Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/377

 

 

 

  2024           03            27                                         2024/ДШМ/377

 

Ё.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Алтанцэцэг,  

шүүгдэгч Ё.Б  өмгөөлөгч Э.Шинэцэцэг,  

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Ё.Б  өмгөөлөгч Э.Шинэцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2310000000830 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Ё.Б /РД:./, ....тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Ё.Б нь 2023 оны 5 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “....” ХХК-ийн хашаа руу хууль бусаар нэвтэрч, нууц далд аргаар, тээврийн хэрэгсэл ашиглаж 18 см өргөнтэй, 400 см урттай, 5 см өндөртэй 8 ширхэг банзыг хашааны доогуур нүх гарган хулгайлж, 176.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокуророос: Ё.Б  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ё.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ё.Б г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хохирогч “....” ХХК-д төлөх төлбөргүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ё.Б-с эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 19.800 төгрөгийг гаргуулж “Дамно” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ё.Б нь хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Тухайлбал, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Б“...8 ширхэг банз нь “....” ХХК-ийн хөрөнгө юм” гэх мэдүүлэг, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд: “...уг газар нь Грийн арт хотхоны урд талд байх ба 4 тал төмөр хашаа бүхий, уг хашааны хойд хэсэгт дутуу баригдсан барилга байх ба уг хашааны хойд талын төмөр хашаа нь доод хэсгийг нүх гаргасан, уг нүхээр хуучин банз зөөсөн байх ба хашаанаас хойш 3 алхам зайд буюу Грийн Арт хотхоны автомашины зогсоолд ..... улсын дугаартай тэвштэй машин зогссон, уг машины тэвшин дээр банз ачсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэв”, гэрч Б.Т “...2023 оны 5 дугаар сарын 15-ны шөнийн 23 цагийн үед өмнө ачаа ачуулж танилцаж байсан Баадай гэх хүн залгаад, Хан-Уул дүүрэг, Нүхтийн амнаас ачаа ачуулъя гэсэн. Тэгээд надаас грушик хийчих хүн байна уу гэхээр нь хамаатны 2 дүүгээ гэрээс нь аваад нөгөө залуутай Хан-Уул дүүрэг, Нүхтийн аманд байрлах Грийн Арт гэх хотхоны гадаа уулзсан. Тэгээд байрны дунд машинаа хойш нь ухрааж зогсоогоод барилгын хашааны гадаа зогссон. Төмөр хашааны доод хэсгийг эвдээд банз гаргасан. Г.Г, Э.Т нар хашааны доогуур гаргаж өгсөн банзнуудыг машин дээр тавьж байсан чинь удаагүй цагдаа нар ирсэн” насанд хүрээгүй гэрч Г.Г, Э.Т нарын “...хашаа руу нь хамт орсон чинь дутуу баригдсан барилгын ар хэсэгт хашаан дотор хураасан банзнууд байсан. Үүнээс 8 ширхэг банзыг зөөгөөд, хашаанд тулгаад тавьсан чинь танихгүй ах хашааны доод хэсгээр жижиг нүх гаргаад уг нүхээр банзнуудыг гаргаж байсан юм. Г.Г бид хоёрыг “цаашаа гараад нүхээр гаргасан банзнуудыг машин дээрээ ачиж бай” гэхээр нь бид хоёр машин руу зөөж байсан чинь цагдаа нар ирээд аваад явсан юм” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт болон бусад баримтуудаар тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ё.Б нь хулгайлах үйлдлийг үйлдэхдээ машин механизм ашигласан болох нь ...... улсын дугаартай автомашины жолооч гэрч Б.Т зарын дагуу холбогдон утсаар ярьж ачаа ачуулахаар тээврийн хэрэгслийг урьдаас бэлтгэсэн, модыг зөөхөд туслах зорилгоор грүшиг хөлслөхийг санал болгон насанд хүрээгүй гэрч Г.Г, Э.Т нараар туслуулан хулгайлсан банзыг машинд ачсан баримт, мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна. Харин хэргийн газар банзнуудыг машинд ачиж байхад цагдаагийн алба хаагч ирснээр тухайн гэмт хэргийг таслан зогсоож илрүүлсэн байх бөгөөд хулгайлсан эд зүйлийг зөөж тээвэрлээгүй байсныг машин механизм ашиглаагүй гэж дүгнэж, улмаар ял завшуулах нөхцөлийг олгосон байна. Иймд шүүгдэгчийн дээрх үйлдлийг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авахыг завдсан гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчийн халдлагын зүйлийг өмчлөгчийн эзэмшлээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах идэвхтэй үйлдэл хийхэд хялбарчлах зорилгоор машин механизм бэлтгэж, тухайн гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан хэрэгслийг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон дүгнэлт хийж чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.

 

Шүүгдэгч Ё.Б  өмгөөлөгч Э.Шинэцэцэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан анхан шатны шүүхийн тогтоолын 10 дугаар талд буюу тогтоох хэсэгт “...Ё.Б г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан ба Улсын дээд шүүхийн 2006 оны 5 дугаар зүйлийн 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолд “орон байр”, “агуулах сав” гэх ойлголтыг маш тодорхой тайлбарласан ч “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэх ойлголтыг тодорхой тайлбарлаагүй юм. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч...” үйлдсэн хэргийг шүүхээс шийдвэрлэхдээ тогтоосон хууль хэрэглээний практикаас харахад “...тусгайлан хамгаалсан байр, агуулахын шинжийг хангахын тулд аливаа эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр байхын зэрэгцээ гэмт хэрэг гарсан тухайн цаг үед хэн нэгнээс тусгайлан зөвшөөрөл авах шаардлага үүссэн эсэхийг анхааран үзнэ. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар Ё.Б нэвтэрсэн гэх объект нь тусгайлсан харуул хамгаалалтаар хамгаалагдсан, харуул хамгаалалт ажиллаж байсан гэснийг тогтоосон, нотолсон нэг ч баримт хэрэгт авагдаагүй бөгөөд тухайн үед салхинд нурж унасан байсан болохыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Б нотлон мэдүүлдэг юм. Гэтэл анхан шатны шүүхээс Ё.Б г тусгайлан хамгаалах байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэл болж байна. Иймд дээрх нөхцөл байдлууд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчмыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол болон эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

   Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Б “...Манай компанийн үйл ажиллагаа 2015 оноос хөрөнгө оруулалтын шалтгаанаар зогсчихсон, дутуу баригдсан барилга болон бараа материалуудыг ... ХХК-н харуул хамгаалалтаар харуулдаг юм. 2023 оны  5 дугаар сарын 16-ны орчим санагдаж байна. .... ХХК-аас танай барилгын материалуудаас эд зүйл алдагдсан учир цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг тайлбар өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр ирж мэдүүлэг тайлбар өгч байна. ...Манай харуул хамгаалалтын компаниас банзнууд алдагдсан гэж хэлсэн. ...зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ...” гэх мэдүүлэг /1хх 39, 2хх 57/,

 

гэрч Б.Т “...Баадай гэх хүн над руу ..... гэсэн дугаараас залгаад Хан-Уул дүүргийн Нүхтийн амнаас ачаа ачуулъя гэж хэлсэн. Тэгээд надаас гүрүүшиг хийчих хүн байна уу гэхээр нь хамаатны хоёр дүүгээ гэрээс нь аваад нөгөө залуутай Хан-Уул дүүрэг Нүхтийн аманд байрлах Грийн арт гэх хотхоны гадаа уулзсан., ...ачаа ачуулна гэсэн залуу энэ хашаанаас банз ачна гэж хэлсэн. ...төмөр хашааны доод хэсгийг эвдээд банз гаргасан. Тухайн Баадай гэх ах цаанаас банзыг гаргаж хашааны нүхээр банзыг зөөх гээд Г, Жижигээ гэх хоёр дүү хашааны доогуур гаргаж өгсөн банзнуудыг машин дээр тавьж байсан чинь удаагүй цагдаа нар ирсэн. ...Өөрийнхөө эд зүйлсийг авч байна л гэж бодсон юм. Тухайн үед би ачихаас өмнө янз бүрийн хулгайн эд зүйл биш биз дээ гэсэн чинь бишээ гэж хэлсэн юм. Тухайн үед би Баадай гээд хүнээс хаалгаар нь орж ачихгүй юм уу гэсэн чинь ойрхон энэ газраар гаргачихъя л гэж хэлсэн...” /1хх 41-42/,

насанд хүрээгүй гэрч Г.Г: “...тухайн танихгүй ах дутуу баригдсан хашаанаас банз ачна гэсэн. Тэгээд Т бид хоёр тухайн танихгүй ахыг дагаад барилгын хашаа руу ороод бөөгнүүлж хураасан банзнаас 8 ширхэг аваад хойд талын хашааны буланд аваачиж тавьсан. Танихгүй ах доогуур нь нүх гаргаад тухайн нүхээр нь банзнуудыг гаргасан. Т бид хоёр тухайн банзнуудыг машин дээр ачиж байсан чинь цагдаа нар хүрээд ирсэн. ...Би хулгай хийж байна гэж ер нь бол гадарлаж байсан...” /1хх 48/,

насанд хүрээгүй гэрч Э.Т “...архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй ирээд Төлөхан ахтай уулзсан. Тэгээд тухайн танихгүй ах нь Ганбаяр бид хоёрыг дутуу баригдсан барилгын хашаа руу хамт оръё энэ дотроос банзнууд ачна гэж хэлсэн. Тэгээд хашаа руу нь хамт орсон чинь дутуу баригдсан барилгын ар хэсэгт хашааны дотор хураасан банзнууд байсан. 8 ширхэг банзыг зөөгөөд хашаанд тулгаад тавьсан чинь тухайн танихгүй ах хашааны доод хэсгээр жижиг нүх гаргаад тухайн нүхээр нь банзнууд гаргаж байсан. Тэгээд Г бид хоёрыг цаашаа гараад тухайн нүхээр гаргасан банзнуудыг машин дээрээ ачиж бай гэж хэлээд бид хоёр машин руу зөөж байсан чинь цагдаа нар ирээд аваад явсан. ...Би хулгай хийж байна гэж ер нь бол гадарлаад ах Төлөханаас асуусан чинь Төлөхан ах энэ танихгүй ах чинь мэдэж байгаа байлгүй дээ гэх хариулт өгсөн...” /1хх 52/,

Ё.Б  яллагдагчаар өгсөн: “...харсан банзнаас авч хашаандаа ашиглая гэж бодоод тухайн газар очиж харчихаад ачаа ачдаг хүн рүү утсаар залгаж дуудсан. Тухайн хүнд хэдэн банз ачаад зөөгөөд хөлсийг нь өгнө гэж хэлсэн. Удалгүй тухайн ачаа ачдаг хүн машинтайгаа ирсэн. Би хашаа руу ороод тухайн банзнуудыг хашаанаас гаргаад цаанаас нь тухайн ачааны машины жолоочтой хамт ирсэн хоёр хүүхэд машин дээр зөөж тавьсан. Тэгээд байж байсан чинь цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан...” /1хх 52/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

Ё.Б нь Хан-Уул дүүргийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” ХХК-ийн тусгайлан хашсан байсан талбай руу 2023 оны 5 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, төмөр хашааны доод хэсгийг эвдэж зай гарган 18 см өргөнтэй, 400 см урттай, 5 см өндөртэй 8 ширхэг 176.000 төгрөгийн үнэ бүхий банз модыг зөөж, хулгайлахыг завдсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.

Прокуророос “...хулгайлах гэмт үйлдэл хийхэд хялбарчлах зорилгоор машин механизм бэлтгэж, ашигласныг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон дүгнэлт хийж чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.” гэх эсэргүүцэл, шүүгдэгч Ё.Б  өмгөөлөгч Э.Шинэцэцэгээс “...тусгайлан хамгаалах байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хүн амьдрах орон байр, үйлчилгээний танхим, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба уг гэмт хэргийн тухайд үйл ажиллагаа явуулж байхдаа тусгайлан хамгаалсан хашаанд зөвшөөрөлгүй нэвтэрч улмаар хашааг дотроос нь эвдэн бусдын эд хөрөнгийг авч буй шүүгдэгчийн үйлдэл нь хууль бус нэвтрэлтийн шинж чанарыг илт агуулжээ.

Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог.

Гэмт хэрэг үйлдэх үе шат гэж гэмт санаа бодлоо илэрхийлэхээс эхэлж, түүнийгээ бодит байдлаар хэрэгжүүлэхээр бэлтгэх, гэмт хэрэг үйлдэж эхлэх, үйлдэж дуусгах /төгсгөх/ гэсэн хэд хэдэн тодорхой дэс дараатайгаар хэрэгжүүлж буй гэмт үйл ажиллагааны үйл явц юм.

Гэмт хэрэгт завдах гэж гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл буюу эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн гэм буруутай этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй, өөрөөр хэлбэл тодорхой гэмт хэргийн объектив талыг хэрэгжүүлж эхэлсэн боловч хүссэн хор уршиг нь учраагүй байхыг хэлнэ.

Тодруулбал, завдалт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай хохирол, хор уршиг буй болоогүй буюу эсхүл гэмт хэрэг төгс үйлдэгдэхэд зайлшгүй шаардагдах бүх үйлдэл бүрэн гүйцэд хийгдээгүй байдгаараа төгссөн гэмт хэргээс ялгагдана.

Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч Ё.Б нь Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “....” ХХК-ийн тусгайлан хашсан байсан талбай руу 2023 оны 5 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, төмөр хашааны доод хэсгийг эвдэж зай гарган 18 см өргөнтэй, 400 см урттай, 5 см өндөртэй 8 ширхэг 176.000 төгрөгийн үнэ бүхий банз модыг зөөж, машинд ачиж байхад нь цагдаагийн алба хаагч дуудлагын дагуу ирснээр түүний хууль бус үйлдлийг таслан зогсоосон болох нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Харин автомашин ашиглан зөөж тээвэрлэсэн үйлдэл бүрийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулах нь Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцэхгүй бөгөөд хэргийн нөхцөл байдлыг харгалзан ялгамжтай хэрэглэх нь зүйтэй.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ өөрийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас туйлдаа хүргээгүй төгсгөсөн буюу банзыг гаргаж ирж машинд ачсан үйлдлийг машин механизм ашиглаж үйлдсэн хэмээн дүгнэх үндэслэлгүй юм.

Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж гэдэгт бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хялбарчлах, дөхөм болгохын тулд машин механизмыг зориулалтынх нь дагуу ашиглаж хэрэглэснийг ойлгоно.

Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ автомашинаараа ямар нэгэн саадыг арилгаагүй, тийм зорилго агуулаагүй, хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизмыг ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үздэггүй ба хэрэгт авагдсан баримтууд болох:

 Гэрч Б.Т “...Баадай гэх хүн над руу ..... гэсэн дугаараас залгаад ...ачаа ачуулъя гэж хэлсэн. Тэгээд надаас гүрүүшиг хийчих хүн байна уу гэхээр нь хамаатны хоёр дүүгээ гэрээс нь аваад нөгөө залуутай ...уулзсан. ...Тухайн Баадай гэх ах цаанаас банзыг гаргаж хашааны нүхээр банзыг зөөх гээд Ганбаяр, Жижигээ гэх хоёр дүү хашааны доогуур гаргаж өгсөн банзнуудыг машин дээр тавьж байсан чинь удаагүй цагдаа нар ирсэн. ...Өөрийнхөө эд зүйлсийг авч байна л гэж бодсон юм. Тухайн үед би ачихаас өмнө янз бүрийн хулгайн эд зүйл биш биздээ гэсэн чинь бишээ гэж хэлсэн юм. Би Баадай гэх хүнээс хаалгаар нь орж ачихгүй юм уу гэсэн чинь ойрхон энэ газраар гаргачихъя л гэж хэлсэн...”,

насанд хүрээгүй гэрч Г.Г “...Танихгүй ах доогуур нь нүх гаргаад тухайн нүхээр нь банзнуудыг гаргасан. Төрбат бид хоёр тухайн банзнуудыг машин дээр ачиж байсан чинь цагдаа нар хүрээд ирсэн...”,

насанд хүрээгүй гэрч Э.Т “...Төлөхан ах над руу утсаар залгаад ажилд буюу грушигт явах уу юм уу гэхээр тэгье гэж хэлсэн. ...Г бид хоёр дутуу баригдсан барилгын хашаа руу  хамт оръё энэ дотроос банзнууд ачна гэж хэлсэн. ...8 ширхэг банзыг зөөгөөд хашаанд тулгаад тавьсан чинь тухайн танихгүй ах хашааны доод хэсгээр жижиг нүх гаргаад тухайн нүхээр нь банзнууд гаргаж байсан. Тэгээд Ганбаяр бид хоёрыг цаашаа гараад тухайн нүхээр гаргасан банзнуудыг машин дээрээ ачиж бай гэж хэлээд бид хоёр машин руу зөөж байсан чинь цагдаа нар ирээд аваад явсан...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Ё.Б нь үнэ хөлсийг тохирч машинд нь банз ачиж байх үедээ цагдаагийн байгууллагын албан хаагчдад баригдсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ё.Б г хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй буюу машин механизм ашигласан гэх шинжийг хангахгүй байна гэснийг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ё.Б г тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

 

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай нийцэж, тохирсноор Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангана.

 

Шүүгдэгч Ё.Б үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдлын тухайд анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокуророос гаргасан эсэргүүцэл, шүүгдэгч Ё.Б  өмгөөлөгч Э.Шинэцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч Ё.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 83 хоног цагдан хоригдсон байгааг дурдаж байна.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Ё.Б  өмгөөлөгч Э.Шинэцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б  2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 83 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН