Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/390

 

 

 

 

 

      2024           03            28                                          2024/ДШМ/390

 

Г.Н, Б.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Б.Баттөр, К.Манлай,

шүүгдэгч Б.Н , түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

...  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н , түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун, шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Б.Баттөр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар эрүүгийн 2302006290355 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Г.Н /РД:..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

 

2. Б.Н /РД:..../, .... тоотод оршин суух, урьд

 

-...  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

-Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан;

 

Г.Н нь нийтийн албан тушаалтан буюу ... дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байхдаа ... дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Б.Н гийн Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл хүлээлгэхгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Б.Н гээс өөрийн Хаан банк дахь ...  тоот дансанд Б.Н гийн эхнэр Н.Э Хаан банк дахь ...  тоот данснаас 30.000 төгрөг бэлэн 30.000 төгрөг буюу нийт 60.000 төгрөгийн хахууль авсан,

Б.Н нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Онцгой байдлын газрын ...  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангид галт унтраах автомашины жолоочоор ажиллаж байхдаа ...  дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл хүлээхгүй байж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ...  дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Г.Нид албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эхнэр Н.Э Хаан банк дахь ...  тоот данснаас 30.000 төгрөг, мөн бэлэн 30.000 төгрөг буюу нийт 60.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Г.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Б.Н гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

...  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд шууд ...хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн гэмт хэргийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож,

Г.Нийг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Н г нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Онцгой байдлын гал унтраах автомашины жолоочоор ажиллах мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Н, Б.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Н, Б.Н нарт оногдуулсан нийтийн албан тушаалд ажиллах эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хассан, Б.Н д оногдуулсан Онцгой байдлын гал унтраах автомашины жолоочоор ажиллах мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялуудыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Ноос 60.000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Н гийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын хувьд хийсэн үйлдэл болон гэмт бурууд анхнаасаа маргадаггүй. Шүүгдэгч Б.Н гийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаа зохицуулагч Т.Д түүнийг саатуулж цагдаа зохицуулагч Г.Нид шилжүүлсэн байна. Б.Н , Г.Н нар 2008 оны цагдаа курсийн онжав цагдаа нар бөгөөд тэр ч харилцааны үндсэн дээр Г.Н нь Б.Н д Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахгүй явуулж Б.Н ч түүнд хоолонд ороорой гэж нийт 60.000 төгрөг өгсөн хууль бус үйлүүдийг хийсэн байна. Тийм ч учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Харин шүүхээс буруутгасан “нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үйлдсэн” гэж мөн зүйлийн 2 дахь хэсгээр хүндрүүлж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Б.Н нь 2023 оны 7 дугаар сард осол гаргаж тухайн үеэс ажил үүргээ хийж гүйцэтгээгүй бөгөөд ...  дүүргийн Онцгой байдлын хэлтсээс түүний ажлаас халах санал гаргаж ерөнхий газартаа явуулсан бөгөөд 2023 оны 7 сараас хойш ажиллаагүй цалин хөлс аваагүй, ажлын газраараа ороогүй. Гэтэл шүүхээс дүгнэхдээ Б.Н д ажлаас халсан, чөлөөлсөн тушаал гараагүй тул нийтийн албан тушаалтан гэж үзнэ гэжээ. Эрүүгийн хуулийн агуулга, техникийн хувьд хүндрүүлэх бүрэлдэхүүнд тухайн гэмт хэргийг үйлдэхийн тул энгийн иргэнээс нийтийн албан тушаалтан нь өөрийн ажил албан тушаалаа давуу байдал болгож ашигладаг тул нийтийн албан тушаалтан тухайн гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлж зүйлчилдэг. Мөн түүнийг Нийтийн албан тушаалтан буюу төрийн тусгай алба хаагч гэж үзсэн. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 3.1.2 дугаар зүйлд “төрийн алба хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөө цалин хөлс авч ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлнэ” гэж заасан. Хуулийн энэ заалтаас үзэхэд Б.Н гийн хувьд халагдах тушаал нь гараагүй байгаагаас бусдаар дээрх шинжүүдийн аль шинжийг нь хангахгүй байгаа тул түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзэх үндэслэл байхгүй. Түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг хөнгөрүүлж торгуулийн ялаар солиулах хүсэлттэй байна. Б.Н гийн хувьд жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон, тухайн зөрчлийг нь нэг салбарт ажиллаж байсан найз нь давуу байдал олгож зөрчлийн арга хэмжээ аваагүй өнгөрөөсөн, улмаар түүнд хуушуур авч идээрэй гээд 60.000 төгрөг өгч байгаа үйлдлүүдийг зөвтгөх өмгөөлөх боломжгүй. Гэвч шударга ёсны зарчим гэдэг бол оногдуулж буй ял, үйлдсэн гэм буруу нь тохирч байх ёстой. Хэдийгээр авлигын доод хэмжээг заагаагүй боловч магадгүй байж болох хамгийн бага авлига өгсөн иргэнд тухайн зүйл ангид оногдуулж болох хамгийн хүнд ял буюу хорих ял оногдуулж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна. Мөн Б.Н гийн хувьд өөрийн үйлдлийн гэм бурууг ойлгож тухайн өдрөө цагдаагийн байгууллагын утсанд өөрийн үйлдлийн талаар мэдээлсэн талаарх баримт хангалттай байсаар атал шүүхээс хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь ташаа дүгнэлт болсон. Иймд түүний үйлдсэн хэрэгт тохирсон зүйлчлэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар өөрчилж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагдаагийн үүдэнд хуучны танил Г.Н цагдаа байсан бөгөөд бид хоёр нэг сургуульд суралцаж 2008 оноос хойш бие биеэ сайн мэднэ. ...Надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар солих боломж байдаг бол нааштай шийдвэр гаргах байх гэж бодож энэ өргөдлийг бичиж байна. Дахин амьдрах хугацаандаа ямар нэг төрийн алба хаагчдад шан харамж өгөхгүй гэдгээ эцэг, эхээрээ амлаж байна.” гэв.

 

Шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Б.Баттөр давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Н болон Б.Н нар нь хоёулаа нэг цагдаа курс төгссөн, танил, найз нөхдийн холбоотой, өмнө нь Б.Н Г.Ноос 100.000 төгрөг зээлчхээд өгөөгүй байсан ба өөрт байсан 60.000 төгрөгөө өрөндөө өгөөд үлдсэн мөнгийг дараа өгөхөөр тохирсон талаар хоёул мэдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүхээс эдгээр хүмүүсийг шууд хахуул өгөх, авах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дахь хэсэгт заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэл байж болохоор байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг. Мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж зохицуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Г.Нид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч К.Манлай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид оногдуулсан ял шийтгэл хүндэдсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Н цагдаагийн албанд 16 жил ажилласан ба ингэж ажиллахдаа сахилгын шийтгэл, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Мөн бага насны 3 хүүхэдтэй. Хэрэгт хохирол төлбөр байхгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгааг шүүх бүрэлдэхүүнд харгалзан үзнэ үү. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял болгон багасгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би бага насны 3 хүүхэдтэй. Шүүх бүрэлдэхүүнд эдгээр байдлуудыг харгалзан үзнэ үү.” гэв.

 

Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нарын хооронд зээлийн харилцаа үүсэн гэх үйл баримт баримт тогтоогдоогүй. Хэрэг болох цаг хугацаанд Б.Н нь ...  дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагчаар ажиллаж байсан болох нь тогтоогдсон бөгөөд ажлаасаа чөлөөлөгдсөн гэх үйл баримт тогтоогдоогүй. Анхан шатны шүүхээс нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Мөн гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, 60.000 төгрөг буюу хохирлын хэмжээ бага гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардаггүй тул гэмт хэргийн хохирлын хэмжээ ярих нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий гарсан гэж үзэж хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

  1. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

 

Б.Н гийн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн тэмдэглэл /1хх-7/,

гэрч Т.Д “...2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ...  дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол авто замын уулзвар дээр үүрэг гүйцэтгэж хяналт шалгалт хийж байхад Б.Н гэх иргэнийг эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчлийг илрүүлсэн. Шалгах төхөөрөмжөөр тухайн иргэний регистрийн дугаарыг хийж шалгахад жолоодох эрх нь хасагдсан байсан. Эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд материал буюу тэмдэглэл үйлдэж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авдаг шууд газар дээр арга хэмжээ авах боломжгүй байдаг юм. Материал бүрдүүлнэ гэхээр тэмдэглэл үйлдэж зөрчил гаргагчид танилцуулаад гарын үсэг зуруулдаг. Ингээд хэрэг бүртгэгч буюу офицер зохицуулагч Зөрчлийн тухай хуулиар шийтгэвэр бичиж арга хэмжээ тооцох ёстой...” /1хх 74-76/,

Г.Нийн яллагдагчаар мэдүүлсэн “...Тухайн үед Нямсүрэн ах эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодоод явж байхад нь явуулсан. Би яах вэ хууль талаасаа буруу зүйл хийсэн гэдгээ мэдэж байна...” /2хх 50-51/ гэх мэдүүлгүүд,

“Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 12 сарын хугацаагаар хасаж, 400 нэгжээр торгосон” зөрчлийн шийтгэлийн хуудас /1хх 169/,

Г.Нийн хаан банкны ...  дансанд Н.Э Хаан банк дахь ...  тоот данснаас 30.000 төгрөгийн орлого хийгдсэн дансны хуулга /1хх 234, 242/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч Г.Нийн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Г.Нийг “...нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан...” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Б.Баттөр нь “...Г.Нид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг болон төрийн албанд мөрдөгддөг хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчсөн, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах хор уршгийг учруулдаг онцлогтой.

 

   Нийгэмд аюултай тодорхой гэмт үйлдлийн шинжийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангид заахдаа түүний гол шинж болох объектив талын, ялангуяа үйлдэл, эс үйлдэхүй, хор уршгийг ихэвчлэн хуульчилдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн бүрэлдэхүүний бүтцийг материаллаг, хэлбэрийн гэсэн үндсэн төрөлд хуваадаг.

Материаллаг бүрэлдэхүүний хувьд үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо заавал байх үндсэн шинжид хамаардаг.

Харин хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй болно.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийг хувьд хууль тогтоогч хор уршиг заавал учирсан байхыг тодорхойлолгүйгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамааруулсан.

Иймээс нийтийн албан тушаалтан Г.Нийн хахууль өгөгч Б.Н гийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 60.000 төгрөгийн хахууль авсан үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх үндэслэлгүй.

2.Анхан шатны шүүхээс Г.Нид оногдуулсан ялын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар” хуульчилсан байна.

Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг удирдлага болгосны үндсэн дээр анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Нийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн хор аюул, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Гэвч давж заалдах шатны шүүх хуралдаанд Г.Нийн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гаргаж буй тайлбар, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан тухайн зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх заалтыг баримтлан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэлээ.

3. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх, Б.Н г нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Онцгой байдлын газрын ...  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангид галт унтраах автомашины жолоочоор ажиллаж байхдаа “...Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл хүлээхгүй байж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ...  дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Г.Н ид албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эхнэр Н.Э Хаан банк дахь ...  тоот данснаас 30.000 төгрөг, мөн бэлэн 30.000 төгрөг буюу нийт 60.000 төгрөгийн хахууль өгсөн...” гэж гэмт хэрэг үйлдэгдэх үед Б.Н г нийтийн албан тушаалтан гэж Эрүүгийн хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас түүний эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, ...” үйлдлийг хахууль өгөх гэмт хэрэгт тооцох, тус зүйл ангийн 2 дахь хэсэгт “...энэ гэмт хэргийг нийтийн албан тушаалтан үйлдсэн бол...” гэж хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

            Хахууль өгөгчийн ашиг сонирхол гэдэг нь өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох гэсэн гэмт санаа зорилго бөгөөд энэхүү шинжээр хахууль авах, өгөх гэмт хэргийн субеъктив талыг тодорхойлдог. Аливаа гэмт санаа зорилго нь хүний оюун санаанд бүрэлдэж, объектив байдлаар буюу үйлдлээр дамжин бодит илэрлээ олдог тул гэмт санааг хэргийн нөхцөл байдлаар, гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйд дүн шинжилгээ хийх замаар тодорхойлох боломжтой.  

            Гэмт үйлдлийн хувьд, албан тушаалтан нь өөрийн эрх мэдлийг ашиглан үйлддэг ба гагцхүү тухайн үйлдлийг хийсний төлөө хахууль авагч нь эд хөрөнгийн ашиг олох гэсэн, хахууль өгөгч нь хүссэн зорилгоо бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын ашиг сонирхол нэгдсэн байдаг.

Монгол Улс соёрхон баталсан Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн 2 дугаар зүйлийн “а” хэсэгт: Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг /албан тушаалын зэрэглэлээс нь үл хамаарна/;

    - оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу бөгөөд тухайн оролцогч улсын эрх зүйн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг;

    - оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид “нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон аливаа бусад хүнийг тус тус хэлнэ гэж өргөн утгаар тодорхойлсон бол “нийтийн албан тушаалтан” гэдгийг манай улс үндэсний хууль тогтоомж болох Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээдүүдийг хамааруулж ойлгохоор хуульчилжээ.

    Дээрхээс үзвэл 2002 оны Эрүүгийн хуульд заасан “төрийн албан тушаалтан”, 2015 оны Эрүүгийн хуульд заасан “нийтийн албан тушаалтан” хэмээх ойлголтууд нь ижил утгыг агуулсан байна.

Б.Н г нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Онцгой байдлын газрын ...  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангид галт унтраах автомашины жолоочоор ажиллаж байхдаа хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгаж байгаа боловч хэргийн үйл баримтаас үзэхэд;

шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 12 сарын хугацаагаар хасуулсан /1хх-169/, ингэж эрхээ хасуулснаас хойш тухайн албан тушаалд ажиллагаагүй болох нь:

ажил олгогч байгууллага болох ...  дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, 9 дүгээр сард  “... ” ХХК-аар шимтгэл төлөгдсөн байдлыг нотолж буй түүний 2023 оны цалингийн карт /1хх-65/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2хх-82/-оор нотлогдож байна.

 

Иймд Б.Н г “Хахууль өгөх” гэмт хэргийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үйлдсэн гэж дүгнэснийг хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж дүгнээд шүүгдэгч Г.Н  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Б.Н өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Г.Нид албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 60.000 төгрөгийн хахууль өгсөн үйл баримт нь Б.Н гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх 77-80/, Г.Нийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх 50-51/,Зөрчлийн шийтгэлийн хуудас /1хх 169/, Г.Нийн хаан банкны ...  дансанд Н.Э Хаан банк дахь ...  тоот данснаас 30.000 төгрөгийн орлого хийгдсэн дансны хуулга /1хх 234, 242/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

Давж заалдах шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр Б.Н д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар нийтийн албан томилогдох эрхийг хасаж, 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

4. Анхан шатны шүүхийн Б.Н гийн Онцгой байдлын гал унтраах автомашины жолоочоор ажиллах мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, тэрээр 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 12 сарын хугацаагаар хасуулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулснаас хойш Онцгой байдлын гал унтраах автомашины жолоочоор ажиллаагүй нь цалингийн картаар тогтоогдож байх тул энэ төрлийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд, дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарын гаргасан “хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Н, Б.Н нар нь 2024 оны 01 дүгээр сарын 25-наас 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 63 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ...  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолын:

- Тогтоох хэсэгт:

“Прокуророос шүүгдэгч Б.Н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,

- Тогтоох хэсгийн:

1 дэх заалтад “...шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн гэмт хэргийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үйлдсэн” гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Нийг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Н г нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Онцгой байдлын гал унтраах автомашины жолоочоор ажиллах мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нийг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н г нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж,

- 5 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Н, Б.Н нарт оногдуулсан нийтийн албан тушаалд ажиллах эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хассан, Б.Н д оногдуулсан Онцгой байдлын гал унтраах автомашины жолоочоор ажиллах мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялуудыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Н, Б.Н нарт оногдуулсан нийтийн албан тушаалд ажиллах эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай. ...” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Шүүгдэгч Б.Н , түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун, шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Б.Баттөр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н , Г.Н нарын 2024 оны 01 дүгээр сарын 25-наас 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тус бүр 63 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

    ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН