 2019 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 09 тоот хашаанд байх гэрт нэвтэрч хохирогч Ж.Э-ийн цүнхэнд байсан 200,000 төгрөгийг хулгайлсан хэмээн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн  хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна. 

Анхан шатны шүүх Д.Д-ыг бэргэн эгч Ж.Э-ийн гэрт цагаан сарын баяраар золголт хийх зорилгоор очсон боловч гэрт нь хүн байхгүй болохоор нь хаалганы цоожийг эвдэж онгойлгосны дараа хулгай хийх сэдэлт төрж, улмаар  хохирогчийн цүнхнээс 200,000 төгрөгийг авсан ба түүний орон байранд нэвтэрсэн энэхүү үйлдлийг хууль бус гэж үзээгүйн дээр гэрт нь бэлэн мөнгө байсныг тухайн цаг хугацаанд мэдээгүй тул хулгайлах гэмт хэргээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж дүгнэж хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Өөрөөр хэлбэл хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ.

Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Д-ын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хулгайлсан үйлдлийг “бусдын эд хөрөнгийг хулгайлах” /17.1 дүгээр зүйлийн 1/, “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” /13.6 дугаар зүйлийн 1/ гэмт хэрэг болгон салган зүйлчилж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг үйлдэхдээ хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан, хязгаарласан, хүнлэг бус хэрцгий хандсан, нэр төрийг нь доромжилсон зэрэг идэвхтэй үйлдэл хийсэн нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр мөн хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт байна.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглож, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүйгээс гадна иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар хуульчилжээ.

Энэхүү зохицуулалтаас үзэхэд орон байрны халдашгүй байдал нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн салшгүй нэг хэсэг бөгөөд энэхүү эрхийг Эрүүгийн хуулиар хамгаалж гэмт хэрэгт тооцохоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгасан болно. Энэхүү зүйл, хэсэгт заасан орон байранд нэвтэрснээр хүний халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөнд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба тухайн нөхцөл байдалд орон байранд хүн байж, түүнийг эрхэд халдсан, хязгаарласан, хүнлэг бус хэрцгий хандах зэрэг давхар объект байхыг шаардахгүй юм.

Иймд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Д-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Д-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН