| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогт-Очирын Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 2422000000004 |
| Дугаар | 2024/ДШМ/09 |
| Огноо | 2024-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2024/ДШМ/09
З.Сугирдорж, Б.Доржпүрэв нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Нямбилэгт
Яллагдагч З.Сугирдоржийн өмгөөлөгч Ж.Чимэддулам,
Яллагдагч Б.Доржпүрэвийн өмгөөлөгч Т.Дашцэрэн,
Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/104 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийн дагуу З.Сугирдорж, Б.Доржпүрэв нарт холбогдох эрүүгийн 2422000000004 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч: Гавж овогт Зоригтбаатарын Сугирдорж, Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Дундговь аймгийн Хулд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нягтлан ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Дундговь аймгийн Хулд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Уул 3-4 тоотод оршин суух хаягтай, Урьд ял шийтгэлгүй. Улсаас авсан гавьяа шагналгүй. (РД: 3M94060313);
Яллагдагч: Баянхошуу овогт Батбаярын Доржпүрэв, Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү, эдийн засагч мэргэжилтэй, Төрийн банкны Дундговь аймгийн Хулд тооцооны төвийн захирал, ам бүл 1, Дундговь аймгийн Луус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Дунд жирмийн 3-17 тоотод оршин суух хаягтай, Урьд ял шийтгэлгүй. Сангийн яамны жуух бичгээр шагнуулж байсан (РД: 3390053111);
Яллагдагч З.Сугирдорж нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Дунд жирмийн 3-17 тоотод согтуурсан үедээ зүс таних Б.Доржпүрэвтэй үл ялих зүйлээс маргалдаж түүний нүүрэн тус газарт нь удаа дараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, доод уруулын дотор салстын язарсан шарх”гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Б.Доржпүрэв нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Дунд жирмийн 3-17 тоот өөрийн оршин суух гэртээ согтуурсан үедээ зүс таних З.Сугирдоржтой үл ялих зүйлээс маргалдаж түүний нүүрэн тус газар нь удаа дараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт, 2 нүдний эвэрлэгт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дундговь аймгийн Прокурорын газраас: Яллагдагч З.Сугирдорж, Б.Доржпүрэв нарын үйлдлийг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д заасныг баримтлан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч З.Сугирдорж, Б.Доржпүрэв нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2422000000004 дугаартай хэргийг прокурорт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч З.Сугирдорж, Б.Доржпүрэв нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч З.Сугирдоржийн өмгөөлөгч Ж.Чимэддуламаас ирүүлсэн яллагдагч З.Сугирдоржийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал болон хохиролтой холбоотой 37 хуудас баримтыг хэрэгт хавсаргаж шийдвэрлэсэн байна.
Прокурор Г.Анх-Ирээдүй давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ... Прокуророос яллагдагч Б.Доржпүрэвийг нь хохирогч З.Сугирдоржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба харилцан эсрэг сонирхолтой яллагдагч гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл дээрх хэрэгт Б.Доржпүрэвээс өөр хүн яллагдагчаар татагдаагүй бөгөөд яллагдагч Б.Доржпүрэв нь үйлдсэн хэргийн талаар тодорхой мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрхийн дагуу өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.
Хуульд нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэрэг хамтран үйлдсэн яллагдагч нарын зарим нь гэм буруугаа бүрэн, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөөгүй бол харилцан эсрэг сонирхолтой гэж үзэхээр тодорхойлсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэг “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй”-т заасан нөхцөл байдал үүсээгүй гэж үзэхээр байна.
Яллагдагч З.Сугирдоржийн хохирогч, гэрчээр өгсөн “... архи нэлээн уусан. Тэгээд би согтоод баярын үйл ажиллагаанаас гарч явж байгаагаа л санаж байна. Тэрнээс цааш юу болсон талаар санахгүй байгаа. ... Намайг Б.Доржпүрэв зодож гэмтэл учруулсан. Би яагаад мэдэж байна вэ гэвэл манай аав намайг Б.Доржпүрэвийнхээс очиж авахдаа зураг авч баримтжуулсан байна лээ. ...”, Гэрч Ч.Зоригтбаатарын би Доржпүрэвийн гэрт очтол манай хүү Сугирдорж цусандаа холилдсон байдалтай байж байсан. Гэрч Б.Дашнямын “... Тухайн үед ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. ... Би тэрийг мэдээгүй байна. Намайг байх үед бол тийм зүйл болоогүй. Гэрч Г.Будгаравын “...Намайг байх хугацаанд бол тухайн хүмүүсийн дунд маргаан болоогүй. Гэрч Х.Баяржаргалын тарах үед Сугирдорж, Бүргэд хоёр хоорондоо маргалдсан. Юунаас болж маргалдсаныг мэдээгүй. Тэр хоёрыг маргалдаад байгаа бололтой байхаар нь би дундуур ороод “та хоёр ийм сайхан юм болж байхад яагаад маргалдаад байгаа юм” гэж асуухад тэр 2 “зүгээр, зүгээр” гэж хэлэхээр нь би тэр хоёрыг ширээнд суулгаад бөөндөө юм ярьж хөхрөлдөж байгаад гарсан. ... Тэр үед З.Сугирдорж, Б.Доржпүрэв нарын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ...”, гэрч Х.Сумьяабазарын “...Тэр үед бол үед З.Сугирдорж, Б.Доржпүрэв нарын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй зүгээр байсан. ... Сүүлд арга хэмжээ дуусаад хүмүүс зоогийн газраас гарах гэж байх үед Сугирдорж ах “алнаа пизда минь, хэзээ ийм болчихсон юм” гэж хэлээд зоогийн газраас гараад явсан ба араас гараад очтол машинаа унаад явчихсан байсан. Тэгэхдээ манай захирлыг хэлээд байх шиг байсан. ...” гэсэн мэдүүлэг, Гэрч С.Отгонбаярын “... Намайг байх үед лав хэрүүл маргаан болоогүй. Тэр үед З.Сугирдорж, Б.Доржпүрэв нарын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй зүгээр байсан. Манайх 2023 оны 10 сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба манай зоогийн газар дотор болон гадна хяналтын камер байхгүй. Дэлгүүрийн гадна хяналтын камер байгаа. Гэвч зоогийн газрын үүд хэсэг рүү тусдаггүй юм. ...” гэсэн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл тухайн үйл ажиллагаа болох хугацаанд болсон асуудпын талаар гэрч нараас тодруулах ажиллагаа хийгдсэн байх бөгөөд яллагдагч З.Сугирдорж нь биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй, улмаар машинаа унаад явсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Түүнчлэн яллагдагч З.Сугирдорж нь анх өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар тодорхой мэдүүлээгүйн зэрэгцээ яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь тодорхой эх сурвалжгүй буюу бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ба яллагдагчийн мэдүүлэгт үндэслэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хохирогч З.Сугирдоржийн эцэг Ч.Зоригтбаатараас өөрийн оршин суух хаягийн дагуу Хулд сумын хэсгийн төлөөлөгч С.Бүргэдэд “... миний хүүг нэн даруй шинжээч томилж дүгнэлт гаргуулж өгнө үү. ...” гэсэн хүсэлт гаргасны дагуу шинжээч томилсон болох нь тогтоогдож байна.
Улмаар тус гомдол, мэдээлэл нь бүртгэлд орсноор Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн ахмад А.Ганзориг нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах” гэсэн эрхийн дагуу Дундговь аймгийн Луус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Мөнхбаатарт цохолт хийсэн байна.
Иймд Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 104 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор Э.Нямбилэгт давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Яллагдагч З.Сугардорж, Б.Доржпүрэв нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Тухайлбал, яллагдагч Б.Доржпүрэв нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Дунд жирмийн 3.17 тоотод өөрийн оршин суух гэртээ согтуурсан үедээ зүс таних З.Сугирдоржтой үл ялих зүйлээс маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь удаа дараа цохисны улмаас эрүүл мэндэд тархи доргилт хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хоёр нүдний эвэрлэг цус хуралт бүхий хөнгөн хохирол, санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн. Шүүхээс буцаасан үндэслэлийн тухайд харилцан эсрэг сонирхолтой, яллагдагч нарыг өмгөөлөгчөөр хангаагүй гэдэг үндэслэлийн тухайд тухайн хэрэгт Б.Доржпүрэвээс өөр хүн яллагдагчаар татагдаагүй. Яллагдагч Б.Доржпүрэв нь үйлдсэн хэргийнхээ талаар тодорхой мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хуульд заасан өмгөөлөгчгүйгээр оролцох эрхийн дагуу өмгөөлөгчгүйгээр оролцсон байдаг. Мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгч авах эрхээ тухайн ажиллагаанд эдлэхгүй гэсэн хүний тухайд хуулиар тусгайлан зохицуулаагүй тохиолдолд эрхийг нь эдлэхийг заавал тулгаж болохгүй гэж үзэж байна. Мөн хуульд нэг эсвэл хэд хэдэн гэмт хэрэгт хамтран үйлдсэн тохиолдолд зарим яллагдагч нар нь гэм буруугаа бүрэн эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөөгүй бол харилцан сонирхолтой гэж үзэхээр хууль тодорхойлсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Хоёрдугаар үндэслэлийн тухайд Бүргэд, Доржпүрэв нар зодсон, Бүргэд намайг үйл ажиллагаанаас гарахад нэг удаа гэдэс рүү цохисон, толгой руу цохисон гэсэн мэдүүлэг авагдсан байхад энэ талаар тодруулах ажиллагаа хийгээгүй гэж шүүхээс үзсэн. Эсрэгээрээ энэ талаар тодруулах ажиллагаа явуулж, мөрдөн байцаах тасгийн мөрдөгч У.Азбаяраас тухайн үйл ажиллагаа дээр ирсэн, оролцсон хүмүүсийг гэрчээр, асуух ажиллагааг хийсэн. Дээрх ажиллагааг явуулаад үзэхэд тухайн үйл ажиллагаа болох хугацаанд яллагдагч З.Сугирдоржийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй, улмаар машинаа унаад явсан үйл явдал тогтоогддог. Тухайн үед Бүргэдтэй маргалдаж тайзны араар орсон ийм нөхцөл байдал тогтоогдсон. Энэ үйлдлийн улмаас гэмтэл учирсан гэх нөхцөл байдал дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдоогүй. З.Сугирдоржийн мэдүүлгийн үндэслэлийн тухайд яллагдагчаар өгсөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чаддаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхийн дагуу мэдүүлэг өгсөн байна гэж үзэж байна. Хохирогч З.Сугирдоржийн эцэг Зоригтбаатараас өөрийн оршин суух харьяаллын дагуу Хулд сумын хэсгийн төлөөлөгч Бүргэдэд миний хүүхдэд нэн даруй шинжээч томилж дүгнэлт гаргуулж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан байдаг. Гомдлыг хэсгийн төлөөлөгч хүлээн авч тухайн сум орон нутгийн харьяалсан гэмт хэргийн гомдол гэж үзвэл ажиллагаа явуулах эрхтэй байдаг. Энэ эрхийн дагуу шинжээч томилсон байдаг. Улмаар тус гомдол мэдээллийг бүртгэлд оруулах үед нь Эрүүгийн цагдаагийн тасгийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч Ганзоригоос Мөнхбаатарт энэ гомдол мэдээллийг шалгах үүргийг өгсөн байдаг. Иймд Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 сарын 6-ны өдрийн 104 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Яллагдагч Б.Пүрэвдоржийн өмгөөлөгч Т.Дашцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Яллагдагч Б.Доржпүрэвийн өмгөөлөгчөөр шүүхийн шатанд орж ирсэн байгаа. Хэргийг прокурорт буцаасан 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 104 дугаартай захирамжид прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэнийг дэмжиж оролцож байна. Үндсэндээ шүүгчийн захирамжаар хоёр үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл нэгдүгээрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулж бэхжүүлэхдээ тус хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5-д заасныг зөрчсөн байна гэдэг үндэслэлээр буцаасан байна. Тухайн хэрэгт холбогдсон гэх хоёр хүн маань өөрөө 2023 оны 12 дугаар сарын 22, 26-ны өдрүүдэд анх хохирогч, гэрчээр мэдүүлгүүд өгсөн байна. Энэ мэдүүлгүүдэд өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн. Б.Доржпүрэвийн хувьд бол З.Сугирдоржийг би зодсон нь үнэн гэдэг нөхцөл байдлуудаа хүлээн зөвшөөрөөд гэрчээр, хохирогчоор мэдүүлэг өгөөд явчихсан байж байна. Тэгээд хамгийн сүүлд яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө З.Доржпүрэв өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. З.Сугирдоржийн мэдүүлэг эрс өөрчлөгдсөн. Ийм нөхцөл байдал тогтоогддог. Харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, ялагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагчийг өмгөөлөх эрхээр хангаж өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн гэдэг асуудал яригдаж байна. Яллагдагчаар мэдүүлэг өгч байгаа тохиолдолд өөрийнхөө гэм буруутай, гэм буруугүй эсэхийг яллагдагч үүрэг хүлээхгүй, өөрийнхөө би зодсон, цохисон гэдэг асуудлыг заавал үнэн зөвөөр мэдүүлэх албагүй. Дараагийн асуудал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хүсэлтээр өмгөөлөгч сонгож аваагүй, 5 .3.2 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгч сонгож аваагүй бол томилогдсон өмгөөлөгчийг оролцуулна гэдэг асуудлыг дурдаж өгсөн байна. Тэгэхээр энэ шүүхийн шатанд ч гэсэн өнөөдөр томилогдсон өмгөөлөгчийг оролцуулаад заавал өөрөө сонгож авахгүй гээд байгаа бол томилогдсон өмгөөлөгчийг сонгоод шүүх хуралдаанд оролцуулаад эрхийг нь хангаад явах боломж байгаа. Өнөөдөр Б.Доржпүрэвээс өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан байна гэдэг байдлаар буцаасан. Б.Доржпүрэв яг адилхан өмнөх мэдүүлгээ хэлээд өмгөөлөгч оролцоод буцаад ирэх ийм л асуудал байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө хэргийн нөхцөл байдалд ямар нөлөө үзүүлэх юм бэ гэдэг нь эргэлзээтэй. Тэгэхээр шүүхийн шат, прокурорын шатанд ч гэсэн томилогдсон өмгөөлөгчийг оролцуулаад явчих боломж байсан. Үүнийг мөрдөгч заавал оролцуулна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй байгаад байна. Тэгэхээр 5.3-ын 1.5-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Хоёрдугаарт Сугирдоржийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг шүүх үнэлсэн. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр нотлох баримт шинжлэн судлахгүй, гэм буруугийн хуралдаанаар үүнийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байгаа. З.Сугирдоржийн мэдүүлэгт Бүргэд буюу сумын хэсгийн төлөөлөгч намайг зодсон гэдэг асуудлыг шалгаагүй, шалгаагүй гэдэг асуудлыг шалгах шаардлагатай гэж шүүгчийн захирамжаар үзсэн. С.Бүргэдтэй холбоотой тодорхой ажиллагаа хийсэн байна гэж харж байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Азбаяр мөрдөгч тухайн цаг хугацаанд байсан гэрчүүдээс мэдүүлэг авсан. Ийм ажиллагаанууд өөрөөс нь хүртэл мэдүүлэг авсан. Тухайн гэрчүүд тухайн цаг хугацаанд Бүргэд, З.Сугирдорж нар ямар нэгэн байдлаар харилцан зодолдсон асуудал байхгүй гэдгээ мэдүүлчихсэн. Бүргэдийн өөрийнх нь мэдүүлэг, өөрт нь хууль сануулаад авсан мэдүүлгүүд байгаа. Гэхдээ хэн алиныгаа зодож цохисон асуудал хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл Баяржаргалын мэдүүлэгт байгаа. Дараагийн гэрч Сумъяабазарын мэдүүлэг байж байна. Тухайн тэр цайны газарт Сугирдорж, Б.Доржпүрэв нар биед нь ямар нэгэн шарх гэмтэл байгаагүй. Харин Сугирдорж ямар нэгэн байдлаар хэзээ ийм болчихсон юм бэ гэдэг байдал хэлээд гарч яваад шууд машинаа унаад явчихсан гэсэн гэрчүүдийн мэдүүлгүүдээр энэ хэсгийн мөрдөгчийн үйлдэл үгүйсгэгдэж байгаа. Энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан гомдол мэдээллийн талаар шалгах шаардлагатай гэж үзсэн. Гомдол мэдээллийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хулд сумын хэсгийн мөрдөгч Бүргэдэд гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гомдол мэдээллийг шалгах, хэрвээ гэмт хэргийн шинжтэй бол 5 хоногийн дотор ажиллагаа явуулна гэдэг заалттай. Хулд сумын хэсгийн төлөөлөгч С.Бүргэд бол 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гомдол мэдээлэл авсан байлаа гэхэд тэр 5 хоногийнхоо хугацаа дуусаагүй байсан, 18-ны өдөр ирээд өөрт нь гаргасан гомдлын хүрээнд энэ гомдол мэдээллийг шалгах 5 хоногийн хугацаанд юу, юу хийх юм бэ гэдгийг 30.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт тодорхой заагаад өгчихсөн. Энэ маань өөрөө шинжилгээ хийлгэх шийдвэр гаргах эрхийнхээ хүрээнд шинжилгээ хийлгэх шийдвэрээ гаргаад Сугирдоржид танилцуулсан. 18-ны өдрөө танилцуулсан. 18-ны өдөр цохолт хийхээс үл шалтгаалан Бүргэд гэдэг хэсгийн мөрдөгч ажлаа хийгээд л явж байсан. Тэгээд 18-ны өдөр Мөнхбаатар шалга гэдэг асуудал ярьсан. Түүнээс хойш бүх ажиллагааг Мөнхбаатар хийгээд явсан. Ийм л процессын асуудал болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотлох зүйлд хамаарах зүйлүүд биш байгаад байна. Тиймээс эдгээр ажиллагааг хийснээрээ хэргийн нөхцөл байдал өөрөө яаж бүрэн тогтоогдох юм бэ, хэрэгт ямар нөлөө үзүүлэх юм бэ гэдэг нь өөрөө тодорхойгүй байгаа учраас шүүгчийн захирамж үндэслэл муутай болсон гэж прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.
Яллагдагч З.Сугирдоржийн өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Прокурорт буцаасан хоёр үндэслэлийн хувьд нэгдүгээрт өмгөөлөлтэй холбоотой асуудал яригдаж байна. Б.Доржпүрэвийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5-д заасан заавал өмгөөлөгч авах эрхтэй субъект байгаагүй. Энэ хэсэг дээр шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Үүнд өмгөөлөгч болон улсын яллагчийн тайлбартай санал нэг байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг нотлоогүй. Өөрөөр хэлбэл, яллагдагч Сугирдоржийн мэдүүлэгт дурдагдсан Бүргэд гэдэг хүн энэ хэрэгт хамааралтай юу, үгүй юу эсэхийг шалгаж тогтоогоогүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтыг бүрдүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулаагүй гэдэг энэ үндэслэлээр буцаасан шүүгчийн захирамжийн хоёр дахь үндэслэл хууль зүйн үндэслэлтэй гэж харж байна. Ийм учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн 104 дүгээр захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн байдлаар тайлбар гаргана. Нэгдүгээрт 2023 оны 12 дугаар сарын 15-ны өглөө үүрээр 4-5 цагийн хооронд ер нь бол 13 цагаас хойш үргэлжилж энэ хэрэг үйл явдал гарсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Хэрэг болсны өглөө яг газар дээр нь очсон хүн хэн бэ гэхээр Сугирдоржийн аав Зоригтбаатар гэдэг хүн очсон. Зоригтбаатар гэдэг хүн Дундговь аймгийн Хулд сумын хэсгийн төлөөлөгч Бүргэдэд хандаж 15-ны өдөр гомдол өгсөн. Тэр өдөр 5 дахь өдөр байсан. Бүргэд бол үүнийг Дундговь аймгийн цагдаагийн газарт албан ёсоор мэдэгдэж, тухайн хугацаандаа огт цохолт хийлгэхгүй явж, явж байгаад 18-ны өдөр цохолт хийлгээд цохолт нь Бүргэдийг энэ хэргийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл би ойлгохдоо л энэ хэрэгт хувийн сонирхолтой гэж үзээд Луус сумын хэсгийн төлөөлөгч Мөнхбаатарыг томилсон юм байна гэж харж байгаа. Хавтаст хэргийн материалын 3 дугаар талд байгаа гомдол мэдээлэлд цохолт хийхдээ Мөнхбаатарт 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цохсон байдаг. Гэтэл 12 дугаар сарын 18-ны өдөр Мөнхбаатар гэдэг хүнд цохоод энэ хэрэгт мөрдөгч үндсэндээ томилогдчихоод байхад Сугарын Бүргэд гэж энэ хэрэг дотор хувийн сонирхолтой нөхөр өөрөө орж ирээд Доржпүрэв гэдэг хүн энэ хэрэгт би зодуулчихсан юм аа, зодуулаагүй юм аа гэдэг талаар огт гомдол гаргаагүй, гэрчээр мэдүүлэг өгөөгүй байхад 12 дугаар сарын 18-ны өдөр энэ хүн дээр шинжээч томилсон тогтоолыг гаргачхаад үндсэндээ Мөнхбаатар гэдэг хүнд өгсөн. Тэгээд 12 сарын 22-ны өдөр Доржпүрэвээс гэрчээр мэдүүлэг аваад шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл гарсны дараа 12 дугаар сарын 26-ны өдөр Доржпүрэвийг энэ хэрэгт хохирогчоор тогтоогоод явчихсан. Өөрөөр хэлбэл Сугирдорж гэдэг хүн гомдол гаргалаа гэдэг байдлаар шууд эсрэг талын баримтуудыг мөрдөгч Бүргэд гэдэг хүн хууль бусаар бүрдүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл ямар ч цохолтгүйгээр мөрдөгч Бүргэд гэдэг хүн ажиллаад байхад прокурор яагаад үүнд хяналт тавихгүй байгаа юм бэ. Яагаад энэ Бүргэд гэдэг хүнээ шалгаж чадахгүй байгаа юм бэ. Үнэхээр цагдаагийн албан тушаалтан энд холбогдчихоод байгаа юм бол Авлигатай тэмцэх газар харьяалан шийдвэрлээд шалгуулах ёстой шүү дээ. Тэгээд мөрдөгчөөрөө шалгуулдаг, мөрдөгч нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд очоод тэнд байгаа бүх хүмүүсийг гэрчээр асуусан. Бүргэд нь хажууд нь сууж байгаад хамгийн сүүлд нь 10 цаг 17 минутад мэдүүлэг өгсөн. Ийм л үйл баримт болсон шүү дээ. Ингэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авч ийм ажиллагаа хийхгүй, энд прокурор хяналт тавьж чадаагүй. Хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлж чадаагүй гэж бодож байгаа учраас хэргийн бодит байдлыг тогтоохын тулд Сугирдоржийн мэдүүлэгт дурдагдаад байгаа Бүргэд гэдэг хүн үнэхээр Сугирдоржийг цохисон уу, үгүй юу гэдэг асуудлыг шалган тогтоох зайлшгүй шаардлагатай. Гэрч Баяржаргалын мэдүүлэгт энэ 2 муудалцсан, арагшаа орсон нөхцөл байдлууд байгаа. Нөгөө талаасаа энэ хэрэг гарах үндэслэл юу болсон бэ гэхээр тэр зоогийн газарт санхүүчдийн баяр дээр Бүргэд гэдэг хүн үндсэндээ согтуу байсан. Согтуу байхдаа Сугирдорж гэдэг хүнтэй маргалдсан, маргалдаад арын өрөөнд орж цохисон, цохихоор нь Сугирдоржид Дундговь аймгийн цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2 удаа дуудлага өгөхөд Бүргэд гэдэг хүн чи цагдаагийн байгууллагад ханддаг яасан овоо гар вэ гэж хэлээд зодсон үйл явдал болсон байдаг. Би Дундговь аймгийн цагдаагийн газрын 102-ын дуудлагын түүхийг гаргуулаад ирээч гэхээр гаргаж ирдэггүй, прокурор хяналт тавьдаггүй. Энэ ажиллагааг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Дараагийн асуудал Сугирдорж Доржпүрэвийнд очсон асуудал байдаг. Энд зодоон хийж байхад Бүргэд гэдэг хүн гадаа нь Батцэцэг гэдэг хүнтэй машинд суугаад байгаад байгаа. Дараа нь энэ хоёрыг яаж байна ор гээд оруулсан байдаг. Нөгөө Хулд сумын Хаан банкны теллер Батцэцэг гэдэг хүнээс мэдүүлэг аваагүй. Үүнийг асуугаад өгөөч гэхээр асуугаагүй. Тэр хүн бол энэ хэргийн талаар зайлшгүй мэдэж байгаа хүн. Энэ ажиллагааг огт хийж тогтоогоогүй. Мөн Сугирдоржийг тухайн айлд очсоныг мэдсэн тэр сургуулийн нярав байгаа түүнээс мэдүүлэг аваад өгөөч гэх хүсэлт гаргасан боловч мөн хийгээгүй. Доржпүрэвийн гэдэг айл дотор хэн нь зодоод байгаа юм, эсвэл хоёулаа зодолдчихоод Бүргэд нь гараад байгаа юм уу? энэ үйл явц болж байхад Батцэцэг гэдэг теллер гадаа машинд нь байгаад байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг л хэрэгжүүлээд өгөөч гэж би гуйгаад байгаа. Прокурор яагаад цагдаагийнх нь нэр холбогдоод байгаа хэргийг шалгаж чадахгүй байгаа юм бэ? Шалгах энэ ажиллагаанд хяналт тавьж чадахгүй байгаа юм бол, харьяаллынх нь дагуу Авлигатай тэмцэх газраар нь шалгуулаад өгөөч гэж хүсэлт гаргаад байгаа юм. Анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийгээд яллагдагчийн мэдүүлэгт дурдсан ажиллагааг шалгах шаардлагатай гэдэг үндэслэлээр буцаасан. Энэ шүүгчийн захирамжийн хоёрдугаар үндэслэл бол хууль зүйн үндэслэлтэй. Доржпүрэв гэдэг хүн Бүргэд гэдэг хүний хууль бус тогтоолоор очоод шинжээчийн дүгнэлт гаргуулчихсан байдаг. Гэтэл шинжээч Сугирдорж гэдэг хүнийг үзэхээрээ зураг хөргийг нь аваад хавсаргаад явуулчихдаг. Доржпүрэв гэдэг хүнийг үзэхээрээ огт зураг хөрөггүйгээр буцаагаад явуулсан. Би Доржпүрэв гэдэг хүний шинжээчийн дүгнэлтэд дурдагдаад байгаа тэр уруулын дотор язарсан уу, үгүй юу гэдэг асуудлыг ер нь шалгаж тогтоолгох, энэ талаарх шүүхийн шинжилгээний байгууллагаас холбогдох баримтыг гаргуулах, шинжээчээс мэдүүлэг авхуулах хүсэлтийг дараа дараагийн шатанд гаргана гэж үзэж байгаа. Нөгөө талаасаа энэ Сугирдорж гэдэг хүн өглөө 5 цаг өнгөрч байхад Хулд сумын эмнэлэгт очоод дараа нь гэртээ ирээд ахиад ухаан алдаад ахиад эмнэлэгт очоод Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт Хулд сумын түргэн тусламжийн машинаар хүргүүлсэн. Энэ дотор Доржпүрэв хамт ирсэн. Аавынх нь өөдөөс харж суугаад машин дотор 2 өөдөөсөө хараад ирсэн. Эрүүл мэндийн хувьд зүв зүгээр байсан. Тэгэхээр энэ хууль бус, өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөд Бүргэд гэдэг хүн Доржпүрэв гэдэг хүний бие дээр гэмтлийн зэрэг тогтоолгочхоод байгаа юм гэдэг дээр би бас гомдолтой байгаа учраас энэ ажиллагааг шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Тэгээд энэ анх гомдол мэдээлэл өгсөн Зоригтбаатар гэдэг хүнээс дахин мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай. Үнэхээр цагдаагийн байгууллага гомдол мэдээлэл өгснөөс хойш Бүргэд зохих шатны байгууллагадаа мэдэгдэхгүй 3 хоног дараад байгаа юм уу, дараад байгаа бол ямар үндэслэл байгаа юм. Яагаад 15-нд өгсөн гомдлыг 18-ны өдөр цохоод шалгаад байгаа юм. Тэгээд гомдол мэдээлэл өгөөгүй хүнийг нь болохоороо түрүүлж яагаад дүгнэлт гаргуулаад байгаа юм. Шинжээчийн дүгнэлт, яллагдагчаар өгсөн яллагдагчийн мэдүүлэгт дурдагдсан асуудлыг ер нь бол бүрэн шалгаж ирж байж хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдэнэ гэж харж байна. Тэгээд яллагдагчийн мэдүүлэгт Сугирдоржоос тодорхой мэдүүлсэн. Энэ ажиллагааг огт шалгаагүй. Сургуулийн нярав Төрмандах гэдэг хүн бас энэ талаар мэдвэл зохих гэрч байхад энэ гэрчээс мэдүүлэг аваагүй. Хаан банкны теллер Батцэцэг гэдэг хүнээс мэдвэл зохих хүн байхад энэ талаар огт мэдүүлэг аваагүй. Энэ ажиллагаануудыг хийх. Үнэхээр яллагдагчийн мэдүүлэгт дурдаад байгаа Бүргэд гэдэг хүн Сугирдорж гэдэг хүнд гэмтэл учруулсан юм уу, учруулсан бол шалтгаант холбоотой юм уу гэдгийг тогтоох зайлшгүй шаардлагатай. Доржпүрэв гэдэг хүнийг үзсэн эмнэлгийн анхан шатны баримт бичиг байна уу? Энэ талаарх баримтуудыг Шүүхийн шинжилгээний байгууллага болон Дундговь аймгийн Хулд сумын эрүүл мэндийн төв холбогдох байгууллагуудаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Цагдаагийн байгууллагын бүртгэлд хэзээ бүртгэгдсэн юм бэ? 102-ын дуудлагад 15-ны өглөөний хэдэн цагт дуудлага ирээд энэ мэдээллийг яагаад цагдаагийн байгууллага гаргаж өгөхгүй байгаа юм бэ? Энэ талаарх нотлох баримтуудыг шалгаж тогтоож, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг нотолсны үндсэн дээр энэ хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас шүүгчийн дээрх үндэслэлээр буцаасан захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч З.Сугирдорж, Б.Доржпүрэв нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.
Дундговь аймгийн прокурорын газраас З.Сугирдоржийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Дунд жирмийн 3-17 тоотод согтуурсан үедээ зүс таних Б.Доржпүрэвтэй үл ялих зүйлээс маргалдаж түүний нүүрэн тус газарт нь удаа дараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, доод уруулын дотор салстын язарсан шарх”гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Б.Доржпүрэвийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Дунд жирмийн 3-17 тоот өөрийн оршин суух гэртээ согтуурсан үедээ зүс таних З.Сугирдоржтой үл ялих зүйлээс маргалдаж түүний нүүрэн тус газар нь удаа дараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт, 2 нүдний эвэрлэгт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзсэн дүгнэлтийн үндэслэл нь: “З.Сугирдорж яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ намайг Бүргэд, Доржпүрэв нар зодсон. Бүргэд намайг үйл ажиллагаа болсон зоогийн газарт байхад 1 удаа гэдэс рүү цохисон. Толгой руу 1 удаа цохисон. Тэгэхээр нь би 102 дугаарт дуудлага өгөхөд эмэгтэй хүн утас авч байсан. ...Гэтэл Бүргэд чи 102-т дуудлага өгдөг юу юм гээд намайг тэр газраас аваад гарсан. Тэрнээс хойш би юм санахгүй байгаа” гэх мэдүүлэг өгсөн байхад энэ талаар тодруулах ажиллагааг хийгээгүй, өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн “Сугирдоржийг хэдэн хүн хэрхэн зодоод байгааг шалгаж тогтоогоогүй, З.Сугирдоржийн биед дүгнэлт гаргуулахаар хэрэгт томилогдоогүй хэсгийн төлөөлөгч /мөрдөгч/ шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хэргийн талаар 2023 оны 12 сарын 15-ны өдөр хэсгийн төлөөлөгч С.Бүргэдэд гаргасан гомдлыг 2023 оны 12 сарын 18-ны өдөр Луус сумын хэсгийн төлөөлөгч Мөнхбаатарт цохсон гомдлыг шалгахгүй 3 хоног болсон, зарим гэрчүүдийг асуугаагүй” гэх агуулга бүхий тайлбарыг үндэслэлтэй.” гэсэн.
Яллагдагч З.Сугирдоржийн өмгөөлөгчөөс “нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн, оролцогчийн эрхийг хууль бусаар хязгаарласан, 2023 оны 12 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө энэ хэрэг гарч З.Сугирдорж биедээ гэмтэл авсан байдаг. Энэ хэрэг гарсан талаар Зоригтбаатар гэдэг хүн 2023 оны 12 сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын хэсгийн төлөөлөгч С.Бүргэдэд гомдол гаргасан. Гэтэл гомдол мэдээлэл 3 хоног дарагдсан. Гомдлыг Дундговь аймгийн цагдаагийн газраас 2023 оны 12 сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын хэсгийн төлөөлөгч Д.Мөнхбаатарт цохисон. С.Бүргэд гэдэг хүн гомдлыг 12 сарын 17-ны өдөр хүлээн авсан байдлаар мэдүүлэг өгсөн байсан. Харин Зоригтбаатараас гомдлыг хэзээ өгсөн юм бэ? гэдэг талаар огт мэдүүлэг авагдаагүй. Яагаад энэ гомдол 3 хоног шалгагдахгүй болов? гомдолтой холбогдуулан хэргийн бодит байдал, хэрэг хэрхэн яаж гарсан юм бэ? нотлогдвол зохих байдлууд нотлогдоогүй” гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага хэзээ хүлээн авсан нь тодорхойгүй, эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдсон байна. Тухайлбал хэргийн 2-р хуудсанд авагдсан гомдолд 2023.12.18 гэсэн дардас дарагдсан байх боловч хэргийн 58-рт авагдсан гэрч С.Бүргэдийн мэдүүлэгт “2023 оны 12 сарын 17-ны өдөр надад өргөдөл авчирч өгсөн” гэх бөгөөд яллагдагч З.Сугирдоржийн өмгөөлөгч гомдол мэдээллийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Цагдаагийн байгууллагад өгсөн, 3 хоног дарсан гэх тайлбарласан байна.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага албан ёсоор 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 230518 дугаарын бүртгэлд оруулан хэсгийн мөрдөгч Д.Мөнхбаатарт цохсон байхад хэсгийн мөрдөгч С.Бүргэд 230518 дугаарын бүртгэлд орж Д.Мөнхбаатарт цохогдсон гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж шинжээч томилох тухай тогтоол үйлдэж байгаа нь ойлгомжгүй болжээ.
Мөн тухайн хэрэгт Цагдаагийн байгууллагын хэсгийн төлөөлөгч оролцоотой байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдвол шударга ёсын сахиулах, олон нийтийн итгэлийг бэхжүүлэхийн тулд цагдаагийн байгууллагаас хэргийг хараат бусаар шийдвэрлэх ёс зүйн хэм хэмжээг үлгэр жишээчээр дагаж мөрдөх, батлан үзүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх энэ хуулийн 1.6 дугаар зүйлд заасанд зарчимд нийцнэ.
Цагдаагийн байгууллагад “З.Сугирдорж бусдад зодуулсан” гэх гомдол мэдээллийг иргэн Ч.Зоригтбаатараас гаргасан, иргэн Б.Доржпүрэвийн эрүүл мэндэд гэмтэл учирсан гэх ямар нэгэн баримт байхгүй, гомдол мэдээллийг шалгах ажлын хүрээнд хэн нэгнийг гэрчээр асуугаагүй атлаа хэзээ, хэний, хэрхэн гаргасан гомдол мэдээллийг дагуу Б.Доржпүрэвт гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хэсгийн мөрдөгч Д.Мөнхбаатар шинжээч томилж байгаа нь ойлгомжгүй, энэ нь хэсгийн мөрдөгч энэ хэргийг шалгахдаа хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэл болно.
Мөрдөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журам, дарааллын дагуу явуулж, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх үүрэгтэй. Гэтэл хэсгийн мөрдөгч З.Сугирдоржийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоор тогтоож, түүнээс хохирогчийн мэдүүлгийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 40 минутаас 21 цаг 02 минутын хооронд авсан атлаа үүний дараа буюу тухайн өдрийн 21 цаг 26 минутаас 21 цаг 35 минутын хооронд гэрчийн мэдүүлэг авчээ.
Дээр дурдсан хуулийн энэхүү заалт шаардлагад нийцүүлэн ажиллагаа хийгээгүй байдал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.
Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалгахгүйгээр прокуророос шилжүүлсэн яллах дүгнэлтээр хавтаст хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөхөд учир дутагдалтай болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/104 дугаартай шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт заасан хэргийн нотолбол зохих байдлууд бүрэн хэмжээнд нотлогдоогүй гэх дүгнэлтийн зарим хэсгүүд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээхээр тогтов.
Харин шүүгчийн захирамжид “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч Б.Доржпүрэв өмгөөлөгч сонгон аваагүй, яллагдагч нар нь хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой, маргаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тохиолдолд хамаарах бөгөөд зарим яллагдагч нарыг өмгөөлөгчгүйгээр мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг зөрчсөн байна” гэсэн нь ойлгомжгүй бөгөөд прокурорын гаргасан эсэргүүцлийн энэ хэсэг нь үндэслэлтэй байна.
Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн заримд дээрх байдлаар залруулах нь хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт өөрчлөлт орох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/104 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ш.ТӨМӨРБААТАР
Г.МӨНХБАТ