Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01381

 

 

 

 

 

                                         Ц.Энэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2021/01287 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Эхариуцагч ЦЕГт холбогдуулан гаргасан олгох ёстой байсан нэмэгдэл 6 588 619 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц.Э нь . цагдаагийн хэлтэс, ...... Цагдаагийн газарт жижүүрийн ахлах офицероор 1992 оноос 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хүртэл нийт 33 жил 2 сар 22 хоног ажиллаж тэтгэвэрт гарсан. Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 6/845 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/124 тоот тушаалын хавсралтаар 18 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчид 45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгоно гэж заасан. Гэтэл уг тушаал гарснаас хойш нэхэмжлэгчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг бодож олгоогүй. Нэхэмжлэгчид тус журмын 924.5.4-т заасан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 45 хувиар авах эрх үүссэн байсан. Тэрээр уг тушаалын талаар тухайн салбарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан найзаасаа мэдсэн. Хэрэв нэхэмжлэгч төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 45 хувиар тооцож авсан 2016 оноос хойш нийт 6 588 619 төгрөгийн нэмэгдэл авах байсан.  Нэхэмжлэгчийн цалин хөлсийг дутуу тооцож олгосноор тэтгэвэр нь бага тогтоогдож өнөөдрийг хүрсэн. Хөдөлмөрийн маргаан таслах комисс Цагдаагийн ерөнхий газрын дэргэд байхгүй учир нэхэмжлэгч шүүхэд хандсан. Иймд нэхэмжлэгчид олгох ёстой байсан нэмэгдэл 6 588 619 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.3 дах заалтаас үзвэл Цагдаагийн байгууллагын бүх үйл ажиллагаа улсын төсвөөс санхүүждэг, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг төрийн тусгай алба юм. Засгийн газрын 2014 оны Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай 99 дүгээр тогтоолын хавсралтын 3-т заасны дагуу 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид нийт 45 хувийн нэмэгдлийг олгоно. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 4-т заасны дагуу тухайн үед төсөвт тусган төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг шийдвэрлэх боломжгүй байсан ба уг тогтоолыг 2018 оны 79 дүгээр тогтоолоор хүчингүй болгож 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон. Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд цалингийн зардал дутагдаж байгаа төсөв тооцоог Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, 2019 оны төсвийн төсөлд тусгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ахлагч бүрэлдэхүүн, 8 дугаар сарын 01-ний өдрөөс офицер бүрэлдэхүүний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг тооцохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцон олгож хэрэгжүүлсэн. Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг Цагдаагийн байгууллагын зүгээс санаатайгаар бууруулж олгосон үйлдэл байхгүй, улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан тухайн үед олгох боломжгүй байснаас шалтгаалсан тул нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 128.1.11-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ЦЕГт холбогдох Олгох ёстой байсан нэмэгдэл болох 6 588 619 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120 368 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Эдавж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие Цагдаагийн байгууллагад 33 жил 2 сар 22 хоног ажиллаж,  цэргийн байнгын тэтгэвэрт гарсан. Цагдаагийн Ерөнхий ... тушаалаар намайг тэтгэвэрт гаргах болсон тул 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тасалбар болгон ажлаас чөлөөлсөн. А/124 дүгээр тушаал гарсан талаар 2021 оны 1 дүгээр сарын дундуур мэдсэн.

Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2015-12-30-ны өдрийн А/124 тоот тушаалын хавсралтаар 10 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчид 10+15+20=45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгоно” гэж заасан. Мөн 3.2-т “Нэмэгдэл болон нэмэгдэл цалин тогтоох /код 924/ журам”-ын 924.5,4 дэх хэсэгт заасан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг цалингийн санд багтаах боломжгүй тохиолдолд төсвийн тодотголоор нэмж тусгуулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон” байдаг. Гэтэл уг тушаал гарснаас хойш миний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тушаалд заасны дагуу 45 хувиар бодож олгоогүй. Хариуцагч талаас гаргасан нотлох баримт нь шууд нотлох баримт болохгүй. Хариуцагчийн гаргасан оюутны ирц, тэмдэглэл нь нэг хүний гараар нэр бүхий хүмүүсийн нэрсийг хуулж бичсэн, хичээлд суусан гэх боловч суусан талаар надад танилцуулсан баримт буюу гарын үсэг байхгүй байхад эдгээр шүүхээс тодруулж нягтлахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ц.Э хариуцагч ЦЕГт холбогдуулан төрийн тусгай алба хаасан хугацааны олгох ёстой байсан нэмэгдэлд 6 588 619 төгрөг нэхэмжилж, шаардлагын үндэслэлээ “төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн цаг хугацаанд нь олгоогүйн улмаас хохирол учирсан” гэж тодорхойлсон бол хариуцагч “улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан тухайн үед олгох боломжгүй байсан. Цалин хөлстэй холбоотой гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч Ц.Э Цагдаагийн байгууллагад 33 жил 2 сар 22 хоног ажиллаж, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогджээ. /хх10, 28/

Хариуцагчийг хууль тогтоомжийн дагуу олгогдох байсан урамшууллыг нэхэмжлэгчид олгоогүй буруутай гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдсонгүй. Цагдаагийн албаны тухай хуулийн 87 дугаар зүйлд цагдаагийн алба хаагчийн цалин хөлсний бүрдлийг тодорхойлж, албан тушаалын цалингийн сүлжээ, жишиг, нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтоохоор заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай №99 дугаар тогтоолыг үндэслэн Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 924, 931-г батлах тухай А/124 дүгээр тушаалаар нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох код 924 журмыг баталж, уг журмын 924.5.4 дэх хэсэгт заасан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 2016 оны жилийн цалингийн санд багтаах боломжгүй тохиолдолд төсвийн тодотголоор нэмж тусгуулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. /хх17/

Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх тухай Монгол Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №29 дугаар тогтоол гарч, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/248 дугаар тушаалаар тус газрын даргын 2016 оны А/89 дүгээр тушаалаар баталсан нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох код 924 дүгээр журмыг хүчингүй болгож дахин журам баталсан байна. /хх67-69/ Монгол Улсын Их Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор дээрх №29 дугаар тогтоолын төрийн албан хаагчдын цалин хөлстэй холбоотой 4 дэх заалтыг хүчингүй болгожээ. /хх94/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд “тухайн үед уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй байсан,  Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд цалингийн зардал дутагдаж байгаа төсөв тооцоог Сангийн яам, Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлж, 2019 оны төсвийн төсөлд тусгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар 2020.04.01-ний өдрөөс ахлагч бүрэлдэхүүн, 2020.08.01-ний өдрөөс офицер бүрэлдэхүүний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцон олгож байна” гэж тайлбарласан. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагчийн “нэхэмжлэгчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг санаатайгаар бууруулаагүй, улс орны эдийн засгийн байдал төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан олгох боломжгүй байсан” гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг цалин хөлсний талаарх гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь буруу биш.

Хариуцагчийн цалин хөлстэй холбоотой гомдолд ЦЕГ “ .... төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ ...” гэж, Төрийн албаны зөвлөл “ ... цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон байх тул төрийн алба дахь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул харьяалан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй” гэсэн хариуг тус тус өгч байжээ. /хх7-8/

Цалин хөлстэй холбоотой маргаан нь ердийн харьяаллын шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамааралтай байх бөгөөд шүүх Хөдөлмөрийн тухай болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн цалин хөлстэй холбоотой гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр байна.

Нэхэмжлэгчийн “нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох код 924 дүгээр журмыг мэдээгүй, сүүлд хүнээс сонсож эрхээ зөрчигдсөн болохоо мэдсэн” гэх гомдол, тайлбар үндэслэлгүй.

Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан. Гэтэл нэхэмжлэгч нь хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлсэн байна. Энэ талаарх шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Хэргийн 85 дугаар тал дахь Цагдаагийн Ерөнхий газрын 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгээр тус газрын даргын 2015 оны А/124, А/125 дугаар тушаалаар баталсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 924, 931-ийг батлах, 131-д оруулсан нэмэлт, өөрчлөлтийг алба хаагч нарт танилцуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгожээ. Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны төмөр зам дахь Цагдаагийн газар 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын А/124 дугаар тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 924, 931-ийг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А/248 дугаар тушаалаар баталсан нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох код 924 дүгээр журмын талаар хичээл заасан байх ба үүнд нэхэмжлэгч суусан ирцийн бүртгэл, тэмдэглэл байна. /хх87-90/

Хариуцагч байгууллага нь гүйцэтгэх ажил үүргийн хувьд нийт алба хаагчдын хэмжээнд цалин хөлсний нэмэгдэл олгох журмыг танилцуулсан байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй. Тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч цалин хөлсний талаар мэдсэн, өөрийн эрх зөрчигдсөн талаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь уг баримтыг шууд нотлох баримт болохгүй, оюутны ирц, тэмдэглэлийг нэг хүний гараар хуулж бичсэн, журмыг танилцуулсан гарын үсэг байхгүй гэж үгүйсгэх боловч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг гаргаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2021/01287 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

                                        ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                         А.МӨНХЗУЛ