Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 237

 

 

 



 

 

     2018          03          15                                          237

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

улсын яллагч Б.Уранцэцэг,

шүүгдэгч Д.М.л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Буурал овогт Д.жийн М.л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0293 10117 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны  3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Буурал овгийн Д.жийн М.л, Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Д.М.л нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн үед Схд“Од” нэртэй хүнсний дэлгүүр дотор иргэн Т.С.нтай НӨАТ-ийн баримт өгсөнгүй гэж маргалдсаны улмаас түүний зүүн хацар тус газарт нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацарт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Д.М.л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 27-нд найзуудтайгаа караокед орчихоод гэр лүү явах замдаа “Од” нэртэй хүнсний дэлгүүр лүү орсон. “Од” нэртэй хүнсний дэлгүүрээс архи, пиво авчихаад гарахдаа тооцоо картаар хийхэд 35.000 төгрөг гарсан. Тэгээд би НӨАТ-ын баримт нэхсэн. Т.С.н гэх хүн надад НӨАТ-ын баримтыг чамд хогоор нь олоод өгнө гэхээр нь та яагаад НӨАТ-ын баримт өгдөггүй юм бэ, цагдаад хэлнэ шүү гэхэд надад хууль, цагдаа үйлчилдэггүй гэхээр нь би уурандаа цохисон...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Т.С.н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн үед намайг дэлгүүрт түр сууж байтал гаднаас үл таних 3 залуу нэг эмэгтэй орж ирээд архи аваад хоёр залуу нь түрүүлээд гарсан. Харин эрэгтэй, эмэгтэй хоёр үлдээд эрэгтэй нь НӨАТ-ийн баримт авъя гэхээр нь манайх баримт гарахгүй байгаа...4-5 хоногийн дараа орж ирээд НӨАТ-ийн баримтаа нөхөөд авчих гэсэн чинь...тэр залуу лангууны урд ирж зогсоод шууд гараараа миний толгой руу хүчтэй цохисон. Би тэр үед хэсэг ухаан балартахад нөгөө залуу лангууны араар орж ирээд цамцнаас боогоод намайг чирээд гаргасан. Тэр үед манай эхнэр М.яа орж ирээд...тавиулах гээд зуурсан боловч чадаагүй. Тэгээд түрүүлж гарсан хоёр залууг дуудаад арай гэж...надаас салгаад дэлгүүрээс аваад гарах үед хаалгаа цоожилсон. Гэтэл нөгөө залуу гадаа чамайг ална...новшоо гээд хаалга өшиглөөд цонх руу чулуу шидээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),

“...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр...Тэр залуу хууль мэдэх үү, би чамд заагаад өгөх үү гээд над руу томроод байсан...Намайг цохиход өөр хүн байгаагүй. Харин манай дэлгүүрийн лангуу руу харсан камерын бичлэгт намайг цохиж байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),

2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 18),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 14810 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэг: Зүүн хацар 1х0.5см няцарсан шархтай, хавдсан... ДҮГНЭЛТ

1.Т.С.нгийн биед тархи доргилт, зүүн хацарт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28),

4. Гэрч Г.О.гийн (яллагдагчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 27-ны...орой 23:00 цагийн үед...Т.С.н ахын дэлгүүр рүү бид нар ороод 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи, ундаа аваад Б.М.р, Амардаваа хоёрт өгөөд гаргасан...манай нөхөр Т.С.н ахаас НӨАТ-ийн баримтаа авъя гэхэд Т.С.н ах манай дэлгүүр НӨАТ-ийн баримт гаргахгүй байгаа гэхээр нь манай нөхөр тэгүүл ядаж картаа уншуулсан баримтаа авъя гэхэд Т.С.н ах картын баримтыг өөдөс нь шидэж өгөөд чи баримтаа авмаар байвал дараа чамд хэд хэдийг гаргаад өгье гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр лагууны урд нь зогсож байгаад Т.С.н ахын зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15)

5. Гэрч Б.М.яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 27-ны орйо 23:00 цагийн ...“Од” хүнсний дэлгүүрт сууж байхад нөхөр Т.С.н...ирэхээр нь түр бие засах гээд гарсан юм. Тэгээд бие засаад буцаад ороод ирэхэд манай нөхөр тэр хавийн нэг залуутай заамдалцсан хоёр залуу, нэг эмэгтэй салгасан зогсож байхаар нь дундуур нь ороод салгасан.  ...Тэгээд юу болсон талаар нөхрөөсөө асуухад НӨАТ-ын баримт нэхэж байснаа...зүүн талын шанаа руу гараараа цохичихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11),

6. Гэрч Б.М.рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр...23:00 цагийн үед Д.М.лийн автомашиныг авах гээд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 80 дугаар гудамжны 13 тоотод байдаг гэр рүү нь явж байх...замдаа нэг дэлгүүрээс...0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи, ундаа аваад гарсан. Дэлгүүрт Д.М.л Г.О.г хоё үлдсэн...удалгүй Г.О.г гялс ороод ир гэхээр нь яваад ортол Д.М.л дэлгүүрийн худалдагч залуутай заамдалцаад зогсож байхаар нь Амардаваа дундуур нь орж салгаад би Д.М.лийг дагуулаад гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),

7. Шүүгдэгч Д.М.лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11  дүгээр сарын 27-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” нэртэй хүнсний дэлгүүрт эхнэр, Г.О.г, найз Б.М.р, Амардаваа нарын хамт архи, ундаа авах зорилгоор ороод уг дэлгүүрээс Амардаваа, Б.М.р хоёр нэрийг нь санахгүй байна хоёр шил архи, ундаа аваад 30 гаран мянган төгрөг болсныг нь би тооцоог нь хийгээд картаа уншуулсан. Тэгэхэд би дэлгүүрийн худалдагчид картынхаа баримтыг авна шүү гэж хэлэхэд надад баримт өгөөгүй гарсан баримтаа өөрөө авчихаар нь баримтаа авъя гэж дахин хэлэхэд худалдагч ах баримтыг надад өгөхөөр нь НӨАТ-ийн баримтаа авъя гэхэд “манай НӨАТ-ийн баримт гарахгүй байгаа” дараа орж ирэхээр чинь өгчихье гэхээр нь би тэр дэлгүүрээс өмнө нь 2-3 удаа жаахан хүүхдүүдээр юм авахуулахаар явуулахад хугацаа нь дууссан бараа өгөөд явуулчихсан байсан ба очоод хугацаа нь дууссан юм зарсан байна гэж хэлэхэд “идээд үхчихсэн хүн байхгүй” гээд хэрэлдээд байсан болохоор тэрийг нь худалдагч ахад хэлээд бас баримтаа өгдөггүй би таныг хэлдэг газар чинь хэлнэ гэхэд худалдагч ах чаддаг юм бол хэлээрэй ахад нь хууль, шүүх үйлчилдэггүй ...гэж хэлэхээр нь миний уур хүрээд баруун гараараа дэлгүүрийн худалдагч ахын зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа цохиод заамдаад авахад манай найзууд ирээд салгаад дэлгүүрээс гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 42, 66), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 53, 54) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.М.лт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

l.Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.М.лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно. 

Шүүгдэгч Д.М.л нь Схд“Од” нэртэй хүнсний дэлгүүр дотор, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Т.С.нтай НӨАТ-ын баримт өгсөнгүй гэж маргалдан шууд санаатай үйлдлээр түүний зүүн хацар тус газарт нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацарт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Т.С.н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн үед ...үл таних 3 залуу нэг эмэгтэй орж ирээд архи аваад хоёр залуу нь түрүүлээд гарсан. ...эрэгтэй нь НӨАТ-ын баримт авъя гэхээр нь...4-5 хоногийн дараа орж ирээд НӨАТ-ын баримтаа нөхөөд авчих гэсэн чинь...тэр залуу лангууны урд ирж зогсоод шууд гараараа миний толгой руу хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),

“...манай дэлгүүрийн лангуу руу харсан камерын бичлэгт намайг цохиж байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 18),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 14810 дугаар дүгнэлт...1.Т.С.нгийн биед тархи доргилт, зүүн хацарт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28),

- Гэрч Г.О.гийн (яллагдагчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 27-ны...орой 23:00 цагийн үед...манай нөхөр лагууны урд нь зогсож байгаад Т.С.н ахын зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15)

- Гэрч Б.М.яагийн (хохирогчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 27-ны ...юу болсон талаар нөхрөөсөө асуухад НӨАТ-ын баримт нэхэж байснаа...зүүн талын шанаа руу гараараа цохичихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11),

- Шүүгдэгч Д.М.лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний уур хүрээд баруун гараараа дэлгүүрийн худалдагч ахын зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа цохиод заамдаад авахад манай найзууд ирээд салгаад дэлгүүрээс гарсан...Би дэлгүүрийн худалдагч ахтай маргалдаж нүүрэн тус газар нь цохиход хажууд өөр хүн байгаагүй...Би Т.С.нгийн зүүн талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.М.л нь хохирогч Т.С.нг зодсон болох нь гэрч нарын эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг зэргээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Д.М.лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Д.М.лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.                                    

Шүүгдэгч Д.М.л нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүгдэгч Д.М.л нь “Бүти” ХХК-нд барилгын ажил хийдэг болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул улсын яллагчийн гаргасан торгох ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар Д.М.л нь торгох ялыг 3 (гурван) сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.   

III. Бусад асуудлаар

Хохирогч Т.С.н нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгчийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1708 0293 70117 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж тус тус шийдвэрлэв.