Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 158/ШШ2025/0025

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг  даргалж тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш.*******,

Хариуцагч: Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нарын хоорондын “Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ ба тухайн үед албан томилолтоор ажилласан хөлс, шүүхээр шийдвэрлүүлэх хугацааны явцад өөрөөс гарсан зардлууд болох замын зардлууд, өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс, тэмдэгтийн хураамж зэргийг буруутай этгээдээр төлүүлэх, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд авах байсан цалин 23,766,235 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, Х.Оюунбат, гэрч О.*******, Ж.*******, З., Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар биечлэн, гэрч Э.- цахимаар тус тус оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Ш.******* нь Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд авах байсан цалин 23,766,235 төгрөгийг гаргуулах”-аар маргав.
  2. Тэрээр Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн VII/35 дугаартай тогтоолоор тус Хурлын даргаар сонгогдон ажиллаж байжээ.
  3. Харин дээрх Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит бус VII дугаар хуралдаанаас VII/35 дугаартай тогтоолыг гарган Ш.*******ыг Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаас нь огцруулсан байна.
  4. Нэхэмжлэгч Ш.******* нь Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

- Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит бус VII хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр танхимаар зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг ээлжит бус VII хуралдаанаар хэлэлцэх асуудлыг 1-9 дугаартайгаар захирамжид тусгасан ба уг хуралдаанаар хэлэлцэх асуудалд “Иргэдийн хурлын даргад итгэл үзүүлэх эсэх асуудал” огт тусгагдаагүй,

- Уг VII/35 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн асуудлыг хэлэлцэх хууль зүйн үндэслэл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга миний ямар хууль зөрчсөн асуудал нь итгэл үзүүлэх эсэхээр хэлэлцэх үндэслэл болсон тухай материал Хурлын төлөөлөгч нарт тараагдаагүй, танилцуулагдаагүй,

- намайг хүндэтгэн үзэх шалтгаантай байхгүй байх хойгуур миний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлыг миний биеийг биечлэн оролцуулж тайлан, тайлбар аваагүй, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй атлаа миний эсрэг шийдвэр гаргасан,

- Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 дугаар зүйлд заасан “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй атал VII/35 дугаартай тогтоол гаргасан,

 - Маргаан бүхий VII/35 дугаартай тогтоол нь захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлага болох тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцээгүй гэж үзэх үндэстэй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн (12 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь төрийн байгууламжийн нэгдмэл байдлыг хангах зарчим, заалтыг зөрчсөн)... 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт заасан “Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах бүрэн эрхийг ИТХ хэрэгжүүлэх боловч Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 08 дугаартай захирамжийг хэрэгжүүлж хуралдаан явагдах ёстой атал ИТХ-д тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах эрхийг үндэслэлгүйгээр хэрэгжүүлж, тогтоол гаргасан...” гэж тайлбарлав.

4.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлага түүний хууль зүйн үндэслэлийг дэмжиж, үндэслэлтэй гэж үзэж байна... хамгийн гол асуудал нь хуулийг буруу хэрэглэсэн. Ялангуяа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ бусад хуулийн заалт зохицуулалтыг зөрчиж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлаар шууд санал асуулга явуулж олонхын саналаар огцрууллаа гэх шийдвэр гаргасан процесс нь энэ хуулийг ноцтой зөрчсөн. Ямар учраас зөрчсөн бэ гэхээр хэдийгээр энэ хуулийн 35.1.2 дахь заалтад Хурлын бүрэн эрхийн хувьд Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ уг хуульд заасан журмыг баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудлуудыг нэгдүгээрт тодорхойлохоор Зөвлөлөөр оруулах. Мөн тухайн асуудлаар оролцогч талуудын эрхийг хангах. Ялангуяа иргэдийн Хурлын даргын тайлбар, няцаалт, мэтгэлцэх, нотлох баримт, мөн төлөөлөгчийн санал болгож гаргасан асуудал нь ямар хууль зүйн болон нотолгооны үндэслэлтэй гэдэг асуудлыг огт хэлэлцээгүй. Хэрүүлийн ч гэдэг юм уу, тийм нэг яриагаар санал бодлыг шууд авч хэлэлцсэн явдал байдаг. Хурлын бүрэн эрхэд хамаарсан, уг Хурлаар хэлэлцүүлэхээр тодорхойлсон есөн асуудал байсан. Гэтэл тодорхой журмуудыг алгасаж хэлэлцэх асуудлын нэг дэх асуудалд оруулж хэлэлцсэн. Хурлын протокол болон бусад нотлох баримтуудаар төлөөлөгчдийн санал тодорхой хэмжээнд хууль зүйн үндэслэлтэй эсэх дээр анхаарах ёстой гэдэг анхааруулгыг өгсөн боловч уг асуудлаар санал хурааж олонхын саналаар гэсэн нь хууль зөрчсөн байна. Хэрвээ энэ маягаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг ингэж хэрэгжүүлээд болоод байдаг юм бол Монгол Улсын Үндсэн хуулийн байгууламж болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтвортой байдал, төрийн үйл ажиллагааны тасралтгүй, тогтвортой байх гэдэг асуудал тогтмол хөндөгдөж, ингэснээр хуульд заасан иргэдийн өөрсдийнхөө төлөөлөгчдөөр дамжуулж байгаа энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэх ажиллагаа алдагдах ноцтой асуудал байсан. Гэвч Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 7 дугаар чуулганаар 35 дугаартай шийдвэрийг гаргасан. Ингэж гаргахдаа зөвхөн санал асуулга дээр үндэслэж гаргасан. Энэ талаар итгэл үзүүлэх, эс үзүүлэх эсэх асуудлыг ул суурьтай хуулийн хүрээнд авч хэрэгжүүлээгүй. Саналыг хүлээж аваад тодорхой бэлтгэл ажлуудыг хуульд заасны дагуу хийсний дараа хурлаар орж санал асуулга болоод огцруулах ажиллагаа явагдсан бол үүн дээр Хурлын бүрэн эрхийг хүндэтгэж үзэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүснэ. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг эзгүйд, хүндэтгэн үзэх шалтгаантай байхад, дээр нь сая дурдсан хуулийн олон заалтуудыг зөрчсөн байдлаар шийдвэрийг гаргасан. Уг эрх зүйн акт нь илтэд хууль бус шийдвэр болохыг нотолж байна. Нөгөө талаар шийдвэр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын гарын үсгээр баталгаажих ёстой. Гэтэл баталгаажаагүй. Протокол нь зөвхөн хурал удирдаж явуулсан буюу Хурлын даргын даалгасан хүний гарын үсэг, нарийн бичгийн даргын гарын үсгээр баталгаажсан. Тэгэхээр хууль ёсны шийдвэр биш буюу хууль бус болохыг давхар нотолж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Ер нь иргэдийн Хурал нь Улсын Их Хурлын Дэгийн тухай хууль болон Улсын Их Хурлын тухай хуулийн жишгээр ерөнхий зарчим, жишгийг баримталдаг. Үүнд Хорооны санал дүгнэлт байх ёстой. Гэтэл уг санал дүгнэлт байхгүй. Дээр нь санал дүгнэлт байхгүй учраас гишүүдэд тараагдсан хэлэлцэх асуудалтай холбоотой материал байхгүй. Санал өгөхөд гол үнэлэлт өгөх зүйл байхгүйгээр тухайн төлөөлөгчийн эрхийнхээ хүрээнд гаргасан нотолгоо, баталгаагүй энэ саналыг үндэслэж санал хураалт явуулж огцруулсан процесс харагддаг. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын хувьд олон юм ярих шаардлагагүй. Өнөөдрийг хүртэл ажилгүй байсан цалин хөлс, нэмэгдэл гэх мэт бүх асуудал дээр нотлох баримтаа гаргаж өгсөн. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг гаргаж өгсөн. Өмнө нь авч байсан цалингийн баримтыг гаргасан. Үүн дээрээс үндэслээд шүүх тооцоолол хийж, нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэв.

5. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  “2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр буюу ээлжит бус 7 дугаар хуралдаанаар Хурлын дарга байсан Ш.******* төлөөлөгчид итгэл үзүүлэх, эс үзүүлэх асуудлаар Хурлын төлөөлөгч хэлэлцэх асуудлыг батлах үед горимын санал гаргасан. Энэ горимын саналын дагуу санал хураалт явагдаж энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж олонхын саналаар дэмжигдээд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмэгдэж орсон байдаг. Энэ нь аймгийн иргэдийн Хурлын Хуралдааны дэг дээр бүр тодорхой заасан. Төлөөлөгч 8.6 дугаар зүйлд зааснаар тухайн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх, горимын саналыг гаргах бол Хурлын даргад үндэслэл бүхий саналаа амаар болон бичгээр илэрхийлж болно гэдэг эрхийг оруулж өгсөн. Үүний дагуу төлөөлөгч өөрөө горимын санал гаргаж олонхын саналаар уг асуудлыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмж оруулсан. Ингэж нэмж оруулаад нэгдүгээр асуудлаар хэлэлцэж итгэл үзүүлэх, эс үзүүлэх гэдэг асуудал дээр Хурлын төлөөлөгч нарын саналаар 3 төлөөлөгчийг Тооллогын комиссоор томилсон. Тооллогын комисс маань саналын хуудасны загвар, санал явуулах журмаа баталж, Тооллогын комиссын дарга, нарийн бичгийн даргыг танилцуулаад мөн олонхын саналаар баталсан. Санал хураалтыг итгэл үзүүлэх, эс үзүүлэх гэсэн томьёоллоор явуулсан. Санал хураалтад нийт 21 төлөөлөгчөөс 2 төлөөлөгч санал өгөхөөс татгалзсан. Нийт 19 төлөөлөгч оролцож 3 төлөөлөгч итгэл үзүүлнэ гэж 16 төлөөлөгч итгэл эс үзүүлнэ гэж санал өгөөд санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн олонх буюу 84.2 хувийн саналаар Хурлын даргад итгэл эс үзүүлнэ гэсэн тул тухайн өдрийн огцруулах шийдвэрийг Хурлаас гаргасан. Хэлэлцэх асуудлыг Зөвлөлийн хурлаар оруулаагүй гэж байна... Улсын Их Хурлын 2021 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн ажиллах журмын 4.1.1 дэх заалтад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3 дахь заалтад заасан ээлжит болон ээлжит бус хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож, Хурлын даргын захирамжаар батлуулах гэж зааснаар Зөвлөл нь хуралдааны тов хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоодог. Зөвлөл нь хуралдааны хэлэлцэх асуудлын талаар урьдчилан хэлэлцэж Хурлын даргын захирамжаар товлон хэлэлцэж байгаа нь баталж байгаа хэрэг биш бөгөөд гагцхүү Хурлын хуралдааны бэлтгэл ажлыг хангаж байгаа хэрэг юм. Хуралдааныг нээсний дараа хуралдаанд оролцож буй төлөөлөгчдийн олонхын саналаар тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг эцэслэн баталдаг. Үүний зэрэгцээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46.9 дэх заалтад “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж заасан байдаг. Үүний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 2 дугаар хуралдаанаар уг Хурлын Хуралдааны дэгийг хэлэлцэж баталсан байдаг. Түрүүн хэлсэнчлэн Хуралдааны дэгд заасны дагуу тухайн төлөөлөгч горимын санал гаргаж энэ нь олонхын саналаар дэмжигдээд хэлэлцэх асуудалд орж хэлэлцэгдээд асуудал шийдвэрлэгдсэн. Аймгийн Иргэдийн Хурал олонхоороо асуудлыг шийдвэрлэдэг учраас тухайн хуралдааны шийдвэр ч гэсэн олонхын шийдвэр байна гэж ойлгож байна. Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлага буюу цалин, нийгмийн даатгалын шимтгэл гээд 23,766,235 төгрөгийн нэхэмжилсэн байна. Энэ тооцооллыг албан ёсны мэргэжилтэн гаргаагүй учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж байна” гэв.

5.1. Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эхний шаардлага буюу Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 7/35 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, түүнийг хүчингүй болгуулах тухай шаардлага орж ирсэн. Энэ шаардлагаас сая тайлбар гаргаж тодруулахдаа илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага юм байна... хүчингүй болгох шаардлага энд байхгүй юм байна ...илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хүрээнд ...Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 дахь зүйлд заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлийг зааж илт хууль бус болохыг тогтоолгохоор энэ шаардлагыг гаргасан гэж ойлгогдохоор тайлбарыг гаргаж байна. Хүчингүй болгох гэдэг заалт маань өөрөө 47 дугаар зүйлд хамааралгүй 48 дугаар зүйлд хамаарах зохицуулалт байсан бөгөөд үндэслэлийг тодруулах ...тодорхой зүйлийг тайлбарласангүй... Илт хууль бус болох буюу эрх зүйн үндэслэл байгаагүй дээр... Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47.1, 47.2 хоёр дахь заалтыг үндэслэн ... дараах байдлаар няцаасан тайлбарыг хариуцагчийн зүгээс гаргаж байна. Мөн хуулийн 47.1 дэх заалтад Хурлын төлөөлөгчдийн Хороо, төлөөлөгч, тухайн шатны Засаг дарга асуудал санаачилж Хуралд ...хэлэлцүүлэх ...саналыг... гаргаж болно... төлөөлөгч Т. энэ горимын саналыг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаан дээр оруулж ирсэн. Энэ саналыг 47.2 дугаар зүйлд нийцэхгүй байна гэсэн гомдлыг нэхэмжлэгч өөрөө гаргаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Т. үүнийг хуралдаан болохоос өмнө хэлэлцүүлэх асуудлын жагсаалтад оруулж гаргах ... саналд нь холбогдох баримтыг харж үзэхэд байдаг. Гэхдээ энэ хүнийг огцруулах асуудлыг Т. төлөөлөгч ...Монгол ардын намыг төлөөлж гаргах юм байна гэдэг ...03 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаас эхэлж бид нарт ойлгогдож байсан... Энэ өдөр ...тухайн өдрийн хуралдаан дээр намайг огцруулах асуудлыг хэлэлцэх гэж байна гэсэн байр суурьтай ажилчдыг дуудаж, тайлбарлаж хуралдааны өмнө ярьсан байдаг. Ингээд Хурлаар ийм санал орж ирээгүй учраас энэ асуудал хэлэлцэгдээгүй гэж ойлгож байсан. 04 дүгээр сарын 23-ны өдөр албан томилолттой байсан мэт тайлбар гаргаж байна. Албан томилолттой байгаагүй...  04 дүгээр сарын 23-ны өдөр гаргаж байсан өөрсдийнх нь шийдвэрүүдээс харагдана. Шүүх хуралдаан дээр ч гэсэн 23-ны өдөр ямар ямар шийдвэрүүд гаргаж байсан талаар тайлбарлаж байна... Мөн энэ өдөр тухайн хуралдааны бэлтгэл ажлыг хангуулахаар зохих ажилтнуудад үүрэг өгч байсан зүйл байна... нэхэмжлэл гаргахдаа шүүхэд гаргасан нэхэмжлэл үнэн бөгөөд үндэслэлтэй байхыг шаардана. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг нь ганцхан өдөр хуралдаад эсвэл 7 хоногт өдөр болгон хуралддаг Хурал биш бөгөөд улиралдаа нэгээс доошгүй удаа хуралддаг. Үүнд урьдчилан хэлэлцүүлэх асуудлыг санал асууж байгаад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга өөрөө хэдний өдөр, хэзээ товлох боломжтойг мэдэж гаргадаг. Тэгэхээр нэхэмжлэгч өөрөө 04 дүгээр сарын 24-ний өдөр эмнэлэгт давтан үзлэг хийлгэх ажилтай, эсвэл тухайн өдөр Турк улс руу явах ажилтай, холбоо руу томилолтын ажилтай байсан өдрөө яагаад хурлыг товлочихсон юм. Яагаад гэхээр хуралдааныг даргалах эрх хэмжээнийхээ хүрээнд энэ өдөр эдгээр үйл явдал өөрт нь тохиолдохыг мэдэж байж товлочихсон. Яагаад мэдэж байсан асуудлыг нь хөндөж байна вэ гэхээр хэрэгт авагдсан амбулаторийн карт холбогдох баримт дээр 24-ний өдөр давтан үзлэг хийлгүүлнэ гэсэн баримтыг бичүүлэхдээ 02 дугаар сарын 09-ний өдөр байна уу, 03 дугаар сарын 09-ний өдөр байна уу огноо нь тодорхой ойлгогдохооргүй баримтыг үндэслэж өгсөн учраас би ...ийм тайлбар дүгнэлтийг олж харж байна... 23-ны өдөр томилолттой байсан юм уу, 24-ний өдөр томилолттой байсан юм уу... ямар чухал ...ажил ...асуудлаар томилогдоод сургалт, хичээл, уулзалт байсан юм уу гэдэг нь тодорхойгүй... ямар ч нотлох баримт энэ хэрэгт ирээгүй. Нэг томилолтын бичиг орж ирсэн... Энэ баримтын хүрээнд 24-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга маань ...23-ны өдрийн 17 цагт ажлынхаа байранд ... *******ээр Хурал удирдуулахаар захирамж гаргаж байсан хүн яагаад гэнэт өвчтэй болоод, яагаад гэнэт албан томилолттой болсон талаар хуульд нийцсэн баримтууд бүрдэж орж ирээгүй. Үүнийг эс тооцож Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47.2 дахь заалтыг зөрчсөн үү гэдэг асуудал байна. Өөрөөр хэлбэл Т. төлөөлөгч 2 хоногийн өмнө санал гаргаагүй. 2 хоногийн өмнө гаргасан саналуудыг Зөвлөл хуралдаад хэлэлцүүлэх асуудлын тоонд оруулж... төлөөлөгч нарт тараах ёстой. Энэ нь хуулийн заалт зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл ингэж тараагаагүй буюу энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд хуралдаанаар хэлэлцэхгүй гэсэн заалттай байсан. Энэ заалтаа бид бариад өнөөдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал явсан уу гэвэл үгүй. Бид юуг барьж өнөөдрийг хүрсэн бэ гэхээр Хурлын дэг тогтоосон. Энэ дэгийг баталсан баталгаажуулсан хүн маань иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар энэ дэгийг барьж өнөөдрийг хүртэл хэлэлцээд явж байна. Энэ дэг маань 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2/8 дугаартай “Хуралдааны дэг батлах тухай” гэж батлагдсан... Тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэ тогтоолын дагуу Хурлын дэгийг барьдаг.  Дэгийн 8.6 дахь заалтын талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Горимын шинжтэй санал гаргасан бол Хурал дараах саналыг үндэслэж хуралдааны хэлэлцэх асуулд оруулж болно. Амаар болон бичгээр илэрхийлсэн байхыг шаардсан. Нэгэнт горимын саналыг Хурал дээр гаргасан бол цаашид яах ёстой вэ. Хэлэлцэхгүйгээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47.2 дахь заалтыг барих ёстой юу. Хурлын дэгийн дагуу явах ёстой юу гэдэг асуудал хөндөгдсөн. Өөрөөр хэлбэл Хурлын процесс Хурлын дэгийг барьж явах ёстой. Хэрвээ дэг зөрчвөл төлөөлөгчид хариуцлага хүлээдэг. Тэгэхээр дэг зөрчигдөх асуудал буюу ...6.7 гэх заалт ...Жагсаалтад ороогүй цаг үеийн шинжтэй асуудал гарсан тохиолдолд тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан... хэлэлцэх асуудлыг шийдсэн. Шийдэхдээ Ардчилсан намаас хүртэл завсарлага авч байж бид нар хэлэлцүүлэх эсэхийг шийднэ гэх процесс Хурлын дэгийн дагуу явагдсан... 47.1.6 дахь заалтад байгаа эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг заалт дээр бид нэгэнт тогтоочихсон, хүчин төгөлдөр үйлчилж байгаа дэгийг баримтлах үүрэг нь төлөөлөгчид байсан.  Дэгийн дагуу явагдаж байгаа асуудлыг буруу гэж үзэх, буруутгах хууль зүйн үндэслэл буюу 47 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэх үндэслэлд шууд хамаатуулж биднийг буруутгах боломжгүй... Энэ дэгийг аль ч хуралдаан дээр барьдаг. Үүнийг өнөөдөр хэн ч өөрчлөөгүй, хүчингүй болгоогүй... хүчин төгөлдөр үйлчилсэн хэвээр байна... Энэ дэгийг буруу гэж шийдчихсэн ямар нэгэн шийдэл бүхий холбогдох баримт хэрэгт байхгүй. Тэгэхээр дэгийн дагуу явагдсан төлөөлөгчдийн үйлдэл хууль зөрчсөн үндэслэл байхгүй байгааг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзнэ үү... Жагсаалтад ороогүй асуудал орж ирвэл... Хэлэлцээд энэ асуудлыг өнөөдрийн хурлаар оролцуулъя, оролцуулахдаа хэдэд оруулах юм нэгд оруулах юм уу, аравт оруулах юм уу гэдэг дээрээ хүртэл нарийн хэлэлцүүлгүүд хурлын дэгээ барьж явсан... 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолыг хэрвээ зөрчих юм бол төлөөлөгч нар өөрсдөө хэд хэдэн үндэслэлүүдээр хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл бүрдэж байна. Тэгвэл нэхэмжлэгчийн 47.2 дугаар заалтыг зөрчсөн гээд байгаа үндэслэл бидний хувьд энэ заалтыг буруутгах үндэслэл байхгүй. Мөн 47.2 дугаар заалтын нэг ойлголт нь тухайн асуудлаар хэлэлцэхгүй гээд шууд хориглочихсон юм шиг бидэнд ойлгогддог боловч хэлэлцэх асуудлын хүрээнд аливаа хуралдааны явцад асуудлыг тодруулах, асуудлыг нэмэлтээр оруулж, ...тодорхой болгох тохиолдол... орж ирэх юм бол түүнийг хэлэлцэхгүй шууд орхиод явах эрх зүйн үндэслэлийг шууд хориглосон юм уу гэхээр Дэгээрээ оруулж ирж шийдвэрлүүлж болох эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон. Үүнийг хязгаарлаж, үгүйсгэх боломжгүй. Өөрөөр хэлбэл Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулж чадаагүй Хурлын талаарх буюу Хурал яаж явах, Хурал ямар дэгтэй байх, Хурлын дэг дээр юу барих ёстой зэрэг зохицуулаагүй асуудлыг дэгээр зохицуулна гэж үзсэн. Хурлын дэгээр ингэж зохицуулсан байхад бид өнөөдөр энэ дэг хууль дүрмээс хэтрүүлэн гаргасан дэг байна, эсхүл хэтрүүлсэн дэг биш байна гэдэг байдлаар хууль зүйн дүгнэлтийг шууд хийх боломжгүй юм... Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53.3 дахь заалтыг зөрчсөн мэтээр тайлбар гаргаж байна. Хурлын даргад итгэл үзүүлэх, эс үзүүлэх асуудлын хүрээнд нөхөн сонголтын асуудал явагдсан... ******* гэж хүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилсон тогтоол нь хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ хүрээнд асуудлыг шийдвэрлэхдээ тухайн заалт холбогдох баримтыг оруулж ирсэн гэж бид ойлгож байна. Энэ тогтоол шийдвэр, холбогдох баримтыг өгсөн. Мөн энэ 53.3 дахь заалтад заасан хүрээнд сонгуулийн асуудал болон төлөөлөгч даргыг сонгох процесс ажиллагаа явагдсан гэдэг нь харагдаж байна. ******* даргыг олонхын саналаар сонгосон. Тухайн хуралдаан дээр бас энэ асуудлыг хэлэлцэх ёсгүй асуудал байсан уу гэвэл үгүй. Цаг үеийн нөхцөл байдал буюу жагсаалтад орж ирээгүй хэлэлцэх асуудал бас мөн хуралдаан дээр орж ирсэн. Өөрөөр хэлбэл ганц Ш.*******ын асуудал биш. Энэ нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын асуудал, даргын асуудал бүхэлдээ тэнд хэлэлцэгдэн шийдвэрлэгдсэн учраас 53.3 дахь заалтыг барьж орж ирсэн үндэслэл харагддаг. Мөн үүн дээр шууд алдаатай заалт гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Зөвхөн даргыг сонгоход хэрэглэх юм байна. Огцруулахад энэ заалтыг хэрэглэх ёсгүй юм байна гэсэн хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж байхдаа хууль зүйн ямар заалтыг барьж огцруулах байсан юм бэ гэдэг үндэслэлийг нэхэмжлэгч тал тодорхой няцаан үгүйсгэсэн тайлбарыг нэхэмжлэлдээ оруулаагүйг дурдах нь зүйтэй. Дараагийн асуудлын хүрээнд илт хууль болохыг тогтоолгох шаардлага маань хоёр дахь шаардлагын хоорондох харилцан хамаарал нь юу вэ. Илт хууль бус болохыг тогтоолгосноор ямар эрх зүйн үндэслэлээр түүний эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж байна гэдэг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй... Ямар нэгэн эрх ашиг хөндөгдсөн байж цалин хөлс нэхэмжлэх шаардлага орж ирэх байх... өөрийгөө хүндэтгэн үзэх шалтгаантай байхад энэ тогтоолыг гаргасан нь илт хууль бус гэж үзсэн... хүндэтгэн үзэх шалтгаантай байхад гэдэг заалтыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга өөрөө зөрччихсөн. Т. төлөөлөгчийн санал 24-ний өдөр гараагүй. Урьд өдөр нь энэ асуудал яригдаад, хэлэлцэхийг даргын хувьд мэдсэн гэх З. төлөөлөгчийн тайлбар хурлын тэмдэглэл дээр байдаг... Энэ тайлбарыг би яагаад онцлоод байна вэ гэхээр огт мэдээгүй, мэдэхгүй байсан гэж тайлбар өгөөд байна... Ш.******* нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга боловч нөгөө талаар төлөөлөгч юм. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, хуралдааныг орхиж явсан. Энэ үндэслэл нь өөрөө нэхэмжлэгч хүсвэл хуулиа зөрчиж болдог. Өөрийнх нь асуудлыг хэлэлцэх үед бусад этгээдүүдэд хууль зөрчсөн гэж гомдоллож байгаа нь хэр нийцтэй байна вэ... хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдгээ холбогдох баримтын хүрээнд нотолж чадаагүй... Хоёр дахь шаардлагын тухайд 35 дугаартай тогтоол илт хууль бус болохыг тогтоолгосноор ямар эрх ашиг нь сэргэх гээд байгаа юм. Яагаад шууд цалин нэхэмжлэх шаардлага орж ирсэн юм... ажилдаа эгүүлэн тогтоолгох гээд байгаа юм уу. Ажилдаа эгүүлэн тогтоох шаардлага огт гаргаагүй учраас тэр талын шаардлагыг бид нар хэлэлцэхгүй юм байна гэж өмгөөлөгчийн хувьд ойлгож байна. Хэлэлцэхгүй асуудлын хүрээнд цалин хөлс гаргуулах шаардлагыг хүлээн авах нь захиргааны хэргийн шүүхийн хэмжээ хязгаарт байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж орж ирсэн ....үндэслэл нь тодорхой бус. 04 дүгээр сарын 24-ний өдөр хууль зүйн үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж ...байх тул цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ, албан томилолтын хөлс зэргийг нэхэмжилж байна гээд орж ирсэн... Нэгэнт ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй этгээдийн шаардлагын хүрээнд бид цалин хөлсийг нөхөн олгох, хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн аль шаардлагын хүрээнд үүнийг шийдүүлэх гэж орж ирээд байгаа гэдэг нь тодорхойгүй. Ер нь намайг ажилгүй болгосон гэж яриад байдаг. Ажилгүй болгосон юм бол Хөдөлмөрийн хуулийнхаа заалтыг бариад байгаа юм уу, Төрийн албаны тухай хуулийнхаа заалтыг бариад байгаа юм уу, өөрийнх нь ажил албан тушаал аль албанд харьяалагдаж байгаа юм. Энэ бүх зүйл тодорхой байж, ямар шаардлага орж ирсэн, тэр шаардлагын хүрээнд цалин хөлсний нэхэмжлэл орж ирсэн нь маш тодорхой байх ёстой... Нэхэмжлэгч нэхэмжлэлийн уг шаардлагаа өнөөдрийн хуралдаан дээр тодруулахдаа 04 дүгээр сарын 24-ний өдрөөс ...09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байна гэдэг. Гэтэл энд тогтоолтой холбоотой шаардлагын хүрээнд хэрэг хэлэлцэж байгаа байдалтай шууд хамааралтай маргаан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Эдгээр үндэслэлүүдээр миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг ...хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна...” гэв.

5.2. Хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Оюунбат өмгөөлөгч дэлгэрэнгүй тайлбар хэлж байна. Бид нар хариуцагчийн өмгөөлөгч учраас нэг байр суурьтай. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь өөрөө Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 7/35 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, түүнийг хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай. Сая нэхэмжлэлээ дэмжиж ярихдаа уг тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай. Нэмэлт нэхэмжлэлийн шаардлага нь ажилгүй байсан үеийн цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг буруутай этгээдээс гаргуулах гэж байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2 үндсэн асуудал яригдаж байна. Нэгдүгээрт Хурлын дэгд ороогүй хэлэлцэх асуудлыг урьдчилж надад мэдэгдээгүй, өөрөөр хэлбэл намайг хүндэтгэн үзэх шалтгаантай байхад энэ асуудлыг ярьж шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хоёрдугаарт хуулийг буруу хэрэглэн тогтоол гаргасан нь илт хууль бус гэсэн үйл баримтыг ярьж байна. Намайг эзэнгүй байхад буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын эзгүйд гэж байна. Тухайн үед эзгүй байсан нь өөрөө хүндэтгэн үзэх шалтгаантай гэж тайлбарлаж байна. Гэтэл үүн дээр 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өөрөө хуралдаан даргалагчийг томилсон байдаг. Тэгэхээр 23-ны өдөр энэ хүн байсан гэдэг нь тодорхой болж байна. Хүндэтгэн үзэх ямар шалтгаан байсан бэ гэдэг ойлголт яригдана. Бид нар бүгдээрээ хавтаст хэрэгтэй танилцсан. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг үзсэн. Үүнд давтан үзлэг хийлгэх гэсэн эмчийн акт буюу баримт байдаг. Мөн хүмүүстэй уулзалт хийх гэсэн нотлох баримт хавсаргасан. Буриад улсын орчуулагдаагүй буюу нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр өгсөн баримт байдаг. Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл шүүхэд авагдаж байгаа нотлох баримтууд бүгдээрээ баталгаат орчуулгатай байх ёстой. Гэтэл баталгаат орчуулга байхгүй. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн бүрдүүлбэр буюу нотлох баримтуудыг боломжтой хэлбэрээр өгөх үүрэгтэй. Хоёрдугаарт эмнэлгийн баримт бичиг нотлох баримтын шаардлага хангаагүй. Канондсон буюу хуулбарласан байдаг. Энэ нь Ш.******* очиж үзүүлэх ёстой байсан уу, үзүүлсэн үү гэдэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр байдаг. Үүнд нэг л зүйл байна. Хуралдаан болохын өмнөх өдөр нэхэмжлэгч байсан. Энэ талаар хариуцагчийн төлөөлөгчөөс асууж лавлахад дарга тухайн үед байсан учраас хуралдаан даргалагчийг томилсон захирамжийг гаргаж байсан гэж яригддаг. Хэрвээ энэ хүн урьдчилан төлөвлөчихсөн, хүндэтгэн үзэх шалтгаан гэж өөрийнх нь нэрлэж байгаа товлосон ажлууд нь 04 дүгээр сарын 24-ний өдөр байсан юм бол яагаад өөрөө хуралдааныг 04 дүгээр сарын 24-ний өдөр зарласан юм. Өнөөдөр хүндэтгэн үзэх шалтгаан гэж тайлбарлаад байгаа нотлох баримтуудыг сүүлд цуглуулсан гэж харахуйц баримтууд байсан. Ялангуяа эмчийн бичгийн огноо засвартай. Нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр ирээгүй. Тэгэхээр үүнийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл байхгүй. Хоёрдугаарт өөрөө сая тайлбарлаж ярьсан. Иргэдийн Хурлын дарга тухайн тогтоол дээр гарын үсэг зурах ёстой. Хуралдаан даргалагчийг өөрөө томилсон. Өөрөөр хэлбэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь даргын эзгүйд хуралдсан гэдэг ойлголт. Үүнд Хуралдаан даргалагч бол байсан. Дэгийн дагуу асуудал хэлэлцэгдсэн. Үүнийг Х.Оюунбат өмгөөлөгч ярьсан учраас давхардуулах шаардлагагүй. Баталсан дэгийн дагуу хуралдаан хуралдсан. Төлөөлөгчөөс итгэл үзүүлэх тухай санал гаргасан. Үүнд олонхын саналаар дэмжиж хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Хууль журамд заасны дагуу Тооллогын комисс ажиллаж, хамгийн гол нь хуралдаанд оролцогчдын 84,8 хувиар итгэл үл үзүүлэх гэдэг байдлаар буюу огцруулах саналыг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын санал өгсөн саналын дүн хүчинтэй. Энэ санал хураах ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Нэмэлт шаардлагын тухайд ажилгүй байсан үеийн цалин хөлс адилтгах орлого гэж нэхэмжилж байна. Өмнө нь Х.Оюунбат өмгөөлөгч хэлсэн. Ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлага энд байхгүй. Тэгэхээр нэгэнт ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох боломж байдаггүй. Хоёрдугаарт өнөөдөр гаргаж өгсөн баримтын хүрээнд бид нар нилээн маргаж янз бүрийн зүйл ярьсан. ...энэ хүн цалин болоод нэмэгдлүүдээ нэхэмжилж байна гэдэг... Ажиллагсдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл гээд хуулбар үнэн хувиар ирсэн баримт байна. Гэтэл энэ нь зөв тооцоололтой гарсан эсэх нь эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл Ш.******* гээд 04 дүгээр сард 22 хоног буюу ажлын бүтэн хоногоор бүтэн цалин бодогдсон. Гэтэл энэ хүн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр чөлөөлөгдсөн. Энэ нь хуанлийн 6 хоног, ажлын 4 хоног цаана нь дутуу байна. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцоолол нь 22 хоногоор цалинг бодсон байна. Бусад бүх сарууд үндсэн цалин болон нэмэгдэл цалин нь яг ижилхэн гаргачихсан. Энэ нь өөрөө зөрүүтэй юм биш үү. Дэлгэрэнгүй бүртгэлд яагаад 04 дүгээр сарын цалинг бүтэн олгоод гаргачихсан юм. Тэгэхээр нэхэмжлэгчийн өөрийнх нь ярьж байгаагаар 04 дүгээр сарын 24-ний өдөр илт хууль бус тогтоолоор чөлөөлсөн гэдэг боловч 04 дүгээр сарын цалин нь 22 хоногоор тооцож бүтэн цалин авсан байна. Гаргаж өгсөн баримтууд болоод нэхэмжлэлийн шаардлагууд нь уялдаа холбоогүй байна. Тийм учраас бид нар үүнийг тодруулъя. Дэлгэрэнгүй бүртгэл ямар учиртай юм бэ гэдгийг бид нар асууж байсан. Нэхэмжлэгч Ш.******* Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нөлөө бүхий хүн. Даргыг нь хийж байсан. Одоо төлөөлөгчөөр үргэлжлүүлээд ажиллаж байна. Тэгэхээр энэ дэлгэрэнгүй бүртгэлийг шүүхийн журмаар аваагүй учраас би үүнийг нотлох баримтын шаардлага хангах эсэх дээр эргэлзэж байна. Яагаад гэвэл 04 дүгээр сард 22 хоног буюу бүтэн цалин бодоод олгочихсон байгаа нь миний хувьд эргэлзээ төрүүлж байна. Х.Оюунбат өмгөөлөгч тайлбарласан. Тэр хуулийн заалтуудын тухай өөрөөр хэлбэл огцруулах тухай тогтоол дээр сонгох тухай заалтыг барьсан гэдэг асуудал яригддаг. Үүн дээр зарим тогтоолууд дээр ер нь ялангуяа сонгох, чөлөөлөх, бүрэн эрхийн хугацаа ямар нэгэн хурлын болоод ямар нэгэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаа эхлэх, дуусгавар болоход эхлэх заалтад ч тэр дуусгавар болох заалтыг нь ч тэр аль алиныг нь барьж л тавьдаг. Зөвхөн тэр хуулийн заалтыг хэрэглэснээр илтэд хууль зөрччихсөн буюу илт хууль бус бүхий акт, шийдвэр болсон гэж үзэх үндэслэлгүй. Бусад хууль зүйн заалтууд нь бүгд хууль ёсны дагуу байна. Хамгийн гол нь тогтоох хэсгийн 1 дүгээр зүйл үндэслэсэн төлөөлөгчдийн санал өөрөө хүчин төгөлдөр. Санал нь өөрөө хууль болоод журам, дэгийн дагуу явагдсан. Тооллогын комисс байгуулагдсан. Саналыг тоолсон. Ийм л зүйл яригдаж байна. Тийм болохлоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэв.

  1. Гэрч:
    1. Т. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болсон ба Ш.******* гэх хүн хуралд оролцоогүй. Хуралдаанд хэлэлцэх асуудал дээр би горимын санал буюу Хурлын даргад итгэл үзүүлэх, эс үзүүлэх асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна. Цаг үеийн зайлшгүй шаардлага үүссэн гэдэг байдлаар асуудал оруулсан... Өмнөх 6 удаагийн хуралдаан дээр ...Хурлын үйл ажиллагаа маш их доголдож, таслагдаж, Хурлын хэвийн үйл ажиллагаа үргэлжлэх боломжгүй болж байгаа нөхцөл байдлууд... яригдсан... энэ байдал засагдах боломжгүй юм байна гэдэг агуулгаар 3 асуудал дэвшүүлж санал оруулсан. Хамгийн эхэнд Хурлын даргын ёс зүй, байгууллагын удирдлагын манлайллын асуудлыг хөндөж тавьсан. Аймгийн иргэдийн дуу хоолой болж сонгогдсон Хурлын төлөөлөгч хүн иргэдийнхээ дуу хоолойг тухайн орон нутгийн бодлого шийдвэр гаргах түвшинд тодорхойлж ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Давхар бусад төлөөлөгчдийг хүндэтгэж тэр боломжийг хангаж ажиллах үүрэгтэй. Ялангуяа 29 төлөөлөгчөөс сонгогдсон Хурлын дарга энэ бүх зүйл дээр ёс зүйн манлайлал үзүүлж ажиллах ёстой. Ийм чиг үүрэгтэй байгууллагын удирдлага гэж ойлгож байна. Аймгийн орон нутгийн нөхцөл байдал төвөгтэй нөхцөл байдалтай буюу Ардчилсан нам болон Ардын нам ойролцоо түвшинд сонгогдсон нөхцөл байдалтай орон нутгийн өөрөө удирдах байгууллага бүрэлдсэн. Үүн дээр Хурлын даргын зүгээс маш хариуцлагатай бөгөөд эв нэгдлийг хангаж ажиллах чиг үүргийг үзүүлж ажиллах ёстой... цаг үеийн нөхцөл байдал байсан. Харамсалтай нь Хурлын дарга маань яг энэ чиг үүргээ маш хангалтгүй биелүүлсэн. Дээр нь Хурлын төлөөлөгчийг огцруулах, Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг татуулах тухай асуудлыг хүртэл өөрийнхөө дэргэд байдаг аппарат буюу Ажлын алба, Хурлын Хороогоор асуудлыг хэлэлцүүлж, Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хөндөж тавьсан байдаг. Энэ нь Хурлын удирдлагын ёс зүйн хувьд нэлээдгүй төвөгтэй нөхцөл байдал үүсгэсэн гэж үзэж байна. Хурал дээр болдог процесс, Хурлын өмнөх бүх процесс дээр иймэрхүү ёс зүйн асуудлууд байнга үүсэж байсан... Хаалттай хуралдаан дээр яригдсан асуудал сүүлд нь цахим орчинд задарч зарим төлөөлөгчийн нэр хүнд болоод алдар хүндэд маш ноцтойгоор нөлөөлсөн кэйсүүд үүссэн. Энэ нь Байгууллагын нууцын тухай хуульд зааснаар байгууллагын удирдлага үүн дээр хариуцлагын тодорхой асуудлууд үүсэх ёстой. Цаашдаа яг ийм байдлаар байгууллагын ...нууцтай холбоотой асуудлууд ч гэсэн хүндрэх нөхцөл байдал үүссэн учраас хамгийн эхэнд Хурлын даргын ёс зүй болоод байгууллагын удирдлагын манлайлал үүн дээр харагдахгүй байна. Ийм байдлаар цаашид үргэлжлэх боломж бололцоо байхгүй байна гэдэг агуулгаар эхний үндэслэлээ тайлбарласан. Хоёр дахь үндэслэл нь Хурал өөрөө маш чадамжгүй байгууллага болж байсан. Бид бүхэн 2024 оны 11 дүгээр сараас эхэлж бүрэлдсэн анги танхим. 6 удаагийн хурал болсон. Нэг хуралдаанаас бусад нь дандаа олон нийтэд нээлттэй байдлаар цахим орчинд шууд дамжуулалтаар хүрдэг. Хуралдааны процесс маш төвөгтэй. Хурлын дарга өөрөө хурлаа бүрэн удирдаж тодорхой асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд ажиллахад үнэхээр манлайлал дутагдалтай байсан. Иргэдийн зүгээс маш их шүүмжлэл ирж байсан. Ер нь явж явж Хурал өөрөө маш чадамжгүй болж ирсэн. Яагаад гэхлээр Хурал болгон 2 бүлгээс маш их завсарлага авдаг. Тэр болгоныг Хурлын дарга хянах боломжгүй байдлаар цааш үргэлжилдэг. Хуралдаан дээр төлөөлөгч нарын зүй зохисгүй маш олон удаагийн асуудлууд үүсэж байхад тухайн үед нь тэр байдлаар хянах чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байсан гэж үзэж  байна. Хурлаас гарч байгаа шийдвэрүүд өөрөө маш хангалтгүй болсон. Маш тодорхой асуудал гэвэл 6 дахь удаагийн хуралдаан дээр бид бүхэн 18 асуудал хэлэлцэхээр хуралдаанд оруулсан. Хурал 3 өдөр, 3 шөнө орой үргэлжилсэн. 18 асуудлаас 10 асуудал хэлэлцсэн. Хэлэлцсэн асуудал дээр бид бүхэн 5 асуудлыг шийдвэрлэж тогтоол гарсан байдаг. Хурал болгон иймэрхүү процессын хувьд маш хүндрэлтэй болдог. Өдөржин хуралдаж асуудлууд ярьчхаад ямар ч үр дүнгүй байдлаар гарч байгаа тохиолдлууд маш их байсан... цаашид Хурлын үйл ажиллагаа энэ байдлаар хэвийн үргэлжлэхэд үнэхээр хэцүү болчихсон нөхцөл байдал үүссэн. Энэ асуудлаар би Хурал өөрөө чадамжгүй байгууллага боллоо. Иргэд хүртэл бид бүхнийг үзэж харж байгаа нь их хэцүү төвөгтэй нөхцөл байдал үүсэж байна гэдэг асуудлаар хоёр дахь асуудлаа томьёолсон. Гурав дахь нь Хурлын бэлтгэл ажлын асуудал ярьсан. Хурлын дэргэд үндсэндээ 3 орчим нэгж байна. Хурлын хороод, Хурлын зөвлөл, намын бүлгүүдийн хуралдаанууд байна. Энэ хуралдааны нэгжүүд ер нь тодорхой хугацаанд тодорхой хэмжээнд хуралддаг байсан. Хуралдаанд оруулсан асуудлууд нь энэ гурван шатны нэгжээр дамжиж хуралдаанд орж ирэхдээ асуудлууд нэлээн чамбайрч ер нь тухайн төсөл сайжирч ...цэгцэрч явах ёстой... Харамсалтай нь энэ нэгжүүд маань хуралдсан ч гэсэн хуралдаанаар гарсан санал дүгнэлтүүд нь тухайн төсөл дээр тусч орж ирдэггүй нөхцөл байдлууд өмнөх 6 удаагийн хуралдаанд бүгдэд нь гарч байсан. Энэ яг ямар учир шалтгаантай вэ гэхлээр Хурлын дарга маань энэ нэгж Хороодынхоо үйл ажиллагааг уялдуулдаггүй. Бусад Хороод болон Зөвлөлийн хурлыг цаг тулгаж зохион байгуулж хуралдуулдаг... Хурлын дэргэдэх нэгж бүтцүүдийн үйл ажиллагаагаар олон асуудал ярилцаж зөндөө ярьдаг боловч харамсалтай нь цаг үрсэн ажил төдий нөхцөл байдал болоод хуралдаанд асуудлууд танилцуулахдаа яг анхны төслөөр танилцуулагдаж байгаа нөхцөл байдлууд ...ер нь засрахгүй байсан. Тийм учраас энэ цаашид ажиллахад нэлээд төвөгтэй байдал үүссэн. Ажлын алба болоод бусад нэгжийн үйл ажиллагаа маш доголдолтой байна гэдэг агуулгаар ...гурав дахь томьёолол гаргасан. Ер нь процессын алдаагүй Хурал гэж ер нь сүүлдээ байхаа больсон. Энэ асуудлаар цаг үеийн нөхцөл байдал үүссэн учраас Хурлын удирдлагын асуудлыг ярих нь зүйтэй юм байна гэдэг байдлаар горимын санал оруулсан... Бид Хуралдааны дэгийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр баталсан. Дэгийн 6.7 дээр цаг үеийн шинж чанартай асуудлыг хуралдаанд оруулахаар санал оруулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар хэлэлцэх эсэх талаар шийдвэрлэж болно гэсэн заалттай. Тэр заалтыг барьж горимын санал оруулж хэлэлцүүлсэн. Хоёрдугаарт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Зөвлөлөөр заавал хэлэлцэж 2 хоногоос доошгүй хоногийн өмнө хэлэлцсэн байх ёстой гэдэг заалт байгаа. Үүн дээр ямар асуудлууд үүссэн бэ гэхээр ... Ер нь бүтцийн асуудал анхны удаа Хурлын дарга дээр орж ирсэн процесс биш. Бид бүхэн 5 дахь хуралдаан дээр аймгийн Засаг даргад итгэл үзүүлэх, эс үзүүлэх асуудлыг оруулж ирж ярилцаж байсан. Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн саналыг Зөвлөл дээр бид бүхэн хуралдаад энэ асуудлыг хэлэлцэх, хэлэлцэхгүй тухай асуудал ярьсан. Мөн хугацааны асуудал ярьсан. Харамсалтай нь тэр Зөвлөлийн хуралдаан дээр Ш.******* дарга илтэд эсрэг байр суурь илэрхийлж, Ардчилсан намын төлөөлөгчтэй нэгдмэл санаатай хуралдаанд оролцсон. Уг нь Монгол Ардын намаас сонгогдсон Хурлын төлөөлөгч. Монгол Ардын намын удирдах нэгж буюу тэргүүлэгчдийн зүгээс Ш.******* даргад хуралдааныг 02 дугаар сарын 17-ны өдөр хуралдуулж өгнө үү гэдэг байдлаар буюу хуулийн хугацааны хамгийн сүүлийн өдөр хуралдаж өгнө үү гэдэг байдлаар тодорхой асуудал тавьж байсан... Зөвлөл Ардчилсан намаас 3, Ардын намаас 3 төлөөлөгч тэгээд Хурлын даргатай нийлээд долуулаа байдаг... Ардын намаас тавьсан санаачилга Засаг даргад итгэл үзүүлэх эсэх асуудал дээр Ш.******* дарга Ардчилсан намын зөвлөлийн гурван төлөөлөгчтэй нийлж 02 дугаар сарын 13-ны өдөр хуралдуулж байсан. Би Хурлын дэргэдэх Зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Энэ асуудлыг оруулах талаар би тухайн үед бодож байсан... Зөвлөл дээр энэ асуудал унах нь тодорхой байсан. Тийм учраас төлөөлөгчийн бүрэн эрхээ бодож хуульд болоод бид нарын баталсан дэг дээр байгаа учраас шууд оруулах боломжтой гэдэг байдлаар Зөвлөлийн хуралдаанд танилцуулахгүйгээр оруулж ирсэн... 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах асуудал орж ирэхийг Ш.******* дарга мэдэж байсан гэж бодож байна. Тийм баримт байгаа эсэх талаар хэлж мэдэхгүй байна... Энэ бичгийг би хуралдаанаас өмнө гаргаж өгөөгүй. Хуралдааны дараа гаргаж өгсөн. Он сарыг нь тодорхой санахгүй байна. Санал илэрхийлэхдээ горимын санал болгож хуралдаанд оруулсан... Баримт хавсаргаж өгөөгүй... бид нар цаг үеийн шинж чанартай нөхцөл байдал үүссэн гэдэг шалтгаанаар ...6.7 дугаар зүйлд зааснаар буюу бид нарын баталсан дэг дээр байгаа томьёоллыг барьж оруулж ирсэн... Хурлын даргын ёс зүйн асуудлаар Ёс зүйн хороонд хандаагүй. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргах Зөвлөлийн хуралдаанд би оролцсон. Тэр Зөвлөлийн хуралдаанд горимын саналаа илэрхийлье гэж дотроо бодож байсан. Харамсалтай нь хувь төлөөлөгчийнхөө итгэл үнэмшлээр энэ асуудал хэлэлцсэн ч гэсэн хуралдаанаар орох боломжгүй... Ш.******* төлөөлөгчийн байр суурь маш тодорхой байсан учраас тэнд танилцуулсан ч үр дүнд хүрэхгүй юм байна... гэж бодсон... 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр горимын санал амаар гаргасан. Дараа нь бичгээр гаргаж өгсөн. Баримт хавсаргаж өгөөгүй... Өөрийнхөө гаргаж байгаа 3 үндэслэлийг хангалттай нотлох баримттай үндэслэлүүд гэж ойлгож байна. Баримтууд нь удаа дараагийн Хурлын протоколууд дээр байгаа. Хурлын даргыг ёс зүйн зөрчил гаргасан гэж ерөөсөө хэлээгүй. Ёс зүйн асуудал үүсгэж байна... Зөвлөлийн хуралд танилцуулаад нэгэнт Зөвлөл дээр шийдвэрлэчихсэн асуудлыг хуралдаанд оруулах нь зөвлөлийн гишүүний хувьд тийм зохимжтой үг, үйлдэл биш гэж бодож байсан... Энэ асуудал нь ойрын үед яаралтай шийдэх асуудал мөн байсан... Хуралдаан үр дүнгүй байдлаар цаашид үргэлжилбэл Хурал өөрөө ямар ч итгэл үзүүлэх боломжгүй болдог. Зөвлөлөөр ороод асуудал дэмжигдэхгүй юм чинь хуралдаанаар шууд “цаг үеийн асуудал” гэдгээр оруулсан гэж ойлгож болно...” гэв.
    1. Э.- шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаар хуралдаан эхлэхэд байсан. Хурлын даргыг огцруулах гэдэг асуудал ирээгүй. Би Хороо ахалдаг учраас мэдэж байна. Хорооны хуралд тийм асуудал орж ирээгүй. Бүлэг дээр Хурлын дарга Ш.*******ыг огцруулах асуудал би ярина гэж Т. төлөөлөгч хэлсэн. Би Т.ад хувь төлөөлөгчийн хувьд ямар ч асуудал оруулах нь таны эрх. Гагцхүү нэг зүйл байдаг нь аймгийн намын Хорооны дэд даргын сонгуульт ажилтай хүний хувьд өөрийн намаас томилогдож байгаа хүнийг огцруулах санал оруулахад боломжгүй байна гэж хэлсэн. Төлөөлөгчдийн Хурлаар оруулна гээд оруулж ирсэн. Бүлэг дээр ч хэлсэн дараа нь хуралдаан дээр ч хэлсэн. Монгол Улсад ч биш ер нь хүний эрхийн нэг асуудал байдаг. Хүн өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Ялангуяа өөрийн ийм асуудал дээр буруутгасан байдалтайгаар асуудлыг нь хэлэлцэх гэж байгаа бол хувь хүн нь өөрөө байх шаардлагатай. Яг өөрийнх нь асуудлыг хойшлуулаад дараагийн хурал дээр ярьж болно гэж хэлсэн. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор горимын асуудал тавьж болно. Гэхдээ хуралдаанд оруулж ирэхээс ажлын 2 хоногийн өмнө энэ асуудлыг бичгээр гаргаж өгөх ёстой. Бидний гар дээр ирээгүй асуудлыг горимын санал гээд маргаан үүссэн. Төлөөлөгч Т.ын тавьсан горимын саналын дагуу санал хураахад оролцоогүй. Тэр хуралдаанд ганц ч санал оруулаагүй нэг хүн нь би. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд төлөөлөгч ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн заалтууд байдаг... Хамгийн гол нь хүний эрхийн асуудлыг бид нар урдаа барьж байх ёстой... “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” гэж НҮБ-аас... Тэр их том дайны дараа гаргасан. Хүн бүрд өөрт нь заяамал эрх бий гээд заачихсан. Тэр дотор хүн бүр өөрийгөө өмгөөлөх эрхтэй гэж заасан. Манай Үндсэн хууль дээр хүртэл энэ эрх байгаа. Тэр хүнийг байлгаач... Хувь хүнийг нь өөрийг байлгаж байгаад асуудлыг хэлэлц, энэ хүн үнэхээр төлөөлөгч нарыг ажил хийлгэхгүй, гомдоогоод байгаа бол хувь хүмүүсийн асуудлыг хувь хүмүүс нь хоорондоо ярь. Болохгүй бол нам дээр ярь гээд дийлээгүй. Хуралдаан дээр горимын санал гэж оруулж ирээд санал хураагаад явчихсан... Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд гээд жагсаалт гардаг. Тэр нэлээн хэдэн хоногийн өмнө бид нарт и-мэйл хаягаар ирчихсэн байсан. Тэрний дагуу Хороодууд хуралдаж зөвлөөд энэ асуудал орох юм байна гээд тодорхойлсон. Энэ асуудлуудтай холбоотой асуулт хариулт явах ёстой байтал хэлэлцэх асуудал дээр горимын санал гаргаж байна гээд шинэ асуудал оруулж ирээд хэлэлцүүлэг хийсэн. Энэ нь өөрөө процессийн том алдаа... Т. төлөөлөгч үүнийг хийсэн. З. уг асуудлыг хэлэлцүүлье гэж бүлгийн даргын хувьд ярьсан... Хуралдааны дэг дээр хуралдаан эхэлчихсэн үед тухайн төлөөлөгч, холбогдох этгээдүүд жагсаалтад ороогүй асуудлыг хэлэлцүүлж болно. Тэрний дагуу хэлэлцэх эсэхийг та нар шийднэ гэсэн заалт байхгүй. Ер нь бол Хуралдаан хуулиа барьдаг. Хуулиас дээгүүр Дэг гэж байхгүй. Намын бүлгийн хурал өглөө нь болсон. Хуралдаан эхлээд горимын санал гаргаж завсарлага авч бүлэг рүү оръё гээд бүлгийн хуралдаанаар яригдсан. Тухайн үед би хүн нь өөрөө байх хэрэгтэй гээд хэлэнгүүт үгүй, үүнийг ярьчихсан гээд дайраад байсан. Энэ нь ярилцаж тохиролцсоны шинж байх. Санал тоолох ажлын хэсэг буюу Тооллогын комисс гэж гардаг. Тэгэхэд 2 төлөөлөгч би ийм юманд оролцмооргүй байна гээд эсэргүүцэж байсныг би санаж байна...” гэв.
    2. З. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Хуралдаанд оролцсон. Тухайн өдөр төлөөлөгч Т.ын санал гаргасан 3 үндэслэл байдаг. Тэр үндэслэлийн хүрээнд горимын санал орж тухайн хуралдааны танхимд сууж байсан төлөөлөгч нарын олонх нь горимын саналыг дэмжсэн. Хувь хүний асуудал гэдгээр иргэдийн Хурлын дэгийн дагуу хаалттай хуралдаж асуудал шийдэгдсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд хуралдаан дээр гаргаж болно гэж ойлгосон. Горимын санал гарсан тохиолдолд хуралдаануудаар хэлэлцээд явдаг. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хуралдааны дэгийг Хурал өөрөө батална гэсэн заалт байдаг. Тэр хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрдсэнийхээ дараа дэг баталдаг. Тэр дэг дотор хуралдааны үеэр төлөөлөгч горимын санал гаргаж ийм асуудал оруулж болно гэсэн заалт байдаг. Тэр хүрээнд шийдэгдсэн гэж ойлгож байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл үзүүлэх, эс үзүүлэх асуудал 03 дугаар сарын 31-ний өдөр, 04 дүгээр сарын 01-ний өдрийн хурал дээр анхны яриа гарсан. Анх энэ асуудал 03 дугаар сарын 31-ний өдөр яригдаад тухайн үед Ш.******* дарга орж ирээд бид муудалцаад үг зөрөөд гарч байсан. Уг асуудлыг хоёр намын бүлгийн түвшинд яригдаад хэлэлцэхгүй орхисон. Тухайн үед энэ асуудлаар янз янзын байдлаар хов жив элдэв ярианууд явж байсан. Хоёрдугаарт Ш.*******ын даргын хувьд олон жил улс төрд ажилласан хүн учраас тийм мэдрэмж авсан байсан байх гэж бодож байна. Анхдугаар хуралдаанаас хойш 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаан болох хүртэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхцөл байдал нэлээн хэцүү явж ирсэн. Байнгын улс төржсөн, хоорондоо хатуу үг шидэлцсэн. Зурагтаар явдаг бичлэг нь байнгын хэрүүлтэй. Сүүлдээ ард иргэд, төрийн албан хаагчид хүртэл залхчихсан. Аль аль нам улс төржихөө боль гэдэг агуулгаар магадгүй тэр 04 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймагт Хойд бүсийн зөвлөлийн зөвлөгөөн дээр нь Засгийн газрын хуралдаан болно гээд Булган аймгийн 2025-2028 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалттай холбоотой нэлээн асуудлууд яригдана. Тийм учраас энэ том агуулга дээр муудалцаж, улс төржихгүйгээр асуудлуудыг ярилцаад яв гэдэг утгаар аймгийн Засаг дарга 2 намын бүлгийн даргыг дуудаж албан бичиг өгсөн. Улс төржихөө боль хамтраад яв гэдэг агуулгатай. Бид нар Засаг дарга, Хурлын дарга хоёрыг сонгохдоо хоорондоо эвтэй найртай эвлээд ажиллана гэж ойлгож, харж, итгэж найдаж сонгосон. Харамсалтай нь энэ 2 маань сар бололгүй хоорондоо муудалцаад талцаад эхэлсэн. Мэдээж энэ асуудалд иргэдийн Хуралд сууж байгаа нэг талаас Ардын намын бүлэг түүнийг толгойлж байгаа миний бие, нөгөө талаас Ардчилсан нам түүнийг толгойлж байгаа Ууганбаяр нар хоорондоо үзэлцээд эхэлсэн. Аймгийнхаа төсвийг хүртэл баталж чадахгүй хэмжээнд хүрч байсан. Ер нь аймаг орон нутгийн батлаад явчих ёстой, ойлголцоод шийдчих асуудлууд бүгд гацаад буцах нь буцаагдаж, олонхын саналаар унаж байсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл үзүүлэх асуудлаар 1 удаа үг хэлсэн ба Ардчилсан намын бүлгийн дарга Ууган мэдэж байгаа юм уу? гэхээр нь мэдэж байгаа, мэдэж байх ёстой. Хурлын дарга өөрөө хурал зарлачихсан байсан. 04 дүгээр сарын 24-ний өдөр хурал болсон чинь гэнэт хурлын нарийн бичиг орж ирээд Ч.******* гэдэг төлөөлөгч хурал удирдах болсон гээд төлөөлөгч нар гайхаад хаачив, өчигдөрхөн байж байсан гээд ярилцаж байсан... Тухайн үед Ш.******* төлөөлөгчийг байлцуулж байгаад уг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй, тухайн өдөр л шийдэхгүй бол болохгүй нөхцөлд хүрчхээд байсан гэж ойлгож болно. Аймаг, орон нутаг, төр захиргааны байгууллагуудын уялдаа холбоо гэдэг зүйл шалан дээр уначихсан байсан. Тийм учраас цаг алдахгүй залруулаад явах нь зүйтэй байна гэдэг дээр олонхын шийдвэрт хүрсэн...” гэв.
    3. О.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би иргэдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажилладаг... 04 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 7 дугаар хуралдаан болсон. Хурлын өмнөх өдөр буюу 23-ны өдөр аймгийн Хурлын дарга ажилдаа ирээгүй. Жолоочоороо дамжуулан эрүүл мэндийн шалтгаантай байна. Үдээс хойш ирнэ гэдэг мэдээллийг Ажлын албанд өгсөн. Бид хэд хуралдааны бэлтгэл хангаж. Хуралдааны танхим, өмнөх хуралдааны шийдвэрийн төсөл, тодорхой бичиг цаасны ажлууд байдаг. Түүн дээр ажлын алба ажиллаад байж байсан. Би цагийг нь санахгүй байна. Ажил тарах нэлээн дөхсөн байсан. Орой 17 цаг 30 минутаас хойш жолоочоор дамжуулан хуралдаан удирдуулах тухай захирамжийг ажлын албанд ирүүлсэн. Түүн дээр даргыг хүндэтгэн үзэх шалтгаанаар явсан гэдэг. 23-ны өдөр даргыг хот руу явсан гэж ойлгож байгаа. Захирамжийн төслийг нь уншаад би даргатай утсаар ярьж... Хүндэтгэн үзэх шалтгаантай гэдэг байдлаар таны захирамжтай танилцлаа. ******* төлөөлөгчөөр удирдуулахаар болсон юм байна. Маргааш хурлын нээлт болно. Захирамжийг уншиж танилцуулахаар таныг хүндэтгэн үзэх шалтгаантай явсан гэдгийг би юу гэж тайлбарлах вэ гэхэд дарга эрүүл мэндийн шалтгаантай. Улаанбаатар хотод эмч дуудсан. Үдээс хойш нь Их Хурлын даргатай уулзах цаг авсан. Ийм асуудлаар Улаанбаатар хот руу явсан. Энэ тайлбарыг хэлээрэй гэдэг ...мэдээлэл авсан. Тэр нь 23-ны орой. Албан томилолтоор явна гэсэн бол урьдчилаад хэлдэг... Дарга томилолтын хуудас аваагүй. Баталгаажуулах хүн нь би өөрөө учраас мэднэ. 04 дүгээр сарын 23, 24-ний асуудалтай холбоотойгоор 05 дугаар сарын 01-ний өдөр нөхөж авсан... Хуулбар үнэн тамга, тэмдгийг манай бичиг хэрэг дардаг. Холбогдох журмын дагуу баталгаажуулж бүтцийн нэгжийн дарга нь хяналт тавьж гарын үсэг зурж байгаа гэж ойлгож байна. 04 дүгээр сарын 24-ний өдрийн Хурлын тухайд ...Хурлын тэмдэглэл дээр байсны дагуу процесс явагдсан. Өмнөх буюу 6 дугаар хуралдаан зарлачихсан байсан 3 өдрийн 18 асуудал хэлэлцдэг. Хурлын эхний өглөө дарга ажлын албыг дуудсан. Өнөөдөр миний асуудлыг хуралдаанд ярьж, оруулж ирэх гэж байгаа юм байна. Та хэд хуулийн тайлбар бэлтгэ гэдэг асуудлыг дарга ажлын албаныханд үүрэг чиглэл өгөөд гаргаж байсан... Хуралдаан эхлээд процесс явж байгаа бол хурлын ажлын алба оролцох эрхгүй. Харин хэлэлцэх асуудалтай холбоотой яригдаж байгаа тохиолдолд төлөөлөгч ажлын албанаас асуувал бид нар хариулт өгөх үүрэгтэй... Төлөөлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зохион байгуулалтын асуудал хэлэлцье гээд горимын санал оруулж ирсэн. Энэ боломжтой юу гэж ажлын албанаас асуусан. Хуульд төлөөлөгч асуудал оруулж хэлэлцүүлэх эсэх нь нээлттэй. Гэхдээ та бүхэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47.2 дугаар заалтыг анхаарч үзээрэй гэж тухайн үед хэлсэн. Тэр нь хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбоотой асуудлыг ажлын 2 хоногийн өмнө материал хүргүүлсэн байхаар зохицуулсан байдаг. Хуульд төлөөлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд асуудал оруулж ирсэн. Тэрийг хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцож байгаа төлөөлөгчид бүрэн эрхийн хүрээнд шийдсэн. Тэгэхээр ажлын алба орж ирээд та бүхэн үүнийг хэлэлцэх ёсгүй гэж хэлэх боломжгүй. Тухайн үеийн зөвлөмжийг би хуулийнхаа дагуу ажлын албаны байр суурийг илэрхийлээд явсан. Гэхдээ бид нарын үгийг тухайн хуралдааны төлөөлөгчид авч үзэлгүйгээр асуудал хэлэлцэгдээд явсан. Хамгийн сүүлийн 10 дугаар хуралдаан дээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч санал гаргаад 2025-2026 оны төв суурины өвөлжилттэй холбоотой асуудлаар горимын санал гаргаж хэлэлцсэн. Тэгэхээр цаг үеийн шинжтэй ийм асуудлууд зайлшгүй шийдэх, хугацаа алдах боломжгүй асуудлуудыг авч хэлэлцдэг. Өмнө нь ч бас тэгж байсан. Итгэл үзүүлэх, эс үзүүлэх асуудал нь цаг үеийн чухал асуудалд хамаарах эсэхийг сайн мэдэхгүй. Төлөөлөгч өөрөө бүрэн эрхийн хүрээнд цаг үеийн зайлшгүй шаардлагаар оруулж ирсэн ийм асуудал байна гэж танилцуулсан. Санал гаргасан төлөөлөгч өөрийн гурван үндэслэл дээр тайлбар гаргаж хэлэлцүүлсэн. Ш.******* даргын хувьд өөрөө байгаагүй учраас тэр асуудал шийдэгдээгүй байх. Санал гаргасан төлөөлөгч Т. ямар нэгэн нотлох баримт, мэдээ, мэдээллийг төлөөлөгч нарт өгөөгүй. Тухайн үед 3 үндэслэлийг тайлбарлаж байсан... Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд материалуудаа хүргүүлнэ. Тэгээд Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд, Хороодын хурлаар хэлэлцүүлээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд бэлтгэж ордог. Тэгэхээр өмнө нь ...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд манай хуралдаанд оруулах асуудлын материалууд, тогтоолын төсөл энэ байна гээд ирүүлдэг. Бид нар аваад Зөвлөлийн хурал хэзээ хуралдах юм тэр Зөвлөлийн хуралдаа хүргүүлнэ. Зөвлөлийн хурал хэлэлцээд ...дэмжигдвэл Хорооны хурлаар хэлэлцүүлнэ. Хорооны хурал дээр хэлэлцэж дүгнэлт гардаг. Дараа нь бүх төлөөлөгчдөд Хорооны хурлын дүгнэлтийг тарааж хуралдааны процесс явдаг. 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Хуралдаан дээр Т. төлөөлөгч горимын санал гаргасан. Энэ горимын саналтай холбоотой нотлох баримт, тооцоо, судалгаа хаана байна гэж шаардсан төлөөлөгч байгаагүй. Ер нь тэмдэглэлээс харахад дурдаж байсан байх. Өмнө нь хэлсэн үү, Ш.******* дарга мэдэж байгаа юу, төлөөлөгчид мэдэж байгаа юу гэдэг асуудал яригдсан” гэв.
    4. Ж.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын архив бичиг хэргийн ажилтан гэдэг албан тушаал дээр ажилладаг. Хуралдаан хариуцсан мэргэжилтэн бэлтгэл ажлаа хангадаг. Яг баримт бичиг хуулбарлаж авахад мэдээж хуулбар баталгаажсан баримтаас хуулбарлаж өгнө. Дээрээс нь хуулбар хувьд “Хуулбар үнэн” тэмдгийг дараад хэлтсийн дарга нар баталгаажуулж явдаг... журам байдаг. 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ш.******* гэх хүн оролцоогүй. Улаанбаатар хот руу ажлаар явсан. Эмнэлэгт үзүүлэх, Улсын Их Хурлын тамгын газар цаг авсан байсан. Тэр цаг нь тухайн өдөр товлогдсон байсан гээд манай Хурлын нарийн бичгийн дарга хуралдаан дээр яг шалтгааныг нь хэлж байсан. Ч.******* төлөөлөгчөөр хуралдаан удирдуулах захирамжийн төсөл над дээр орж ирэхэд дарга байхгүй юм байна гэж ойлгосон. 16:00 цагийн төгсгөлд орж ирсэн байх. Ямар ч байсан баталгаажуулаад гарсан нь ажлын цагт багтсан. Албан бланканд буулгаж гарын үсэг зуруулсан. 17:00 цаг өнгөрч байхад зуруулсан байх. Тухайн өдөр Ш.******* дарга даралт ихсээд байна гэрээсээ ажиллана гэж байсан. Жолоочоороо албан бичгийг хүргүүлж байсан. Тухайн баримт 23-ны өдөр албажсан. Шүүхэд ирүүлсэн материал үдэгдэж архивлагдаагүй. 2025 оны материал учраас манай хуралдаан хариуцсан мэргэжилтэн дээр байсан. Тэр хүн надад ийм ийм материалыг авах юм байна хуулбарлаж өгөөрэй гээд материалаас өгөхөөр нь хуулбарлаад тэмдэг дарсан. Шүүхээс нотлох баримт шаардсан албан бичиг ирсэн. Хуралдааны тэмдэглэл, захирамж, төлөөлөгчийн гаргасан горимын саналын 2 хуудас материал, Хуралдааны дэг байсан байх. Эдгээр нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 7 дугаар хуралдаантай холбоотой баримтууд. Ш.******* гэдэг хүний цалингийн дэлгэрэнгүй бүртгэлийг би хуулбарлаж байгаагүй байх... би 7 сард ээлжийн амралттай байсан. ******* гэх манай мэргэжилтэн миний ажлыг хийж байсан. Хуулбар үнэн, хуулбар хувь тэмдэг над дээр байдаг. ******* хороо төлөөлөгч, хэвлэл мэдээлэл хариуцдаг мэргэжилтэн...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Ш.******* нь анх “Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах” гэх нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг шүүхэд ирүүлсэн.
  2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шаардлагаа “шүүх хянан шийдвэрлэх хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ ба тухайн үед албан томилолтоор ажилласан хөлс, шүүхээр шийдвэрлүүлэх хугацааны явцад өөрөөс гарсан зардлууд болох замын зардлууд, өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс, тэмдэгтийн хураамж зэргийг буруутай этгээдээр төлүүлэх” хэмээн нэмэгдүүлсэн.
  3. Харин шүүх хуралдаанд дээрх нэмэгдүүлсэн шаардлагын “нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ ба тухайн үед албан томилолтоор ажилласан хөлс, шүүхээр шийдвэрлүүлэх хугацааны явцад өөрөөс гарсан зардлууд болох замын зардлууд, өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс, тэмдэгтийн хураамж зэргийг буруутай этгээдээр төлүүлэх” гэх хэсгээсээ татгалзаж, үлдсэн шаардлага болох “шүүх хянан шийдвэрлэх хугацааны цалин” гэх хэсгийг “2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 23,766,235 төгрөгийг гаргуулах” хэмээн тодруулав.
  4. Тиймээс шүүх  нэхэмжлэгчийн “нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ ба тухайн үед албан томилолтоор ажилласан хөлс, шүүхээр шийдвэрлүүлэх хугацааны явцад өөрөөс гарсан зардлууд болох замын зардлууд, өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс, тэмдэгтийн хураамж зэргийг буруутай этгээдээр төлүүлэх” гэх хэсгээсээ татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн “Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 23,766,235 төгрөгийг гаргуулахшаардлагын хүрээнд маргааныг ердийн журмаар хянан шийдвэрлэлээ.   
  5. Нэхэмжлэлийн зарим хэсэг үндэслэлтэй байна.
  6. Нэхэмжлэгч Ш.******* нь

- Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 08 дугаартай захирамжид ээлжит бус VII хуралдаанаар хэлэлцэх асуудлыг 1-9 дугаартайгаар тусгасны дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх асуудал огт тусгагдаагүй байсан,

- иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга миний ямар хууль зөрчсөн асуудал нь итгэл үзүүлэх эсэхээр хэлэлцэх үндэслэл болсон тухай материал Хурлын төлөөлөгч нарт тараагдаагүй, танилцуулагдаагүй,

- Хурлаар хэлэлцүүлэх асуудлыг Хуралдаанаас 2 хоногийн өмнө төлөөлөгчдөд мэдэгддэг хуралдааны дэгийн заалтыг зөрчиж асуудлыг гэнэт оруулж ирсэн нь үндэслэлгүй,

- намайг хүндэтгэн үзэх шалтгаанаар байхгүй байх хойгуур мэдэгдэх ажиллагаа хийж, тайлан, тайлбар авалгүйгээр VII/35 дугаартай хөдөлмөрлөх эрхтэй минь холбоотой эсрэг шийдвэр гаргасан,

- Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 дугаар зүйлд зааснаар VII/35 дугаартай тогтоолыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тул илт хууль бус шийдвэр болсон,

-тус тогтоолын хууль зүйн үндэслэл нь тусгайлан эрх олгосон хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцээгүй Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь төрийн байгууламжийн нэгдмэл байдлыг хангах” зарчим, заалтыг зөрчсөн,  

- миний бие ёс зүйн ноцтой зөрчил гаргаж байгаагүй ба Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.6, 41.1.7 дахь заалтыг зөрчөөгүй.

- хуульд заасан тодорхой шалтгаан үндэслэлгүйгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг итгэл үзүүлэх эсэх асуудлаар огцруулах заалт байхгүй гэх үндэслэлүүдээр маргаж байх ба Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.*******ийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтээсээ татгалзав.

  1. Хэрэгт авагдсан баримтуудаар:
  1. Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” гэх/-ын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн II/05 дугаартай “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” тогтоолоор тус Хурлын даргаар Шурагийн *******ыг сонгож, баталсан /хэргийн нэгдүгээр хавтсын 6 дугаар хуудас/,
  2.  мөн Хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/26 дугаартай “Ш.*******д цалин олгох тухай” тушаалаар Ш.*******ын үндсэн цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоож,  2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс олгохоор шийдвэрлэсэн /хэргийн нэгдүгээр хавтсын 7 дугаар хуудас/,
  3. тус Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн II/08 дугаартай “Хуралдааны дэг батлах тухай” тогтоолоор Хуралдааны дэг /цаашид “Дэг” гэх/-ээ баталсан /хэргийн нэгдүгээр хавтсын 100-111 дүгээр хуудас/,
  4. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн 10 дугаар хурлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг зарлах, тус Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг тус тус тодорхойлсон /хэргийн нэгдүгээр хавтсын 114-119 дүгээр хуудас/,  
  5. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/08 дугаартай “Хуралдаан зарлаж, хэлэлцэх асуудал батлах тухай” захирамжаар тус Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09:00 цагт танхимаар зарлан хуралдуулж, “...1. “Амар тайван Булган” хөтөлбөр батлах тухай, 2. Улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай, 3. “Хөдөө аж ахуй-Хөгжлийн ирээдүй” ОНӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг шинэчлэн батлах тухай, 4. “Булган-Мээж” ОНӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг шинэчлэн батлах тухай”, 5. “Булган-Мээж” ОНӨХХК-ийн 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний санал, 6. Сум, сургуулийн түүхт ой, тэмдэглэлт өдрийн тов тогтоох тухай, 7. Сүм, хийдийн зөвшөөрөл олгох тухай, 8. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, 9. Засгийн газрын хуралдаанд танилцуулах бодлогын баримт бичигт санал оруулах тухай” асуудлуудыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн /хэргийн нэгдүгээр хавтсын 8-9,  85-86 дугаар хуудсууд/,
  6. дээрх Хуралдааны тов болон түүгээр хэлэлцэх асуудлуудтай холбогдох материалуудыг төлөөлөгч нарт цахимаар хүргүүлсэн /хэргийн нэгдүгээр хавтсын 124-172, 181-184 дүгээр хуудсууд/,
  7. мөн Даргын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/10 дугаартай “Хуралдаан удирдуулах тухай” захирамжаар “...1....Хурлын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар 2025 оны 04 дүгээр сарын 23-25-ны хооронд Улаанбаатар хотод ажиллах тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII хуралдааныг ... Ч.*******ээр удирдуулсугай” гэж шийдвэрлэсэн /хэргийн нэгдүгээр хавтсын 10 болон 87 дугаар хуудсууд/,
  8. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хуралдсан /хэргийн нэгдүгээр хавтсын 44-84 дүгээр хуудас/,
  9. тус Хуралдаанд оролцвол зохих 29 төлөөлөгчөөс 22 төлөөлөгч оролцож 75.9%-ийн ирцтэй, 7 төлөөлөгч чөлөөтэй байсан /хэргийн хоёрдугаар хавтсын 8 дугаар хуудас/,     
  10. Хуралдаанд тус Хурлын төлөөлөгч Т. “Хурлын даргад итгэл үзүүлэх, эс үзүүлэх эсэх талаарх асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах” саналыг гаргасан /хэргийн нэгдүгээр хавтсын 122-123 дугаар хуудас/,
  11. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар Т. төлөөлөгчийн саналыг тус хуралдаанаар хэлэлцэх асуудалд оруулсан төдийгүй нэгдүгээрт хэлэлцэхээр шийдвэрлэсэн,
  12. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/34 дугаартай “Тооллогын комисс байгуулах тухай” тогтоолоор тус Хурлын даргад итгэл үзүүлэх, эс үзүүлэх тухай санал хураалтыг зохион байгуулах Тооллогын комиссыг төлөөлөгч Д.*******, О.*******, Б.Энх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан /хэргийн нэгдүгээр хавтсын 88 дугаар хуудас/,
  13. Тооллогын комиссын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн
      1. 01 дугаартай “Тооллогын комиссын дарга, нарийн бичгийн даргыг сонгох тухай” тогтоолоор Тооллогын комиссын даргаар төлөөлөгч Д.*******ыг, нарийн бичгийн даргаар О.*******г тус тус сонгож шийдвэрлэсэн /хэргийн хоёрдугаар хавтсын 09 дүгээр хуудас/,
      2. 02 дугаартай “Тооллого явуулах журам, Саналын хуудасны загвар батлах тухай” тогтоолоор журмыг 1 дүгээр хавсралтаар, саналын хуудсын загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсан /хэргийн хоёрдугаар хавтсын 10 дугаар хуудас/,
      3. 03 дугаартай “Тооллого явуулсан дүнгийн тухай” тогтоолоор санал хураалтад 19 төлөөлөгч оролцон санал өгснөөс “итгэл үзүүлнэ” гэх 3 саналын хуудас буюу 15.8 хувь, “итгэл эс үзүүлнэ” гэх 16 саналын хуудас буюу 84.2 хувь тус тус гарсныг Хуралдаанд уламжлахаар шийдвэрлэсэн /хэргийн нэгдүгээр хавтсын 90 дүгээр хуудас/,
  14. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн
      1. VII/35 дугаартай “Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас огцруулах тухай” тогтоолыг гаргаж Ш.*******ыг тус Хурлын даргын албан тушаалаас огцруулж,
      2. VII/37 дугаартай “Жаранживаагийн *******ыг Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгох тухай” тогтоолыг гаргаж төлөөлөгч Ж.*******ыг Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100%-ийн саналаар тус Хурлын даргаар сонгож тус тус шийдвэрлэсэн үйл баримтууд болсон болох нь тогтоогдов.  
  15. Хариуцагч тал:
  • иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит бус хуралдаан нь батлагдсан Дэгийн дагуу явагдсан,
  • Хурлын  даргын эзгүйд хуралдсан гэх боловч Хурлын даргын шийдвэрээр томилогдсон хуралдаан даргалагч Хуралдааныг удирдсан,
  • Хурлын төлөөлөгч нь Дэгийн 6.7-д заасан эрхийнхээ дагуу Ш.*******д итгэл үзүүлэх, эс үзүүлэх асуудлыг Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахыг хүссэн горимын саналыг гаргасан нь дэмжигдсэн,
  • Зөвлөл нь хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан хэлэлцэж Хурлын даргын захирамж гарч байгаа нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг эцэслэн баталж байгаа хэрэг биш бөгөөд гагцхүү Хурлын хуралдааны бэлтгэл ажлыг хангаж байгаа хэрэг юм. Хуралдааныг нээсний дараа хуралдаанд оролцож буй төлөөлөгчдийн олонхын саналаар тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг эцэслэн баталдаг,
  • нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Хуралдаанд оролцоогүй гэдгийг нотлох баримтгүй, гаргасан баримтууд нь хуульд заасан шаардлага хангахгүй байгаа. Албан томилолтоор явсан гэх боловч албаны ямар ажил гүйцэтгэсэн нь тодорхойгүй, нотлох баримтгүй тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй гэх үндэслэлтэй,
  • “ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага гаргаагүй этгээдийн цалин хөлсийг нөхөн олгох, хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй, 23,766,235 төгрөгийн тооцооллыг албан ёсны мэргэжилтэн гаргаагүй учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй,
  • хариуцагч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлсэн, 53 дугаар зүйлийн 53.3 дахь зохицуулалт нь Хурлын даргын бүрэн эрх эхлэх болон огцруулсан шийдвэрийн аль алинд нь хэрэглэгдэнэ,
  • Санал хураалтын үйл ажиллагаа хууль болон Дэгд заасан журмын дагуу явагдсан бөгөөд Хурлын даргад “итгэл үзүүлэхгүй” гэх Хурлын төлөөлөгчдийн өгсөн 84.6%-ийн санал хүчинтэй хэвээрээ байгаа,
  • төлөөлөгчийн Хуралдаанд гаргасан горимын саналыг хэлэлцэн, санал хураалт явуулж гаргасан олонхийн шийдвэр нь улс төрийн шийдвэр тул шүүх түүний үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлан мэтгэлцэв.  
  1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйл /Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх/-ийн 35.1.2-т “Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах”, 39 дүгээр зүйл /Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн эрх, үүрэг/-ийн 39.1.1-д “асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”, 39.1.3-т “хэлэлцэж байгаа асуудлын талаар …санал хураалгах”, 39.1.4-т “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах”, 45 дугаар зүйл /Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо/-ийн 45.1-д “Аймаг…ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах… чиг үүрэг бүхий Хурлын хороо байгуулан ажиллуулж Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангана”, 46 дугаар зүйл /Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан/-ийн 46.6-д “Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. Хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг нь удирдана”, 46.9-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална”, 47 дугаар зүйл /Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд асуудал оруулах эрх/-ийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын …төлөөлөгч …асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй”, 48 дугаар зүйл /Хурлын шийдвэр/-ийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн… олонхын саналаар батална”, 51 дүгээр зүйл /Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл/-ийн 51.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь …хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий …Зөвлөл байгуулна…”, 52 дугаар зүйл /Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрх/-ийн 52.1.1-д “тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах”, 52.1.2-т “тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах”, 52.1.4-т “эрх бүхий этгээдээс Хурлаар хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах”, 52.1.10-т “тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлөх”, 53 дугаар зүйл /Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох/-ийн 53.3-т “Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж тус тус хуульчилсан байна.
  2. Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хуралдан нийт 9 асуудлыг Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тодорхойлсныг дарга Ш.******* мөн өдрийн А/08 дугаартай захирамжаар баталгаажуулж, Хурлын ээлжит бус VII хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09 цагт танхимаар 22 төлөөлөгч буюу 75,9 хувийн ирцтэйгээр эхэлжээ.
  3. Хуралдааныг тус Хурлын даргын захирамжаар Хуралдаан удирдах эрх олгосон төлөөлөгч Ч.******* удирдан явуулсан байх ба хуралдаанд оролцоогүй чөлөөтэй байсан 7 төлөөлөгчийн нэг нь Хурлын дарга Ш.******* байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуралдааны тэмдэглэл, ирцээр нотлогдож байна. 
  4. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах явцад төлөөлөгч Т. “Хурлын даргад итгэл үзүүлэх, эс үзүүлэх тухай” асуудлыг хэлэлцэх асуудалд нэмж оруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 14 төлөөлөгч /63,6%/-ийн, уг асуудлыг хэлэлцэх асуудлын дарааллын нэгдүгээрт хэлэлцэх санал гаргасныг 12 төлөөлөгчийн саналаар тус тус дэмжиж, баталсан үйл баримт тогтоогдов.
  5. Маргаан бүхий захиргааны акт болох Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаартай тогтоолыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтууд, 48 дугаар зүйлийн 48.1, 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсгүүд болон Тооллогын комиссын 4 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн гаргажээ.
  6. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаал нь улс төрийн албан тушаалд хамаарч болохоор хуульчилсан.
  7. Тиймээс уг албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүн /төлөөлөгч/-ийг томилох, түүнийг чөлөөлөх, огцруулах шийдвэр нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргаж буй улс төрийн шийдвэрт хамаарах боломжтой.
  8. Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахгүй ч түүнийг гаргасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх тухайд дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэх үүргийг хүлээнэ. Тодруулбал: Захиргааны хэргийн шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэн шийдвэр гаргахдаа хуульд заасан журмыг баримталсан эсэхийг хянана.
  9. Нэхэмжлэгч Ш.******* нь маргаан бүхий VII/35 дугаартай тогтоолыг гаргасан “Хуралдааны үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй”, хариуцагч “Хуралдаан өөрийн баталсан Дэгийн дагуу явагдсан”  хэмээн тус тус маргаж байгаа.
  10. Энэ нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн эсэх тухай байх тул уг маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарах бөгөөд шүүх хуульд заасан үүргээ гүйцэтгэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:  

Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаартай тогтоолыг

    1. “илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:  Нэхэмжлэгч тал тухайн шаардлагын хууль зүйн үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх зохицуулалтыг заан мэтгэлцэв. 
      1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.3, 39.1.4, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгүүдээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Хурлын даргыг сонгох чөлөөлөх, огцруулах бүрэн эрхийг, төлөөлөгч нь хуралдаанаар асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, санал хураалгах, Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах эрхийг тус тус эдлэх бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргаж, түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар батлахаар тус тус зохицуулжээ. Тодруулбал: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа нь төлөөлөгчдийн /хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын санал гаргах, хэлэлцэж буй асуудалтай холбогдох нотлох баримттай танилцах, асуулт тавьж хариулт авах, өөрийн санал /байр суурь, хүсэл зориг/-ыг илэрхийлэх, санал хураалтад оролцон саналаа өгөх, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжигдсэн шийдвэрийг баталгаажуулах эсэх талаар саналаа илэрхийлэх зэрэг/ идэвхитэй үйлдлээр хэрэгжих бөгөөд эцсийн үр дүн нь “Хурлын тогтоол” хэлбэрээр биежсэн шийдвэр болж гардаг учиртай.
      2. Дээрх зохицуулалтууд нь Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний төлөөлөгчид Ш.*******ын Хурлын даргын албан тушаалаас огцруулах эсэх тухай асуудлыг Хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх эрх зүйн үндэслэл болох тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтаар хариуцагчийн 2025 оны VII/35 дугаартай тогтоолыг “илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох” хууль зүйн үндэслэлийг няцааж байна.
      3. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
    2. “хүчингүй болгуулах” шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь  уг шаардлагынхаа хууль зүйн үндэслэлээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 болон 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсгүүдийг заан мэтгэлцэв.
      1. Дээрх зохицуулалтууд нь Хурлын төлөөлөгч асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй. Тухайн саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байх, олонхийн санал авсан хүнийг Хурлын даргад сонгох агуулгатай байна.
      2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9 дэх хэсэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдааныхаа дэгийг өөрөө тогтоохоор хуульчилсан.
      3. Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн II/08 дугаартай тогтоолоор “Дэг”[1]-ээ баталсан байдаг.
      4. Тус “Дэг”-ийн 3.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан нь хууль дээдлэх..., төлөөлөгч нарын тэгш оролцоог хангах... зарчмыг удирдлага болгоно”, 4.1.4-т ““Горимын санал” гэж хэлэлцэх асуудал, дарааллын талаар гаргасан саналыг” ойлгоно”, 6.1-д “Хуралдаанаар ...Хурлын төлөөлөгч ...шийдвэрлүүлэхээр санал болгосон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ”, 6.6-д “Хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, хэлэлцэх дарааллыг ИТХ-ын Зөвлөлийн саналыг харгалзан, Хурлын даргын захирамжаар батална”, 6.7-д “Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй, цаг үеийн шинжтэй асуудал гарсан тохиолдолд тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ”, 6.8-д “Хуралдаанаар хэлэлцэх асуудлын материалыг төлөөлөгчдөд бүртгүүлсэн албан ёсны цахим хаягаар хуралдаанаас 2 хоногийн өмнө хүргүүлнэ. Хүргүүлсэн тухай мэдээллийг утсан холбоогоор давхар мэдэгдэнэ”, 7.2-т “Төлөөлөгч нь эрүүл мэндийн шалтгаанаар болон ...гадаад, дотоодод томилолтоор явсан... холбоотойгоор хуралдаанд ирээгүй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх бөгөөд бусад тохиолдолд бичгээр хүсэлт гаргаагүй бол хуралдаанд ирээгүй гэж үзэж тасалсанд тооцно”, 8.6-д “Төлөөлөгч тухайн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг ...дараалал өөрчлөх, асуудал нэмэх “горимын санал” гаргах бол хурлын даргад саналыг үндэслэлийн хамт амаар болон бичгээр илэрхийлнэ”, 9.1-д “Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлыг ил болон нууц санал хураалтаар шийдвэрлэнэ”, 12.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, МУЗЗНДНТУТХ, бусад хуульд хэлэлцэхээр заасан ...асуудлуудыг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ”, 12.2-т Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэрийн төслийг тухайн хуралдаан болохоос ажлын 5 өдрийн өмнө холбогдох судалгаа, тайлбар, тооцоо, лавлагаа, зураг бүхий баримт бичгийг асуудал оруулж байгаа этгээдээс Хурлын Ажлын албанд цаасаар болон файлаар, албан бичгийн хамт ирүүлнэ”, 12.6-д “Хуралдаанд бэлтгэх ажлын төлөвлөгөө гаргах, санал дүгнэлтийн төслийг боловсруулах... ажлыг тухайн хорооны дарга, Хурлын ажлын алба... хариуцна”, 14.2-т “МУЗЗНДНТУТХ-ийн холбогдох заалтын дагуу төлөөлөгч Хурлын... даргыг огцруулах саналыг өргөн мэдүүлсэн бол Хурал уг саналыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэнэ...”, 16.1-д “Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилсан бэлтгэлийг хангах, санал дүгнэлт гаргах... чиг үүрэг бүхий Хурлын хороог байгуулан ажиллуулна...”, 17.1-д “Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны ...бэлтгэл хангах... Зөвлөл байгуулна...” гэж тус тус журмалжээ.   
      5. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл, Даргын захирамжаар ээлжит бус VII хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг тодорхойлон, холбогдох материалыг бэлтгэн төлөөлөгчдөд хүргүүлсэн бөгөөд тухайн асуудлуудыг хэлэлцэхээр Хуралдаанд оролцсон төлөөлөгчид баталж, шийдвэрлэсэн үйл ажиллагаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9, 47 дугаар зүйлийн 47.2, 52 дугаар зүйлийн 52.1.1 болон тус Хурлын Дэгийн 6.6, 6.8, 12.2, 12.6 дахь зохицуулалтуудад нийцсэн байна. Хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.
      6.  Харин 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн дээрх ээлжит бус VII хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг батлах шатанд Хурлын дарга Ш.*******д “итгэл үзүүлэх, эс үзүүлэх эсэх” асуудлыг Хуралдаанаар хэлэлцэх асуудал[2]-д нэмж оруулах “горимын санал”-ыг Хурлын төлөөлөгч Т. гаргасан нь Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжигдэн, Тооллогын комиссыг байгуулж, санал хураалтын үйл ажиллагааг явуулан, Ш.*******ыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас огцруулах шийдвэр гаргасан үйл ажиллагааг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргаж байгаа.
      7. Хурлын дарга Ш.*******д “итгэл үзүүлэх, эс үзүүлэх эсэх” асуудлыг шийдвэрлэхийн эрх зүйн үр дагавар нь Ш.*******д Хурлын даргын бүрэн эрхийг үргэлжлүүлэн эдлүүлэх үү, эсхүл дуусгавар болгох уу гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргах явдал байна.
      8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт болон 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дэгийн 6.1 дэх зохицуулалтуудаар төлөөлөгч нь Хуралдаанаар хэлэлцэх асуудлын санал гаргах эрхтэй бөгөөд хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 болон Дэгийн 12.1 дэх зохицуулалтуудад зааснаар Хурлын даргын албан тушаалаас огцруулах эсэх асуудал нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэлэлцэн шийдвэрлэх асуудалд хамаарна.
      9. Гагцхүү тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ хууль болон өөрийн баталсан Дэгд заасан журмыг баримтлах үүргийг Хурал хэрэгжүүлнэ.
      10. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлд Хурлын даргыг сонгох журмыг хуульчилсан боловч түүнийг огцруулах шийдвэр гаргах үндэслэлийг тухайлан зохицуулаагүй байх ба харин 41 дүгээр зүйлд Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох үндэслэлүүдийг хуульчилсан.
      11. 41 дүгээр зүйл нь төлөөлөгч “зөрчил” гаргасан бол огцруулах, бусад тохиолдолд чөлөөлөх шийдвэр гаргах агуулгатай байна.
      12. Төлөөлөгч Т. нь “Нэг. Хурлын удирдлагын ёс зүй, манлайлал хангалтгүй байна, Хоёр. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрөө чадамжгүй байгууллага болж байна. Гурав. Аймгийн ИТХ-ын Хуралдааны бэлтгэл хангалтгүй байгаагаас хурлын хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна” гэх гурван үндэслэлээр “горимын санал”-аа гаргасан хэмээн шүүх хуралдаанд мэдүүлдэг бөгөөд энэ нь хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн бичгээр гаргасан хувиар  нотлогдов.
      13. Дэгийн 4.1.4-т “Горимын санал” гэдгийг “хэлэлцэх асуудал, дарааллын талаар гаргасан саналыг ойлгоно” гэж тайлбарлажээ.
      14.  Төлөөлөгч Т.ын гаргасан санал нь Хуралдаанаар хэлэлцэх асуудалд Хурлын даргатай холбогдох асуудлыг нэмж оруулах, уг асуудлыг хэлэлцэх асуудлын дарааллын нэгдүгээрт хэлэлцүүлэх агуулгатай байх тул хариуцагч болон гэрч нарын “горимын санал” гэсэн нь үгүйсгэгдэхгүй.    
      15.  Тус “горимын санал”-д тусгагдсан асуудал нь VII хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй болох нь Хурлын даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/08 дугаартай “Хуралдаан зарлаж, хэлэлцэх асуудал батлах тухай” захирамжаар нотлогдож байна.
      16. Харин дээрх “горимын санал”-д Хурлын дарга Ш.*******ын
  • удирдлагын ёс зүй, манлайлал хангалтгүй байгаа болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “чадамжгүй байгууллага” болж байгаа, Хурлын бэлтгэл ажиллагаа хангалтгүй байгаа нь хэрхэн, ямар баримтуудаар тогтоогдож байгаа,
  • Хурлын бэлтгэл ажиллагаа хангалтгүй, Хурал “чадамжгүй” байдалд хүрэхэд Хурлын дарга Ш.*******ын ямар үйлдэл, эс үйлдэхүй нь хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг тодорхойлсон тооцоо, судалгаа, лавлагаа, Хурлаас гарах шийдвэрийн төслийг хавсаргаж Хурлын төлөөлөгч нарт хүргүүлээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Т.ын шүүх хуралдаанд гаргасан “...2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр горимын санал амаар гаргасан. Дараа нь бичгээр гаргаж өгсөн. Баримт хавсаргаж өгөөгүй...” гэх мэдүүлэг болон хэрэгт нотлох баримтаар цугларсан ээлжит бус VII хуралдааны материалуудад энэ талаарх баримтыг хариуцагчаас ирүүлээгүй нөхцөл байдлуудаар давхар нотлогдож байна.    
      1. Саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг төлөөлөгч нарт хүргүүлэх хугацааг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “...хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө” гэж, Дэгийн 6.8 дахь зохицуулалтад “...хуралдаанаас 2 хоногийн өмнө гэж тус тус заажээ.
      2. Энэ нь төлөөлөгч холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, Хурлаас гарах шийдвэрийн төсөлгүй саналыг Хуралдаанд шууд гаргах агуулгыг илэрхийлэхгүй байх ба харин ч холбогдох баримт материалыг Хуралдаан болохоос ажлын 5 хоногийн өмнө хүргүүлсэн байх үүргийг Дэгийн 12.2-т “...асуудал оруулж байгаа этгээдээс Хурлын Ажлын албанд цаасаар болон файлаар, албан бичгийн хамт ирүүлнэ“ гэж журмалсан байна.
      3. Дэгийн 6.7-д “Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй, цаг үеийн шинжтэй асуудал гарсан тохиолдолд тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ” гэжээ.
      4. Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат горимын саналыг Дэгийн 6.7-д заасан “Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй асуудал” гэх нөхцлийн тухайд гаргасан бөгөөд “цаг үеийн шинжтэй” гэдэг нь тусдаа бие даасан нөхцөл. Энэ хоёр тохиолдлыг давхардсан байхыг шаардахгүй” хэмээх агуулгаар мэтгэлцэж байгаа ч шүүх хуралдаанд гаргасан гэрч Т.[3]-ын “....хуралдаанаар “цаг үеийн асуудал” гэдгээр оруулсан гэж ойлгож болно...” гэх мэдүүлгээр няцаагдаж байна.
      5. Хариуцагчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35  дугаартай тогтоолоор “1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Шурагийн *******д ...олонхын буюу 84.6 хувийн саналаар итгэл эс үзүүлэх гэсэн тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас нь огцруулсугай” гэж шийдвэрлэсэн байх тул шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
      6. Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын IX дэх удаагийн сонгуулийн II хуралдааны II/08 дугаартай тогтоолоор баталсан “АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭГ”-ийн 14.2-т “МУЗЗНДНТУТХ-ийн холбогдох заалтын дагуу төлөөлөгч Хурлын... даргыг огцруулах саналыг өргөн мэдүүлсэн бол Хурал уг саналыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэнэ...” гэх зохицуулалт батлагджээ.
      7. Энэхүү зохицуулалтын гол агуулга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь “Хурлын даргыг огцруулах” саналыг “өргөн мэдүүлсэн” байх шаардлага тавигдсанаас гадна энэ төрлийн саналыг Хурал хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх үүргийг гүйцэтгэх бөгөөд санал гаргасан төлөөлөгч уг саналд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ямар заалтыг үндэслэснийг тусгасан байхыг шаардсан байна.   
      8. Монгол Улсын хууль тогтоомжуудад “өргөн мэдүүлэх” гэх холбоо үгийг аливаа асуудал дэвшүүлсэн саналыг бичгийн хэлбэрээр үйлдэн, түүнд уг саналыг шийдвэрлэх төсөл, асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагыг нотлох баримт материал /тооцоо, судалгаа, лавлагаа/-ыг хавсарган эрх бүхий этгээдэд /урьдчилан/ хүргүүлэн, шийдвэрлүүлэх үйл ажиллагааг илэрхийлсэн байдлаар нийтлэг хэрэглэгддэг. Тухайлбал: Монгол Улсын хууль тогтоомжийн тухай хуулийн 2.1.2-т “"хууль санаачлах эрх" гэж Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйл болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хүрээ, хязгаарт нийцүүлэн энэ хуулийн 2.1.1-д заасан этгээдээс мэргэжлийн түвшинд боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг”, 2.1.3-т “"хуулийн төсөл" гэж хууль санаачлагчаас энэ хуульд заасан шаардлагыг ханган боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хуулийн төслийн эх бичвэрийг”, 2.1.4-т “"Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл" гэж хууль санаачлагчаас энэ хуульд заасан шаардлагыг ханган боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх Улсын Их Хурлын тогтоолын төслийн эх бичвэрийг” гэхчилэн хуульчилжээ.
      9. Тиймээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, тус Хурлын дэгийн 12.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргасан саналыг Хурлын хуралдаан эхлэх /хамгийн багадаа Дэгийн 12.2-т заасан хугацаанд/-ээс өмнө Хурлын Ажлын албанд бичгээр хүргүүлсэн буюу “өргөн мэдүүлсэн” байх үүрэгтэй байна. Тодруулбал: Хурлын төлөөлөгч хүлээн авч танилцах боломжийг хангах үүднээс санал, түүнд холбогдох баримтыг материаллаг /цаасан болон цахим суурьтай/ хэлбэрээр илэрхийлсэн байх агуулгатай байна.
      10. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн батлан гаргаж, мөрдөж байгаа “АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭГ”-ийн 12.2-т заасан хугацаанд, холбогдох материал, гарах шийдвэрийн төслийн хамт, 14.2-т заасан “өргөн мэдүүлсэн” байх тусгай шаардлагыг хангаагүй саналыг Дэгийн 6.7-д заасан “горимын санал”-тай дүйцүүлэн ээлжит бус VII хуралдаанд хүлээн авч, шууд хэлэлцэх асуудалд нэмэлтээр оруулан, нэгдүгээрт хэлэлцэж маргаан бүхий VII/35  дугаартай тогтоолыг гаргасан нь Дэгийн тухайн зохицуулалтууд болон 3.1 дэх зохицуулалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийг зөрчжээ.   
      11. Улмаар тус тогтоол нь Ш.*******ын аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлэх хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн шийдвэр болсон байна. Тодруулбал: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 болон Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаал нь “орон тооны” албан тушаал тул түүнд сонгогдсон хүн нь “төрийн албан хаагч” болно.
      12. Тиймээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хурлын даргаас огцруулах шийдвэр” нь Захиргааны ерөнхий хуулийн 5.1.5-д заасан “захиргааны байгууллага”-ын шийдвэр болох тул хариуцагч уг шийдвэрийг гаргахдаа мөн хуулийн 4 дүгээр зүйлд заасан тусгай зарчмыг баримтлан гуравдугаар бүлэгт заасан “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа”-ны журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй.
      13. Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/10 дугаартай захирамжаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII хуралдааныг төлөөлөгч Ч.*******ээр удирдуулахаар шийдвэрлэснийг хариуцагч зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит бус VII  хуралдааныг тус Хурлын VII/37 дугаартай тогтоол гарах хүртэл удирдуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, VII/34, VII/35, VII/37 дугаартай тогтоолууд болон хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.
      14. Гэтэл хариуцагч тал “Ш.******* 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанд өөрөө биечлэн оролцоогүй ч түүний гаргасан шийдвэрийн дагуу Хурлын төлөөлөгч Ч.******* VII хуралдааныг удирдсан.  Ш.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжит бус VII дугаар хуралдаанд оролцоогүй, хуралдаанаар өөрийнх нь тухай асуудлыг хэлэлцэх гэж байгааг мэдэж байсан. Улаанбаатар хот руу явсан. Албан ажлаар явсан болохыг нотлох баримт байхгүй байна. Тэрээр 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймагт байсан болох нь мөн өдөр гаргасан шийдвэрүүдээр нотлогдоно” хэмээх агуулгаар мэтгэлцэв.
      15. Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны А/10 дугаартай захирамж нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.******* тус Хурлын төлөөлөгч Ч.*******т ээлжит бус VII Хуралдааныг удирдах эрхээ шилжүүлсэн агуулгыг илэрхийлж байхаас Хурлын даргын бүрэн эрхийг бүхэлд нь шилжүүлсэн агуулгагүй байна. Тодруулбал: Нэхэмжлэгч нь А/10 дугаартай захирамж нь Хурлын төлөөлөгч Ч.*******ээр өөрийн Хурлын даргын албан тушаалын бүрэн эрхийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эсэх талаар шийдвэр гаргах эрхийг төлөөлүүлж байгаа агуулгагүй байна.    
      16. Түүнчлэн Ш.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймагт байсан талаараа хүлээн зөвшөөрсөн, харин Улаанбаатар хот руу албан томилолтоор ажиллахаар явсан эсэх тухайд албан үүргээ гүйцэтгэж эхлэхээс өмнө Хурлын даргаас огцруулах шийдвэр гарсан тул Хурлыг төлөөлөх боломжгүй болсон талаарх тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргав.
      17. Хэрэгт  Монгол Улсын гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05/839 дугаартай “Ажлын албаны дарга О.*******”-д хаягласан албан бичиг,  Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02/101 дугаартай “Гадаад харилцааны яамны Консулын газар”-т хаягласан албан бичиг болон мөн өдрийн 01/99 дугаартай “Улсын Их Хурлын дарга Д.*******д хаягласан албан бичгүүд,” Асралт мед” нэгдсэн эмнэлгийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/97 дугаартай тодорхойлолтууд цугларсан бөгөөд тухайн баримтууд эх хувь болон хариуцагч байгууллагын “Хуулбар үнэн” тэмдгээр баталгаажигдсан хуулбар хувиуд байна.
      18. Дээрх баримтууд болон гэрч О.*******, Ж.******* нарын шүүх хуралдаанд гаргасан “Хурлын дарга Ш.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ажлын цаг дуусах дөхтөл Булган аймагт байсан бөгөөд мөн өдрөө Улаанбаатар хот руу явсан. 04 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын Тамгын газарт очих албаны болон эмнэлэгт үзүүлэх хувийн ажлаар явах болсон талаараа утсаар мэдэгдсэн” гэх агуулга бүхий мэдүүлгүүд, ээлжит бус VII хуралдааны тэмдэглэлд түүнийг “тасалсан” гэх бүртгэл хөтлөөгүй байгаа зэргээр “Ш.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжит бус VII хуралдаанд оролцоогүй” гэх хариуцагч талын тайлбар няцаагдав.
      19. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.10 дахь хэсэгт зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь тухайн Хурлыг гадаад, дотоод төлөөлөх эрхийг хэрэгжүүлдэг.
      20. Тиймээс 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ш.*******ыг тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас огцруулсан шийдвэрийг хариуцагч гаргаснаар нэхэмжлэгч нь Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг гадаад болон дотоодод төлөөлөх эрхгүй болсон тул түүнийг тухайн өдөр тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөн албаны ажил гүйцэтгэсэн болохыг нотлох баримтыг шаардах нь үндэслэлгүй.
      21. Ийнхүү хариуцагч үндэслэлийг нь нотлох баримтгүй, нэхэмжлэгчийн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүйгээр түүнд сөрөг нөлөөлөл бүхий VII/35 дугаартай тогтоолыг гаргаж Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Дэгийн холбогдох зохицуулалтуудад заасан журмыг зөрчсөн байх тул Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаартай “Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
      22. Хариуцагч талын “Зөвлөлийн хурал, Хурлын даргын захирамж нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг эцэслэн баталж байгаа хэрэг биш бөгөөд энэ нь гагцхүү Хурлын хуралдааны бэлтгэл ажлыг хангаж байгаа хэрэг юм. Хуралдаанд оролцож буй төлөөлөгчдийн олонхын саналаар тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг эцэслэн баталдаг” гэх тайлбар үндэслэлтэй ч Хурлын энэ талаар гаргасан шийдвэр нь хууль, Дэгд заасан журмын дагуу гаргасан саналын тухайд хамгаалагдах бөгөөд “санал хураалтын үйл ажиллагаа”-нд ч энэ агуулга нэгэн адил үйлчилнэ. Тодруулбал: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон өөрийн баталсан Дэгд заасан журмыг зөрчиж VII/35 дугаартай тогтоолыг гаргасан байх тул тус тогттоолыг гаргах үйл ажиллагааны нэг хэсэг болох санал хураалтын үйл ажиллагаа, түүний үр дүнд гарсан “Хурлын даргад итгэл үзүүлэхгүй” гэх төлөөлөгчдийн өгсөн 84.6%-ийн санал, Тооллогын комиссын шийдвэр хуулиар хамгаалагдахгүй.
      23. Мөн хариуцагч тал “Ш.******* өөрийг нь Хурлын даргын албан тушаалаас огцруулах санал гаргах гэж байгаа талаарх яриа хуралдааны өмнө гарч байсныг мэдсэн” гэж мэтгэлцэж байгаа ч энэ талаар төлөөлөгчдийн хооронд яригдсан яриаг “Хурлын даргаас огцруулах санал гаргасан, түүнийг нэхэмжлэгч мэдсэн” гэж дүгнэхгүй.
    1. 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд авах байсан цалин болох 23,766,235 төгрөгийг гаргуулах” шаардлагын тухайд: Хариуцагч тал Ш.*******ыг “ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг гаргаагүй тул ажилгүй байсан хугацаанд хамаарах цалин, хөлсийг шаардах эрхгүй гэх агуулгаар тайлбар гарган мэтгэлцэв.
      1. Нэхэмжлэгч Ш.*******ыг Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас огцруулах шийдвэрийг хуульд заасан журмыг зөрчиж гаргасан байх тул нэхэмжлэгчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойшхи хугацаанд авах байсан цалин хөлс нь хууль бус захиргааны актын улмаас түүнд учирсан хохирол болно.
      2. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн... шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “иргэн ... өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж тус тус заажээ.
      3. Тиймээс хариуцагч нь хуульд заасан журмыг зөрчиж гаргасан маргаан бүхий VII/35 дугаартай тогтоолын улмаас нэхэмжлэгчид учруулсан хохирлыг барагдуулах үүрэгтэй.
      4. Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/26 дугаартай тушаалаар Ш.*******ын үндсэн цалинг төрийн өндөр албан тушаалын ТӨ-ҮА буюу 3,535,560 төгрөг, онцгой нөхцлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 30 хувь, орон нутгийн нэмэгдлийг 20 хувь, хоолны хөнгөлөлтийг 1 өдрийн 10,000 төгрөгөөр тооцож олгохоор шийдвэрлэсэн талаар өмнө хэсэгт тусгасан.
      5. Гэвч Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан “Ажиллагчдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл” баримтаас нэхэмжлэгч Ш.******* нь 2025 оны 01-04 дүгээр саруудад 3,748,080 төгрөгийг үндсэн цалин авч байсан болох нь нотлогдож байна.
      6. Тиймээс Ш.*******ын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд авах байсан цалин хөлсийг тооцож үзэхэд:

Цалин авах сар, өдрүүд

Тухайн сард ажиллавал зохих хоног

Тухайн сард ажилласан хоног

Үндсэн цалин

/төгрөгөөр/

Онцгой нөхцлийн нэмэгдэл /үндсэн цалингийн 30%/

Орон нутгийн нэмэгдэл /үндсэн цалингийн 20%/

Бүгд

1

/төгрөгөөр/

2025 оны 04 дүгээр сар

22

5

851,836

255,551

170,367

1,277,755

2

2025 оны 05 дугаар сар

22

22

3,748,080

1,124,424

749616

5,622,120

3

2025 оны 06 дугаар сар

21

20

3,748,080

1,124,424

749616

5,622,120

4

2025 оны 07 дугаар сар

19

19

3,748,080

1,124,424

749616

5,622,120

5

2025 оны 08 дугаар сар

21

21

3,748,080

1,124,424

749616

5,622,120

6

Нийт

105

87

15,844,156

4,753,247

3,168,831

23,766,235

болж байна.

      1. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Ш.******* нь нэхэмжлэлийн шаардлагын “Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ ба тухайн үед албан томилолтоор ажилласан хөлс, шүүхээр шийдвэрлүүлэх хугацааны явцад өөрөөс гарсан зардлууд болох замын зардлууд, өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс, тэмдэгтийн хураамж зэргийг буруутай этгээдээр төлүүлэх” хэсгээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 53 дугаар зүйлийн 53.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын “Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаартай тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг ханган Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хариуцагчаас Ш.*******ын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд авах байсан цалин хөлстэй тэнцэх хохирол 23,766,235 (хорин гурван сая долоон зуун жаран зургаан мянга хоёр зуун гучин тав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  3. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзсаныг дурдсугай.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 (арван дөрөв) хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТЧИМЭГ

 

[1] Цаашид “Дэг” гэх.

[2] тус Хурлаар хэлэлцэх асуудалд тусгагдаагүй

[3] Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус долоодугаар хуралдаанд Хурлын даргад итгэл үзүүлэх, эс үзүүлэх эсэх асуудлыг оруулан хэлэлцүүлэх санал гаргасан төлөөлөгч.