| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2021/01203/И |
| Дугаар | 210/МА2021/01383 |
| Огноо | 2021-09-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2021/01383
Т.Онэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/01907 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Охариуцагч БЗДЗДТГхолбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2009 оны 4 дүгээр сарын 06-ны БЗДЗДТГтушаалаар тус дүүргийн 16 дугаар хорооны үйлчлэгчийн ажилд орж, 12 жилийн хугацаанд ажилласан. Тамгын газрын даргын 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/91 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг үйлчлэгчийн ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь өрх толгойлсон ганц бие эмэгтэй хүн. 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд 16 дугаар хорооноос Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Б.Бтус хорооны засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, ажилчдыг ажлаас хална гэж дарамталж эхэлсэн. Б.Бнь нэхэмжлэгчтэй хамтарч ажиллахгүй, өргөдлөө өгөхгүй бол ажлаар дарамтална гэж эхэлсэн. Нэхэмжлэгч нь 4 дүгээр ангийн боловсролтой, бичиг үсэг сайн тайлагдаагүй тул 2 янзаар буюу нэхэмжлэгчийн өмнөөс ажилд үлдээх, ажлаас чөлөөлөх гэсэн өргөдлийг хүнээр бичүүлж 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр гарын үсэг зуруулж Тамгын газарт өгөхөд 2 дугаар сарын 16-ны өдөр өөрийн хүсэлтээ өгсөн гэж ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Нэхэмжлэгч ажиллах хүсэлттэй гэдгээ хэлсэн. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2-д зааснаар ажилтан санаачилсан, тохиролцсон гэж нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэнд хууль бусаар халдсанд гомдолтой байна. Иймд Т.ОБЗД-ийн ... хорооүйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.О 2009 оноос эхлэн БЗД-ийн ... хорооүйлчлэгчийн ажилласан. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өөрийн гараар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өгсний дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б/91 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл 38.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Т.О нь ажиллах хугацаандаа 16 дугаар хорооны Засаг даргатай таарамжгүй харьцаатай, дарамт шахалт үзүүлсэн гэх гомдол, санал, хүсэлт гаргаж байгаагүй. Хэрэв Засаг даргын зүгээс дарамт шахалт үзүүлсэн бол ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, Баянзүрх дүүргийн Ёс зүйн хороонд хандах боломжтой байтал эрхээ хэрэгжүүлээгүй. Ажил олгогчийн гаргасан дээрх тушаал нь Хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй, ажилтны хүсэлтийг үндэслэн шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч ажиллах хүсэлтэй байсан бол ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхгүй байх боломжтой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч БЗДЗДТГхолбогдуулан БЗД-ийн ... хорооүйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Т.Онэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Т.Оулсын тэмдэгтийн хураамжид төлөх 132 998 төгрөгөөс чөлөөлж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Бат-Амгалангийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх гэрчийн мэдүүлгийг буруу дүгнэсэн. Ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр ажилтан зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан хүсэлтээр ажлаас чөлөөлөхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1, 39.1 дэх хэсэгт зохицуулсан. Гэвч нэхэмжлэгч нь өөрийн хүсэлт зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр бус ажил олгогчийн шахалт, зүй бус нөлөөллийн улмаас өргөдөлд гарын үсэг зурсан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны үед тайлбарлаж байсан. Нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр ажлаас халагдах өргөдлөө гаргасан бол ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг шүүхэд гаргахгүй байсан. Шүүх хуралдааны тэмдэглэлд гэрч Б.Булганхүүгийн “бүх ажилчдаасаа 2 төрлийн өргөдөл бичүүлж авсан” гэх мэдүүлэг нь ажлаас халагдах өргөдлөө нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр бичээгүй болохыг нотолдог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Т.О БЗД-ийн ... хорооүйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь 2009 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс БЗД-ийн ... хорооүйлчлэгчээр ажиллаж байгаад 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын Б/91 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. Тэрээр шаардлагын үндэслэлээ “ ... ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг бичээгүй, би 4-р ангийн боловсролтой бичиг үсэг сайн тайлагдаагүй тул миний өмнөөс 2 янзын өргөдлийг хүнээр бичүүлж, гарын үсэг зуруулсан, ажлаас чөлөөлөгдөх нь миний хүсэл зориг биш, ажил олгогчийн дарамт шахалт байсан ...” гэж тайлбарладаг. /хх14-15/
Хариуцагчийн “нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх тайлбар нь дор дурдсан үндэслэлээр үгүйсгэгдэж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан БЗД-ийн ... хорооЗасаг дарга Б.Б“ ... Би улс төрийн албан тушаалтан учраас ажилчдаа надтай хамтарч ажиллах хүсэлтэй байвал хүсэлтээ өгөөрэй гэхэд нийт 10 хүн өргөдлөө өгсөн. Т.О үлдэх хүсэлтээ өгсөн боловч мөн өдөр Баянзүрх дүүрэг рүү ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ зэрэг өгсөн. Өргөдлийг Т.О өөрөө бичсэн эсэхийг мэдэхгүй, н.Одноо гэх хэсгийн ахлагчийг гуйж бичүүлсэн байсан. Би халагдах хүсэлтийг нь уламжилсан ...” гэж мэдүүлжээ. /хх62-63/
Ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан үндэслэл нь тухайн ажилтан гадны болон ажил олгогчийн зүгээс ямар нэгэн дарамт шахалтгүйгээр өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ цуцлах өргөдлөө ажил олгогчид гаргасан нөхцөлд хэрэглэгдэнэ.
Хэрэгт авагдсан “миний бие 2009 онд тус хорооны үйлчилгээний ажилтнаар орсон, хойшид ажиллах боломжгүй болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү” гэх өргөдлийг гэрчийн мэдүүлэг, хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иймд нэхэмжлэгч Т.ОБЗД-ийн ... хорооүйлчлэгчийн ажлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн гэх хариуцагчийн татгалзлыг хуулийн үндэслэлгүй гэж үзэж, ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох, ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцох үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2020 оны 12 сар, 2021 оны 1, 2 дугаар сарын цалин хөлсний дунджаар тооцоход нэг сарын цалинтай тэнцэх олговор 730 647 төгрөг, ажлын 1 хоногт 33 983 төгрөг байх ба 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 4 145 926 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/01907 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.ОБЗД-ийн ... хорооүйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч БЗДЗДТГ-с ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 145 926 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Од олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч БЗДЗДТГдаалгасугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
А.МӨНХЗУЛ