| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0216/Э |
| Дугаар | 252 |
| Огноо | 2018-03-21 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 252
2018 03 21 252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
хохирогч Э.О.г,
шүүгдэгч Ц.Н.н, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0988) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Одонгийнх овогт Ц.н Н.ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1803 0000 10076 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Одонгийнх овогт Ц.н Н.н,
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Ц.Н.н нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 09:30 минутын үед СХД замд “Тоёота Ractis” маркын 20-99 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлэлтийг харгалзан, тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна гэсэн заалтыг зөрчсөнөөс замын хажуу уруу, онхолдож зорчигч Ш.Б.аагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч Э.О.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч Ц.Н.н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 06:00 цагийн үед Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу эхнэрээ эмнэлэгт үзүүлэхээр 3 зорчигчтой...явж байсан. Тэгээд 09:30 цагийн үед 32-н Даваа уруудах замд тахир замаар явахдаа санамсар болгоомжгүйгээс болж тоормос гишгэж замын зүүн тал руу осолд орсон...” гэв.
2. Хохирогч Э.О.г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ...Тухайн өдөр би фэйсбүүкээс зар харж Улаанбаатар хот руу явна гэсэн зарын дагуу Ц.Н.нтой холбоо барьж Улаанбаатар хот руу явсан. Тэгээд 61 гарам өнгөрөөд Эмээлт рүү орох замд жолооч Ц.Н.н нь хүчтэй тоормос гишгэж онхолдсон. Тэгээд эхний хоёр удаа машин унахыг нь мэдсэн, харин гурав дахь удаагаа машин эргэх үед нь мэдээгүй, би ухаан алдсан байсан. Би сэрээд ухаан орж, буух гэтэл миний гар гэмтсэн байсан. Энэ гэмтлээс болж надад 2.600.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Ажилгүй байсан хугацааны 4 сарын цалин 2.400.000 төгрөг нэхэмжилж байгаа. Би одоо нийт 4.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Э.О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 06 цагийн орчимд ...Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу гарсан. Тухайн машинд жолоочоос гадна 4 зорчигч сууж явсан. Миний бие тэр машины жолоочийн ар талд буюу баруун гар талын хаалгатай талд сууж явсан юм. Тэгээд 9 цагийн орчимд 32-ны Даваа уруудаад явж байх үед гэнэт л тоормос гишгэх шиг болоод машин эргэж тойроод байснаа онхолдсон. ...ухаан ороход зүүн гар хугарсан байсан, замын хүмүүс ирчихсэн бид нарын машинаас гаргаж авсан. ..замын урд болон хойд талд ямар нэгэн машин байхгүй, замын хөдөлгөөн сийрэг байсан, ...ослоос болж... зүүн гар хугарсан, хүзүү хөндүүртэй, хавантай байна ...хэдэн километр цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26),
- Хохирогч Э.О.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 19-20),
- хохирлын баримтууд (хавтаст хэргийн 28-49, 51-54),
- ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 55),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 15095 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун нүдний дээд зовхинд хөх ногоон цус хуралттай, зүүн гарын сарвуунаас тохой хүрсэн гөлтгөнөн боолттой, зүүн шилбэний урд дунд хэсэгт 3х8см хөх ногоон цус хуралттай, баруун хөлийн гадна шагай орчимд бага зэрэг хавдартай, эмзэглэлтэй...”
2017.12.02 ГССҮТ-ийн 14145 тоот өвчний түүхээ: Хэвтэх үеийн зовиур: толгой өвдөнө, баруун мөр, зүүн шуугаар маш их өвдөлттэй.... “хэсэг газрын үзлэгт: зүүн гарын шуу бага зэрэг хаван хавдартай, хэлбэр дүр алдагдсан, ясны хавирах чимээтэй...2017.12.02-ны тархины гэмтлийн эмчийн үзлэгт: ...онош: тарх доргилт. Рентген зурагт: зүүн шуу яс доод 1/3-ээр хугарч...зөрөөтэй. Онош: зүүн шуу ясны зөрөөгүй дулд хугарал, тархи доргилт...ДҮГНЭЛТ
1. Э.О.гийн биед зүүн шууны зөрөөтэй далд хугарал, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, зүүн шилбэний цус хуралт, баруун хөлийн шагай орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3.Дээрх зүүн шууны зөрөөтэй далд хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 94),
2. Иргэний нэхэмжлэгч Ш.Б.аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний орой 22 цаг өнгөрч байх үед би гэртээ утсаараа интернетэд орж зар уншиж байхад маргааш өглөө 6 цаг 30 минутад Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу явна гэж утсаа бичсэн байсан. Тэгэхээр нь би...утасны дугаар руу залгаж маргааш өглөө эрт явахаар болж тохиролцоод гэрийнхээ хаягыг өгсөн юм. ...2017 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 6 цаг 20 минутын орчимд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу гарсан. Би жижиг оврын суудлын машинд суусан ба улсын дугаар болон серийн нь дугаарыг нь мэдэхгүй байна. Ямар ч л байсан хөх хүрэн өнгийн машин байсан санагдаж байна. Тухайн машин нь баруун гар талдаа жолооны хүрдтэй байсан бөгөөд жолоочийн хажуу талын суудалд тэр жолоочийн эхнэр нь сууж явсан. Харин би арын суудлын голд нь өөрөө, миний баруун гар талд танихгүй эмэгтэй, зүүн гар талд нэг залуу тус тус сууж явсан. Тэгээд ойролцоогоор 9 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг Шинэ товчооноос хойш 32-н даваанаас уруудаж явах үед гэнэт тоормосоо гишгэсний улмаас тухайн зам дээрээ эргэж байснаа замынхаа зүүн гар тал руу онхолдож орсон. ...Ослын улмаас миний биед толгой доргиж, хүзүү өвдөөд байх болсон. ...Осол болох үед жолооч нь яг хэдэн километр цагийн хурдтай явсныг нь анзаараагүй. Жолоочийн зүгээс надад эмчилгээний зардалд...360.000 төгрөгийг өгсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58),
-Хохирлын баримт (хавтаст хэргийн 60-66),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 14979 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд зовхинд 2х0.2см хүрэн улаан өнгийн нимгэн тав бүхий зулгаралттай, орчны эдэд улаан ягаан өнгийн цус хуралттай. Зулайн баруун урд хэсгийн хуйханд 3.5х3см улаан ягаан өнгийн цус хуралттай, бага зэрэг хаван хавдартай, өвчин эмзэглэлтэй....”
2017.12.02-ны ГССҮТ-ийн...онош: Тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал...ДҮГНЭЛТ
1.Ш.Б.аа-н биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд зулгаралт, цус хуралт, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 92)
3. Гэрч Б.Д.жийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 6 цаг өнгөрч байхад үед би хувь хүний унаанд Улаанбаатар хот руу очих зорилгоор сууж Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу гарсан. Тэгээд ойролцоогоор 9 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг 32-н даваа уруудах замд ертөнцийн зүгээр баруун хойноос зүүн урагшаагаа чиглэлтэй уруудаад зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр...явж байх үед гэнэт шарвах шиг болоод замын зүүн талын хөвөөн хэсэг дээр зогссон. Гэтэл зүүн тал руугаа хөмрөөд жалга руугаа орж онхолдсон. ... Замын хөдөлгөөн байхгүй, Урд болон хойд талд ямар нэгэн машин байгаагүй...тухайн машин нь баруун гар талдаа жолооны хүрдтэй байсан. Жолоочийн хажуу талын суудалд жолоочийн эхнэр нь сууж явсан. Харин арын суудалд би хоёр эгчийн хамт явсан ба би зүүн гар талын хойд талын суудалд буюу хаалган талдаа сууж явсан...миний биед ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх учирсан зүйл байхгүй. Харин хүзүү хөшөөд толгой өвдөөд байгаа...Цаг агаарын байдал тогтуун, хальтиргаа гулгайтай, тахир, уруу зам байсан. Зам эвдрэлгүй...Би шүүх эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79),
4. Иргэний хариуцагч Б.Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дух, хацар шалбарсан байсан. Одоо бол шарх нь аньсан. Тэрнээс бол өөр ноцтой гэмтэл шарх учирсан зүйл байхгүй...Миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм... Би түүнд машин жолоодох зөвшөөрөл өгсөн... Урд салхины шил хагарсан, баруун урд болон зүүн урд талын салхины шил хагарсан, хоёр толь сууриараа хугарсан, мөн раам гулзайсан байсан. ...Би машинаа засаж сэлбээд янзалчихсан. Иймд машинд эвдрэл хохирлын үнэлгээг хийлгэхгүй. Миний зүгээс боломж бололцоогоороо бусдад учруулсан хохирлыг барагдуулах болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70)
5. Гэрч Д.Ц.лийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 9 цагийн орчимд...Сонгинохайрхан дүүргийн нутаг 32-ны даваа өгсөх замд эсрэг урсгалд нилээн зайтай ирж байсан маркийг нь анзаараагүй суудлын тээврийн хэрэгсэл нь хоёр тал руугаа даймчиж байснаа замынхаа зүүн тал руу онхолдчихсон. Тэгэхээр нь бид нар яг тэр хавьд нь зогсож машинаас бууж очоод онхолдсон машинаас зорчигч нарыг гаргалцаж аваад би өөрийн ...дугаараасаа 103-т дуудлага өгчихөөд явцгаасан юм. ...Замын хөдөлгөөн сийрэг байсан...Осол болсон зам нь хялмаатай, ойр орчимд нар тусаагүй сүүдэртэй, уруу, өгсүүр зам байсан. Зам эвдрэлгүй...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80),
6. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зулгийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-13),
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын авто техникийн шинжилгээний 95 дугаар дүгнэлт...ДҮГНЭЛТ
1.Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Racits” маркийн 20-99 ДАР улсын дугаартай автомашин гэмтэлтэй болсон байх тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.
2.Автомашины зүүн урд талын далбаа дотогш хонхойсон, баруун, зүүн талын толь байхгүй, зүүн, баруун талын багана зурагдаж хонхойсон, капотны зүүн тал дотогш хонхойж шахагдсан, дээвэр хонхойж шахагдсан, урд салхины шил цуурч хагарсан, зүүн урд, баруун урд талын хаалганы цонхны шилнүүд хагарсан, баруун урд, баруун хойд талын хаалганы бороо усны хаалт зурагдаж хагарсан, баруун талын хаалганы тотого зурагдсан зэрэг гэмтлүүдтэй байна.
3.Автомашинд үүссэн гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осолд нөлөөлөхгүй.
4.Автомашин тоормосны шингэн дамжуулгатай, тоормосны АВS системтэй байна. Тоормосны механизм ажиллаж байна.
5.Тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд зам дээр тоормосны мөр үүсэх эсэхийг туршилтаар тогтооно.
6.Автомашин явах боломжгүй тул спидометрийн ажиллагааг шалгах боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 96-108)
8. Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 44 дугаар дүгнэлтэд
1. Toyota Racits маркийн 20-99 ДАР улсын дугаартай автомашины жолооч Цэнд овогтой Н.н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 заалт “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн эсэх нь тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 110)
9. Шүүгдэгч Ц.Н.ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 6 цаг 30 минутын орчимд би эхнэр Б.Б.гийн эзэмшлийн хүрэн өнгийн Toyota Racits маркийн 20-99 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон эхнэрийгээ Улаанбаатар хотод эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх зорилгоор кабиндаа Б.Б.гийн хамт явахдаа Дархан-Уул аймгаас хүний 10000 төгрөгөөр 3 хүнийг авч....Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгээд ойролцоогоор 9 цаг өнгөрч байх үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг “шинэ” товчооноос хойш 32-ны даваа уруудах замд ертөнцийн зүгээр баруун хойноос зүүн урагшаа уруудаад зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 40 орчим километр цагийн хурдтай явж байгаад “тахир дээр зүүн тал руугаа жаахан дарах үед тэр чигээрээ гулгаад бөгсөө хаяад буцаад эргэсэн. Ингээд замын зүүн талын хөвөө хэсэгт зогсох шиг болоод гэнэт зүүн тал руугаа хөмрөөд онхолдсон. Улмаар энэ үед нэг бүтэн эргээд дөрвөн дугуйн дээрээ тогтсон. Тэгээд би машинаас буугаад зорчигч нараа гаргаж байхад замын унааны хүмүүс ирж надад тусалж зорчигч нарыг гаргаж аваад байж байтал нэг цагдаа ирсэн. ...Би машин жолоодож явахдаа эрүүл байсан. Замын хөдөлгөөн сийрэг, цаг агаарын байдал нартай, хальтиргаа гулгаатай, бороо цас ороогүй, уруу, хатуу хучилттай эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ асфальтан зам байсан. Зам эвдрэлгүй. Осол болох үед миний жолоодож явсан машины урд болон хойд талд ямар нэгэн машин байгаагүй. Ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Осол болох үед би зогсоох арга хэмжээ авсан боловч зогсоогүй. ...Миний зүгээс Э.О.гт ослын дараа 35000 төгрөгөөр эм тариа худалдаж авч өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа Э.О.гийн хүүхдийнх нь данс руу 600.000 төгрөгийг шилжүүлсэн. Харин Ш.Б.аад 360.000 төгрөгийг өөрт нь өгсөн байгаа. Б.Д.жид 160.000 төгрөгийг өгсөн....” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 143-144),
10. жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 17), түргэн тусламжийн дуудлагын MCIL 13898057 дугаар хуудас (хавтаст хэргийн 125), Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны PCIL14679671 дугаар хуудас (хавтаст хэргийн 125, 128),
- хохирогчид хохирол, хор уршиг төлсөн баримт (хавтаст хэргийн 59-66, 28-55, 182),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 117, 129), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 119), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн116), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 130-131, 137) хувийн байдлыг талаарх баримтууд (хавтаст хэргийн 132-140) хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 121, 123) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Н.нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Н.н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Ц.Н.н нь СХД замд, 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 09:30 минутын үед “Тоёота Ractis” маркын 20-99 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа болгоомжгүйгээр, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлэлтийг харгалзан, тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна гэсэн заалтыг зөрчсөнөөс замын хажуу уруу, онхолдож зорчигч Ш.Б.аагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч Э.О.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Э.О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 06 цагийн орчимд ...Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу гарсан. ...9 цагийн орчимд 32-ны Даваа уруудаад явж байх үед гэнэт л тоормос гишгэх шиг болоод машин эргэж тойроод байснаа онхолдсон. ...ухаан ороход зүүн гар хугарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 15095 дугаар...ДҮГНЭЛТ 1. Э.О.гийн биед зүүн шууны зөрөөтэй далд хугарал, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, зүүн шилбэний цус хуралт, баруун хөлийн шагай орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх зүүн шууны зөрөөтэй далд хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 94),
- Иргэний нэхэмжлэгч Ш.Б.аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу гарсан. ...Тэгээд ойролцоогоор 9 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг Шинэ товчооноос хойш 32-н даваанаас уруудаж явах үед гэнэт тоормосоо гишгэсний улмаас тухайн зам дээрээ эргэж байснаа замынхаа зүүн гар тал руу онхолдож орсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58),
- Гэрч Б.Д.жийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 6 цаг өнгөрч байхад ...Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу гарсан. Тэгээд ойролцоогоор 9 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг 32-ны даваа уруудах замд ертөнцийн зүгээр баруун хойноос зүүн урагшаагаа чиглэлтэй уруудаад зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр...явж байх үед гэнэт шарвах шиг болоод замын зүүн талын хөвөөн хэсэг дээр зогссон. Гэтэл зүүн тал руугаа хөмрөөд жалга руугаа орж онхолдсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79),
- Гэрч Д.Ц.лийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн нутаг 32-ны даваа өгсөх замд эсрэг урсгалд нилээн зайтай ирж байсан маркийг нь анзаараагүй суудлын тээврийн хэрэгсэл нь хоёр тал руугаа даймчиж байснаа замынхаа зүүн тал руу онхолдчихсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80),
- Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 44 дугаар дүгнэлтэд ...1. Toyota Racits маркийн 20-99 ДАР улсын дугаартай автомашины жолооч Цэнд овогтой Н.н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 заалт “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн эсэх нь тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 110)
- Шүүгдэгч Ц.Н.ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг “шинэ” товчооноос хойш 32-ны даваа уруудах замд ертөнцийн зүгээр баруун хойноос зүүн урагшаа уруудаад зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 40 орчим километр цагийн хурдтай явж байгаад “тахир дээр зүүн тал руугаа жаахан дарах үед тэр чигээрээ гулгаад бөгсөө хаяад буцаад эргэсэн. Ингээд замын зүүн талын хөвөө хэсэгт зогсох шиг болоод гэнэт зүүн тал руугаа хөмрөөд онхолдсон. Улмаар энэ үед нэг бүтэн эргээд дөрвөн дугуйн дээрээ тогтсон...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 143-144) зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.
Иймд шүүгдэгчийг Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Н.ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгуулийн ялыг 4 сарын хугацаанд төлүүлэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Ц.Н.н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, сард 600.000 мянган төгрөгийн цалин хөлс авдаг, бага насны 4 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчаас оногдуулсан 1500 нэгжээр торгох ялыг хөнгөрүүлж 800 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгч Ц.Н.нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Н.н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлж, учруулсан хохирол, гэм хорыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Н.н нь “Шүүдэр Гранд” ХХК-нд барилгын инженер ажилтай болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан торгуулийн ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан 1500 нэгжийн торгуулийн ялыг 1000 нэгж болгон хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй байна. Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзэв. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
III. Бусад асуудлаар
Хохирогч О.эг нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардалд 2.204.764 төгрөгийн баримт гаргаж өгснөөс (хавтаст хэргийн 24-29, 51-54) “Хас банкны карт” уншуулсан 350.500 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 33), “Хаан банкны карт” уншуулсан 30.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 37) , “Гор газ” ХХК-ний 20,000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 38), “Дашваанжил” ХХК-ний 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 22:04 минутад авсан 20.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 41), “Дашванжил” ХХК-ний 2018 оны 01 дүгээр сарын 10-ны 22:00 минутад 20.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 42), “Тараг” авсан 3150 төгрөгийн баримт, “Тараг, Жүүс” авсан 8578 төгрөг, “Пицца тахиа” авсан 39.900 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 43), “Шар будаа”, “Сордог зайрмаг”, “Тесо савтай”, “Chupa chups” авсан 3900 төгрөгийн баримт, “Бээжин бараа” авсан 14,500 төгрөгийн баримт, “sting 5”, “Dubliss”, “Зөв Чацаргана” авсан 6000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 44), ундаа, tom tom авсан 5600 төгрөгийн баримт, Цуйван, гүзээний салаат, софе авсан 5100 төгрөгийн баримт, Атар зүссэн талх авсан 1350 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 45), иштэй чихэр авсан 200 төгрөг, ундаа авсан 1550 төгрөг, зөв чацаргана аарц авсан 2750 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 46), Иогуртан зайрмаг авсан 4200 төгрөг, ундаа авсан 4150 төгрөг, Бэлэн хоол Nongshim аягатай том авсан 2200 төгрөг, аварга будаа, Bonagua газ, гайхан мах авсан 7450 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 47), Ундаа, Кофе, Red bull Fanta pineapple, зөв аарч чацаргана авсан 9000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 47), Хаан банкны карт уншуулсан 14000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 49), Мобикомын утас төлбөр төлсөн 14000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 51), Хүүхдийн вок, Детский хүү, Молоко, цагаан будаа авсан 13800 төгрөгийн баримт, Өге үзэмтэй еэвэн авсан 3300 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 52), зөв аарцны Чацаргана авсан 2600 төгрөгийн баримт, Зөв аарцны Чацаргана авсан 2600 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 53), Өгөөж миний, өглөө сүү авсан 4700 төгрөгийн баримт, цэвэр сүү авсан 2600 төгрөгийн баримт, барааны үнэ гэх 30600 төгрөгийн баримт, Давшаанжил ХХК-ний газ авсан 10000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 54) зэрэг зүйлийг тус тус худалдан авч нийт 658.278 төгрөг зарцуулсан гэх боловч энэ нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн улмаас хохирогчид баримтаар 1.546.486 төгрөг хохирол учирснаас шүүгдэгчийн зүгээс 1,135.000 төгрөгний төлсөн (хавтаст хэргийн 143-144) баримт төлсөн байна. Иймд иргэний хуульд заасны дагуу шүүгдэгчээс баримттай зардлын үлдэгдэл болох 411.486 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 3 сарын дотор гаргуулж олгох нь зүйтэй байна. Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт ажилгүй байсан хугацааны зардал гэх хор уршгийг нэхэмжлэх боловч хэрэгт хохирогчийг, “МОНКОУЛ ПЕТРО МАЙНИНГ” ХХК-нд ажилладаг гэх тодорхойлолтоос өөр баримтгүй байх тул гэм хорын дээрх нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзэж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 1803 0000 10076 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах хуулийн зохицуулалтгүй тул шүүгдэгч Ц.Н.ны В ангилалын 257298 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.