Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01341

 

 

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01341

 

М.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2021/01489 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Ц-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.С, Н.О нарт холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 9 365 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч, хариуцагч Н.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ц нь Б.С, түүний эхнэр Н.О нарын, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 31 дүгээр байрны 74 тоот дахь 49 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаатай 30 850 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас авсан, хүүгийн хамт 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш төлж, уг орон сууцыг авахаар тохиролцож, зээлийн эргэн төлөлтийг 2018 оны 12 дугаар сар хүртэл нийт 9 365 000 төгрөг төлсөн.

Гэтэл хариуцагч нар шүүхийн шийдвэр гарч бусдад мөнгөний өрөнд орчихлоо, уг орон сууцаа худалдах шаардлагатай боллоо, орон сууцаа зараад 1 өрөө орон сууцны урьдчилгаа мөнгө өгье гэж уг орон сууцыг худалдсан.

Хариуцагч нар М.Ц-д 1 өрөө орон сууцны урьдчилгаа өгөх байтугай барьцаанд байсан орон сууцны зээл, түүний хүүг 15 сар төлүүлчихээд буцаан өгөхгүй хохироосон. М.Ц нь Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцны зээлийг төлж, уг орон сууцыг авахаар тохиролцсоны дагуу Б.С, Н.О нарын Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийн төлөлтийг Хаан банк, Төрийн банк, Голомт банкинд М.Цээс зээл төлөлт О Худалдаа хөгжлийн банк гэсэн гүйлгээний утгаар нийт 9 365 000 төгрөгийг төлсөн.

М.Ц нь Н.Од 2 090 000 төгрөгийг урьдчилгаа болгон төлсөн. Улмаар эргэн төлөлтийг сар бүр 500 000 төгрөгөөр тооцож төлж байсан. Хэрвээ орон сууцыг хөлслөн сууж байсан бол гүйлгээний утга дээр түрээсийн төлбөр гэж бичих байсан.

Гэтэл зээл төлөв гэж шилжүүлж байсан нь хариуцагчийн тайлбар татгалзлыг үгүйсгэж байна. Хэрэв нэхэмжлэгчийн гаргасан мөнгийг гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө гэж байгаа бол гэрч нь үүнийгээ нэхэмжлэгчээс жич шаардах эрхтэй, энэ маргаанд хамааралгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч болон гэрчийн ярьж байгаа шиг огт мөнгөгүй байгаагүй. Зохигчдын хооронд тодорхой хүчин төгөлдөр гэрээ бичгээр хийгдээгүй, орон сууцыг худалдан гэж зээлийн эргэн төлөлтийг төлүүлчихээд орон сууцаа өгөөгүй. Тиймээс хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ц нь хариуцагч Б.Сын төрсөн дүү Б.Ж-ын эхнэр юм. Б.С, Н.О нар М.Цэд орон сууцны урьдчилгаа мөнгө өгөх үүрэг хүлээгээгүй. Б.Сын орон сууцыг М.Ц авахаар тохиролцоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн нөхөр, миний төрсөн дүү Б.Ж нь эхнэр хүүхдүүдээ түрээсийн байранд амьдруулдаг байсан. Харин орон сууцаа өгнө гэж яриагүй. Нэхэмжлэгч болон гэрч нар гэр бүлийн хүмүүс ба гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болох эхнэрийн данснаас мөнгө төлөгдсөн байна. Тиймээс М.Ц нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш байна. Гүйлгээний дансны хуулгад зарим жилүүдэд хаашаа, хэнд төлсөн нь тодорхойгүй харагдаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.С, Н.О нараас 9 365 000 төгрөг гаргуулах тухай М.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 167 263 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Шүүх зохигчид төрөл садангийн харилцаатай буюу нэхэмжлэгч нь хариуцагч нарын бэр дүү бөгөөд тэрээр хүүхдүүдийн хамт Б.Сын өмчлөлийн, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны 31 дүгээр байрны 74 тоот, 2 өрөө орон сууцанд амьдарч байсан нь зохигчдын тайлбар, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон нэхэмжлэгчийн нөхөр Б.Ж-ын мэдүүлгээр тогтоогдсон гэж шийдвэрээ гаргах гол үндэслэлээ болгосон нь учир дутагдалтай болсон.

Учир нь нэхэмжлэгч М.Ц нь нөхөр болох Б.Жаас таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрчээр оролцсон Б.Ж нь хариуцагч Б.Сын төрсөн дүү бөгөөд шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо өөрийн төрсөн ах Б.Стай тохиролцож үгсэн тайлбар өгсөн.

Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбар, гэрч Б.Ж-ын мэдүүлэг зэргийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч М.Ц хариуцагч нарын өмнөөс зээлийн үүрэг гүйцэтгэж, барьцаанд тавьсан орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авахаар тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байхын зэрэгцээ нэхэмжлэлийн шаардлагын энэхүү үндэслэлээ баримтаар нотлоогүй, тухайн төлбөр орон сууц хөлслөх тухай амаар хийсэн хэлцлийн дагуу төлөгдсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Уг орон сууцыг нэхэмжлэгч М.Ц хөлслөн суугаагүй бөгөөд хариуцагч нар хөлслүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч баримтаар нотлоогүй. Б.С нь өөрийн төрсөн дүү Б.Жыг эхнэр М.Цтэй таарч тохирохгүй тусдаа амьдарч хэрүүл маргаантай байгааг далимдуулан гэрчээр оролцуулан нэхэмжлэгчийн эсрэг үгсэн хуйвалдан тайлбар өгснийг шүүх нотлох баримтын хүрээнд үнэлж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Харин нэхэмжлэгч уг маргаж буй орон сууцны зээлийг төлж байсныг нотолсон банкны дансны хуулгуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн. М.Ц уг орон сууцны зээлийн эргэн төлөлтийг хариуцагч Н.Оын дансанд шилжүүлэхдээ "зээл төлөлт гүйлгээний утгаар шилжүүлж байсан.

Хэрвээ уг орон сууцыг хөлслөн сууж байсан бол "зээл төлөлт" гүйлгээний утгаар мөнгө шилжүүлэхгүй бөгөөд хариуцагч нар ч энэ талаар маргаагүй ямар нэгэн тайлбар хийгээгүй юм.

Дээрх хэргийн нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч Б.С, Н.О нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Б.С, Н.О нарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 9 365 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж 31 дүгээр байрны 74 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.С нь Т ХХК-иас орон сууц захиалгаар барих гэрээний дагуу шилжүүлэн авч, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өмчлөгчөөр бүртгүүлсэн нь 000316358 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-91-92, 100/

 

Дээрх 2 өрөө орон сууцанд орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр 2017 оноос Б.Ц нь хүүхдүүдийн хамт түр оршин сууж байсан болох нь гэрч Б.Ж-ын надад өөрийн гэсэн байр байхгүй, тухайн үед манай Б.Сад мөнгөний хэрэг гарч бусдад байраа түрээслүүлэх гэж байхад нь би эхнэр хүүхдийн хамт байртай болтлоо түрээсийн төлбөр төлж, тус орон сууцыг түрээслэхээр болсон гэх мэдүүлэг болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч нь гэрч Б.Ж-ын мэдүүлгийг үгүйсгэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, баримт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

Б.С, Н.О нар нь Худалдаа хөгжлийн банк ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 15 жилийн хугацаатай 30 850 000 төгрөгийн зээл авч, сар бүр 493 921.87 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

М.Ц 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарыг хүртэл Н.Оын нэр дээрх зээлийн төлбөрт 9 365 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк ХХК-д төлөхдөө гүйлгээний утгыг М.Цээс зээл төлөлт гэж тодорхойлсон нь түүнийг бусдын үүргийг өмнөөс нь гүйцэтгэсэн гэж үзэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Гэхдээ анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулах боломжтой.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан боловч нэхэмжлэгч энэ шаардлага гаргах эрхгүй юм.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар гэрч асуулгах тухай хүсэлт гаргаагүй бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, гэрч Б.Ж-ын мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэж хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2021/01489 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг 496 дугаар зүйлийн 496.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167 263 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ