Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2017/0666

 

Н.Г нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Н.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор Н.Г-н нэхэмжлэлтэй, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Н.Ганчимэг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Т-н Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Хүнс, хөдөө аж ахуйн газрын газар тариалан, үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах-ыг хүсжээ.

Хоёр. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 40 дүгээр шийдвэрээр:

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.3, 15 дугаар зүйлийн 15.1.7, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.7, 26.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Г-н Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Т-н 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан газар тариалан, үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч Н.Г, түүний өмгөөлөгч Б.Б нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

...Шүүх ...Хариуцагч сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. ...Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч сахилгын зөрчил гаргасныг тус хяналт шалгалтын танилцуулга, улсын байцаагчийн акт гарсан 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр олж мэдсэн байх тул 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсныг зөрчлийг илрүүлснээс хойш Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан нэг сарын дотроо багтаан ногдуулсан байна гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хариуцагч нь албан үүргээ удаа дараа хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан үндэслэлүүдээр хөдөлмөрийн харилцааг нь дуусгавар болгосон.

Тушаалын үндэслэлээс харахад нэхэмжлэгч Н.Г-г төрийн албанаас халсан эсхүл төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсны аль нь болох нь тодорхойгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол... гэжээ. Албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдэг нь хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгээгүй, аль эсхүл чиг үүрэгт тусгагдсан тухайн үүргээ хэрэгжүүлсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэрэг зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно. Нэхэмжлэгч Н.Г албаны ямар үүргээ биелүүлээгүйгээс болоод ямар хор хохирол учирсан гэдэг нь тогтоогдоогүй. Хариуцагч тайлбарлахдаа тэргүүний хадланч шалгаруулахад Засаг даргын зөвлөлийн хуралд тоон мэдээ зөрүүтэй танилцуулсан гэдэг. Гэтэл Увс аймгийн тэргүүний хадланчаар Ц гэдэг хүн шалгарсан, Баруунтуруун сумаас ирүүлсэн хадланчийн материалд тн, ширхэг гэсэн хэмжээсийн зөрүү гарсан боловч Цэ хадланч аль ч үзүүлэлтээрээ нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан гэсэн тайлбарыг хариуцагчийн төлөөлөгч Я.О тайлбарладаг.

Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д заасан ... албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших... гэснийг зөрчсөн гэж үзсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Н.Г нь албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг өөртөө ашиглан завшиж төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаанд багтаан сахилгын шийтгэл ногдуулсан нь зөв байна гэсэн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Н.Г-н дансаараа мөнгө шилжүүлсэн үйлдлийг сахилгын зөрчил гэж үзвэл хамгийн сүүлд хийсэн гүйлгээ нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байх ба үүнээс хойш 2 жилийн дараа сахилгын шийтгэл ногдуулсан байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй гэснийг зөрчсөн байна.

Зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа нь зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаандаа багтаж байх ёстой байтал шүүх үндэслэлгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 40 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу шүүхийн шийдвэрийг хэргийг хянахад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Засаг даргын зөвлөлийн хуралд тоон мэдээлэл зөрүүтэй материал танилцуулж, албан үүргээ удаа дараа хангалтгүй гүйцэтгэсэн, мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ирсэн трактор, чиргүүл /хадуур, тармуур/-ын үнийг өөрийн дансаар дамжуулан бусдад шилжүүлэн дутааж, итгэл алдан Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Н.Г-г тус газрын Тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалаас халсан байна.

Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Н.Г нь өөрийн нэр дээр ХААН банкинд 2 өөр төрлийн данс нээж, тракторын урьдчилгаа төлбөр, бордооны үнэ зэрэг нийт 101.140,1 мянган төгрөгийг хувийн дансаараа дамжуулсан байх ба үүнд Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан Ж.А-н дансанд 7.897.0 мянган төгрөг, түүний төрсөн дүүгийн дансанд 500.0 мянган төгрөг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтууд, Увс аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 34/05 хяналт шалгалтын 34/05 дугаар танилцуулга, Улсын байцаагчийн Төлбөр хариуцуулах тухай акт зэргээр тогтоогдсон байх бөгөөд энэхүү үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бичгээр ирүүлсэн зөвшөөрөлгүйгээр банк аливаа төсвийн байгууллагад данс нээхийг хориглоно гэж заасныг зөрчиж, төлбөр тооцоог хувийн дансаараа дамжуулан төсвийн байгууллагын үйл ажиллагааг гүйцэтгэн, захиран зарцуулж, өөр этгээдүүдэд дамжуулсан нь тогтоогдсон байна.

Мөн нэхэмжлэгч Н.Г-тэй холбоотой 2016 онд ирсэн 80 тракторын тооцоо хийхэд 23 хүний 25.600.0 мянган төгрөг, 2014-2016 онуудад холбогдох аж ахуйн нэгж, иргэдээр төлөгдөх ёстой буудайны үнэ 170.459.0 мянган төгрөг тус тус төлөгдөөгүй болох нь хяналт шалгалтаар тогтоогдсон, түүнчлэн Засаг даргын зөвлөлийн хуралд хэлэлцэх асуудлын тоон мэдээллийг зөрүүтэй, хангалтгүй материал бэлтгэн танилцуулсан зэрэг нь нэхэмжлэгч Н.Г-г Төрийн албаны тухай хууль болон Төсвийн тухай хуулийг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, төрийн жинхэнэ албан хаагчид хориглосон үйлдлийг гаргасан гэж үзэж хариуцагчаас нэхэмжлэгч Н.Г-г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь дээр дурдсан зөрчлүүдийг хууль зөрчиж гаргасан нь нотлогдсон байх ба төсвийн хөрөнгийг хувийн дансаараа дамжуулан захиран зарцуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д ... хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 13.1.3-т ...төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, 15.1.7-д заасан албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших гэсэн төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг умартаж, төрийн албан хаагчид хориглох үйл ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч дээрх тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3-г баримталсан нь төрийн албанаас халсан эсхүл төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан эсэх нь тодорхойгүй болоход хүргэсэн байхад анхан шатны шүүх ... хариуцагч төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах эсхүл төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай хуулийн зохицуулалтыг алийг нь ч сонгон хэрэглэх боломжтой байсан тул тус зохицуулалтуудыг нэгэн зэрэг хэрэглэн нэхэмжлэгчийг ажлаас халсныг буруутгах боломжгүй. гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд төрийн албанаас халсан, эсхүл сахилгын шийтгэл ногдуулсан эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

Маргаан бүхий Б/11 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг баримтлан ...албан үүргээ удаа дараа хангалтгүй гүйцэтгэсэн, ...Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Төсвийн тухай хууль зөрчсөн... гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Н.Г-г ажлаас халсан байх ба маргаан бүхий акт, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд Төрийн албаны тухай хуулийн 26.1-д Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасны зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, мөн зүйлийн 26.2-т Энэ зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн зөрчлийн шинж байдлыг харгалзан төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байна.

Харин хариуцагчаас төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн заалтыг баримталж, төрийн албанаас халахаар шийдвэрлэсэн нь буруу, анхан шатны шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад хуулийн зүйл заалтыг хассан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдолд төрийн албанаас халсан эсхүл сахилгын шийтгэл ногдуулсны аль нь болох нь тодорхойгүй гэх боловч энэ нь нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хууль болон Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн зөрчлийг үгүйсгэх, маргаан бүхий сахилгын шийтгэл ногдуулах тухай актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, мөн хөөн хэлэлцэх хугацааны хувьд гаргасан зөрчлүүд нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн танилцуулга, улсын байцаагчийн актаар тогтоогдсон байх тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ...25 дугаар зүйлийн 25.1.1... гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ