| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0106/З |
| Дугаар | 128/ШШ2025/0635 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2025/0635
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц., Ц., Б.,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж., В.
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1 дугаар захирамж нь хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин, иргэдийн төлөөлөгч Ч.Т*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., Ц., Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., В. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо "Орон сууцны 7 дугаар хороолол" орчим *******-1 багц "Ё" хэсэгчилсэн талбайд, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо "Орон сууцны 7 дугаар хороолол орчим *******-1 багцын "В, Д, Й, К, Г хэсэгчилсэн талбайд, 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо "Орон сууцны 14 дүгээр хороолол" орчим *******-2 багцын "В" хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр ХХК-ийг шалгарсныг батламжилж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрхийг олгожээ.
1.2. ХХК нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш Сүхбаатар дүүрэг "Орон сууцны 7 дугаар хороолол" орчим Г, Ё, В, К, Й хэсэгчилсэн талбайд хамрагдах нийт 630 нэгж талбарын 500 гаруй нэгж талбартай гэрээлж, үүний 90 орчим хувийг компанийн хөрөнгөөр бүрэн чөлөөлж иргэдийг орон сууцанд оруулж, 1.2 км авто зам, 600 хүүхдийн дунд сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 4226 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Мөн Баянзүрх дүүргийн Орон сууцны 14 дүгээр хороолол орчим *******-2 багцын В хэсэгчилсэн талбайд газар чөлөөлж, орон сууц ашиглалтад орсон.
1.3. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Захирамж, тушаал, гэрээг хүчингүй болгуулах тухай” ******* дугаар албан бичгээр “... ХХК-д мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй тухай, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, ХХК хооронд 2010 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Утаагүй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 10000 айлын орон сууцны хороолол барьж байгуулах тухай гэрээний 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар холбогдох арга хэмжээ авч ирүүлэх”-ийг нийслэлийн Засаг даргад мэдэгдсэн.
1.4. Хяналтын хорооны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийдвэрээр ХХК-ийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан 2013 оны ******* дугаар захирамж болон 2014 оны ******* дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн.
1.5. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Орон сууцны VII хороолол орчим *******-1 багцын В, Й, К, Г, Ё, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол орчим *******-2 багцын В хэсэгчилсэн талбайд тус тус гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч ХХК-ийн эрхийг цуцалжээ.
1.6. ХХК-иас дээрх захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “...захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариу өгсөн.
1.7. Нэхэмжлэгчээс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1 дугаар захирамж нь хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч ХХК тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:
“ XXK нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн сонгон шалгаруулалтад оролцож, шалгарч нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ******* тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 11-р хороо "Орон сууцны 7-р хороолол" орчим *******-1 багц "Ё" хэсэгчилсэн талбайд, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/664 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо "Орон сууцны 7-р хороолол орчим *******-1 багцын "В, Д, Й, К, Г хэсэгчилсэн талбайд, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 сарын 29-ний өдрийн ******* тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 14-р хороо "Орон сууцны 14-р хороолол" орчим *******-2 багцын "В" хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр тус тус сонгогдож Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд төслийн удирдах хорооны дарга болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч баталгаажуулан батламжилж Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч болсон.
Төсөл хэрэгжүүлснээс хойш нийт 11 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгарснаас хойш бодит, үр дүнтэй нүдэнд ил харагдахуйц үйл ажиллагаануудыг хийсэн. Нийт 50 га орчим төслийн талбайд иргэний өмчлөл, аж ахуйн нэгжийн эзэмшлийн газруудыг шинээр төлөвлөн төлөвлөлтийн зураг хийж, орон сууц, авто зам, сургууль цэцэрлэг, эмнэлэг, худалдаа үйлчилгээ зэргийг багтаасан иж бүрэн цогцолбор хороолол бий болгохоор зорин ажилласан.
Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүрэг "Орон сууцны 7-р хороолол" орчим "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл"-ийн Г, Ё, В, К, Й хэсэгчилсэн талбайд хамрагдах нийт 630 нэгж талбарын 500 гаруй нэгж талбартай гэрээлж, үүний 90 орчим хувийг өөрийн хөрөнгөөр бүрэн чөлөөлж иргэдийг орон сууцанд оруулж, Үүний үр дүнд уг чөлөөлөгдсөн төслийн талбайд өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 1.2 км авто зам, 600 хүүхдийн дунд сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2520 айлын орон сууцыг бүрэн ашиглалтад оруулсан ба төслийн талбайд хамрагдах газар өмчлөгч эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран бүрэн шинжилгээний лаборатори бүхий хэвтэн эмчлүүлэх эмнэлэг, 1454 айлын орон сууцны барилга, 5 давхар үйлчилгээний барилга зэргийг бүрэн ашиглалтад оруулсан байна. 2022, 2023 онуудад 2100 айлын орон сууц, 920 хүүхдийн дунд сургууль, хороолол дундах 2-р ээлжийн 1.5 км урт авто зам зэргийг бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Энэхүү ажлыг төслийн блок тус бүрээр авч үзвэл, Й блокт 795 айлын орон сууц, 300 хүүхдийн сургууль цэцэрлэгийн цогцолбор, шинжилгээ лаборатори бүхий хэвтэн эмчлүүлэх эмнэлэг зэрэг ашиглалтад орсон. 2022-2023 онд 448 айлын орон сууц ашиглалтад орсон.
Г блокт: 720 айлын орон сууц бүрэн ашиглалтад орсон. 2022-2023 онд 1350 айлын орон сууц ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй байсан үүний 50 хувиас илүү нь ашиглалтад орсон, үлдсэн нь 2024 оны 1, 2 дугаар улиралд ашиглалтад орох байх.
Ё блокт 591 айлын орон сууц, 7 давхар үйлчилгээний барилга, Ё, К блокт байрлах 300 хүүхдийн сургууль цэцэрлэг бүрэн ашиглалтад орсон. 2022-2023 онд 640 айлын орон сууцны барилга, 900 хүүхдийн дунд сургууль ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй бөгөөд 640 айлаас 200 гаруй айл нь ашиглалтад бүрэн орсон. 940 хүүхдийн дунд сургуулийн барилга барих гээд ерөнхий төлөвлөгөөнд албан ёсоор тусгагдсан, 2024 онд ажил эхэлнэ.
К блокт 1656 айлын орон сууц, 5 давхар үйлчилгээний барилга бүрэн ашиглалтад орсон. 2022-2023 онд 5 давхар үйлчилгээний барилга барих төлөвлөгөөтэй.
В блокт 210 айлын орон сууцны барилга бүрэн ашиглалтад орсон. 2022-2023 онд үйлчилгээний барилга, 6 давхар 30 айлын пентхаус барих төлөвлөгөөтэй.
Барьж гүйцэтгэсэн барилгыг ашиглалтад оруулсан он бүрээр авч үзвэл, 2014 онд 288, 2015 онд 936, 300 хүүхдийн бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 2016 онд 216, 2017 онд 720, 2021 онд 300 хүүхдийн бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 2022 онд 360 айлын орон сууцыг тус тус ашиглалтад оруулсан. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороололд төслийн талбайд барилга баригдсан.
Газар чөлөөлөлтийн мэдээг блок тус бүрээр авч үзвэл, Й блокт 164 нэгж талбараас , Г блокт нэгж талбараас 105, Ё блокт 158 нэгж талбараас 140, К блокт 89 нэгж талбараас 75, В блокт 76 нэгж талбараас 40 нэгж талбартай гэрээлэн, газрыг чөлөөлсөн. Манай компани төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш орон сууцны бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалтыг тооцолгүйгээр зөвхөн газар чөлөөлөлтөд 35 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулжээ.
Гэтэл нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1 дугаар захирамжаар манай компанийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан 2013 оны ******* дугаар захирамж болон 2014 оны ******* дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Цуцлах үндэслэл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх батламжтай холбоотой биш буюу төсөл хэрэгжүүлэх батламжтай ямар ч холбоогүй.
Захирамжид Утаагүй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 7 дугаар хороололд 10,000 айлын орон сууцны хороолол барьж байгуулах тухай 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн Б заалтыг болон Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг үндэслэжээ.
Мөн Хяналтын хорооны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийдвэрээр ХХК-ийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан 2013 оны ******* дугаар захирамж болон 2014 оны ******* дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг Нийслэлийн Засаг даргад уламжлахдаа үндэслэсэн үндэслэл нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн "Захирамж, тушаал гэрээг хүчингүй болгуулах тухай ******* дүгээр албан бичгээр " ХХК-ийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй тухай, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ХХК-ийн нарын 2010 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Утаагүй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 10000 айлын орон сууцны хороолол барьж байгуулах тухай гэрээний 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан "төсөл хэрэгжүүлэгч, захиалагч 1 энэхүү гэрээнд заасан, биелүүлэх ёстой байсан тул Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийг баримтлан холбогдох арга хэмжээг авч үр дүнг ирүүлэхээр Нийслэлийн Засаг даргад хандсан, Барилга хот байгуулалтын яамны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Тайлбар хүргүүлэх тухай 3/2376 дугаар албан бичиг, тус албан бичгээр Утаагүй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 10,000 айлын орон сууцны хороолол барьж байгуулах гэрээний 3.1, 3.12.1-3.12.5 дахь, Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.1 дэх заалтыг баримтлан гэрээг дуусгавар болсон тухай тайлбарыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсэн.
Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны орон сууцны 7 дугаар хороололд В, Д хэсэгчилсэн талбайд ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай дугаар албан бичиг ирүүлснийг үндэслэжээ. Гэвч эдгээр үндэслэл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах үндэслэлд огт хамааралгүй юм. Учир нь манай компани нь сонгон шалгаруулалтаар орж гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан.
Тус 2010 оны гэрээг үндэслэж манай компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгараагүй юм. Мөн төсөл хэрэгжүүлэх эрхтэй ямар ч холбоогүй Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн саналаар, түүнчлэн 2010 оны гэрээний нэг тал гэх Барилга, хот байгуулалтын яам нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлд заасан Хамтран ажиллах гэрээг дуусгавар болсон гэх тайлбарыг үндэслэн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Тухайн 2010 онд байгуулагдсан гэрээг Барилга, хот байгуулалтын яам Хамтран ажиллах гэрээ гэж үзэж байгаа боловч Иргэний хуулийн 480 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ биш юм.
Мөн тус Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилга, хот байгуулалтын яам, ХХК-ийн хооронд 2010 онд байгуулагдсан гэрээний харилцаанаас үүссэн маргааныг иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх тусдаа асуудал болно. Өөрөөр хэлбэл, гэрээ болон төсөл хэрэгжүүлэх батламж хоёр тус тусдаа бие даасан өөр хууль, журмаар зохицуулагддаг, маргааны төрөл нь хүртэл өөр хоёр харилцаа билээ. Гэтэл нэг зүйл мэтээр өөрсдийн үзэмжээр дураараа тайлбарлаж, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах ямар ч үндэслэл бүрдээгүй байхад хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлан " " ХХК болон хэдэн зуун иргэнийг хохироосон, маш их хэмжээний үнийн дүнгийн хохирол, үр дагаварт хүргэсэн захирамж гаргасан байна.
ХХК-иас нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дугаартай гомдлыг Нийслэлийн Засаг даргад хандаж гаргасан боловч Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар албан бичгээр гомдлыг эс зөвшөөрч шийдвэрлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1 дугаар захирамж нь хууль бус болохыг тогтоож, захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2013 онд сонгон шалгаруулалтад орж, сонгогдон шалгарч Нийслэлийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамжаар Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, орон сууцны 7-р хороолол орчимд “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний 2013-1” багц “Ё” талбайд, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо орон сууцны 6-р хороолол орчимд “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2013- 1” багцын “В, Д, Й, К, Г” хэсэгчилсэн талбайд, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 14-р хороо, орон сууцны 14-р хороолол орчимд “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2013-2” багцын “В” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр тус тус шалгарсныг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар төсөр хэрэгжүүлэгчээр баталгаажуулан, Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагчаас батламж олгосон.
Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш төсөл хэрэгжүүлэх нийт 6 блок хамарсан 50 га төслийн талбайд иргэний өмчлөл, эзэмшлийн газруудыг шинээр төлөвлөж, төлөвлөлтийн зураг хийж, орон сууц, авто зам, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдаа үйлчилгээ зэргийг багтаасан иж бүрдэл бүхий хороолол бий болгохоор зорьж, ажиллаж эхэлсэн. Тухайн ажлын хүрээнд орон сууцны 7-р хороолол орчимд нийт 630 нэгж талбар багтдагаас 500 гаруй нэгж талбарыг гэрээлж, 90 орчим хувийн талбайг бүрэн чөлөөлсөн байдаг. Үүний үр дүнд чөлөөлөгдсөн төслийн талбайд эхний ээлжид 1.2 км авто зам, 600 хүүхдийн дунд сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2520 өрхийн орон сууцыг бүрэн ашиглалтад оруулсан. Төслийн талбайд газар өмчилж, эзэмшиж байгаа иргэн, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж орон сууцуудыг ашиглалтад оруулсан. Үүнтэй холбоотой “Й” блокын төслийн талбайд иж бүрэн шинжилгээний эмнэлэг барихаар хамтран ажилласан. Үүний хүрээнд “Сөүл” эмнэлэг баригдан иргэд аж ахуй нэгжүүд үйлчлүүлж байна.
Төслийн хүрээнд 1454 өрхийн орон сууцны барилга, 5 давхар үйлчилгээний барилыг бүрэн ашиглалтад оруулсан. Нэхэмжлэл гаргах үеэс хойш 2022, 2023 онуудад 2100 өрхийн орон сууц, 920 хүүхдийн дунд сургууль, хороолол дунд хоёрдугаар ээлжийн 1.5 км урттай авто зам зэргийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан. Одоогийн байдлаар нийт 5 блок талбайд 8000 орчим өрхийн орон сууц баригдаж, ашиглагдаж. Төлөвлөгөөнд суугдсаны дагуу 920 хүүхдийн дунд сургуулийн ажил тухайн маргаантай холбоотойгоор зогссон байгаа. Гэхдээ манай талаас тухайн асуудлыг шийдвэрлэхээр хөөцөлдөж явж байгаа.
Манай компани тухайн төслийг хэрэгжүүлснээс хойш орон сууцны бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалтыг тооцохгүйгээр газар чөлөөлөлттэй холбоотой хөрөнгөд 35 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1 дугаар марган бүхий захирамжаар манай компанийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан 2013 оны *******, 2014 оны ******* дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Цуцлах үндэслэл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн батламжтай холбоотой биш. Төсөл хэрэгжүүлэх батламжтай ямар ч хамааралгүй, эд 1000 өрхийн орон сууцны барилга барьж байгуулах тухай 2010 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн “б” заалт болон Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан Гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2-т заасныг үндэслэсэн байдаг.
Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хяналтын хорооны 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрээр “ ” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан дээрх *******, дугаартай захирамжуудыг хүчингүй болгож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг Нийслэлийн Засаг даргад уламжлахдаа үндэслэл болгож Авлигатай тэмцэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “захирамж, тушаал, гэрээг хүчингүй болгуулах тухай” ******* дугаар бичгээр “ ” ХХК-д мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй тухай Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, “ ” ХХК нарын 2010 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд барьж байгуулах 10000 айлын орон сууцны гэрээний 16-дугаар зүйлийн 16.1-д заасан төсөл хэрэгжүүлэгч, захиалагч энэхүү гэрээнд заасан биелүүлэх ёстой тул Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан холбогдох арга хэмжээг авч, үр дүн ирүүлэхээр Нийслэлийн Засаг даргад хандсан. Хоёрдугаарт Барилга, хот байгуулалт яамны 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тайлбар хүргүүлэх тухай 3/2376 дугаартай бичгээр Утаагүй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд орон сууц барьж, байгуулах гэрээний 3.1, 12.1- 12.5, Иргэний хуулийн 480.1-д заасныг баримтлан гэрээ дуусгавар болгосон тухай тайлбарыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсэн. Гуравдугаарт Хот байгуулалт хөгжлийн газрын орон сууцны 7 дугаар хороолол “В, Д” төсөл хэрэгжүүлэх талбайд “ ” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай дугаартай албан бичгийг үндэслэсэн байдаг. Гэтэл тухайн үндэслэл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн эрхийг цуцлах үндэслэлд хамаарахгүй байгаа. Учир нь нэхэмжлэгч компани тухайн төслийн үйл ажиллагаанд нийтийн санал асуулгаар сонгон шалгаруулалтаар орж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Тус 2010, 2012 оны гэрээг үндэслэн манай компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нь тухайн төслийн эрхийг аваагүй. Мөн төсөл хэрэгжүүлэх эрхтэй ямар нэгэн байдлаар холбоогүй Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн саналаар, түүнчлэн 2010 оны гэрээний нэг тал болох Барилга хот байгуулалтын яам нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлд заасан хамтран ажиллаа гэрээг дуусгавар болгосон гэх тайлбарыг үндэслэн төсөл хэрэгжүүлэх эрхийг дуусгавар болгосон. Өөрөөр хэлбэл гэрээ болон төсөл хэрэгжүүлэх батламж нь тус тусдаа Үүнийг сонгогдсон төсөл хэрэгжүүлэгч нь эрхийг гэрээний үндсэн дээр авсан гэж тайлбарладаг. Улмаар маргаан бүхий захирамжийг гаргасан. Манай талаас 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч тус асуудлаар шүүхэд ханд гэх хариу өгсөн. Улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1, 14.1.1, 14.1.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд манай төслийн эрхийг цуцалсан үндэслэл нь 2010 онд байгуулсан гэрээний үндсэн дээр эрхийг аваагүй тул Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч нийслэлийн Засаг дарга тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
“Засгийн газраас хөрсний бохирдол, утааны бохирдлыг бууруулах, арилгах, иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийн бүрдүүлэх, гэр хорооллын газрыг орон сууцжуулах зорилгоор орон сууцны 7, 14 дүгээр хороолол байгуулах үйл ажиллагаатай холбоотой холбогдох олон шийдвэрүүд гарсан байдаг. Үүнд:
УИХ-ын түвшинд:
Улсын Их хурлын 2009 оны 49 дүгээр тогтоолоор батлагдсан Зээлийн Ерөнхий хэлэлцээр, Сангийн яам, БНХАУ-ын банк хооронд байгуулсан Санамж бичиг, Засгийн газрын 2009 оны дугаар тогтоол, “Утаагүй Улаанбаатар" хөтөлбөр.
Яамны түвшинд:
Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2009 оны "Төсөл хэрэгжүүлэх" тухай дугаар тушаал
Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны “Төсөл хэрэгжүүлэх" тухай дугаар тушаал
Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны "Гэрээ байгуулах эрх олгох" тухай дугаар тушаал
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын "Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх тухай" хамтарсан 2012 оны 139- дүгээр тушаал, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, ХХК нарын хамтран байгуулсан "IIV дугаар хороолол болон МҮОНРТ орчмын хороололд 10,0 мянган айлын орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлэх тухай" ерөнхий 2010 оны дугаар гэрээ
Хамтарсан тушаал, захирамж:
Зам, тээвэр барилга, хот байгуулалтын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх тухай 139- дүгээр хамтарсан тушаал, захирамж
Нийслэлийн түвшинд:
НИТХТ-ын 2008 оны "Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг зөвшөөрч батлах тухай" 47 дугаар тогтоол
Нийслэлийн Засаг даргын 2013 оны ******* дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, орон сууцны 7 дугаар хороолол ХЕТ-2012-1 багц Ё блокт ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг батламжилсан.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны ******* дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, орон сууцны 14 дүгээр хороолол *******-2 багц В блокт " " ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг батламжилсан.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 2014 оны 30 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо, орон сууцны 7 дугаар хороолол ХЕТ-2012-1 багц В, Д, Й, Г, К хэсэгчилсэн талбайд ХХК- ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг батламжилсан.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны ******* дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо, орон сууцны 7 дугаар хороолол *******-1 багц В, д, й, к, г талбайд ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг батламжилсан.
Улмаар ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороололд 179 айлын орон сууц, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, орон сууцны 7 дугаар хороололд 4226 айлын орон сууц ашиглалтад оруулсан.
Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд хот, суурин газрыг дахин хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсөл хэрэгжүүлэгч өөрөө, банкны зээл болон бусад эх үүсвэрээр шийднэ, мөн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Төсөл хэрэгжүүлэхэд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга. газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч оролцсон гурван талт гэрээ байгуулна" гэсэн зохицуулалттай.
Гэтэл ХХК Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан гурван талт гэрээг байгуулаагүй.
Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1-т заасан эрх хэмжээний дагуу төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын хороо төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол санал хэлэлцэх эрхийн хүрээнд Хяналтын хорооны хурлаар 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар орон сууцны 7, 14 дүгээр хороолол буюу Сүхбаатар дүүрэг, Орон сууцны 7 дугаар хороолол, *******-1 багцын "Ё" хэсэгчилсэн талбай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороолол орчим *******-2 багцын "В" блокт, Сүхбаатар дүүрэг, Орон сууцны 7 дугаар хороолол, *******-1 багцын "В, Й, К, Г" хэсэгчилсэн талбай" дэх төслийн явцыг хэлэлцсэн.
Хяналтын хорооны хуралд нэхэмжлэгч төслийн явцын талаар товч мэдээлэл өгсөн бөгөөд мөн Хот байгуулалт хөгжлийн газрын 2022 оны дугаар албан бичгээр "В, Д" хэсэгчилсэн талбайд ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрх цуцлах тухай хүсэлт, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Захирамж, тушаал гэрээг хүчингүй болгуулах тухай ******* дүгээр албан бичигтэй холбоотой асуудлыг хэлэлцээд ХХК-ний төсөл хэрэгжүүлэх санхүүжилтийн асуудалтай холбоотой үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинж чанартай тухай Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ирүүлсэн мэдээлэл үндэслэлтэй байна гэж үзсэн. Хяналтын хорооны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрээр "Нийслэлийн Засаг даргын 2013 оны ******* дугаар захирамжаар Сүхбаатар дүүрэг, Орон сууцны 7 дугаар хороолол, *******-1 багцын "Ё" хэсэгчилсэн талбай, Нийслэлийн Засаг Даргын 2013 оны ******* дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороолол Орчим *******-2 багцын "В" блокт, Нийслэлийн Засаг даргын 2014 оны ******* дүгээр Захирамжаар Сүхбаатар дүүрэг, Орон сууцны 7 дугаар хороолол, *******-1 багцын "В, Й, К, Г" хэсэгчилсэн талбайд тус тус төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсан “ Групп" ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг Нийслэлийн Засаг даргад уламжлахыг Нийслэлийн Орон сууцны бодлогын газарт даалгаж" шийдсэн.
Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын 2022 оны , , дугаар албан бичгүүдээр Хяналтын хорооны хуралд ирэх, тайлбар мэдээ ирүүлэх талаар албан бичиг хүргэсэн.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугар сарын 06-ны өдрийн А/1 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны ******* дугаар захирамжаар Сүхбаатар дүүрэг, Орон сууцны 7 дугаар хороолол, *******-1 багцын "Ё" хэсэгчилсэн талбай, Нийслэлийн Засаг даргын 2013 оны ******* дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороолол орчим *******-2 багцын "В" блокт, Нийслэлийн Засаг даргын 2014 оны ******* дүгээр захирамжаар Сүхбаатар дүүрэг, Орон сууцны 7 дугаар хороолол, *******- 1 багцын “В, Й, К, Г" хэсэгчилсэн талбайд тус тус төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсан " Групп" ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.
Иймд маргаан бүхий захиргааны акт нь холбогдох хууль тогтоомжоор өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дурдсанчлан 2013, 2014 огнуудаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхийг олгосон. Орон сууцны 7 дугаар хороолол одоогийн Хангай хотхонд олгосон байдаг. Нийслэлийн зүгээс 2013 онд “Ё”, 2014 онуудад “В, Д, Й, К, Г” гэх хэсэгчилсэн талбайнуудад орон сууцны төлөвлөлтийн ажлыг олгосон. Төсөл хэрэгжүүлэх эрх олгогдсоноос хойш тухай төслийн бүтээн байгуулалтын ажил явагдаж байсан. Хариуцагчийн зүгээс ямар нэгэн байдлаар маргаж байсан асуудал байгаагүй. Гэтэл 2022 онд Авлигатай тэмцэх газраас 2022 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танаа гэх албан бичиг ирүүлсэн. Тухайн албан бичигт “ ” ХХК-ийн улсад онц хэмжээний хохирол учруулсан гэх хоёр үйл баримт тогтоогдож байна.
Нэгдүгээрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх явцдаа 35 хувийн гүйцэтгэлтэй гэх хөрөнгийг 80 хувийн гүйцэтгэлтэй гэж улсын бүртгэлийн байгууллагад хуурамч, зохиомлоор бүртгүүлэн, тухайн хөрөнгийг барьцаалан зээл авсан нь залилах арга хэрэглэсэн байна гэдэг. Тиймээс холбогдох төсөл хэрэгжүүлэх эрх болон гэрээг цуцална уу гэсэн.
Авлигын эсрэг хуулийн дагуу шаардлагыг биелүүл гэх агуулга бүхий албан бичиг ирүүлсэн. Тухайн албан бичиг нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ирсэн бөгөөд маргаан бүхий захирамж 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гарсан. Энэ хооронд тодорхой хугацаа орсон. Манай талаас Авлигатай тэмцэх газраас ирсэн бичгийн дагуу шууд төсөл хэрэгжүүлэх эрхийг шууд цуцлаагүй. Үүнтэй холбогдуулан Орон сууцны бодлогын газраас Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнуудтай тухайн газрын байранд очиж уулзаж байсан. Тодорхой үйл баримт тогтоогдсон, төслийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ гэмт хэргийн үйл ажиллагаа явуулсан, үүнийг нь Нийслэлийн Засаг даргын зүгээс хөхиүлэн дэмжиж байгаа нь хуульд нийцэж байгаа эсэх талаар асуудлыг ярьсан. Гэхдээ тухайн Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичигт тэр талаар дурдаагүй ч бидэнтэй уулзахдаа хэд хэдэн удаа ярьсан.
Улмаар тухайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцал, тэгэхгүй бол цаашид нийгэмд учрах хохирол өсөх нөхцөл байдалтай байна, Нийслэлийн Засаг даргын зүгээс тухайн үйл ажиллагааг дэмжиж байгаа мэт харагдаж байна гэсэн. Тухайн асуудлыг Хот суурин газрыг дахин төлөвлөх тухай хуульд заасны дагуу хяналтын хороогоор хэлэлцэнэ. Хяналтын хороо нь гомдол санал хүлээн авах, шийдвэрлэх, асуудал өргөн барих, тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргах эрх хэмжээтэй. Хяналтын хороо хоёр удаагийн хуралдаан хийж, эхний хуралдаанаар төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлуулах тухай саналын Нийслэлийн Засаг даргад гаргаагүй. Холбогдох чиг үүрэг бүхий албан тушаалтнуудад үүрэг өгч, судлуулан, шийдвэрлүүлэх үүрэг өгсөн. Авлигатай тэмцэх газраас гарсан нөхцөл байдлууд дахин яригдаж, хяналтын хорооны 2022 оны 8 дугаар сарын 24-ний дөрийн дугаартай шийдвэрээр төслийн үйл ажиллагааг цуцлах шийдвэр гаргасан. Төслийн үйл ажиллагааг цуцлах тухай саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн. Нийслэлийн Засаг даргын зүгээс хяналтын хорооны шийдвэрийг үндэслэн Хот суурин газрыг дахин төлөвлөх тухай хуульд заасны дагуу төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрхийг өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд цуцалсан. Тиймээс хариуцагчийн зүгээс хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Сүхбаатар дүүрэгт 6-7 хэсэгчилсэн талбай байгаа гэж байна. Үүнд нэхэмжлэгч нарын зүгээс тайлбарлахдаа зөвхөн нэхэмжлэгч талаас өөрийн 100 хувь хөрөнгөөр тухайн газрыг чөлөөлсөн мэт ойлголт өгчихлөө. Энэ тийм биш. Нарийн яривал Нийслэлийн Засаг даргын зүгээс газрын нөхөх төлбөр өгөөд хоёр талаасаа газраа чөлөөлсөн байгаа.” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч талаас төслийн хэрэгжилт хэдэн хувьтай байгаа талаар тодруулахаар 80, 85, 90 хувь гэж тайлбарлаж байна. Зөрөөтэй байгаад байна. Нарийвчилсан мэдээллээр хангагдаагүй байна гэж харж байна. Ерөнхийдөө бол “Д” блокийн талбайгаас бусад талбайд барилгажих талбай байхгүй. Нэхэмжлэгч талаас тухайн үед гаргасан хариуцагчийн захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй гэж байгаа. Хариуцагч талаас эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийг үндэслэж тухайн актаа гаргасан талаар тайлбарлаж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Дөрөв. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт.
4.1. Иргэдийн төлөөлөгч Ч.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тухайн асуудлаар хуралдаанд 5 дахь удаагаа иргэдийн төлөөлөгчөөр оролцож байна. Утаагүй Улаанбаатар гэх төслийн хүрээнд явагдаж байгаа барилгын ажлыг зогсоосон гэж байна. Хоёр талаасаа өөр өөр зүйл ярьж байна. Олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа энэ тохиолдолд өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг тул бүтээн байгуулагч талын зөв гэж үзэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “тус компанийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт *******-1 багцын В, Й, К, Г, Ё талбайд, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол орчим *******-2 багцын В талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1 дүгээр захирамжаар 1) Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2, 2) Утаагүй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 10000 айлын орон сууцны хороолол барьж байгуулах тухай 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний 16.1 дэх хэсгийн б заалт-ыг үндэслээд 3) Хяналтын хорооны 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн 09, 10, 11, 12 дугаар хороо Орон сууцны 7 дугаар хороолол орчим *******-1 багцын "В, Й, К, Г, Ё, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол" орчим *******-2 багцын "В" хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан 2013 оны *******, *******, 2014 оны ******* дүгээр захирамжуудыг хүчингүй болгожээ.
2. Нэхэмжлэгч болон хариуцагчаас нэхэмжлэлийн үндэслэл, татгалзалдаа:
2.1.Нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1 дүгээр захирамжийг эс зөвшөөрч “... Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны 7 дугаар хороолол орчим *******-1 багцын “В, Й, К, Г, Ё”, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол орчим *******-2 багцын “В” хэсэгчилсэн талбайд тус тус Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байхад төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахдаа огт хамааралгүй үндэслэлээр шийдвэр гаргаж, төсөл хэрэгжүүлэх эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж, их хэмжээний хохирол учрах үр дагаварт хүргэсэн” гэж,
2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... нэхэмжлэгчийн 2014 оноос хойш хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай маргахгүй, Авлигатай тэмцэх газрын албан бичигт дурдсан ХХК 50 сая ам.долларын хөрөнгө завшиж, төрд их хэмжээний хохирол учруулсан нь орон сууцны 7 дугаар хороололд хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаатай холбоотой; Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах тухай хуульд заасан Хяналтын хороо нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналаа ирүүлснийг үндэслэн нийслэлийн Засаг даргаас Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан” гэж тус тус маргасан.
3.Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дүгээр албан бичигт ...төсөл хэрэгжүүлэгч ХХК-ийн ерөнхий захирал Б.******* нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлсэн уг төслийн хүрээнд зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй, хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж ам.долларын хөрөнгийг завшиж, төрд их хэмжээний хохирол учруулсан, б/ орон сууцны 7 дугаар хороолол, орон сууцны Ё хэсгийн 5 дугар блокийн орон сууцны санхүүжилтийн зээл авахдаа барьцаа хөрөнгө болох 519-524 дүгээр байрнуудын гүйцэтгэлийг Хөгжлийн банкны хяналтын инженер 35 хувь гэж дүгнэсэн байхад 80 хувь болгон хуурамчаар үйлдэж, бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, залилах аргаар зээлийн санхүүжилтийг авсан нөхцөл байдал тогтоогдож байна гэж дурдан, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 7, РТ хороололд 10000 айлын орон сууцны хороолол барьж байгуулах тухай гэрээний 2010 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний 16.1-д заасны дагуу холбогдох арга хэмжээ авч, хариу ирүүлэхийг мэдэгдсэн.
4.Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Авлигатай тэмцэх газрын 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 03/3133 дугаар албан бичгээр “... ХХК-д мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3-д зааснаар холбогдох этгээдийг яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар хэргийг нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн” гэж, 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр албан бичигт “... өнөөдрийн байдлаар ХХК-ийг яллагдагчаар татсан ажиллагааны хэрэг байхгүй” гэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 309 дүгээр албан бичигт “... Хөгжлийн банкны гэх тодотголтой дугаартай эрүүгийн хэрэгт ХХК яллагдагчаар татагдаагүй, Нийслэлийн Прокурорын газраас тус хуулийн этгээдийн ерөнхий захирал Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, гүйцэтгэх захирал М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн” гэсэн бөгөөд эдгээр үйл баримт Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ХШТ/138 дугаар тогтоолоор нотлогдож байна.
5.Түүнчлэн Монгол улсын хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй ХХК, металл ХХК, майнинг ХХК-д холбогдох иргэний хэргийг Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэжээ.
6.Хариуцагчаас маргаан бүхий захирамжийн үндэслэлээ Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаартай Захирамж, тушаал, гэрээг хүчингүй болгуулах тухай албан бичгийг дурдан тайлбарладаг боловч Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн бөгөөд уг хэрэгт ХХК яллагдагчаар татагдаагүй, түүнчлэн одоо ХХК-ийг яллагдагчаар татсан ажиллагааны хэрэг байхгүйг тус газар 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн тоот албан бичгээр тодорхойлсон байна.
7.Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Захирамж, тушаал гэрээг хүчингүй болгуулах тухай ******* дугаар албан бичгээр ХХК-д мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй тухай, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, ХХК хооронд 2010 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Утаагүй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 10000 айлын орон сууцны хороолол барьж байгуулах тухай гэрээний 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан "төсөл хэрэгжүүлэгч, захиалагч (i) (энэхүү гэрээнд заасан, биелүүлэх ёстой байсан үүргээ биелүүлээгүй) тохиолдолд гэрээг цуцлахаар заасан байх тул Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийг баримтлан холбогдох арга хэмжээ авч ирүүлэх талаар Нийслэлийн Засаг даргад хандсан.
8. Үүний дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Хяналтын хороо Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Захирамж, тушаал гэрээг хүчингүй болгуулах тухай ******* дугаар албан бичигт дурдсан асуудлыг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хэлэлцээд төсөл хэрэгжүүлэгч ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Орон сууцны 7 дугаар хороолол, *******-1 багцын В, Й, К, Г, Ё, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороолол *******-2 багцын В хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр дугаартай шийдвэр гаргажээ.
9.Нийслэлийн Засаг дарга Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2. “Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн зөрчил гаргасан, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь чөлөөлсөн газрыг төсөлд тусгагдсанаас өөр зориулалтаар ашигласан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэлгүй төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг шууд цуцалсан нь үндэслэлгүй байна.
10.Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжүүлэгч төслийн талбай дахь иргэдийн өмчилсөн нэгж талбаруудыг өөрийн хөрөнгөөр чөлөөлсөн, улмаар орон сууцны болон олон нийтийн барилга байгууламж баригдсан, улсын комисст хүлээлгэж өгсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул маргаан бүхий захирамжийн Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2 дахь заалтаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах үндэслэлгүй.
11.Мөн Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журамд зааснаар төсөл нь бэлтгэл, төлөвлөлтийн болон шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, төсөл хэрэгжүүлж дуусгах үе шатаас бүрдэх ба төслийн хэрэгжилт явцын талаар Хяналтын хороо судлаагүй, хэлэлцээгүй байх тул Хяналтын хорооны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийдвэр үндэслэл бүхий гараагүй гэж үзэхээр байна.
12.Үүнээс үзэхэд нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргахдаа Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1.”хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”; 11.1.3.”төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах”; 11.1.4.”төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах” үүргээ биелүүлэлгүй зөвхөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Захирамж, тушаал гэрээг хүчингүй болгуулах тухай ******* дугаар албан бичгийг үндэслэн маргаан бүхий шийдвэрийг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
13.Иймд ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
14.Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул иргэдийн төлөөлөгчийн “...бүтээн байгуулагч талын зөв гэж үзэж байна” гэх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.3, 11.1.4 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ