Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01340

 

 

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01340

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/01142 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Б, Ц.Т, Ц.О нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 42 704 761 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц , Г.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц.Б, Ц.Т нар нь Х ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1570011414 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 22 500 000 төгрөгийг жилийн 29,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгө зориулалтаар авсан.

Зээлдэгчийн хүсэлтээр 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр доорх гэрээний нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Үндсэн гэрээний дагуу олгосон 22 500 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 22 498 000 төгрөг болно. Үндсэн гэрээний дуусах хугацааг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 36 сарын хугацаатай сунгасан.

Энэхүү нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор үндсэн гэрээний 1 дүгээр хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарийг энэхүү нэмэлт, өөрчлөлтийн хавсралт 1-ийн дагуу өөрчилсөн.

Зээлдэгч нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш үндсэн зээлд 26.13 төгрөг, зээлийн хүүд 1 870 073.87 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар нь 1570013883 тоот дансанд зээлийг 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зээлээ төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1208 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Х ХХК нь удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг зээлдэгч нараас шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч нар биелүүлээгүй. Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1570003269-01 дугаар баталгаат ипотекийн гэрээгээр дараах хөрөнгийг барьцаалсан.

Үүнд Ц.О, Д.Э нарын өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 10 дугаар байр 16 тоот хаягт байршилтай 19 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн Ү-2202002314 дугаар гэрчилгээтэй орон сууц, мөн барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1570011414-01 тоот барьцааны гэрээгээр дараах хөрөнгийг барьцаалсан. Ц.Бын өмчлөлийн, 8875 УНО улсын дугаартай, цагаан өнгийн, АСМ215035049 арлын дугаартай Тоёото Ипсум /Тоуоto Ipsum/ маркийн автомашин болно. Орон сууц болон автомашин болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн зүгээс Ц.От холбогдох орон сууцаар болон автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа тус тус татгалзаж байна. Иймд нэхэмжпэлийн үлдэх хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б, Ц.Т нар анх 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан. Тухайн зээл өнөөдрийг хүртэл бүрэн төлөгдөөгүй үргэлжилж байгаа. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өмнөх зээлийн гэрээг шинэчлээд Ц.Бын хүсэлтийн дагуу зээлийн гэрээ байгуулсан.

Ц.Б нь 2014 оны 3 дугаар сараас бусдын биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож, шалгагдаж, цагдан хоригдож байгаад 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр буюу 3 жилийн дараа холбогдолгүй болохыг нь тогтоож, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Уг хугацаанд Ц.Бын бизнес, ажил амьдрал сүйрч зээлийн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Тухайн үед банкны зээлийг төлөх боломжгүй болсон тухайгаа Х ХХК-д мэдэгдсэн байдаг. Энэ ч үндэслэлээр 2016 онд зээлийн гэрээг 36 сарын хугацаатайгаар сунгасан. Ц.Б нь Х ХХК-иас 2013 онд авсан зээлээ төлж байсан бөгөөд энэ төлөлтүүдийн ихэнхийг зээлийн үндсэн хүүнд авсан байгаа. Ц.Т бол хамтран зээлдэгч учраас шууд зээлийн төлбөрийг төлөх үүрэггүйгээс гадна нөхөр Ц.Быг хэрэгт холбогдсон үед ар гэрээ авч явж байсан.

Ц.О нь Барьцаалуулагчийн батлах мэдэгдэл-д гарын үсэг зураагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан буюу Ц.От холбогдох шаардлагаасаа татгалзсан тул энэ талаар тайлбар гаргах шаардлагагүй. Хариуцагч Ц.Б нь үндсэн зээл 22 498 000 төгрөгийг төлөх хугацааг тохиролцвол төлнө гэж хүлээн зөвшөөрдөг гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ц.Б, Ц.Т нараас 40 613 498 /дөчин сая зургаан зуун арван гурван мянга дөрвөн зуун ерэн найман/ төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 091 262 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч "Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н нь үүргийн гүйцэтгэлийг барьцааны Чингэлтэй дүүрэг, 03 дугаар хороо, 02 дугаар хороолол, 40 мянгат, 10 байр, 16 тоот орон сууц, 8875 УНО улсын дугаартай Тоуоto Ipsum маркийн автомашин зэргээр хангуулах шаардлага, Ц.От холбогдох нэхэмжлэлээс татгалзсныг баталж, Ц.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441 674 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б, Ц.Т нараас 361 017 /гурван зуун жаран нэгэн мянга арван долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2-т зааснаар шууд дүгнэжээ. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 22 497 973 төгрөг, хүү 18 115 524 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 091 262 төгрөг, нийт 42 704 761 төгрөгийн гэрээний үүрэг биелүүлэх шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нар тухайн зээлийн гэрээний үндсэн төлбөрийг төлөх талаар ямар нэгэн байдлаар маргаагүй. Харин нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1570011414 тоот зээлийн гэрээний дагуу гаргасан бөгөөд энэ хэргийг шийдвэрлэхэд тухайн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ мөн эсэх талаар шүүх зөв дүгнэлгүйгээр шууд талуудын байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ мэтээр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь шүүх хариуцагч нарын өөртөө шилжүүлэн аваагүй мөнгийг хүүгийн хамт төлөх шийдвэр гаргасан нь банк тухайн мөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байхад тус маргаан бүхий зээлийн гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд хариуцагчийн гаргасан тайлбарыг үл хэрэгсэж, тухайн гэрээг хүчин төгөлдөр эсэхийг дүгнэлгүйгээр дээрх шийдвэрийг гаргасан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Түүнчлэн шүүхээс нэхэмжлэгч эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээлийн төлбөрт хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна гэж дүгнэжээ. Хариуцагч нарт олгогдсон гэх зээл нь дансаар олгогдож уг зээлийг хариуцагч нар хэрэглэж байсан зүйл байхгүй, харин, өмнө нь байгуулагдсан гэрээний үлдэгдэл байсан тиймээс шүүх энэхүү хэргийг шийдвэрлэхдээ талуудын тайлбаруудын нэг цэгт огтолцож байгаа хэсгийг хэрэгсэлгүй, шийдвэр гаргасан нь хэргийг үнэн зөв, үнэнд ойрхон шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс мөн хариуцагч Ц.Быг эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас төлбөрийн чадваргүй болсон гэх нөхцөл нь зээлийн төлбөрийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм гэж дүгнэсэнтэй хариуцагчийн зүгээс маргахгүй боловч бид зээлийн үндсэн төлбөрийг буцаан төлөхгүй гэж маргаагүй. Зээлийн үүргээс чөлөөлөгдье гэсэн тайлбар нэг удаа ч хийгээгүй.

Харин Ц.Бын хүндэтгэн үзэх шалтгаан нь зээлийн хүүнээс хасуулах, улмаар чөлөөлөгдөх үндэслэл байж болохоор юм. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийг зээлийн төлбөрийг шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй байна гэдгийг нэгэнт дүгнэсэн мөртлөө хариуцагч нарт үүссэн зээлийн хүүгийн төлбөрийг багасгаж ч өгөөгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ц.Б, Ц.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42 704 761 төгрөг гаргуулах, барьцааны эд хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 03 дугаар хороо, 02 дугаар хороолол, 40 мянгатын 10 дугаар байрны 16 тоот орон сууц болон Тоёото Ипсум /Тоуоto Ipsum/ маркийн 88-75 УНО улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1570003269 тоот зээлийн гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийн зээлээс 28 181 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг шинэчлэн тогтоож, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр 40 000 000 төгрөгийн зээлийг хааж, уг өдөр 28 829 878.78 төгрөгийн зээл олгосноор гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар тохиролцсон байна.

 

Талууд дээрх зээлийн гэрээний үлдэгдэл 28 829 878.78 төгрөгийг зээл төлснөөр хааж, Х ХХК нь Ц.Б, Ц.Т нарт 22 500 000 төгрөгийг жилийн 29.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлсэн гэж 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1570011414 тоот зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус өдөр Ц.Бын эзэмшлийн Тоёото Ипсум /Тоуоto Ipsum/ маркийн 88-75 УНО улсын дугаартай автомашиныг барьцаалсан барьцааны гэрээ тус тус байгуулжээ. /хх-6-12, 106-107 тал/

 

Зохигчид зээлийн гэрээний үлдэгдэл 22 500 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлснөөр хааж, 22 498 000 төгрөгийн зээл олгосноор 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дээрх 1570011414 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 22 500 000 төгрөгийн үлдэгдэл 22 498 000 төгрөгийн зээлийн гэрээг 36 сарын хугацаагаар сунгаж, зээл эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөхөөр тохирсон гэрээ байгуулжээ. /хх-14, 108-109 тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Талууд дээрх барьцаат зээлийн гэрээний дагуу 40 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй, харин 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1570003269 дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр 22 498 000 төгрөгийг бодитойгоор шилжүүлэн өгөөгүй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй, үндсэн зээлийн үлдэгдэл 22 498 000 төгрөгийг төлнө гэж хариуцагч маргаж байна.

 

Дээрх зээлийн гэрээ, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүд, Х ХХК-ийн дансны хуулгууд, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл 40 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 28 181 000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлснөөр хааж, мөн өдөр 28 181 000 төгрөгийн зээл олгосноор зээлийн гэрээ байгуулж, уг мөнгөн хөрөнгийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлснөөр хааж, мөн өдөр 22 500 000 төгрөгийн зээл олгосноор зээлийн гэрээ байгуулж, уг мөнгөн хөрөнгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлснөөр хааж, мөн өдөр 22 498 000 төгрөгийн зээл олгосноор зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийн гэрээний дагуу 22 498 000 төгрөгийг бодитойгоор шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн тооцооллын алдааг дараах байдлаар залруулж хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 22 458 000 төгрөгийг төлнө гэж зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18 115 498 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Мөн шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н нь барьцаа хөрөнгө болох Ц.О, Д.Э нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 02 дугаар 40 мянгатын 10 дугаар байрны 16 тоот орон сууц болон Ц.Бын эзэмшлийн Тоёото Ипсум /Тоуоto Ipsum/ маркийн 88-75 УНО улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай болон хариуцагч Ц.От холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дах хэсэгт заасны дагуу баталж шийдвэрлэсэн зөв боловч барьцааны гэрээний нэг тал болох Ц.Бд холбогдох хэсгийг орхигдуулсныг зөвтгөж найруулгын өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/01142 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б, Ц.Т нараас 22 458 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 18 155 498 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК нь Ц.О, Д.Э нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо 2 дугаар 40 мянгатын 10 дугаар байрны 16 тоот орон сууц, Ц.Бын эзэмшлийн Тоёото Ипсум /Тоуоto Ipsum/ маркийн 88-75 УНО улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болон Ц.От холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, Ц.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 3 дах заалтын 361 017 /гурван зуун жаран нэгэн мянга арван долоо/ гэснийг 270 240 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Ц.Баас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 527 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ