Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 161

 

Б.Мөнхзулын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч О.Зандраа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Даваажанцан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 919 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 156 дугаар магадлалтай, Б.Мөнхзулын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын  сахилгын арга хэмжээ авсан 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 тоот тушаал гаргажээ. Тушаалд Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.2 болон бусад хууль тогтоомжийн заалтуудыг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй. Татварын улсын /ахлах/ байцаагч нарыг Татварын ерөнхий газрын даргын тушаалаар томилдог. Намайг 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнайн 236 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт, шалгалтын тасгийн даргаар томилж, өнөөдрийг хүртэл уг албан тушаалын үүрэгт ажлыг гүйцэтгэж байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар “төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг зөрчсөн тушаалыг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дарга гаргасан бөгөөд түүнд сахилгын арга хэмжээ авах эрх байхгүй. Миний бие сахилгын арга хэмжээ авахуулах албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх зөрчлийг гаргаагүй.

2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, удирдлага, арга зүйн газраас ирүүлсэн бичгээр 3 татвар төлөгчийг шалгаж, хариуг Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт хүргүүлэх тухай 7/3561 тоот бичиг ирүүлсний дагуу 2014 оны 12 дугаар сарын 22-нд бичгийг хүлээж аваад 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шалгалт хийлгэхээр татварын улсын байцаагч нарт томилолт олгосон ч 2014 он дуусахад 7 хоног дутуу байсан учир бид стандартын дагуу үндсэн төлөвлөгөөт ажлаа хийж дуусгах шаардлагатай байсан тул шалгалт хийж амжаагүй. 2015 он гараад 2014 оны 11 дүгээр сард цагдаагаас ирүүлсэн бичгийн дагуу шалгалтууд дарааллаараа хийгдээд явж байсан. Тухайн бичгээр шалгалтыг эхлүүлэхийн тулд Эрсдлийн удирдлагын тасагт өгч, дахин программ руу төлөвлөгөөнд оруулж, 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр томилолт олгон шалгалт эхэлсэн. Шалгалт эхлээд 3 татвар төлөгчөөс 1 нь шалгагдаж акт бичигдсэн бөгөөд 2 нь шалгалт дуусаагүй, цагдаагийн газраас гаргаж өгөх баримт бичиг дутуу байгаа учраас хүлээгдэж байсан.

1. Бид үндсэн чиг үүргийнхээ хүрээнд төлөвлөгөөт шалгалтуудаа эхний ээлжинд дуусгах ёстой.  

2. Цагдаагийн ерөнхий газраас ирсэн бичигт шалгалтыг хийж дуусах тодорхой хугацааг заагаагүй.

3. Томилолт 4 сард дахин олгогдсоноор өнөөдрийн байдлаар цагдаагийн ажилд саад учруулаагүй. Учир нь байцаагч томилоод шалгалт хийгдээд бидний зүгээс татвар төлөгчийн гаргаж өгсөн баримт бичигт хийх шалгалт хийгдсэн боловч цагдаагийн газраас гаргаж өгөх материал дутуугаас хүлээж бай гэсэн хариу аваад өнөөдрийг хүртэл шалгалт дуусаагүй хүлээгдэж байна.

4. Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай тэмцэх газар нь манай албаны ажилтанд арга хэмжээ авах тухай албан бичиг явуулах нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд Хуульд заасан сахилгын арга хэмжээ авахуулах зөрчил, ажлын дутагдал гаргаагүй,  Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дарга нь надад сахилгын арга хэмжээ авах эрхгүй, хууль зөрчиж гаргасан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын сахилгын арга хэмжээ авсан 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дарга Д.Бадам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/53 тоот тушаалаар “Үндэсний татварын албаны хүнд суртал, чирэгдлийг арилгах, бие дааж ажиллах нөхцлийг хангах, хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт заасан Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын даргын бүрэн эрхийн “27.6.3... сахилгын шийтгэл хүлээлгэх” “27.6.9... татварын албаны ажилтнуудыг ... сэлгэж ажиллуулах, шагнаж урамшуулах” гэснийг хязгаартай хэрэгжүүлэх эрхийг Нийслэлийн Татварын газар, Аймгийн Татварын газар, хэлтэс, дүүргийн Татварын хэлтсийн дарга нарт шилжүүлсүгэй” гэж дүүргийн Татварын хэлтсийн дарга нарт татварын улсын байцаагч нарт сахилгын шийтгэл ногдуулах бүрэн эрхийг олгосон. Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Үндэсний татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна” гэсний дагуу Татварын алба нь босоо удирдлагатай, дээд шатны албан тушаалтандаа доод шатны албан тушаалтан нь шууд захирах, захирагдах Төрийн албаны зарчмыг баримтлан ажилладаг алба юм. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт, шалгалтын тасгийн дарга Б.Мөнхзул нь Хэлтсийн даргатай Үр дүнгийн гэрээ байгуулан биелэлтийг дүгнүүлж ажилладаг. Энэ утгаараа ч доод шатны албан тушаалтандаа аливаа зөрчил дутагдал гаргасан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага ногдуулах эрх надад бий бөгөөд тэр эрх үүргийнхээ дагуу Б.Мөнхзулд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй шийдвэр болсон.

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын дарга Б.Даваацэрэнгийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 7/3561 тоот албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 9д/6520 тоот албан бичгийн дагуу эрүүгийн хэрэгт шалгагдаж буй нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг хяналт шалгалтанд хамруулан үр дүнг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасагт мэдэгдсэн байна. Гэтэл Хяналт шалгалтын тасгийн дарга Б.Мөнхзул дээр аж ахуйн нэгжүүдэд хийх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулаагүй талаар Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 9д/2813 тоот албан бичгээр бидэнд мэдэгдсэн тул Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан.

Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/252 тоот тушаалын 6 дахь хэсэгт “Харъяа нэгжийн 2014 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр “D” буюу хангалтгүй үнэлгээтэй дүгнэгдсэн нэр бүхий татварын албадын ажил хариуцсан албан хаагчдад хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь сайжруулах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгч, үр дүнг тооцон, энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргаа, удирдлагын газар /С.Орхон/-д даалгасугай” хэмээн заасан байсан. Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт удирдлага арга зүйн газраас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2014 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд үр дүнгийн үнэлгээ хийх тул хэлтсийн хяналт шалгалтын ажлын 45.3 оноогоор буюу “Хангалтгүй” гэж дүгнэсэн юм. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Б.Мөнхзулын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 919 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 73.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/34 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 156 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 919 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дарга Д.Бадам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Үндэсний татварын ерөнхий газар болон Цагдаагийн Ерөнхий газрын 2008 оны хамтран ажиллах журам нь Монгол Улсын Татварын еренхий хууль, Эрүүгийн хууль, татварын бусад хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, нуугдмал орлогыг олж тогтооход чиглэсэн хяналт шалгалт хийх, мэдээ мэдээлэл солилцох чиглэлээр холбогдох хуулийн хүрээнд хамтран үйл ажиллагаагаа явуулдаг. Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас татварын зөрчилтэй байгууллага аж ахуйн нэгжийг шалгуулахаар хүсэлт хүргүүлж Татварын ерөнхий газар нь журамд зааснаар хүсэлтийн дагуу хяналт шалгалт хийх, дүнг хүргүүлэн гэсэн харилцан уялдаатайгаар татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэргийг илрүүлэх, нуугдмал орлогыг олж тогтооход чиглэсэн тус байгууллагууд хамтран ажилладаг.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх хяналт шалгалт хийх тухай Татварын ерөнхий газрын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 7/3561 албан бичгийн хавсралтад заасан аж ахуйн нэгжүүдэд хийх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулаагүй талаар Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 9д/2813 тоот албан бичгээр бидэнд мэдэгдсэн тул удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж сахилгын шийтгэл ногдуулсныг анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч Б.Мөнхзулыг цагдаагийн ерөнхий газрын ажилтан биш, Цагдаагийн газрын албан бичгийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хууль бус” гэж үзсэн үүнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдсэн байна. Энэ нь Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нэгжийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, үр дүнг агентлагийн даргын өмнө хариуцана” Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Татварын албаны хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгжийн дарга нь хяналт шалгалт хийж буй татварын улсын байцаагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана" гэж тус тус зааснаар Б.Мөнхзул нь Цагдаагийн ерөнхий газрын албан бичигт заагдсан нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг хяналт шалгалтад хамруулан үр дүнг цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасагт Татварын ерөнхий газраас 2014 оны 7/3561 дугаарын албан бичгээр үүрэг өгч явуулсаар байхад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулаагүй нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болох харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан нэгжийнхээ өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллаагүй нь Үндэсний татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 200/463 тоот хамтран ажиллах журамд заасны дагуу 9д/2813 дугаар албан бичгээр санал ирж Төрийн албаны тухай хууль, Татварын ерөнхий хууль болон холбогдох хууль, журамд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон.

Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд төлөвлөгөөт бус татварын хяналт шалгалт хийх зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан. Татварын ерөнхий газраас 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 7/3561 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн татварын хэлтэст ирүүлсэн, гэтэл Б.Мөнхзул нь дээрх хууль болон журамд заасан хугацаанд шалгалтыг хийж гүйцэтгээгүй, эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй, татвар төлөгчийн шалгалтын бүртгэлд бүртгүүлэлгүй 4 сарын болсон. Маргаан бүхий акттай холбоотой Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын албан бичгийн дагуу хяналт шалгалтыг тус байгууллагуудад 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 230013796 тоот татварын улсын байцаагчийн акт, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 230000192 тоот татварын улсын байцаагчийн дүгнэлт, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 230000196 тоот татварын улсын байцаагчийн дүгнэлтээр тус тус татварын зөрчилтэй гэдэг нь тогтоогдсон бөгөөд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Үүнээс харвал Б.Мөнхзул нь хяналт шалгалтыг хуульд заасан хугацаанд нэн даруй хийж гүйцэтгэх атал албан татвараас санаатайгаар зайлсхийх гэмт хэргийг түргэн шуурхай шаардлагатай арга хэмжээг авалгүй хугацаа алдсан сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болсон.

Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх Б.Мөнхзулд авагдсан сахилгын шийтгэл нь “албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчиж албан үргээ биелүүлсэн эсэхийг буюу албан үүргээ хангалтгүй биелүүлсэн эсэхээс хамаарч сахилгын шийтгэлийг ногдуулахаар байх тул төрийн албанд хуулийг дээдлэх, төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гарсан алдааны улмаас бусдад учруулсан хохирлыг төр үндсэн зарчмын хүрээнд шийдвэр гаргагч нь сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлээ тодруулах тогтоож, улмаар харьцуулан дүгнэх буюу харгалзан үзсэний үндсэн дээр тохирох сахилгын шийтгэлийг ногдуулсан тохиолдолд тус шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэхээр байна” гэж шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй бөгөөд Б.Мөнхзул нь ажил үүрэгтэй алдаа дутагдал гаргасан гэдэг нь дээрх хууль болон татварын шалгалтаар тогтоогдсон гэдэг нь харагдаж байгаа болно.

Иймд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 919 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 156 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримттай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/34 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай иргэн Б.Мөнхзулын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч Б.Мөнхзулд “албан тушаалын үндсэн цалинг 6 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр тушаал нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.2 дахь хэсэг болон Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Татварын улсын байцаагч нь энэ хуулийн 29, 30 дугаар зүйлд заасан албан тушаалын эрхээ хэтрүүлсэн, эсхүл үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй бол энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын, ... хариуцлага хүлээнэ” хэмээн заасантай нийцсэн, хууль ёсны шийдвэр байна.

Татварын ерөнхий газрын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 7/361 дүгээр албан бичгээр “Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичгийн дагуу эрүүгийн хэрэгт шалгагдаж буй нэр бүхий хуулийн этгээдэд татварын хяналт шалгалтыг хийх талаар” Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст ирүүлсэн, Б.Мөнхзул нь хяналт шалгалтын тасгийн даргын албан үүргийн хүрээнд дээд шатны байгууллагаас ирүүлсэн шийдвэрийг биелүүлэх, байцаагч нараа мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүргээ хэрэгжүүлэлгүй, татварын хяналт шалгалтыг удаашруулж, 4 сар гаруй хугацаа өнгөрсний дараа хяналт шалгалт хийх томилолт олгосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. 

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/200 дугаар тушаалаар баталсан “Үндэсний татварын албаны ажилтны ёс зүйн дүрмийн 2.2.2-т “дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлэх”, Үндэсний татварын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2008 оны  2008/463 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Үндэсний татварын алба, цагдаагийн байгууллагын хамтран ажиллах журмын 2.2.6-д “...гэмт хэргийг түргэн шуурхай бүрэн илрүүлж, шийдвэрлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг хамтран зохион байгуулах” гэж зааснаар нэхэмжлэгч нь дээрх албан бичгийн дагуу татварын хяналт шалгалтыг түргэн шуурхай зохион байгуулах үүрэгтэй атлаа хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа “албан бичигт хяналт шалгалт явуулах хугацааг заагаагүй” гэж тайлбарлаж байгаа нь буруу юм.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч албан үүргээ хэрэгжүүлээгүй болох нь илэрхий, тодорхой байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс “зөрчил гаргасан эсэхийг тогтоох шаардлагатай, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний  өдрийн 9д/2813 дугаар албан бичгийг үндэслэсэн нь буруу...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан эсэх нь тодорхой бус, маргаантай тохиолдолд зөрчлийг заавал шалган тогтоох шаардлагатай бөгөөд энэ тохиолдолд хэргийн оролцогчдын хэн аль нь татварын хяналт шалгалт явуулах үүргээ 4 сар гаруй хугацаанд хэрэгжүүлээгүй зөрчилтэй холбогдуулан маргаагүй тул зөрчлийг хянан шалгах шаардлагагүй юм.

Түүнчлэн маргаан бүхий тушаалын албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхийг нэхэмжлэгчид сануулсан 2 дахь заалт нь хуульд заасан “сахилгын” арга хэмжээ биш байхад шүүхүүд үүнийг “...сахилгын шийтгэл...давхардуулсан...”  гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт нийцэхгүй дүгнэлт хийжээ.  

Иймд “...нэхэмжлэгч албан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн..” гэх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байх тул түүний хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Б.Мөнхзулын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 919 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 156 дугаар магадлалыг  тус тус  хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/34 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай Б.Мөнхзулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                                               Л.АТАРЦЭЦЭГ