Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийн

Нэхэмжлэгч: “***** трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргад холбогдох

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/151 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “***** трейд” ХХК-ийн захирал *****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/151 дугаарын захирамжийг хүчингүй болгуулах тухай.

Нэхэмжлэгч “***** трейд” ХХК-ийн захирал ***** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”***** трейд” ХХК нь 2014 оны 11-р сарын 25-нд 60 жилийн хугацаатай газар тариалангийн зориулалтаар газар эзэмших гэрчилгээ авч ажил үйлдвэрлэлээ эхэлсэн. Гэтэл Хархорин сумын Засаг дарга ***** ...а/151 захирамжаар манай газар эзэмших эрхийг, газрын төлбөр төлөөгүй хэмээн цуцласныг илт хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Манай компани газрынхаа төлбөрийг тухайн үед төлсөн байсан тул энэ захирамжийг хүчингүй болгуулахаар аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнд гомдол гаргасныг хүлээн авч 2016 оны 4-р сарын 11-нд манай компани газар эзэмших эрхийг сэргээх чиглэлийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг дарга *****ад өгсөн боловч Засаг дарга ***** 2016 оны 05-р сарын 24-нд 1/155 тоот албан бичгээр манай компани газар эзэмших эрхийг сэргээхээс татгалзсан болно... Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/151 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Манайх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хүчингүй болгуулахыг хүсч буй захирамжийн огноог 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэж буруу бичсэнийг 28-н болгож залруулж байна...“ гэв.

Нэхэмжлэгч “***** трейд” ХХК-ийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн газар эзэмших эрх хүчингүй болгох тухай А/151 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл байна гэж үзэж байна. Яагаад гэхээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... Гэрээний талууд гэрээг дүгнэх ...Төлбөрийн тооцоо хийгээд акт үйлдэх ёстой байсан. Ингээд газар эзэмшигч нь төлбөрөө бүрэн төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэлтэй байсан. Газар эзэмших гэрээг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг дарга дангаараа цуцалсан. Гэрээг нэг тал цуцлах үндэслэл байхгүй. Улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газрын төлбөрийн тооцоо хийж байх тухай гэрээнд заагдсан байна... Төрийн алба хэн нэгнийг захиран тушаах гэж ажиллаж байгаа алба биш иргэнд үйлчилдэг алба юм. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газар иргэнд үйлчлэх үүргээ биелүүлээгүй байна. Яагаад гэхээр албан ёсоор байгуулсан гэрээгээ дүгнээгүй байна. Төлбөрийнхөө тооцоог хийж акт үйлдээгүй, гаргасан бичиг баримтанд гарын үсэг зуруулдаг байтал зуруулаагүй байна. Төрийн алба зүгээр утсаар яриад явдаг ажил биш. Үнэхээр утсаар ярьж байсан бол утсаар мэдэгдсэн тэмдэглэл нь энэ байна гэж үзүүлэх ёстой. ...Аймгийн Засаг даргад гомдол гаргасан аймгийн Засаг дарга “***** трейд” ХХК-нд ашигтайгаар шийд гэсэн үүрэг чиглэл өгсөн. ...Үүнийг биелүүлэхээс татгалзаж байгаа нь төрийн байгууллагын үйл ажиллагааны журмыг зөрчиж байна. ...Газар эзэмших эрхийн баримт бичгийн цаана олон үр дагавар дагуулж байгаа. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын “***** трейд” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж илт хууль бус байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “”***** трейд” ХХК нь сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/204 дугаар захирамжаар 600 га газрыг газар тариалангийн зориулалтаар эзэмшиж 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний 2.2-д жилийн газрын төлбөрийг тэнцүү 4 хувааж 1-р улиралд 57900, 2-р улиралд 57900, 3-р улиралд 57900, 4-р улиралд 57900 төгрөгийг гэрээний 2.3 дахь заалтаар газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн Өвөрхангай аймаг дахь ГХБХБГазрын 100000943 тоот дансанд шилжүүлж байхаар тусгагдсан. Гэтэл “***** трейд” ХХК гэрээнд заасан хугацаанд газрын төлбөрөө төлөөгүй учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/151 дүгээр захирамжаар хүчингүй болгосон...” гэжээ.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газрын тухай хуульд зааснаар “***** трейд” ХХК-нд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/204 дугаартай захирамжаар 600 га газар эзэмшүүлсэн. 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 1.2, 2.3-т газрын төлбөрийг 1, 2, 3, 4 дүгээр улиралд тус бүр 57900 төгрөг төлнө. Төлбөрөө улирал бүрийн эхний сарын 25-ны өдөр 100000943 тоот дансанд шилжүүлж байна гэсэн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан. Гэрээний дагуу компани үйл ажиллагаа явуулах ёстой. Газрын төлбөрөө төл гэж хэлэхгүй байсан удаа байхгүй. Би өөрөө утсаар ярьж хэлдэг. Татварын улсын байцаагч мөн хэлдэг байсан. Яагаад гэхээр энэ нь аймгийн төсвийг бүрдүүлдэг. Бүх аж ахуйн нэгж, байгууллагатай газрын төлбөрөө төл гэдэг зүйлийг байнга хэлдэг. Гэрээнд газрын төлбөрийн талаар тодорхой заагдсан учраас тухайн байгууллага, албан тушаалтан гэрээний төлбөрөө хугацаанд нь төлөх ёстой. Иймд Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/151 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар “***** трейд” ХХК-ийн 600 га газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. ...газрынхаа төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн байсан. Энэ үед хуулийн хугацаа өнгөрсөн байсан... би *****т өөрийн ... болон ажлын ... утаснаас түүний ... утасруу утасдаж газрын төлбөрөө төлөхийг мэдэгддэг байсан... гэрээний биелэлтийг тухайн жилийн 12 дугаар сард гэрээний талууд хамтдаа байж гэрээг дүгнэн, газрын төлбөрийн тооцоог хийж акт үйлдэх ёстой. Гэхдээ нэхэмжлэгчийн газар эзэмших гэрчилгээг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүчингүй болгосон тул гэрээг дүгнэж, акт үйлдээгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч “***** трейд” ХХК нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргад холбогдуулан Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/151 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэж буруу бичсэнийг 28-ны өдөр болгон залруулж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно. 

Хархорин сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан эрхийнхээ дагуу 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/204 дүгээр “Газар эзэмшүүлэх тухай” захирамж[1]-аар Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг дэвсгэр Шар бүрдний хөндий Ноёхоны урд нэгж талбарын 6209004992, 6209001845 дугаартай хоёр хэсгээс бүрдсэн 600 га газрыг газар тариалангийн зориулалтаар 60 жилийн хугацаатайгаар “***** трейд” ХХК-нд эзэмшүүлж, сумын газрын даамал нь Засаг даргын энэхүү шийдвэрийг үндэслэн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “***** трейд” ХХК-тай нэгж талбарын 6209004992 дугаар бүхий газрыг эзэмшүүлэх гэрээ[2] байгуулж, газар эзэмших эрхийн 000308448 дугаарын гэрчилгээ[3] олгосон нь хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, дээрх нэгж талбарын дугаар бүхий газрын кадастрын зургууд[4] болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.

Харин хариуцагч Хархорин сумын Засаг дарга нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/151 дүгээр захирамж[5]-аар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5[6]-д заасан үндэслэлээр “***** трейд” ХХК-ийн дээрх газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Ингэхдээ А/151 тоот захирамждаа нэгж талбарын дугаарыг “6209004998” гэсэн нь  “***** трейд” ХХК-ийн эзэмшил газрын нэгж талбарын дугааруудтай тохирохгүй, харин гэрчилгээний дугаар тохирч байгаа нь газар эзэмших гэрээ, гэрчилгээ, Хархорин сумын Засаг даргын 2015 оны А/151 дүгээр захирамж зэргээс харагдаж байх тул уг захирамжийг утга агуулгын илэрхий алдаатай, захиргааны илт хууль бус акт[7] гэж үзэхээр байна.  

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”,  34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж зохицуулсан ба  “***** трейд” ХХК-ийн нэгж талбарын 6209004992 дугаарын газрыг эзэмших эрх нь гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсон үеэс буюу 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн байх бөгөөд  “***** трейд” ХХК болон газар эзэмшүүлэгч нарын хооронд байгуулсан “Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2.2 дахь хэсэгт “Газрын төлбөрийн хэмжээ”-г  бүтэн жилдээ 231600 төгрөг байхаар, улиралд 57900 төгрөг төлөхөөр, сумын Засаг дарга нь “***** трейд” ХХК-ийн газар эзэмших гэрээг жил бүр дүгнэн, төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэж байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч уг компани газрын 2015 оны төлбөрөө мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бүтнээр нь төлсөн, Хархорин сумын Засаг дарга нь газар эзэмшүүлснээс /газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосноос/ хойш 8 сарын дараа буюу гэрээ дүгнэх хугацаанаас өмнө Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасныг зөрчин А/151 дугаарын захирамжаар “***** трейд” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон болох нь түүний газар эзэмших гэрээ, гэрчилгээ, ХААН банкны мөнгөн шилжүүлэг[8]-ийн баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна.   

 Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага / албан тушаалтан/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ болон газрын төлбөрийн тухайн шатны тайлангийн нэг хувийг татварын албанд тушаана”,  Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн  47.1-д “Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана”, 47.2.”Татварын хяналт шалгалтыг татварын алба хийж гүйцэтгэнэ” гэж, харин Газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д “Газрын нэгдмэл сангийн сум, дүүргийн тайланг Засаг дарга тухайн оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор аймаг, нийслэлийн Засаг даргад ...гаргаж өгнө”  гэж, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Газрын нэгдмэл сангийн тайлан гаргах журам”-ын 1 дүгээр хэсгийн 8-д “Тайланд... газрыг зохистой ашиглах, хамгаалах талаар газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн...газрын төлбөр ноогдуулалт, төлөлт зэргийг дэлгэрэнгүй тусгана”, 4 дүгээр хэсгийн 19-д “Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн газрын төлбөр төлөлтийн тайланг тухайн сум, дүүрэг, аймаг, нийслэлийн татварын байцаагч, албаар гаргуулан газрын нэгдмэл сангийн тайланд хавсаргана” гэж тус тус зааснаас харахад хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг хэрэглэн “***** трейд” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоос өмнө тус аж ахуйн нэгжтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 4.6[9]-д заасан хариуцлагыг тооцох боломжтой байсан, улмаар “***** трейд” ХХК-ийн газар эзэмшүүлэх гэрээг дүгнэн, тус хуулийн этгээдийн тухайн жилийн газрын төлбөрийн тооцоог нийлэн, акт үйлдсэний эцэст маргаж буй захиргааны акт гаргах эсэх асуудлыг шийдвэрлэхээр байхад, татварын албанаас татвар төлөгдсөн эсэх талаар лавлагаа аваагүй[10], газар эзэмшигчтэй байгуулсан гэрээгээ дүгнэхээс өмнө тус хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шууд хүчингүй болгосон шийдвэр гаргасан нь буруу байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5-д зааснаар Хархорин сумын газрын даамал нь “***** трейд” ХХК-нд газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулах, хураах, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Татварын алба нь газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавих үүрэгтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу Хархорин сумын газрын даамал нь ”“***** Трейд” ХХК-аас газрын төлбөрөө хугацаанд нь төлөхийг захирал *****аас ...утсаар шаардаж байсан” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байгаа боловч түүнийгээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх нэхэмжлэгчийн эзэмшлийн нэгж талбарын 6209004992 дугаар бүхий газрын хувийн хэрэгт үзлэг[11] хийхэд утсаар ярьж газрын төлбөрийг шаардаж байсан талаарх ямар нэгэн баримт авагдаагүй байснаар хариуцагчийн төлөөлөгчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.

Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Төлбөр төлөгч газрын төлбөртэй холбогдсон маргааны талаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ.

Иймд шүүх нэхэмжлэгч “***** трейд” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/151 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5, 34 дүгээр зүйлийн 34.8, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар “***** трейд” ХХК-ийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/151 дугаарын “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай“ захирамжийг хүчингүй болгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  48  дугаар  зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай  хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “***** трейд” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЧИМЭГ

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 53 дугаар хуудас

[2] Хэргийн 15 дугаар хуудас

[3] Хэргийн 5 дугаар хуудас

[4] Хэргийн 48-49 дүгээр хуудас

[5] Хэргийн 8 дугаар хуудас

[6] Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэжээ.

[7] Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт илт хууль бус болно” гэжээ.

[8] Хэргийн 7 дугаар хуудас

[9] Улсын бүртгэлийн 6209004992 дугаартай “Иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.6-д “Төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар хоног дутам алданги төлөх” гэжээ.

[10] Энэ талаар нэгж талбарын 6209004992 дугаарын газрын хэрэгт баримт хавсаргагдаагүй байсан нь үзлэгээр тогтоогдсон.

[11] Хэргийн 43-53 дугаар хуудас. Шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл.