| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 175/2017/0064/Э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2018-03-14 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 66
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Нямдэлэг
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлсэн Бордууд овогт Буйманжавын Тэгшээд холбогдох 1831000000030 дугаартай хэргийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын * дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бордууд овогт Буйманжавын Тэгшээ /РД: ОД66051516/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Тэгшээ нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3-р баг замын хажууд гээгдэл эд хөрөнгө болох “Гацуурт” ХХК-ийн хуйлсан өвсийг “Гацуурт” ХХК-ийн өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас “Гацуурт” ХХК-д 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Б.Тэгшээгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн....Мэдүлэг өгөхгүй гэв.
2.Хохирогч П.Алтантөгсийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2017 оны 12 сарын 08-ны өдөр ажил дээрээ байж байхад харуулын ахлах С.Жаргалсайхан ирээд Тийрэг талбай дээр байсан 1 боодол урлон өвсийг 60-66 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад явчихлаа гэхээр нь би цуг яваад нөгөө айлын өвөлжөөн дээр очиход 60-66 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч эхнэртэйгээ цуг байсан. Харин манай талбай дээрээс авсан нэг боодол урлон өвсийг задалчихсан өвөлжөөн дээрээ гаргаж байхаар нь би юу ч хэлээгүй зургийг нь аваад явах гэтэл “замд нэг өвс байхаар нь авчихсан юмаа буруудчихлаа” гэхээр нь хэлдэг газар нь хэлээд шалгуулна гээд явсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/
3.Гэрч С.Жаргалсайханы 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Намайг 2017 оны 10 сарыни 08-ны орой 20 цагийн үед харуул Эрдэнэбатын хамт мотоцикльтэй “Баяндулаан уул” ХХК-ний тариан талбайд гэрэл харагдахаар нь бид хоёр мотоцикльтэй гэрэл гарч байсан машины араас очиход малчин Намсрайжавын өвөлжөөний хашааны хажууд 2 ширхэг малын тэжээл болох урлонийг буулгаад цаашаа явсан ба бид хоёр мотоцикльтэй араас нь гүйцээгүй ба өвөлжөөний эзэн байх гэж бодоод орхиод 2 ширхэг урлон өвсийг тариан талбай дээр ажиллаж байсан тракторын жолооч Амаржаргалыг дуудаж ачуулсан. Тэрнээс өмнө 2-3 хоногийн өмнө 2017 оны 10 сарын 5-ны үеэр санагдаж байна. Намайг ганцаараа тариан талбай эргээд явж байхад Тийрэгийн баруун талд тариан талбай дээр 1 ширхэг малын тэжээл урлон өвс байсныг 60-66 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ачиж аваад мадлын өвөлжөөн дээрээ буулгаж задалсан байсныг салбарын дарга Алтантөгсөд мэдэгдэж дуудан бид хоёр хамт очиж өвөлжөөний зураг, машин болон жолооч нарын зургийг авсан ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/
4.Гэрч Л.Уртнасангийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Би 2017 оны 10 арын 08-ны өдөр бүдүүний гүүрний арын өвөлжөөн дээр бууц овоолж байхад манай нөхөр өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн 60-66 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирэхдээ ар талынхаа тэвшин дээр нэг боодол урлон өвс ачсан байсан. Манай нөхөр надад хэлэхдээ замаасаа олсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөртэйгээ нийлээд нөгөө өвсийг шинэ өвөлжөөн дээрээ гаргаж дээвэр дээр тавьж байх үед нэг цагаан машинтай эмэгтэй хүрч ирээд ямар нэгэн үг хэлллэг хэлэлгүй зураг аваад явах гэж байхаар нь би “та ямар учиртай хүн бэ? Яагаад зураг аваад байгаа юм” гэсэн чинь нөгөө эмэгтэй надад хэлэхдээ “би таньтай яриад байх юм байхгүй, та наад үгээ хэлдэг газар нь хэлээрэй” гэж хэлчихээд яваад өгсөн....гэх мэдүүлэг /хавтас хэргийн 21-22 дугаар хуудас/
5.Гэрч Ц.Батбаярын 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Б.Тэгшээтэй 2017 оны 10 сарын 08-ны өдөр гэрээ нүүлгэж явж байгаад тааралдсан юм. Тэр үед Тэгшээ өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дээр “Гацуурт” ХХК -ний тариан талбайны цементэн хашааны, замын хажууд задарсан байсан урлон өвсийг ачиж явж байгаад эхнэр бид хоёртой тааралдсан. Миний мэдэж байгаагаар тухайн задарсан урлон өвс нь замын хажууд 7 хоног байсан. Би яаж мэдэж байгаа вэ гэхээр манай мал “Гацуурт” ХХК-ний тариан талбайд ороод хашигдаж байсан юм. Тэгээд намайг малаа авах гээд явж байхад замд тухайн урлон өвс нь задарсан чигтээ байж байдаг байсан. Мөн Тэгшээ нь надтай тааралдахдаа урлон өвс олоод ачсан гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/
6.Гэрч Д.Цэнд-Аюушийн 2018 онгы 02 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2017 оны 10 сарын 08-ны өдөр би өөрийн нөхөр Батбаярын хамтаар гэрээ нүүлгэж явж байгаад Б.Тэгшээтэй таарлдсан юм. Тэр үед Тэгшээ нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дээр “Гацуурт” ХХК-ийн тариан талбайн цементэн хашааны хажууд байсан урлон өвсийг ачаад явж байна гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/
7.Гэрч У.Батнямын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... С.Жаргалсайхан ах бид хоёр цуг явж байхад цэнхэр өнгийн маши н цементэн хашаатай тариан талбай, замын хажуу талаас урлон өвс ачиж байсан. Тэр үед Жаргалсайхан ах намайг цуг явчихаад ирье гэхээр нь мотоцикльтой араас нь тухайн цэхнэр өнгийн машин дээр очиход Тэгшээ ах ганцаараа байсан бөгөөд Жаргалсайхан ах Тэгшээ ахын машины гэрчилгээг аваад наад өвсөө буулгад яах вэ гэж хэлээд Тэгшээ ахын бичиг баримтыг буцааж өгсөн. Тэгээд Жаргалсайхан ах бид хоёр буцаад явсан ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/
8.“Ашид Билгүүн” ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн үнэлгээ тогтоосон баримт /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/
9.Шүүгдэгч Б.Тэгшээгийн 2018 оны 1 сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн...Би 2017 оны 10 сарын 8-ны өдрийн 14 цагийн үед өөрийн эзэмшлийн 60-66 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй намаржааныхаа гэрээс өвөлжөө рүүгээ явж байх замдаа “Гацуурт” ХХК-ийн 2 дугаар хаалганы хойд талд тариан талбайн хажууд 1 боодол урлон өвс байхаар нь тухайн өвсийг ганцаараа тээврийн хэрэгслийнхээ тэвшин дээр ачаад өвөлжөөн дээрээ очоод буулгаж байхад миний араас “Гацуурт” ХХК-ийн 2 хүн ирээд зураг араад байсан. Тэгэхээр нь “танай энэ өвсийг чинь буцаагаад өгье” гэсэн чинь хэлдэг газар нь хэлж шалгуулна гээд яваад өгсөн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,
10.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 42-45 дугаар хуудас/
11.Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн / хавтаст хэргийн 7-12 дугаар хуудас/
12.Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/
13.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын
талаар шүүхээс өгөх дүгнэлт:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Буйманжавын Тэгшээг 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3-р баг замын хажууд гээгдэл эд хөрөнгө болох “Гацуурт” ХХК-ийн хуйлсан өвсийг “Гацуурт” ХХК-ийн өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас “Гацуурт” ХХК-д 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй, харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Тэгшээ нь 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3-р багийн нутаг дэвсгэрт төв замын хажууд байсан “Гацуурт” ХХК-ийн хуйлсан өвсийг “Гацуурт” ХХК-ийн өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас “Гацуурт” ХХК-д 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын үйлдсэн тогтоол болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6-д заасан хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.
Гэмт хэрэг гарахад байгууллагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанарыг харгалзан Б.Тэгшээд Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж Шүүх үзлээ.
Б.Тэгшээгийн эзэмшлийн 60-66 СЭА улсын дугаартай, N.Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилснийг чөлөөлж шүүгдэгчид буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 1.300.000 /нэг сая, гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Тэгшээгээс гаргуулан улсын орлогод оруулах, энэ ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтоох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.
Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Бордууд овогт Буйманжавын Тэгшээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Буйманжавын Тэгшээд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авахаар тогтсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулахар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Ялтан Б.Тэгшээ нь уг гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хэрэгт битүүмжилсэн Б.Тэгшээгийн эзэмшлийн 60-66 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ялтанд буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 1.300.000 /нэг сая гурван зуун мчнга/ төгрөгийг Б.Тэгшээгээс гаргуулан улсын орлогод оруулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийншийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ